Categories
мэдээ цаг-үе

“Ардын элч”-ийн Ариунаа

Английн “British Pathe” гэрэл зураг, бичлэгийн түүхэн архивын байгууллага 2014 оноос ховор материалуудаа www.youtube.com сайтад байршуулдаг болсон юм. “British Pathe”-ийнхэн 1959 онд Москвад болсон Олон улсын анхдугаар кино наадмаас хийсэн бичлэгүүдээ www.youtube.com сайтад оруулсан байна. Тэрэн дундаас “Moscow film festi­val ends 1959” гэсэн нэртэй бичлэгт уг кино наадмын Гран при болон алт, мөнгөн медаль, диплом хүртсэн уран бүтээлчдэд шагнал гардуулж буй үйл явдал анхаарал татлаа. Москвагийн анхдугаар кино наадмын Гран при шагналыг “Хүний хувь заяа” киногоороо Зөвлөлтийн алдарт найруулагч, жүжигчин Сергей Бондарчук хүртэж байгаа бол Монголын жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн “Messenger of the People” (Ардын элч) кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал гардаж авч байгаа ховор агшинг уг бичлэгээс та бүхэн харж болно.

XX зууны Монголын уран сайхны кинонуудаас заавал үзэх ёстой таван киноны нэг гэгддэг “Ардын элч” киног мэдэхгүй монгол хүн үгүй. Ариунаа, Дарьбазар, Сүхбаатар, Дүлзэн, Тулга, Бадарч, цагаантны генерал гээд бүх дүрийг нь андацгаадаггүй. Энэ киноны гол дүр Ариунаа бол ард түмний элч. Тийм ч учраас өөрсдийнхөө элч болж, элдэв зовлон бэрхшээл, айдас түгшүүрийг хүүтэйгээ хамт зоримог туулж, эцэст нь зорьсон хэргээ бүтээж буй Ариунаад монголчууд одоо ч хайртай. Ер нь эмэгтэй хүн хувь, хувьсгал, ардчилал гээд аль ч цаг үед үнэнч тууштай, зоригтой, ямар ч хүнд бэрхийг үүрч гарч чаддаг гэдгийг харуулдаг учир “Ардын элч” кино хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.

Тиймээс бид “Ардын элч”-ийн Ариунаа, Ариунааг Ариунаа чигээр нь бүтээж чадсан Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэнг мартах ёсгүй юм. П.Цэвэлсүрэн 1933 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн бөгөөд 1951 онд Улсын хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байхдаа Санхүүгийн техникумд суралцаж, улмаар Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг дүүргэсэн байдаг. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцан 1965 онд төгсч ирээд Дуурь бүжгийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1982 оноос Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, дараа нь 1990 оноос Соёл, урлагийн дээд сургуулийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан нэрт дуучин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч байсныг мэдэх билээ. Тэрээр бурхан болох хүртлээ урлагт зүтгэсэн Монголын Алтан үеийн Ариунаа, аугаа авьяастан байсан юм.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байхдаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гээд үндэсний болон сонгодог дууриудын гол дүрийг чадварлаг бүтээж, тайзыг ид эзэгнэж явахад нь буюу 1976 оны долдугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй шагналыг хүртээсэн байдаг. Монголын дуурийн түүхэнд В.Сүрэнхорлоо, П.Цэвэлсүрэн, Д.Пүрэвсүрэн, А.Загдсүрэн гэсэн Сүрэн нэртэй дөрвөн сайхан бүсгүй, чадварлаг дуучид байсан гэж зарим судлаачид онцолдог.

“Moscow film festival ends 1959” бичлэгийн хэсгээ

Дуурийн урлагт амжилт гаргахын зэрэгцээ дэлгэцийн бүтээл, кино урлагийн салбарт цөөн боловч чанартай дүр бүтээсэн нь түүнийг ард түмэн жүжигчин хэмээн ойлгох болсон гол шалтгаан л даа. 1959 онд Ч.Ойдовын зохиол “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон нь түүнийг киноны хүн болгожээ. Энэ киноны Ариунаагийн дүрээр Москвад анх удаа болсон Олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч ирсэн нь Монголын кино урлагийн түүхэн дэх анхны томоохон хэмжээний шагнал байсан гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. 1970 онд Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг бүтээсэн нь түүнд амжилт дагуулж, найруулагчдын хараанд өртсөн гэж хэлж болно. 1974 онд “Уулзалт” киноны Дэжид, 1985 онд “Фронтод явах өргөдөл” киноны Пэлжид, 1990 онд “Алтан шонхор” киноны Будан мэргэний хатны дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн юм.

