Categories
мэдээ цаг-үе

“Залуусын хот” хүртэлх бартаат замын тэмдэглэл

Улаанбаатараас Дархан-Уул аймаг орохоор хатуу хучилтыг нь хуулсан хуучин замаар болон хажуугаар нь зэрэгцүүлэн зассан, арзайж сэрийсэн, овойж шовойсон чулуутай шороон замаар дэржигнүүлсээр “Залуусын хот” Дарханыг зорив. Уг нь Улаанбаатар, Дархан гэх манай улсын хамгийн их хүн амын төвлөрөлтэй хоёр хотыг холбох энэ амьдралын зам нь Ерөнхий сайдын зургадугаар сард өгсөн тушаалаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөдөлгөөн нь нээгдчих учиртай байсан билээ. Зам зуурт явсан нутгийн эр “Энэ зам ирэх намар ашиглалтад орвол их юм. Зам гэж там юм даа” хэмээн нэлээн бухимдангуй хэлсэн юм. Арга ч үгүй биз. Хоёр тивийг холбосон гэх сүржин тодотголтой энэ эвдэрхий замаар өдөр бүр нийслэлийнхний жимс, хүнсний ногоо, мах сүүний ихэнх хэрэгцээг хангадаг олон улсын 50 орчим том ачааны машин, 100 гаруй жижиг тэрэг явдаг ажээ. Эвдэрхий, шороон замаар зорчих цуваа удааширч, эвдрэл тогтмол гарах болсноор зардал нэмэгдсэнтэй холбогдуулан зөөж буй бүтээгдэхүүний үнэ энэ хавраас өсөхөөс аргагүй болсон гэдгийг ч оросууд ил цагаан хэлэх болсон байна. Улаанбаатар-Дархан хооронд өдөрт дунджаар 40 орчим нийтийн тээврийн хэрэгслээр 800-850 зорчигч тээвэрлэдэг гэсэн албан мэдээ байна. Замдаа бид гүйцэж түрүүлсэн машины дугуйнаас үсэрсэн чулуунд машиныхаа урд шилээ хагалуулаад зогсож буй гэр бүлтэй таарав. Дарханы харьяат, Увсын уугуул гэх өрхийн тэргүүн эр нэлээд бухимдангуйгаар “Бид долоо хоног болгон хотод сурдаг оюутан хүүхдүүд дээрээ очдог. Завсраар нь фэйсбүүкээр захиалга аваад жоохон ногоо аваачиж зарж нэмэлт орлого олдог. Гэтэл энэ замаас болж орлого олох нь битгий хэл зарлагаа дийлэхээ болилоо. Оны өмнөхөн бас машины урд шилээ хагалуулсан. Та нар сонины хүмүүс бол тэр сайд дарга нар, У.Хүрэлсүх Ерөнхий сайдад дамжуулж өгөөч ээ. Дарханы зам бол Дархан, Сэлэнгийн иргэдийн амьжиргааны зам. У.Хүрэлсүх сайд аа, тэр ашигладаггүй сэлэм энэ тэрээ ганц удаа гаргаад зам тээврийн сайд Энх-Амгаландаа хариуцлага тооцооч. Худлаа л сүгсэлзсэн хүн байх юм. Ард түмэн бидний амьдрал ажлаа хийж чадаагүй сайдаас чинь болж улам хүндэрч байна. Дарханаас сонгогдсон гурван гишүүн огт ажиллахгүй байна” хэмээн бухимдлаа. Амьжиргааны замаар өдөртөө нааш цааш явдаг иргэдийн тоог 2000 орчим гэж тооцвол бүгд л энэ замд У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Б.Энх-Амгалан сайд хоёрыг нэлээд олон мянган удаа шүүмжилж бухимддаг байх нь.

Машины дугуй замдаа хэд хэдэн удаа хагарч, хоёр гурван запаас дугуйтай тулдаа л таг зогсчихгүйхэн шиг бид төвөө бараадасхийлээ. Хуучин Дархан руу орох замд жолооч залуу “Манай хот удахгүй Хуримын ордонтой болох гэж байгаа. Барилгын ажил нь ирэх сард дуусчих юм гэсэн. Намар дүүгийнхээ хуримыг энэ ордонд хийж, ид шидийг нь үзнэ дээ” гээд инээмсэглэлээ. Манай сурвалжлах баг шинээр сэргээн засварлагдаж буй хуримын ордны үйл явцыг сонирхохоор болов.


