Categories
гадаад мэдээ

Иранд осолдсон онгоцыг “санамсаргүй” сөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Өнгөрсөн долоо хоногт Иранд Украины зорчигч тээврийн онгоц халдлагад өртөж сүйрсэн. Онгоцонд хөлгийн багийн есөн гишүүнээс гадна 167 зорчигч байсан агаад бүгд амиа алдсан билээ. Амь үрэгдэгсдийн 83 нь Ираны иргэд, иран гаралтай Канадын 63 иргэн байжээ. Онгоц сүйрэхээс хэдэн цагийн өмнө Иракийн нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын цэргийн бааз руу Иран бөмбөгдсөн тухай мэдээ цацагдсан. “Энэ нь Ираны генерал Сулейманы амийг хөнөөсний хариу” гэж Ираны тал мэдэгдсэн юм.

Украины зорчигч тээврийн онгоц осолдсоны хариуцлагыг Ираны зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус бямба гаригт албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тус улсын зэвсэгт хүчин Украины онгоцыг далавчит пуужинтай андуурч сөнөөсөн хэмээн тайлбарласан юм.

Үйл явдлыг эргэн санахад, өнгөрсөн лхагва гаригт Тегеран дахь нисэх онгоцны буудлаас Киевийг чиглэн хөөрсөн Украины зорчигч тээврийн “Боинг” онгоц хоёр минутын дараа сүйрсэн. Эхэндээ онгоцны хөдөлгүүрт саатал гарсан гэсэн таамгийг дэвшүүлж байв. Гэвч хожим онгоцыг “санамсаргүй” сөнөөснийг Ираны эрх баригчид ийн хүлээн зөвшөөрчээ.

ЖАГСАГЧИД ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭ ОГЦРОХЫГ ШААРДАВ

Тегеран хотноо байрлах Иран улсын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Амир Кабирын нэрэмжит Технологийн их сургуулийн байрны өмнө олныг хамарсан жагсаал болжээ. Жагсагчид Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеиг огцрохыг шаардсан байна. Тэд “Ерөнхий командлагч огцор!”, “Огцрох хангалтгүй, шүүх хэрэгтэй” гэж хашгирцгааж байсан гэнэ. Ираны хэвлэлд мэдээлснээр, Украины онгоцны ослоор энэ сургуулийн арваад төгсөгч амиа алдсан юм байна.

ИХ БРИТАНИЙН ЭЛЧИН САЙДЫГ СААТУУЛСАН БАЙНА

Ираны нийслэл хотод болсон жагсаалын үеэр тус улсад суугаа Их Британийн Элчин сайдыг хэдэн цагийн турш саатуулсан байна. “Тегеран дахь манай Элчин сайдыг ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр баривчилсан нь олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Ираны эрх баригчид одоо салаа замын уулзвар дээр байна. Тэд улс төр, эдийн засгийн хувьд тусгаарлагдсан шоовдор улс гэх статусыг авах замаар явж болно. Эсвэл хурцадмал байдлыг намжаах алхам хийж, дипломат замаар замнаж болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн байна.

ЭРХ БАРИГЧДЫН ХАРИУ МЭДЭГДЭЛ

Засгийн газрын IRNA агентлагийн мэдээлснээр, аятолла аль Хаменеи нисэх онгоцыг осолдоход хүргэсэн хайхрамжгүй байдлыг мөрдөн шалгахыг тушаасан байна. Алдаа гарсныг нотлох баримт бий гэж аятолла Хаменеи мэдэгдээд, ийм явдал дахин гаргахгүй байх арга хэмжээ авахыг уриалжээ.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖЭЭ

Ираны олон нийтийн сүлжээг хэрэглэгчид эрх баригчдынхаа мэдэгдлийн дараа эл эмгэнэлт үйл явдалд цочирдсоноо, дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, “Та нарын алдаа санамсаргүй байсан. Эрх баригчид өөрсдийгөө хэрхэн зөвтгөхийг ойлгоход хэцүү байна. Учир нь тэд сүүлийн гурван өдөр бараг бүгд худлаа ярилаа” гэж Тегераны их сургуулийн профессор асан, Ираны улс төр судлаач Задех Зибакалам хэлжээ.