П.Цэвэлсүрэнгийн бүтээсэн дүрүүд нь монгол эмэгтэй хүний яс чанар, дотоод гоо сайхныг маш нягт гаргасан байдаг. Ялангуяа “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг онцлоход, нөхөр Эрдэнэ нь гаднаас орж ирээд “Энэ үнэн үү” гэж асуухад “Үнээн” гэж ганцхан үгээр хариулдаг энэ хэсэг нь одоо ч маргаан дагуулж, сэтгэл зүйн талаас нь харвал чин үнэнч хүний зан байдлыг харуулсан гэж тайлбарлах нь ч бий. П.Цэвэлсүрэнгийн дэлгэцэнд бүтээсэн дүр, тайзан дээр амьдруулсан дуурийн дүр бүхэн нь амьтай, баганатай байдаг. Бүтээсэн дүрүүд шигээ үнэн байж чаддаг байсныг хамт олон нь, нэг тайзнаа гарч байсан уран бүтээлчид нь ч дурсан ярьжээ. Тэрээр Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимидтэй ханилж байсан, тухайн цагийн Монголын сайхан хосууд байсан гэдэг. Чимидийн Минжин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа


“Ардын элч”

“Миний ээж ухаантай эмэгтэй байсан. Ээж “Миний охин ингэчихвэл зүгээр юм уу даа. Гэхдээ чи өөрөө л мэд” гэдэг. Ээжийн талаас надад үнэхээр дарамт шахалт байгаагүй. Тэр ч хэрээрээ би жаргалтай бага насыг өнгөрөөсөн. “Уулзалт” гэж киног санаж байна уу. Лхасүрэн гуайн хүүхдийн хойд ээж болж тоглодог шүү дээ. Тэр киног үзэхээр миний ээж яг энэ дээ гэж бодогддог юм. Миний ээж их зөөлөн зантай. Амттай хоол хийдэг. Намайг өвдөхөөр хуушуур хайрч, том том хэрчсэн байцааны салат хийгээд гарт атгуулдаг байлаа. Одоо өвдөхөөрөө хуушуур идэх юмсан гэж санагддаг”

хэмээн ээжийгээ дурссан юм.

Ийм нэгэн уран бүтээлч, XX зууны Монголын урлагийн сор болсон эмэгтэй “Ардын элч” киногоороо одоо ч бид бүхэнтэй дэлгэцээр уулзсаар байна. Дэлхийн түүхийг зураг, бичлэгээр архивлаж хадгалдаг “British Pathe” байгууллагын сан хөмрөгт “Ардын элч”-ийн Ариунаа дүрээрээ мөнхөрсөн П.Цэвэлсүрэнгийн 26-хан настай төрх нь ийн хадгалагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хөөн хэлэлцэх”-ийг эргэж сэргээх нь хуулийн гажуудал бий болгох уу? хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт уламжлал ёсоор “Танайд өнжье” булан хэвлэгдлээ. Монголын зохиолчдын эвлэлийн 91 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож буй. Бид ахмад үеийн төлөөлөл төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норов гуайнд өнжлөө. Тэрээр саяхан болж өнгөрсөн “Утгын чимэг” наадмаас “Хэрээний нулимс” өгүүллэгээр тэргүүн байр эзэлсэн юм.

УИХын гишүүн Б.Пүрэвдорж:ийн Хуулийн онол, практикийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг нөхөж тоолох боломжгүй” ярилцлагыг I-II нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Хөөн хэлэлцэх”-ийг эргэж сэргээх нь хуулийн гажуудал бий болгох уу? нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн V нүүрт ХҮН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхтай хийсэн ярилцлага багтжээ.

XI нүүрт Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй манай сэтгүүлч Ц.Баасансүрэн ярилцсан байна, сонирхон уншаарай.

Энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Лосолын Болдбаатарын “Түмэндээ өргөх дуунууд” тоглолт Монгол Бөхийн өргөөнд болох гэж байгаа билээ. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.

“Зах зээл рүү шилжих явцад ажлын байраа алдсан хүмүүс ядууралд их өртсөн хэмээн ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Баттүвшин ярилцлага өглөө.

Түүнчлэн өнөөдрийн дугаарт “Баримт, үйл явдал”, “Дэлхийн мэдээ”, “Америкийн монголчууд” зэрэг олон сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Аргын тооллын нэгдүгээр сарын 13, Сумьяа гариг. Билгийн тооллын 18, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 08:38 цагт мандан 17:23 цагт жаргана. Энэ өдөр ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл бүхэнд сайн. Хот суурин, башин барилга эхлэн барих төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, хурим хийх, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх зэрэгт тохиромжгүй.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

2-7 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоножээ

Related image

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 2-7 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоносон байхад нь Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд таарч, 108 утсанд дуудлага өгсөн байна. Мэргэжилтнүүд гэрт нь гал түлж, хоол хийж өгч анхны тусламжийг үзүүлж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ спорт

ОУХМ Н.Хэрлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Мөсөнд авиралтын Ази тивийн анхны алтан медалийг Н.Хэрлэн хүртлээ

Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож байна. Тэгвэл уг тэмцээнд оролцож буй ОУХМ Н.Хэрлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Энэ оны Чонгсоны дэлхийн цомын тэмцээнийг 10 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Сутайн бор клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн, мөн клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, “Монголиан экспедишн” клубын тамирчин, спортын дэд мастер Д.Отгонхүү, “Хайрхан аялагч клуб”-ын тамирчин спортын мастер Д.Баасандорж, “Улаанбаатар аялагч клуб”-ын тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр нар уг цуврал тэмцээнд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулдаг билээ. 2020 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ

  • хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8082 төгрөг
  • үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10017 төгрөгийн үнэтэй байна.
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 530 төгрөгөөр (5.0%), үхрийн цул махны үнэ 359 төгрөгөөр (2.9%)-аар тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.9%), харин хонины цул махны үнэ 90 төгрөгөөр (1.1%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1560 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Бөмбөгөр”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны нэгдүгээр сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.6 хувиар өсч 1425 төгрөг, байцай 1.3 хувиар өсч 1462 төгрөг, сонгино хятад 0.8 хувиар өсч 1336 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Categories
мэдээ спорт

​Жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

LIVE: Жюү жицүгийн 2020 оны улсын аваргууд тодорсоор байна

Жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Насанд хүрэгчид, мастерс, залуучуудын ангилалалаар зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд гурван орны 750 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Өсвөр үеийн шар бүсний ангилал 38кг жингийн эрэгтэй шилдэгүүд
1. У. Эрхэмбилэг “Их шавь дожо”
2. Г. Төгөлдөр “Их шавь дожо”
3. А. Болд-Эрдэнэ “Гаруда клуб”
Өсвөр үеийн шар бүсний ангилал 50кг жингийн эрэгтэй шилдэгүүд
1. Б. Мөнгөндөл “Монгол жүдо академи”
2. Б. Сайханбилэг “Шинэ бадрах дожо”
3. Г. Нямцэнгэл “Мондэ клуб”
Өсвөр үеийн цагаан бүсний ангилал 36кг жингийн эмэгтэй шилдэгүүд
1. Б. Чулуун-Эрдэнэ “Монгол жүдо академи”
2. О. Дөлгөөн “Сүхбаатар аймаг”
3. Н. Баясгалан “Говьсүмбэр аймаг”
Өсвөр үеийн цагаан бүсний ангилал 38 кг жингийн эрэгтэй шилдэгүүд
1. О. Анхбаяр “Баялаг клуб”
2. Ч. Чинзориг “Баялаг клуб”
3. Б. Энгүүн “Сүхбаатар аймаг”
Өсвөр үеийн цагаан шар бүсний ангилал 56кг жингийн эрэгтэй шилдэгүүд
1. П. Дулусхан “ЗХУ”
2. М. Дмитри “ЗХУ”
3. Г. Гарамхүү “Их шавь дожо”
Өсвөр үеийн цагаан бүсний ангилал 48кг жингийн эрэгтэй шилдэгүүд
1. Б. Байгалмаа “Баялаг клуб”
2. Б. Одонтуяа “Их шавь дожо”
3. Б. Цолмон “Их шавь дожо”
Өсвөр үеийн цагаан бүсний ангилал 45кг жингийн эмэгтэй шилдэгүүд
1. Ж. Бат-Эрдэнэ “Архангай аймаг”
2. Б. Цэрэн-Очир “Баянхонгор аймаг”
3. Т. Борхүү “Ральф грэйси академи”
Categories
мэдээ цаг-үе

Австрали тивд хагас тэрбум ан амьтан үхээд байна

“Сав шимийн ертөнц” булангаар сонин содон, ховор амьтдын аж амьдрал, ахуй байдал, бие төрх, үржил хөгжлийн талаар сонирхуулж, ан амьтдыг хүмүүст танилцуулж, ховордсон амьтдыг хамгаалах тал дээр олон нийтэд мэдээлэл хүргэдэг билээ. Харин энэ удаад Австрали тивд гарсан их хэмжээний түймрийн улмаас амиа алдаад байгаа өрөвдөлтэй амьтдын тухай бичиж байна.

Сар гаруйн хугацаанд Австралийн хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрт үргэлжилж буй ой хээрийн түймрийн улмаас тус улсад нөхөж баршгүй их хохирол учраад байна.

Сүүлийн мэдээгээр 24 хүн амь насаа алдаж, 28 хүн сураггүй алга болж, 2000 гаруй байшин сүйдэж, хагас сая ан амьтан үрэгдээд байна.

Ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэхээр АНУ-аас гал сөнөөгчид очиж ажиллаж ч эрчээ авсан түймрийг цурманд оруулж чадахгүй байна. Түймэр өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж гарсан бөгөөд энэ байдлаар дахин 2-3 сар үргэлжилнэ гэсэн таамаг байна.

