Categories
мэдээ цаг-үе

Энэ онд хэрэгжих супер технологиуд

Ирээдүйн тухай төсөөлөл болон өнгөрсөн цаг хугацааг мэдэх гэж хичээсэн танин мэдэхүйн эрэл нь хүн төрөлхтний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр болж байдаг. Бидний өнгөрсөн амьдрал зоосны нэг тал бол ирээдүй маань нөгөө тал нь юм. Өнгөрснийг сониучирхахын хажуугаар ирж буй ирээдүйг ямар байх бол хэмээн төсөөлдөггүй хүн үгүй биз. Ялангуяа мэдээллийн гэгдэх XXI зуунд амьдарч байгаа бидний хувьд шинэ нээлт, технологийг туршиж үзэхгүй л бол бусдаасаа хоцрогдож байгаа юм шиг мэдрэмж төрж, шинэлэг сайхан бүгдийг амьдралдаа нэвтрүүлэх гэж хичээдэг шүү дээ. Шинжлэх ухаан бидэнд өмнө нь төсөөлж ч чаддаггүй байсан зүйлсийг нээж, илрүүлж, санаачилж, зохион бүтээж өгдөг. 2020 онд ямар ямар шинэ технологиуд бидний амьдралд нэвтрэх вэ, хүн төрөлхтөн ямар гайхалтай нээлтүүдийг туршиж, үр дүнг нь хүртэж эхлэх вэ гэдгийг тоймлон бэлтгэлээ.

Сүүлийн 10 жил буюу 2010-2020 оны хооронд технологи үсрэнгүй хөгжиж, бөмбөрцгийн өнцөг булан бүр хоорондоо сүлжээгээр холбогдож жинхэнэ утгаараа глобалчлагдаж байгааг бид харлаа. Энэхүү технологийн дэвшил дараагийн арван жилд болон цаашид ч улам эрчтэй хөгжиж, бидний багадаа төсөөлдөг байсан, Холливудын зөгнөлт кинон дээрээс хардаг харийн гэмээр ертөнц бий болох цаг ойртсоор байна. 2020 онд хэрэгжих шинэ технологиудыг хүн төвтэй, ухаалаг орон зайн гэсэн хоёр төлөвөөр хөгжинө хэмээн “Gartner Inc”-ээс тодорхойлжээ. “Gartner Inc” нь санхүүгийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний томоохон корпораци юм.

1. ХҮН ТӨВТЭЙ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

ЭРЛИЙЗ АВТОМАТЖУУЛАЛТЫН ЭРИН ҮЕ

Энэ нь хиймэл оюун ухаан (AI), машинд суурилсан суралцахуй (ML) зэрэг дэвшилтэт технологиуд бөгөөд уламжлалт автоматжуулалтын арга барилаас хамаагүй илүү түвшинд хүрсэн технологи юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн даалгавар биелүүлэхээс хэтэрдэггүй байсан хиймэл оюун ухаан хүний оюун ухаантай илүү ойртож очно гэсэн үг. Жишээ нь, роботод тодорхой нэгэн даалгавар өгөхөд өмнө суурилагдсан программынхаа дагуу л автоматаар үйлдэл үзүүлдэг байсан. Тэгвэл энэ шинэ технологийг нэвтрүүлснээр хүн энэ ажлыг хэрхэн хийдэг вэ, яг л тэрэн шиг даалгавар биелүүлдэг болох нь байна. Хүний үйлдэл, хөдөлгөөн, сэтгэл зүй гээд тухайн даалгаврыг гүйцэтгэж байх үеийн бүх оюун ухаан, тархины үйл ажиллагааг хуулан роботод суулгаснаар робот хүн шиг сэтгэж, хүн шиг хөдөлнө гэсэн үг юм. Маш олон программыг хослуулж байж энэхүү төгс шийдэлд хүрэх гэнэ.

