Categories
мэдээ нийгэм

Долоон сартай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж, галт тэргэнд нярайлжээ

Өнгөрсөн шөнө 00:23 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 43-р галт тэргэнд ээж, эгч нарын хамт гэр бүлээрээ зорчиж явсан Э.Энхнар гэдэг 7 сартай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эсэн мэнд төржээ. Уг эмэгтэйг өвдөж эхлэнгүүт вагоны үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар эмнэлэгт яаралтай мэдэгдэж, ойрын өртөөн дээрээс тосч авахуулах арга хэмжээ авсан байна. Гэсэн ч уг эмэгтэй эмнэлгийн тусламж авах завдалгүй төрөх болсон тул хүүхэд эх барьж байсан туршлагатай эмэгтэй зорчигчийг олж эсэн мэнд төрүүлсэн байна.

Эх охин хоёрыг эсэн мэнд төрүүлсэн ачтанг Ц.Ханддулам гэдэг аж. Ийнхүү анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсон залуухан ээжийг эх хүн болоход нь УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар халуун сэтгэлээр хандаж, төмөр замчны үүргээ нэр төртэй биелүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2019 онд хийгдсэн ажлын үр дүнгээ танилцууллаа

Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2019 онд хийгдсэн ажил болон хэрэгжүүлсэн аяны хүрээнд гарсан үр дүнгээ танилцууллаа.

Өнгөрсөн жил Хэсгийн байцаагч, хороон цагдаа, нийгмийн ажилтан нартай хамтран 63 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, Хэргийн газрын хамгаалалтад 114 удаа ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн 113 этгээдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн “Зогс! Шалга хулгайчид боломж бүү олго”,”Нэг цохилт хоёр амьдрал сүйтгэнэ” гэм мэт аян амжилттай хэрэгжүүлсэн. Эрүүл, аюулгүй нийгмийн төлөө хамтдаа төслийн хүрээнд байгаль орчноо хамгаалах, ой хээрийн гал түймэр, хууль бусаар мод бэлтгэх болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг хянах зэрэг үйл ажиллагаа явуулжээ. Мөн жилдээ 600 байсан залилах гэмт хэрэг 2019 онд 4600 болж өссөнтэй холбогдуулан “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлж эхлээд байна.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

Монгол Улсын Анхны ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсаны 28 жилийн ойн түүхт энэ өдөр “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид сан”-гаас хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү хурлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээн үг хэллээ.

Тэрбээр, “Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Шинэ Үндсэн хуулийг хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар хуулийн төслийг 75 хоног хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад баталсан түүхтэй.

Энэ удаагийн Улсын Их Хурал иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдынхаа санал, дүгнэлтэд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг бодит ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн юм. Улмаар улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна” гэлээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох өөрчлөлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдах учиртайг УИХ-ын дарга онцлоод тийм ч учир Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай“ Улсын Хурлын Их Хурлын тогтоолыг баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол нэг алхам. Одоо үүнийгээ амилуулж, бодитоор хэрэгжүүлэх ёстой хэмээсэн юм. Энэ хүрээнд:

Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг шинээр баталж, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болно гэлээ.

Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүтэй холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг болон холбогдох бусад хуулиудыг, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хариуцлагыг сайжруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Улсын Их Хурлын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг тэмдэглэсэн.

Улс төрийн намтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн, Засгийн газрыг эмхлэн байгуулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэх шаардлагатайг дурдсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаарх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуулийг шинэчлэн, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийг шинээр баталж, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой.

Шүүх, хуулийн байгууллага бол төрийн зэвсэг гэсэн хуучны ойлголт байдаг. Одоо бол тийм биш. Шүүх зөвхөн хуулийг дээдэлж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх хүний эрхийг баталгаатай хангаж, үйл ажиллагаа нь хариуцлага, ёс зүйд суурилах ёстой.

Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэн, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа.