Хэт халалт, хуурайшилт зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна хүний буруутай үйл ажиллагаа ч нөлөөлснийг Австрали болоод олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ.

Австралийн Цагдаагийн байгууллага гал түймэр тавьсан хэргээр 183 хүнийг баривчлан шалгажээ. Тэдний тэн хагас нь санаатайгаар гал түймэр тавьсан нь тогтоогдоод байгаа аж. Ar­sonist буюу санаатай галдан шатаагчдын буруутай үйлдлээс болж Австралид 200 гаруй түймрийн голомт асаж байна. Түймэр гамшгийн байдалд хүрсэн учир онц байдал зарлаад байгаа юм. 50 мянга иргэн тог цахилгаангүй болж, олон мянган хүнийг аюултай бүс нутгуудаас албадан нүүлгэсээр байна.

5.5 сая га түймэрт автсан нь хүмүүст ийм хор хохирол учруулаад байгаа бол амьтад үүнээс ч их хохирол амсаад байна. Нэг тивийн хэмжээнд хагас сая хөхтөн ан амьтнаа алдана гэдэг экосистемд нөхөж баршгүй хохирол учирч байгаа гэсэн үг. Сиднейн их сургуулийн экологичид галын улмаас 480 сая хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагч амьтан үрэгдсэн гэсэн тооцоо гаргажээ. Тэдгээрийн дотор Австрали тивийн бэлгэ тэмдэг болсон амьтдын нэг болох 8000 коала баавгай шатаж үхээд байна. Австралид 50 мянган коала бий гэсэн тоо байдаг. Тэгэхээр энэ түймрээр 20 орчим хувь нь үрэгдээд байна гэж үзэж болох нь.

Энэ сарын 5-нд Кенгуру арал дээр гарсан түймэрт олон тооны имж, хонь өртөж хуйхлагдан үхжээ.

Австралид байдаг хөхтөн амьтдын 84 хувь, ургамлын төрөл зүйлийн 85 хувь, жигүүртний 45 хувь, загасны 89 хувь нь зөвхөн Австралид л байдаг амьтад. Та бүхний сайн мэдэх имж, динго, лемур, кукабарра шувуу, уутат баавгай коала зэрэг нь Австралийн бэлгэ тэмдэг юм. Эдгээрээс динго нь зөвхөн Австралид л байдаг өвөрмөц төрөл зүйл. Эдгээр ховор зүйлийн амьтдын хичнээн хувь нь түймрийн улмаас устаад буй талаар гаргасан тооцоо одоогоор алга.

Австралийн ойн системийн 80-аас илүү хувийг мөнх ногоон модод эзэлдэг. Цөл хэсгээр зөвхөн Австралид л харж болохуйц бут сөөг, гишгэнэ, гишүү ургадаг онцлогтой.

Түймрээс дайжсан амьтад хот суурин газар руу ирж, хүмүүст ойртож хайр энэрэл хүсч, савтай ус өгөхөд огтхон ч үргэхгүйгээр ууж, айлын гэрт, хашаанд орж ирж хэвтэх зураг, дүрс бичлэг их байна. Тэр бүү хэл айлын тэжээвэр нохой түймэрт шатаж, бэртсэн коала баавгайн бамбаруушийг зууж авчирч эздэдээ өгсөн тохиолдол гарчээ. Мөн гал сөнөөгчид рүү коала баавгай, имж зэрэг зэрлэг амьтад дөхөж ирж, ус ууж, хүзүү мөрөөр нь тэвэрч буй зургуудыг та бүхэн олж харах болно. Галд өртсөн амьтдыг асран хамгаалж, эмчилж байгаа айлууд ч байна. Амьтдын галд түлэгдсэн хөл, хамар, чихэнд нь эм түрхэж, боолт хийж, түргэн тусламж үзүүлж буй хүмүүс олон байгаа бөгөөд мал эмнэлэг гэлтгүй, хүн эмнэлгийн эмч нар ч амьтдад эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлж байгаа юм.

Бусад улс орнуудын хувьд ч ялгаагүй Австрали тивд санаа зовниж, хандив өрнүүлж байна. Хэдийгээр бид өөр өөр тивд оршдог ч дэлхий гэсэн нэг л гэр бүлийн гишүүд. Хүн, амьтан гэж зааглагддаг ч байгалийн гамшиг тохиоход тэр зааг хязгаар нь арилж, амьтан нь амьтандаа, хүн нь амьтандаа тусалж, амьд үлдэхийн төлөө, хүнд бэрхийн эсрэг хамтдаа зогсож чаддаг байгалийн шүтэлцээтэй бодгаль гэдгээ нотолж байна. Хэдийгээр Австрали тивд гамшиг нүүрлээд байгаа ч энэ бүхэн нь хүн төрөлхтөн, ан амьтад бол дэлхий гэсэн нэг л айлын хүүхдүүд гэдгийг харуулж байгаа юм.

