Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сайжруулсан түлш” тасарсан үед иргэд модоор галлаж байна

Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноор “Сайжруулсан түлш” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөр хэрэгжээд хэд хэдэн шүүмжлэлийг араасаа дагуулсаар. Тортог ихтэй, дулаанаа удаан барьдаггүй, угаар их гардаг гээд цаашлаад борлуулах цэг цөөн, түлш нь хангалттай ирдэггүй гэсэн шүүмжлэл үргэлжилсээр. Сайжруулсан түлш борлуулах цэгүүд болон борлуулалт хэр байгааг сурвалжиллаа.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 4-ний өдөр гэр хорооллын сайжруулсан түлш зарах цэгүүдээр түлш тасарсан байна. Яармагийн айл өрхүүд 4-8 дугаар хороодын бүх цэгүүдээр яваад нүүрс олдохгүй байна гэдгээ Яармагийн групп хуудсуудаар дамжуулан хэлж, нэг нэгнээсээ түлш зарж байгаа газар байгаа эсэхийг асуусан сэтгэгдэл, постууд бичсэн байлаа. “Эцсийн буудлын Нүхт-5, Нүхт-8, Сонсголон-3, Сонсголон-7 дугаар гудамжны түлш зарах цэгүүд түлш нь дууссан дахиж ирээгүй хаалттай байна” гэх постууд дор “Харин хайгаад олдохгүй байна. Олбол хэлээрэй” гэсэн сэтгэгдлүүд зөндөө хөвөрнө. Үүнээс харахад нэг л газар нүүрс тасарсан нь олон хүнийг бухимдуулж байгаа нь илт байлаа.

Энэ талаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Арцат-10 дугаар гудамжинд байрлах сайжруулсан түлш борлуулах цэгийн борлуулагч Х.Цэрэнгээс тодруулахад “Өмнөх долоо хоногт түлш тасарсан. Манайх зарж дуусаад дахиад захиалах гэтэл одоогоор бэлэн байхгүй. Үйлдвэрээс гарахаар нь хүргэлт очно гэсэн. Тэгээд маргааш нь ирсэн. Тэр өдөр тэрэг түрсэн, машинтай гуч гаруй хүн манайхаас түлш асууж ирсэн. Нэлээд бухимдалтай байх шиг байна лээ. Хайгаад олдохгүй эцсийн буудал ч орсон гэх хүмүүс байсан” гэв.

Харин түлш тасарсан нэг өдөрт хүмүүс юу түлсэн бол. Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны иргэн Д.Баасан “Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр нүүрс тасраад хүүтэйгээ хайж машинаар зөндөө явсан. Яармагаас түлш олоогүй. Арга бараад гурван шуудай модоор өнжлөө. Ингэж үйлдвэрлэлт нь муу байгаа юм болов уу. Мод түлээд дулаанаа хурдан алдаад бүтэхгүй юм байна лээ.

Дахиж ингэж тасарвал ёстой аргаа барах нь ээ. Нялх нойтон хүүхэдтэй бол бүр хэцүүдэх юм байна” гэсэн юм. Харин энэ талаар сайжруулсан түлшний лавлах утас болох 70119410 утсаар тодруулахад мэдээллийн ажилтан “Манай борлуулалт хэвийн, ямар нэгэн тасалдал гараагүй. Түлш борлуулах цэгүүд хэвийн ажиллаж байна” гэв. Мөн бид Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хэд хэдэн сайжруулах түлш борлуулагч нартай холбогдлоо.

Тэд “Уулархаг өндөр газар байрласан түлш борлуулах цэгүүдэд түлш ирэхгүй байгаа. Эндэхийн түлш борлуулагч нар өөрсдийнхөө машинаар чадах ядахаараа зөөж ард иргэддээ борлуулж байна. Ер нь хэд хэдэн удаа түлш тасарсан. Бид өөрсдөө аргалаад аль болох борлуулалтаа таслахгүйг хичээж байна” гэв. Харин Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн С.Чимэд “Би өөрөө амьжиргаагаа портер машинаар залгуулдаг. Энэ хавиар түлш тасарсан гэхээр нь өөрөө машинаараа түлшээ зөөгөөд байгаа. Бусад унаа тэрэггүй хүмүүс хэцүүддэг байх. Заримдаа ойр хавийнхандаа чадлынхаа хэрээр зөөж авчирч өгдөг л юм. Байнга тэгээд зөөгөөд байж чадахгүй шүү дээ” гэв. Харин Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Р.Эрдэнэчулуун “Нүүрсний картанд гурван тоннын эрх бий гэсэн. Долоо хоногт зургаан шуудай түлш авах ёстой. Гэтэл нэг өдөрт нэг шуудай нүүрс түлдэг айл өрх олон байна. Энэ картын эрхийг ихэсгэх шаардлагатай байна” гэв.

Картанд байгаа гурван тонн нүүрсийг тусгай аппликэйшнээр хянах ба нүүрс борлуулагчид картыг уншуулаад нүүрсээ бэлэн мөнгөөр зардаг. Харин иргэд өөрсдийн картаа Saintulsh нэртэй аппликэйшнийг татан уншуулж хянах боломжтой. Гэвч долоо хоногт зургаан шуудай нүүрс зарим айлд багадаж байна. Түүхий нүүрсийг ихээр нь аваад өвөлжин түлдэг зарим айлд хүндрэлтэй байгаа талаар иргэд хэлж байсан юм.

Энэ талаар Хан-Уул дүүргийн долдугаар хорооны иргэн Д.Пунцаг “Манайх түүхий нүүрс хэрэглэдэг байх үед хоёр портер нүүрсээр өвлийг давчихдаг байсан.

Сайжруулсан түлш сайхан асдаг юм байна. Гэвч долоо хоногт л зургаан шуудайг тэрэг түрээд зөөх настай надад хэцүү юм. Хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан. Зарим нь гадаадад ажиллаж амьдардаг. Хүн хүч цөөтэй хөгшин настай бидэнд байнга тэрэг түрээд хэдэн шуудай нүүрс зөөх ч бас яггүй ажил юм байна. Мөнгөтэй байгаа үедээ өөрсдийн хэрэгцээнд тохируулаад бөөнөөр нь авчихдаг болмоор байна” гэв.

Өөрсдийн хэрэглээний нүүрсээ мөнгөтэй үедээ бөөнөөр нь авах сонирхолтойгоо олон хүн илэрхийлсэн юм. Гэвч картанд үүссэн эрхээсээ хамаараад ингэж авч чадахгүй байгаадаа иргэд бухимдалтай байна. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Л.Сүрэнчимэг “Манайх нам даралтаар халдаг гурван өрөө байшинтай.

