Categories
мэдээ улс-төр

Малын хулгайчид эрүүгийн хариуцлага тооцох хуулийг батлав

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй ихсэж байгаа төдийгүй ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломж гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, малын хулгайчид 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял оноох юм. Хүндрүүлэх нөхцөл буюу найман бог, хоёр бодоос олон тооны мал хулгайлсан, хил давуулсан бол 2-8 жил хорих заалт тусгасан.

Уг хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд үг хэлж, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь” нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Мөн чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав.

УИХ-ын даргын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг товчлон толилуулж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд хэлсэн үг

Нэгдсэн хуралдаан: “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь”

(2020.01.15 Канберра хот)

Эрхэм парламентчид аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Юуны түрүүнд, бид бүхний санаа зовних нийтлэг асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэлэлцүүлэхээр дэлхийн парламентчдыг хамтад нь хуран цуглуулдаг чухал уулзалт болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын 28 дугаар чуулганыг зохион байгуулж буй Австралийн парламентад төлөөлөгчдийнхөө гүн талархлыг илэрхийлье. Миний бие 2011 онд Гадаад харилцааны сайд байх үеэсээ хойш буюу АНДОП-ын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаас хойш Чуулганы талаар ийм дүгнэлттэй болсон юм.

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг үндэслэгч, Япон Улсын Ерөнхий сайд асан, ноён Ясухиро Накасонэ таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын болон өөрийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Элэгсгээр хүлээн авч буй зохион байгуулагч улсад талархал илэрхийлэхийн сацуу хүний амь эрсдэж, хүрээлэн буй орчныг сүйрүүлсэн энэ хүнд үетэй тулгарсанд нь Австралийн Холбооны Улсад гүн эмгэнэл илэрхийлье. Монголчуудын залбирал, харуусал амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гашуудлыг хуваалцаж байгаа болно.

Хүндэт парламентчид аа,

Олон янзын бэрхшээл дагуулдаг бүх төрлийн гамшгийн өмнө бид бүгдээрээ хүчин мөхөс. Харамсалтай нь тэдгээрийн зарим нь биднээс, хүмүүсээс болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийд тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлд бүс нутаг, улс орон бүр тодорхой хэмжээнд автаж байгаа ба зарим нь үүнд бусдаасаа илүү нэрвэгдэж байна. Монгол Улс ч өөрийн оршиж буй газарзүйн тодорхой байршил, эх газрын эрс тэс уур амьсгал, мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг өрөөсгөл эдийн засагтайгаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд мөн өртөмтгий. Цөлжилт, бэлчээрийн талхлагдал, ган, зуд, усны болон ойн нөөцийн хомсдол, агаарын бохирдол зэрэг нь Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБ, түүний төрөлжсөн болон бусад олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улсын Их Хурал Ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсыг тогтвортой хөгжлөөр хангах гол тулгуур бодлогын нэг хэмээн 2014 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Их Хурал дотоодын төдийгүй дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох аргуудын нэгийг ашиглан хоёрхон сарын өмнө Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Энэ нь Монголд анх удаа зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын арга байсан бөгөөд бид өөрсдийн туршлагаа хуваалцахдаа баяртай байх болно.

Парламентчид туршлагаа хуваалцах, солилцох замаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэдэг.

Парисын хэлэлцээрт нэгдсэний хувьд Монгол Улс салбарын хэмжээнд илүү санаачилгатай хийгээд эдийн засгийн өргөн цар хүрээтэй зорилтыг тодорхойлох замаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн баримт бичгийг боловсруулсан. Тус баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Дасан зохицох төлөвлөгөө”, “Ойн салбар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах Үндэсний төлөвлөгөө”, нийслэл хотын түвшинд ҮТХН-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг чухал бодлогыг боловсруулж байна.

Үүний зэрэгцээ, Монгол Улс нийгэм, эдийн засгийн бүх гол салбаруудыг хамарсан 2050 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан. Энэ зууны дунд үе гэхэд Монгол Улс нүүрстөрөгчийг саармагжуулсан байдалд хүрч чадах, урт хугацааны энэхүү стратегитай ҮТХН-ийн зорилт нь бүрэн нийцэж байна.

Бодлогыг дэмжих хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улс ҮТХН-ийн Түншлэлтэй идэвхтэй хамтран ажиллаж, “COP25”-ын даргалагчийн санаачилсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах эвсэл”-д саяхан нэгдсэн.

