Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт орон даяар шууд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 01 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 01-р сарын 19-ний ням гарагт 19.10 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш (Training of Teachers-TOT) бэлтгэх сургалтыг 2016 оноос зохион байгуулж, өнөөг хүртэл 699 их эмч, сувилагчийг эмнэл зүйн сургагч багшаар улсын хэмжээнд бэлтгээд байна.

2020 онд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг үе шаттайгаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны анхны сургалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг – Монгол Япон сургалтын эмнэлгийн захиалга, санхүүжилтээр зохион байгуулж эхэллээ. 2020 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү сургалтад тус сургуулийн эмнэлгийн Ерөнхий захирал Х.Алтайсайхан, эмнэл зүйн эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэг, Уламжлалт анагаах ухааны асуудал эрхэлсэн дэд Б.Лагшмаа, Зүрхний төвийн эрхлэгч Ө.Цолмон тэргүүтэй 24 их эмч суралцаж байна.


Энэ сургалтад суралцсанаар төгсөлтийн дараах сургалтын сэдэв, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөөг боловсруулах арга зүйд сургах, заах, багшлах арга зүйг эзэмших, суралцагчийг үнэлэх үнэлгээний арга зүйд суралцаж, сургагч багшийн хувьд суралцагч эмч, шинэ залуу эмч нарт чин сэтгэлээсээ хандаж, төгсөлтийн дараах сургалтад оролцох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Х.НЯМХИШИГ: Монголын зохиолчид бид уншигчдадаа гологдоод эхэллээ


“Шүлгийг би хэн нэгэн хүнд, аль нэгэн уул овоо, гол усанд, ямар нэгэн цаг үе, үйл явдалд, ялангуяа алга ташилтанд зориулж, тэдгээрийн эрхшээл, таашаалд нийцүүлэх гэж бичдэггүй. Гагцхүү өөртөө л бичдэг. Гэсэн ч хэнд ч, юунд ч эс зориулсан шүлгүүд маань мөн чанартаа бүхий л орон зай хийгээд цаг хугацаанд зориулагддаг” хэмээсэн өвөрмөц нэгэн өмнөтгөл үгийг яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн “Зун гээсэн чөдөр” номоос уншиж билээ. Тэрхүү номон доторх шүлгүүдийг уншсан цаг мөчөөс түүний яруу найрагт чинагш дурлаж эхэлсэн юм. Удалгүй бусад номуудыг нь ч мөн уншиж, эцэст нь түүнийг “Жинхэнэ яруу найрагч” хэмээн өөртөө тодорхойлсон билээ…

Яруу найргийн “Бөгтөр хөх өвс”/2008/, “Зун гээсэн чөдөр”/2010/, “Нэргүй ном”/2014/, “Хөх цэгцгий жиргэнэ”/2018/ номнууд, эсээний “Алхах тоолонд элс нурнам” /2017/ ном хэвлүүлсэн, “Болор цом-35” наадмын дэд байрын шагналт, 2018 оны “Алтан-Өд” шагналт яруу найрагч Х.Нямхишигтэй ярилцлаа.


Хоёулаа таны яруу найрагтай хэрхэн учирч байсан дурсамжаар яриагаа эхэлье гэж бодлоо. Та хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

14 насандаа. 1996 оны хавар. Тэр үед надад шүлэг бичих шиг “амархан” ажил байсангүй. Нэг өдөрт 12 хуудастай дэвтэр дүүргэдэг байлаа. Жишээ нь, “Алаг хайрхан” гэж нэг нэр тавиад, тэрнийхээ дагуу энэ уул тийм ургамалтай, ийм ан амьтантай, их сайхан уул гээд л урсгачихна шүү дээ. Шүлэгч болох замын эхэн үед ийм үе шат байдаг. Гэтэл ийм маягаар насаараа биччихдэг хүмүүс ч бас байдаг. Ер нь бол юун тухай бичихээ мэдэж байна гэдэг чинь, эхлээд шүлгийнхээ нэрийг өгсөнтэй яг адилхан зүйл. Би ийм “шулуухан” бичиж эхэлсэн. Харин яваандаа, бичиж сурах тусмаа бичиж чадахаа больсон доо.

Анх бичиж эхэлж байхдаа “сайн зохиолч болно” гэж бодож байсан уу?

