Categories
мэдээ нийгэм

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож байна

Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.

Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулжээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн түүхтэй юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хаш-Эрдэнэ: Түрүү жилийн сүүлийн хоёрхон сарын хугацааны популизмын зардал гэхэд л 1.1 их наяд төгрөг болчихсон

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Популизм эдийн засагт яг яаж нөлөөлөөд байна гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Таны асуултад хариулахын тулд эхлээд популизм гэж яг юуг хэлээд байгааг тайлбарлах хэрэгтэй л дээ. Нэг талд иргэд, нөгөө талд элитүүд гэсэн бүлэг бий. Энэ хоёр бүлгийн эрх ашиг, сонирхол өөр. Яг тэр онцлог дээр нь дөрөөлж, энэ хоёр бүлгийг сөргөлдүүлэхийг популизм гээд байгаа юм.

-Чухам хэн элит, иргэд гэсэн хоёр хэсгийг сөргөлдүүлээд байна вэ?

-Цөөн хүн иргэд гэх бүлгийг төлөөлж гарч ирдэг. Өнөө нөхөр “Иргэдийн эрх ашгийн төлөө” гээд элит гэгдэх бүлгийн эсрэг тэмцдэг, ингэнгүүт элит болон иргэд сөргөлдөөд эхэлдэг.

-Тэгвэл өнөөгийн Монголд элит, иргэд гэсэн хоёр бүл-гийг сөргөлдүүлж яваа нь улстөрчид гэж харж болох уу?

-Бас шууд тэгж хэлж болохгүй. Тохиолдол бүр дээр өөр. Сая хууль нь гарч баталгаажсан тэтгэврийн зээлийн тэглэлт дээр гэхэд элит, иргэд хоёрыг сөргөлдүүлэгч нь ҮАБЗ-ийн гурван гишүүн. Өөрөөр хэлбэл, иргэд гэсэн хэсгийг төлөөлж байгаа, нь эд нар. Энэ тохиолдолд иргэд гэдэг нь зээлээ тэглүүлэх тэтгэврийнхэн.

Элит гэх бүлэг нь татвар төлөгчид. Тэтгэврийн зээлийг татварын орлогоор улсын төсвөөс төлнө гэдэг утгаараа. Дээхэн үед иргэний хөдөлгөөнийхөн нэг хэсэг мандсан даа.

-О.Магнай, Ж.Батзандан нарын жагсаж эхэлсэн үеийг хэлж байна уу?

-Яг тийм. Тэр тохиолдолд иргэд гэдэг нь ард түмэн. Ард түмнийг төлөөлсөн нь таны саяын онцолдог хүмүүс. О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга нар. Харин элит бүлэг нь улстөрчид болчихож байгаа юм. Ингээд харахаар популист тохиолдол болгон дээр бүлгүүд нь өөрчлөгдөж байгаа биз.

-Тийм байна. Ер нь популист тохиол бүрийн дараагийн үр дүн ямар байдаг бол, хэн нь хожиж хэн нь хохирдог вэ?

-Популист тохиолдол бүрийн төлөөлөгчид эрх ашиг, орлогынхоо төлөө тийм алхам хийдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашгийн төлөө гэж дуугарсан төлөөлөгчид л хожиж үлддэг. Иргэний хөдөлгөөн идэвхэжсэн тэр үеэс хожсон нь О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга нар. Өөрөөр хэлбэл, иргэдийг төлөөлж дуугарч тэмцсэн гуравхан хүн хожсон.

Тэд бүгд эрх мэдэлд хүрснийг Монгол даяараа мэднэ. Эдийн засаг талаас харвал ямар ч үйл ажиллагаа тодорхой зардалтай, хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчилсэн чигтэй байдаг. Ашиг олохгүй бол хэн ч ажил хийхгүй. Ашиг олохын тулд зардал гарах нь ойлгомжтой. Эндээс “Ямар зардал гарав, тухайн зардлыг хэн гаргав” гэсэн асуулт гарч ирнэ.

Тэтгэврийн зээл тэглэлт дээр гэхэд ойролцоогоор 800 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн багцаа тоо гарсан харагдсан. Тэр мөнгийг төсвөөс гаргаж таарна.

Төсөв гэдэг зүйл тэтгэвэр авагчтай яг адилхан. Төсвийн орлого нь компани, иргэдийн өгдөг татвар. Өөрөөр хэлбэл, биднээс татвар нэрээр хурааж авсан орлогоо дахин хуваарилж халамж, тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалин, сургууль цэцэрлэг барих зардал гэх мэтэд зарцуулдаг зүйлийг л төсөв гээд байгаа юм. Энэ жилийн төсөв өндөр алдагдалтай батлагдсан.

2020 оны улсын төсөв 2.3 орчим их наяд төгрөгийн алдагдалтай. 2019 онтой харьцуулахад 202.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Сонгуулийн жил учраас хөрөнгө оруулалтын зардлыг огцом өсгөөд баталчихсан. Хөрөнгө оруулалтын зардлаар зам барина, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлнэ.

Дэд бүтцийн төслийн хувьд шууд өртгөө нөхөж, ашгаа өгдөггүй онцлогтой. Хэрэгжүүлсэн төсөл ашгаа өгтлөө хугацаа их авдаг. Уг нь төсөв ашигтай бол ахмадаа харж үзэх, нийгмийн халамж шаардлагатай хэсэгтээ тусгайлж анхаарсан бодлого хэрэгжүүлэхэд асуудалгүй л дээ.

-Төсвийн орлогыг татвар, хөрөнгө оруулалтыг нэмэх гэх мэтээр өсгөнө гээд төлөвлөчихсөн. Оны эхнээс нийгмийн даатгал нэмэх байснаа больсон, хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхойгүй гээд олон эрсдэл бий шүү.

-Хамгийн их болгоомжлох ёстой асуудал л даа, таны сая онцолсон өнцөг. Татварын орлогыг маш өндөр хэмжээгээр нэмж байж л төсвийн алдагдлаа арайхийн нөхөх боломж харагдаж байгаа. Гэхдээ татварын орлого шийдвэр гаргагчдын төсөөлж байгаачлан нэмэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Ийм хэцүү төсөвтэй байж ахиад 800 тэрбум төгрөгийн өр тавих гэж байна.

Төсвийн алдагдлыг гаднаас өр зээл тавьж байж л нөхнө. Төсөв жил бүр алдагдалтай гардгаас гадна Монгол Улс жил бүр өрөө нэмж байгаа. Сангийн яамны сайтаас харахад манай улсын нийт өр хорь гаруй их наядаар хэмжигдэж байна.

Өнөөдөр дөнгөж төрж буй нялх гэхэд л 7.4 гаруй сая төгрөгийн өртэй төрж байгаа гэсэн үг. Дахиад хэлэхэд тэтгэврийн зээл тэглэх 800 тэрбумыг гэхэд л бид ер тавьж шийднэ. Бонд гэдэг бол өр. Зургаан хувийн хүүтэйгээр бонд гаргахаар нэмж тавьсан өр маань тэр хэрээр өснө.

Энэ шийдвэрээс хэн ашиг олох вэ гэсэн асуулт тавиад харахаар тэтгэврийн зээлтэй ахмадуудад ашиггүй. Учир нь хөгшдийн гар дээр ямар ч мөнгө ирэхгүй. Ашиг хүртэх хэсэг нь арилжааны банкууд, энэ асуудлыг дэвэргэж яваа улстөрчид.

Зээл тэглэх хууль батлагдах өдөр Ж.Батзандан, Лу.Болд хоёр баахан ахмадыг цуглуулж жагсаал хийлээ. Асуудлыг дэвэргэж рейтингээ өсгөх арга хэрэглэсэн гэсэн үг. Мөнгөнөөс том сөрөг үр дагавар нь монголчуудыг талцуулчихлаа. Боломжтой бүх бүлэг өөр зуураа маргацгаалаа. Зүй нь нэгдэж нэг зүг рүү харж байж бид урагшилна.

Товчхондоо энэ удаагийн популист арга хэмжээний хохирогч нь нийт иргэд болон улсын эдийн засаг.

