Categories
мэдээ нийгэм

Д.ҮҮРИЙНТУЯА: Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжилж, зогсоосон гэдэг мэдээлэл үндэслэлгүй…

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш 10 сар болох гэж байна. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд гарсан үр дүнг дүгнэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шалгалтын зорилго, чиглэлийн талаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.


-Өнөөдөр зарим нэг нэр бүхий сайт, цахим хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ зэрэг газрын бүрэлдэхүүнтэй “десант” бууж, үйлдвэрийн өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжиллээ гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, Монголросцветмет болон Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 3 сард тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр Эрдэнэт үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, лацадсан, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй. Тиймээс зарим цахим сүлжээгээр тавигдаад буй мэдээлэл үндэслэлгүй юм.

-Ажлын хэсгийнхний энэ удаагийн шалгалт юунд чиглэгдэж байна вэ?

-Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг, Эрдэнэт үйлдвэрт “Онцгой дэглэм” тогтоосон 2019 оны 3 сараас хойшхи хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй “Онцгой дэглэм”-ийн үед “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно.

-Дээрх мэдээлэлд худалдан авах үйл ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудал дурьдагдсан байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэтчилэн. Үүн дээр дахин тодруулга өгнө үү?

-Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчин тендер зохион байгуулсан тохиолдол байхгүй. Худалдан авалтын мэдээллийг цахим тендерт байршуулан, үнэлгээний хороо хэрхэн ажиллах зарчмын дагуу явуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Mcвeatz: “Ганженжоо” цацагдаад удаагүй ч хүмүүст сайн хүрчээ

“Люмино” хамтлагийн ахлагч, продюсер Mcвeatz буюу Д.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Шинэ жилийн баяраар ХИТ болж, хүмүүс сонсохыг хүсч байгаа дуунуудын нэг нь танай хамтлагийн “Gan­jenjoo” болоод байна?

-Тэгж хэлж болох байх аа.

-Танай хамтлаг хэр ачаалалтай ажиллаж байна?

-2012 оноос хойш шинэ жилээр хамгийн эрэлттэй байдаг хамтлаг нь “Lumino” гэж боддог шүү.

-“Ganjenjoo” Хит парадууд, хөгжмийн нэвтрүүлгийн жагсаалтад хэр “давхиж” байх шиг байна?

-Очсон газар бүртээ энэ дуугаа дуулж байна. Хүмүүст их сайн хүрч байгаа бололтой. Дагаж дуулаад бүжиглээд байна билээ. Хүмүүст хангалттай хүрч байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ дууны хувьд гарсан даруйдаа дүнгээ өгдөггүй юм л даа. Хагас жилийн дараа ч юм уу, тодорхой хугацааны дараа хүнд илүү хүрдэг байхгүй юу. “Ганженжоо” гараад сар гаран л болж байгаа. Тэгсэн ч хүмүүст хангалттай хүрч байна.

-Танай дуу, дууны клипүүдийг анзаарахад маш сайн төлөвлөгөөтэй, удаан боловсруулсан гэлтэй их нягт нямбай байдаг юм?

-Анхнаасаа л бидний ажлаа хийж ирсэн зарчим нь тэр л дээ. Би чинь продюсер нь. Дуу хийгээд л байдаг юм. Тэрэн дундаасаа “Энэ дууг түрүүлж гаргая” гээд л нэгийг нь нийтэд цацдаг. Нэг их удаан судлаад байх нь юу юм, ерөнхийдөө дуунуудаа өөрсдийн мэдрэмжээрээ хийчихдэг шүү дээ. Дээр үеийн дуунуудын элементийг дуундаа оруулдаг хип хоп хамтлаг манайхаас өөр байхгүй байх л даа. Манайх өөрийн гэсэн нэг стильтэй, тэр стилиэрээ л хийсэн дуу л даа, “Ганженжоо”.

-“Ганженжоо”-гийн клипэнд 1950, 1960-аад оны хөгжмийн хэв маяг, хувцаслалт гардаг. Зарим хүнд тэр үеийг нь санагдуулсан байх?

-1950, 1960, 1970, 1980 оны хувцаслалтууд гардаг. Миний гардаг тэр хэсэг бол Ray Charles-ийн үе. Хар цагаант дүрслэлтэй. Жааз хөгжмийн эрин үе л дээ. 1950-иад он. Анхаагийн гардаг хэсэг 1970-аад оны диско хөгжмийн үе. Бажигийн гардаг хэсэг 1980-аад оны хэв маягийг харуулсан. Дууны хэмнэл нь 2000-аад оны хэмнэл л дээ. Хэмнэлийнх нь цохилт нь тэр үед моданд орж хэмнэл. Бид шинэ залуу хамтлаг биш учир уран бүтээлдээ классик зүйлсийг байсхийгээд хийж байдаг юм. Тэр утгаараа хийсэн клип.


-2000-аад оны шинэ жил, 2019 оны шинэ жилийн хооронд асар их ялгаа мэдрэгдэж байгаа байх. Ялангуяа уран бүтээлч та бүхэнд үүнийг илүүтэй мэдэрдэг болов уу. Монголчуудын шинэ жилийн баярт ямар ямар өөрчлөлт гараад байна вэ?

-1999-2000 он, 2000-2001 оны шинэ жилийг сайн мэдэж байна. Тэр үед хөгжим, техник гэдэг зүйлээ тоодоггүй байжээ. Нэг газарт очиж дуулах болохоор микрофон байхгүй. Дуугаа тавиад л дуулдаг байлаа. 2006, 2007 оноос Улаанбаатар хот дахь заал, холлууд эрс шинэчлэл хийж эхэлсэн юм. Бүгд тоног төхөөрөмж суурилуулсан. Үүнд нь “Тотал музик”-ынхан их хувь нэмэр оруулсан гэж боддог юм. Одоо бол олон нийтийн арга хэмжээ зохиодог газрууд бүгд тоног төхөөрөмжтэй, техникчтэй болчихсон байна. Шинэ жилийн арга хэмжээгээ зохиож байгаа хүмүүс нийлээд архи уугаад наргиж цэнгэхдээ гол анхаарлаа хандуулахаа болиод үйл ажиллагаандаа илүүтэй анхаардаг болчихжээ. Архи чухал байхаа больсон байна. Нэр хүндтэй, олон хүнтэй байгууллага байлаа гэхэд шинэ жилийн цэнгүүн нь фестивалийн хэмжээнд оччихжээ. Сүүлийн 2-3 жилд хүмүүс шинэ жилээр архи уух нь эрс багасчихсан шүү. Эрчүүд олонтой газарт очиход ганц хоёр уусан эрчүүд харагддаг л юм. Гэхдээ огт өөр болчихсон. Үүн дээр хүний хөгжил гэдэг юм яваад байгаа байх. Зарим байгууллагын шинэ жил фестивалийн хэмжээнд хүрчихсэн болохоор биднийг хүртэл ямар нэгэн дүрд тоглуулж, фестивалийнхаа нэгэн хэсэг гэж үзэх тийм тохиолдол олон байдаг. Шинэ жилээс өмнө арванхоёрдугаар сар гарахаас өмнө бидэнтэй уулзаж, хөтөлбөрөө ярьж бүхнээ тохирдог байгууллагууд ч бий. Их ач холбогдол өгдөг. Ёолкийг халуун дулаан байлгахын тулд энэ мэтээр их гоё өөрчлөлтүүд хийгээд байна.

