Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Азийн хамгийн том цогцолбор сургуульд “Хязгааргүй мөрөөдөл” төсөл амжилттай хэрэгжлээ

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд ХХБанк нь 12,000 орчим сурагчид, 700 орчим багш ажилтнуудын хамт сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй Азийн хамгийн том цогцолбор сургуульд тооцогддог Ирээдүй цогцолбор сургуулийн бага сургуулийн номын санг тохижуулан хэрэгцээтэй номуудаар баяжуулж албан ёсоор хүлээлгэн өглөө.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга бэлгэдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлогтой.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ улс-төр

Тони Смит: Байгалийн гамшигт өртсөн бидэнд сайн санааны тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлье

Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тони Смиттэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Күинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад гарсан түймэрт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Гамшигт өртсөн Австралийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсад амьдарч буй монгол иргэд хүмүүнлэгийн тусламж, Монголын ард түмэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг мөн дурдав.

Түүнчлэн хэдийгээр байгалийн гамшигт өртөөд байгаа ч Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг эх орондоо өндөр хэмжээнд, амжилттай зохион байгуулж буйд нь ноён Т.Смит болон Австралийн Холбооны Улсын парламентад баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Смит нар хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, цаашид байгаа боломжийг сайтар ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж, “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт тавьж, олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад, манай гуравдагч хөрш, найрсаг харилцаат Австрали Улс биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна гэв.

Мөн Рио Тинто группийн хэрэгжүүлж буй Оюутолгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангах талаар УИХ-аас тогтоол гаргасныг дурдаад, “Энэхүү төслийн гэрээг сайжруулах ёстой гэж бид үздэг. Зэс, алтны арвин нөөцтэй, дэлхийн хэмжээний том ордод хамтарсан төсөл хэрэгжүүлж буй Монголын талын үр өгөөж муу байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ноён Т.Смит Монголын ард түмэн, Засгийн газар байгалийн гамшигт өртсөн бидэнд сайн санааны тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлье гээд, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын “саарал жагсаалт”-аас гарах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг бид ойлголоо. Холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэж, дэмжин туслах болно гэв.

Уулзалтад оролцсон сенатч Дин Смит Монголыг хоёр том хөршийн дунд оршдог, “өргөсөн дундах цэцэг” гэж нэрлээд, Австралийн парламентад Австрали-Монголын бүлэг байгуулах асуудлыг идэвхтэй хөөцөлдөж, Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр парламент хооронд болон Тамгын газруудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх ёстой гэдгийг дурдаад, энэ зорилгод найрамдлын бүлэг чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрбээр Баруун Австралиас парламентад сонгогдсон сенатч бөгөөд тус муж нь уул уурхайн бүс нутаг тул өөрсдийн туршлага, мэдлэгээ монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байх болно. Зөвхөн байгалийн баялгийг олборлох биш, хайгуул, судалгаа шинжилгээ, инновац гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөж, санал бодлыг нь сонсож, Зөвлөлдөх ардчиллын зарчмаар Үндсэн хуульдаа зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар тодорхой мэдээлэл өгөв.

Хоёр орны хамтын ажиллагаанд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал байхгүй тул хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх нь чухал болохыг уулзалтын төгсгөлд хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай гамшгаас хамгаалах салбарт ажиллагсдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын тэргүүн Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Бусан хотын Онцгой байдлын газартай хамтарсан “Хөгжлийн нууцаас суралцахуй цогц хөтөлбөр”-өөр алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах, чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээг үзүүлэх, алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав, ээж” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

Монгол Улс 13 яамтай. Түүний нэг нь Зам, тээврийн хөгжлийн яам. Энэ яам өмнө нь Дэд бүтцийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам зэргээр нэршлээ хэдэнтээ сольж ирсэн байдаг.

Мэдээж энэ нь Засаг солигдох бүрт өөрчлөгдсөн нэршил. Ерөнхийдөө энэ яам бол Монгол Улсын дэд бүтцийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Зам, тээврийн салбарын хөгжил энэ яамтай шууд холбогдоно. Зам дагаж хөгжил гэдэг учраас зам, тээвэр хэр сайн хөгжинө тэр хэрээр улс орны хөгжил урагшилж байдаг.