-Өнөө жилийн төсөв популист арга хэмжээний нэгд багтах уу?

-Шууд утгаараа багтана. 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хоёрхон сарын хугацааны популизмын зардал нийтдээ 1.1 их наяд төгрөг буюу 410.5 сая ам.доллар болчихсон. Энэ зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө төлнө. 1.1 их наяд төгрөгөөр юу хийж болох вэ гэсэн асуулт тавиад хариу хайя.

Компаниудад найман хувийн хүүтэй зээл олгосон бол 90 орчим тэрбумын хүүний орлого олохоос гадна ажлын байр нэмэгдэж, Монгол Улсын ер нэмэгдэхгүй гэх мэт давуу тал үүсэх байсан. Энэ хэмжээний мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол ойролцоогоор 1,000 гаруй сургууль, цэцэрлэгтэй болох байсан.

Ингээд харахаар популизм бидний ерийг өсгөж, биднээс авах татварын хэмжээг нэмэгдүүлж, ард түмэнд ирээдүйд олдох байсан боломжийг л хааж байна. Өндөр алдагдалтай байж хөрөнгө оруулалтын зардлыг огцом өсгөсөн гэж түрүүн ярьсан даа.

Сонгуулийн жил хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг. Бизнес эрхлэгчид сонгууль дөхөөд ирэхээр бүх зүйл дээр эрсдлээ нэмж тооцож эхэлдэг.

Жишээ нь, сонгуулийн жил төсөл хэрэгжүүлэх бизнес эрхлэгч өөрөө мөнгөө гаргадаг. Зээл аваад төслөө хэрэгжүүлчихээр зарцуулсан мөнгө нь орж ирэхгүй гацдаг зовлон бий. Сонгууль гэж нэг хэсэг цалгардана. Сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ засаг мөнгийг нь өгөхгүй хойшлуулж бас цаг авдаг. Энэ бүхний наад захын том эрсдэл нь өндөр хүүтэй зээл.

Цаг хугацаа алдах тусам бизнес эрхлэгчид зээлийн өндөр хүү төлж эрсдэл хүлээдэг. Тэр утгаараа сонгуулийн жил хэрэгжүүлэх төслүүд үр ашиг муутай байдаг юм.

-Өр гэснээс асуух нэг зүйл байна. Ирэх жилүүдэд Монгол Улс өрөө төлж эхэлнэ. Төлөх мөнгөгүй учраас хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар явах байх. Мэдээж олон удаа ингэх боломжгүй. Их хэмжээний өр тавих тусам бидэнд ирэх холын эрсдэл нь юу вэ?

-Өрөө төлөөд эхлэхээр сая таны хэлсэнчлэн дахин санхүүжилтийн арга хэрэглэх байх. Илүү өндөр хүүтэй бондууд гаргана. Хүү нь өндөрсөх хэрээр эрсдэл нэмэгдэнэ. Эсвэл зарим өрөө өөр хүнд, өөр улсад зарна.

“Танай улс манай өрнөөс энэ хэсгийг нь худалдаад авчих” гэх маягийн тохироо хийгдэнэ гэсэн үг. Уул уурхайн том төслүүдээ барьцаалж өр тавьсан шигээ өөр улсад өрөө зараад эхлэхийг үгүйсгэх аргагүй. Манай өрийг худалдаж авсан улс тодорхой хугацааны дараа ерөө нэхнэ ээ дээ. Тэр үед яах вэ гэдэг бол маш том асуулт. Өрөө авах ёстой хүмүүс тэр цагт “Мөнгийг минь өгч чадахгүй бол тэр уурхайгаа өг, газар нутгаа түрээслүүл” гэх мэт нөхцөлүүд тавьж эхэлнэ. Хамгийн хэцүү хувилбар нь дампуурлаа зарлах.

“Уучлаарай, бид өрөө төлж чадахаа болилоо” гээд дэлхийн зах зээл дээр дампуурлаа зарлах эрсдэл бий.

-Та түрүүн газар нутгийн аюулгүй байдал алдагдсан гэсэн утгатай үг унагасан. Өрөө төлж дийлэхгүй бол газар нутгаа түрээслүүл гэсэн шаардлага тавивал хэцүү байдалд орох байх шүү…?

-Та нэг зүйлийг анзаараарай, Улаанбаатарт Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь суурьшчихсан. Гэтэл Улаанбаатар хотын хувьд улсын нийт газар нутгийн нэг хувь ч хүрэхгүй талбайг хамардаг. Тэгэхээр хүн амын тал нь буюу 1.5 сая хүн үлдсэн 99 гаруй хувийг эзлэх өргөн уудам газар нутагт тархаж амьдардаг гэсэн үг.

Хэн ч амьдардаггүй эзгүй хээр газар маш олон бий. Ингээд харахаар хэн нэгэнд ямар нэг газрыг мэдэгдэхгүйгээр түрээслүүлж, ашиглуулж байхыг ч үгүйсгэх аргагүй.

Би газар нутгийн аюулгүй байдал алдагдсан гэдгийг ийм утгаар хэлсэн юм. Тэгэхээр ирээдүйд бидэнд тийм шаардлага тавина гэж ярихаас илүү ийм эрсдэлд орчихсон байх магадлалтай гэсэн өнцгөөс хандах хэрэгтэй.

Ганц газар нутаг ч биш, өөр ч хэд хэдэн эрсдэл бидэнд бий. Жишээ нь, Монголд орж ирж буй хөрөнгө оруулалтын 90 хувь нь зөвхөн нэг улсынх, манай зээлийн ихэнх хувь урд хөршөөс авсан мөнгө. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аюулгүй байдал аль хэдийнээ алдагдсан гэсэн үг.

Эндээс Монгол бие даасан улс мөн үү гэсэн асуулт ургаж гарч ирж таарна аа даа. Товчхондоо эдийн засаг, газар нутгийн аюулгүй байдал Монголд аль хэдийнээ алдагдсан.

-Энэ асуудлуудаа шийдэхийн тулд бид яах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд эдийн засгийн аюулгүй байдлаа эргэж олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд төсвөө танах ёстой. Төрийн албан хаагчдыг чадварлаг, цомхон болгох шаардлага бий.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадны хөрөнгө оруулалтын тэдээс дээш хувийг нэг улсаас хамааралтай байлгаж болохгүй гэсэн утгатай заалт байгаа. Тэр хувь хэмжээ рүүгээ шахаж эхлэх цаг болсон.

Өөр улсуудаас хөрөнгө оруулалтууд татаж, өөр бүс нутагтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх. хэрэгтэй. Тэгж байж бид эрсдэлээ сарниулна. Америк, Хятадын дунд худалдааны дайн эхлэхэд бид Америкийн хөрөнгө оруулалтуудыг татах боломжтой байсан ч боломжоо ашиглаж чадаагүй. Нийслэлийн төвлөрлөө багасгахын тулд хөдөө орон нутгийн хөгжилд анхаарах хэрэгтэй.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэх цаг ирсэн. Зах зээлээ өргөжүүлье гэвэл Орос, Хятадтай харилцдаг худалдааны замуудаа чөлөөтэй болгомоор байгаа юм. Наад зах нь Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсээр дамжуулаад олон улсын худалдааны коридор нээх гарц бий.

Хийн хоолойг Монголоор дайруулахаас илүүтэй, өнөө маргаашдаа цаг алдалгүй хийж чадах төсөл байна. Хийн хоолойтой адил ашиг өгч чадах худалдааны коридортой болчихвол эдийн засагт өгөөжтэй. АН-3 олон улсын хурдны замаа цаг алдалгүй баривал худалдааны маш том коридортой болчихно. Ингэж чадвал үйлчилгээний орлого олоод эхэлнэ.

Тэр замаар явах машинуудад шатахууныг нь хийж өгч мөнгө олох боломж бий. Тэр том урсгалаас өөрсдөдөө хэрэгтэй барааг авч үлдээд, өөрсдийнхөө барааг тээвэрлэж болно. Энэ коридор бий болбол зах зээл тэлэх асуудалгүй. Зам дагаад аймгуудын хөгжил ч өсөөд ирнэ.