ХУРИМЫН ОРДНЫ ЗАСВАРЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

Бартаат замаар баахан бэдчүүлсэн хүмүүс Хуримын ордны гадаа ирлээ. Засаад удаагүй байгаа, нүд гялбам шинэхэн өргөө биднийг угтсан юм. Гадаах гэрэлтүүлэг сайтай, зам талбайг нь засаад удаагүй бололтой. Цэмбэгэр гэж жигтэйхэн. Хуримын ордны хойморт мозайкаар хийгдсэн бүтээл буй нь нүдэнд эхлээд туслаа. Энэ бүтээл Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордонтой адилхан хээтэй гэнэ. Барилгын дотор тал орчин үе болоод үндэсний хэв маягийг шингээсэн хийцтэй юм байна. Дээвэр, тааз нь европ хэв маягтай бол шалны пильта нь алхан хээгээр хүрээлэгджээ. Түүнчлэн цэвэр модоор урласан алтан өнгө бүхий алхан хээтэй хоёр багана, тооно танхимын голд сүндэрлэнэ. Монголд байхгүй Гэрлэх ёслолын өргөө болох нь гэж хүмүүс ярилцаж байлаа.

Эл Гэрлэх ёслолын ордон анх 1985 онд ашиглалтад орж, 2001 онд тухайн үеийн аймгийн Засаг даргын тушаалаар хувьчлагдсан гэнэ. Хувьчлагдахдаа эд хөрөнгийг хүлээлцсэн актад нь Гэрлэх ёслолын ордныг худалдаж авч буй иргэнийг гэр бүлийн холбогдолтой үйлчилгээг хэвээр нь үргэлжлүүлэн явуулах болзолтойгоор худалдсан гэдгийг тусгаж өгсөн аж. Гэвч худалдаж авсан иргэд эд хөрөнгийг хүлээлцсэн актад заасны дагуу зориулалтаар нь ашиглаагүй аж. Бүр шөнийн цэнгээний газар хүртэл болгож үзсэн байна. Тэгээд ч зогсоогүй, өнөөх хувьчлагчид барилгыг Есүсийн сүмд өндөр үнээр заржээ. Азаар 2016 онд “Дархан нутаг” ТББ тус байгууламжийг худалдан авч, 50 хувийг нь аймгийн ЗДТГ-т үнэгүй бэлэглэжээ. Гэвч тухайн жил Дархан-Уул аймгийн Засаг дарга солигдож, ИТХ-ын тогтоолоор бэлэглэлийг хүчингүй болгосон байна. Энэ үйл явцыг саяхан “Дархан нутаг” ТББ мэджээ. Гэрлэх ёслолын ордон 2008 оноос хойш тоногдож балгас болсон байсан. Тиймээс “Дархан нутаг” ТББ засварын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлэн инженерийн шугам хоолой, зам талбай, гадна фасад гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусч, дотор засварын ажлыг хоёрдугаар сарын 1-ний дотор дуусгаж бүрэн гүйцэд ашиглалтад оруулахаар эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байна. Биднийг Гэрлэх ёслолын ордон руу ороход дотор засал засварын ажил ид өрнөж байв. Ажил нь 80 хувьтай явж байгаа гэж хариуцсан хүмүүс нь хэлж байлаа.

Бид засварын ажлыг хариуцаж буй Б.Мягмардашаас зарим зүйлийг тодруулахад “Бид энэ барилгыг “Гэрлэх ёслол хүндэтгэлийн өргөө” хувьцаат компани болгосон. Энэ хувьцаат компанийн зохих ёсны хувийг Дарханы иргэдэд өгсөн. Аймгийн захиргаанд мөн тодорхой хувийг нь өгөх бодолтой байна. Гэхдээ хүлээж авах эсэхийг нь мэдэхгүй байна. Хуримын ордонд ёс журмынх нь дагуу гэр бүл, хамаатан садан, олон түмний нүдэн дээр андгай тангараг өргөж гэрлэсэн хосуудын салах магадлал бага байдаг. Гэр бүлээс эх орон эхэлдэг гэдэг. Тиймээс гэр бүл бат бэх байж гэмээн улс, эх орны минь тусгаар тогтнол бат бэх байна. Орчин үед гэрээтэй гэрлэх, хамтран амьдрах гэх мэт шинэ нэр томьёонууд гарч ирж, монгол ёс заншил алдагджээ. Дархан хот маань дөрөвдүгээр сараас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот болно. Хотод зайлшгүй байх ёстой зүйл бол Гэрлэх ёслолын ордон шүү дээ. Энэ бэлгэ дэмбэрэлтэй сайхан ажлыг “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш санаачилж, эхлүүлж, өдгөө дуусах шатандаа орж байна. Ер нь итгэл, сэтгэл, зүтгэлтэй бол ямар ч ажлыг бүтээж чаддаг юм байна” гэлээ.


АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁС, ЭВ НЭГДЭЛ, ЭРХ ЧӨЛӨӨН ДЭЭР ТОГТДОГ

“Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш төрөлх хотдоо олон олон бүтээн байгуулалтыг хийж байгаа гэдгийг нутгийн иргэдээс сонслоо. Дарханчууд эл залууд нэлээн ам сайтай байв. “Дархан 50” цогцолборт Н.Мөнхдаш эв нэгдлийг бэлгэдсэн Алун гуа эх болон таван хөвүүний хүрэл хөшөө, эрх чөлөөг бэлгэдсэн гартаа хонх бүхий Чингис хааны хөшөөг итгэл, сэтгэл, зүтгэлээрээ бүтээжээ. Ардчилал гэдэг шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гурав дээр тогтдог. “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаш Шударга ёсыг бэлгэдсэн бас нэгэн хөшөөг босгох гэж буй талаар нутгийн иргэдээс сонслоо. Түүнчлэн Аймгийн эмнэлэгтээ хоёр түргэний тэрэг бэлэглэсэн болон “Дархан хотын 100 эрхэм” номыг бүтээсэн гэх мэт “Дархан нутаг” ТББ болон Н.Мөнхдашийн талаар олон сайхан зүйлийг дарханчууд ярих юм билээ. Олон нийт рүү хандсан олон ажлыг зохион байгуулсан гэнэ. Үүнийг нэг нь “Архигүй Дархан 500” хөтөлбөр юм. Энэ талаар “Дархан нутаг” ТББ-ын дэд тэргүүн Г.Гантулгаас тодруулахад “Өнгөрсөн оны наймдугаар сард энэ ажил эхэлсэн. Энэ хөтөлбөрт архины хамааралтай болсон Дархан хотын залуус болон энэ хотод ажиллаж амьдарч буй иргэд, архинаас гаръя гэсэн чин хүсэлтэй иргэд оролцдог. Түүнчлэн хөтөлбөрт оролцож, архины хамаарлаасаа гарчихсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран ажлын байр болон мэргэжилтэй болгох, амьдралд нь хэрэгтэй сургалтад хамруулах гээд олон ажлыг хийж байна” гэв.

Б.ТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

Дэлхий ертөнцөд болж буй гайхалтай сонин зүйлсийг болон техник технологийн ололт амжилт, шинжлэх ухааны шинэ шинэ нээлтүүдийг манай сонин “Танин мэдэхүй” булангаараа дамжуулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад гоо сайхны салбарт гарах дэвшлүүдийн талаар бэлтгэлээ.


ШҮРШЭЭД Л ШИНЭ АРЬСТАЙ БОЛНО

130 жилийн түүхтэй Японы “Као” гоо сайхны компани хүнд хоёр дахь арьсыг бэлэглэх нэгэн бүтээгдэхүүн зохион бүтээжээ. Нарийн ширхэгтэй технологиор хийгдсэн “Est” гэх энэхүү бүтээгдэхүүн нь цацлага хэлбэртэй бөгөөд арьс руу цацахад шинэ арьсан бүрхүүл үүсдэг байна. Энэ бүтээгдэхүүн одоогоор Японы зах зээлд нэвтрээд байгаа, 50000 иен буюу монгол мөнгөөр 1,250,000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Эссенц, гоо сайхны хандтай нь хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй хэмээн зохион бүтээгчид онцолж байна лээ. “Pana­sonic” корпорацийн Appliance Co-той хамтран энэхүү спрейг цацахад зориулсан тусгай шүршигчийг ч мөн зохион бүтээсэн байна. Ингэснээр заавал гоо сайхны салонд очилгүйгээр гэртээ ч хэрэглэх боломжтой болжээ.

Маш нарийн ширхэгтэй бүрхүүл үүсгэдэг тул инээх, ярвайх зэрэг нүүрний хувиралд ямар ч саад болохгүй. Барьцалдаж, зууралдаад арьсны нүх сүвийг бөглөнө гэж айлтгүй, чийг хангалттай нэвтрүүлдэг аж. Оройн арьс арчилгаанд хэрэглэхдээ нүүрээ угааж, цэвэрлээд эссенцээ түрхсэний дараа спрейг цацаад унтахад хуурайшилтаас хамгаалж, арьсыг шөнийн турш чийгтэй байлгадаг юм байна. Өглөө нь босоод л хуулаад авчихна.