ТАЛИЙГААЧ С.ЗОРИГООС Т.ГОМБОСҮРЭН ХҮРТЭЛХ АЛЛАГЫН ХЭРГҮҮД

Тэгвэл манай Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гэхээс илүү рецедив гэмт хэргийн “хөгжлийг” урагшлуулдаг яам болж хувирлаа. Зөвхөн өнөөдөр яригдаж байгаа газрын дарга нарын зодооноос үүссэн хүн амины хэрэг, авлигын хэргүүдээр л ингэж ярьсан юм биш. Эртнээс энэ яам зартай байсан.

Эдүгээ хуулийнхан 22 жилийн турш мөрдөж байгаа улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг манай улсын гэмт хэргийн ертөнцөд гарсан аймшигт аллагуудын нэг. С.Зориг алагдахаасаа өмнө Дэд бүтцийн сайдын албыг хашдаг байв. Түүний дараах Дэд бүтцийн хөгжлийн сайд бол Г.Батхүү байв.

Тэрбээр өнгөрсөн онд Төрийн ордонд амиа алдсан. Түүний нас барсан хэрэг одоо ч маргаантай хэвээр байгаа. Гэр бүл, хамтран зүтгэгчдийн зүгээс энэ явдлыг аллага байсан гэж дуу нэгтэй хэлдэг. Одоо ч энэ хэргийг нэг талд нь шийдвэрлээгүй байгаа нь олон түмэнд эргэлзээ төрүүлдэг. Энэ яаманд удирдах алба хашиж байсан хүмүүсийг тойрсон аллагын хэрэг ингээд зогсохгүй.

Одоогоос хоёр жилийн өмнө Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн яамныхаа Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалын гарт амиа алдсан хэрэг дуулиан тарьсан юм.

Газрын дарга нар төрийн яаман дотроо муудалцаж, нэгнийгээ хөнөөх хэмжээнд хүрсэн учраас нийгэм цочирдсон хэрэг. Хэрэгтэн тодорхой уг хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй. Шүүх хурал хэдэнтээ хойшилсоор, одоо бүр эргээд мөрдөн байцаалтад шилжчихсэн яваа.

Үнэхээр дээрх хүн амины хэргүүдийг харахад санамсаргүй байдлаар хүний аминд хүрчихэж гэхээс илүү санаатай, зохион байгуулалттай хядлага гэмээр. С.Зоригийн аллагыг монголчууд мэднэ. Талийгаач Т.Гомбосүрэнг ч мөн тарчлаан зовоож алсныг тухайн үед бид мэдээлж байсан. Яамны хамт ажиллагсад нь дэргэд нь харж зогссоор нэгнийгээ хөнөөлгөсөн аймшигт хэрэг юм.

САЙД, ДАРГА НАР НЬ АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДСААР…

Тэгвэл авлига, албан тушаалын хэргүүдээрээ ч Зам, тээврийн хөгжлийн яам зартай. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамаар л хаяглагддаг болчихоод байна.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар овоглодог Гашуунсухайт-Таван толгой чиглэлийн 267 км төмөр зам бүтээн байгуулах төсөлтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг өнгөрсөн хоёр, гурван жил том сенсааци байв.

Энэ хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Зам, тээврийн сайд асан А.Ганхүү, Монголын төмөр зам ТӨХК-ийн удирдлагууд зэрэг яам тойрсон олон албан тушаалтан холбогдож байв. Чингис бондын хөрөнгөөс 197 сая ам.доллар зарцуулагдсан уг төсөл одоо овоолсон шороо болж үлдсэнийг монголчууд мэднэ. Энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй өдийг хүрч буй.

Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хэрэг ингээд дуусахгүй. Яг одоо АТГ дээр яллагдагчаар татагдаад байгаа сайд бол Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д. Ганбат. Тэрбээр төмөр замын хэргээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаанд холбогдон урт хугацаагаар шалгуулж буй.