-Ёолкоор хамт олон, байгууллага, нутаг ус, арван жил, элссэн холбоо гээд олон хүрээлэлд орж баярладаг. Хэдийгээр зардал их, эрсдэлтэй гэж шүүмжилдэг ч шинэ жилийн баяр хүмүүсийг хамт олонч болгох, бүлсэг байлгах ач холбогдолтой баяр ёслол бололтой?

-Харж л байна. Бид чинь өдөрт зөндөө л ёолкоор ороод гарч байна. Зарим байгууллага жилийн эцэс болоод ажилчдаа байр, байрны урьдчилгаа гээд том том эд зүйлсээр урамшуулж байна. Тэрийг нь харахаар сэтгэл маш их хөдөлж байна. Байгууллагынх нь шинэ жилд дуучны хувиар очсон ч тэр бүгдийг харахаар догдлохын аргагүй. Бид шинэ жил дээр очоод өөрсдийнхөө номерыг хүлээгээд сууна л даа. Тэр хооронд шагнал урамшуулал гардуулж байгаа ёслолтой нь таарна. Бүтэн жил хөдөлмөрлөж, хөдөлмөрөө дүгнүүлж байгаа хүмүүсийг хараад, найз нөхөд нь баярлаад тэвэрч уйлж байгаа тэр агшныг харахаар адилхан баярлаж, сэтгэл хөдлөөд гоё байдаг. Компаниуд ерөнхийдөө хүнээ урамшуулах тал дээр анхаарч эхлэх боллоо. Нийгмийн бүхий л салбарт боловсон хүчний хомсдол үүсчихээд байгаа. Ажиллах хүч хомсдоод байгаа. Тиймээс байгууллагууд сайн ажилласан хүмүүсээ урамшуулаад үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болжээ гэдэг нь харагддаг. Томоохон компаниуд ганцхан шинэ жилээр л хамт олноо нэгтгэж нэг удаа л хамт олон руу чиглэсэн үйл ажиллагаа зохиодоггүй. Бүтэн жилийн турш хамт олон руугаа чиглэсэн ажил хийдэг. Гар бөмбөг, сагсан бөмбөг гээд спортын тэмцээн уралдаан зохиодог. Энэ нь зөв л дөө. Шинэ жил ууж идэх гэхээсээ илүүтэй арай өөр түвшинд очжээ гэдэг нь харагдаад байгаа.

-Дуучид, уран бүтээлчдийн хамгийн завгүй сар нь арванхоёрдугаар сар. Өдөрт багаар бодоход 2-3 шинэ жилд уригддаг бололтой. “Люмино” тэрнээс ч их биз?

-Бид бүтэн сарын турш маш их ачаалал дунд ажилладаг. Би л гэхэд жил жилийн арванхоёрдугаар сард хоолой өвдөж, хоёр удаа тарианд ордог юм. Хөлстэйгөө гарч гүйгээд л даардаг юм шиг байгаа юм. Яахав дээ, нэг сар л гүрийж байгаа юм чинь. Бид адилхан л хөдөлмөрөө үнэлүүлж байгаа. Бас тэгээд цагтаа амжихын тулд үгүй мөн их хичээнэ дээ. Өнөө жил замын түгжрэл арай л байна. Гэсэн ч товлосон цагтаа очиж амжаад доргиогоод л явж байна. Мэргэжлийнхээ хүнд хэцүү энэ үед л мэдрэх юм даа. Хүн утсаар залгаад шинэ жилдээ урихаар “Чадахгүй” гэж хэлэх хэцүү. Сүүлийн хэдэн жил монголчууд их хариуцлагатай болж байгаа нь бас нэг зүйл дээр харагдаж байна. Албан байгууллагууд их айхавтар болжээ. Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө бүх юмаа товлодог болчихож байна. Энэ сарын 5-ны өдөр гэхэд “Люмино” хамтлагийн 30-ны өдөр хүртэлх бүх өдрийн тоглолтын тов дүүрчихсэн гээд бод л доо.

-Байгууллагынхаа шинэ жил дээр дуучин авчирч дуулуулдаг нь хаанаас, хэзээнээс үүссэн ёслол юм бол оо?

-Албан байгууллага дээрээ нийлж хийдэг шинэ жилийн баяртаа хамтлаг, дуучин авчирч дуулуулдаг заншил Оросоос гаралтай. Зүүн Европоос энэ заншил эхэлсэн юм билээ. Чех зэрэг орнуудад том том үйлдвэрийн ажилчид үйлдвэрийнхээ том заалаа чимэглээд хамтлаг, дуучин урьж авчруулдаг байсан юм билээ. Тэр заншил Оросоор дамжиж Монголд орж ирсэн. 1980-аад оноос дуучид, уран бүтээлчид шинэ жилээр “Улаанбаатар” ресторанд болж байгаа ёолкинд ирж дуулдаг болсон юм билээ шүү дээ. Энэ заншил Монголд нутагшаад 30, 40 жил болж байгаа соёл.

-Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа. Шинэ жилийн баярын тухай таны бодол?

-Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн гэр бүлийн баяр гэдэг утгаар нь нутагшуулаад сурчихвал их хэрэгтэй юм байгаа юм. Нэг үеэ бодвол монголчууд маань бүгд айхавтар болжээ. Зөв хоололт ярьж, архи дарсаа тааруулж хэрэглэдэг болжээ. 2019 онд хийж амжаагүй ажлуудаа 2020 ондоо зорилготойгоор амжуулаарай. 2020 онд УИХ-ын сонгуультай. Саналаа бодолтой өгөөд, хэдүүлээ хэн хэнийгээ чи, би гэхгүй сайхан амьдарцгаая.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энхмандах: Дипломатч гэдэг хааны алба, мөн харцын ч алба

Монгол Улсаас Швед улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан, дипломатч, доктор (Ph.D) Б.Энхмандахтай ярилцлаа.


-Дипломатуудын талаар сайн гэхээсээ илүү саар мэдээллүүд монголчуудын чихийг сэртхийлгэж байна. Дипломатч хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Дипломат хүн гэж юуны түрүүнд бэлтгэгдсэн хүн байх ёстой. Зөвхөн гадаад хэл мэддэг, судалдаг хүнийг дипломат хүн гэхгүй. Харилцааны соёл, тухайн орныхоо түүх, ёс заншил, хоёр орны харилцааны гол зангилаа асуудлуудыг нарийн судалж мэдсэн хүн дипломатч болж чаддаг. Тэрнээс нэг хэл мэддэг хүн гадаадад очоод суучихвал түүнийг дипломатч гэхгүй. Өнөөдөр маш олон сургууль дипломатчдыг бэлтгэдэг болсон байна. Гадаад харилцааны мэргэжилтэн гээд л англи хэлний зах зухаас заагаад л төгсгөчихдөг. Энэ бол гадаад харилцааны үүрэг, дипломатын албыг хэт хялбаршуулж ойлгож байгаа хэрэг л дээ.

Ер нь түүхээсээ манай монголчууд улс орноо гадаадад төлөөлөх хүндээ өндөр хүндэтгэл үзүүлдэг байсан. Үүний тод жишээ бол “Гэрэгэ” гэх зүйл. Алтан Гэрэгэгийн түүхэн олдвор өнөөдөр НҮБ-ын төв байранд залаастай байдаг.

-Дипломат албаны мөн чанарын талаар ярихгүй юу?