Хөдөө орон нутагт энэ мэт боломжуудыг бий болгоод өгчихвөл нийслэлийн төвлөрөл саарч, газар нутгийн аюулгүй байдлын асуудал шийдэгдэх сайн талтай.

-Популизмын зардал ярьсных хамгийн өндөр өртөг зардалтай популист шийдвэрийн эхэнд “Чапко”-той гэрээ хийж авсан мөнгөө иргэддээ cap бүр 21 мянган төгрөг болгож тараасан явдал орох байх, тийм үү?

-Тэгнэ. Тухайн хүндээ нэг их мөнгө биш ч эдийн засагт нийлүүлэгдэж буй бэлэн мөнгөний хэмжээ талаас нь харвал асар өндөр тоо гарна. Сард 63 тэрбум төгрөг тараана гэдэг бол маш том тоо. Засгийн газар зээл авахдаа “Чалко”-той гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулахдаа цаад талд өгөх бүтээгдэхүүнээ тэдэн доллараар арилжаална гээд ханш тогтоочихсон. Үүний цаана алдагдсан боломж гэж бий. Нүүрс нийлүүлж эхлэх үед олон улсын зах зээл дээр нүүрсний ханш өссөн ч түүнээс доогуур үнээр “Чалко”-д өгөхөөр тогтсон учраас боломжоо алдчихаж байгаа юм. Алдагдсан боломжийн өртөг гэсний цаад шалтгаан энэ л дээ.

Энэ тохиолдолд ашиг ологч бүлэг нь “Чалко” компани, популизм хийж сонгогчдын саналыг авсан улстөрчид болчихож байгаа юм. Харин боломжоо алдсан нь Монгол Улс. Монгол Улс өчнөөн жилийн хугацаанд нүүрсээ хямд ханшаар өгч байж өрөө дарсан.

Эдийн засгийн хувьд эхний эрсдэл нь нүүрсээ хямд өгч боломжоо алдсан явдал байсан бол хоёр дахь нь их хэмжээний мөнгө зах зээлд гарснаас үүдсэн эрсдэл байсан. Инфляц өссөн, төгрөг суларсан, худалдан авах чадвар буурсан, зээлийн зардал нэмэгдсэн.

Халамж хэлбэрээр их хэмжээний мөнгө тараахаар тодорхой хугацааны дараа эдийн засгаа дэгээдээд унагадаг. Үүнтэй төстэй жишээ олон бий. Бизнесийн зардлыг бизнес эрхлэгч өөрийн орлогоороо, эсвэл зээлээр, санхүүжилт босгох замаар өөрөө л төлдөг учраас орлогоо өөрөө авдаг. Энэ бол хэн төлсөн нь ашиг, орлогоо өөрөө авах шударга зарчим.

Гэтэл популизмын зардлыг хэн төлж, ашгийг нь хэн хүртэж байна вэ гэдэг огт өөр асуудал болчихож байгаа юм.

Categories
мэдээ спорт

Серхио Агуеро Премьер лигийн хоёр рекордыг шинэчиллээ

Английн Премьер лигийн 22-р тойргийн хүрээнд Манчестер Сити клуб Астон Виллагийн талбайд зочлон тоглож 6:1-ээр хожсоноор лигийнхээ хоёрдугаар байр луу дэвшлээ. Энэхүү тоглолтонд Аргентин довтлогч Серхио Агуеро хэттрик хийж хоёр рекордыг шинэчиллээ. Тэрээр Премьер лигт хамгийн олон удаа хэттрик хийсэн тоглогч болоод буй юм. Агуеро өнгөрсөн шөнийн тоглолтонд Премьер лигийн 12 дахь хэттрикээ хийсэн билээ. Түүнээс өмнө энэхүү амжилтыг Алан Ширер 11 хэттрик хийсэн үзүүлэлттэйгээр эзэмшиж байсан юм. Серхио Агуерогийн шинэчилсэн өөр нэгэн рекорд нь Премьер лигт хамгийн олон гоол оруулсан Англи бус тоглогч гэх алдар билээ. Агуеро одоогийн байдлаар Премьер лигт 176 гоолыг оруулаад буй юм. Түүний энэхүү үзүүлэлт нь Премьер лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын тавдугаар байрт бичигдэх амжилт билээ. Премьер лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Алан Ширер 260 гоол оруулсан амжилттайгаар тэргүүлдэг бөгөөд Агуерогийн дээр бичигдэж буй Фрэнк Лампард 177 гоолтой байгаа юм.


У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

“Тод каннам” эмнэлгийн эмч нарыг өнөөдөр шүүх хурал болно

“Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2018 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарыг өнөөдөр /2020.01.13/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ. Шүүх хуралд талийгаач эмэгтэйн эцэг эх оролцох юм.

Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан.

Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.

Categories
мэдээ нийгэм

​ НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих ажээ.

Мөн 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор тус хуулинд тусгасан. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харъяат, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв.

Монгол бөхийн өргөөнд ням гаригт болсон тус барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм. Үндсэн хуулийн өдөрт зориулсан энэхүү бөхийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн түүхтэй. Харин улсын гарьд И.Доржсамбуу гурван түрүү, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат нар тус бүр хоёр түрүү авч байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Халамж ихсэх тусам популизм гаардаг

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Эрх баригчид Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг дэмжээд буй. Таны хувьд тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал цэвэр улс төрийн шийдвэр. Энэ нь өөрөө халамжийн нэг хэлбэр шүү дээ. Уг нь бид халамж ихсэх тусам популизм гаардаг гашуун түүхээс салаад удаагүй л байгаа. 2004, 2008, 2012 онд их мөнгө амлаж улс төр хийдэг байсан тэр чөтгөрийн тойргоос бид арайхийж гарч ядаж байгаа. Ялангуяа 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, санхүүгийн сахилга баттай болж ирж байна. Эдийн засаг харьцангуй тогтворжиж байгаа. Цаашид эдийн засаг өсөх хандлагууд ч бий болж байна. Ийм үед бид ийм гэнэтийн шийдвэр гаргаж буцаад халамжийн чиглэлийн эдийн засгийг тэлэх нь чөтгөрийн тойрогтоо эргэн орж болзошгүй байдлыг үүсгэх үр дагавартай. Буцаад нийгэмд үүнийг дагасан олон хүлээлт, улс төрийн амлалтууд цуврахыг үгүйсгэхгүй. Энэ нь тогтож ядаж байсан төсвийн ч мөн иргэдийн санхүүгийн сахилга батыг эвдэх хор уршигтай. Нэг талаар өр зээлтэй ахмадууддаа тусалж байгаа мэт боловч алсуураа эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.

-Дахин ийм халамжийн бодлого гарах вий гэх болгоомжлол байна гэсэн үг үү?

-2004-2012 оны хооронд мөнгө, халамж амладаг улс төрийн уралдаан зарласан. Энэ нь эдийн засагт маш их хохиролтой. Халамжийг тэлэх нь популизмыг дэврээдэг. Үүнээс үүдэн дахин халамжийн уралдаан эхэлж, мөнгө амлах үйл явц өрнөх вий. Ер нь макро эдийн засгийг удирдана гэдэг эдийн засагт оролцогчдын хүлээлтийг удирдах л асуудал байдаг. Тиймдээ ч хариуцлагатай болж ирж байсан нийгмийн сэтгэл зүйг эвдээд өөр хүлээлт рүү аваачиж байгаа нь л буруу байгаа юм. Угтаа бид эдийн засагт ийм хэмжээний боломж гарч ирж байгаа үед нөөцөлж, эсвэл иргэдийн орлогыг дэмжих тал дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Зарлагыг нь тэглэх бус орлогыг нь нэмэх нь илүү өгөөжтэй. Жишээ нь, тэтгэврийг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах гэх мэт.

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Нэгэнт улс төрийн шийдвэр гараад тэтгэврийн зээлийг тэглэхээр болох юм бол үүнээс үүсч болзошгүй макро болон микро эдийн засгийн эрсдэлүүдийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.

-Эдийн засагт үүсэх хамгийн гол хүндрэл нь юу байна вэ?

