Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: МАН хандив авахгүй гэдэг нь иргэдийн татварын мөнгөөр сонгуульд орно гэж зарласантай адилхан

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн өдөр болж өнгөрлөө. Ардчилсан Үндсэн хуультай болсноос хойш 28 жил өнгөрчээ. Эндээс ярилцлагаа эхэлье…

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэн дэх томоохон үйл явдлуудын нэг нь Ардчилсан Үндсэн хуулийг баталсан явдал байсан. Тухайн үед Ардын их хурал гэх 400 гаруй депутаттай том парламент 70 гаруй хоног тасралтгүй хуралдаж, нэлээд эрсдэл хүлээж байж, ардчилсан Үндсэн хуулийг баталж байлаа. Би энэ хуулийг туйлын төгс төгөлдөр сайн хууль гэж хэлэхгүй. Гэхдээ өнгөрсөн 28 жил Монголын улс төр, нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт ардчилсан Үндсэн хууль өөрийнхөө гүн гүнзгий ул мөрийг үлдээж чадсан. Социалист тогтолцооноос өнөөдрийн зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгмийн бүтцийг бий болгож, эрх зүйн зохицуулалтыг хийсэн зүйл нь энэ Ардчилсан Үндсэн хууль. Энэ Үндсэн хуулийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Яалт ч үгүй Монгол Улс бол тусгаар тогтносон ардчилсан орон гэдгээ энэ хуулиар баталгаажуулсан.

-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Та энэ шинээр батлагдсан Үндсэн хуулийг хэрхэн хардаг вэ?

-Би энэ нэмэлт, өөрчлөлтийг туйлын сайн өөрчлөлт гэж харахгүй байгаа. Яахав, өөрчлөлт оруулахын тулд хийсэн өөрчлөлт гэж хэлбэл нэг их буруудахгүй байх. Анхны төсөл нь орж ирж байхад авч болохоор хэд хэдэн заалтууд байсан. Бүгдийг нь унагааж, хассан. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр үндсэндээ Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүллээ. Өөр шинэ соргог, реформын хэмжээнд өөрчлөлт хийх хэмжээнд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж чадсангүй.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталлаа. Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр сөрөг хүчний зүгээс эсэргүүцсэн өнцгөөр хандах байсан юм биш үү?

-Би бол байр сууриа хэлсэн шүү дээ. Зээлийг тэглэхээс өөр маш олон хувилбар байсан. Нэгдүгээрт, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг тогтоох, зээлийн хүүг тэглэх гэх мэт. Аль нь ч байсан энэ бол нөгөөх халамжийн нэг хэлбэр шүү дээ. Өөр хувилбараар явсан бол илүү оновчтой байсан байх. Хоёрдугаарт, өдгөө ямарваа нэг зүйлийг угаар нь тайраад хаячихаж болдоггүй. Аливаа юмыг үе шаттай хэрэгжүүлж байж, тодорхой үр дүнд хүрдэг. Үүнтэй адилхан нийгмийн хүнд нөхцөлд, тэр дундаа нийгмийн хамгийн эмзэг хэсэг болох ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал дээр болгоомжтой хандах ёстой.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан хүн. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Нийгмийн хамгааллын асуудал бол хамаагүй оролдож, популист маягаар хандаж болдог сэдэв биш. Тиймээс үүнийг маш сайн судалж, тооцож, бодож, эдийн засгийнхаа бодит нөхцөлийг зөв судалж, ахмадуудынхаа эрх ашгийг зөв тооцоолж шийдэх ёстой. Би тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Ардчилсан нам иргэдийн оюутны зээл, цалингийн зээл, тэтгэврийн зээл гээд маш олон зээлийг хөнгөвчлөх буюу тэглэх захиа, даалгаврыг өгч байсан. Энэ захиа даалгаврыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг гэж харж, халамж талаасаа биш Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хийж болох хувилбар юм уу гэж дэмжиж байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр сууриндаа хэвээрээ байгаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх процессыг хэрхэн харж байгаа вэ. Иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж ярих юм?