ДИНГО НОХОЙ

МЭӨ 3000 оноос эхлэн уугуул австраличууд нохой тэжээх болж, улмаар тэжээсэн нохойнууд нь орчноо орхин зугтаж, зэрлэгшиж эхэлжээ. Нэг ёсондоо хүний тэжээж байсан нохой зэрлэгшиж, динго гэсэн энэ өвөрмөц төрөл зүйлийг үүсгэжээ.

ИМЖ БУЮУ КЕНГУРУ

Имж нь Австрали тив, Тасмани, Шинэ Гвинейн арлуудад тархсан. 0.5 кг-аас 100 кг хүртэл жинтэй. Хойд хөл нь ихэд сайн хөгжсөг бөгөөд түүнийгээ ашиглан дэгдэж явдаг.

Том биетэй улаан имж цагт 45 км/цаг хурдалдаг. Орооныхоо үеэр өдөрт 100 км зам туулах нь ч бий. Имжний шинжлэх ухааны нэршил нь Macropus гэсэн латин үг бөгөөд энэ нь “Том хөлт” гэх утгатай. Бүдүүн сүүл нь дэгдэхэд биеийн тэнцвэрийг нь хадгалахад тусалдаг. Бусад ууттан амьтдын адил уутандаа үр төлөө өсгөдөг.

УУТАТ БААВГАЙ КОАЛА

Эгдүү хүргэм төрхтэй коала (Phascolarctos cinereus) нь Австрали тивийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тархсан байх бөгөөд уутат баавгайн багийн одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм. Тус тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд эхэндээ янз бүрийн нэр өгч байжээ. Тухайлбал, “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Өөрсдийн өмнө харсан амьтадтайгаа жишин ингэж нэрлэж байсан аж. Гэвч Австралийн эртний уугуул нутгийнхнаас өвлөсөн “koala” нэр нь л үлджээ. Коала гэдэг нэрийг монголчилбол “уутат саарал баавгай”, “ус уудаггүй амьтан” гэх зэргээр нэрлэж болох гэнэ.

Коалаг намхан тагжгар бие, өтгөн саарал үс, том толгой, далбагар дугуй чих, бүлтгэр нүд, халбага хэлбэрийн бөөрөнхий хамраар нь таньж болно. Нас биед хүрсэн уутат баавгайны биеийн урт 60-85 сантиметр хүрэх бөгөөд 4-15 килограмм жинтэй байдаг ажээ. Ихэнхдээ мөнгөлөг саарал өнгөтэй байх боловч бор өнгөтэй коала ч байдаг аж. Эр коала эмэгчнээсээ харьцангуй биерхүү байна. Харин эм коала нь илүү үсэрхэг байх бөгөөд чихнээсээ аваад цээж хүртлээ сахал гэмээр өтгөн цагаан үстэй байдаг бол эрэгчинд нь байдаггүй. Мөн сайн ажиглавал эрэгчин нь илүү муруй хамартай байдаг. Харин дөнгөж төрсөн зулзага нь маш жижигхэн, 3-5 грамм хүрэхтэй үгүйтэй жинтэй байдаг. Уутат амьтан учраас төрөнгүүт эхийнхээ уутанд бойжих бөгөөд хэдэн долоо хоногийн дараа л хүний хурууны дайтай болдог байна. Тэд зургаан сар хүртлээ гол төлөв уутандаа унтаж өнгөрүүлдэг ажээ. Уутнаас гараад дахин зургаан сар эхийнхээ нуруунд наалдаж, үүрүүлж амьдарна.

Түүнчлэн коала баавгай хос эрхтэнтэй гэдгээрээ онцлогтой. Эрэгчин нь жижиг том хос шодойтой байдаг бол, эм нь ч хос, эрхтэн болон савтай аж. Мөн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн тархитай байдаг байна. Коалаг авч гэршүүлэхэд хүнд амархан дасдаг.

КУКАБАРРА ШУВУУ

Австралид кукабарра гэдэг хачин жигтэй инээдэг шувуу бий. Маш жигтэй инээдэг учир түүнийг дагаж инээхгүй байхын аргагүй. Зарим арлынхан энэ шувууны дуугаар цагаа тааруулж болно гэж үздэг. Учир нь кукабарра тогтмол цагт хачин дуугаар инээх мэт дуугардаг. Гэхдээ инээд гэх тэр дуу нь заримдаа цурхиран уйлах дуугаар солигддог.