Мэдээж тэгж боддог байсан. Одоо ч тэгж боддог хэвээрээ. Гэхдээ би сайн зохиолч болж амжаагүй л явна.

Яруу найргийг өөрийнхөөрөө тодорхойлж хэлээч?

Яруу найраг бол хүний дотоод ертөнцийн хамгийн гайхамшигтай, хамгийн үнэн илэрхийлэл. Бидний гадна байгаа бүхэн, дотор байгаа бүхний маань тусгал юм. Тиймээс яруу найрагт сайн ч тал бий, муу ч тал бий.

“Алхах тоолонд элс нурнам” номноос тань “Яруу найрагчид хэзээ ч харагдаж буй шигээ тийм олон байдаггүй” хэмээх ишлэл надад их таалагдсан. Танд дуртай яруу найраг, дуртай яруу найрагч хэр олон байдаг вэ?

Таалагддаг яруу найраг ч, яруу найрагч ч олон бий дээ, их олон.

Таны шүлгийн номууд жигд сайн шүлэгтэй байдаг. Ер нь орчин үеийн яруу найрагчдаас бүх шүлэг нь жигд сайн яруу найрагч гэвэл хэнийг нэрлэх вэ?

Бүх шүлгээ сайн бичнэ гэж үгүй. Тийм боломж ч байхгүй. Яруу найраг бол тийм дээд түвшний зүйл. Яахав, нэг тодорхой түвшинд хүрээд, тэндээ тогтчихсон, шүлгүүд нь гоц сайн ч биш, муу ч биш, нэгэн хэвийн өнгөөр дан дан гээд л байдаг найрагчид бий. Миний хувьд бол бичсэнээ урж чаддаг л хүн. Өөрөөрөө жишээлэхэд хорь гаруй жил цаас цоохорлохдоо 2000-3000 шүлэг лавтай бичсэн байх. Түүнийхээ аравхан хувийг л ном болгож гаргасан. Миний шүлгийн дөрвөн ном нийлээд 300 хүрэхгүй шүлэгтэй. Тэгэхээр ямар юмных нь сайн байхав дээ.

Яруу найрагт сэдэв чухал уу?

Сэдэв тийм ч чухал биш. Мөнхийн сэдэв ч гэж байна, зуурдын сэдэв ч гэж байна. Тухайн нийгэм, цаг үе, орчноосоо хамаарч сэдвүүд өөрчлөгддөг. Сэдэвт ач холбогдол өгөх шаардлагагүй. Яруу найраг тодорхой нэг сэдэвгүй ч байж болдог.

Таны “Бөгтөр хөх өвс” номын оршилд Утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг “Шүлэг бичих заавал нэг шалтгаанаас үүдэлтэй” гэж бичсэн байна лээ. Шүлэг үнэхээр л ямар нэг шалтгаанаас үүдэж төрдөг үү?

Тэгэлгүй яахав, бүх юм үүдэл шалтгаантай. Ихэнх үйлдлүүд санамсаргүй юм шиг санагддаг ч нарийндаа ямар нэгэн үйл явдлын үргэлжлэл байдаг. Тэр тусмаа шүлэг, шүлэгнээсээ үүдэх нь түгээмэл үзэгдэл.

Зохиолч Г.Аюурзана “Бичиж суухдаа ямар нэгэн гярхай, зэвүүн уншигчийг дотроосоо олж хардаг. Миний ном түүнд л амттай уншигдахгүй бол бусад хүн хэзээ ч олж үзэх ёсгүй” гэж хэлсэн байдаг. Зохиолоо бичиж байхдаа та уншигчдад ямар сэтгэгдэл төрөх бол хэмээн эмээх үе байдаг уу?

Зохиолынхоо хэлбэр, агуулга, илэрхийлэмжээс бол эмээдэггүй. Харин чанарын хувьд сайн болж чадсан уу, үгүй юү гэдэг дээр бол эргэлзэх, эмээх үе бий.

Та өөрийн бичвэрүүдээ хэр их засдаг вэ?

Заримыг нь засдаг, заримыг нь засдаггүй. Гэхдээ засагддаг нь дийлэнх.

Анхны ном болох “Бөгтөр хөх өвс” номоо гаргаснаас хойш 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд өөрийгөө хэр их өсөж дэвжсэн гэж бодож байна?