-Эрх баригчдын гаргаж байгаа үйлдэл нь буруу явчихлаа гэж харж байна. Нэг хэсгийнх нь зургаан сар хүртэлх зээлийг нь чөлөөлөөд нэг хэсэгт нь ганцхан сая төгрөгийн ваучер 2021 оны тавдугаар сард олгохоор болсон. Энэ бол Үндсэн хуулийн талаас аваад үзсэн ч илт тэгш бус хандаж буй хэрэг л дээ. Өнөөдөр зээл авсан нь хожоод, давуу эрх эдэлж зээлээ тэгүүлж, зээл аваагүй, өөрийнхөө тэтгэвэр тэтгэмжийг амьжиргаандаа зөв тооцож, хүргээд явж байсан хэсэг нь хохироод үлдэх ийм нөхцөл үүсчихлээ гэж харж байна. Үүнийг төр эргэж харах ёстой. Би зөвхөн тэгшитгэх гэдэг утгаар нь ярих гээд байгаа юм биш. Тэтгэврийн 400 орчим мянган иргэнээ алагчилж болохгүй. Эдгээр иргэдийн хувьд бол Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар бонд босгож, тэрнээсээ эх үүсвэрээ бий болгож, тэтгэврийг тэглэх гэж байгаа бол ямар нэг алагчлалгүйгээр бүгдэд нь тэгш хүртээх энэ зарчим уг нь зөв байсан юм. Нэг талдаа харахад нийгмийн халамжийн асуудал яригдаад байгаа мэт боловч нөгөө талдаа хүний эрхийн асуудал яригдаад байгаа байхгүй юу. Нэг хэсэг нь төрийн бодлогоос хожиж байдаг. Нөгөө хэсэг нь төрийн бодлогоос болж, хохирч байж болохгүй. Манай намын үзэл баримтлал бол хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай нам шүү дээ. Хувь хүний эрх чөлөө гэдэгт төрөөс явуулж байгаа аливаа дэмжлэгт бусдын адил тэгш хамрагдах эрхтэй.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдээсээ хандив авахгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхий дээр, ямар ч улс оронд улс төрийн нам мөнгө, санхүүгүй сонгуульд орно гэж байдаггүй юм. Энэ бол дэлхийд байхгүй үзэгдэл. Эрх барьж байгаа намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн нь өөртөө байгаа эрх мэдэл, хөрөнгө мөнгө, давуу талдаа хэт эрдэж, бардсан хүний үг гэж харж байгаа. Нэг үгээр эд нар нэр дэвшигчдээсээ ямар нэгэн хөрөнгө, хандив, татвар босгохгүйгээр төсөв, төрийн мөнгөөр бид сонгуульд оролцоно гэж зарлаж байгаагаас ялгаагүй. Зүгээр л утга, агаар нэг. Шинэ баян цээж өвчтэй гэж ярьдаг. Шинэ баяны дүр төрхөөр “Бидэнд нэр дэвшигчдээсээ тав, арван төгрөг аваад байх шаардлага алга. Тэртэй тэргүй бидэнд хэдэн зуун тэрбумаараа хангалттай мөнгө байна. Тийм болохоор бид нэг ч төгрөг авахгүй” гэж хэлж байна л даа. Нөгөө талдаа ард түмнээ доромжилж байна. Бид хэн нэгэн нэр дэвшигчид ямар нэгэн хариуцлага үүрүүлэхгүйгээр та нарын татварын мөнгөөр сонгуульд орно гэж зарласантай адилхан.

-Уг нь хандив гэдэг улс төрийн намуудын хувьд эрүүл үзэгдэл биз дээ?

-Манай нам нэр дэвшигчдээсээ хандив авна гэдгээ мэдэгдсэн. 100 сая төгрөг босгож чадахгүй бол УИХ-д нэр дэвшээд яах юм бэ. Яахав мөнгөгүй сонгууль хийж болох л байх. Гэхдээ Сонгуульд оролцох урсгал зардал гэдэг зүйл бий. Машин бензинээр явна, тэр олон байшингуудад нь ус, тог, халаалт хэрэгтэй. Намын аппаратын цалин гээд л мөнгө зайлшгүй хэрэг болно шүү дээ. Улс төр гэдэг мөнгө. Тэр мөнгөө энэ олон орд болон ЖДҮ, 60 тэрбум, хөдөлмөр эрхлэлтийн сангийн мөнгө, концесс гээд авлигаар бид бүрдүүлчихсэн гээд байгаа юм уу. Ямар ч нам хандив цуглуулдаг. Бид тэр хандиваа ил тод зарласан. Энэ бол эрүүл үзэгдэл. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын сонгуульд оролцсон зардал мөнгийг төр, ялангуяа Сонгуулийн ерөнхий хороо, аудитын байгууллага маш нарийн хяналт тавих ёстой гэж харж байгаа.

-Ардчилсан нам нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгон шалгаруулах вэ?

-Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчид маань тодроод явж байгаа. Эдгээр хүмүүст, тодорхой хугацаанд үйл ажиллагааны хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд заасан тодорхой үүргүүд байгаа. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн хугацаа ойртсон өдөр гэрээгээ дүгнэнэ. Манай намын үндсэн дүрмээр Сонгон шалгаруулах хороо гэж Үндэсний бодлогын хорооны дэргэд байгууллага байдаг юм. Сонгон шалгаруулах хороо, төв намын эрхлэх газар хамтраад горилогчид буюу нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүдтэй байгуулсан гэрээгээ дүгнэнэ. Хувь хүний боловсрол мэдлэг, давуу тал, улстөрчийн хувьд рейтингийн үзүүлэлт гээд хэд хэдэн зүйл харж байж сонгон шалгаруулах хороо нэрсээ гаргана. Тэр нэрсийг би намын даргын хувьд хянана. Ингээд Үндэсний бодлогын хороо хуулиараа шийдвэрээ гаргана даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Шинэбаяр: Тайзны урлаг өөрөө амьд учраас ямар нэгэн арын хаалга байдаггүй

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяртай ярилцлаа.


-Драмын театрын өндөр босгыг хэрхэн давж орсон цагийн дурсамжаар тань ярилцлагаа эхлэх үү?

-Анх 2013 оны арав билүү арваннэгдүгээр сард шалгалт өгч байсан санагдаж байна. Драмын театрын дэргэдэх Театр студийн дагалдан жүжигчин сонгон шалгаруулах дуу, бүжиг, жүжиглэх гээд бүх номерынх нь дагуу бэлтгээд арванхоёрдугаар сард шалгалт өгсөн юм. Шалгалтын сүүлийн оноог Драмын театрт орох хүсэлтэй байгаа бүх уран бүтээлч болон мөр зэрэгцэн хамт төгссөн найзууд, надаас дээд үеийнхэн сонсохоор ирсэн байлаа. Тэр орой нь Улсын драмын эрдмийн театрын Театр студийн ангид эдгээр хүмүүс тэнцсэн гээд нэрс дуудлаа. Найм билүү есүүлээ тэнцээд Драмын театрт орж байсан юм. Албан ёсоор 2014 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Цагаан сар давхацсан үеэр л Театр студийн жүжигчин болж байлаа.