В.ЗЕЛЕНСКИЙ МЭДЭГДЭЛ ХИЙВ

Украины ерөнхийлөгч В.Зеленский Иранд осолдсон Украины онгоцны талаар мэдэгдэхдээ буруутай этгээдэд хатуу шийтгэл ногдуулахаа амлав. Дээрх хэргийн талаар В.Зеленский Ираны ерөнхийлөгчтэй утсаар холбогдон ярилцжээ. Украины төрийн тэргүүн мөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлж, Ираны талаас, даатгалын компаниуд болон агаарын тээврийн компаниудаас нөхөн төлбөр авахад туслахаа мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Б.Ариунбаяр, Н.Хэрлэн нар мөсөн авиралтын тивийн аварга болов

БНСУ-д болсон мөсөн авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг Ази тивийн АШТ-тэй хамтатган зохион байгуулж, Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд манай улсаас Олон улсын уулчдын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээн хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Золжаргалын удирдлагад ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, спортын дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, нэгдүгээр зэрэгтэй Ж.Сэдэд нар оролцсон юм.

Тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Ази тивийн аварга болов. Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноогоор хүрэл медаль хүртсэн бол спортын мастер Д.Отгонхүү VIII, спортын мастер Ч.Мандахбаяр 16 дугаар байрт шалгарсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өдөрт

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль зүйн тодорхой асуудлаар иргэдэд хүргэдэг энэ удаагийн мэдээллээ бид Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар хэсэгт заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй холбогдуулан бусдын нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Европын зарим улсад хэрхэн зохицуулдаг талаар бэлтгэлээ.


БУСДЫН НЭР ТӨРД ХАЛДАХ, ГҮТГЭХ

Үндсэн хуулийн эхийг баригч, гавъяат багш Б.Чимид агсны 85 насны ойг тохиолдуулан 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын эрдэмтэн, Праг хотын Чарльсийн их сургуулийн зочин багш, хууль зүйн ухааны доктор Мартин Паус оролцож “Ерөнхий сайдад эс итгэх конструктив санал хураалт” сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн билээ.

Доктор М.Паус бидний хүсэлтийн дагуу зарим сэдвийн хүрээнд товч мэдээлэл өгсний дотор Европын зарим улсад, тухайлбал Герман болон Чех улсад бусдыг гүтгэх, нэр төрд халдах үйлдэл хуулиар хэрхэн зохицуулагддаг тухай сэдэв хөндөгдсөн юм.

Дэлхий нийтэд цахим сүлжээ өргөжин тэлж, мэдээлэл солилцох нөхцөл бололцоо сайжрахын хэрээр бусдын нэр төрд халдсан мэдээлэл тараах тохиолдолболон боломж нэмэгдэж байгаа тул нэг талаас хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, нөгөө талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг зохистой харилцаанд байлгахын тулд хууль, эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох, шинэчлэх шаардлага тулгарч байна.

1. ХБНГУ

ХБНГУ-ын хувьд хууль, шүүхийн тогтолцоо харьцангуй тогтвортой байдаг. Иймд олон оронд хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа туршлагыг нь загвар болгон судалдаг. Тус улсад бусдын нэр төрд халдах үйлдлийг Эрүүгийн хуулиар дэлгэрэнгүй зохицуулж өгсөн байдаг байна.