“Као”-гийнхан энэ технологио нүүр будалтын бүтээгдэхүүн хийхэд ч ашиглах гэнэ. Бүсгүйчүүд бид тун удахгүй олон давхар крем, энгэсэг тавих шаардлагагүй, ганц цацаад л толийж, гөлийсөн цоо шинэ арьстай болдог цаг ирэх нь ээ. Мөн тэдний хамгийн том амбиц нь анагаах ухаанд өөрсдийн энэхүү технологийг нэвтрүүлэх. Түлэнхий, батга, язралт зэрэг арьсны төрөл бүрийн эмгэгийг эмчлэх шинэ арга туршихаар зэхээд байгаа гэнэ.

ИНДҮҮ, СЭНСИЙГ НЭГ ДОР

Дараагийн нэгэн гайхалтай нээлт бол үсийг ширхгийн дагуу хатаадаг сэнс. Энэ хатаагч нь үсийг гурав дахин хурдан хугацаанд, гурав дахин шулуун болгож хатаадаг байна. Халуун агаар нь гадагшаа урсан гардаг болохоор үс хуурайшуулж гэмтээхгүй аж. Зах зээлд худалдаалах үнэ 399 ам.доллар.

ҮЛГЭРТ ГАРДАГ ШИДЭТ ТОЛЬ АМЬДРАЛ ДЭЭР

Толь минь, толь минь энэ ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ? хэмээн асуудаг шидэт үлгэрийн өгүүлэмжийг мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл амьдрал дээр шидэт толийг зохион бүтээсэн байна. Энэ толинд харахад таны арьсны хамгийн асуудалтай хэсгүүдийг тодруулан харуулдаг бөгөөд тэр хэсэг дээр гоо сайхны ямар бүтээгдэхүүн түрхэх үү гэх зэргийг зааж өгдөг байна. Ингэснээр тос, кремээ ч гамнаж, арьсныхаа балансыг ч тогтворжуулах боломжтой болох юм.

ВИТАМИН Д БОЛОВСРУУЛДАГ НАРНЫ ТОС

Энэ маш боломжгүй мэт сонсогдож байгаа боловч үнэхээр ийм нарны тос зохион бүтээх гэж байгаа гэнэ. Нар, салхинаас хамгаалах тусгай тос нь арьсыг гадны нөлөөнөөс хамгаалдаг болохоор арьсны мэргэжилтнүүд хамгийн түрүүнд зөвлөдөг. Үрчлээ, нөсөө, хуурайшилт тэр ч бүү хэл арьсны хавдраас хамгаалдаг учраас байнга хэрэглэх нь зүй. Гэвч ганц асуудал нь ийм тос бидний арьсанд нэвчих ёстой Д витаминыг саармагжуулдаг. Харин энэ асуудлыг шийдэж, нарнаас ирж буй элементүүдээс зөвхөн Д витаминыг ялган, арьсанд шингээдэг тосыг үйлдвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар Австралид зарагдаж байгаа бөгөөд удахгүй АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх гэнэ.

ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ СҮРЧИГ

Сүрчиг бол хүний өдөр тутмын хэрэглээ. Сайхан үнэртэй сүрчиг түрхсэн хүн илүү өөртөө итгэлтэй болж, цэвэр ихэмсгийг мэдэрдэг гэх судалгаа ч бий. Тэгвэл “Codex beauty”-гээс ойрын нэг жилийн хугацаанд нэгэн шинэ төрлийн сүрчиг үйлдвэрлэх болсноо зарлаад байна. Энэ сүрчгийг түрхсэнээр таны цусанд эрч хүч, өөдрөг байдлын гормон ялгарч та өдрийн турш бүтээмжтэй, өөртөө итгэлтэй явах гэнэ. Ямар олон хүн хэрэглэх бол оо.


ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ БҮХ ӨНГИЙН ҮСИЙГ АРИЛГАДАГ БОЛНО

Илүүдэл үс арилгадаг, ургалтыг зогсоодог лазер эмчилгээ байдгийг бүсгүйчүүд сайн мэдэх байх. Лазер эмчилгээ шар, саарал зэрэг цайвар өнгийн үсэнд төдийлөн сайн нөлөөлдөггүй байсан бол энэ шинэ технологийг нэвтрүүлснээр ямар ч үсийг асуудалгүй арилгаж эмчилдэг болох аж. Үсний уутанцар луу мөнгөжүүлсэн нано бэлдэц оруулаад дараа нь лазераар арилгах уг технологийг АНУ-ын Массачусетсийн эмнэлгийн Лазер болон гоо заслын эмнэлгийнхэн туршиж байгаа бөгөөд хоёр жилийн дараанаас хэрэгжиж эхлэх гэнэ.