Энэ өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд хот болох боломж бүрдэж байна. Сумд ч гэсэн тосгон суурин болж хөгжих үүд хаалга нээгдэнэ. Сумдад суурин газрын төлөвлөлтийн шинэ орчин бүрдэж эхэлсэн. Хотоос дутуугүй орчинд амьдрах шинэчлэлт 10 гаруй суманд хийгдэж байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх, тухайлбал Налайх, Багануур зэрэг дүүрэгт хотын статус олгох нь нийгмийн хөгжлийн эрэт хэрэгцээтэйгээ нийцэж байгаа гэж үзэж байна” гэлээ.

Эдгээр эрх зүйн шинэтгэлийг хийснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлал хэрэгжиж, парламентын ардчилал төлөвшин, ард түмний төрд итгэх итгэл нэмэгдэх, ард түмний засаглах эрхийг бодитоор хангах, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондын зааг ялгаа тодорхой болж, харилцан хяналт-тэнцэл сайжрах, Засгийн газрын тогтвортой байдал хангагдах, шүүх эрх мэдлийн чадавхи дээшилж, хүний эрх, эрх чөлөөний баталгаа сайжрах, нутгийн өөрийн удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээ тодорхой болж, бие даан хөгжих боломж бүрдэх, хот, тосгон төлөвшин хөгжих бодит нөхцөл хангагдана гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Эрдэнэбулган нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн юм.

Тэрбээр одоогоос 28 жилийн тэртээ, Монгол орны өнцөг булан бүрийн төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүдийн оюуны хүч, чадлаа дайчлан 2 сар гаруйн хугацаанд хуулийн зүйл нэг бүрээр хэлэлцэн баталсан Монгол Улсын Анхны ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсан түүхт өдрийн мэндийг өргөн дэвшүүлээд Шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Монгол Улс бүрэн эрхэт, тусгаар тогтносон ардчилсан Монгол Улс хэмээн нэгэнтээ хүлээн зөвшөөрөх томоохон баталгааг улам бэхжүүлсэн хэмээн онцоллоо.

Доктор Ж.Эрдэнэбулган, “Үндсэн хуулийн талаарх Олон улсын болон Үндэсний эрдэмтдийн хийсэн олон судалгааны дүнгээс үзвэл Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль өөрийн чадавхаа бүрэн шавхаагүйн дээр, одоо ч хүний эрх, эрх чөлөөг хангаж, баталгаажуулах, тэрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нийгэм, улс төрийн үүргээ бүрэн биелүүлж байна.

Тэгвэл 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их хурал өнгөрсөн 20 орчим жил нийгмийн бүх төвшинд хэлэлцэгдэн, зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр шүүгдсэн, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд хөндөгдөж ирсэн улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан парламентат ёсоо бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Монгол Улсын төрийн тэргүүн түүнийг нь нотлон баталгаажууллаа.

Энэ удаагийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 19 зүйл, 36 заалт бүхий нэмэлт, өөрчлөлт нь 1)1992 онд бидний хийсэн түүхэн сонголт болох Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх, улмаар ард түмний засаглах эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр, 2)Төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах үүднээс Гүйцэтгэх эрх мэдэл бодлогоо бүрэн тодорхойлж, хариуцлагаа үүрэх боломжийг хангах чиглэлээр, 3)Үндсэн хуулийн эдийн засгийн суурь ойлголт, байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, төрийн хамгаалалт байх зарчмыг тодруулах чиглэлээр, 4)Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр, 5)Төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн эдийн засаг, эрх зүйн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдсэн нь Монгол Улсын түүхэнд томоохонд тооцогдох үйл явдал болсныг харуулж байна” гэлээ.

Цаг хугацааны хувьд энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын эрх зүйн түүхийн цоо шинэ эрний эхэнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтойг тэрбээр дурдаад 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь бид бүхэнд шинэ мянганы хоёр дах гарааны эхэнд Монгол Улс бодитойгоор эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь томоохон шинэтгэлийг эхлүүлэн хэрэгжүүлэх бодит боломжийг олгож буйг өгүүлсэн.