Ингэхдээ энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхой, нарийн заагладаг байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлд заасан гүтгэх гэмт хэрэг нь нэр төрд халдсан мэдээлэл худал байх, зээлжих чадварт сөргөөр нөлөөлөх гэсэн хоёр бүрэлдэхүүнийг агуулж байдаг. Хэрэв тараасан мэдээлэл ху­дал гэдэг нь нотлогдох боломжгүй бол уг хуулийн 186 дугаар зүйлээр зүйлчлэгдэнэ. 186 болон 187 дугаар зүйлийн аль алины хувьд тухайн мэдээллийг нийтэд эсхүл хурал цуглаан дээр тараасан байх нь хүндрүүлэх нөхцөлд тооцогддог.

Энэ төрлийн үйлдэл нь Герман Улсад Эрүү­гийн хуулиар зохицуулагдаж, үйлдлийн төрлөөс хамааран 2-5 жил хүртэлх хорих ял эсхүл мөнгөн торгуулийн ял ногдуулахаар байна. Мөн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг тус улсын Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 2-ын хүрээнд гаргах боломжтой байдаг байна. Хугацааны хувьд хохирогч уг үйлдлийг олж тогтоосноос хойш гурван сарын дотор эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандаж болох бөгөөд хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гурван жилийн дотор гаргах боломжтой.

2. Бүгд найрамдах Чех улс

Чех улсын тухайд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалтыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон Иргэний хуульд тус тус заасан байна.

Тус улсын хуулиар гүтгэхүйлдлийг Эрүүгийн хуулийн 184 дүгээр зүйлээр зохицуулдаг. Харин хувь хүн, хуулийн этгээд эсхүл ганцаар аж ахуй эрхлэгчдийн зүгээс бусдыг доог тохуу болгосон, бусад хэлбэрээр бүдүүлгээр доромжлон нэр төрд халдсан үйлдэл нь нийгмийн хамтын амьдралд хор хохирол учруулж буй зөрчилд тооцогдон Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлээр хариуцлага хүлээдэг байна. Иргэний хуулийн 81 болон 135 дугаар зүйлээр хувь хүн болон хуулийн этгээдийн нэр хүндийг мөн хамгаалжээ. Нэр төрд халдсан хэрэг ийнхүү олон хуулиар зохицуулагдсан, эрүүгийн болон зөрчлийн хэргийн бүрэлдэхүүний нарийн зааг ялгаа дутагдалтайн улмаас эрх нь зөрчигдсөн этгээд эрхээ хамгаалуулахаар эрүүгийн болон иргэний шүүхэд дараалан хандан чирэгдэл үүсэх, ингэснээр шүүхийн ачаалал нэмэгдэх зэрэг сул тал ажиглагддаг гэж үздэг байна. (Иргэний хэргийн шүүхэд хохирогч өөрөө нотлох баримт бүрдүүлэх зарчим хэрэгждэг учир эхний ээлжид эрүүгийн шүүхэд хандан шаардлагатай нотлох баримтыг цагдаа, прокурорын байгууллагаар тогтоолгосны дараа хохирол нөхөн төлүү­лэхээр Иргэний хэргийн шүүхэд хандах тактик хэрэглэх болсноос эрүүгийн шүүхийн ачаалал ихэсчээ.)

Чех улсын Эрүүгийн хуулийн 184-р зүйлд заасан гүтгэх гэмт хэрэгт нэг жил хүртэл, хүндрүүлэх нөхцөлд хоёр жил хүртэл хорих ял оногдуулахаар заажээ. Гэхдээ энэ улсын эрүүгийн эрх зүйн нэг онцлог нь тав хүртэлх жилийн хорих ял оноохоор заасан гэмт хэрэгт ноцтой гэж үзсэн тохиолдолд хорих ялыг оногдуулдаг бол бусад тохиолдолд Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлд заасан бусад ялыг, тухайлбал мөнгөн торгууль оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх зэргийг орлуулан хэрэглэж болохоор зохицуулжээ. Хуулийн этгээдийн хувьд эрх зүйн байдлааалдах үр дагаварт хүрч болохоор заасан байдаг байна.