-Өдгөө дипломат албыг зөвхөн эрх ямба гэж ойлгодог болчихжээ. Дипломатч гэдэг нэг талаасаа хааны алба, нөгөө талаасаа харцын алба юм шүү дээ. Хааны алба гэдэг нь тэр хүнд итгэмжлэх жуух бичиг өгсөн төрөө төлөөлж, гадаадад сууж байгаа гэдэг утгаараа. Нөгөө талаас тэр хүн Монголын 3.3 сая хүнийг гадаад улсад зорчих, амьдрах, аялах, ажиллах, сурахад нь үйлчлэх ёстой харц юм. Энэ хоёр утгаар нь дипломат албыг ойлгохгүйгээр дипломат албаны мөн чанарыг ойлгож чадахгүй.

-Ер нь дээхнэ үед дипломатуудыг хэрхэн бэлтгэдэг байсан юм бэ. Дипломатчдыг сонгохдоо ямар шалгуур тавьдаг байв?

-Социализмын үед Монгол Улс дипломатчидыг зорилго чиглэлтэй бэлтгэдэг байсан. Тухайлбал, ЗХУ-ын Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургууль гэж дипломатуудыг бэлтгэдэг сургууль байсан. Тэнд 1930-аад оноос эхэлж, монголчуудыг сургаж эхэлсэн. Бэлтгэхдээ зорилго чиглэлтэй. Анли, герман, испани, хинду гээд хэл хэлээр нь сургаж, тэр хүнээ цаашид мэргэшсэн нэг оронтой харьцдаг дипломат болгоно гэж бэлтгэдэг байсан. Энэ нь Монголын дипломатуудын ноён нуруу, өнөөдөр ч үүгээр явж байгаа. Монголын гадаад бодлогыг нуруун дээрээ үүрч байгаа мэргэжлийн дипломатчидын ийм том бүлэг байдаг. Үүнээс гадна дипломатуудыг Ерөнхий консул, элчин сайдын зиндаанд бэлддэг арга бол нам төрийн өндөр албан тушаал хашиж байсан, тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй, гадаад улсад улс орноо төлөөлөх чадвартай хүмүүсээ дипломат албанд шилжүүлж ашигладаг. Миний хувьд энэ арга замаар дипломатч болсон хүн л дээ.

-Дипломат албанд гаднаас орж ирэх дипломатыг сонгохдоо ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Өндөр шаардлагатай байх ёстой. Ур чадвар, мэдрэмж, гадаад харилцааны соёл энэ бүгдийг нь нэлээн сайн харж авах ёстой.

-Социалист нийгмийн үед хий нь гарчихсан хүмүүсийг дипломатаар сонгож, улсаа төлөөлүүлдэг байсан гэдэг. Харин өдгөө тамхи зөөсөн хэрэг, хар тамхины хэрэг гээд л муу болгонтой л дипломатуудын нэр хутгалдчихсан байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж нэг намын үзэл сурталтай социализмын үед дипломатуудад тавих шалгуур өөр байсан. Гэхдээ өөр байлаа гээд өнөөгийн дипломат, тэр үеийн дипломатуудын хооронд тавих үндсэн шаардлага ижил. Дээхнэ үед илүү юм нь дипломатуудыг намын гишүүн байх ёстой гэдэг ч юм уу, иймэрхүү шаардлагууд байсан. Энэ шаардлага бол илүүдэл байсан. Тэрнээс биш чи мэдлэгтэй, боловсролтой, өндөр ёс суртахуунтай байх ёстой гэдэг бол социалист нийгэмд ч байсан өнөөдөр ч байх ёстой гол шалгуур.

-Дипломатч хүний ёс суртахуун ямар учраас хамгийн өндөр байх ёстой юм бэ?

-Тэр хүн Монголыг төлөөлж байгаа. Тэр хүнээр Монголыг тухайн орон, тухайн орны удирдагчид төсөөлдөг. Тэр хүн ямар байна вэ гэдгээс хамаарч, тухайн орны харилцаанд нөлөөлдөг. Үүнтэй холбоотой маш олон баримтыг хэлж болно.

-Тухайлбал?

-Ж.Самбуу гуай ЗХУ-д сууж байсан элчин сайдуудаас хамгийн нэр хүндтэй нь байсан гэж дипломатууд хоорондоо ярьдаг. Тухайн үед Монголтой хамгийн өргөн харилцаатай гадаад улс Зөвлөлт байсан. Энэ улсад манай орныг төлөөлж байсан энэ хүний ноён нуруу, ёс суртахуунаар Оросууд Монголыг төсөөлдөг байсан гэдэг. Манай дипломатууд бүгд Ж.Самбуу гуай шиг байх ёстой. Гэвч өдгөө ёс суртахууны доголдлоос эхлүүлээд гэмт хэрэгт холбогдож байгаа нь байж болохгүй зүйл. Манай гадаад харилцааны алба ийм ёс зүйгүй асуудлаас нэн даруй салах ёстой.

-Дипломат хүн ер нь хэдэн хэлтэй байх ёстой юм бэ?

-Түгээмэл шаардлага бий л дээ. Огт хэлгүй хүнийг гадаад руу огт явуулж болохгүй. Хамгийн наад зах нь олон улсын хоёроос доошгүй хэлээр ярьдаг байх ёстой. Миний хувьд орос, англи хоёр хэлтэй. Би Швед улсад Монгол Улсаас суух анхны элчин сайд байсан. Надад швед хэл байгаагүй. Гэхдээ би олон улсад ашиглагддаг НҮБ-ын хэлээр ярьдаг байсан.

Болгарт элчин сайд байсан Б.Батхишиг гэдэг хүнийг мэдэх байх. Эдийн засгийн ухааны доктор, орос, англи, франц, турк, болгар хэлтэй. Яг энэ хүн шиг л элчин сайд хүн байнга өөрийгөө дайчилж, боловсорч, байх ёстой. Дипломат хүнд тавигдах шаардлагыг хангах гэдэг наад зах нь шүү дээ. Манай хуучны дипломатууд хөдөлмөрч, уйгагүй, байнга урагшаа тэмүүлж байдаг, очсон газар бүртээ судалгаа шинжилгээ хийдэг байсан гайхалтай хүмүүс байсан. Өнгөрсөн үеэрээ бид бахархах ёстой. Тэд бол манай дипломат харилцааны маш баялаг түүхийг үлдээсэн улсууд.

-Та Их Британи, Умард Ирландад суух элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Тэр үед тамхины наймаа гэх зүйл байсан уу?

-Ний нуугүй хэлэхэд 2001 онд анх очиход тамхины наймаа гэх зүйл явж байсан. Элчин сайд Даваасамбуу бид хэд энэ наймааг таслан зогсоох ажлыг 2001 онд хийж байлаа. Зүүн Европын улсуудад байдаг элчин сайдын яамны зарим дипломатууд буюу одоо 69 дипломат дотор байгаа хүмүүсийн нэрс дунд тэр үед тамхины наймаа хийж байсан хүмүүсийн нэрс ч байсан. 2001 онд Лондон хотод тамхи нууцаар зөөвөрлөж, оруулж байгаад баригдаж байсан нэг явдал болж байлаа. Англи арал улс учраас усан онгоцоор зөөвөрлөдөг байсан юм билээ. Лондонгоос бидэн рүү усан онгоцоор 25 боодол дипломат ачаа ирлээ. Танайх ийм ачаа хүлээж байгаа юу гэж асуух үед бид “бидэнд хүлээж байгаа ачаа байхгүй” гэж үнэнээ л хэлсэн. Ийнхүү тэдгээр тамхи зарж байсан дипломатууд үйлдэл дээрээ баригдсан л даа. Ийм байдлаас болоод Англи руу гарч байсан гол сувгууд тэр жилдээ хаагдсан. 69 дипломатууд дунд тэр үед тамхины наймаа явуулж байсан хүмүүсийн нэр ихэнх нь байна лээ. Тэд нарыг баригдсаны дараа бидэнд захиа ирдэг байсан. Танай энэ хүн Английн хил рүү нийт 21 удаа нэвтэрсэн байна. Нэг удаагийн хохирол нь сая гаруй фунт болж байна гэсэн. Өмнө нь хэдэн арван сая фунтийн хохирол учруулж байсныг мөн бичээд явуулсан байсан. Энэ асуудал монголын нэр хүндийг унагаана шүү дээ. 2001 онд ийм томоохон явдал болсноос хойш 2005 он хүртэл Их Британид ийм зүйл гараагүй. Бид тэднийг матаагүй, үнэнээ л хэлсэн.