-Хамгийн гол эрсдэл нь энэ халамжаар дамжиж төсвөөс гадуур хяналтгүй, хязгаарлалтгүй, зохистой харьцаагүй дахиад нэг өөр төсөв үүсч болзошгүй. Хэрэв энэ нь цаашдаа бусад өөр улс төрийн амлалтаар тэлэх юм бол эдийн засгийн макро тэнцвэрт тодорхой эрсдэл учирч бид дахиад л маш үнэтэй эдийн засгийн тохиргоо хийх хэрэгтэй болно. Энэ л гол эрсдэл байгаа юм. Дээрээс нь хуулийг үзвэл эцсийн эрсдэлийг Засгийн газар үүрнэ гэж заасан байгаа.

-Салхитын ордоос бонд босгох замаар Тэтгэврийн зээлийг төлнө гэж байгаад та юу хэлэх вэ?

-Салхитын мөнгөний ордтой уяж тайлбарлаж байгааг мөн л сайн ойлгож өгөхгүй байна. Салхитын мөнгөний орд өөрөө эргэлтэд орж эхлээгүй байгаа. Гэтэл түрүүлж ашгийг нь барьцаалж бонд гаргана гэж байна. Дараа Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгийг яаж босгох юм. Төрөөс санхүүжилт хийх боломжгүй, олон улсын зах дээрээс мөнгө босгоё гэхээр түрүүлээд ашгийг нь хэрэглэчихсэн байдаг. Дараа нь хөрөнгө оруулалт босгоход төвөгтэй л байдал үүснэ. Энэ утгаараа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг яаран ямар ч тооцоо судалгаагүй хийчих вий дээ л гэж бодож байна.

-Салхитын ордны олборлож гаргах алт, мөнгийг Монголбанк худалдаж авах замаар арилжааны банкуудыг санхүүжүүлнэ. Бэлэн мөнгөний бус банк, компани хооронд бичилт хийх замаар өрийг тэглэх санхүүгийн зохицуулалт явна. Тэр ч утгаараа төсвөөс тусдаа зохицуулагдаж байгаа гэж ХНХ-ийн сайд хэлж байсан. Ийм боломжтой юу?

-Хэрэв бичилт хийгээд зээл тэглээд байдаг бол ер нь бүх өр зээлээ ингээд шийдчиж болдоггүй юм уу. Даанч ийм боломж байдаггүй юм. Бичилтүүд хийсээр тэр нь хаа нэг газар очиж, улмаар эцсийн хариуцагч гарч ирдэг. Энэ хуулиар тэр нь Засгийн газар өөрөө болж таарах гээд байна. Энэ нь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Салхитын ордоос алтаа аваад эхэлбэл тэртэй тэргүй төв банкиндаа л тушаадаг уламжлалт хуультай бид.

-Тийм байх нь. Ер нь бид тэтгэврийн тогтолцоонд реформ хийх хэрэгтэй юү?

-1990-ээд оны Азийн эдийн засгийн хямрал манайд нэлээд хүнд туссан. Цөөнгүй банк дампуурсан. Тэр үед Нийгмийн даатгалын сан томоохон цохилт авч, алдагдал хүлээсэн. Дээрээс нь төсөв өөрөө маш их алдагдалтай байсан учраас НДС-гаас мөнгө авч, зарлагадаа хэрэглэчихсэн. Тэр үеэс хойш төсөв нийгмийн даатгалд өртэй явж ирлээ. Үүндээ улам ороогдож, үүнээс гарч чадахгүй яваад байгаа юм. Олон улсын жишгээр явбал НДС хуримтлагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ хурааж авч байгаа Нийгмийн даатгалын шимтгэлээрээ өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг өгдөг. Бид ийм системтэй явсаар байгаа. Бид үүнээс гарахын тулд зайлшгүй тэтгэврийн реформ хийх ёстой. Тэгэхгүйгээр энэ алдагдлаа нөхөхийн тулд бид тэтгэвэрт гарах насыг уртасгадаг, эсвэл НДШ-ийг нэмдэг хоёр механик арга хэмжээг л авсаар байна. Угтаа зээл тэглэж байгаа эх үүсвэр бидэнд байгаа бол энэ НДС-гаа баяжуулах, тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулах ёстой. Энэ нь урт хугацаандаа тэтгэвэр авагчдад илүү үр өгөөжтэй байх болно.

Татан буугдсан, дампуурсан банк бүрийг үзэхээр НДС-гийн мөнгө үргэлж байдаг. Мэдээж банкуудын чадамж муудаад ирэхээр амлаж байгаа хүүнүүд нь нэмэгддэг. Түүнээс нь болж НДС-гийн мөнгийг хадгалуулж, алддаг. Ийм хар практик манай улсад 20 гаруй жил үргэлжиллээ. Төр НДС-гаа бүрдүүлчихээд хадгалж, хамгаалж чадахгүй байна. Бид үүнийг онцлон анхаарч, хамгийн түрүүнд реформ хийх өнцөг бол энэ. Төр НДС-гийн мөнгийг хадгалж байгаа бол маш хариуцлагатай байх ёстой. Гэтэл үүнтэй зэрэгцээд Хадгаламжийн даатгалын корпораци гэж байдаг. Үүнийг хамгийн тогтвортой, их үлдэгдэлтэй баян сан гэж хэлж болно. Одоогоор 400 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ сан ямар ч эрсдэлд орохгүй оршин тогтнож чадаж байна. Тэгвэл НДС-гийн мөнгийг яагаад энэ жишгээр төр хадгалж чадахгүй байна вэ. Одоо бид Нийгмийн даатгалын тухай хуульд НДС-гийн мөнгийг хэрхэн яаж хадгалж, байршуулах вэ, найдвартай байлгах вэ гэдэгт том өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Яавал найдвартай хадгалах юм бэ?

-Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж би ахалж байгаа. Манай ажлын хэсгийг гол зорилго ердөө энэ. НДС-гийн мөнгийг хадгалахдаа ашиг хайх биш, хамгийн түрүүнд найдвартай байхыг чухалчлах ёстой. Нэгдүгээрт, найдвартай байдал, хоёрдугаарт, хөрвөх чадвар, эдгээр хоёр нөхцөл хангагдвал ашиг хайж болно. Ийм л зарчмаар явах ёстой. Харамсалтай нь одоо бол яг эсрэгээрээ. Уг нь өндөр хүүний өгөөж гуравдугаар асуудал гэсэн үг. Энэ өнцгөөс нь л өөрчлөлт оруулж, Засгийн газарт хүргүүлнэ.

-Бид хэзээ саарал жагсаалтаас гарч чадах вэ?

-Энэ асуудал дээр парламентын зүгээс хийх ёстой зүйлээ хийсэн. Маш сайн хуулиудыг гаргасан. Эрүүгийн тухай хуульд мөнгө угаахтай тэмцэх заалтуудыг маш чангаруулсан. Манай хүчний байгууллагууд үүнийг илрүүлэх тал дээр муугүй ажиллаж байна. Шүүх, прокурор дээр үүний үр дүн эцэслэж гарахгүй байна гэдгийг л олон улсын байгууллагууд онцолж анхааруулдаг. Энэ үр дүн нь яаж гарахаас л бүх юм шалтгаална. Засгийн газрын ярьж байгаагаар жилийн хугацаанд гарах боломжтой гэж байгаа. Их хурлын зүгээс бүх талаар дэмжиж ажиллаж байгаа.

-Саарал жагсаалтаас үүдэн эдийн засагт гарч байгаа өөрчлөлтүүд юу байна вэ?

-Саарал жагсаалтад удаан байх юм бол алсуураа эдийн засагт сөрөг цохилтууд бий болно. Тиймдээ ч богино хугацаанд гарах нь чухал. Нэг жилийн хугацаанд багтаж гарах юм бол эдийн засагт айхавтар хүндрэл учрахгүй болов уу. Тэр хэмжээний цочролыг манай эдийн засгийн потенциаль давж чадна. Гэхдээ удах юм бол их хор уршигтай. Ядаж л манай зээлжих зэрэглэлд нөлөөлж эхэлнэ. Тэр тохиолдолд манай бизнесийн өртөг нэмэгдэж гадаад хөрөнгө оруулалтууд саарах байдал үүснэ. Гэх мэт хүндрэлүүд үүсч болзошгүй юм.