Мөн хуралдаанд Академич, МУИС-ийн Эмерит профессор, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, “Монголын төрд нүүрлэж ирсэн ужигарсан гүн хямралыг үгүй болгох зорилгод 1992 оны Үндсэн хуульд энэ удаад оруулсан нэмэлт өөрчлөлт чиглэгдсэн билээ. Монголын нийгэмд нэлээдгүй их ажил үйлс, санал зөрөлдөөн, маргаан өрнөсний үр дүнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр дахь удаагийн нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдав. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэлнэ. Энэ учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг ягштал, нэг мөр хэрэгжүүлэх асуудал монголын нийгмийн хойшлуулшгүй бөгөөд нэн тулгамдсан зорилт болон тавигдаж байна. Энэ нь нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, хэлэлцэж батлахаас бүр ч илүү нарийн чимхлүүр, хариуцлагатай, нөр хичээнгүй ажил үйлсийг шаардаж байна” хэмээлээ.

УИХ-д суудал авсан гэх нэрийн дор эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрсан биегүй хий хоосон, сүүмгэр улс төрийн нам, бүлгийн хэрээс хэтэрсэн явцуу эрх ашиг нь Засгийн газруудын үйл ажиллагааг зогсоож, хүчгүйдүүлж, олон Засгийн газрыг түлхэн унагааж байсан. Улс төрийн нам хэмээсэн хаацайллын дор ёс суртахуунгүй, мэдлэг чадваргүй, тохиолдлын нэлээдгүй хүмүүс улс төрд шургалан, төрийн нэр хүндийг олон түмний дунд унагаж, төр улсын зохион байгуулалтыг үгүй болгож, эх орон, ард түмний төлөөх үүрэг хариуцлага, хүчин зүтгэлийг үгүй хийж, улсын сан хөмрөгөөс хумслах, бусармаг үйлд гаршиж ирсэнийг таслан зогсооход Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулга бүхэлдээ чиглэгдэж байна хэмээн доктор С.Нарангэрэл онцолсон.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлэх нь мэдлэг, туршлага, ур чадвар, алсын хараа, ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагдсан ажил үйлс болохыг нотлон харуулахын тулд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэмж оруулсан “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн заалтаар жишээ болгон тайлбарласан юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэх талаар үүссэн хоёрдмол утга, ойлгомжгүй байдлыг арилгах хууль ёсны арга зам нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, утга санааг гуйвуулахгүйгээр түүний зүйл, заалтыг зөв тайлбарлах явдал гэдгийг онцолж байлаа.

Эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжлэн явагдаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт, зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Тус мэдээллийн сан дахь хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй. Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавьлаа.

Хоёрдугаарт, төгрөгийн ханшийн сулралыг хэлэлцлээ. 2016 оны 8-р сард 1,800 төгрөг нэг ам.доллартай харьцаж байсан бол өнөөдрийн байдлаар 2,737 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 1,000 төгрөгөөр суларч, халаасандаа 10,000 төгрөгтэй байсан хүн 1,000 төгрөгөө, сая төгрөгийн цалинтай байсан хүн 100,000 төгрөгөө алдаж байгаа нь Монголбанк болон Засгийн газрын буруу бодлоготой шууд холбоотой гэж ШИНЭ намын зөвлөл үзлээ.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан 900 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийг хаахад зарцуулах шийдвэр ч гэсэн монгол төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай тул сэргийлэх арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагуудад сануулсан хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Зөвлөлийн дарга Л.Болд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад бэх нь хатаагүй байхад эхнээсээ хуулийн заалтыг уландаа гишгэж байгаад ШИНЭ нам харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал маш буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан боловч УИХ олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа. ШИНЭ нам зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа.