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк санхүүжүүлнэ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк санхүүжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл 4 жилийн хугацаанд, 10 сая долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам хоолойг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хангамжийн хамрах хүрээг тэлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “3.8 км магистралын шугамыг өргөтгөнө. Ингэснээр 1, 3, 4, 10 дугаар хороолол, Хан-Уул дүүргийн 11, 15, Баянзүрх дүүргийн зарим хорооллын дулаан хангамжийг сайжруулах боломж бүрдэж байгаа. Үүнээс гадна 7.6 км дулааны шугам татсанаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан орчим, 3, 4 дүгээр хорооллын эцэс, 6 дугаар бичил хороолол, Толгойтод шинээр орон сууц барих боломжуудыг бүрдүүлж өгч байгаа”

УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Бид энэ гэрээг хэрэгжүүлснээр 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын томоохон шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх мөн шинээр суурьшлын бүсүүд рүү шугам татах ажлууд хийгдэнэ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошник “Энэ бол бидний дулаан хангамжийн салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Төслийн санхүүжилтээр одоо байгаа дулааны шугам сүлжээг сэргээн засварлаж, шинэ дүүргүүдийг төвийн шугамд холбох ажлууд хийгдэнэ. Энэ төсөл нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, Улаанбаатар хотыг цэвэр агаартай болгох үр дагавартай тул энэ чиглэлийн хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Түүнчлэн бид хөдөө орон нутагт төсөл хэрэгжүүлэхээр Сангийн яамтай үргэлжлүүлэн ажиллах болно. Ингэхдээ дэд бүтэц, дулаан, усны хангамж, нийтийн тээврийн салбарыг анхаарч ажиллана.

Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Техник хамтын ажиллагааны хүрээнд 1.5 сая долларыг компанийн чадавхыг хэмжих, сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Нар мандаж байна

– УЯНГЫН ЗУРАГЛАЛ-

Нар мандаж байна. Шинэ оны, шинэ өглөөний анхны нар мандаж байна.

Наран мандах нутгийн домогт Шилийн богдын зүмбэр хөх оргилоос эхлэн дорнын бор толгодоор өртөөлөн Монголын уудам нутагт шинэ өглөөний нар мандаж байна.

Өвлийн талд тунарсан жаврын аагийг сэмлэж, өвсний толгойд сагалдаргалсан цан хүүргийг эмтэлж нар мандаж байна. Түмэн цацраг нь уул, талыг бүхэлд нь гийгүүлж, мянган сондор нь аньсага, сормуусанд хургасан жаврын аагийг арчиж, санчигны үсэнд сортон гялтганана.

Цасан нөмрөгөө сугалдаргалсан Алтай, Хангайн сүрлэг уулс нэрмэл архи хөлддөг нялх есийн жаврыг шилгээж, мананд бүрэлзсэн сүүмгэр шар нарны илчинд бүлээцэж зүүрмэглэнэ. Нойтон сормуусаа дэрвэлзүүлсэн нойрмог борхон болжморууд мөчир дамжин шулганалдаж, нөмөр бараадаж бөндгөнөнө.

Хот айлын бараа цасан далайд орь ганцаар хөвөх хөлөг мэт торойн бараантаж, аргалын цэнхэр утаа талын цагаан манантай сүлэлдэн тэнгэрийн хээлэнд уусна. Бүртийх ч үүлгүй гүн хөх тэнгэрийг сүвлэн өмнө зүг одох агаарын хөлөг тэнгэрийн заадас мэт сүүн зам татуулан алсална. Амар амгалангийн диваажин хэмээх нь энэ ажгуу. Мөдхөн золгох цагаан хулгана жилийн өнгийг тольдох өвлийн дунд улаан хулгана сарын дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өглөөний гэрэлт шар наран найман цаг дөчин хоёр минутад ийн мандаж байна.

Учрал завшаан, билэг ерөөл гэдэг сонин. Өдгөөгөөс яг 20 жилийн тэртээ шао морин жилийн 2000 оны нэгдүгээр сарын 1-ний өглөөний буюу шинэ мянганы анхны өглөөний гэрэлт наран мандахыг тэнгэрийн уудамд, үүлсийн дээрээс харж баясах хувь тохиож билээ.

Тэр өглөө Монголын иргэний агаарын тээврийн “Боинг-727” тусгай үүргийн нисэх онгоц Буянт-Ухаагаас тэнгэрийн зулай Гималайг чиглэн бурхны орныг зорьсон юм. Энэтхэг, Балбын Вант улсад төрийн айлчлал хийх Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди дагалдан яваа албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн сурвалжлагчдын хамт мордож буй нь энэ билээ.

Шинэ мянган, шинэ зууны анхны өдрийн ургах нарнаар холын оронд, тэр дундаа монголчууд Жагар, Бумбын орон хэмээн үлгэр тууль, судар ном, түүх шастиртаа бичиж, зорьж очихын мөрөөс болгон дурсаж үлдээсэн тэрхүү ариун дагшин газар нутагт хөл тавих болсон эл завшаандаа Төрийн тэргүүнээ дагалдсан хүн бүр ихэд бэлгэшээж байв.