Долоо хоногт зургаан шуудай нүүрс багаддаг. Ганц нэг танил борлуулагчаасаа гуйгаад долоо хоногтоо долоон шуудайг авдаг. Өдөрт нэг шуудай түлш түлнэ. Сайжруулсан түлш маш их тортогтой. Олон нялх нойтон хүүхэдтэй айлд тортгийг нь байнга арчиж цэвэрлэж байхгүй бол ханиад шуухниа хүрчих гээд хэцүү юм. Дээрээс нь маш их үнс гардаг. Долоон шуудай түлшнээс долоон шуудай үнс гарч байна. Хог ачуулах өдөр хүртэл хогны сав дүүрч халиад заваан юм. Түүнээс илч сайтай, дулаахан л байна” гэв. Борлуулах цэгүүд олон байгаа ч заримдаа түлш тасрах үе гардаг учраас иргэд долоо хоногт зургаан шуудайгаар хязгаарлахгүйгээр түлшээ авч нөөцлөх сонирхолтой байгаагаа ч хэлж байв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр цагдаагийн хяналт шалгалт явлаа. Цагдаа нар сар бүр сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр явж хяналт шалгалт хийдэг аж. Ээлжит шалгалт нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр болов. Сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн борлуулагч нараас өдөрт хэдэн шуудай түлш худалдаж байгаа, картыг байнга уншуулж байгаа болон ямар нэгэн зөрчил гарч байгаа эсэхийг шалгадаг аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахмад Б.Будсүрэнгээс тодруулахад “Сар бүр сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Үүний дагуу өнгөрсөн пүрэв гаригт хяналт шалгалт хийсэн. Гарсан алдаа зөрчилгүй. Өмнөх долоо хоногийн бямба гаригт түлш тасрах асуудал гарсан ч маргааш нь хэвийн үйл ажиллагаандаа орж, түлш борлуулах цэгүүд хэвийн ажиллаж байна” гэв.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны сайжруулсан түлш борлуулах цэгийн савлагч Д.Пүрэвдорж “Өмнөх долоо хоногийн бямба гаригаас өөр түлш тасарсан тохиолдол манай энүүгээр одоохондоо гараагүй. Манайх хоёр тоннын том шуудайгаар түлшээ захиалж аваад өөрсдөө савладаг. Гурван савлагч ажилладаг. Нэг хүн өдөрт дунджаар 130 шуудайг савладаг. Цалин боломжийн авна. Тортог л их гардаг юм” гэв.


Categories
мэдээ цаг-үе

Т.Амартогтох: Амьдралын буруу хэвшил хүнийг нойргүй болгож байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн Нойрны төвийн эмч, хошууч, ахлах зэргийн эмч Т.Амартогтохтой ярилцлаа.


-Нойрны төв гэхээр нойргүйдсэн хүмүүсийг унтуулдаг, хөгжим сонсгож амрааж хэвтүүлдэг газар гэж ойлгоод байдаг?

-Манай төв 2019 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийгээд тэрнээс хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Манай төвийн нэр бол Нойрны эмгэг судлалын төв. Нойрных шүү. Нойргүйдлийнх биш. Манай төв мэдээж нойрны эмгэгийг оношилно. Нойрны эмгэгт нойргүйдэл орно. Нойрны хэмнэлийн алдагдал, нойрон дунд амьсгал тасалдах эмгэг, нойрон дунд явах, нойрны үеүдийн өвчнүүд гэж байдаг юм. Өнгөц нойр, гүн нойр, нүүр хурдан хөдөлдөг нойр гээд нойр нь дотроо шатлалтай. Тэр үеүд дотор эмгэг гэж бас байдаг байхгүй юу. Тэр эмгэгүүдийг оношилдог оношилгоог манайх хийдэг. Оношилгоогоо хийчихээд эмчилгээн дээр нь яах вэ гэдгийг зөвлөнө.

-Танай төвд нойрны ямар асуудалтай хүмүүс голчлон хандаж байна вэ?

-Тухайн хүн эхлээд амбулаториор цаг аваад нойрны эмчид үзүүлнэ. Ирж байгаа хүмүүсийн ихэнх нь нойргүйдэл, хурхиралт, амьсгал тасалдалттай улсууд байна. Нойргүйдэлтэй настай хүмүүс их ирж байна, мөн залуу хүмүүс ч олон байна. Нойрны хэмнэлийн алдагдал гэж юм бий. Хэт эрт унтаад эрт сэрэх, эсвэл орой аажуу унтаад өглөө сэрж чадахгүй, их унтах. Ийм эмгэгтэй хүмүүс их хандаж байгаа. Маш их хурхирдаг, нойрон дундаа хурхирч байгаад амьсгал нь тасалддаг, бөглөрдөг хүмүүс их байна. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс зайлшгүй оношилгоонд орох ёстой.

-Хүмүүс “Нойр хүрсэнгүй”, “Унтсангүй” гэсэн пост их оруулах юм. Гэтэл тэр хүний нойр хүрэхгүй байгаа нэгдүгээр шалтгаан нь тэр постыг бичиж байгаа гар утас, фэйсбүүк, сошиал гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм?

-Нойргүйдлийн үндсэн шалтгааны дийлэнх хувийг сэтгэлзүйн шалтгаан эзэлдэг. Нойрны эрүүл ахуйн дэглэм гэдэг ойлголт монголчуудад ерөөсөө байхгүй. Хүн хэдэн цагт унтах ёстой юм. Хамгийн энгийнээр хэдэн цагт орондоо орох ёстой юм бэ?

-22 цагт гэдэг нь зөв үү?

-Яг зөв. 22 цаг гэхэд орондоо орох ёстой. Тэгтэл хүмүүс хэдэн цагт орондоо ордог вэ?

-00:00, 01 цагт. Зурагтын удирдлагаа хэзээ тавина тэр цагтаа орондоо ордог?

-Яг тэгж байгаа. Унтахын өмнө юу хийх ёстой юм, юу хийхгүй байх ёстой юм. Унтахын өмнө юу идэх ёстой юм, юу идэхгүй байх ёстой юм. Гэтэл хар даа, кофейны хэрэглээ байна. Кофег өглөө, өдөр, оройгүй ууж байна. Хажуугаар нь сэргээгч бэлдмэлийг маш их хэрэглэж байна. Дээрээс нь олон төрлийн цай ууцгаадаг болсон. Цайнууд ч өөр өөр үйлчилгээтэй. Ногоон цай нь нойр сэрвэлзүүлэх үйлчилгээтэй шүү дээ. Идэж, ууж байгаа юм нь нойрыг нь сэрвэлзүүлж байна. Өөрсдийнх дэглэм, амьдралын буруу хэв маяг гээд энэ бүхэн нойронд сөргөөр нөлөөлж байгаа байхгүй юу.