Түүнийг өнгөрсөн оны дундуур цагдан хориод сулласан бол өнгөрсөн долоо хоногт дахин баривчилсан мэдээлэл байгаа юм. Учир нь түүнийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн шалгах үед буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хилээр гарахыг завдсан учраас хилийн хориг тогтоогоод байсан юм.

Гэвч энэ сарын эхээр Замын-Үүдийн хилийн боомтоор хил нэвтрэхийг завдах үед хуулийнхан дахин саатуулсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа агентлагууд зам, тээвэртэй холбоотой томоохон тендерүүдийг зарладаг, зөвшөөрөл өгдөг эрх бүхий төв байгууллагуудтай. Нэг ёсондоо маш их мөнгө эргэлддэг газар гэсэн үг. Тэр ч утгаар авлига, ашиг сонирхлын эрсдэл хамгийн өндөртэй, ийм хэргүүд ч олон гардаг болчихоод байгаа юм. Олон нийтэд ил болсон томоохон мөнгөн дүнтэй авлигын хэрэгтнүүд энэ яаманд ажиллаж байсан байдаг.

АТГ-аас тус яамны газрын дарга асан Р.Ононг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж, 644 сая төгрөгийн орон сууцыг нь улсын өмч болгон битүүмжилсэн тохиолдол бий. Мөн хэдхэн сарын өмнө олон нийтэд дуулиан тарьж, авлигын мөнгөө оймсноосоо гаргаж ирсэн бичлэгийн эздийн хэрэг энэ яамнаас эхлэлтэй.

Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг АТГ-аас ил болгосон юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авто тээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тухай тусгай зөвшөөрлийг“Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сард тус компаниас нийт 57.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байдаг.

Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсныг илрүүлсэн юм.

Замын барилга, ачаа тээврийн компаниудаас авлига авдгийг нотолсон дараагийн хэрэг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандын хэрэг юм. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сард АТГ-аас авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй хэмээн саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Хамгийн сүүлийн дуулианы эзэн Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улсын замын засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын компаниас 20,000 юанийн авлига авсан гэх Х.Оргил-Эрдэнийн хэрэг юм. “Дархан-Улаанбаатар чиглэлийн замтай холбоотой авлига 20,000 юаниар хязгаарлагдахгүй, үүнээс ч их хэмжээний авлигын асуудал бий” гэж хуулийнхан онцолж байгаа.

Нэг ёсондоо олон түмэнд ил болсон хэргүүд л дээрх юм. Зам, тээврийн хөгжлийн яаманд үүрлэсэн хар муу хэргийн мөсөн уулын орой буюу нэг л хувийг нь монголчууд харж байна. Харин 99 хувийг монголчууд мэдэхгүй байгаа нь үнэн.

Хууль бус үйлдэл, албан тушаалаа наймаалж авлига авдаг явдал тус яаманд улам төгөлдөржиж, жил ирэх тусам нууц байдалд шилжсээр байгаа нь л ойлгомжтой байна. Түүний өчүүхэн хэсгийг л хуулийнхан барьж авч, олон нийтэд ил болж байна. Бүр ноцтой, хүний толгойд ч оромгүй мөнгөн дүнтэй авлигын хэргүүд далд байдлаар явагдсаар л байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг.

УРАГШИЛДАГГҮЙ ТӨСЛҮҮД

Уг нь төрийн яам салбарын бодлогоо зөв тодорхойлж, бусад яамдаасаа түрүүлж алхахыг хичээх ёстой. Тэр нь хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт, үр дүнгээр нь харагдах учиртай юм. Зам, тээврийн хөгжлийн яамны хэд, хэдэн том төсөл өнөөдөр гацаанд орчихсон байгаа нь харамсалтай. Үүний тод жишээ Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал юм.

Олон улсын зээл тусламжаар 2008 онд эхэлсэн тус нисэх буудлыг салбарын яамнаас “Яг энэ жил ашиглалтад орно” гэж жил бүр мэдэгдэж байсныг өнгөрсөн мэдээллүүдээс түүгээд харчихаж болно. 2018, 2019 онд жид дараалан хэлж л байж.