-Та Швед улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд. 2009-2013 онд тус улсад ажиллах даа хүндрэлтэй асуудлууд зөндөө байсан байх?

-Анх удаа Монгол Улс Стокгольм хотноо элчин сайдын яам нээх шийдвэрийг 2009 онд гаргасан. Миний хувьд тус хотод шинээр элчин сайдын яам нээх үүргийг хүлээсэн л дээ. Маш их бэрхшээл байсан. Түрээсийн байрнаас л эхэлсэн. Ширээгүй, хоёрхон сандалтай. Бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Шведэд суух элчин сайдын яамны суурийг тавьж өгснөөрөө миний хувьд өөрөөрөө бахархдаг. Энэ түүхийнхээ талаараа ном бичээд энэ жил хэвлэлтэд өгсөн. Би 2009 онд Шведэд очсон өдрөөсөө тэмдэглэл хөтөлж байсан. Ерөнхийлөгчийн айлчлал, уулзалт, тэмдэглэл, арга хэмжээ, эдгээрийн зургууд, харилцааны гол гол асуудлуудыг багтаасан ном болсон доо.

-Шведэд элчин сайдын яам нээгдсэнээр ямар дэвшлүүдийг авчирсан бэ?

-Элчин сайдын яамыг 2009 онд нээх болсон хамгийн гол шалтгаан бол Швед улсад оршин суух монголчуудын тоо эрчимтэй өссөн. Намайг очиход 3000 орчим монголчууд Шведэд ажиллаж, амьдардаг байсан. Швед улсын нийгмийн хамгааллын бодлого, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн үйлчилгээ, хүний эрхийн зарчим гээд энэ бүгд монголчууд тэр улсад олноор очиход нөлөөлсөн. Ер нь Швед Монголын түүхэн харилцаа 16 дугаар зуунаас эхлэлтэй. Шведийн армийн хошууч цолтой хүн Зүүн гарын Монгол Манжтай байлдаж байх үед их бууны салаа байгуулахад тусалж байсан юм билээ. Мөн тэрээр Зүүн гарын улсын газар нутгийг зураглаж байсан. Тэр зураглал өдгөө Шведийн нэгэн номын санд хадгалагддаг. 1964 онд Швед улстай дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс, улс төрийн харилцаатай байсан. Эдийн засгийн харилцаа байгаагүй. Одоо ч гэсэн хоёр орны эдийн засгийн харилцаа өндөр биш. Харин хүмүүнлэг, болоод соёлын харилцаа ойрхон болж байгаа. 2009 онд Шведэд элчин сайдын яам нээгээд 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Дани, Финлянд улсад айлчилсан. 2012 онд Норвеги, Шведэд айлчилсан. Монгол Улсын төрийн тэргүүн Скандинавын дөрвөн улсад бүгдэд нь айлчилсан энэ үйл явдал улс төрийн харилцааны томоохон дэвшил болсон байдаг.

-Та Шведэд элчин сайдаар суухдаа сонгуулийн тогтолцоог нь нэлээн судалсан гэдэг юм билээ. Тус улсын сонгууль ямар тогтолцоогоор явагддаг юм бэ?

-Шведийн сонгуулийн тогтолцоо нь хувь тэнцүүлсэн буюу пропорцианал төлөөлөлд тулгуурладаг юм билээ. Энэ нь намаас нэр дэвшигчдийн дотроос тухайн намын сонгуульд авсан саналтай дүйцэхүйц тооны нэр дэвшигч Рикстаг болон бусад хууль тогтоох байгууллагад сонгогдоно гэсэн үг. Нийтдээ дөрвөн төрлийн сонгууль явагддаг.

-Сонгуулийн дүнгээр суудал хуваарилахдаа ямар арга хэрэглэдэг юм байна…

-Шведийн парламент буюу Рекстаг нь 349 гишүүнтэй. Тэдгээрийн 310 нь сонгуулийн 29 тойргоос намуудын авсан саналын хувьтай тэнцүүлэн хуваарилах намын нэрийн жагсаалтын пропорцианал төлөөллөөр сонгогддог. Үлдэж буй 39 суудал нь намуудын сонгуульд авсан хувь хэмжээнээс хамаарч, хуваарилагддаг зохицуулалттай суудал. Намуудын тойрог бүрт авсан саналын дагуу 310 суудлыг хуваарилсны дараа зохицуулалттай суудлуудыг хуваарилдаг. Ингэхдээ Шведийг нэг тойрог гэж үзэж, намуудын улсын хэмжээнд авсан саналуудын хувь хэмжээнд тохируулан хуваарилна. Пропорцианал төлөөллийг заримдаа бүрэн төлөөллийн зарчим ч гэж нэрлэдэг. Учир нь сонгуулийн мажоритар буюу олонхийн тогтолцоог бодвол сонгогчдын авсан саналын хувь хэмжээ хууль тогтоох байгууллагад авах суудал хуваарилалттай илүүтэй тохирдог. Пропорцианал төлөөллийг хэрэгжүүлдэг сонгогчид намын нэрсийн жагсаалтаар саналаа өгөх, намын нэрээр санал өгөх, аль алийг нь өгөх, тэгэхдээ нээлттэй болон хаалттай нэрийн жагсаалтаар өгөх гэх мэт олон аргатай юм билээ. Шведийн энэ тогтолцоо гишүүдийн нэг хэсэг нь газар зүйн байрлалаар буюу тойргоос, нөгөө хэсэг нь намын жагсаалтаар Рекстад гардаг. Тиймээс сонгогчдын тойргийн нэр дэвшигч болон намын төлөө өгсөн санал хоёул сонгуулийн үр дүнд нөлөөлдөг. Тиймээс намын нэр дэвшигч сонгогчдын болон намынхныхаа дунд хэр рэйтинг өндөртэй вэ гэдгээс их зүйл хамаардаг гэсэн үг. Энэ мэтчилэн олон онцлогууд дурдаж болно л доо.

-Ер нь жижиг намуудад халтай юм аа даа?

-Энэ тогтолцоо ерөөсөө жижиг намуудыг хаахад чиглэгдсэн босготой.

-Манай улс уг сонгуулийн тогтолцооны юуг нь авч хэрэглэж болохоор санагдсан бэ?

-Сонгогч бүрийг нам болон нэр дэвшигчийн төлөө хоёр төрлийн санал өгөх хувилбарыг авч хэрэгжүүлбэл зүгээр. Мөн Сонгуулийн дараа суудал хуваарилах, ялагчийг тодруулах аргууд нь маш зөв зүйтэй юм билээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ вирусын талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэл

БНХАУ-ын холбогдох байгууллагууд нь Ухань хотын эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнд хийсэн шинжилгээний урьдчилсан хариугаар шинэ Коронавирусийн үүсгэгч тодорхойлогдсоныг мэдээлсэн байна. Хятадын судлаачид өвчтөний сорьцод үүсгэгчийн генийн дарааллын ялган дүйх шинжилгээг хийсэн. Богино хугацаанд шинэ вирусийг урьдчилсан байдлаар тодорхойлсон нь том ололт бөгөөд энэ нь БНХАУ-ын дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ авах чадавх нэмэгдсэнийг харуулж байна.

БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн уушгины хатгалгааны тохиолдлуудтай холбоотой ажил эрхлэлт, байршил, шинж тэмдгүүд зэрэг урьдчилсан мэдээлэл нь Коронавирусийг өвчлөлийн эх үүсвэр байж болзошгүйг харуулж байсан. Түүнчлэн лабораторийн шинжилгээний хариу SARS-CoV, MERS-CoV, томуу, шувууны томуу, Аденовирус болон бусад амьсгалын замын халдварын түгээмэл үүсгэгчдийг үгүйсгэсэн болохыг БНХАУ-ын холбогдох байгууллагаас мэдээллээ.

Коронавирус нь вирусийн том омог бөгөөд зарим нь ханиад гэх мэт хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг бол зарим төрлийн вирус нь MERS, SARS гэх мэт хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Зарим тохиолдолд халдвар хүнээс хүнд амархан дамждаг бол зарим нь дамждаггүй. БНХАУ-ын холбогдох байгууллагуудын мэдээлснээр шинэ вирус нь зарим өвчтөнд хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, хүнээс хүнд амархан дамждаггүй байна.

Коронавирусын халдварын дэгдэлт нь дэлхийн хэмжээнд өөр өөр газар нутагт гардаг. Тухайлбал, 2002 онд SARS, 2012 онд MERS-ийн халдварын дэгдэлт гарч байсан. Амьтдын дунд тархсан зарим Коронавирусийн халдвар хүнд дамжсан тохиолдол гараагүй байна. Тандалт судалгааг сайжруулснаар Коронавирусийг илүү сайн илрүүлэх боломжтой юм.

БНХАУ нь амьсгалын замын өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ авах нийгмийн эрүүл мэндийн болон хүний нөөцийн чадавх маш сайн юм. Эрүүл мэндийн ажилтнууд өвчтөнүүдийг эмчлэх, шинэ тохиолдлыг илрүүлэн тусгаарлахаас гадна хавьтал илрүүлэх, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалах захын үйл ажиллагаанд орчны үнэлгээ хийх, дэгдэлтийн үүсгэгчийг тодорхойлох тандалт судалгааг хийж байна.

Цаашид дэгдэлтийн нөхцөл байдал, тархвар судлал, эмнэлзүйн явцыг ойлгоход илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй. Мөн халдварын эх үүсвэр, дамжих зам, тархалтын байдлыг тодорхойлж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байна. ДЭМБ нь нөхцөл байдлыг хянаж, түнш байгууллагуудтай хамтран тухайн дэгдэлтийг судалж, хариу арга хэмжээ авахад нь БНХАУ-д техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Вирусийн шинэ омгийг урьдчилан тодорхойлсон нь бусад улс орны холбогдох байгууллагууд өвчнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад дэмжлэг болно. Олон улсын нисэх буудлуудад өнгөрсөн 7 хоногт Ухань хотод зорчсон, уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг илрүүлсэн.

ДЭМБ нь аялагчдад тусгайлсан арга хэмжээ авах зөвлөмж өгөөгүй болно. Мөн одоогийн байдлаар байгаа мэдээлэлд тулгуурлан БНХАУ-д аялал жуулчлал, худалдааны хязгаарлалт тавихгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жамбалдорж: Ээжийгээ багадаа алдсан минь намайг орчлонг эргэцүүлж шүлэг бичих шалтгаан болсон

Энэ сарын 4-нд Багануур дүүрэгт Гүн галуутайн “Болор цом-37” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Уг наадамд 30 найрагч шалгарч өрсөлдсөнөөс яруу найрагч Б.Жамбалдорж түрүүлж цомын эзэн боллоо. Яруу найрагч Б.Энхжаргал удаахь байрт орсон бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байр эзэлж, яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тусгай байрт шалгарсан юм.


“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдоржийг шагнал гардаж авсных нь дараа уулзаж дараахь ярилцлагыг авлаа.

-“Болор цом-37” наадмын тэргүүн шүлэгч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Сүүлийн таван найрагч үлдэж шүлгээ уншсаны дараа та тайзны ард маш их догдлолтой, нүдэндээ нулимстай харагдсан. Өөрийгөө сүүлийн тавд үлдэнэ гэдэгт итгэлгүй байсан байх?

-Би “Болор цом”-д шүлгээ уншаад гурван жил болж байна. Шүлгээ өгөөд зургаан жил болж байна. “Болор цом”-д анх шүлгээ өгөөд шилдэг 30 найрагчийн дунд миний нэр байхыг хараад баярлаж билээ. Дараа жил нь шүлгээ уншаад хасагдаж байлаа. 2018 оны “Болор цом”-ын шилдэг 30 найрагчид тэнцээд наадамдаа хүрч ирээд өөртөө итгэлгүй ч юм уу нэг тиймэрхүү байдлаасаа болоод тавдугаар байрт орсон. “Нулимстай анчин”, “Их шувуу” шүлгүүдээ уншсан. Харин өнөөдрийн хувьд яруу найрагчдыг хүмүүс янз янзаар л хэлдэг. Миний хувьд сайн яруу найраг цаасан дээр ч, уншихад ч байдаг болов уу гэж боддог юм. “Болор цом” авна гэдэгт огт итгэлгүй байсан. Ний нуугүй ярихад, хэн нэгэн “Болор цом” авах нь тодорхой. Ялангуяа, өнөөдөр тусгай байр эзэлсэн, Монголын үндэсний радиод хамтран зүтгэдэг О.Цэнд-Аюуш найрагчийг “Болор цом” авчихаасай гэж дэмжиж ирсэн. Тайзан дээр шүлгээ цааснаас харж унших, номноос харж унших гээд нэг тийм агшин байдаг юм байна. Тэр агшин нь над дээр ирсэн болов уу гэж бодож байлаа.

-Та тайзан дээр “Би ээжийгээ цастай зүйрлэж энэ шүлгээ бичсэн юм аа” гэсэн. Сүүлийн шатанд уншсан шүлгийнхээ тухай яривал?

-Би “Жамын цас” гэж шүлгээ уншсан. Би зүгээр л ахуйгаа бичсэн. Баруун монголчууд мэднэ дээ. Баруун монголчуудын гэрийн унь нь бургас. Бургасан унь хугардаггүй мөн чанартай. Тэрийг бодож суугаад, ээжийгээ санаад “Бургасан унь нахилзуулан…” гээд л шүлгээ бичиж эхэлсэн. Бид чинь багадаа гэр дээрх цасаа шүүрддэг шүү дээ. Тэр агшнаас, багын тэр сэтгэхүйгээ яаж том санаатай болгох вэ гэж бодоод л,

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яйш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон” гээд ингэж ахуй өрнөж байгаа хэрнээ дунд нь мөн чанар, жамын тухай хавчуулах мөртлөө төгсгөлд нь аваачиж зангидаад,

…Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас шүү дээ… гэж хүний болон цасны мөн чанарыг харьцуулсан. Нэг нь богинохон, нөгөөх нь урт ч гэлээ жинхэнэ мөн чанартаа адилхан нэг л агшин юм аа гэж цар хүрээг нь өргөнөөр харж бичсэн юм. Ямарваа нэг баатарлаг тууль, дайн бичээгүй. Миний өссөн ахуй, өөрийн минь ахуй л гарна. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж, өссөн. Гэрийнхээ цасыг унагаж байсан, аав ээждээ загнуулж байсан тэр ахуй минь өнөөдөр намайг орчлонг эргэцүүлж, ийм шүлэг бичихэд хүргэсэн юм болов уу. Хүн бүр л ээжийгээ, аавыгаа алддаг. Би 29 нас хүрч байгаа залуу хүн. Хоёр охин дүү, аавтайгаа амьдардаг байснаа сая өрх тусгаарлаж, гурван сайхан охинтой болсон. Амьдрал ахуй минь өргөжөөд сайхан явж байна. Аав минь намайг ажил хөдөлмөрт сургаж, нэг юмандаа тууштай байлгадаг зан чанар, ээжийгээ багадаа алдсан тэр мөн чанар намайг энэ орчлонг эрэгцүүлж шүлэг бичих шалтгаан болсон юм болов уу гэж боддог.