Үүн дээр нь дэлгэцийн хамаарал. Зурагтын дэлгэц, гар утасны дэлгэцийг өдөржин шагайгаастай. Буруу хэвшлүүд хүнийг нойргүй болгож байна. Настай хүмүүсийн хувьд яахав, архаг, хууч өвчнөөс болж нойргүйдэж болно. Үүн дээр нийгмийн сэтгэлзүйн шалтгаан, стресс, бухимдал нөлөөлнө. Тайван бус хүмүүс аж төрж байна. Энэ бүхэн нь сэтгэлзүйд цочрол өгч нойргүйдлийг үүсгэдэг.

-Хүн хэт их стресс, сэтгэлзүйн цочролд орохоороо нойргүй болдог. Бас ийм тохиолдолд эсрэгээрээ маш их унтаж, унтахаас өөр юм хийх хүсэлгүй болох нь бий. Ер нь хүн яавал чанартай унтах вэ. Нас биед хүрсэн хүн хоногт хэдэн цаг унтвал зохистой вэ?

-Хүн 7-8 цаг унтах ёстой, шөнийн турш. Гэхдээ наснаасаа хамаарч унтах цаг өөр өөр. Нярай өөр, өсвөр насны хүүхэд өөр, сургуулийн насны хүүхэд өөр, дунд эргэм насныхан өөр, настай хүмүүс өөр. 80 гарчихсан хүн 7-8 цаг унтахгүй л дээ. Гэхдээ хүний унтах дундаж цаг бол 7-8 цаг гэж үздэг. Нойрны чанарын хувьд, шөнө ойр ойрхон сэрэхгүй байх. Зарим хүн шөнө ойр ойрхон сэрэх, сэрчихээд эргэж унтаж чаддаггүй. Орой унтахаар орондоо ороход нойр нь хүрэхгүй хэдэн ч цагаар хамаагүй орондоо хөрвөөж байна. Эсвэл өглөө босох цагаасаа яагаа ч үгүй эрт сэрж байна. Тэгээд сэрчихвэл буцаад унтаж чаддаггүй. Энэ байдал нь нойрны хямралыг үүсгэдэг. Тэгэхээр хүн ийм байдалтай байвал гүн сайхан нойрсож чадахгүй, өнгөцхөн, үе үе маш бага хэмжээгээр унтаж байна аа гэсэн үг. Үүнээс нойрны чанар багассан үзүүлэлт гарна. Чанаргүй унтаж байна гэж ойлгож болно. Дээрээс нь тухайн хүн өглөө босоод маш их ядарна, тамирдана, ажлын ачаалал даахаа болино, юм мартана, толгой өвдөнө, зүрх дэлсэх зэргээр бие махбодид нь өөрчлөлт гарч ирдэг.

-Ажлаасаа орой тарж очсон тохиолдолд шууд унтдаггүй л дээ. Унтах гэж дахиад нэгээс хоёр цаг болно. Тэгээд өглөө нь дутуу нойртой, улаан нүдтэй ядарсан хүмүүс хуралдаа санд мэнд орж ирдэг. Тэр хүмүүс бол ажлаасаа хоцорсон биш нойроо гүйцэд аваагүй хүмүүс болж таарах нь?

-Нойрны хэмнэлийн алдагдал гэж би дээр ярьсан. Нойр эртдэх, нойр хойшлогдох эмгэг гэж бий. Хүмүүс оройтож ажиллаад 23 цаг гэхэд гэртээ ордог гэж ярьдаг. Тэгээд унтах гэсээр байтал 00:00, 01:00 цаг болдог гэдэг. Ийм хүмүүст нойр хойшлогдох эмгэг их үүсдэг. Хэт орой унтсанаас болж өглөө босож чаддаггүй. Тэгэхээр энэ чинь нойрны хэмнэлийн алдагдал явагдаад байна гэсэн үг шүү.

-Өдрийн цагаар дугхий гэж зөвлөөд байдаг?

-Тухайн хүний шөнийн нойрны чанар хэвийн байж болно. Өдөр 20-30 минут дугхийхийг зөвшөөрнө. Харин хэдэн цагаар унтана гэсэн асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр өдрийн цагаар хэт зүүрмэглээд байдаг хүн байдаг. Шөнө унтаж чаддаггүй хүн мэдээж өдрийн цагаар зүүрмэглэнэ. Аль эсвэл зарим хүн шөнө сайхан унтсан мөртлөө өдрийн цагаар зүүрмэглэдэг. Хурал дээр, замын хөдөлгөөнд жолоо барьж байхдаа зүүрмэглээд байдаг. Энэ бол хэт нойрсох эмгэг. Нэг ёсондоо ямар нэг уулзалт, цуглаан дээр зүүрмэглэнэ, бүр жолоо барьж байхдаа зүүрмэглэдэг. Ерөнхийдөө нойрондоо хурхирдаг, амьсгал тасалддаг насанд хүрэгчдэд голдуу илэрдэг эмгэг. Тийм хүмүүс өдрийн цагаар маш их нойрмоглодог.

-Цагаан сарын дараачаас эхлүүлээд л хүмүүс өдрийн цагаар зүүрмэглээд, нойр хүрээд байна, ядраад байна гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ. Хаврын улиралтай холбоотой гэж тайлбарлах түгээмэл л дээ?

-Хавар болохоор өдөр уртасна, хаврын уур амьсгал тодорхой хэмжээгээр нөлөөлөх ч тухайн хүний шөнийн нойрны чанарыг л хамгийн түрүүнд харна л даа. Хүн өдрийн цагаар идэвхтэй ажилтай байх ёстой. Нойргүйдэлтэй хүнд “Өдрийн цагаар маш их идэвхтэй бай, юм хий. Хөдөлгөөнтэй, идэвхтэй бай. Тэгж байж шөнийн нойр хангалттай байдаг” гэж зөвлөдөг. Хамгийн гол нь тэр. Тэрийг маш сайн баримтлах ёстой. Зарим хүн шөнө унтахгүй. Тэгчихээд л өдөр нь зүүрмэглээд байдаг.

-Нойрны эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой зөвлөгөөгөөр энэ удаагийн ярилцлагаа өндөрлүүлье?