Онгоц газрын хээлнээс тасарч өндрөө авсны дараа Ерөнхийлөгч маань хүн бүртэй оргилуун дарстай хундага тулган шинэ мянганы анхны өдрийн, шинэ өглөөний баярын мэндчилгээ дэвшүүлснээр аялал маань эхэлж билээ.

Тээр доор үүлс зулсан хөвөн мэт хөвсийн нүүгэлтэж, дээр хөх тэнгэр цэмцийн цэнхэртэж, үүлсийн хажлага яран мэлтийсэн алтан нарны түмэн цацрагууд онгоцны далавч, цонхонд ойж буун гялтганах нь нэн гоёмсог. Тэнгэр, газрын завсар тунаран хөвөлзөх үүлэн дээр суугаад нисэж яваа мэт. Үүлсийн дээгүүр түмэн цацрагаа наадуулсан том шар нар мэлтийн тунарч, мянган сондор нь хөвөн цагаан үүлстэй сүлжилдэн наадах нь гайхам.

Гэтэл тэртээ алсад үүлс нэвтэлсэн цасан дуулгат уулсын дун цагаан оргил гялталзан цайвалзаж харагдах нь үнэхээр сүр жавхлан төгөлдөр, үзэмж төгс ажгуу. Нумлаж татсан сумын зэв, харваж одсон тэнгэрийн солир гэлтэй.

Уулс, үүлс нийлэлдэн тэнгэрийн хээлэнд наадаж, энгэрт нь эрхэлж, элгэнд нь бүлээцэх мэт ийм гайхам агшинд нүд, сэтгэл баясахаас аргагүй юм билээ. Ийм л нэгэн шинэ өглөөтэй бид уулс, үүлсийн дээр тэнгэрийн уудамд золгосон удаатай.

Өглөө бүрийн нар өөр өөрийн өнгө жавхаа, айзам хэмнэл, баясал хөөртэй. Өвлийн, хаврын, зуны, намрын өглөөний нар мандах нь ч өөр өөр. Өвлийн өглөө уулс, нар хоёр их ойрхон юм шиг байдаг. Дов толгодыг бүрхэж тогтсон хөвсгөр зөөлөн, нялх цагаан хяруу өглөөний нарны туяанд улам цав цагаахан, улам зөөлөн нялхамсуу, улам ариухан ч юм шиг, гишгэхээс ч халгам санагдана. Нарны цацрагууд цас, хярууны талст бүрийг гоёж гоодон улам туяаруулж гялтгануулах шиг.

Хаврын өглөөний нар ханзарсан цасан доороос яргуй цэцэглэхийг харж баясан, нялх төлийн дуунд уярч догдолно. Зуны өглөө зүлэг ширэг нялхарч, цэцэгсээр гоёсон нуга, тал хөхөмдөг униар дунд зүүрмэглэн, навчсанд тогтсон шүүдрийн дусал нарны туяанд тольдон гоодох нь соньхон. Намрын өглөө бас л өөрийн өнгө төрх, өөрийн эгшиглэнтэй. Тариан түрүү нарны цацрагтай сүлжилдэн наадаж, холыг зорих шувууд нисэж нэг, бууж нэг нуур усандаа хоргодох нь уйтай, болдогсон бол намрын нарыг аргамжчихмаар. Цаг цагийн аяс гэж ийм ажгуу.

Харин нар гэж чухам юу юм бол оо? Нэвтэрхий тольд бичсэнээр нар нь Нарны аймгийн бүрэлдэхүүн хэсгүүд тойрч эргэдэг од юм. Нар нь таван тэрбум жилийн настай агаад Нарны аймгийн нийт жингийн 90 гаруй хувийг агуулдаг. Үлдсэн багахан хэсгийг нь гарагууд хуваан эзэлдэг байна. Нарны аймаг гэдэг нь нар, түүний таталцлын нөлөөнд орших найман гараг, бас одой гарагууд, жижиг биетүүд, гараг хоорондын тоосонцор, хий бүхий нэгдэл ажээ.

Тэгвэл нар яагаад илч ивгээж, гэрэл түгээдэг юм бол оо? Нарны цөмд явагддаг цөмийн нэгдлийн үр дүнд нарны цацраг, нейтрино үүсч, секунд тутамд таван сая бодисыг энерги болгож хувиргадаг гэнэ. Энэ энергийн жаахан хэсэг нь л дэлхийн агаар мандлыг нэвтлэн ирж гэрэл гэгээ, дулаан үүсгэж, амьдралыг тэтгэдэг аж. Тиймээс бид цельсийн хасах 20 хэм хүрэхээр хөлдөж үхэх нь ээ гээд, нэмэх 30 хэмд дөхөхөөр нь шатааж алах нь ээ гээд үглээд байх хэрэггүй юм байна шүү дээ.

