Categories
мэдээ нийгэм

“Өвлийн хотуудын бага хурал”-д 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал”-д оролцоод ирлээ.

Энэ удаагийн дэлхийн өвлийн хотуудын бага хурал олон улсын цас мөсний баярын хүрээнд зохион байгуулагдсан. Бага хуралд Харбин хотын дарга Сүнь Жө болон ОХУ, БНСУ, Монгол, Герман, Япон зэрэг 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцож, өвлийн хотуудын ухаалаг бүтээн байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм.

Оролцогчдын нэгдсэн санал хураалтаар нүүрстөрөгч багатай эрүүл хотыг бүтээн байгуулах, дижитал технологийг хотын менежментэд нэвтрүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн хотуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгож, хотуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, технологи, боловсрол, соёл, ухаалаг хотын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг урагшлуулах уриалга бүхий “Харбин хотын санаачилга”-ыг батлав.

Бага хурлын үеэр Харбин хотын шинэ чөлөөт бүсийн танилцуулга хийгдсэн юм.

Шинэ чөлөөт бүс нь нийт 493 ам км талбайг хамрах бөгөөд мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, дэвшилтэт тоног төхөөрөмж, соёл аялал жуулчлал, эко хүнсний үйлдвэрлэл, эм тариан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөгджээ.

Мөн хурлын үеэр Этиоп Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Итали Улсын Калабрия бүсийн Бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан илтгэл тавилаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх ноён Цүй Юйпинтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хурандаа Ж.Болдбаатар Харбин хотын Гадаад харилцааны газрын удирдлагуудад Улаанбаатар хотын тухай товч танилцуулж, уур амьсгалын хувьд ижил төстэй байдгийн хувьд хоёр хот цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв.

Харбин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын зөвлөх Цүй Юйпин нь урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой найрамдалт хотын харилцаа тогтоох саналыг дэвшүүлэв.


Categories
мэдээ нийгэм

Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан сургалт зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу өнөөдөр Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хяналт шалгалт явуулах тухай удирдамжийг танилцуулан Батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай хуулиудын хүрээнд мэдээлэл өглөө. Мөн энэ сарын 20-ны өдөр эхлэх цэргийн бүртгэлийн тухай мэдээллийг хүргэв.

Энэ жилийн хувьд 14 байгууллагад хяналт шалгалтыг явуулж, 18-50 насны цэргийн үүрэгтний биелэлтийг шалгаж, зөрчлийг арилгуулан цэргийн албатай холбоотой төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь хүргэн, дээрх хууль тогтоомжийг сурталчлан таниулах юм.

Categories
мэдээ нийгэм

Сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театрын зураг төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд яаралтай гаргахыг үүрэгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театрын удирдлага уран бүтээлчидтэй уулзаж, 2020 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай засвар, тоног төхөөрөмж шинэчлэлийн талаар санал сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн урлагийн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид тус байранд ажиллаж байна. Барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн. Тайзны технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг уран бүтээлчид танилцууллаа.

Энэ онд тус театрын засвар шинэчлэлийн ажилд улсын төсөвт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч, зураг төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд яаралтай гаргах, үзвэр үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх төсөөллөө тодорхой болгох хугацаатай үүрэг даалгаврыг салбарын сайд өглөө.

УДЭТ-ийн захирал Д.Цэрэнсамбуу, “Төр засгаас соёл урлагийн салбарт урд өмнө байгаагүй анхаарал хандуулж байгааг бид хэлэх ёстой. Техникийн болоод хөгжлийн хоцрогдолд орж барилга байшин болон тоног төхөөрөмж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон үнэн. Үүнийг түмэн олон зөв ойлгох хэрэгтэй. Энэ жил баталж өгсөн төсвийг бодит ажил болгож, тулгамдсан олон асуудлаа цэгцэлж, үзэгчдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлэх болно” гэлээ.

Драмын театрын тухайд хүчитгэл, бэхэлгээ, засвараас гадна тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлажээ.

Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм. Мах экспортлох эрхгүй үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан нэг удаа экспортлох болов.

Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо.