-Нойргүйдлийн үндсэн шалтгаануудыг би дээр хэлсэн. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, баримтлаарай. Нойргүйдэл нас насныханд элбэг тохиолдож байна. Нойргүйдэлтэй залуучууд манай төвд маш их ирж байна. Тэд яагаад нойргүйтэв гэхээр амьдралын буруу хэвшилтэй. Хамгийн наад захын жишээ бол дэлгэц ширтэлт. Орой яг тогтмол цагтаа, унтдаг цагтаа унтаач ээ. Унтахын өмнө хэдэн цагаар зурагт битгий үзээч ээ. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг маш сайн баримтлаач ээ. Хэрвээ энэ дэглэмийг баримтлаад сурчихвал залуу хүмүүс нойргүйдэлд өртөх нь харьцангуй багасна. Хүмүүс “Танай “Нойрны төв” хүмүүсийг унтуулдаг гэж байна. Унтуулдаг аппарат байдаг гэнэ ээ. Би унтах гэж ирлээ” гэдэг. Тийм зүйл байхгүй шүү гэдгийг энд хэлье. Манайх бол нойрны эмгэгийг оношилдог. Маш их хурхирдаг, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй, өдрийн цагаар нойрмоглодог, бүр гулжийж унадаг хүн бий. Бүр шүлсээ гоожуулаад гулжийтал унтдаг. Энэ нь хортой хэлбэрийн хэт нойрсох эмгэг байна уу, хоргүй хэлбэрийнх нь байна уу гэдгийг бас ялгадаг юм, нойрны бичлэгээр. Хортой хэлбэрийн хэт нойрсох эмгэгийн онош, нэршил нь хүртэл өөр. Тиймээс манайх нойрны эмгэгийг оношилдог төв юм. Хурхирдаг, амьсгал тасалддаг, бөглөрдөг хүмүүст бид харин эмчилгээн дээр нь зөвлөдөг. Гэхдээ амьсгал тасалдалтын зэрэг нь хөнгөн, дунд, хүнд байна уу гэдгээс шалтгаална. Хүнд зэрэгтэй гарсан тохиолдолд тухайн хүнд унтахдаа зүүдэг аппарат зөвлөдөг. Тэр аппарат нь тухайн хүнийг хурхируулдаггүй. Хүн хурхираад амьсгал тасалдвал цусан дахь хүчилтөрөгч нь навс унадаг. Зүрх, судас, даралтад нь огцом өөрчлөлт гардаг. Үүнээс болж тухайн хүн унтаж байх үед тархинд нь цус харвах, зүрхэнд нь шигдээс үүсэх нэг нөхцөл болж өгдөг. Үүнээс гадна артерийн даралт тогтвортой өсөх нэг нөлөөлөл болдог. Өдрийн цагаар хэт их нойрмоглох нь ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг бууруулна. Эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсгэх зэргээр маш олон хүндрэлтэй, хорт зуршлыг бий болгодог. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс заавал оношилгоонд орох ёстой. Нойргүйдэлтэй байгаа хүнээсээ илүүтэй ийм хүмүүс оношилгоонд яаралтай орох ёстой. Харин манай төв нойргүйдэлд зөвлөгөө өгдөг. Хүмүүс нойргүй болоод эхлэнгүүтээ л сэтгэцэд нөлөөлөх химийн найрлагатай эм ууж, түүнээсээ хамааралтай болчихоод орж ирж байна. Дур мэдэж тийм эмийг олон сар, жилээр нь ууж байна. Ингэж болохгүй ээ. Хэрвээ тийм болчихсон бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж сэтгэцийн эмчээс л зөвлөгөө авна даа. Тиймээс энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Тогтох тайжийн тухай хоёр дуу

Өмнөд Монголын Жирэмийн чуулганы Өмнөд Горлос хошууны нутагт 1863 онд төрсөн Энхбилэгтийн Тогтох тайжийн үйл хэрэг Монголын түүхэнд яруу тодоор үлдсэнээс гадна ард олны дунд домог яриа, дуу хуурын баатар болон алдаршжээ. Энэ удаад Тогтох тайжийг олноо мөнхрүүлэн үлдээсэн хоёр дууны үгийг танилцуулах юм.

Тогтох тайж нь Солон уулнаа сууж, тэр үеийн Манжийн шинэ бодлогын дагуу Монгол нутагт түрэн орж ирээд байсан хятад цэргийн эрхтэнтэй тэмцэж, дараалсан олон ялалт байгуулсны тул ард олноо ийнхүү дуу болон мөнхөрчээ.


НЭГ. ТОГТОХ ТАЙЖИЙН ДУУ

Ардын дуу судлаач, дуучин С.Дуламсүрэн “Тогтох тайж” дууг дуулан бичүүлсэн байна. Ингэхдээ дууныхаа үүх түүхийг судлан, эх сурвалж олж үзсэн нь олзуурхууштай. С.Дуламсүрэн уг дууны долоон бадгийг тэмдэглэн авсны эхний таван бадгийг С. Цоодол багшаасаа сурсан хэмээн өгүүлэв. Үлдсэн хоёр бадгийг нь Д.Цэдэв багш 1969 онд Тогтох тайжийн хүү Хаймангаас бичиж авсныг нэмж оруулсан бололтой. Энэ хувилбарын үгийг авч үзье:

ТОГТОХ ТАЙЖ

Гээ-лооё ээ, гээ-лооё ээ, гэрэлтэй тайж аа, хө

Гэрлийн хүүхэн Гишүү Нямаа

Гэрийн минь чимэг ээ хө.

Тоо-лоё оо, тоо-лоё оо, Тогтох тайж аа, хө

Тогтохын хүүхэн Ванлинхуар чинь

Харин чиг ханштай даа хө

Дааган морийг, дааган морийг, давхихыг нь яана даа, хө

Давхар голтой памлий (1) бууны

Тусахыг нь яана аа, хө

Үрээ морийг, үрээ морийг, үргэхийг нь яана даа, хө

Үрлэн сумтай ланжуу (2) бууны

Тусахыг нь яана даа, хө

Нохой бөөсийг, нохой бөөсийг, хазахыг нь яана даа, хө

Ноёдын муусайн годойсон хиа нарын

Загнахыг нь яана даа, хө.

Зайдан морийг, зайдан морийг, хавирахыг нь яана даа, хө

Захын муусайн Хунлиуз дааяа

Дарлахыг нь яана даа хө

Даваа зангийн, Даваа зангийн уурыг нь яана даа, хө

Даварсан муусайн годойсон хиа нарын

Аашийг нь яана даа, хө

Зарим үгийн тайлбар:

(1) Давхар голтой памлий буу– Па нь хятад хэлээр “найм”, памлий гэж найм сумладаг бууны нэр юм. Цэргийн түүхч Б. Батсүрэн энэ бууг “бамали” хэмээн тэмдэглээд Богд хаант засгийн монгол цэрэг дээрээс хайрласан 58, олзлон хураасан 294 бамали буутай байсан хэмээжээ.

(2) Үрлэн сумтай ланжуу буу– Монгол хэлний их тайлбар тольд “бялт цохиж гал авалцдаг нэг зүйл винтов буу” хэмээн тайлбарлажээ.