Өнөөдөр тус нисэх буудал ашиглалтад ороод амлаад байсан шиг түм бум бужигнасан газар болчихоогүй, хотын захад хоосон дүнхийж л байна.

Үүний бас нэг жишээ нь Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн 204 км замын барилга шинэчлэлтийн ажил. Сайдаасаа эхлээд нөгөө 20,000 юанийн эзэн Х.Оргил-Эрдэнэ дарга хүртэл амтай бүхэн “Удахгүй ашиглалтад орно” гэсэн Дарханы замын ажил яагаа ч үгүй байгаад олон нийт бухимдсаар байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орно гэж улс даяар зарласан ч орж чадаагүй.

Дөнгөж хөрс хуулалт хийгдээд байгаа 204 км замыг ирэх зургаадугаар сард дуусгана гээд л Б.Энх-Амгалан сайд саяхан хэвлэлээр ярилаа. Зургаадугаар cap гэдэг барилга, бүтээн байгуулалтын эхний л үе. Гэтэл “Ашиглалтад оруулна аа л” гэсээр байна.

Замтай холбоотой бас нэг урагшилдаггүй төсөл зүүн чиглэлд бий. Олон жил яригдсан ч ажил хэрэг боЛдоггүй Таван толгойн нүүрс тээврийн зам. Хатуу хучилттай болгоогүйгээс олон арван ноцтой осол гарч жолооч нар амиа алдсан олон эмгэнэлт тохиолдол байлаг юм.

Уг нь Таван толгойн нүүрс тээврийн зам Зам, тээврийн хөгжлийн яаманд хамгийн их ашиг өгдөг талбар. Тээврийн компаниуд Тавантолгойн нүүрс зөөх эрх авахын төлөө ёстой л алалцдаг. Нүүрсний тээвэр хийх эрхийг Зам, тээврийн хөгжлийн яам өгнө. Бас л нөгөө авлигын хэргүүд энд цэцэглэсэн байдаг нь нууц биш болсон.

Ерөөс энэ яаманд онц байдал зарлахад хүрээд байна. Аль л аймшигтай аллага, албан тушаалаа наймаалсан ноцтой хэргүүд, урагшилдаггүй төслүүд энэ яаманд байна. Тийм биш гэж үү.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ спорт

“Футзалын охидын цом” тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Монголын Хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд 15 хүртэлх насны охидын футзалын цомын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх шилдэг найман багийн нэрс тодроод буй юм. Өнөөдөр хасагдах шатны тоглолтуудаар тэмцээн үргэлжлэн явагдана. Эхний тоглолт Ганзам 20 болон Хоромхон багуудын хооронд явагдах юм. Тэмцээний аваргууд энэ сарын 19-нд тодорно.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдээгүй байна

Өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09:00 цагт хуралдахаар товлосон. Гэвч одоогийн байдлаар ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна. Тус дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон Ц.Нямдорж Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүдээс бүрддэг. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх юм.

Дараагаар нь Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдана.

Categories
мэдээ спорт

​”Токио-2020″ олимпийн тасалбарын загварыг танилцууллаа

Японы нийслэл Токио хотноо энэ зун болох олимпийн наадам, паралимпийн наадмын тасалбарын 84 загварыг тус наадмыг зохион байгуулах хорооноос лхагва гарагт танилцуулав. Тасалбарын загваруудад Японы уламжлалт дөрвөн өнгө болох хүрэн улаан, хөх цэнхэр, цайвардуу ягаан, гүн ногоон өнгийг ашигласан хэмээн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн юм. Тасалбарын загваруудад ашигласан дээрх дөрвөн өнгө тэмцээн болох газруудыг илэрхийлэх юм.