– Драмын жүжигт тоглоно гэдэг маш том шалгуур гэж хүлээж авдаг байх. Драмын жүжигчин хүнд байх ёстой чадварууд юу вэ?

-Уран бүтээл болгон дээр биднээс маш их зүйл шаарддаг. Жишээлбэл, сонгодог жүжгэн дээр ажиллаад тэр жүжгийн ард гарлаа гэж бодоход маш том сургалтын ард гарсан гэж яригддаг. Түүнтэй адилхан Драмын театрын уран бүтээлүүдэд дүр нөхөлт болоод дараагийн дүрийг хүргэх уран бүтээлч нь бэлэн гараад ирэх юм бол тэр дүрд орох жүжигчин шалгалт маркаар явдаг. Өөрөөр хэлбэл, тэр жүжгээр өөрийгөө харуулах, өөрийгөө мэдрүүлэх, би ийм дүрийг ингэж харуулна, би өөрийнхөө ертөнцөөр ингэж харуулна гэж зорих нь босго гэдэг зүйлийг өөртөө тавьж байгаагийн илрэл. Босго өндөр гэдэг ерөөсөө л энэ. Цаг ямагт бид бэлэн байх ёстой. Хэдийд ч хамаагүй бид тайзан дээр гарахад хэлэх үг текст, бие сэтгэхүй гээд бүх зүйл бэлэн байх ёстой. Драмын театрын жүжигчдээс болоод аливаа ямар нэгэн жүжигчнээс маш их зүйлийг шаарддаг. Тайзан дээр ямар жүжигт тоглож байна, ямар цаг үе байна, ямар орон зай, ямар дүр байна гэдгээсээ хамаараад алхаа гишгээ, дотоод мөн чанар гаднах дүр төрх, урьд урьдны дүрүүдээс хэрхэн яаж өөрчлөгдөх, өөрийгөө ямар талаас нь илүү харуулах гээд энэ болгоноос хамаараад тайзны урлаг гэдэг өөрөө амьд урлаг учраас ямар нэгэн байдлаар арын хаалга байхгүй. Хэрвээ тайзан дээр гарсан бол тухайн дүрд жүжигчин яаж орох, яаж гарах, яаж мөн чанараа бэлдсэн байна, яаж өөрийнхөө сэтгэл зүйг бэлдсэн байна тэр хэмжээгээрээ жижиг ч бай, том ч бай, гол дүр ч бай, туслах дүр ч бай бүх дүрийг аливаа уран бүтээлч өөрөөрөө гаргаж ирж байгаа учраас театрын урлаг амьд урлаг. Хоёрдугаарт, арын хаалга байхгүй. Гуравдугаарт, биднээс цаг үргэлж форумтай байхыг, бэлтгэлтэй байхыг шаарддаг.

-Жүжиг цаг үеэ дагаад өөрчлөгддөг гэж байна л даа. Тэгэхээр Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг хэдэн зуун дамнан тайзан дээр тавигдаж байгаа. Та Драмын театрын гурав дах Ромео гэж яригддаг. Анхны Ромеогоос хэр өөрчлөгдсөн гэж бодож байна?

-Уран бүтээлчдийн нэг ялгаа бий. Нийгмээсээ нэг алхам түрүүлж явах. Тэгж байж бид үзэгчдэдээ өөрсдийн гэсэн ямарваа нэгэн зүйлийг хүргэдэг. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөших юун гэдэгтэй адил хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд ухаарал, бодрол авч ирэх, зүрх сэтгэлд ямарваа нэгэн зүйлийг илтгэж шингээж өгөх, хэлэх гэсэн санаагаараа тухайн уран бүтээл үзэгчдэд хүрч байвал бидний хамгийн том зорилго биелж байгаа хэрэг. Түүнтэй адил Ромео Жульетта 400 гаруй жилийн өмнө бичигдээд өнөөг хүртэл хамгийн том хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон. Энэ жүжгийг Монголд анх 1996 онд хүргэж байсан бол энэ удаад арай илүү модерн чиг хандлагаар орчин үеийн залуучуудын сэтгэхүйд нь тааруулах зүйлүүдийг шигтгэж өгсөн гэдгээрээ XXI зууны Ромео Жульетта онцлог болов уу. Найруулагчийн хэлж байгаа хамгийн том санаа нь одооны үзэгчдэд сайн хүрэх орчин үелэг хэлбэрийг агуулаад хоёр гэр бүлийг үзэгчдийн ойлгох хэмжээнд өнөө цагийн нийгэм ийм байна гэдгийг харуулахыг зорьсон болов уу. Сонгодог бүтээл гэдэг өөрөө тухайн зууныг илтгэснээр бус өнөөг хүртэлх тэр жүжгийн утга агуулга, мөн чанар нь энэ цаг үед шигтгэгдээд үзэгчдийн болоод найруулагчийн эмзэглэл гуниг, атаархал, баяр гунигийг хөдөлгөж байна гэдгийг сонгодог бүтээл гэж байгаа юм л даа. Түүнээс биш сонгодог гэхээрээ л тухайн зууных нь хувцсыг өмсөөд ч гэдэг юмуу тэр зүйлээрээ биш л байх гэж би боддог. Зохиолынх нь гол үзэл санаа тухайн цаг үетэйгээ авцалдаж л байвал зуун зуун жил дамжин өртөөлсөн сонгодог бүтээл гэж би ойлгодог.