Сүүлийн үеийн явагдаж буй хэлэлцүүлгээр гүтгэх үйлдлийг гэмт хэргийн ангиллаас хасаж иргэний болон зөрчлийн эрх зүйгээр зохицуулах санал олонтаа яригдаж байна.

Нөгөө талаас энэ зүйл заалтыг Эрүүгийн хуульд үлдээсэн шалтгааныг Чехийн Үндсэн эрхийн харти дахь 10 болон 17 дугаар зүйлүүдээр тайлбарладаг. Тус хуулийн 10 дугаар зүйлд хүний нэр төр, алдархүндийг хамгаалах, хувийн амьдралд нь хууль бусаар халдах, хувийн мэдээллийг нь хууль бусаар цуглуулах, нийтлэх, тухайн хүний эсрэг ашиглахаас хамгаалах тухай заасан байдаг бол 17 дугаар зүйлд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах болон хэвлэн мэдээлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Ийм ч учраас ардчилсан шилжилтийн үеэс нээлттэй болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах болон хэвлэн мэдээлэх эрхийг хэтийдүүлэхгүйн үүднээс 2009 оны Эрүүгийн хуулийн шинэчлэлээр ч 184-р зүйлд заасан гүтгэх гэмт хэргийг хэвээр үлдээсэн байна.

3. Бусад улсын жишээнээс:

Олон улсын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан Европын Холбооны гишүүн орнууд мөн гишүүнээр элсэх хүсэлт гаргасан орнуудын холбогдохзохицуулалтуудыг харьцуулсанOUT OF BALANCE Defamation Law in the European Union (http://legaldb.freemedia.at/wp-content/uploads/2015/05/IPI-OutofBalance-Final-Jan2015.pdf) 2015 оны судалгаанднийт33 орон хамрагджээ. Үүний 23-т нь бусдыг гүтгэх нь гэмт хэрэгт тооцогддог ба Болгар, Хорват, Францаас бусад 20 оронд уг гэмт хэрэгт тодорхой тохиолдолд дунджаар хоёр жил хүртэл хорих ял оноох зохицуулалттай байна. 2010-2015 онд Ирланд, Македон, Moнтенегро, Румын,Их Британи гэсэн таван орон гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн ангиллаас халсан; Латви, Польш, Серби зэрэг улс энэ чиглэлд өөрчлөлт хийж байгаа; Итали, Литва улсууд Эрүүгийн хуулийнхаа хүрээнд зохи­цуулалтыг сайжруулахаар ажиллаж байгааг дурджээ.

Уг судалгаанаас үзэхэд Европын холбооны ихэнх орон, тэр дундаа Австри, Швейцар, Герман, Франц зэрэг эрх зүйн систем өндөр хөгжсөн орнуудад нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулсан байдаг байна. Харинманай орны адил ардчиллыг шинэ тутамд хөгжүүлж буй шилжилтийн орнуудад голдуу тус заалтыг эрүүгийн хуулиас хасан иргэний болон захиргааны зөрчлийн тухай хуулиар зохицуулах практик ажиглагдаж байгаа юм.

Гүтгэх үйлдэл нь манай улсад Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах болсноор энэ төрлийн зөрчлийн тоо ихэссэн, тухайлбал сэтгүүлчид олон дахин мөнгөн торгууль төлөх тохиолдол гарснаас үүдэн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, хэвлэлийн эрх чөлөө боомилогдоход хүрч байгаа талаар яригдах болсон. Бусдын нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд зохицуулснаар хуулийн байгууллага хянан шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, ингэснээр талуудын эрх ашгийг хамгаалах боломж илүү бүрдэнэ гэж үзэх нь бий.

Сонирхуулахад ОХУ-д гүтгэх үйлдлийг 2011 онд Эрүүгийн хуулиас хасан захиргааны зөрчил шалган шийдвэрлэх журмаар хянах болсон ч жил хүрэхгүй хугацаанд Эрүүгийн хуульд буцаан оруулжээ.