РАМСТЕДТЫН ХУВИЛБАР

Монгол судлаач Густав Рамстедт Монгол Улсад гурван удаа аялж, хэл шинжлэл, аман зохиол, хөшөө чулууны бичээс, нутгийн аялгуу, түүх, угсаатны зүйн судалгаа хийсэн билээ. Сүүлчийн удаа тэрбээр 1912 оны хавар, тусгаар тогтноод удаагүй байсан Олноо өргөгдсөн Монгол Улсад айлчилсан юм. Энэ аяллынхаа үеэр Монгол ардын дуу олныг тэмдэглэж авсны дотор хоёр дуу маш сонирхолтой. Үүний нэг нь Амбаны дуу хэмээх “Орой болгон асаагаад байсан, Оросын лаа яасан бэ…” хэмээх алдарт дуу, нөгөө нь “Тогтох тайжийн дуу” юм. Энэ хоёр дууг бусдаас нь илүү сонирхолтой гэхийн учир нь Монгол Улс тусгаар тогтносны дараахан буюу дуу зохиогдоод хагас жил ч болоогүй, ид шинээрээ байсан, чухам тэр үеийн Хүрээний ардуудын дуулж байсан хувилбарыг Рамстедт бичиж авсанд оршино.

Рамстедтын тэмдэглэсэн буюу Тогтох тайжийн дууны уг эх нь байж болох тэр хувилбарыг одоо авч үзье:

ТОГТОХ ТАЙЖИЙН ДУУ

Да-лоо яа, да-лоо яа, Тогтох тайжий, хө

Тогтох тайжийн Ванлин-хуар

Наймаанд азтай хө

Гээ-лоо яа, гээ-лоо яа, гэрэлтэй тайжий, хө

Гэрэлтэй тайжийн Ванлин-хуар

Дээрэмд мордоно оо, хө.

Үрээ мори, үрээ мори, үргэхий нь яах вэ, хө

Үйеийн зуан буу (3)

Тусахыг нь яах вэ, хө

Дааган мори, дааган мори, давхихы нь яах вэ, хө

Давхар сумтай бэрдаах (4) бууны

Тусгалы нь яах вэ, хө.

Тоомсог мори, тоомсог мори, Тогтохын уяа хө

Түмэн цэргийн түрүү болсон

Тогтох тайжий, хө.

Аргамаг мори, аргамаг мори, амбаны уяа, хө

Алсаас ирсэн Тогтох тайжи

Амбаныд нь буулаа, хө

Рамстедт дууны үгийг монгол бичгээр бус, эрдэм шинжилгээний галигаар тэмдэглэн үлдээсэн учраас “дааган мори, үрээ мори” гэх мэт үгсийн эцсийн уртаар дуудаж буй “и” авиаг чухам заах, харьяалахын тийн ялгалын алин болох, эсвэл бүр үгийн язгуурын “и” ч байж болохыг тогтооход бэрх юм.

Үгийн тайлбар:

(3) Үйеийн зуан буу- Үй гэж хятадаар “тав” гэсэн үг, “таван сумтай” бууг хэлэх нанхиад үг бололтой. Судлаач Б. Батсүрэн “ [Оросын арми] нэг цэнэглэдэг 4.2 линейний берданыг 1891 онд С.И. Мосины зохиосон 3 линейний (7.62 мм) хүхээгтээ таван сум агуулдаг винтовоор 19-р зууны эцэс гэхэд сольж эхэлсэн… хэмээн бичсэн нь энэ Үйеийн зуан буу болно. Тогтох тайжийн тухай бидний авч үзэх хоёр дахь дуунд энэ үг “Үеэн чанг буу” гэсэн хувилбараар гарна. Б.Батсүрэнгийн өгүүлэлд кириллээр “Үюнь” гэж тэмдэглээд, Богд хаант Монголын арми 27 үюнь буутай байсан хэмээжээ.

(4) Бэрдаах буу-Энэ нь бэрдаан хэмээдэг буу мөн. АНУ-ын армийн генерал Хайрэм Бэрдан 1868 онд бүтээж, Хаант Орос улсын арми 1870 оноос хойш албан ёсоор үйлдвэрлэн ашигласан байна. Хүхээгтээ нэг сум агуулдаг. 1891 оноос хэрэгцээгүй болсон тул Монгол Улсад зэвсэг хандивлахдаа голдуу энэ бэрдаан бууг өгсөн байдаг. Тиймээс Богд хаант Монголын армид худалдан авсан 11800, олзлон хураасан 1063 бэрдаан буу байжээ.

ХОЁР. ХАЙССИГИЙН БИЧИЖ АВСАН ТОГТОХ ТУХАЙ ДУУ

Германы монголч эрдэмтэн Валтэр Хайссиг 1943 онд Хүрээ хошууны Жуухачин айлын Буяныг барилдуулагч сүмд нэгэн сонин дуу бичиж авчээ. 36 настай Сагуна, 57 настай Тиюудан гэж нутгийн хоёр монгол энэ дууг дуулж өгсөн байна.

Төрсөн газар чинь

Хуучин Сүрэг, Шороо хот

Төвдөж, тулаан хийсэн газрыг хэлбэл

Олон уулын дундах Солон уул

Уусан ус чинь, Тогтох!

Урдуур чинь урсах Үй-нэн голын ус

Учирч, тулаан хийсэн газрыг хэлбэл

Олон уулын дундах Солон уул

Түнсэр зоос (5) гарснаас хойш

Тоо бин (6) цэрэг арвин болой

Тоо бин элбэгдсэнээс нааш

Тогтох тайж тэргүүн болон дайлавай.

Янчаан (7) зоос гарснаас нааш

Яндуй (8) цэрэг элбэг болж.

Яндуй цэрэг элбэгдсэнээс нааш

Тогтох тайж тэргүүн болон дайлавай.

Үеэн чанг (9) буу гарснаас нааш

Үгээгүй баян…

Үгээгүй баянаар үүрсэн байна

Үхэр болд анжиснаасаа салж.

Янен (10) дамбага гарснаас нааш

Янзтай залуус элбэгдсэн билээ

Янзтай залуус элбэг болсноос нааш

Яаман фүгийн ялтан элбэг болж.

Шарын шажнаас шагнасан

Шар торгомсог хувцас

Шаазгай хотын (11) шар цэрэг

Шахаж харваад оногдоогүй

Богд эзний шагнасан

Бор торгон хувцас

Бөхийн хотын (12) бутарсан цэрэг

Бөхөж харвасан оногдоогүй

Баруунаас үзвэл

Бас ч сайхан Солон уул

Бас ч гачигдах ирвэл

Амийг минь тусалсан Солон уул

Шинэ засгийн бодлогоос үүдэн нэлээд нанхиаджаад байсныг Тогтох тайж эсэргүүцэн тэмцсэн тухай дуу болохын тул уг дуунд хятад үг олон тохионо. Үүний заримыг тайлбарлаваас:

(5) Түнсэр зоос – зэс зоос

(6) Тоо бин цэрэг – Үүнийг монголоор жисүр цэрэг гэх нь бий.

(7) Янчаан зоос – Мөнгөн зоос буюу мексик доллар.

(8) Яндуй цэрэг – Монголоор Мөлжих цэрэг гэдэг.

(9) Үеэн чанг буу гэдэг нь мөнөөх Рамстедтын бичиж авсан Үйеийн зуан буу мөн бололтой. Таван сумт буу.