Дэлхий нийт эдийн засгийн хувьд тогтсон нэг дүрмээр өөрчлөгдөж байна. Саарал жагсаалтад орно гэдэг нь энэ урсгалыг сөрж явах нөхцөл рүү орчихож байна л гэсэн үг. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг сөрвөл бидэнд ямар ч гэрэлтэй ирээдүй харагдахгүй. Энэ нь дэлхий нийтээрээ мөнгө угаалтын эсрэг нэгдсэн нэг дүрмээр тэмцэцгээе гэдэг л санаа.

-Таван толгой компани дөрөвдүгээр сараас эхлэн IPO зарлана гэж байсан. Энэ нь биеллээ олж чадах болов уу?

-IPO хийх нь зөв. Гэхдээ цаг хугацааны хувьд бэлтгэл ажил нь удчихлаа. Угтаа бид хоёр жилийн өмнө IPO гарга гэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Хэрэв сонгуулийн өмнө IPO зарлана гэвэл тохиромжгүй цаг хугацаа байх болно. Ийм цаг үед, дээрээс нь саарал жагсаалтад орчихсон байхдаа IPO зарлахад өгөөж муутай.

-Хаан банкны 54 хувийг эзэмшигч хувьцаагаа манай томоохон бизнесмэнүүдэд 300 сая ам.доллараар санал болгож байгаа гэдэг ортой юу?

-Энэ талаар хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Хаан банк гэдэг өөрөө монголчууд, Монголын эдийн засгийн хувьд үнэтэй капитал. Тиймдээ ч энэ банкийг цаашид хэн эзэмших вэ гэдэг нь бидний хувьд анхаарал татахуйц, ач холбогдолтой зүйл. Хэрвээ худалдах гэж байгаа бол дараагийн худалдан авагч нь маш зөв субьект байгаасай. Худалдаж авах гэж байгаа мөнгө нь зөв, цэвэр байгаасай. 54 хувийн хувьцааг эзэмшдэг тэр япон иргэн үүнийг уншаасай гэж хүсч байна. Хаан банк цаашид одоогийн байгууллагын засаглал, үйлчилгээгээ хадгалж, улам сайжирч, эрүүлжиж явах нь чухал. Дараагийн эзэн нь ийм шаардлагуудыг хангах ёстой. Тиймдээ ч Монгол орны эдийн засаг хөгжлийн язгуур эрх ашигт нийцсэн тийм эзэмшигч байх ёстой юм. Энэ шаардлагыг монголчууд бид тэр хүнд тавих эрхтэй. Түүнээс энэ банкийг хаа нэг газраас эзэнгүй мөнгө босгож авчраад, эсвэл хэзээ нэг өдөр буцаан дуудагдах өрөөр худалдаж авах ёсгүй. Хамгийн тогтвортой зөв мөнгөөр энэ банкийг худалдаж авах хэрэгтэй. Ийм потенциалтай худалдан авагчид манайд тун цөөхөн байгаа.

Ер нь үүн дээр Төв банк маш тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Цаашдаа системийн нөлөө бүхий банкууд тодорхой хувиа олон нийтийн болгох шаардлагатай.

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Би Дархан-Уул аймгаасаа дахин нэр дэвших улс төрийн эрмэлзлээ илэрхийлсэн. Эцсийн шийдийг нам л гаргана.

-Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалт тодорхой болох ёстой. Дархан-Уул аймагт өөрчлөлт орох уу?

-Манайх гурван мандаттай нэг тойрог. Дарханд өөрчлөлт орохгүй. Зарим нэг аймгууд болон нийслэлд өөрчлөлт орно гэж сонсогдож байсан. Ер нь УИХ-ын гишүүн зөвхөн хүн амаа гэлтгүй газар нутгаа ч төлөөлөх ёстой. Газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалж, түүний төлөө ч бодлого явуулах хэрэгтэй шүү дээ. Төлөөллийн ардчилал гэдэг зүйлийг тэгж л харж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ол, тараа!


НЭГ. ТАРААГЧ ХҮМҮҮН

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.

Хятадын өмнөд Хайнань мужийн нэгэн хотын дарга асан Жан Ци гэртээ 13 тонн алт нуусныг Авлигатай тэмцэх албаныхан илрүүлсэн тухай мэдээ 2019 оны намар түгсэн юм. Дэлхий ертөнц энэ мэдээнд өөр өөрийнхөөрөө гайхсан байдаг. Зарим газар “Хятад дахь авлигын хэмжээ” нь сонин байхад, нөгөөдүүл нь хээл хахуультай хийж буй Си Жиньпиний тэмцлийг бахадсан байх жишээтэй.

Харин монголчуудын хувьд Жан Ци-гийн олсон алтны хэмжээ гайхалтай санагдсангүй. Учир нь дайны олзонд шүтэж амьдарсан уламжлалтай нүүдэлчдэд олзны хэмжээнд лимит хязгаар байдаггүй юм. Гагцхүү тийм их олзыг хэвээр нь хадгалж чадсан тэсвэр, тэвчээр нь ойлгомжгүй байв. Монгол хүний хувьд Жан Ци бол “алт сандайлсан гуйлгачин” ажгуу.

Алт сандайлсан гуйлгачин Жан Ци-гийн түүхийг сонсож байх зуур түүнтэй эсрэгцүүлэм нэгэн намтар санаанд буув. Тэр бол насны эцсийг дутуу гуцуугийн дунд үдсэн ч өөрийгөө асар баян бөгөөд жаргалтай нэгэн байсанд итгэсээр одсон “Наваан ах”-ын түүх юм.

Монгол орон зэх зээлд шилжихэд түрүүлж “баяжсан” хүмүүс хэн байсан гээч. Анх хөрөнгөжсөн хүмүүсийн магнайд хотын уламжлалт дамын наймаачид, овсгоо самбаатай тэнүүлчид бус харин малчид ба хөдөө сумдын жолооч нар.

Учир нь малыг хүчээр нийгэмчилж байгуулсан, хөдөө аж ахуйн нэгдлүүдийг хамгийн түрүүнд тараасан юм. Засгийн газраас тэднийг өөр өөрийн үзэмжээр хувьчлахыг зөвшөөрсөн тул нэгдэлд байсан мал сүрэг, тэрэг техникээ тэгшхэн хувааж авцгаасан байна. Ингээд малчид нь малаа, тэнд ажиллаж байсан жолооч нар машинаа хувьдаа авцгаалаа.

Малчид нь шууд л малаа өсгөх ажилд орлоо. Ганц чаддаг юм нь ч энэ байв. Монгол хүний жаргал нь тал дүүрэн бэлчих мал сүрэг байсаар ирсэн юм. Зуны найртай өдөр ногоон дэнжийг бүрхэн идээшлэх мал сүргээ хараад нүүр дүүрэн мишээл тодруулах монгол хүн шиг жаргалтай юм энэ хорвоод үгүй.

Далимд нь сонирхуулахад, малчин айлд очихын өмнө мал сүргийг нь хараад л айл гэрийн, өрхийн тэргүүний сэтгэл санааны байдлыг мэдэх боломжтой байдаг юм. Тэр ч байтугай, эзнийх нь биеийн байдлыг ч малаар нь дамжуулан төсөөлж болдог. Жишээ нь, хавар мал нь туранхай эцэнхий үед малчин өөрөө харшиж харласан туранхай нэгэн тааралдана. Харин өвлийн бэрхийг тарган, тамир тэнхээтэй давсан малын эзэн золбоолог харагддаг.

Ингээд, малчид нь аз жаргалынхаа замд шуудрав. Хэдхэн жилийн дотор Монголын мал хоёр дахин өсч тавин сая болов. Монгол хүний ганц чаддаг юм мал адгуулах учраас арга ч үгүй юм. Өнөөдөр Монголын мал сүрэг хувьчлагдах үетэйгээ харьцуулахад гурав дахин өсч, бэлчээрийн даац хэтрээд байгаа юм.