-Тайзны бүтээлүүдээс гадна та дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Тэр дундаас “Аав” киноны дүр таныг үзэгчдэд илүү таниулсан гэж бодож байна. Кинон дээрх аав, амьдрал дээрх аавын ялгаа өөр дээрээ жишээ авахад ямар байдаг вэ?

-Аав байна гэдэг асар өндөр хариуцлага. Одоо бол би аав гэдэг хүн үрсийнхээ амьдралын хамгийн том утга учир нь юм болов уу гэж бодож байгаа. Миний охин хоёр ой найман сартай. Кино бол кино. Үзэгчдэд үзүүлэхээр зорьсон юмаа л үзүүлнэ. Амьдрал дээр илүү нарийн. Зарим үед кинонд үзүүлж чадаагүй зүйлүүд маш их тохиолдоно. Уран сайхны кино гэдэг аливаа нэгэн зүйлийг урнаар үзүүлэхээс гадна амьдрал гэдэг зүйлийг харуулахыг хичээдэг. Амьдрал дээр хүүхдийнхээ төлөө бид хэр их зүйлийг хийж бүтээж байна гэдэг л хамгийн чухал болов уу. Амьдрал, кино хоёр хоорондоо маш их ялгаатай.

-“Учрал” кинонд эсрэг талын дүрд тоглосон. Эсрэг дүрд тоглох ямар санагдаж байв?

-Хүмүүс “Таны мөрөөдлийн дүр чинь юу вэ” гэж их асуудаг шүү дээ. Миний мөрөөдөл гэхээсээ илүү өөр янз янзын уран бүтээлүүдэд өөрийгөө сорьж үзэх дуртай. Одоо намайг үзэгчид ямар байдлаар илүү хүлээгээд авчихсан байгаа билээ энэ дүрээсээ хэсэг гарахгүй байж байя. Үргэлжлүүлээд харин өөрийгөө сорих эсрэг талын дүрүүдэд тоглох юмсан гэж боддог. Би өөрөө эсрэг дүрд тоглох их дуртай. Цаашдаа эсрэг дүрийн санал ирвэл татгалзахгүй. Зохиолыг нь уншиж үзээд таалагдвал шууд л тоглоно.

-“Жаргаагүй нар” жүжгийн зохиолд Д.Нацагдоржийн дүрд тоглосон. Түүхэн дүрийг бүтээх хэцүү байсан уу?

-Асар хэцүү. Бид зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойд нь зориулж тоглосон. Энэ хугацаанд тэр хүнийг мэддэг хүмүүс нь маш ховор болчихдог юм байна лээ. Тэр гайхалтай соён гэгээрүүлэгч, уран бүтээлч хүний хойч үедээ үлдээсэн зүйл нь уран бүтээлүүд нь байгаа юм. Бид бүгдэд шүлгүүдээ, жүжгээ үлдээсэн байна. Өнөөг хүртэл бид бүхэн шүлгээр нь, уран бүтээлээр нь дамжуулан зуун дамнан тэр хүнийг мэдэж байна гэдэг маш том гайхамшиг. Уран бүтээлээр нь дамжуулаад тэр хүнийг төсөөлөхөд энэ хүн иймэрхүү хүн байжээ. Ийм зүйлийг хэрэглэдэг байж, ийм зүйлийг бичихийг зорьдог байсан байна гэж таамаг төдий ярьдаг боловч амьдрал дээр ямар зан араншинтай, ямар харектортой хүн байсан юм бол оо гэдэг маш хүнд болоод явчихаж байгаа юм. Тэгэхээр найруулагч ямар өнцгөөр харж байна, тэр хүний дүрийг бүтээх гэж байгаа жүжигчин ямар өнцгөөр харж байна гэдэг чухал. Түүнд судалгаа маш их орно. 20 гаруй эрдэмтэн Д.Нацагдоржийн амьдралыг анхны эхнэр Д.Пагмадуламтай хамт судалдаг юм билээ. Тэр хүмүүстэй ярилцаж, уулзалт хийж судалсны эцэст тэр хүний амьдралын хэв маяг, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зүйлүүдээр нь дамжуулаад ийм хүн байсан болов уу гэдгээр л гаргаж ирсэн. Одоо ч бас амьд байгаа хүмүүсийн дүрд тоглоно гэдэг хэцүү шүү дээ. Судалгааг маш сайн хийж байж л жүжиг маань амилна.

-“Надтай үлдээч” жүжиг удахгүй дахин тайзнаа тоглох гэж байна. Энэ жүжиг залуу найруулагчтай, гол дүрүүдэд нь дандаа залуучууд тоглосон. Залуу хүмүүсийн сэтгэхүйгээр бүтсэн жүжиг гэж ойлгосон л доо. Нийгэмд энэ залуучууд юу өгүүлэхийг зорив. Жишээ нь, Хосбаярын дүрийн нийгэмд өгөх гол мессэж санаа нь юу вэ?