(10) Янеэн – Гадаадын тамхи

(11) Одоогийн Таононфу гэж буй хотыг монголчууд Шаазгай хот гэдэг байжээ.

(12) Бөхийн хот – Чичигаар хотыг монголчууд ийн нэрийддэг байжээ.

Гурван цэг тавьсан хэсгийг Хайссиг сонсон ухаж чадаагүй байна.

Дууны үгээс түүхийн сонин баримт тодорч болохын учир, мөн Рамстедт Хайссиг нарын тэмдэглэл өгүүллийг оюутан залуус тэр бүр гарын дор үзэж чадахгүйн тул үүнийг бичин тэмдэглэв.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зах зээл рүү шилжих явцад ажлын байраа алдсан хүмүүс ядууралд их өртсөн

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Баттүвшинтэй ядуурлын талаар ярилцлаа.


-Та ядуурлын чиглэлээр олон судалгаа хийж ирсэн. Ер нь манай улсын ядуурлын дүр зураглалыг тодорхойлохгүй юу?

-Би амьжиргааны түвшний судалгааг 2003 оноос хийж ирсэн. Тухайн үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дунд орлоготой иргэдийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлийн судалгааг ШУТИС-ийн Комьпютер техник менежмэнтийн сургуулийн профессорууд хийсэн юм. Түүнээс хойш Засгийн газар, донор байгууллагаас хэрэгжүүлж буй ядуурлын судалгаануудад оролцсон. Монгол Улсын ядуурал өөрийн өвөрмөц төрхтэй. Байршлаар нь авч үзвэл ядуурал ихэвчлэн хөдөө орон нутагт байна. Ялангуяа, аймаг, сумдын төв дээр ядуурал илүү байдаг. Мөн ядууралд өртөж байгаа нь ихэвчлэн дунд эргэм насны, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ажиллаж байгаад зах зээлийн эдийн засагт шилжих явцад ажлын байраа алдсан хүмүүс байдаг. Хөдөө орон нутгийн хувьд мал аж ахуй нь байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамаардаг. Ган зудаас болж мал сүргээ алдана. Нөгөө талаас газар тариалан эрхлэхэд хөрөнгө их шаардлагатай. Наад зах нь усжуулалтын системгүйгээс болж ургацаа алдаж амьдралын түвшин дордоход хүрдэг. Үүнээс гадна өрх толгойлсон хүмүүсийн ядуурал газар авсан байна.

Бид нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй байна. Бид ядуурал гэж яриад байдаг. Гэтэл монгол хүний ядуурал гэж юу вэ гэдгийг зөв тодорхойлмоор байна. Ядуурлыг гадны арга зүйгээр судлаад байдаг. Орлогыг орлуулан тооцох аргачлал гэж бий. Үүнд дундаас дээш, дундаас доош, дундын дунд, ядуу, нэн ядуу гэх зэргээр ангилж байгаа шүү дээ. Дэлхийн ядуурлын тодорхойлолтыг аваад үзэхээр хүн өөрөө хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байх тохиолдлыг авч үздэг. Гэтэл манай орон нутагт бог, бод мал төхөөрөхөд толгой, шийр нь хаягдаж байна. Тэгэхээр манай улсын хувьд ядуу гэдэг нь ямар ойлголтыг хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. 2018 оны үзүүлэлтээр манай улсад ядуурал 28.4 хувьтай байна. Үндсэндээ гуравны нэг нь ядуурчихсан гэсэн үг.

-Төрийн гол зорилго ядуурлыг бууруулж, олон хүнийг дунд давхарга руу оруулах явдал шүү дээ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр ажил хийж ирсэн ч үр дүн сул байгаа нь юутай холбоотой вэ?

-Би сая Хятадын Бээжин хотын багшийн их сургуулийн профессоруудтай ядуурлыг бууруулах судалгааны чиглэлээр уулзаад ирлээ. Тэнд ажилгүй, ямар ч орлогогүй, харангадаж, туйлдаж байгаа хүмүүсийг ядууралд оруулж байна. Үүнтэй тэмцэхийн тулд төр засгаас том дэмжлэг үзүүлж, орон нутгаас нь бизнес, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг чиглүүлж, их сургуулиуд нь үйл ажиллагааных нь аудитыг хийж, хэрэгжүүлэх процессыг нь авч явж байна. Манайд бол ядуурал гэхээр дандаа тэтгэмжийн бодлогоор хардаг. Нэг хэсэг 2008-2012 оны үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас орлого багатай иргэдээр хүнсний ногоо тариулах, хураалгах, зах зээлд борлуулж өгдөг систем хэрэгжүүлж байлаа. Мөн ядуу иргэдийн тодорхой хэсэг орцны жижүүр хийж байгаа. Харахад тогтмол цалинтай мэт боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байдаг. Тэдгээр иргэдэд ахуйн тоног төхөөрөмжүүд авч өгөөд гутал засах, юм оёулах нөхцөлийг хангаж өгөх бодлого хэрэгжүүлж байв. Түүнчлэн, тэнэмэл хүүхдүүдийг сургаж байсан. Энэ нь нэг талаас зөв бодлого байлаа. Гэвч нөгөө талаас хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага тэнд дутагдсан. Өнөөдөр хувийн хэвшил ядуу иргэдийг дэмжих тал дээр ямар үүрэг хүлээх ёстой юм бэ. Бүгд л нийгмийн хариуцлага гэж ярьж байна. Гэтэл компани бага орлоготой хүмүүсийг зохион байгуулалтад оруулж, засврын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр ашиглах, үүнд нь эрдэм шинжилгээний байгууллагууд зөв менежмэнтийг нь хийж өгөх тал дээр оролцож чадсангүй. Манайд ядуурлыг бууруулах чиглэлд хийсэн ажлууд үр дүн султай байсан нь үүнээс хамааралтай.