Харин машин тэргээ авсан жолооч нар нь арилжаа наймаанд мордов. Угаасаа, Монгол орон зэх зээлийн эдийн засагт шилжих явц хувь хүн наймаа арилжаа хийхийг зөвшөөрснөөр эхэлсэн юм. Монгол хүний мэддэг ганц юм нь наймаа л байлаа. Гэхдээ арилжаа наймаа орчин үеийн бизнэсийн ёс суртлаас хөндий, бараа бүтээгдэхүүний хомсдол дээрээс хязгааргүй унац гаргах ганцхан дүрэмтэй зэрэг нь өөр бүлгийн сэдэв тул ингэсгээд орхиё.

Монголчууд орон нутагт зорчих хориг арилсан төдийгүй гадаадад чөлөөтэй зорчих зэрэг “ганзагын наймааны алтан үе” эхэллээ. Хөдөөний жолооч нар мал аж ахуйн түүхий эд, ноос ноолуурыг Хятад улс руу гаргаж, оронд нь өргөн хэрэглээний бараа оруулж ирэх болсноор богинохон хугацаанд юмжлаа. Гэвч “юмжих”,“хөрөнгөжих” хоёр ялгаатайд хамаг учир байгаа юм.

Миний сайн таних ах хүү хязгаар нутгийн нэгэн суманд жолооч байв. Яг л бусад жолооч нарын нэгэн адил өмч хувьчлалаар 5 тоннын даацтай Зил-130 машинаа хувьдаа авчээ. Ингээд сум-аймаг-хот, Монгол-Хятадын хооронд тээвэр, наймаанд гарч агшин зуур хөөрхөн хөрөнгөтэй болоод авсан юм. Аа, тийм өгүүлбэртэй бодлогын хоёр чухал нөхцөлийг мартсан байна. Тэрээр ах дүү арвуулаа бөгөөд өөрөө хамгийн ахмад нь. Бас эцэг эх нь эрт нас барсан учраас өнчин дүү нараа өсгөх үүрэг түүнд ногдсон гэж болно.

Ингээд холын тээвэрт яваад ирэх тоолондоо ах дүүстээ хишиг хүртээнэ. Хишиг хүртээнэ гэхэд багадах юм байна. Харин олз ашиг хуваана гэвэл үнэнд ойртоно. Яг л Чингис хаан аян дайнаасаа буцаж ирээд олз омгоо хувааж байхдаа л ийм байсан болов уу гэмээр их түгээлт болдог байв.

Хэдийгээр дүү нар нь бие дааж, амин зуулгаас эхлээд ахуй амьдралаа аваад явдаг болсон ч гэсэн том ахынхаа олзыг хүртэх үүрэгтэй гэж үзнэ. Хөдөө суманд нууцсаад байх юм бага, хэн хэнийхээ хувийн амьдралыг, бараг л ор хөнжлийн явдлыг хүртэл тодорхой мэдэх тул “Том ах” бээр дүү нартаа юу хуваарилсныг андахгүй.

Хүмүүс “Айл бүрт хоёр шуудай гурил, хайрцаг чихэр өгч байна гэнэ” хэмээн бахдан шивэгнэлдэж, үр хүүхэд рүүгээ “Манай энэ хэзээ өсч торнин, бидэнд бэлэг хуваах бол” гэж асуусан байдлаар харцгаана. Харин “Наваан ах” энэ бүхэндээ үлэмж баяртай, олон түмнээс ийм л үг сонсох гэж хорвоод мэндэлсэн, түүнийгээ ч хүртсэн байдалтай.

Гадаадад “явах болсны болоод яваад ирсний найр” бол ХХ зууны Монголоос уламжлалтай ёс бөлгөө. Ах хүү энэ уламжлалыг сахиж Хятад улс руу хилийн боомтоор гараад ирсний дараа найр зохионо. Хөдөө сумынхан цөмөөрөө л бие биенээ таньдаг тул хүссэн бүхэн л тэдний зочин гэсэн үг. Улмаар, сум орныхоо элдэв найр наадмын гол хандивлагч болж хувирав.

Ядуу тарчиг мөртлөө найр, цэнгэлд дуртай нүүдэлчид байн байн найр наадам зохиохыг хэлэх үү? Сумынхаа эхлээд сургууль, цэцэрлэгийн ойг хүртэл нижгэр хийнэ.

Монгол хүний хувьд өчүүхэн санаа зовохгүй бадарладаг зүйл бол зугаа цэнгэлийн хандив юм. Хэн ч “Бид хэд нэг сайхан цэнгэх гэсэн юм, чи мөнгө өгнө дөө” гэсэн хүсэлтийг өчүүхэн ч санаа зовохгүй тавина. Цаад хүн ч гайхахгүй “Аргагүй, аргагүй. Хүн байна даа энэ чинь, сайхан найр наадам хийлгүй яахав” гэж үзнэ.

Ингээд манай “Ах хүү” тэргүүтэй хэдэн айл зарим наадмыг бүхэлд нь заримынх нь зөвхөн хурдан морины бай шагналыг гэхчлэн хэсэгчлэн даана. Нэг удаа сумын Соёлын төв шинэ даралтат хөгжим авснаа тэмдэглэн, тэр хавийнхаа гайгүй орлоготой айлуудаар хэсч, хандив нэхсэн байдаг юм. Нэхэх нь монгол хүний ёс, олсноо түгээх нь монгол бахархал юм хойно сумын чинээлэг гэгдэх айлууд 500.000-1.000.000 төгрөгөөр мөнөөх хөгжмийг мялаасан гэдэг.

Зах зээлийн эхлэлийг гайгүй тавьсан жолооч ах хүү маань ойр дотныхноо төдийгүй сум нутгийнхны өмнө том хандивлагч боллоо. Харамсалтай нь арилжаа наймаанаасаа юмжсан болохоос биш хуримтлал үүсгэж чадсангүй. Дараагийн наймаанд явахад хэрэг болох төдий л жаахан юм үлдээж, дансаа “нойллон” санаа амарна. Үүндээ, огтхон ч санаа зовохгүй. Харин ч ах дүүстэйгээ хуваах олзтой, найр наадам даах тэнхээтэй яваагаа хүн болсны хэрэг гэж үзэн аз жаргалаар бялхана.

Хааяа Улаанбаатар орж ирэхдээ надад дор хаяж нэг хонины махтай ирнэ. Гэвч хотын надад хонины гулууз буюу “Давхиж явахад нь хөлдөөсөн” махыг гэсгээж, эвдэх нь үнэхээр түвэгтэй. Янз бүрийн шалтаг заасаар бэлгийг нь очиж авч амжилгүй өнгөрөөсөөр байгаад сүүлдээ больсон юм. Малыг “давхиж явахад нь хөлдөөсөн” гэдэг үг ийм учиртай юм. Нэг хүүхэд аав руугаа утасдан хөдөөнөөс мах ирүүлсэн тухай дуулгаж. Эцэг нь ямар мах хэмээн сонирхоход “Хонийг давхисан чигээр нь хөлдөөсөн мах” гэж тайлбарласнаас дээрх нэршил үүссэн юм. Хонийг монгол аргаас төхөөрөөд, өлгөөтэй хөлдөөхөд дөрвөн мөч нь сарвайн, үнэхээр ч давхиж яваа байдлыг хадгалсан мэт харагддаг билээ.

Он жилүүд улирсаар, монголчуудын бэл бэнчин ч зузааран, наадмыг тэтгэх ханш, хандивын хэмжээ ч өслөө. Үл хөдлөх болон бусад салбарт бизнес эрхлэгч нар хөдөө нутгаас төрөн гарч, жирийн нэг наймаачин жолооч найр наадам зохион байгуулагч нарт сонин байхаа болив. Яг үүнтэй давхацсан мөнөөх ах хүү маань хэцүү нэртэй, хүнд өвчин туслаа. Түүнд хурааж үлдээсэн юм юу байсангүй, гаргаж ирээд эмчилгээндээ хэрэглэх хадгаламж байсангүй. Ингээд орон сууц, унаа машинаа зарж эмчилгээнд явлаа. Эмчилгээ түүний өвчнийг хөнгөвчлөх болохоос эдгээхгүй гэдгийг гадарлах ч хүний итгэл найдвар ямар тасрах биш дээ.