Би урьд нь бурхны зураг зурдаг, монгол зураг зурдаг байлаа. Зураач болно гэж боддог байсан. Гэтэл хүний хэтэрхий их хүссэн юм бүтдэггүй юм билээ. Зураач болж чадахгүй, яруу найрагч болох гээд хичээгээд явж байгаа. Өнөөдөр яахав, “Болор цом”-ын тухай сайн, муу зөндөө л юм ярьж байна. “Болор цом” болох дөхөхөөр хүмүүс сайн, муугаар ярина гэдэг чинь энэ наадам ямар хэмжээний нэр хүндтэй наадам бэ гэдгийг харуулж байна. Зохиолч, уншигчийн уулзалт болдог.

Үүнийг үгүйсгэдэг хүмүүс ч зөндөө байдаг. Энд Д.Цэнджав, Б.Хүрэлбаатар, Т.Галсан гуай, Д.Цоодол гуай гээд ардын уран зохиолч, мундаг хүмүүс ирсэн байна. Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч, яруу найрагч мөн биз дээ, эд. Зохиолч, уншигчийн уулзалт мөн байгаа биз дээ. Бид яахав, эдэн шиг мундаг байж чаддаггүй юм аа гэхэд ядаж шүлэг бичиж сэтгэлээ зөөлрүүлж яваа ийм л залуус. Яруу найргийн наадамд Э.Гантулга, Г.Лхагвадорж, О.Цэнд-Аюуш гээд манай үеийн болоод доод үеийн шилдэг сайхан залуучууд шүлгээ уншлаа. Өнөөдөр надад маш сайхан, санамсаргүй байлаа. Олон түмний хайр хишгийг дааж, цаашдын уран бүтээлдээ хичээнэ гэж хэлэхгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байна. Өөрийнхөө уран бүтээлийг л гаргана. Улам гоё болгоно гэж хэлэхгүй. Ямар болохыг би мэдэхгүй байна. Залуу хүний хувьд хичээнэ, өөрийнхөө өнцгийг олж харна. Хэн нэгнийг даган дуурайх юм надад байдаггүй юм.

-Танаас Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагчийн тухай асуухгүй байхын аргагүй л дээ. Та хоёрт сайхан дурсамж харин ч их бий байх?

-Тийм ээ, намайг бага байхад Хөөдөөгийн Эрдэнэбаатар гэж яруу найрагч Монголын уран зохиолд цойлоод гараад ирчихсэн байсан. Би арван жилийн л хүүхэд. Х.Эрдэнэбаатар ах чинь нутагтаа их догшин ширүүн байсан шүү дээ. Очиж уулзах гэхээр халгана. Ховд аймгийн зохиолч, сэтгүүлч Н.Баасанжав бол миний анхны багш. Х.Эрдэнэбаатар ах тэр багшийн маань найз. Багшаараа дамжуулаад Х.Эрдэнэбаатар ахтай уулзах гэхээр намайг ерөөсөө тоодоггүй байлаа. Би Х.Эрдэнэбаатар ахтай багш, шавийн хэмжээний ойр дотно байгаагүй. Талийгаач маань Ховддоо.

Би хотдоо. Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах маань тийм омголон бадрангуй зантай байдаг байсан бол би зөөлөн. Нутгийнхаа тэр том найрагчдаа зориулж энэ наадмын нэгийн даваанд “Агшин” гэж шүлэг зориулж уншлаа.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн

дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа…


Categories
мэдээ цаг-үе

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн: “Суудлын машины эрэл эзэгнэл хоёр” гэсэн нийтлэл хэвлүүлж дарга нарыг сандаргаж байлаа

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, Үйлчилгээний гавьяат ажилтан С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр сонин хэвлэлд 47 жил ажиллажээ. Тэр дундаа орон нутгийн хэвлэлийн удирдах албан тушаалыг 38 жил хашсан байна.


-Та өөрийн амьдралынхаа хагас 100 жилийг сонин хэвлэлд ажиллаж өнгөрүүлжээ. Хэвлэл мэдээллийн салбарт бол таныг “сонин”-ы гэж тодотгодог юм билээ?

-Би өөрийгөө сонингүйгээр нэг л төсөөлж чаддаггүй юм. Уул нь Сандагдоржийн Пүрэвсүрэн боловч хүмүүс “Сонины” гэж овоглоод хэвшчихсэн байна.

-Сонины редакцид ойр өссөн үү. Анхны мэдээгээ хэддүгээр ангид байхдаа нийтлүүлж байв?

-Зургадугаар ангийн сурагч л мэдээ бичиж эхэлсэн дээ. Тэгээд л аймгийн сонины газарт хичээлийн чөлөөгөөр үсэг өрнө. Миний үсэг өрөгчийн багш нь М.Басбиш гэж эмэгтэй байлаа. Тэгтэл 1968 онд аймгийн “Улаан туг” сонины 20 жилийн ой майн баяртай давхцан болдог юм. Наймдугаар ангийн сурагч би сониныхоо тухай “Улаан туг” гэсэн шүлэг бичсэн чинь нийтлэгдчихээд майн баярын жагсаал дээр тэр үеийн мундаг нэвтрүүлэгч “Бүдүүн” Халтар гуай чанга яригчаар уянгалуулан уншихад мөн ч их сэтгэл хөдөлж билээ.

-Тухайн үед сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэж байсан бол. Таны хувьд ямар сургууль дүүргэсэн бэ?