Нэг түвшнээс нөгөө түвшинд шилжихийг өсөлт гээд байна аа даа. Яруу найрагт өсөлт гэдэг ойлголт зөвхөн дээшлэх, дэвжих тухай биш. Миний яруу найргийн хувьд шатаар өгсөж байгаа юм шиг дээшилсэн гэхээргүй. Харин чинагш лавширч, илүү гүнзгийрсэн гэж бодож байна. За, миний тухайд асууж байгаа бол тэр үед би 26-тай байсан, одоо 37-той болсон. Жам ёсны л өөрчлөлтүүд явагдсан биз.

Таны шүлгүүдээс “Хөгшин ээж минь намайг дагуулаад” шиг бодит дурсамжаасаа үүдэн бичсэн өөрт тань нандин санагддаг ямар шүлэг байдаг вэ, тэр шүлгийнхээ бүтсэн түүхийг нь хуваалцаач?

Бараг л бүх шүлэг маань өөрийн гэсэн түүхтэй. Аль нэгийг нь онцлоход хэцүү. Харин нандин шүлэг гэвэл “Дүнзэн байшин голыг эрэгт…”. Төрөөд удаагүй хүүгээ тэврээд, унтуулах гэж саатуулангаа гэр дотуураа холхиж байхдаа цээжиндээ тэрлэчихсэн юм.

Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт

Дүрс нь голын усанд

Чулуу мэт…

Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан

Дээрээс нь он цаг дарчихсан

Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад

Тоохоо больчихсон

Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад

Тойрдог болчихсон

Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг

Бас, чоно шиг ульдаг

Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг

Байшин биш шиг харагддаг

Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт

Дүрс нь голын усанд

Чулуу мэт…

Та “Алхах тоолонд элс нурнам” гэдэг эсээний ном хэвлүүлсэн. Ер нь яруу найраг бичнэ гэдэг залуу насны үйл гэдэгтэй хэр санал нэгдэх вэ, та хүүрнэл зохиол бичих үү?

Санал нэгдэнэ. Мэдрэмж давамгайлсан насандаа яруу найрагт илүү ойр, нас ахиад ухаан давамгайлаад ирэхээрээ хүүрнэл зохиолд илүү дөхөм. Хүүрнэл зохиол бичихэд бас амьдралын туршлага хэрэг болдог. Одоо би хүүрнэл зохиол бичиж байгаа.

Таны нойрыг хүргэж байсан зохиол бий юү?

Нойр хүргэхээр номыг юу боллоо гэж унших вэ дээ. Шууд л хамхиж орхидог.

Ер нь юунаас болж зохиол уйтгартай болдог юм бэ?

Үнэнээс болж…

Таны дуртай зохиолч хэн бэ?

Орхан Памук. Түүний зохиолуудтай би турк хэлээр нь анх танилцсан. Одоо бол сайн орчуулагчдынхаа буянаар, өөрийнхөө хэл дээр, илүү таашаалтайгаар уншиж байна.

Орхан Памукийн зохиолуудын юу нь танд таалагддаг юм бэ?

Төрөлх ард түмэн, төрөлх хотынхоо тухай, тэр ч байтугай төрүүлсөн аав ээжийнхээ тухай, сайнтай муутай нь, гагцхүү үнэнээр нь бичихийн нэр бол Орхан Памук. Бид өөрсдийнхөө тухай бичнэ гэхээр л дандаа сайн хүмүүс, сайн зан чанар, сайхан уул ус, агуу түүх, тэнгэрлиг хувь заяаны тухай бичнэ гэж боддог нь өрөөсгөл. Өөрийн үндэстнээ дандаа сайнаар, эсвэл муугаар сурталчилж, аль нэг тал руугаа хэт туйлшрах нь хуурамч сэтгэгдэл төрүүлдэг.

Та Туркийн Истанбул хотноо жил гаруй болохдоо оёдлын үйлдвэрт индүүчнээр ажилладаг байсан тухайгаа “Алхах тоолонд элс нурнам” номондоо бичсэн байна лээ. Тэнд очоод турк хэлийг яаж сурсан бэ, тэндхийн хүмүүстээ эхэн үедээ хэрхэн ойлголцож байв даа?