Манай орны тухайд энэ тал дээр бусад орны туршлагыгхарьцуулансайтар судлаж, мэргэжлийн түвшинд дүгнэлт хийн зохистой шийдэлд хүрэх шаардлага тулгараад байна.

Web: https://mongolia.hss.de/mn

Facebook: https://www.facebook.com/HSFMongolia

Categories
мэдээ нийгэм

​Булган аймгийн нутагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.5 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Аймгийн төвөөс баруун урд зүгт 60 километрт орших “Наран” гэдэг газар өчигдөр 09:44 цагт 3.5 магнитутын хүчтэй /Ө-48023’60’’ У-103005’60’’/ газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын арга хэмжээний эхэнд Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнах тухай” 07 тоот захирамжийг уншиж сонордуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ын 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнахаар шийдвэрлэсэн байна.

Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нь ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.

Шагналын өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль батлагдсан энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналыг олгодог уламжлалтай. Өнөөдөр энэ шагналыг зургаа дахь удаагаа хүртээж байна. Одоогоос 28 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ хуулиар манай оронд ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон. Ардчилсан хэмээх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар Бяраагийн Чимид гуай ажиллаж, төр түмнийхээ өмнө түүхэн гавъяа байгуулсан.

Тиймээс түүний хөдөлмөр зүтгэл, алдар гавъяаг мөнхжүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламет судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжихээр энэхүү нэрэмжит шагналыг Монгол Улсын Их Хурлаас бий болгосон. Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс 2020 оны шагналыг академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад олгох шийдвэр гаргаад байна. Тэрбээр 44 жил хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикын ажил эрхэлж, олон тооны шилдэг бүтээл туурвисан, Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад гар бие оролцож, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан, манай нэрт эрдэмтдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Амарсанаагийн туурвисан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүд Үндсэн хуульт ёсны үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судлалыг хөгжүүлэх, парламентат ёс, үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байна. Танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, бүтээл туурвил, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Дараа нь академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Юуны өмнө, Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танаа талархаж буйгаа хэлье. Түүнчлэн энэ танхимд хүрэлцэн ирсэн Б.Чимид багшийн гэр бүл, шавь нар, хамтран зүтгэж байсан Та бүгддээ баярлалаа. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага дор, зөвлөмжөөр нь олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд надад байнга зөвлөж, чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл, профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар тус тус хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

ҮСХ-ны Даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэж, баталсан. Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.

Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Зүүн бүсэд 14.1 (7.5%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.7 (6.6%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.8 (6.1%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөг, Улаанбаатар хотод 12.1 (5.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Бүсүүдийн амьжиргааны доод түвшинг хооронд нь харьцуулахад Улаанбаатар хотод хамгийн өндөр, дараа нь Хангай, Баруун, Зүүн, Төвийн бүс дараалсан эрэмбэ үүсч байна.

Улаанбаатар хот 230000 төгрөг
Хангайн бүс 206000 төгрөг
Баруун бүс 203400 төгрөг
Зүүн бүс 201700 төгрөг
Төвийн бүс 198300 төгрөг

Categories
мэдээ спорт

Бүргэдүүд баг D лигийн аваргаар шалгарлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг D лигийн 2019 оны аваргаар Э.Мижиддорж ахлагчтай ИЗОУИС Eagles /Бүргэдүүд/ баг тодорлоо.

Тус баг Н.Ням-Осор эзэнтэй бөгөөд Т.Шагдаржав менежер болон Б.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлага дор ийнхүү өндөр амжилт гаргасан байна. Энэ жилийн D лигийн шигшээ шатанд ИЗОУИС Eagles баг болон Хэнтий ЭБЭГ багууд тааран тоглож, 89:78-аар ИЗОУИС Eagles баг хожин, D лигийн анхны аваргын цомыг гардан авлаа.