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан тоног төхөөрөмжийг хураан авч, улсын орлого болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд:

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов.
  • Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов.
  • Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөв.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Л.Цэцэг: Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй. Зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй л гэж хэлсэн

Өнгөрсөн баасан гаригт зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Мөн энэ өдөр ахмадуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр олон нийтийн сүлжээнд “Би тэтгэврийн зээл аваагүй” хэмээн уйлсан гэх иргэн Л.Цэцэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Л.Цэцэг гэдэг. Би БЗД-ийн 10 дугаар хороонд оршин суудаг.

-Та хэдэн оноос хойш тэтгэвэр авч эхэлсэн бэ?

-2008 оноос тэтгэвэр авч эхэлсэн. 2008 онд одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед бидний тэтгэвэр авах жилийг арван жилээр нэмж өгсөн юм. Ардчилал гарч ихэнх зүйл хувьчлагдаж эхлэхэд хүмүүс наймаа хийх болсон. Энэ наймаа хийж явсан үеийг ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзээд тэтгэвэрт хамрагдахад 10 жил нэмж өгсөн. Ингээд би тэтгэвэр авч эхэлсэн юм.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?

-Миний бие 2000 оноос өвдөж, хань маань намайг эмнэлгээр авч явдаг байлаа. Гэвч 2015 онд нас барж, би тэжээгчээ алдсаны мөнгө авч эхэлсэн юм. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд тусдаа гарчихсан. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Тийм болохоор хүүхдүүддээ түвэг болохгүйн тулд өөрийнхөө тэтгэврийг амьдралдаа хүргэх гэж явдаг.

-Таныг тэтгэврийн зээл аваагүй гэж уйлсан гэх зүйл сошиалаар яваад байх юм…

-Намайг тэр сошиал орчноор муулж байна гэнэ лээ. Яасан завтай улсууд байдаг юм. Бидний үед хүнтэй хэрэлдэж, хүнийг муу хэлэх зав байсангүй. Завтай хүмүүс л хүний уйлсныг хараад муулж байгаа биз дээ.

Миний үг хэлж байгаа бичлэгийг эхлээд явуулж байснаа сүүлд нь уйлсныг нь л яриад байна гэж хүмүүс утасдаж хэлсэн. Охин, бэр маань ч санаа нь зовсон байдалтай хэлсэн.

-Та яагаад уйлах болов?

-Би тэтгэврийн зээл аваагүйдээ уйлаагүй ээ. Хамгийн гол нь олон ахмад тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Биднийг амьжиргаа сайтай учраас зээл аваагүй гэж ярьж болохгүй л дээ.

Аль болох улс орон, үр хүүхдэдээ түвэг болчихгүй юмсан гэж тэтгэврийн хэдэн төгрөгөө хүргэх гээд зүтгэж байна. Нам, засаг, төр ингэж сонгуулийн шоу хиймээргүй байгаа юм. Ахмадуудаа ингэж талцуулж, зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй гэх үүднээс уйлаад ярьсан. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ гэж л уйлсан. Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл аваад нас барчихвал үр хүүхдэд минь түвэг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахмад тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй гэсэн судалгаа байна лээ.

-Ахмадуудад байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгааг шүүмжилж дуугарсан гэж ойлголоо. Та тэтгэврийн зээл авч байсан уу?

-Тэтгэврийн зээл авсан ахмадуудыг огт буруутгаагүй. Бидэнд эмчилгээ сувилгаанаас эхлээд мөнгө их хэрэгтэй болно. Ар гэрийн шалтгаанаар ч зээл авч болно. Хүүхдүүд нь ч зээл авахуулдаг л байх. Амьдрах гээд зүтгэж яваа ахмадууддаа бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй. Яагаад биднийг алагчилж үзэж байгаа юм. Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Өнөөдөр тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна. 194 мянган хүний тал нь тэтгэврийн зээл авахгүйгээр амьдрах боломжтой, бололцооны хүн байж болно. Гэтэл 194 мянган ахмадын 50, 60 хувь нь над шиг тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулж явж байгаа. Өнөөдөр эм тарианы үнэ ямар байгааг ахмадууд сайн мэдэх байх. Хоол хүнсээ бэлдье гэхэд мах ямар үнэтэй байгаа билээ.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдаж, тэтгэврийн зээлгүй хүмүүст нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон…