Хүний газарт очсон хүн хөлөө олохын тулд хэлээ олох хэрэгтэй болно шүү дээ. Дэлгүүрийн худалдагч, таксины жолоочоос авахуулаад ажлын газрынхантайгаа ч ойлголцож чадахгүй байх хэцүү. Тэгээд л толь бичигтэй нөхөрлөж эхэлсэн. Эхэндээ үг цээжлээд л байдаг, цээжилсэн үг маань бусдын амнаас сонсогддогүй. Чих онгойтлоо нэлээд удахгүй юу. Тэгсээр ярианы хэлэндээ жаахан зүгширмэгцээ дуртай юм болохоороо номын дэлгүүрт эргэлдэж эхэлсэн. Зурагт үзэж, хаа тааралдсан сонингуудыг унших гэж оролдсоор жаахан дөр суусан. Хаашаа ч харсан, юу ч хийсэн харь хэлэн дунд байхаар хүссэн ч, хүсээгүй ч сурдаг юм л даа.

Истанбул хотын тухай дурсамжаа их л дүнсгэр байдлаар бичсэн байна лээ. Танд тэр хотын юу нь таалагдсан, юу нь таалагдаагүй вэ?

Давын өмнө шашны ялгаа. Шашны ялгаа гэдэг чинь сэтгэлгээний ялгаа. Турк ажилчдын нэг тийм баригдмал сэтгэлгээ нь их цухалдуулдаг байсан. “Энэ цамцыг ингэж индүүднэ” гэж зааж өгнө. Тэр аргаар нь хэд индүүдэж байгаад арай өөрөөр, илүү сайн, илүү амархан арга олоод индүүдэж эхлэнгүүт “тэгж болохгүй, ингэж л хий, угаасаа л ингэж хийдэг” гэнэ. За, таалагддаг зүйл гэвэл цай л юм даа. Би байхуу цайнд нь бүр орчихсон байсан.

Ер нь Истанбулын ихэд дүнсгэр байдал, хүмүүсийнх нь уйтгартай гэмээр нэг хэвийн амьдрал тэдний сэтгэлгээтэй илүү холбоотой юм болов уу эсвэл шашны зан үйлээс нь илүү хамаардаг юм болов уу, та энэ талаар юу гэж боддог вэ?

Бүрхэг тэнгэр, өдөр шөнөгүй уйлагнасан бороо, гудамж талбайг нэлэнхүйд нь бүрхсэн бараан хувцастнууд, өгсөж уруудсан уртаас урт чулуун шатнууд, дэндүү давчуу гудамжнууд. Энэ бол Истанбул хотын дүр төрх. Угаасаа л буй байдал нь ийм шүү дээ. Ёстой шүлэг бичээд л суумаар хот. Сониноос, манай байрны ойролцоо “Яруу найраг”, “Яруу найрагч” гэдэг нэртэй гудамжнууд байдаг байлаа.

Та Оюутолгойд ажилладаг байсан тухайгаа бичихдээ “Улсын доторх улс” хэмээн тэр газрыг тодорхойлсон байсан. Бидний хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг мэдээллийнхээ үндсэн дээр Оюутолгойг төсөөлдөг нийтлэг ойлголтоос их өөрөөр номондоо бичсэн байна билээ. Ер нь Оюутолгой нууцлал ихтэй газар учраас дотор нь ажилладаг хүн илүү үнэнд дөхөм төсөөлөлтэй байгаа байх л даа?

Ер нь бол Оюутолгой гэдэг газрыг өөрийнхөө өнцгөөс хэрхэн харж, хэрхэн мэдэрдэг тухайгаа эсээндээ бичсэн. Нэмж хэлэхэд гайхалтай бүтээн байгуулалт гэдэг нь гарцаагүй юм. Хэлэлцээр, гэрээ, хэрүүл уруулын чанартай зүйлсийг нь нарийн мэдэх биш дээ, тулхтай сонирхож ч байсангүй.

Танд уран зохиолоос өөр дуртай зүйл бий юү?

Жазз хөгжим бага сага сонсдог, спорт суваг үздэг, кофе ууж, тамхи татах дуртай.