Бодох, дурсахаас өөр юмгүй болсон үедээ нэг удаа арваад жилийн дотор олоод тараасан хөрөнгөө бүдүүвчлэн тооцоолж үзэхэд сая долларт дөхөж байсан гэж хуучилсан юм. Гэхдээ тэр өөрийгөө сайхан амьдарсан, тараасан түгээсэн бүхнээ зөв үйл байсан гэж үзсээр хорвоог орхин одсон бөлгөө.

Ах дүүсийнхээ өмнө, тал нутгийн бяцхан сумынхаа өмнө тэрээр буянтан гэхээсээ илүү зүгээр л үүргээ биелүүлсэн нэгэн байв. Иймээс хүнд өвчтэй байх үед нь түүнд өөрийгөө өртэй гэж үзэх, өмнөөс нь ядаж л сайхан сэтгэлийн хариу барих үүрэгтэйд тооцох хүн тун цөөхөн байсан гэдэг.

Монгол орны зах зээлийн “Ганзагын наймааны алтан үе”-д төрсөн мянга мянган наймаачин олсон бүхнээ зүгээр л хувааж тараасаар байгаад дууссан юм. Эрх мэдэл, нэр алдрын хүчээр хувьчлалд оролцон томхон ашиг хүртсэн “хоньчин-сэхээтнүүд” ч яг тэдний түүхийг давтсан байдаг. Тухайлбал, хожмоо улстөрч болсон алдартай бөхчин нэгэн бээр бүтэн сангийн аж ахуй, дээр нь гурил-тэжээлийн үйлдвэр хувьчилж аваад юу ч болгоогүй, зүгээр л зарж болохоос нь зараад үрээд дуусгасан байх жишээний…

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 13-нд болох үйл явдлууд

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт НЦУГ-т Монгол банк, Монголын банкны холбоо, Мөрдөн байцаах албанаас “Ятгах тусам нягтал” аяны талаар мэдээлнэ.

11.00 цагт НДЕГ-аас өөрийн байрандаа энэ оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг танилцуулна. Утас: 99070054

12.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

14.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс олон нийтэд 2019 оны ажлын тайлангаа танилцуулна. Утас: 99186496

Төрийн ордонд

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бат-Амгалан: “Single ladies” цувралыг түүхэн ангиар төгсгөх санаа надад ч сонин байсан


Ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Sin­gle ladies” кино цувралын дөрөв дэх ангийг ирэх сарын 2-нд олон нийтийн хүртээл болгох гэж байна. Энэ удаагийн цуврал Монгол түүхийн 13 дугаар зууны үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан “Эхлэл ба төгсгөл” нэртэйгээр бүтээгдэж байгаа аж. Киноны найруулагч, зохиолч Л.Бат-Амгалан, хөгжмийн зохиол дээр ажилласан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нартай ярилцлаа.


-Энэ удаагийн анги өмнөх гурван ангиас өөр цаг үед өрнөхийг бид трейлерээс харж байна. 13 дугаар зууны үеийн ганц бие бүсгүйчүүдийн амьдрал ямар байх нь их сонирхол татаж байна. Киноныхоо талаар яриач?

-Би энэ төсөл дээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас орж ирсэн. Ундармаа эгч өнгөрсөн жилийн энэ үеэс киноны ажилдаа орсон юм билээ. Тэр үеэс л киногоо түүхэн болгоно гээд төлөвлөөд байсан гэсэн. Зохиолыг нь зохиолч Эмүжин бичсэн байсан. Би анх орж ирэхдээ “Single ladies”-ийг түүхэн болгоно гэхэд гайхаж байсан. Тиймээс зохиолыг нь кино зохиол болгож дахиж бичье гээд бичиж эхэлсэн. Хоёр сар хагасын хугацаанд кино зохиолоо дуусгаад наймдугаар сарын 1-нээс зураг авалтаа эхлүүлсэн. Хөдөө хоёр сар зураг авалт үргэлжилсэн. Дараа нь өвлийн зураг, гадаадад зураг авах ажил үргэлжлээд саяхан дууслаа. Киноны эвлүүлэг зураг авалттай зэрэгцэж явж байсан. Одоо бол хөгжим график өнгө гэсэн гүйцэтгэлийн хөгжүүлэлт хийгдэж байна. Киноны агуулгын хувьд өмнөх ангиудыг бол үзэгчид мэднэ. Ганц бие эмэгтэйчүүдийн баяртай, жаргалтай, гунигтай, хөгжилтэй өдөр тутмын ахуйлаг асуудлыг хөндсөн байсан. Харин энэ удаагийн анги түүхэн үйл явдлыг харуулна. Нэгэнт түүхэн кино болгож байгаагийн хувьд жанр, агуулгын хувьд бүх юмыг нь ахиулж дэвшүүлмээр байна гэж Ундармаа эгч хэлсэн. Тэр нь ч надад таалагдсан. Тиймээс өмнөх “Single ladies”-ийн хэв маягийг алдагдуулахгүйгээр дээрээс нь илүү драмлаг, гүн гүнзгий агуулгатай болгоод эмэгтэй хүмүүсийн ганц бие амьдралыг 13 дугаар зууны хэв маягаар харуулахыг хичээсэн.

-Аливаа уран бүтээлд өнөөдрийнхөө нийгэм, хэв маягийг харуулахад илүү дөхөм. Харин аль 13 дугаар зууны дайн дажинтай үеийн Монголд ганц бие эмэгтэйчүүдийн амьдралыг харуулна гэдэг эрсдэлтэй алхам байж мэдэх. Тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэв маягаас эхлээд зөв харуулж чадахгүй бол элэг доог болж мэдэх. Ялангуяа ганц бие эмэгтэйчүүдийн асуудал яаж дүрслэгдэх бол?

-Одоо л бид эмэгтэйчүүдийн эрх, жендер гэж ярьж байгаагаас 13 дугаар зууны үед, Чингис хаан харин ч илүү оюун санааны хувьд глобалчлагдсан, даяарчлагдсан хүн байсан нь судалгаа, баримтууд харуулдаг. Тухайн үед ухаантай зоригтой шийдэмгий хатад олон байсныг монголчууд мэднэ. Тэгэхээр тэр үед ч эмэгтэйчүүдийн манлайлал байсан байна. Тэр манлайлал дээр нь үндэслээд энэ киногоо бүтээсэн. Тухайн үед хэрэв байсан бол яах байсан бэ гэдэг талаас нь авч хийсэн. Кинон дээрээс Персүүд буюу тухайн үеийн гадны түүх соёлыг эмэгтэйчүүдээр төлөөлүүлж харуулна. Мэдээж киногоо детальчлаад ярьчихвал хамгийн гоё хэсгийг задалчих гээд байна. 13 дугаар зууны үеийг яаж харуулах тухайд нэлээд сайн бодож байж, сайн шийдлүүд олж хийж чадсан. Түүнийг үзэгчид кинон дээрээс үзсэн дээр нь болов уу.

-Киноны зураг авалтууд хаана хийгдсэн бэ?

-Дундговьд ихэнх зураг авалт явагдсан. Сүүлд нь Төв аймгийн Бүрэнгийн элсэн дээр хэсэг зургаа авсан. Гадаад зургийн хувьд бид Иран, Пакистан явж амжихгүй байсан учраас хамгийн боломжит газар нь Турк байсан.

-Гол дүрийн жүжигчид хуучнаараа биз дээ?

-Гол дүрүүд нэмэгдсэн. Үндсэн гурван жүжигчин дээр нь нэмж гурван жүжигчин орж ирсэн байгаа.

-Энэ цувралын гол утга ганц бие бүсгүйчүүд хань ижилтэй болохыг мөрөөддөг. Тэд 13 дугаар зуунд очихдоо энэ хүслээ биелүүлэх үү?

-Киноны үндсэн зорилго бол тэр. Гэхдээ кинон дээр яаж эргэх нь вэ, бүсгүйчүүд ямар адал явдал туулж ямар хүмүүстэй учирч танилцахыг киноноос үзээрэй гэж хэлье.