ТЕХНОЛОГИЙН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЦЭЦЭГЛЭНЭ

Технологийн ардчилал гэж технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл явцыг хэлнэ. Нөгөөтэйгүүр хүмүүст техник, төхөөрөмжийн болон бизнесийн шинэ моделуудыг таньж, суралцахад тусалдаг нэг төрлийн үйлчилгээ юм. Хүмүүс интернэтэд ажиллаж, бизнесээ явуулах нь ихсэх тусам интернэтэд суурилсан төхөөрөмж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайжруулж байдаг. Цаашлаад уг төхөөрөмжүүдэд суурилсан программ, аппликэйшнүүд нэмэгдэж, үүнийг дагаад бүтээгдэхүүн үйлчилгээний суртчилгаа, маркетингийн арга барил өөрчлөгддөг. XXI зууны бизнесийн шинэ моделууд төрөн гарч буй гол механизм бол энэ. Энэхүү өөрчлөлтийг даган дижитал шинжээчид гэх шинэ үеийн хөгжүүлэгчид олноороо төрөн гарч ирж байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид хиймэл оюуныг хөгжүүлэх бүх төрлийн техник болон программ дээр ажилладаг. Тэгвэл энэхүү шинэ төрлийн хөгжүүлэгчид нь бизнес шинжээчдийн анализын дагуу программ, автоматжуулалт зохион бүтээж, хөгжүүлдэг гэсэн үг. Энэ шинэ тренд нь аппликэйшн хөгжүүлэлт, дата болон анализ цуглуулалт, дизайн, мэдлэг гэсэн дөрвөн үндсэн чиглэлд голлон анхаарлаа хандуулах гэнэ. Техникийн салбараас гадуурх хүмүүст технологийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг давхар олгоно хэмээн мэргэжилтнүүд дурдсан байна лээ. Үүнийг түшиглэн крипто валют болон блокчейн ахисан түвшинд хүрч хөгжих төлөв ажиглагдаж байна.


ХҮНИЙ ЧАДАМЖИЙГ УХААЛАГ ӨМСГӨЛӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

Хүний танин мэдэхүй болон бие физиологийн өсөлтөд технологийг хэрхэн ашигтайгаар нэвтрүүлж болохыг судалдаг салбар ухаан гэж бий. Тэгвэл энэ салбарын эрдэмтэд хүний оюун ухаан болон бие махбодын хүчин чадлыг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлж байгаа юм байна. Үүнд бүх төрлийн ухаалаг өмсгөлүүд орно. Ухаалаг өмсгөлүүдийг уул уурхай, барилга гэх мэт хүнд үйлдвэрүүдээс авахуулаад аялал жуулчлал зэргийн жижиг салбарт ч ашиглаж эхлэх нь ээ. Ерөнхийдөө энэ төхөөрөмжийг өмсөж зүүснээр хүний ажиллах чадамж сайжирна аа л гэсэн үг юм. АНУ-ын Бостон Динамик зэрэг компаниуд үйлдвэрийн орчинд хүний чадвар, нөөц бололцоог нэмэгдүүлэх ийм төрлийн техник, хэрэгслүүдийг нэвтрүүлээд удаагүй байгаа юм байна. Тэгэхээр IT ажилчид ийм төхөөрөмжийг хөгжүүлэх салбар луу хөрвөж, шинэ хөгжүүлэгчид бэлтгэгдэн бий болох нь тодорхой байгаа юм.

СИСТЕМИЙН НУУЦЛАЛЫГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ ТӨГС ХОСЛУУЛНА

Орчин цагт мөнгөнөөс илүү дататай хүн баян гэгдэх болсон. Судалгаа явуулж, хөгжүүлж буй салбартаа хэдий чинээ их дата цуглуулна төдий чинээ дэвшил гаргана. Данц ганц судалгаан дээр ч гэлтгүй, дэлхийн улс орны бүх нууц, бүх ажил, бүх бизнес датан дээр оршин тогтнож байна. Үүнийг дагаад мэдээллийн нууц байдал асар хурцаар тавигддаг. Хувь хүн өөрийн мэдээллийг хэрхэн найдвартайгаар хадгалах вэ гэх санаа зовнилоос авахуулаад байгууллагын, цаашлаад улс орны хэмжээнд датагаа хамгаалах нь хамгийн том асуудал болдог. Засгийн газрууд энэ тухай хууль тогтоомж хүртэл гаргадаг. Европын холбооноос гаргасан Дата хамгаалах дүрэм журам хүртэл бий. Гэсэн ч системийн аюулгүй байдал, нууцлалын тухайд дэлхийн улс орнууд үргэлжийн маргаан, айдас дунд байдаг. Иймээс томоохон гүрнүүд ойрын үед энэ талаар нухацтай авч үзэн, нэгдсэн шийдэлд хүрэхээр удирдлагын түвшинд хэлэлцэж буй аж. Хиймэл оюун ухааныг систем хамгаалах технологид ашигладаг бөгөөд дутагдалтай олон тал байгааг засч сайжруулах ажил энэ онд эрчимтэйгээр хийгдэж эхлэх юм байна.