Та нэгэн ярилцлагандаа “Би шүлэг бичих гэж 22 жил оролдлоо. Энэ бол шүлэг бичсэн биш, харин бичих гэж оролдсон он жилүүд юм”гэж хэлсэн байна лээ. Яагаад шүлэг бичээгүй гэж, таны шүлгүүдийг утга зохиол судлаач, шүүмжлэгчид хүртэл үнэлсэн шүү дээ?

Би өмнө нь хэлсэн. Яруу найраг бол дээд түвшний зүйл, тогтмол түвшин. Тэр түвшинтэй бид хааяа шүргэлцдэг байж магадгүй ч ихэнхдээ доогуур нь оршдог. Яруу найрагт хөгжил гэдэг бол ердөө л хувьсал өөрчлөлт. Бичиж буй бүхэн минь оролдлого. Дүнг нь цаг хугацаа тавина даа.

Та “шагнал, магтаал хоёроос жаахан ч атугай зайтай явах сан” гэж боддог тухайгаа нэгэн ярилцлагандаа дурдсан байна лээ. Энэ хоёр зүйл, хүссэн ч хүсээгүй ч сайн уран бүтээлийг өөрөө дагаж ирдэг зүйл бус уу?

Хэмжүүр нь хэн бэ, юу вэ, хэзээ вэ гэдэгт учир бий. Одоо цаг гэдэг бол баталгаат хэмжүүр биш. Шагнал, магтаал хоёрын цар хүрээгээр уран бүтээлчийг дүгнэж цэгнэх нь хэтэрхий өрөөсгөл гэдгийг бид бүхэн харж л байна шүү дээ, өнөө цагт.

Яруу найрагчид их дурламтгай хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Та хэр дурламтгай хүн бэ?

Би ер нь их хатуу, хүйтэн талдаа хүн. Уян налархай, уянгын халилд автсан сэтгэлзүй надад хомс. Дурлал гэгч яруу найргийн нэг өдөөгч мөн л дөө. Гэхдээ дурлаж бичсэнээсээ, кофе, тамхи, ном гурваар өдөөгдөж бичсэн минь илүү олон. Тэгэхээр хэт дурламтгай хүн биш байх аа.

Та гэр бүлийн хүнээ танилцуулаач?

Жирийн л нэгэн бүсгүй бий. Ялгагдаж магадгүй зүйл нь гэвэл уран зохиолд элэгтэй,сайн уншигч. Миний зохиолуудын албан ёсны бус редактор.

Та ямар сургууль төгссөн бэ?

Үнэнээ л хэлье, би сургуульд нэг ч хоног суугаагүй хүн шүү дээ. Нутгийнхан маань цөмөөрөө мэднэ. Энэ тухайгаа бусдад нэг их хэлэхийг хүсдэггүй, хэлээд ч үнэмшдэггүй юм. Гэрийн боловсрол эзэмшсэн л хүн.

“Алхах тоолонд элс нурнам” эсээний номноос таныг эмээ, ээж, эмэгтэй дүүтэйгээ өссөн тухай уншсан. Дандаа эмэгтэй хүмүүстэй хамт өссөн болохоор мэдрэмж тань илүү хурц болсон гэж боддог уу?

Сургууль соёлд суугаагүй, зожиг, бүрэг, ганцаардмал, хоньчин хүүхэд байсан. Радио, ном хоёртой л нөхөрлөдөг байсан. Энэ байдал маань шүлэг бичихэд яалт ч үгүй нөлөөлсөн л дөө.

Ер нь танаас эмэгтэй хүний ямар нэгэн зан чанар мэдрэгддэг үү?

Харин ч эсрэгээрээ, би мэдээ орсон цагаасаа л эр хүн, гэрийн эзэн гэдгээ илүү тод мэдэрч өссөн. Хар багаасаа л гэрийнхээ хойморт завилж суугаад ээжийнхээ хийж өгсөн цайны дээжийг уудаг байсан. Гэртээ эр ганц нь юм чинь аргагүй шүү дээ. Түлээ, ус, мал гээд гэрийн гадаах ажлуудад нялх балчраасаа л суралцсан. Хүн гуйхгүйн тулд бүр жаахандаа мал “муулж” хүртэл сурсан даа.

Таны яруу найргийн номуудыг уншихад аавын тухай шүлэг тааралдаагүй юм байна. Мөн “Би-Дурсамж” эсээндээ ч “Аав” хэмээх үгийг ганц ч дурдаагүй байсан нь анхаарал татсан л даа. Та аавынхаа тухай дурсаач?