Сонирхуулахад паралимпийн наадмын тасалбарын цахим сугалааны хоёр дахь үе шат лхагва гарагаас эхлээд байна. “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо олимп болон паралимпийн наадмын тасалбаруудыг ирэх хавраас эхлэн цахим хуудсаараа болон Токио хотын дэлгүүрүүдээр худалдаалахаар төлөвлөжээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлэв

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэний хүүхэд гэмтээгүй байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.13-ны өдрийн 17:35 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг /аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 31 настай, эрэгтэй Х нас барсан.

2020.01.15-ны шөнийн 22:30 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 4-р баг “Дараагийн хөндий” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20 км-т/ асфальтан замд Toyota Carina маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эмэгтэй, О нас барсан.

2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан.

2020.01.16-ны шөнийн 01:00 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг “Майнтын хошуу” гэх газар /Сумын төвөөс урагш 8 км-т/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Т нас барсан хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6,8 хувиар тус тус өсч, гэмтсэн хүүхэд 3 дахин буурч, хүний амь нас хохирсон хэрэг 2 дахин өссөн байна.

Энэ 7 хоногт согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол, хэрэг 11 бүртгэгдсэн байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хийрхэл

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай үнэ орлоо. Тавхайны үнэ бүтэн тэмээнээсээ үнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангүй. Дэлгүүрт давснаас өөр юмгүй болсон тэр үед монголчууд малын буянаар өлсөж үхэлгүй тэр хүнд үеийг давсан, тэмээний мах энд их үүрэг гүйцэтгэсэн. Харин тавхай яагаад үнэ хүрэх болов? Монголын тэмээг устгах Бээжингийн төлөвлөгөө гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хүнийг нь хүйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгүй болчихвол Монгол Улс сөнөх гэнэ. Тэмээгүй Монгол гэдэг тайган эр л гэсэн үг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа. Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай үнэ хүрэхээ болив. Төр ард түмний хамтын сэрэмж монгол гентэй монгол тэмээгээ аварлаа.

Үнэндээ юу болсон бэ? Өмнөд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бүр их үнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчихаж. Цаадуул нь мэдсэнгүй. Тэгэнгүүт давраад Монгол, Өвөр Монголоос тэмээн тавхай үнэ хүргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгүй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс түүхий эд гэнэт үнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илүү эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл өрнөв. Эх оронч гэдэг цол бол Сүхбаатарын одонгоос ч илүү гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерөөсөө байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд үедээ үлдээе, ингэхийн тулд өнөөдөртөө цөмөөрөө өлсөж үхэцгээе, яадаг юм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргүүлж байв. Ялангуяа Хойд Америкийн хөрөнгө оруулагчдыг эцэж үхтлээ хараацгаав. Хөрөнгө оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгүйд тооцогдож байсан Монгол энэхүү гурван жил үргэлжилсэн хийрхэлийн шанд хөрөнгөө оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтүн” гэсэн хаягтай болж орхилоо.

Хятад, Оросоос өөр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.

Дэд бүтэцгүй, далайгаас хол орны түүхий эд төдийлөн тоогддоггүй. Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль өртөг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нүүрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хүлээж авч байгаагүй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсоноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “түй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч өвгөн дарангуйлагч өөрийн мэргэжилтнүүдтэй хөөрөлдөөд “ашиггүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн Би Эйч Би хэмээх аварга компани хайгуулын лицензийг нь аваад хоёр жил судалж үзээд бас л “түй чоорт” гээд буцааж өгөөд шилээ харуулсан.

Монголын байгалийн баялаг газар зүйн утгаасаа болж зөвхөн Хятадын зах зээлд борлогдох нигууртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох өрсөлдөгч. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр байгалийн баялгаас улам бүр хараат болж, эрчим хүчний өлсгөлөнд орж буй Хятадын өсөн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялагийн үнэ өснө. Монголын үнэ хүрч буй баялгийг ашиглаж боловсруулж хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад үүсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, нэр хүндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Түүхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хүнд бүхий гуравдагч оны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд үндэсний аюулгүй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгүй хожоотой.

Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг асар их мөнгө шаардсан эд. Энэ мөнгийг яаж босгодог вэ? Хөрөнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хүнээс мөнгө татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хөөргөн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хүмүүсээс мөнгийг нь салгаж авна. Мөнгөө банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илүү ашигтай юм байна гэж хүмүүс итгэл үнэмшилтэй болсон үедээ мөнгөө цутгаж эхэлнэ. Мөнгөө хийх гэж байгаа хүмүүс манай ХЗХ-ы хохирогсдоос арай илүү туршлагатай байдаг учир орд бүхий орны хуулийн орчин, бусад хөрөнгө оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хөрөнгө босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрүүлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо 5 доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Өнөөгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгүй. Фридланд ер нь нэлээд хийтэй нөхөр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгүй л дээ. Тэрээр Монголын бүх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нөхөр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойлгочихсон учир ганцхан тэр рүү гүйж түүнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чөлөөт орны ард иргэд түүний эсрэг босчээ. Хийтэй нөхрөөс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан төдийгүй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бүхий Английн нэг компанид зарж голдиролдоо орсон аж.

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд үүнийг концессоор шийддэг байж. Сүхбаатар кинонд нэгэн америк эр концесс өгөх үү гэж асуухад энэ ямар учиртай үг болохыг жанжин өөр нэгнээс сэм асуудаг. Нэгмөсөн харанхуйгаар тодорхой мөнгө төлөөд гадны компани өөрсдийн хөрөнгөөр ашиглаж гарах ашгийг нь бүгдийг нь авдаг наймааг концесс гэх. Өдгөө улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын үнэ болон нөөц, ашиглалтын өртөг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдүй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бүр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хүрээнд стандартчилагджээ. Үүнийг олон улсын жишиг гэж үздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж үздэг юм билээ. Ашиглагч оронд төлөх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хүртэл хувийг эзэн орон ганц ч төгрөг гаргаагүй мөртөө авсан дүнтэй гардаг аж.

Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөртөө ашигтай өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмэнт аль аль нь үгүй мөртлөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлнээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно.

1978 онд гадаадын хөрөнгө оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн төр жил хагас ажиллуулаад бүрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш төрийн менежмэнтийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах бичигт үлджээ. Төр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мөнгө олон түүнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нөгөө нэг үзүүлэлт мөн л сурах бичигт тод үлдсэн. Ядуу орны үндэсний үйлдвэрлэгчид гадаадын туршлага, мөнгө бүхий компаниудтай хавсран биржээс хөрөнгө татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг үр дүнтэй ашиглан улсаа босгосон олон жишээ хамгийн сонгодгоор шалгарч буй гэнэ.

Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард түмэн нь хоосорч буй жишээг холоос биш энүүхэн Сүхбаатар аймгаас харж болно. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая доллар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард түмэнд шавхруу ч ногдоогүй. Байгалийн баялгийг шууд өөртөө ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илүү сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хөршийнхөн маань илүү шохоорхон ихээр нь худалдан авсан билээ, сүүлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах сонирхол ч тэдэнд л илүү их байсан. Иймээс эсэргүүцлийн жагсаал цуглаан, эвдэн сүйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, өдөөн хатгах, санхүүжүүлэх илүүтэй шалтгаантай юм. Үүнд автахын тулд нэгдүгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хөөрхөн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хүмүүсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

2007.4.3

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 17-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд 2021-2023 хэрэгжих Сүрьеэгийн төсөл боловсруулах хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Утас 86885060

10.30 цагт МҮОХ-нд Төрийн банкнаас Токио-2020 зуны олимпын Байт харвайны төрөлд өрсөлдөх 2 тамирчинд дэмжлэг олгоно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эко эрин үндэсний төсөл” ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг асуудлыг шийдвэрлэх төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Ниййслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар смарт карт компаниас нийтийн тээврийн “U-Money” карт хэрэглэгчдийн дунд сар бүр тохирол явуулж, мөнгөн урамшуулал олгох талаар мэдээлнэ. Утас: 99693440

14.00 цагт СТӨ-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзана.

Төрийн ордонд

09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг” болно. Утас: 88008781

10.00 цагт “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ШИНЭН-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.