-Сонины идэвхтэн бичигч, үсэг өрөгчөөс эхэлж сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сургуульд явсан. Тухайн үед Намын дээд сургууль сэтгүүлчдийг бэлддэг байлаа. Дөрвөн жил суралцаад төгсөхөд намайг Хэнтий аймгийн “Урагшаа” сонины хариуцлагатай эрхлэгчээр МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж батлагдсанаас хойш 38 жил орон нутгийн сонин эрхэллээ.Сонины хариуцлагатай эрхлэгчээр томилогдоод хэдхэн сарын дараа Архангай аймагт болсон сонины эрхлэгч нарын зөвлөгөөнд очсоны орой надаар тангараг өргүүлэх юм болж Баянхонгорын “Хар” Рэнцэн олон олон гуншин давтан төгсгөлд нь “Аймаг, хотын сонины эрхлэгч нарыг цугларахад архи хоёр шилтэй ирэхээ тангараглая, тангараглая” гэж наргиа болгон “Элсүүлж” байлаа. Дорноговийн “Толгой” Гомбожав, Завханы “Муухай” Түдэв” Өвөрхангайн Самдан, Архангайн Цанжид… гээд тэр үеийн, аймаг орон нутагтаа оюун ухааны сор болсон, нутаг орон, хоч цолоороо нэршсэн хорин архаг, дархаг эрхлэгч нараас маань одоо ажил төрлөө хийж байгаа байтугай амьд яваа нь цөөрсөнд өр өмөрч сэтгэл шаналах юм даа. Энэ тухай яагаад дурднав гэхээр албан тушаалынхаа өмнө “Хариуцлагатай” гэсэн тодотголтой, тухайн сонинд албан байгууллага, иргэний зарлалаас бусад нийтлэгдсэн бүхний хариуцлагыг толгойгоороо хариуцахаа дугаар бүрийн дор нэрээ тавин баталгаажуулдаг тэр албыг хэн дуртай хүн хашчихдаггүй байсан юм шүү. Энэ том итгэлийг хэн дуртай хүнд хүлээлгэдэг ч үгүй байлаа. Намын Төв Хорооны олон давхар сорил, шалгалт, судлалтыг амжилттай давсан, сургууль соёлыг дүүргэсэн, дадлага туршлага хуримтлуулсан хүнийг сонгон томилдог байсныг хэлмээр санагдлаа. Бас дунд нь “Үнэн” сонины сурвалжлагчаар хоёр аймаг дамжин дөрвөн жил ажиллахдаа МОНЦАМЭ, Монголын радио, “Шинэ хөдөө” сонин, “Тоншуул” сэтгүүл гээд таван эзний нэг зарц явсан үе бий.

-Дөнгөж сургууль төгссөн шинэ сурвалжлагч орон нутгийн сонины өнгө төрхийг хэрхэн өөрчилж байв. Орон нутгийн хэвлэлүүд дундаа үлгэр жишээ байсан талаар ахмад үеийн сэтгүүлчид ярьдаг юм билээ?

-Би сургууль төгсөөд их дэврүүн, хийж бүтээх сэтгэлтэй очсон шиг байгаа юм. Сургуулиас өмнө дөрвөн жил аймгийн сонинд ажиллачихсан хүн чинь. Санжийн Батмөнх гэж гайхамшигтай эрхлэгчийн гарт дөрвөн жил нухуулчихсан, “Дэлт” Чимэддорж, Цогсүрэнгийн Ганболд, Дуламын Цэрэннадмид гээд асч дүрэлзсэн, халгиж цалгисан авьяастай залуустай нэг редакцийхан. Авьяас, залуу нас хоёртоо шатаж явсан тэд маань редакцийн ганц умгар өрөөнд яаж багтаж байсан юм бол оо гэж одоо бодогдох юм. Тийм сайхан хүмүүсийн хаялга, цацлага ч байсан л биз. “Урагшаа”-г эрхлэн гаргасан жилүүд миний ажил, амьдралын “Алтан” үе байж. Тэр үеийн “Үнэн” сонины тэргүүн өгүүлэлд сонины тухай бичвэл сайны жишээнд “Урагшаа” сонин л дурдагддаг, бүр миний найз Товуучийн Бямбадорж Өвөрхангайн “Хөдөлмөрийн төлөө” сонины хариуцлагатай эрхлэгч ахуйдаа намайг “Чи нээрэн цагаан хэл ам хүрэхээр магтагдаж байна шүү” гэж үнэн сэтгэлээсээ өгүүлж байсан даа. Тэр үед манай сонины нийтлэлийн зохион байгуулах, уншигчдыг хөтлөн дагуулах үүрэг үнэхээр өндөр байлаа. Тиймдээ ч “Урагшаа” сонин миний ажиллах хугацаанд мэргэжлийн байгууллагаас шалгаруулдаг уралдаанд тэргүүн байр өнжиж байсангүй. “Захиалгын хувь 4000 байснаа 10000 хүртэл суга өсч энэ тоогоо нэлээн жил хадгалснаас ч ямар түвшинд байсныг харж болно. Ингээд яриад байвал их юм бий ч “Өвгөн партизаны яриа” сонин биш байж мэднэ.

-“Урагшаа” сонины редакц ямар бодлоготой байв. Гол төлөв юу нийтэлж байсан бол?

-Тэр үед Горбачёвын өөрчлөн байгуулалт эхэлчихсэн, ил тод байдал гэж ярьж байсан. Шүүмжлэлтэй нийтлэл их гарна. Зарим хүмүүс “Ардчиллыг ардчилагчид эхлүүлээгүй, Үнэн сонин, Л.Түдэв эхэлсэн” гэж ярьдаг шүү дээ. Ийм маягаар эмзэг асуудлуудыг хөндөж байсан.

-Ямар асуудлууд байв. Сонирхож болох уу?

-Хэнтий аймаг сааль сүүгээрээ орон даяар нэрд гарсан газар. Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор олон саальчин шагнуулж байлаа. Тухайн үед 15 үнээ сааж норм хийдэг байсан юм. Нэг үнээнээс нь л 3000 литр сүү саалаа гээд баатар болдог байлаа шүү дээ. Газар дээгүүр явж үзэхэд өнөө хэд маань 40-50 үнээтэй, олон хүүхэдтэй байна. Олон үнээнээс саасан сүүгээ 15 үнээнд хуваагаад баатар болдог жишиг байсан. Ингээд “Нутгийн 15 үнээнээс гэдгийн цаана…” гэдэг том шүүмжлэлт материал нийтэлж байв. Бараг анхны шүүмжлэлт материал энэ байх. Манай залуухан баатрууд хурал номонд ирнэ. Нийтлэлийн дараа баатрууд маань надтай дуугарах нь цөөн болсон шүү/инээв/. Гэхдээ тухайн үеийн саальчид мундаг ажилтай хүмүүс байсан юм шүү. Мөн дарга нарын эрх ямбаны тухай шүүмжилнэ. Гэр, ажил нь 100 метрийн зайтай байхад л том дарга нар машинтайгаа ажилдаа ирж, буцна. Нөгөө талд жирийн иргэд аймгийн авто баазын дуудлагын машинаар явна. Тэд нь явахгүй эвдэрхий. Ингээд “Суудлын машины эрэл, эзэгнэл хоёр” гэж гэж нийтлэл бичсэн. Нэг талаар эрэл, нөгөө талаар эзэгнэл болж байгааг шүүмжилж бичсэн.

-Нийтлэлийг тань дарга нар яаж хүлээж авч байв?

-Аймгийн сонинд нийтлэхэд бол толгой авах шахна шүү дээ. “Үнэн” сонин руу бол халдаж чадахгүй. Л.Түдэв гуай ч иймэрхүү материалыг соргог анзаарч нийтэлдэг байсан.

-Тухайн үед Хэнтийд олон модны үйлдвэр ажиллаж байсан тухай ахмадууд ярьдаг. Ойг ч хядсан байх шүү?

-Үнэн. Хамгийн өндөр хүчин чадалтай техникүүд ойг нурааж байлаа шүү дээ. Батширээт, Бүрэнхааны үйлдвэрүүд чинь ойг нурааж байсан. Үүний хажуугаар зүгээр өнгөрөлгүй “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” гэж нийтлэл бичиж байлаа. Тухайн үед их л өндөр үнэлгээ авч байсан санагддаг юм.

-Сонин хэвлэлд 48 жил зүтгэсэн хүн сэтгүүл зүйн гал тогоонд олон шавь бэлтгэж оруулсан байх?