Аавыгаа мэдэхгүй юм чинь аргагүй шүү дээ. Би айлын бутач хүүхэд. Шуудхан хэлэхэд хоноцын хүүхэд л байхгүй юу даа. Эцгийнхээ талаар ээжээсээ хэд хэд асуусан ч хариулт авч чадаагүй. Ээж маань хөдөөгийн, хуучин цагийн, бүрэг ичимхий хүн шүү дээ. Иймэрхүү эмзэг сэдвээр үг унагана гэж үгүй. Нутгийнхны там тум яриагаар бол ээж маань мал тууварт явдаг, тууварчдыг дагаж явдаг экспедиц гэж байдаг, тэр экспидицийн жолооч нь миний эцэг байсан бололтой юм билээ. Одоо тэр хүн хаана ч явдаг юм, амьд ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд дээ. Ер нь “Би – Дурсамж” эсээ бол миний гучин наснаас урагших дурсамжийг хамарсан том хэмжээний эсээ. Хэрвээ бурхан ивээгээд жар наслах юм бол “Би – Дурсамж 2”-ыг бичнэ гэж боддог.

Та ээж, эмээ хоёртоо хайртай гэдгээ яруу найргаараа илэрхийлж байсан ?

Эмээ маань намайг амьдралд хайртай болгосон, ээж маань намайг уран зохиолд хайртай болгосон.

Уран бүтээлч хүмүүсийн хамгийн том зэвсэг нь мэдрэмж. Мэдрэмж сэтгэл хөдлөлөөс төрдөг гэх юм билээ. Та ер нь хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Сэтгэл хөдлөл ч, сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүй тайван байдал ч мэдрэмжийн урьдал болно. Мэдрэмж тархинд очихдоо мэдээлэл болдог шүү дээ. Мэдээлэл гэхээр л бодит байдаг юм биш, хийсвэр ч байж болдог. Тийм хийсвэр мэдээллүүд цугларч, шүлэг болдог гэх үү дээ. Ер нь бол би сэтгэл хөдлөл багатай хүн.

“Би Болор цомд ахин оролцохгүй” хэмээх үг тань зарим хүмүүсийг гомдоосон байх. Ер нь энэ тэмцээнийг тойрсон олон шүүмж байдаг. Таны бодлоор “Болор цом” наадмыг яаж үнэ цэнэтэй байлгах вэ?

“Болор цом” бол одоохондоо уран зохиол, ард түмнийг холбогч гүүр мөний хувьд байх л ёстой наадам. Гагцхүү шүүлтийнх нь уламжлалт хэлбэрийг шинэчлэх хэрэгтэй. Далд явагддаг эхний шатны шүүлтээс эхлээд л ил тод, шударга байх ёстой. Хэн хэнд, хэдэн оноо өгч буй нь үзэгч, оролцогчдын нүдэнд ил байх хэрэгтэй. Шүүлтээ шинэчлэхгүйгээр “Болор цом” үнэ цэнээ хадгална гэхэд хэцүү.

Утга зохиол хөгжихийн хамгийн том тулгуур хүчин зүйл нь утга зохиол судлал, шинжлэл байдаг. Таны бодлоор Монголд утга зохиолын судлал, шинжлэл хэр түвшинд байгаа вэ?