-Утга зохиолын судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь монгол киноны талаар бичсэн шүүмжид сүүлийн үеийн кино урлагт эмэгтэй хүнийг дорд байдлаар харуулах явдал гаарч байна. Кино болгонд эмэгтэй хүнийг эрх мэдэлгүй, мөнгө шүтсэн, мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй, биеэ үнэлдэг, гэр бүл үймүүлдэг байдлаар харуулах болж гээд “Single ladies” цувралыг эш татаж байсан. Та кино найруулагчийн хувьд энэ тал дээр ямар саналтай байна?

-Монгол кинонд эмэгтэйчүүдийг дүрслэх байдлыг тэгж боддог байсан үзэгч “Single ladies”-ийн хамгийн сүүлчийн энэ ангийг ирж үзээрэй. Та бүхний харах өнцөг, сэтгэгдлийг бүрэн өөрчлөх болно гэдгийг амлая гэж найруулагчийн хувьд хэлмээр байна.

-Кино багийнхан олон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан гэсэн. Гадаадын мэргэжилтнүүд ажиллав уу?

-Киногоо бүтээлийн түвшинд аваачъя гэсэн продюсерын чин хүсэл байсан. Тийм учраас бас шинэ баг шинэ хүмүүсийг сонгосон болов уу. 200 орчим хүний баг ажиллалаа. Энэ бүтээл дээр Англиас өөрийнхөө хамтарч ажилладаг англи зураглаачийг авчирч зургийг нь авахуулсан. Мөн киноныхоо дүрсийг чанартай байлгах үүднээс гадааадаас хоёр ширхэг ari камер түрээсэлж авсан байгаа. Дээр нь Англиас маш сайн дууны техникч операторууд ирж ажилласан гэх мэт онцлог зүйлс их бий.

-Та өөрийнхөө өмнөх уран бүтээлээс танилцуулаач?

-Би өмнө нь богино хэмжээний зургаан кино хийсэн. Түүнээс хоёр нь олон улсад маш амжилттай явж, олон улсын шагнал хүртэж байсан. Шагналынхаа тэтгэлгээр “Од ба гэгээ” гэж орчин үеийн залуусын тухай уран сайхны кино хийсэн. Тэр кино маань олон улсын пестивальд нэлээд сайн явж амжилт олсон. Уран бүтээлчдэд их хүрсэн байна лээ. 2019 оны шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан. Ундармаа эгч тэр киног маань үзчихээд надад санал тавьсан. Тэгж би энэ кинон дээр ажиллах болсон.

Т.СЭР-ОД: БИ ЭНЭКИНОНД ЗОРИУЛЖ КИНОНЫ ХӨГЖИМ БҮТЭЭДЭГ, ҮЙЛДВЭРЛЭДЭГТУРШЛАГА ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН 17 КУРСИЙГ СУДАЛСАН

-“Single ladies-4” таны энэ оны анхны уран бүтээл болж байна уу. Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн онд би нэлээд бүтээлүүд дээр ажиллалаа. Намайг хүмүүс ямар дууны бүтээл хийв гэж асуугаад байдаг. 2019 онд хөгжмийн уран бүтээл дээр түлхүү ажилласан. Жишээ нь, 2019 оны долдугаар сард Хотгойд хурдын гэрлэн шувууны хөгжмийг хариуцаж хийлээ. Мөн Сүхбаатар аймагт Халхголын түүхт ойд зориулж тавигдсан Чимид гуайн “Маш нууц” жүжгийн хөгжим дээр ажиллалаа. Нөгөө нэг том ажил нь “Single ladie-4”-ийн хөгжмийн зохиол байна.

-Монголын түүхэн цаг үед эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн уран бүтээлд ямар хөгжмийн найруулгыг хийхийг зорив?

-13 дугаар зуун бол манай Монголын хөгжмийн чухал он цагтай давхцаж орж ирдэг. 13 дугаар зуун Их эзэн Чингис хааны санаачилгаар бүтээгдсэн, сүүлд их таван хааны үе залгамжилсан бодлогын үр дүнд, хожуу Хубилай хааны үед Юань гүрэнд төрийн ордны 500, 600 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн найрал үүсч байсан түүхэн баримт байдаг. Тийм үеийн тухай бид өнөөдрийн цаг үеэс яаж дуугарах ёстой вэ, хөгжмийн хэлэнд юу байх ёстойг чухлаар авч үзэх ёстой. Нөгөө талаар киноны үйл явдал Персэд болж өрнөж байгаа. Одоогийн Ираны газар нутаг гэсэн үг. 13 дугаар зууны монгол хөгжим өөрөө Персийн хөгжимтэй бас холбоотой байдаг. Миний багш урлаг судлалын ухааны доктор профессор, төрийн шагналт хөгжмийн зохиолч Соронзонболдын “Монголын хөгжим 13 дугаар зуун” гэдэг номон дээр эш татсан мэдээ баримтуудын ихэнх нь Персийн олдвороос үүдэлтэй хөгжмийн эх срувалжууд явдаг юм. Энэ киноны хөгжим дээр ажиллана гэдэг нэг талаар ахиад том судалгааны талбар дээр цагаа зарцуулсан гэсэн үг. Одоо бол гүйцэтгэлийн ажил үргэлжилж байна. Бид бас нэг зүйлийг чухалчилж харж байна. Аливаа бүтээл хийнэ гэдэг судалгаа баримт дээр ямар нэг хэмжээгээр уран сайхны янз бүрийн аргачлал хөгжүүлж болно. Түүн дотор байгаа эх үндэс, угшил нь алдагдаж болохгүй гэдэг зарчим дээр киноны тэргүүлэх түвшний уран бүтээлчид барьж ажилласан.

-Хөгжмийн ямар төрлийн жанр энэ кинон дээр голлох вэ?

-Кинонд зориулсан хөгжим гэдэг ойлголт энэ бүгдийг тодорхойлж өгөх ёстой. Кинонд зориулсан хөгжим тэнд чимэглэлийн үүрэг гүйцэтгэх гэхээс илүү тухайн киноны зохиомжийг хөгжмийн хэлээр ярих тухай юм. Хөгжим өөрөө бас нэг дүрийн шугам болж явах ёстой. Хөгжмийнхөө жанрын хувьд туульсын жанрыг суурь болгож авч явахыг гол шугам болгосон. Тэр нь ч аль, аль тал дээрээ тохиромжтой. Эмэгтэйлэг, баатарлаг санаа сэдэл талаасаа ч тэр.

-Таныг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг гэж найруулагч онцолж байсан. Энэ цаг үед хөгжмийн салбараас та юуг онцолж байна?

-Хамгийн түрүүнд яригдах гол асуудал энэ. Бидний өнөөдрийн бүхий л салбар дээр яриад байгаа инновацийн санаа энэ юм. Тиймээс орчин үеийн хөгжмийн зохиомжийн техник, эсвэл тухайн багаж хэрэгсэл их өөр болсон. Үүнийг hardware, software-ийн аль аль түвшинд хэрэглэгдэг болсон. Маш олон боломжууд нээгдсэн. Тэр бүгдийг өнөөдөр хийж байгаа ажилдаа тусгаж оруулах ёстой. Би энэ кинондоо зөвхөн киноны хөгжим бүтээдэг, үйлдвэрлэдэг туршлага дээр үндэслэгдсэн 17 курсийг судалсан. Энэ бол бидний хувьд бүтээлдээ тавих анхаарал, халамж, хариуцлага, хандлага юм. Сайн бүтээл хийж ард түмний сонорыг мялаах, сайхан бүтээл туурвих гэдэг хувь хүнээс чамгүй сэтгэл зүтгэл шаарддаг. Энэ бүхнийг ганц авьяас, мэдлэг, боловсрол шийдэхээс гадна хамгийн гол нь ёс суртахуун, үйл ажиллагааны сахилга батыг барьж явах шаардлага гардаг. Бас нэг олзуурхууштай зүйл бол энэ бүтээл дээр залуучуудтай ажиллаж байна. Шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой, үзэл санаа, ертөнцийг харж, сонсч эрч хүч авч байна даа.

Б.ЭНХЗАЯА