Тухайн хүнийг ядуурлаас гаргах сэтгэхүйтэй болгох нь засаг төр, бүх хүний асуудал юм. Гэр хороолол тэлж байна. Цагаан сар болоход хотын төв эзгүйрч бүгд л гэр хорооллыг зорьдог. Энэ нь нэгийг хэлж байна. Нөгөө талаас амьдралаа дээшлүүлэхээр орон нутгаас шилжин ирж буй хүмүүс ихэвчлэн гэр хороололд сууршиж байна. Тэгвэл ядуурал хамгийн их, байнга тэлж буй гэр хорооллын бага орлоготой иргэдийг бид зохион байгуулалттайгаар оршин байгаа газар нь ажлын байраар хангаж өгөх, таатай амьдрах боломжийг бий болгож өгч чадахгүй байна. Үүнийг Улаанбаатар хот, орон нутаг, сум хороо нэгдсэн бодлогоор удирдаж авч явах ёстой. Тэгэхгүйгээр хүн буулгачихаад манай нутгийн иргэд ядуу гээд сууж байж болохгүй. Нэг зүйлийг ажигласан байх. Нэг талд Зайсан гээд баячуудын хороолол бий болчихсон. Нөгөө талд гэр хорооллынхон байна. Чинээлэг давхаргад үйлчилгээ үзүүлэх хүмүүс нөгөө талд байгаад байна шүү дээ. Ингээд тэд нэгэн зэрэг ажил руугаа явснаар түгжрэлээс эхлээд олон асуудал үүсдэг. Орлоготой багатай учир 2-3 автобус дамжих мөнгө, өдрийн хоолны зардал гэх зэргээр бэрхшээл тохиолдоно. Түгжрэлд цаг их алдана. Гэтэл барууны улс орнуудад үүнийг их зөв байдлаар шийддэг. Хамгийн ойр байх ёстой хүмүүсийг нэг дор байлгаж, ажлын байрыг нь бэлдэж өгч байна. Энэ болгоныг төр засаг, нийгмийн байгууллагууд ахин дахин судалж зөв арга менежмэнтийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ядуурал буурахгүй.

-Та ядуурлаас гаргах сэтгэхүйтэй болгох нь төр засаг, хүн бүрийн асуудал гэлээ. Гэтэл хувь хүний хариуцлагагүй, залхуу байдлаас болж ядууралд өртөх шалтгаан болоод байгаа юм биш үү? Монголчууд Солонгост олноор ажилладаг. Тэдний хөдөлмөрч занг монголчуудын амар тайван, залхуу зантай их харьцуулж ярьдаг шүү дээ?

-Аливаа нэг асуудлыг ярихдаа хувь хүнтэй ярихаас илүү төр засгийн бодлого, орон нутгийн засаг захиргааны бодлоготой холбож ярьж сурах хэрэгтэй. Би эхлээд бас бид залхуугаасаа болоод ядуу амьдарч байна гэж боддог байсан. Тэгвэл үгүй. Энэ бүхэн улс орны ядуурлын эсрэг явуулж байгаа менежмэнтийн бодлого, удирдлагын буруу зохион байгуулалттай холбоотой. Чи Солонгосыг жишээ болгож татлаа. Тус улсад ажил хийхгүй бол өөр амьдрах ямар ч арга байхгүй, үхэхээс өөр сонголтгүйн тухай асуудал юм. Солонгосчууд сонгодог өлсгөлөнг үзчихсэн. Манайд бол өөрийн мал дагаад, эсвэл хүний мал хариулаад байвал болдог байсан. Тийм учраас бид тэдний сэтгэхүйтэй монголчуудыг зэрэгцүүлж болохгүй. Энэ бүхнийг ядуурлаас гаргах зөв бодлого, менежмэнтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж ярьж байгаа юм.

Итгэлт баян “Хүрээний хэдэн ядуусыг нийлүүлж байгаад цэмбэ нэхүүлэх юмсан” гэдэг. Энэ нь ажил олж өгөөд хийлгэх юмсан гэсэн санаа. Гэтэл бид “Та нар ажлаа олоод хий” гээд байна. Энэ ажлын байрыг бизнесийн байгууллагууд, төр засаг нийлж бий болгох ёстой. Тэд зөв зохион байгуулалтад оруулах ёстой. Төр ард түмнийхээ өмнөөс хариуцлага хүлээсэн институци юм бол хариуцлага хүлээх учиртай. Бизнесийн байгууллагууд ард түмэндээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж ашиг орлого олж байгаа бол үүнийг хийх ёстой. Харин эрдэм шинжилгээ болон нийгмийн байгууллагууд хүнийг ажил хөдөлмөртэй болсноор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх давуу талыг ойлгуулж, сургах хэрэгтэй. Гар хөдлөхгүй бол ам хөдлөхгүй гэсэн зүйр үг бий. Үүнийг хүмүүсийн тархинд суулгаж өгөх хэрэгтэй. Бид нэг системээс нөгөөх рүү шилжих үедээ нэг зүйлийг хийж чадаагүй. Энэ нь гэр бүл, хувь хүний хөгжлийг бий болгож чадаагүй юм. Үүнээс хамаарч улсаар тэжээлгэх сэтгэхүйтэй байсан. Ядаж л хүмүүст тэтгэмж өгөхөд нэг зүйлийг орхигдуулж ирсэн. Мэдээж тэтгэмж худалдан авалт бий болж, эрэлт үүснэ. Энэ эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн оронд импортын барааны худалдан авалтыг дэмжиж байна. Энэ нь инфялци, гадаад валютын өсөлт зэргээр олон сөрөг нөлөөтэйг эдийн засагчид тайлбарлана.

-Бид өлсгөлөнгөөр үй олноороо амиа алдаж байгаагүй учир хөдөлмөрлөхгүй бол болохгүй гэсэн сэтгэхүй оюун тархинд гүн бат суугаагүй байна. Өдөр хоногоо аргацаагаад л яваад байдаг. Гэвч ийм сэтгэхүйг шүүмжлээд яваад байвал хөгжихгүй. Сэтгэхүйг нь өөрчилж, зөв зохион байгуулалтаар ажиллуулах хэрэгтэй гэж ойлголоо. Гэхдээ л хувь хүнээс их зүйл шалтгаалж байгаа?

-Хүмүүс залхуу байна гэлээ. Энэ нь ямар ч улс оронд байдаг үзэгдэл. Гэхдээ массыг хамардаг уу, эсвэл цөөнх үү гэдэг асуудал байна. Манайх масс тал руу хараад байгаад дараахь шалтгаантай. Ямар ч бизнесийн байгууллагад очсон мэдээж ашиг олохын төлөө ажиллаж байгаа тул хүний нөөц чадвартай байхыг шаарддаг. Тэр шаардлагыг хангаж чадахгүй байгаа хүмүүсийн тухай бид ярьж байна. Эдгээр хүмүүс яагаад хичээгээд үүнийг хийж чадахгүй байна вэ. Уг нь хүн болгон жижигхэн зүйл ч болов хийгээд хичээгээд явж байгаа. Зах дээр тэрэг түрж, юм үүрээд явж байна. Зарим нь хүний юм зарж, сав цуглуулан тушааж болсон болоогүй амьдрах гээд зүтгэж байна. Хүн бүрт тодорхой хэмжээний орлоготой болж, амьдралаа гайгүй авч явах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл байгаа. Тэгэхээр бид тэдгээр хүмүүсийн тухайд ядуу амьдралдаа дасан зохицсон гэж ярихгүй, харин дасан зохицсоноос нь яаж гаргах вэ гэдэг тухай ярих хэрэгтэй. Энэ хүмүүсийг хэрхэн ажлын байраар хангах вэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг харахад нийтээр сургаж, нэгдсэн том ажилд дайчлах, мөн цагийн ажил бий болгох, цалин хөлсийг нь өдөр өдөрт нь өгөх зэргээр ажил хийх бүх л бололцоог хангаж өгдөг. Гэтэл манай улсын хувьд хүн төвтэй, хүнээ дээдэлсэн хөгжил хаана байна вэ. Төр засаг, иргэний байгууллагууд яг юу хийгээд байгаа юм бэ. Гэр хорооллын дугаар хорооны иргэн, айл өрхийн төлөө юу хийв гэдэг тухай ярих ёстой. Амьдралын үнэ цэнээ ойлгож, хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэхэд хариуцлага хүлээсэн төр, албан тушаалтан, иргэн та юу хийв. Хувийн жижиг, дунд бизнес эрхэлж байгаа, хөдөө орон нутгийнхан амиа аргацаасан байдалтай байна. Нэг зүйл буруугаар эргэхэд бүгд унахад бэлэн. Уг нь мал байна. Гэтэл яг нийлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээр боломж байхгүй. Тэгэхээр шүүмжлэхээс илүү зөв зохион байгуулалтад оруулж, хөгжлийн зөв гарц тавьж өгөх шаардлагатай. Бидний жишээ авч яриад байгаа өндөр хөгжилтэй оронд 50-60 жилийн өмнө амьдрал туйлын хүнд байсан. Энэ нөхцөл байдлаас улс орноо хөгжүүлсэн бэлээхэн жишээ бий. Нийгмийн хариуцлагатай бүх байгууллагыг зөв зохион байгуулалтаар дэмжиж ажиллаж байж хөгжсөн.