Эхлээд уран зохиолынхоо тухай ярья. Мэдээллийн зуун гэцгээдэг. Гарцаагүй. Мэдлэг хэмээх үнэт зүйлийг бид маш чөлөөтэй, хүртээмжтэй, хүссэнээрээ хувааж авах боломжтой байна. Ийм цаг үед уран зохиолын чиг хандлага хаашаа эргэсэн вэ гэхээр мэдээлэл болоод мэдлэгийг ихээр агуулсан шинжтэй болсон. Дээрээс нь уран зохиолын амин сүнс болох мэдрэмжийг нэмээд, мэдрэмж, мэдээлэл, мэдлэг гурвыг цогцоор нь нэг шугаманд багтаачихаж байна гэсэн үг. Дан ганц оюун санааны хийсвэрлэл ч юм уу, сэтгэл зүрхний илэрхийлэл байхаа больчихлоо. Уран бүтээлч бүхэн өөрийнхөө уншигчийг бий болгодог. Сайн зохиол, сайн уншигчийг төрүүлдэг. Дахиад хэлье, хэдэн орчуулагчдынхаа буянаар манай уншигчид маш сайн бэлтгэгдэж байна. За, тэгэхээр дэлхийн уран зохиолын өнөөгийн чиг хандлага ийм, уншигчид маань бас тийм. Монголын зохиолчид бид уншигчдадаа гологдоод эхэллээ. Алийг нь шүүмжлэх вэ дээ гэх маягаар судлаач, шүүмжлэгчид хандаж байгаа нь зөв шүү дээ. Чанаргүй ном ийм олноороо хэвлэгдэж байгаа үед судлаач, шүүмжлэгчид маань өдрийн од шиг ганц нэг “гялаан” юм үзэгдээсэй гэж чимээгүй хүлээж, эсвэл гуйлт, шахалт, “танилын нүүр халуун”-ы жишгээр дуугарч байна. Судлуулж, шинжлүүлнэ гэдэг чинь зохиолч биднээс, өөрсдөөс маань шалтгаалах зүйл. Гэхдээ бичсэнийхээ дараа биш, бичиж байхдаа хичээх ёстой.

Таны уран бүтээл туурвиж буйн хамгийн гол “үнэ цэнэ” нь юу вэ?

Хамгийн гол нь би эх хэлнийхээ амьд, хүчирхэг чанарт хувь нэмрээ оруулж байна. Аливаа хэл, бичгийн хэлэндээ хэрхэн гүн бат сууж өгсөн бэ гэдгээр тодорхойлогддог.

Мэдрэх гэдэг гайхамшиг юм шиг ээ, магадгүй амьд буйгаа мэдрэх хамгийн сайхан байх…

Гэнэтхэн шүлгийн мөр санаанд орох, түүнийгээ цаасанд буулгах, бичсэн зүйл маань санаанд хүрэх сайхан шүү. Яг үүн шиг амьдрал ер нь сайхан даа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод хог, хаягдлыг цуглуулж, дахин боловсруулдаг 29 үйлдвэр ажиллаж байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах тухай”, “Нийслэлйн ИТХ-ын ээлжит XXXI хуралдааныг товлох тухай” зэрэг есөн асуудал хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж буй. Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих, эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар хог хаягдлыг дахин боловсруулах 29 үйлдвэр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жилд дунджаар 300 мянга гаруй тонн хог, хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж буй. Гэвч хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудтай байгуулсан гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцоллоо. Мөн нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэж буй 306 машины олонх нь эвдрэл ихтэй байгаа аж.
Тэгвэл уг журмаар найман төрлийн үйл ажиллагааг зохицуулж, хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулж, удирдлага зохион байгуулалтыг нь сайжруулж, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын тогтолцоонд орох юм.
Журмын төсөлтэй холбогдуулж Тэргүүлэгчид холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, санал хэлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Б.Бямбадорж цас, мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгож өгсөн нь бодит байдалд хэр нийцэх, томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилах цэгтэй байх тусгасан, эсэх талаар лавлав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Аригууны хэлснээр журмын төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр төсөлд тусгасныг дурдаад хог хаягдлыг эхний цэг дээр ангилан ялгахыг ч тодорхойлсон болохыг онцолсон. Тодруулбал, хүн олон зорчдог газарт хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав хоёроос доошгүйг байршуулах ажээ.
Нийслэлийн ИТх-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тохижилт үйлчилгээний компаниудын суурь үзүүлэлт, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааны хяналтын системийг сайжруулах ач холбогдолтой журмын төсөл байна. Гэхдээ зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Журмын 14 дүгээр зүйл байгууллагууд хог ангилах, ялгах цэг гаднаа байршуулах асуудлыг сайн дураараа хийх маягтай оруулсан байна. Уг нь хог хаягдлыг эргэлтэд оруулж, мөнгө болгож болно гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд журмаараа ойлгуулах нь чухал. Жилд 300 мянган тонн хог дахин боловсруулна гэдэг сайн мэдээ. Тиймээс журмын зарим заалтыг сайтар нягтлаарай” гэсэн юм.
Тэргүүлэгчид “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Сүмбэр сумын Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Политехникийн коллежийн ажилтай танилцлаа. Коллежид 15 мэргэжлээр 693 суралцагч суралцаж байгаагийн 103 нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч байна.