Тус шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор ИЗОУИС Бүргэдүүд багийн тоглогч А.Батхуяг тодров. Харин А.Энхбаатар эзэнтэй, Б.Дожоодорж дасгалжуулагчтай, Г.Дамдинжав ахлагчтай Хэнтий ЭБЭГ баг сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медалийн эзэд болов.

Categories
мэдээ спорт

Монгол тамирчин түрүүллээ

Энэ сарын 12-ны ням гаригт Япон улсын Токио хотноо Кооракүэн боксын спортын ордонд Мэргэжлийн боксын бооцоот тулааны шигшээ тоглолт боллоо. Монголоос тамирчин Б.Төгөлдөр 65 кг-ийн жинд Доминака улсын тамирчин Дестино Жапонтай тулалдаж, тавдугаар үеийн тоглолтонд зүүн баруун гарын угсраа цохилтоор өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулснаар 3-0-ын шүүгчдийн дүнгээр ялалт байгууллаа. Тамирчин Б. Төгөлдөрийн хувьд мэргэжлийн боксын ренгинд хоёр дахь удаагийн хүч сорьсон тэмцээн боллоо. Тэрээр өөрийнхөө бүх хүч чадлаа дайчилж, гаргаж чадсангүй. Тэмцээн эхлэхийн өмнөхөн ханиад хүрсэн, урьдах тэмцээнд гартаа бэртэлт авсан зэрэг нөлөөллөө. Ер нь цаашид мэргэжлийн боксоор хүч сорих сонирхол бий хэмээн өгүүлэв. Энэ өдрийн тэмцээн нь бүх жин таван үеэр, гурван минутын хугацаатай журамтайгаар жин бүрт японы 500000 иэны шагналтай байв.

В.ДАВАА

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэл хийлээ. 2018-2019 оны хичээлийн жилд 20 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байсан бол одоо ганц сургуулиас бусад нь хоёр ээлжээр хичээллэж байна. Мөн Монгол улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сан зэргийг засварлах тухай аравдугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ эдгээрийн шинэчлэх нь эдийн засгийн хувьд боломжгүй хэмээн мэдэгдсэн энэ байр суурьтайгаа хэвээр байгаа 6 тэрбум төгрөг төсөвлөсөн үүндээ энэ байгууллагуудыг энэ ондоо багтааж засварлаж дуусгахаар төлөвлөж байгаа. Тус байгууллагуудтай энэ долоо хоногт уулзаж тоног төхөөрөмж, гэрэл гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай зүйлсийг асууж тодруулна.

Зарим сургуулиудийн олгосон диплом, ромбо нь хүчингүй байдаг. Иймээс улсын бүтргэлийн газар дээр бүртгэлтэй байгаа их, дээд сургууль гэсэн байгууллагуудыг шалгах хэрэгтэй. Хөдөлмөр нийгэм хамгаалын сайдад хандан МСҮТ-үүдын хөтөлбөрт багтаж байгаа цэцэрлэгийн туслах багш мөн боловсролын байгууллагын ажилтнуудыг бэлдэж байгаа нь буруу гэлээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Сүрьегийн нян караокены микрофоноор дамждаг

Нийслэл хотын хэмжээнд 3500 гаруй караоке үйл ажиллагаа явуулдаг. Харин эдгээрээс эрүүл ахуйн шаардлага хангасан караоке цөөхөн байгааг мэргэжлийн хяналтынхан анхааруулж буй юм. Эмч нарын хийсэн судалгааны үр дүнд хүний шүлс болон бусад олон төрлийн нянгаар бохирдсон караокены микрофон өвчлөл үүсэх шалтгаан болдог нь нотлогдсон байна. Олон улсын жишигт үйлчлэгч солигдох болгонд микрофоны нэг удаагийн хамгаалалтыг сольдог. Харин манай улсад ийм дадал одоогоор бий болоогүй байгаа юм.


У.ЧИНЗОРИГ