Эрхэм төлөөлөгчид өө,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн дагуу уур амьсгалын өөрчлөлт ба түүний сөрөг үр дагавартай тэмцэхэд хөгжингүй орнууд тэргүүлэх байр суурь эзлэх нь зүйтэй. Гэхдээ хөгжиж буй орнууд ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтийн тухай үндэсний бодлогоо баталж, НҮБ-ын холбогдох олон улсын гэрээ, түүний дотор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийг хэрэгжүүлэх замаар өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ялангуяа цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий хөгжиж буй орнуудад ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ боломжийг ашиглан Ази, Номхон далайн гишүүн орнуудыг нийтлэг зорилгодоо хүрэхэд шаардагдах төсвийг хамтран бүрдүүлэхийг уриалж байна.

Төгсгөлд нь хэлэхэд, дэлхий ертөнцийг хойч үедээ өвлүүлэн, амьд ертөнцийн аюулгүй байдлыг хангах илүү дорвитой зорилт бүхий уур амьсгалын чиглэлээрх тодорхой арга хэмжээ авахыг Ази, Номхон далайн бүх парламентчдаас хүсэж байна. Энэ он олон улсын хурцадмал байдал, хүмүүнлэгийн болон экологийн гамшгаар эхэлж байгаа хэдий ч парламентын гишүүд бидний хүчин чармайлтаар хөгжил дэвшилд хүрсэн 2020 он байхын төлөө зорьж ажиллацгаая. Учир нь парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл юм.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Р.Даваахүү, Ж.Тунгалаг нарт Төрийн одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган Төрийн одон медаль хүртээсэн.

Дээрх зарлигийн дагуу “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Раднаагийн Даваахүүг, “Алтангадас” одонгоор Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын “Шилдэг” дунд сургуулийн менежер Ж.Тунгалаг нар шагнагдсаныг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулан ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ спорт

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн дөрөв дэх өдөр Какүрю М.Ананд Мёогирюүтэй тааран барилдаж, ялагдал хүлээн, сүүлийн хоёр барилдаанд өвдөг шороодлоо. Ингэснээр Какүрюү шинэ башё эхэлснээс хойш нэг даваа, гурван унаатай болов.

Мөн тэрбээр хоёр дараалан ялагдал хүлээснийхээ дараа Хакүхотой адил гэмтлийн улмаас энэ удаагийн башёг өнжихөөр болж, Рёогокү Кокүгикан ордонд Ёкозүна цолон зодоглохгүй боллоо.

34 настай Какүрю өмнөх хоёр башёг өвдөг болон нурууны гэмтлийн улмаас өнжөөд байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Туркийн ШУА-иудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Элчин сайд Р.Болд Туркийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Проф.ДР. Музафер Шекертэй уулзаж, хоёр талын ШУА-иудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Шекерийн зүгээс Монголд байгуулах Чингис хааны музейн үзмэрийг баяжуулах, 2020 оны хавар Анкарад болох Олон улсын Монгол судлалын холбооны Европын бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Элчин сайдын зүгээс Туркийн ШУА-ийн Хүндэт гишүүнээр Монголын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Болдыг сонгосонд талархал илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зудтай аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна.

Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын 1000 өрхөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ.

Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж өндөр учраас бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Харин хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхлэх аж.

Categories
мэдээ спорт

Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 25-ны 14 цагаас Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол Улсын начин Сүрэнжавын Нямжав, Даваасамбуу нарын нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

Харин 26-ны өдрийн 14 цагаас “Жем Интернэшнл” ХХК-ны 20 жилийн ойд зориулсан Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Энэхүү барилдаан нь Сар шинийн сорилго” гэдгээрээ онцлоготой билээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

2.5 тонн түүхий нүүрс хот руу оруулахыг завджээ

“Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо”-гоор иргэн Э.Б Налайхын 2.5 тн нүүрсийг тээврийн хэрэгслээр нийслэлд оруулахаар завдсаныг илрүүллээ. “Өвөр гүнтийн шалган нэвтрүүлэх товчоо”-гоор “Prius” машины жолооч М.А нь холбогдох бичиг баримтгүй хоёр шуудай алтны судалтай чулуу тээвэрлэж явсныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт Булган аймагт боллоо

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар агсны гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт өчигдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцжээ.

Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ.

Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан зургадугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулж байсан түүхтэй.

“Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Б.Догмид бичиж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажиллан, МУСТА П.Дэлгэрбаяр найруулжээ.

Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр тус киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун бүсийн аймгуудын усчин аврагчид сургалтад хамрагдаж байна

Баруун бүсийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн Эрэн хайх, аврах ангийн усчин аврагчдын сургалт, дадлага Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа “Усан спорт сургалтын төв”-д зохион байгуулагдаж байна.

Мэргэжлийн усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалт, дадлага нь батлагдсан хөтөлбөрийн дагуу жагсаалын үзлэг, бэлтгэл, танхимын сургалтаар эхэлсэн юм.

Сургалтад баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын 35 усчин аврагч хамрагдаж байна.

Сургалт, дадлага энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.