-Манай найруулагч 60 жилийн дараа гэхэд хайр гэдэг зүйл үгүй болно гэж хэлж байсан юм. Түүнийг нь дотроо бодоод байхад хайр гэдэг зүйлийн хандах хандлага нь байгаа ч хэлбэр нь өөрчлөгдөөд байна гэж бодогдсон. Зарим нэг зүйлийг ажиглаад байхад сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр маш их тулгуурлаж яваад байгаа юм уу даа гэж харагддаг. Амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болоод ирэхээр бидний итгэл үнэмшил аль зүг рүү чиглээд байна гэдэг нь том асуудал болж эхэлж байна. Шохоорхол, дурлал сэрэл мэдрэхүйн түвшинд энгийн мэдрэгддэг зүйлүүдийг бид андуураад хайр гэж үзээд байгаа юм биш байгаа. Тухайн үедээ дүр дээрээ ажиллаж байхад тэгж л бодогдож байсан. Шохоорхол, дурлал, хайр бүгд хоорондоо ялгаатай. Шохоорхлоо хайр гэж андуураад сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл болоод яг хэцүүг нь даван туулах мөчид, яг хэцүү нь мэдрэгдээд ирэнгүүт за энэ биш байсан байна гээд гэр бүл салалт үүсээд байна. Түүний нэг уршиг нь энэ сошиал ертөнц. Ер нь Монголд муухай хүн гэж байхаа больчихлоо. Бүгд л ухаантай болсон. Тэгэхээр нэгдүгээрт, сошиал ертөнц гэдэг биднийг юу руу ч хөтөлж болохоор юм байна гэдэг санаа. Хоёрдугаарт, хэн хэнийгээ зүрх сэтгэлээрээ, мөн чанараараа хайрлана гэдэг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг илэрхийлж, гаргахыг хичээсэн. Түүгээрээ дамжуулаад энэ бол жинхэнэ хайр юм байна, хэзээ ч орхихгүйгээр чи миний зүрх сэтгэлд үлдэх юм байна, би чамаас ганц юм гуйя надтай үлдээч… Надтай үлдээч гэдэг үгийг хүн ямар үед хэлдэг вэ гэхээр шохоорхсон үедээ, биш, дурласан үедээ биш. Хайрлаад хамт байх үедээ эсвэл хамгийн эгзэгтэй мөчид хэлдэг. Гэрлэх ёслолын ордонд ч юмуу, хэзээ ч орхиж чадахгүй болсон тэр үедээ хэлдэг. Надтай үүрд үлдээч гэдэг битгий яваарай гэсэн үг биш шүү дээ. Зүрх сэтгэлд нь үлдэж болно. Оюун тархинд нь үлдэж болно. Дэргэд нь үлдэж болно. Үүрд мөнхөд үлдэж болно. Энэ л олон санааг илэрхийлж байгаа жүжиг.

-“Драмын-3” гэдэг хамтлаг байгуулсан шүү дээ. Хамтлагтайгаа уран бүтээлүүдээ хийж байгаа юу?

-Одоохондоо хамтлагтайгаа ажиллахгүй байгаа. Урьд нь цомог гаргая, шинэ дуу дуулъя гээд ярьж л байсан. Энэ бол бидний сонирхлоороо л хийж байгаа зүйл л дээ. Дуулах хүсэл сонирхолдоо хөтлөгдөж, хамтлагаа байгуулсан. Гэхдээ ойрын хугацаандаа шинэ дуу гаргаж магадгүй. Хэд хэдэн дуу бий. Тэднийгээ дахин шинэчилж гаргах уу, үгүй юү гэдгээ ярилцаж байна. Гэхдээ ямар бүрэлдэхүүнтэй яаж гарч ирэх үү гэдэг таавар л даа.

-Ойрын төлөвлөгөөндөө ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Хоёр киноны санал авчихсан бэлтгэл ажилдаа ороод явж байна. Улсын драмын эрдмийн театр хоёрдугаар сарын 28-нд “Анна Каренина” гэдэг дэлхийн сонгодог бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон. Энэ жил “Гэгээн Муза” гээд уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг гайхалтай наадам болно. Хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж, уран бүтээлүүдээ хүргэнэ. Ирэх жил манай театрын 90 жилийн ой тохионо. Тиймээс бид 90 жилийнхээ ойд бэлдээд дор бүрнээ маш их ажилтай явж байна даа.

-Цаашдын зорилгоо тодорхойлсон уу?

-“Хэрвээ чи мөрөөдлөөсөө айхгүй байгаа бол тэр мөрөөдөл чинь маш жижигхэн юм байна” гэдэг сайхан үгийг би олж уншсан юм. Одоо миний мөрөөдөл бол дэлхийн давцанд гарах. Монголынхоо нэрийг дуурсгах. Ямар ч уран бүтээлч хүний зүрх сэтгэлд тийм юм байдаг байх. Гэхдээ тийм сайхан мөрөөдлөөр л жигүүрлэж байж цааш цаашдаа өөрийгөө хөглөнө. Цаашдаа уран бүтээлүүдээ улам чанаржуулна гэж би боддог.


Categories
мэдээ цаг-үе

Бид “Өдрийн сонин”-оос төрсөн гэр бүл

“Өдрийн сонин” жил бүр хамгийн өндөр борлуулалттай буюу бестселлер номыг шалгаруулж, танилцуулдаг билээ. 2019 онд хамгийн их борлогдсон номын жагсаалтад эдүгээ Франц улсад амьдран уран бүтээлээ туурвиж буй зохиолч Халтарын Болор-Эрдэнийн ”Гүйж яваа эмэгтэй” ном орсон юм. Манай сониноос гаргасан уг жагсаалтад Монгол зохиолчийн хоёр ном багтсаны нэг нь энэхүү бүтээл юм. Ингээд зохиолч Х.Болор-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе.


-Өнгөрсөн онд та уран бүтээлийн олз, онгод ихтэй байлаа. “Гүйж яваа эмэгтэй” бэсрэг роман л гэхэд долоо хоног тутамд номын дэлгүүрүүдийн “бестселлер” жагсаалтыг тэргүүлж байгаа харагддаг?