Бас нэг сонирхолтой баримт дурдахад нарны гэрэлтэгч хийн бөмбөрцгийн диаметр нь 1.392.000 км, жин нь дэлхийн жингээс 330 мянга дахин их байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ их галт бөмбөрцгийн төвд болж буй цөмийн температур нь цельсийн 15 сая хэмд дөхөж очдог бол гадаргын температур нь цельсийн 6000 орчим хэм байдаг гэнэ. Энэ мэтийн олон сонирхолтой тоо баримтыг эрдэмтэд тооцож гаргажээ.

Нар бол спектрийн G буюу шар ангиллын од агаад уртрагийнхаа дагуу өөр өөр хурдтай эргэдэг байна. Туйл нь нэг бүтэн эргэхэд 36 өдөр болдог бол экватор нь 25 өдөрт нэг эргэдэг аж. Нарны үзэгдэх гадарга буюу гэрэлт мандал нь тогтмол хөдөлгөөнд оршдог байна. Хэдийгээр идэвхжилтэй холбоотой үзэгдлүүд нарны гадарга, орчин тойронд байнга болж байдаг ч гэлээ нарыг хэдэн тэрбум жил харьцангуй өөрчлөлтгүй байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. Тиймээс нар шүтээн маань мөнхөд биднийгээ гийгүүлж, гэрэлтүүлсээр байх нь ээ.

Намайг, чамайг, биднийг бүгдийг нь алагчлалгүй ивээж илч, гэрэлээ харамгүй хайрладаг Нар хэмээх шүтээн маань ийм утга учиртай ажээ. Гималайн цаст оргил, Алтай, Хангайн хөх уулс, Сибирийн нуруу, Сахарын цөл, Африкийн шугуй, Арабын хойг, их дөлгөөн далай, Байгаль, Хөвсгөл нуур, Нил, Ижил мөрөн, хойт, өмнөд туйл гээд ертөнцийн хаана чиг нар илч, гэрэлээ адилхан түгээнэ. Далайн аварга халим, халуун орны хүчит заан, аймшигт матар, говийн бяцхан гүрвэл, уулын тагтад хосоороо ургадаг үзэсгэлэнт вансэмбэрүү, баян бүрдийн түмэн наст тоорой, Тасман, өмнөд Африкийн ширэнгэн ой гээд амьтан, ургамал адилхан л нарны илч, гэрлийг хүртдэг. Тэр байтугай хад чулуу, даваан дээрх овоо, өвгөд өтгөсийн шарил бунхан адилхан л наранд ивээгдэж, он цагийг элээнэ.

Нар шүтээн маань ийн энэ дэлхийн амьд бодгаль, эд эс бүхнийг, эх болсон байгаль, газар шороо, хад, чулуу, хайрга элстэй нь цуг ав адилхан гийгүүлж, илч ивээлээ хайрладаг билээ.

Найман давхрын цонхоор туссан шинэ өглөөний нар дэвтрийн хуудаснаа, номын хавтаснаа, дэргэд суугаа сөөсгөр жаахан ачийн маань энхэр зөөлөн зулайг төөнөн мандаж байна. Нар шүтээн намайг, чамайг ав адилхан гийгүүлж, гэрэлтүүлж байна. Тиймээс шүтээн бол түшээн болой.

Өглөө болгон эртлэн босож

Өндөр тэнгэрийг бүрэн харж бай

Огторгуй хурмаст уужмын хутгаа

Оюун ухаанд чинь хайрлах болно…

Алтан нарыг мандах тоолонд

Алаг зүрхнээсээ догдлон харж бай

Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар

Эрдэнэт бөмбөлөг гийх болно…хэмээсэн нэрт яруу найрагч Зундуйн Доржийн “Өглөөний санамж” хэмээх алдарт мөрүүд энэ мөчид сэтгэлд бууж, санаж сэрэхийн ухааныг дэнслүүлэх нь бас л учир жанцантай. Ноён хутагт Дулдуйтын Равжаагийн цэцэлсэн сургаал номлолын шастирууд мэт энэ хэдэн мөртийг хэн боловч цээжний мухартаа хадгалж, сэтгэлийн тольтдоо цэгнэж, ухаарч мэдэрч явах нь зөв мэт санагдана.

Нар мандах сайхан. Ертөнцийг гийгүүлж, ерөөл учралыг ивгээж нар мандах сайхан, наран мандахыг харах сайхан. Энэ бол амьдралын баясал, амьд бодгалийн баяр жаргал, маргааш, өнө мөнх ирээдүйн төлөөх итгэл юм.

Сэтгүүлч Шаравын СОДНОМЖАМЦ

2020 оны 01 дүгээр сарын 01.