Хоёрдугаарт, зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь мөн Үндсэн хууль зөрчсөн явдал. Бас л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт, оройтож зарласан ч гэсэн маргааш нь Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн. Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, 3 сая төгрөгийг бэлнээр, 3 саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Академич Л.Болд Туркийн ШУА-ийн “Хүндэт гишүүн” боллоо

Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭШТА, шинжлэх ухааны доктор, профессор, академич Лувсандоржийн Болдыг 2019 оны 12 дугаар сарын 29-нд болсон Туркийн ШУА-ийн ерөнхий ассамблийн 56 дахь чуулганаар тус академийн “Хүндэт гишүүн”-ээр сонгосон байна. Энэ тухайд ирүүлсэн баярын албан захидалдаа Туркийн ШУА-ийн ерөнхийлөгч Музаффер Шекер хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам өргөжнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал хойшилжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21 дүгээр зүйл. Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т заасан зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж төдийлөн хомс

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанк, Монголын банкны холбоо болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба (МБА)хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал” аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зассан залилах гэмт хэрэг 2017 онд улсын хэмжээнд 2,996 бүртгэгдэж байсан бол 2018 онд 5,372, 2019 онд 7,821 болж огцом нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж байгаа аж.

Залилах гэмт хэргийг судлахад дийлэнх хувийг:

  • Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах түрээслэх нэрийн дор бусдыг залилах,
  • Гадаадад зорчих виз гаргаж өгнө хэмээн залилах,
  • Иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны хүмүүсээс яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа туслаач хэмээн залилах,
  • Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх зэргээр гар утсыг нь залилах
  • Хуурамч бичиг баримт ашиглан бусдын эд хөрөнгийг залилах,
  • Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргүүд эзэлж байгаа аж.

ЦЕГын МБАны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Ш.Баянмөнх: “Энэхүү аяны хүрээнд бид иргэдийн хандлагыг өөрчилж, тэдэнд эрх зүйн мэдээлэл өгөх зорилготой. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна.

Нөгөө талаар аливаа гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэрэмжлүүлэх нь цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл. Иймд “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлж, иргэдээ гэмт хэргээс сэргийлэхийг зорьж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Дэлхий нийтээр сүлжээний гэмт хэрэгт залилуулдаг байдал зогссон. Гэтэл манай иргэд залилах гэмт хэргийн үйлдлийг мэддэггүйгээс болж, богино хугацаанд мөнгө өсгөх боломжтой гэж итгэн, санхүүгээрээ хохирдог тохиолдол буурахгүй байгаа. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж төдийлөн хомс. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь хоёр хүний эсвэл хоёр байгууллагын харилцааны явцад үйлдэгддэг. Тиймээс тухайн иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтой.

Түүнээс гадна иргэдийн дунд амьд бус харилцаа хэвшмэл болжээ. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр “Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч” гэхэд нь өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.

Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байна. Мэдээллийг нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой” гэдгийг нэмж хэлэв.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Санхүүгийн үйлчилгээ дижитал, онлайн хэлбэр лүү орсон. Иймд бид харилцагчдыг өөрийнхөө интернэт банкны нууц аюулгүй байдлыг хангах шаардлагыг өндөр тавьж байгаа.

Банкны харилцагчийн мэдээлэл зөвхөн тухайн иргэнд өөрт нь байх ёстой бөгөөд байнга шинэчлэх хэрэгтэй” гэв.

Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан крипто валютын талаар “Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм.

Харин биткойн зэрэг крипто валют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Крипто валют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг.

Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй” гэж анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Тайванийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Тайваньд өнгөрсөн бямба гаригт парламентын болон засаг захиргааны тэргүүний сонгууль болж өндөрлөжээ. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр эх газрын Хятадад ойртох бодлогыг эсэргүүцэгч, Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам энэ удаад дахин ялалт байгуулсан байна. Тухайлбал, эрх баригч нам парламентын 113 суудлаас 61 мандаттай болов. Өмнөх сонгуулиар тус нам 68 суудал авч байжээ. Сөрөг хүчин гэгдэх Гоминдан намынхан суудлын тоогоо гурваар нэмэгдүүлж, нийт 38 мандаттай болсон байна. Түүнчлэн таван суудлыг Тайбэй хотын дарга Кэ Вэнжэгийн байгуулсан Тайванийн Ардын нам авчээ. “Шинэ хүч” нам гурван мандат, “Тайванийн төрийн байгууллалтын нам”, “Нам бус эв санааны нэгдэл” нь тус тусдаа нэг нэг суудал авчээ. Парламентын энэ удаагийн сонгуульд 43 намаас 650 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүнтэй зэрэгцэж явагдсан Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд одоогийн тэргүүн Цай Инвэнь ялалт байгуулжээ. Тэрбээр энх тайван, эрх тэгш байдал, ардчилал болон яриа хэлэлцээ урт хугацааны тогтвортой хөгжил, сөргөлдөөн асуудлыг шийдвэрлэхэд гол түлхүүр гэдгийг Бээжингийн удирдагчдад хандан сануулсан байна. Цай Инвэнь найман сая гаруй сонгогчийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч, Үндэстэн намын нэр дэвшигч Хань Гоюй 5.5 сая санал авч удаалжээ. Ажиглагчдын онцолсноор Тайвань, Хятадын харилцааны асуудал нь сонгуулийн үр дүнд гол нөлөө үзүүлсэн гэсэн байна.