-Тийм ээ. 2019 он үнэхээр надад бэлэг болон ирсэн жил байлаа. Амьдын хагацал амсаж яваа, тавиул хүүхдүүдийн талаарх олон жил бодож явсан сэдвээ хэрхэн бодит зүйл болгохыг ойлгосон. Ингээд өөрийнхөө хамгийн уйгагүй 47 дагагчийг нэгтгэн урьж, тэдний нүдэн дээр номоо бичиж дуусгасан. Энэ номыг дүр дүрслэл, монгол романы улиг болсон үг хэллэг, нуршуу хэв маяг, уламжлалт хэл найруулга, хэлбэр төрхөөс тэс өөр зүйл байлгахыг би хүссэн. Хүсэл минь биелж “Гүйж яваа эмэгтэй” анхны роман минь гарч ирсэн дороо уншигчдын хайрыг татаж, улмаар бүр маш эрчтэйгээр дэлхийг тойрон гүйж одсон.Энэ бүтээл минь яг одоо франц хэл дээр орчуулагдаж дуусаад, дараагийн аяндаа гарахаар зэхэж байна. Мөн хятад хэл дээр ч орчуулагдаж дууссан баяртай мэдээг дуулгая.

Анх удаа хоёр гүрэн дамнаж номын баяр хийсэн тохиолдлыг өөрийн бүтээл дээр биелэхийг үзлээ. Уншигчид маань Улаанбаатарт номын баярыг минь сайн дураараа хийж, түүнтэй зэрэгцэн шинэ номын нээлтээ би Парис хотод хийлээ. Номын нэртэй бялуу төрж, хэвлэгдээгүй номын хэлэлцүүлэг хийгдэж, худалдаанд гараагүй ном хэрхэн бестселлер болохыг уншигчидтайгаа хамт үзсэн. Энэ бүхэнд миний зүгээс ямар ч гуйлт хүсэлт явагдаагүй бөгөөд харин ч заримдаа хориглож, татгалзаж байсныг уншигчид маань санаж байгаа. Гэсэн ч уран бүтээлийг минь өлгийдөн авахаар давлагаалан урам хүч нэмсэн уншигчиддаа хэрхэн талархсанаа илэрхийлэх аргаа одоо ч олохгүй байна.

Би монгол уншигчдын дундаас жинхэнэ судлаачдыг олж нээхийг олон жил хүссэн юм. Тиймээс “Би гүйж явна” нэртэй эссээ бичлэгийн уралдааныг орон даяар зарлаж, амжилттайгаар дуусгаж чадсан. Тодроогүй судлаачид, товойх гэж яараагүй ч алив уран бүтээлийн уг мухрыг нь ухаж төнхөх гайхалтай чадвартай олон мундаг уншигчийг шүүн олж урамшуулсан. Уралдаанд хилийн чанадаас болон хөдөө орон нутгаас маш олон хүн оролцсон тул шагналт байруудын тоо ч нэмэгдэж, эзнээ олсон урамшууллууд маань олон хүнийг баярлуулсан. Үүнийгээ би жил бүр уламжлал болгон зохион байгуулж байя гэж бодож байгаа.

Хувьхандаа бол нөхөр бид хоёр гэрлэснийхээ 20 жилийн ойг тэмдэглэсэн. Бид чинь энэ “Өдрийн сонин”-оос төрсөн гэр бүл шүү дээ. Сониныхон маань бидний хуриманд халуун бүлээрээ багтаж ядан цуглаж байсан тэр өдрөөс хойш яг 20 жил өнгөрсөн байна.

-Мөн 2001 онд “Алтан-Өд” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Хишигт” тууж тань “Khishigt Mongol”нэртэйгээр Франц хэлээр хэвлэгдсэн. Номын орчуулгын тухайд орчуулагч түрүүлж санал тавьсан уу?

-“Хишигт” тууж маань франц хэл дээр хэвлэгдэж Францын нэрд гарч яваа “Trois colonnes” хэвлэлийн компаниар дамжуулан дэлхийн франц хэлтэй орнуудын номын зах зээл дээр тавигдаж, Amazon.com, Fnac, Culture.com, Books.google.fr, Desitre.fr, librairie-broglie.com зэрэг олон улсын алдартай сүлжээ дэлгүүр, сайтуудаар зарагдаж эхэллээ. Орчин үеийн Монголын утга зохиолоос анх удаа албан ёсоор Европын номын зах зээлд ном журмынх нь дагуу хөл тавьж, захгүй их далайд сэлүүр дэлгэн орж чадлаа. Энэ номыг аль дөрвөн жилийн өмнө орчуулчихсан тухайгаа манай орчуулагч Урантуяа маань хэлж, эхээ өгчихсөн байсан юм. Өөрөө санаачилгаараа орчуулж, надад сэтгэлийн бэлэг болгон өгсөн юм. Энэ орчуулга тун гайхалтай болсон. Учир нь Франц, Швейцарийн найман хэвлэлийн газар луу илгээхэд долоогоос нь хэвлэхийг зөвшөөрсөн хариу ирүүлсэн.

-Саяхан “Аз хур” “Интер ном” дэлгүүрээс 2019 онд хамгийн их борлуулалттай байсан арван номыг нэрлэхэд найм нь орчуулгынх, харин үлдсэн хоёр нь монгол зохиолчдын ном байсан. Монгол зохиолчдын бүтээлүүд орчуулгын бүтээлээс муу байна уу, эсвэл уншигчид сонголтоо хийж чадахгүй байна уу?