2. УХААЛАГ ОРОН ЗАЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

CLOUD БУЮУ ҮҮЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАРХААНА

Cloud гэдэг нь аливаа ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаа хүний интернэт орчинд өөрийн файлыг хадгалах авдар юм. Өөрөөр хэлбэл, таны ухаалаг утасны багтаамж дүүрлээ гэхэд Cloud үйлчилгээний аккаунтаараа нэвтэрч ороод өөрийн гэсэн зураг, видео зэрэг файлуудаа хадгалж болно. Гар утсаа хаясан ч гэсэн Cloud хаяг чинь байгаа цагт таны бүх мэдээлэл интернэт орчинд зөвхөн танд харагдах байдлаар хадгалагдана гэсэн үг. Өмнө нь “үүл” тооцоолол нь байршлаас шалтгаалдаг байсан.

Хэрэглэгч өөрийн файлыг “үүл”-нд байх нь байгаа гэдгийг мэдэхээс хэтэрдэггүй байсан бол одоо мэдээлэл хадгалагдаж буй байршлыг илүү чухалчилж авч үзэж байна. Том үүлийг задалж секторуудад хувааж өгснөөр илүү тодорхой, нээлттэй болно хэмээн хөгжүүлэгчид дурджээ.

ИЛҮҮ ИХ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Хиймэл оюун ухааныг ашиглан сайжруулсан автомат төхөөрөмжүүд энэ онд илт нэмэгдэх төлөвтэй байна. Хаа сайгүй камер, царай таних төхөөрөмжүүд, хог цэвэрлэх роботууд, машин зогсоолын робот ажилтан гэх мэт төхөөрөмжүүдийг хардаг болох нь. Ийм төрлийн хэрэгслүүд маш хатуу программын дагуу зохион бүтээгдэнэ. Дронууд агаараар нисэлдэн хамгийн харанхуй гудамжийг ч хяналтдаа авч эхлэх гэнэ. Нийгмийн хэрэгцээ шаардлага өсөхийн хэрээр автоматчилал дэлхийг бүрхэнэ хэмээн шинжээчид зөгнөж байна. Ер нь бол хүмүүс хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Эрлийз автоматжуулалт гэх зэрэг хөгжиж буй технологиуд хэрхэн өөрчлөгдөж байгааг бид олж мэдлээ. Гэхдээ эдгээр технологиудын аюулгүй байдал нэн тэргүүнд яригдах ёстой. Ирээдүйн AI буюу хиймэл оюун ухааны аюулгүй байдал нь гурван үндсэн хэтийн төлөвтэй байх гэнэ. 1. AI хөдөлгүүртэй системийг хамгаалах, AI сургалтад баталгаатай өгөгдөл ашиглах, мөн сургалтад аюулгүй машин болон төхөө-рөмж ашиглах; 2. Аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглах, загвар зохион байгуулалтыг ойлгох, гадны халдлагыг илрүүлэх, кибер аюулгүй байдлын үйл явцыг автоматжуулах зорилгоор автомашины сургалтыг ашиглах; 3) Халдлага үйлдэгчид хиймэл оюун ухааныг сөрөг зүйлд ашиглах эрсдэлийг урьдчилан харах, эдгээр дайралтыг тодорхойлж, эсрэг хамгаалалт хийх гэсэн чиглэлээр AI буюу хиймэл оюун ухааныг хамгаалах технологийг энэ онд эрчимтэйгээр хөгжүүлнэ хэмээн Gartner Inc-ийнхэн мэдэгдсэн.