Цай Инвэнь Тайванийг ирэх дөрвөн жилд удирдахаар болж байна. Тайванийн парламентын шинэ гишүүд хоёрдугаар сарын 1-нд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм байна. Харин Тайванийн засаг захиргааны тэргүүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 20-нд болох юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан тооцооллоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан бөгөөд энэ нь Монгол Улсад ядуурал их байгааг илтгэхээс гадна эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмж муутай байгааг харуулж буй явдал хэмээн талууд дүгнэлээ.

“Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ололттой, ахицтай ажилласан нь нүүдлийг зогсоох, орон нутгийн хөгжлийг дэмжсэн. Гэвч малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь ядуурлыг илүү хурдан бууруулна” гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд, зарим төсөл хөтөлбөрүүдийг хатагтай Виктория Квавкад дэлгэрэнгүй танилцуулав.

180 мянга гаруй малчин өрхийн орлогын эх үүсвэр болсон мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортод гаргах төслүүдийн ТЭЗҮ хийгдэж, зарим бүтээгдэхүүнийг туршилтаар экспортод гаргах ажил эхэлсэн нь Дэлхийн банкны сонирхлыг татаж байгааг хатагтай Виктория Квавка хэллээ. Улмаар төслүүдтэй танилцах ажлыг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт даалгаж, одоогийн хэрэгжиж буй төслүүдтэй уялдуулах, бүс нутгийн хэмжээнд хэрэгжих төслүүдийг тухайн бүс нутагт суугаа Дэлхийн банкны захирлуудтай ярилцаж дэмжих асуудлаар идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд 2020-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн цар хүрээг тодорхойлох, стратегийн баримт бичгийг харилцан тохиролцох энэ үед дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсонд харилцан талархал илэрхийлж, хүн амын ядуурлыг бууруулах, ашигт малтмалын бус салбарын хөгжлийг дэмжих дээрх төслүүдийг хоёр талаасаа тууштай дэмжиж ажиллахаар болов.

Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн тамирчид улсын аваргуудаа тодруулав

Спортын мастер Х.Намсрайн нэрэмжит хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ “Замчин” спорт хорооны зааланд бямба, ням /2020.01.11-12/ гарагт болж шилдгүүдээ шалгаруулав.

Тэмцээнд 19 байгууллагын 199 тамирчны 33 нь ОУХМ, 41 нь спортын мастер, 29 нь спортын дэд мастер хүчээ сорьсон нь тэмцээнийг ихэд өрсөлдөөнтэй болгов. УАШТ-ий 2020 оны шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Ч.Бумчин, эмэгтэйчүүдээс М.Оюун-Эрдэнэ нар шалгарав.

Энэ удаагийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д хүчээ сорьсон Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан огцом өргөлтөөр 94 кг өргөн, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Спортын дэд мастер цолны болзол хангаж УАШТ-д түрүүлсэн М.Оюун-Эрдэнэ нь ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэгийн төрсөн дүү юм байна.

УАШТ-ий багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны туйванчид тэргүүлж, “Аврагч” спорт хороо, “Эвт уянга”-ынхан удаалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр “Хилчин” спорт хорооны тамирчид манлайлж, “Алдарт” спорт хорооныхон хоёр, “Эвт уянга” баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.