Тэд “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хүнд машин, механизмын оператор болон засварчны мэргэжил эзэмших юм. Дээрх хөтөлбөрийн эхний ээлжийн 100 цэрэг өнгөрсөн жил тус коллежид суралцаж төгсөж бүгд байнгын ажлын байртай болжээ. Хүнд машин механизмын чиглэлээр мэргэжил эзэмшсэн цэргүүдийг авч ажиллуулах захиалга ирсээр байгаа тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэв.

Уул уурхайн жишиг сургууль гэсэн тодотголтой Политехникийн коллеж сургалтын бааз сайтай. 800 суралцагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн найман лабораторитай юм. Энд уул уурхайн ухах, ачих, тэгшлэх, тээвэрлэх зэрэг дадлагыг компьютерын удирдлагатай симулятор дээр хийдэг байна. Хүнд машин, механизмын оператор, засварчнаас гадна гагнуурчин, цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжлээр сургалт явуулдаг. Коллеж Говьсүмбэр аймгаас гадна бүс нутгийн аймгуудаас суралцагч хүлээн авдаг юм байна.

Зүүнбаянгийн шинэ төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчин шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжиж, орон нутаг дахь төвүүдийг бэхжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нарт сар бүр олгодог мөнгөн урамшууллын хэмжээг өнгөрсөн жилээс сэргээж, 100 мянган төгрөг олгож эхэлсэн. Энэ жилээс 200 мянган төгрөг болгоод байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Чинбатын эмчилгээний зардалд Засгийн газар, Эрүүл мэндийн сайд нийт 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

– Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.
– Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ спорт

Австрали болон Тайландын шигшээ багууд шөвгийн наймд шалгарлаа

Олимпийн эрх олгох 23 хүртэлх насны залуучуудын хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсад болж буй билээ. Энэхүү тэмцээний “А” хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж хагас шигшээ тоглох хоёр багийн нэр тодорсон юм. Хэсгийнхээ сүүлийн тоглолтонд Бахрейний шигшээ багтай тэнцсэн Авсраличууд “А” хэсгийг тэргүүллээ. Австралийн хөлбөмбөгийн шигшээ баг 2008 оноос хойш анх удаагаа Олимпийн наадамд оролцох итгэл найдвараа хадгалсан хэвээр үлдсэн бөгөөд харин Бахрейний шигшээ баг нутаг буцсан юм.

“А” хэсгийн нөгөө тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Тайланд болон Иракийн хооронд өрнөн тоглолтын үр дүн тэнцээгээр өндөрлөж Тайландийн шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа. Австрали болон Тайландын шигшээ багууд шөвгийн наймын шатанд “В” хэсэгт багтан тоглож буй Сири, Саудын Араб, Катарын шигшээ багуудын шалгарсантай нь тоглох юм. “В” хэсэгт багтсан багуудаас Японы шигшээ баг хэсгээс шалгарах боломжгүй болоод буй. Энэхүү тэмцээний эхний гурван баг 2020 оны олимпийн наадамд оролцох эрх авах билээ.


У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд БНСУ-д дахин нэвтрэхгүй

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны хооронд өршөөлийн аян хэрэгжүүлж байна.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй энэ удаагийн өршөөлийн аяны үндсэн зорилго нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэгджээ.

Сүүлийн жилүүдэд хууль бус оршин суугч гадаад иргэдийн тоо огцом өссөн нь БНСУ-ын хөдөлмөрийн зах зээл, ялангуяа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэдийн ажлын байр хомстоход хүргэжээ.

Үүний уршгаар хууль бусаар ажил олгогчдын тоо өсөж, хөдөлмөрийн болон хууль ёсны ажиллах хүчний тогтолцоо алдагдахад хүрсэн байна. БНСУ-д визгүй зорчигч орны иргэд нийт хууль бус оршин суугчдын 44.7%-ийг эзэлж байгаа бөгөөд гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол 54.5%-иар нэмэгдсэн байна.



Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.01.14/ болсон. Урдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн шүүх хурлыг товлох байсан ч ийнхүү хэргийг прокурорт буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ

Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргахаар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэв.

Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олголоо. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.