Эцэст нь дүгнээд харахад, XXI зууны аж амьдрал интернэтгүйгээр цааш өрнөх боломжгүй болжээ. Бүх технологи интернэтийн сүлжээнд суурилна, хөгжиж цэцэглэнэ, бүх бизнес сүлжээгээр тэлнэ. Хүн төрөлхтний хөгжлийн алтан түлхүүр интернэт гэдэг нь хамгийн ойлгомжтой, бас үнэн томьёо. Дэлхий ертөнц хуваагдаж, зааглагдахаа больж, сүлжээнд холбогдсон бүхэл цул талбар болон хувирч байна. Хүн төрөлхтөн интернэт гэх асар том түүдгийг тойрон сууцгаажээ. Галын илч хэр их, хэр удаан дулаацуулах нь таны сууж буй байршлаас шалтгаалах болж байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ спорт

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-Од шалгарчээ

Image result for Энхийн-Од

Ш.Энхийн-Од амралтаараа эх орондоо ирж өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарчээ. Тэрбээр өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

“Халх голын байлдааны дурдатгалууд” ном хэвлэгджээ

Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Халх голын байлдаанд оролцож явсан 94 ахмад дайчны намтар, дурдатгалаас бүтсэн “Халх голын байлдааны дурдатгалууд” номыг хэвлэн гаргажээ.

Уг эмхэтгэлд орсон баримтууд нь өмнө нь нийтийн хүртээл болж байгаагүй бөгөөд анх удаа түүх судалгааны эргэлтэнд орж буй гэдгээрээ Халх голын байлдааны түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Image result for Өрхийн эрүүл мэндийн төв

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл:

Ажлын өдөр 17.30-19.00 цаг
Амралтын бүтэн сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”

Ажлын өдөр 16.00-22.00 цагт
Амралтын хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно

Шинэ Үндсэн хуулиа баталсаны 16 жилийн ойд зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 13:00 цагаас эхэлнэ. Өнгөрсөн жил Буянт-Ухаа спортын ордонд болж улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэж байв.

Шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталж байсан түүхтэй. Маргааш шинэ Үндсэн хуулийг баталсаны 16 жилийн ойн өдөр тохиож байна.

Categories
мэдээ нийгэм

​Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялж байна

Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг мягмар, лхагва, бямба гарагт аялж эхэлжээ. Энэ сарын 23-ныг дуустал Улаанбаатараас 20:45 цагт хөдлөөд, Замын-Үүдэд 8:30 цагт очих юм. Харин Замын-Үүдээс 21:35 цагт хөдлөөд Улаанбаатарт 10:05 цагт ирэх аж. Тасалбарын үнэ том хүн /тасалгаат/ 41800 төгрөгийн үнэтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгүүдийг хэрхэн таних вэ

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:

  • Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
  • Цээж хонхолзох
  • Өндөр халуурах

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:

  • Чичрүүдэс хүрэх
  • Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
  • Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
  • Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
  • Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
  • Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
  • Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
  • Ханиад, томуугаар өвчилсөн үед даарахгүй байх
  • Цэвэр агаарт тогтмол гарах
  • Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж байх
  • Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Сурагчдын улирлын амралт эхлэхтэй холбогдуулан хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, хүүхдүүддээ зааж өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэхэд:

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах
Улиралд тохируулан хувцаслах,
Идэвхтэй унтаж амраах,
Гарын ариун цэврийг сайтар сахих,
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх,
Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх,
Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух,
Гадуур явсан тохиолдолд ирсэний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх,
Өвдсөн тохиолдолд:

Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх,
Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх,
Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух
Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх,
Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих,
Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх,
Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны автомашин 1, 6-гаар төгссөн дугаартай бол энэ сард татвараа төлнө

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү.

Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Нэн ховор амьтан болох хүрэн баавгайн эд эрхтнийг олноор нь тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтнийг тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн цагдаагийн эргүүлийн хяналт шалгалтаар иргэн А гэгч эрэгтэй хууль бус ангийн түүхий эд болох хүрэн баавгайн 8 ширхэг савар болон бусад эд эрхтнийг тээвэрлэж явсан байна.

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн өмнөд хэсгээр цас орно

See the source image

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв. Энэ сарын 15-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.