-Төрөөс ядуурлыг бууруулах чиглэлээр олон бодлого шийдвэр гаргаж байна. Гэвч байгаа онохгүй хий хоосон ажиллаад байна уу?

-Бодлого шийдвэр гарч байна. Гэхдээ бодлого шийдвэрээ зөв хэрэгжүүлэх механизмаа тодорхойлж өгөхгүй байна. Зарим жишээ хэлье. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмүүдэд өгье гэж ярьсан. Одоо болтол хэрэгжээгүй. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл гэж яриад байна. Гэтэл орлого багатай иргэд авч чадахгүй. Тэгвэл тэдэнд яаж өгөөжийг нь хүртээх вэ гэвэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авсан хүмүүс нь орлого багатай хэчнээн иргэнийг тогтмол ажлын байраар хангав гэдгийг гол үзүүлэлт болгох хэрэгтэй. Мянган малтай нөхөр хэдэн хүнийг тогтмол орлоготой болгож, бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байна вэ гэдгээр нь дүгнэх ёстой. Зүгээр нэг өвлийн идэш даадаг биш. Ажил хөдөлмөрт сургаж, тогтвортой орлоготой болгож байна уу гэдгээр нь үнэлж дүгнэдэг бодлогын уялдаа байх ёстой. Компаниудын хувьд ч мөн ижил. Үнэхээр хүмүүсийг хөгжүүлж, ажлын байр бий болгож, иргэдийнхээ төлөө явж байгаа үйлдвэрлэгчдийг төр засаг бүх талаас нь бодлогоор дэмжиж байх учиртай. Хамтарч байж л бид ядуурлаас гарна. Төр засаг халамж тараагаад, эсвэл хувь хүнээс болж байна гэж шүүмжилж суугаад ядуурлаас гарахгүй. Мэдээж залхуу хойрго хүмүүс олон бий. Гэхдээ шүүмжлээд бурууг тохоод суугаад байхын оронд өөрчлөхийн төлөө бодлого хэрэгжүүлж, зөв менежмэнтээр явах хэрэгтэй.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах бол 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Энэ сарын 18, 19-нд буюу Бямба, Ням гарагт Улаанбаатар хотод өдөртөө -14 градус байх бол шөнөдөө -21 градус байх аж.

Мөн 19, 21, 22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны зүгээс МУ-ын Хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дэлхийн банкны Ази, Номхон далайг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн ач холбогдол хийгээд Дэлхийн банк болон Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх талаар санал солилцож, цаашид илүү өргөн цар хүрээгээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Дэлхийн банкны зүгээс Хөдөө аж ахуйн салбарыг Монгол Улсын хөгжлийн голлох салбар болохыг тэмдэглээд тус салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулав

Биеийн тамир, спортын тухай хууль, Боловcрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын батaлсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын жүдо бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулжээ.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Зөгийн аж ахуй эрхлэгчдэд зөгийн гэр, сэмж гардууллаа

ХХААХҮЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр нийлүүлж буй зөгийн гэр, сэмжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төсөлд оролцогч зөгийн аж ахуй эрхлэгч 12 аж ахуйн нэгжид энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр гардууллаа.

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт”, “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслүүдийн үйл ажиллагааны хүрээнд эхний ээлжийн 585 зөгийн гэр, 101 боодол сэмжийг 2019 оны 10 дугаар сард Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудын зөгийн аж ахуй эрхлэгчдэд хүлээлгэн өгсөн бол энэ удаад Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн зөгийн аж ахуй эрхлэгчдэд 535 зөгийн гэр, 86 боодол сэмжийг гардуулан өгсөн юм. Эдгээр дэмжлэгүүд нь байгалийн нөөцийг ашиглан хүнсний болон эмийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Зөгийн салбарт чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна.


Categories
мэдээ утга-зоxиол

Жүжиглэх, найруулах хөтөлбөрийн шинэ гарын авлага хэвлэгдлээ

СУИС-ийн Театр урлагийн сургуулиас жүжиглэх, найруулах хөтөлбөрийн гарын авлага “ДҮРИЙН ҮҮЦ” нэрийн доор цувралаар багш, оюутнуудад хүрэхээр болжээ. Энэхүү цувралынхаа дээжээр Ардын уран зохиолч Д.Урианхай, зохиолч П.Батхуяг, Д.Мэндсайхан, О.Элбэгтөгс, Я.Баяраа нарын Үндэсний таван зохиолчийн жүжгийн зохиолуудыг багтаасан шинэхэн номыг уншигчдадаа хүргэхэд бэлэн болжээ. Эхний цуврал номоос ердөө 20 ширхэгийг хэвлэсэн бөгөөд эдгээрийг ТУС-ийн номын санд байршуулсан байна. Уг цуврал номыг ашиг олох зорлигоор худалдан борлуулахгүй боловч авахыг хүссэн хүн захиалан хэвлүүлж болох юм.Түүнчлэн удахгүй уг цувралыг QR код ашиглан сургуулийн веб-ээс цахимаар уншдаг болгохоор ажиллаж байна. Дараагийн цувралууд үндэсний зохиолчдын богино өгүүллэг, жүжгийн зохиолоор үргэлжлэн гарах юм.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдлаа

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 5 гишүүн харьяалагддаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул хуралдааныг завсарлуулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж мэдээллээ.