-Миний гараар орсон, бичсэн, туурвиснаа миний улаан харандаагаар эрээчүүлж дөрөө олсон сэтгүүлч зөндөө, зөндөө. Нэг өдөр МУИС-ийн ромбо зүүчихсэн охин орж ирсэн нь Хэнтийн Индэрсүрэнгийн Байгальмаа. Сонины сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр олон жил ажилласан. Хэвлэлийн хүрээлэнгийн Зүүн бүсийн төвийн захирал ч байсан. Одоо ч Хэнтийдээ ажиллаж амьдарч яваа, сайн сэтгүүлч. За тэгээд Хэнтийд дунд сургуульд багш байсан Л.Дашцэвэгмаа, Д.Нармандах, Дундговьд малын эмч байсан Ц.Чимэддорж, сургуульд жижүүр хийж байсан А.Лхагваа, сумын ИТХ-ын дарга байсан Д.Наранцогт… гээд олон хүнийг сонины редакцид сонгон авсан нь Монголын сэтгүүл зүйд нэртэй, мөртэй сэтгүүлчид болж дээ. Тэднээс М.Равдандаш, Ц.Чимэдорж нар Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртэж А.Лхагваа МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч болсон… гээд тоочиж болно.

-Дал наяад онд сонин хэвлэлд ажиллаж явсан үе тань одоогийнхоос их ялгаатай байх даа?

-Ялгаа байлгүй яахав. Би чинь тугалган үсгийн өндөр хэвлэлийн үеийн газетчик. Маш хүнд технологи. Шүдэнзний модны хугархай шиг тугалган үсгийг ширхэг ширхгээр нь түүж бүхэл бүтэн сонины бичвэрийг өрнө гэхээр одооны сонины хүмүүсийн санаанд багттахгүй. Цаана нь цайр зураг гаргана гэж олон дамжлагатай асар хүнд ажил бий. Үсэг өрөгч нэг хүний өдрийн норм нь А3-ын нэг нүүр байсан юм. Намайг 1981 онд Хэнтийд томилогдон очиход сониноо мөн л гараар өрж байлаа. Аймгийн сонины редакци 5-6 хүнтэй, хэвлэх үйлдвэр 30 шахам хүнтэй, нэг удирдлагатай, бүгд л сонины “Хар” ажилд сэтгэл, зүрхээрээ зүтгэсэн хүмүүс байсан даа. Одооныхтой зүйрлэхэд үнэхээр хүнд. Сониноо гаргах гээд өнжин хонон редакцийн өрөө, хэвлэлийн машины дэргэд халтар сарман царайтай өглөөний радио дохиог сонссон олон олон өглөөг одоо дурсах сайхан байдаг юм.

-Залуу сэтгүүлч нарт юу зөвлөх вэ?

-Одоо сонины ажлыг дэндүү хялбарчилж, интернэт шүүрдээд л болж байгаа харагдах юм. Үндэсний хэмжээний өдөр тутмын нэг сонинд хэдэн жилийн өмнө манай нутгаас төрсөн Ардын уран зохиолч С.Дашдооровын тухай нийтлэл дээр миний зургийг томоор тавьчихсаныг үзээд гайхлаа. Тэр суут хүний тухай би мэр сэр юм бичиж байсан юм. Тэгсэн Дооров гуайн тухай нийтлэл тавих болоод зургийг нэрээр нь интернэтээс хайтал миний зураг дунд нь байсныг мань хүний зураг гэж эндүүрээд аваад оруулчихсан байх жишээний. Ингэж хялбарчилж болохгүй л дээ.

Миний шавь нартаа, хамт ажиллагсдадаа хэлдэг нэг том өгүүлбэр байдаг юм. Түүнийгээ энд бас эш татъя.

Сонинд гарах хэдхэн мөр. Чухамхүү үүний төлөө хоёр гурван шөнийн нойр алдаж, чухамхүү үүний төлөө хагас зуу, зуун километр алхаж, үүний төлөө заавал очих ёстой хэн нэгний төрсөн өдрийн цайллаганд очиж чадалгүй гэр бүлдээ хэл ам татлах, чухам үүний төлөө л амралтын өдрөө алдаж өнжин хонон өлөн зэлмэн явж, өвөл бол хөлөө ч юм уу хамраа хөлдөөж, ам зөрөх ёсгүй хэн нэгэнтэй хэрэлдэж, чухам үүний төлөө л хийхгүйгээ хийж үзээгүйгээ үздэг юм. Үүнээс халширвал чи хэзээ ч сэтгүүлч болохгүй. Хэрвээ үүнээс халшрах юм бол аль нэг сонин, аль нэг редакцийн хаалгыг татаад ч хэрэггүй. Яагаад сонинд гарах хэдхэн мөр ийм их хөдөлмөрөөр бүтдэг гэж санана. Тэр хэдэн мөр түүх болон үлдэнэ. Түүхийн бичээс, эх сурвалж болж хэдэн зууны дараа ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Ингэж бодохоор хүүхдүүдийн хэлээр “Аймаар” байгаа биз. Ер нь худалдагдаагүй, шантаажнаас хол, дуулиан шуугиан дагаж “Намирдаггүй”, улс төрөөс хөндий хэвлэл мэдээлэл гэвэл орон нутагт л байна шүү


Categories
мэдээ спорт

З.Шинэчагтга өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

Image may contain: 2 people, text

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “ONE Championship”-н 2020 оны анхны тулаан боллоо. Уг тулаанд Монгол Улсын тулаанч З.Шинэчагтга Хятадын тамирчин Ма Жиа Вэнийг 57 дахь секундэд хүнд цохилтоор буулган авлаа. З.Шинэчагтгын хувьд ONE Championship-т хийсэн анхны тулаан бөгөөд гараагаа тун амжилттай эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ Сингапурын “Темасек” олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглээд, Монгол Улсын худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжиж, Сингапурын “Темасек” олон улсын сан ГХЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд тус сангийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

2019 оны 6 дугаар сард Д.Цогтбаатар сайдын Сингапур Улсад хийсэн айлчлалын үеэр энэхүү хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцаж байсныг ноён Жералд Ёо дурдан, 2020 онд хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд тариф, бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр гурван удаагийн цуврал сургалтуудыг Сингапур болон Улаанбаатарт тус тус зохион байгуулахаар болсон тухай мэдэгдлээ.

Эдгээр сургалтад ЧХХ байгуулахад оролцох Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид болон эдийн засагч, судлаачдыг хамруулах юм.

Монгол Улсын ГХЯ болон Сингапурын “Темасек” олон улсын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь тус хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 7 хоногоор түр зогсоож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгалаа.

Categories
мэдээ нийгэм

Айлд өвөлжиж байсан хоёр хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд аваачин, асарч эхэллээ

Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нутгийн айлд өвөлжиж байсан 2 хун шувууг хамгаалалтын захиргааны хашаанд тээвэрлэн ирж асарч эхэллээ. Шувуудын биеийн байдал хэвийн, бэртэж гэмтсэн болон шарх сорвигүй. Зан ааш тогтуун зөөлөн байна. Уг шувууд нь намар нисээгүй үлдэж Хөвсгөлийн БЦГ-ын Жанхай орчмоор Хөвсгөл нуурын эргээр үүрлэж байгаад нуур бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтсон үеэс үүрлэх боломжгүй болж идэш тэжээлгүй болсон учир нутгийн айл гэрийнхээ гадаа хашаанд тэжээж эхэлсэн байна.

Гадаа хүйтний эрч чангарч эхэлсэнтэй холбогдуулан уг 2 шувууг дулаан газар байрлуулах шаардлага гарсан учир нутгийн иргэд хамгаалалтын захиргаанд мэдэгдсний дагуу шувуудыг тээвэрлэж, дулаан байранд оруулан асарч эхлээд байна.