-Үүнд уншигчдын буруу огт байхгүй. Хэн ч, хэнийг ч албадаагүй нийгэмд уншигчид юуг сонгохоо өөрсдөө шийддэг. Тэд юу уншихыг хүсч байна, түүнийгээ л сонгож байгаа. Уран зохиол бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг цагаан сарын бэлэг шиг зүйл биш шүү дээ. Хүмүүс тархи оюунаа юугаар цэнгүүлэхийг хүсч байна, тэдний оюуны цангааг юу тайлж байна, түүнийгээ л сонгож уншиж байгаа. Уншигчдад манай зохиолчдын бие биедээ өгдөг том том цол гуншин, сүртэй магтаалууд огт сонин биш. Тэд уншаад таалагдсан зохиолуудаа л ам уралдан ярьцгаадаг.

-Таны хувьд унших номынхоо сонголтыг хэрхэн хийдэг вэ?

-Миний мэдрэмж юу хүсч байна, түүнийг л сонгодог. Жишээ нь, би энэ сард зүгээр л савангийн дуурь шиг юм уншиж тархиа амрааж, энгийн нэг эмэгтэй хүн шиг баймаар санагдвал тийм цуврал номнуудыг түүж уншдаг гэх ч юм уу. Эсвэл энэ амралт нь дэндчихээд байгаа тархины нугалааг жаахан тэнийлгэж, агаар салхи оруулмаар санагдаад байвал нэлээд хүнд, философи, эсвэл сэтгэлгээний талын юм уншъя ч гэдэг юм уу. Ер нь л нэг хэв маягаараа удаан амьдарч дийлдэггүй хүн шүү дээ, би чинь.

– Бичихийн хажуугаар уншиж байгаа байх. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би яг одоо франц хэлний тэтгэлэгтэй сургалтад явж байгаа юм. Тиймээс тэр чиглэлийнхээ хөнгөн, хүүхдийн маягтай номнуудыг л уншиж байна даа. “J’aime lire” буюу “Би унших дуртай” гээд цуврал ном байдаг юм. Тэрүүнтэй л ноцолдож байна даа.

-Сэтгэлгээний өгүүллэгүүдийн бүхий л түүврээ “Болор өгүүллэгүүд” гэсэн нэртэйгээр хэвлүүлэх гэж байгаа гэсэн. Таны хүсэл гэхээсээ илүү, уншигчдын хүсэлт байх тийм үү?

– Тийм ээ, сэтгэлгээний өгүүллэгүүдийн номнууд маань олон жилийн өмнөөс худалдаанд байхаа болиод хүмүүс эрж хайж их ирдэг болсон юм. Уг нь дахин хэвлэх бодол огт байгаагүй. Гэтэл уншигчдаас, ялангуяа задлан шинжлэлд их ашигладаг багш, сурагч, оюутнуудаас маш их санал ирсэн. Миний өгүүллэгүүд их сургуулиудын элсэлт, төгсөлтийн шалгалтууд дээр бас нэлээд ирдэг юм байна л даа. Тэгээд гарын авлагагүй болсон уншигчдын шаардлагаар мөн намайг өөр өнцгөөс харахыг хүссэн“Хишигт”, “Гүйж яваа эмэгтэй”-гийн уншигчдын уйгагүй хүсэлтүүд номоо нэгтгэн хэвлэхээс өөр аргагүйд хүргэлээ. Гэхдээ энэ шахалт шаардлагууд намайг аз жаргалтай болгож байна.

-Хүн сайн хийж чаддаг зүйлээ амархан хийж сурдаггүй шүү дээ. Таныг уран зохиол хэмээх айлтай танилцуулсан, хийж бүтээх их хүсэл төрүүлсэн зүйл гэвэл хэнийг (юуг) нэрлэх бол?

-За хамгийн түрүүнд миний бага нас үүнд том үүрэг гүйцэтгэжээ. Эргэн тойронд маань дүүрэн номын хорхойтнууд байлаа. Ном уншихыг өөгшүүлэн дэмждэг сайхан цаг үед өсчээ, бид. Харин дараахь том ачтан бол зохиолч Бадарчийн Даариймаа гэж гайхалтай эмэгтэй бий. Миний анхны бүтээлүүдийг үзэж урам өгч, зүг чиг зааж байсан хүн. Мөн анхны номонд өмнөтгөл үг бичиж, урам өгсөн зохиолч Г.Аюурзана байна. Тэр үед би шинэ үеийнхнээс ганцаараа л өгүүллэг бичиж ном хэвлүүлж байсан том толгой байж. Хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүн бол миний хань, сэтгүүлч-яруу найрагч Б.Эрдэнэсолонго. Энэ хүн л ерөөсөө зүгээр өдрийн тэмдэглэл бичээд явж байсан хүнийг хөөрөгдсөн шүү дээ. Би өөрөө ч итгээгүй байхад манай хүн намайг бичнэ гэдэгт бүрэн итгэсэн байсан юм. Тэгээд л анхны номыг маань хэвлүүлэхээс эхлээд л гүйчихсэн хүн.

-Монголын зохиолчдын эвлэл 1990 оноос хойш “Утгын чимэг” өгүүллэгийн наадмыг уламжлал болгон зохион явуулж байгаа. Таны хувьд уг наадамд бүтээлээ сойж байв уу?

-Би сонирхдоггүй. Өнгөрсөн жил өгүүллэгээ өгсөн ч хэн нэг нь мартаад уралдаандаа оруулаагүй байсан. Дахиж өгөхгүй гэж бодож байгаа. Хүний зохиол нэг л төрнө шүү дээ.