-Үүнийг дэмжмээргүй байгаа юм. Ядахдаа энэ оны тавдугаар сард тэр мөнгөө өгвөл болж байна. 2021 оны тавдугаар сар гэж байгаа нь утгагүй байна. Ахмадууд ийм зүйлд итгэхгүй. Бид тэр мөнгийг авъя гэж бодохгүй байна. Улс орны байдал ямар байгаа билээ. Гэхдээ үнэхээр зээлгүй ахмадууддаа сая төгрөг олгоё гэж байгаа бол энэ жилдээ багтааж өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтлоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Журамд өөрчлөлт оруулах”, “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тодруулбал, Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсэний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбарыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд байршуулахыг дэмжиж, “Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч Осорбазарын Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтов.

Мөн өнөөдрийн хуралдаанаар “Төр, хэвийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа. “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг өнгөрсөн онд нийслэлийн ИТХ-ын 30/39 дүгээр тогтоолоор баталж, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг батлах эрхийг Тэргүүлэгчдийн хуралд шилжүүлсэн байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг практикт хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин хэт хязгаарлагдмал, нийслэлийн Орон сууцны корпораци, Хөгжлийн корпораци зэрэг хэд хэдэн хуулийн этгээд байгуулсан хэдий ч хөрөнгө оруулагчтай хэлцэл хийх эрх хэмжээ тодорхойгүй, хувийн хэвшлийг хэрхэн сонгон шалгаруулах нь тодорхойгүй байна. Иймд тухайн журмыг боловсруулах шаардлага тулгарсан байдаг.

Журмыг хэрэгжүүлсэнээр сонгон шалгаруулах, үнэлэх, хувийн хэвшлийн санаачилгыг хэрхэн дэмжих, ямар шалгуур, шаардлага хангасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг тодорхойлж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн эрх, үүрэг, төсөл, хөтөлбөр ангилах ангилал зэрэг тодорхой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй болсон.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр гавьяат хуульч Ц.Шаравдоржоороо дамжуулж Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

​Монгол, Хятадын тэмээ судлалын хамтын ажиллагаа

Өнөөдөр Монгол, Хятадын тэмээ судлалын хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Судлаачид “Монгол, Хятад улсын хамтарсан тэмээ судлалын ажил 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хоёр орны эрдэмтэн судлаачид хамтран тэмээний сүү, хоормог, ноос ноолуур, генийн талаар судалгаа явуулж байна. Монгол улсын талаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургууль, ШУА-ийн Химийн технологийн хүрээлэн, Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж байна.

Mэмээний сүү, хоормогт иммуноглобулин агууллагддаг бөгөөд энэ нь хүний биеийн генүүдийг ялган цэвэрлэж ашигтай бактерыг нэмэгдүүлдэг байна. Үүнийг эмчилгээ, оношилгооны чиглэлээр ашиглаж, уургийн молекулыг биологийн аргаар гарган авч ашиглах боломж бүрдэж байна. Мөн Монгол, Хятад орны мал аж ахуй хөгжиж тэмээчдийн ашиг орлого нэмэгдэн, амьдрал ахуй сайжрах боломжтой юм” гэлээ.

Эдгээр ажиллагааны үр дүр Nature Communications, Nature Genetics, Genome Biology and Evolution, PloS One зэрэг ОУ-ийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна. Мөн түүнчлэн Монгол, Хятад, Казахстан, Иран зэрэг дөрвөн улс хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсныг мэдэгдлээ.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна

“Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, хуульч Ё.Бямбатогтох нар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж, мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн оны 12-р сарын 20-ны өдөр батлагдаж, 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд:

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.3-д заасан “цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтэлнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан “…үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” гэсэн заалтыг зөрчиж байна.
  • Мөн сонгуулийн тухай хуулиар гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдээс санал авахгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн 14.2-т заасан “хүнийг ажил албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Иймээс Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг Үндсэн Хуулийн Цэцээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал “Миний хувьд ТББ байгуулаад 20 жил ажиллаж байна. Монголын төрийг ард түмэндээ ээлтэй шударга түвшин бодолтой байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг” гэлээ.

У.МӨНХ-ЭРДЭНЭ