-“Хүн хүний нутагт хагас жаргаж, өөрийн нутаг бүтэн жаргадаг” гэдэг. Эх орноо санан гэгэлзэж л байгаа байх…

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв агсан маань нэг захиандаа “Эх орноо санана гэдэг том эрдэм” гэж бичиж, мөнхөд санаж явах үнэт сургаалиа үлдээж байлаа. Үнэхээр хүн эх орноосоо алсад байж л санахын жаргал, зовлон, үнэт чанарыг илүү тод ойлгодог юм байна. Үнэхээр санах гэдэг үг ч үүнд багадна. Бид энд яг л өнчин хүмүүс шиг байдаг. Гэсэн ч намайг хүлээсэн эх орон бий гэж санаж явахад сайхан. Ийм үгтэй дуу би бичиж байсан шүү дээ. Дуучин Б.Баярцэцэг дуулдаг. Тэр дууны үгс маань сэтгэлд урсаж явдаг даа.

-Урлагийн салбар, тэр дундаа уран зохиолын салбар эмэгтэй хүнээс их золиос шаарддаг бололтой. Ээж байх уу, уран бүтээлч байх уу гэсэн их сонголтын өмнө зарим нь нуруугаа авахуулдаг ч юм шиг. Гэсэн хэдий ч ээж болсон ч уран бүтээлээ туурвиад явж байгаа эмэгтэй зохиолчид цөөнгүй байна…

-Хүнээс золиос шаарддаггүй ямар ч хөдөлмөр байхгүй шүү дээ. Надад бол түүртээд байх зүйл байдаггүй. Учир нь дуртай зүйлээ хийж амьдардаг хүмүүс жаргалтай байдаг. Би үр хүүхэд, гэр бүлээ надаас золиос нэхдэг өр шир шиг зүйл гэж бодохгүй байна. Тэд маань миний үнэт зүйл. Миний уран бүтээлүүд ч бас миний үнэт зүйл. Үнэт зүйлсээ бүтээж байж гомдоллоод, золиос гаргачихлаа энэ тэр гээд уйлан дуугараад байвал инээдтэй биз дээ. Би зүгээр л үнэ цэнэтэй амьдралыг бүтээж байгаа хүн.


-Гэр бүлийн тань хүн мөн уран бүтээлч. Хүмүүс хоёр хүчирхэг хүн нэг дор байж чаддаггүй л гэх юм…

-Бид байгаад л байна. Болоод л байна. Хэн хэнийхээ дутууг гүйцээгээд амьдраад л байна. Магадгүй өөр мэргэжлийн хүнтэй амьдарсан бол би харин огт өөр ажилд уяатай насыг барсан гэрийн эзэгтэй болох байсан байх гэж боддог. Миний хань бол миний луужин юм л даа.

-Б.Эрдэнэсолонго ах та хоёрын анх танилцсан түүхийг таны хэвлэлд өгсөн ярилцлагаас уншчихаад зоригийг тань хүндэтгэмээр санагдсан шүү?

-Энэ талаар би “Хамтран амьдрагч” гээд кино хийчихсэн шүү дээ. Тэр киног үзвэл бидний түүх олон хачир чимэггүй гараад л ирнэ. Ер нь бол бид хоёрын анх биесээ харсан, үерхэж нөхөрлөсөн, хамтдаа дэггүйтсэн, хамтран галзуурч, бие биенээ уруу татсан он жилүүд “Өдрийн сонин”-той л холбоотой. Хамт олон маань одоо ч санаж байгаа байх. Хоёул үерхэж байгаагаа нууцалж байгаад гэнэт л нэг өдөр хуримын урилгаа коридорын самбар дээр хадчихаад зугтааснаа санаж байна. Бүгд л шоконд орж байлаа даа… Энэ хамт олон л бид хоёрын амьдрал, бүтээлийн халуун тулгыг тулсан юм шүү дээ. Яаж талархахаа ч мэдэхгүй байна. Бид та нарыгаа үргэлж халуунаар дурсаж явдаг шүү.

Э.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

“Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа

Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

Энэхүү гэрээний эхлэл болгож өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Үйл ажиллагааны үеэр МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, БТСГ-ын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ

Дээд шүүх өнөөдөр Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын хүсэлтийг хэлэлцлээ.

Ийн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн Төв зөвлөлийн ээлжит гуравдугаар хурлын тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

Categories
мэдээ нийгэм

​Түүж бэлтгэхийг хориглосон “Барагшун”-ыг их хэмжээгээр тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

Түүж бэлтгэхийг хориглосон “Барагшун” их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлж, Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Тодруулбал, “Эмээлтийн авто тээврийн товчоо”-гоор Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 12-50 ХОА улсын дугаартай авто машиныг шалгахад 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Сануулахад барагшуныг 2017 оноос эхлэн таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон байдаг.

Categories
мэдээ нийгэм

“UB school bus” гар утасны аппликейшныг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийв.

“UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж.

Энэ үеэр хотын захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

Categories
мэдээ улс-төр

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй болон найруулгын 25 санал гаргасныг чуулганы хуралдаанаар нэг бүрчлэн санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ улс-төр

“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 45 минутад эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зарчимын зөрүүтэй хоёр саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүний хувиар гаргасныг санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зарчимын зөрүүтэй саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар тогтов.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөгөөний дагуу хангагдаж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөсөн дагуу хангагдаж байгаа гэж ойлголоо. Холбогдох газрууд цаашид ажлаа сайтар уялдуулж ажиллаарай” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар дахин мэдээ мэдээллээ нэгтгэн танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.