НҮҮРНИЙ ПРИНТЕР

Ойрын таван жилийн хугацаанд хэрэгжих технологи. Саяхан хумсны принтер гарч гайхшируулж байсан бол одоо нүүрний будгийн принтер гаргахаар “Mink beauty”-гийнхэн ажиллаж байна. Энэ принтер нь бэх, цаасны оронд тос, эмульс, крем, нүдний тень, уруулын будаг гэх зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ашиглана. Та эхлээд тусгай каталоги дээрээс өөрийн будуулахыг хүссэн нүүр будалтын зургийг сонгон эхлүүлэх товч дарахад принтер өөрөө ажиллан таны нүүр лүү шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг цацан, мэйк ап хийж эхлэх аж. Та хүссэн зургаа нүүрэн дээрээ буулгана аа л гэсэн үг юм. Гайхалтай биш гэж үү.

БАЙГАЛЬД ШИНГЭДЭГ САВ, БООДОЛ

Дэлхий даяар хэдэн тэрбум ширхэг гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа хог болон хөглөрч байгаль орчинг бохирдуулсаар байна. Экологийн тэнцвэртэй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч энэ асуудлыг анхааралдаа авч бүх сав, баглаагаа био задралд ордог материалаар хийхээр зорьж байна. “Amway” зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниуд хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Ямартаа ч 7-10 жилийн хугацаанд бүх сав байгальд шингэдэг эко болж хувирах төлөвтэй.

БҮХ АРЬСАНД ТОХИРОХ ТӨГС ЭНГЭСЭГ

Бүх төрлийн энгэсэг, кремнүүд хүний арьсанд 100 хувь төгс тохирдог болоход 10-15 жилийн хугацаа шаардлагатай байгаа хэмээн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байна. Хүний арьсны өнгө харилцан адилгүй байдаг. Тиймээс төрөл бүрийн бүтэцтэй арьснуудаас дээж аван урт хугацааны судалгаа хийсээр ямар ч хүнд төгс зохицох кремийг гаргаж авах нь ээ.

АРИЛДАГ ШИВЭЭС

“Solition” технологийн компаниас шивээсийг ор мөргүй арилгах лазер зохион бүтээхээр ажиллаж байна. Шивээсийг арилгахад 6-8 удаа лазер эмчилгээнд орох шаардлагатай болдог. Ингэсэн ч арилахгүй, бүдэг шаргал, хөх, саарал өнгийн сорви үлдэн, хүний арьс маш үзэмжгүй болдог шүү дээ. Харин тус технологийг хэрэгжүүлчихвэл шивээсийг бүрэн арилгах боломжтой болох нь ээ. Гэхдээ судалгааны түвшинд л яваа ажил гэнэ.

15 ЖИЛИЙН ДАРАА ХҮНИЙ ҮС ЦАЙХАА БОЛИНО

Хүний цусан дахь меланин, кортикоситероид гэх эд эсийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсноор үс цайж эхэлдэг. Хөгшрөх тусам хүний үс цагаан болдог нь меланин үйлдвэрлэх нь улам багасч буйтай холбоотой. Тэгвэл зэс, меланин өндөр тунгаар агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үс цайхаа зогсох гэнэ. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хаа ч байдаг нэмэлт тэжээл биш. Меланин цусаар дамжин зөвхөн үсэнд хүрснээр биеийн бусад хэсэгт илүүдэж, муугаар нөлөөлөхгүй байхаар бодож хийжээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын чуулганд оролцоно

Энэ сарын 20-24-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох гэж байна.

Уг чуулга уулзалт дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор жил бүр Швейцарын Давос хотноо зохион байгуулагддаг.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөр: Муу муухай бүхнийг харахгүй байгаа нь хүн болж төрсний хамгийн том шагнал

Цас хаялсан өвлийн өдөр булан тохой бүрээс нь дуу, хуур цангинасан “Соёл Урлагийн Их Сургуулийн оюутны дотуур байр”-ыг зорин алхлаа. Цасны бүдэгхэн жим намайг хөтөлсөөр зорьсон газраа ирэв. Энэ цастай зам түүний хувьд там. Учир нь цагаан таягтан хүн тайван зорчих тусгай зам сургуулиас нь дотуур байр хүрэх хооронд бараг байхгүй, байгаа нэгийг нь таслан гоёмсог зарлалын самбар зоосон харагдана.

Энэ дотуур байрны нэг давхарт “тэр” амьдардаг. Арван зургаан нас хүртлээ сургууль, цэцэрлэгт явж боловсрол эзэмшиж чадаагүй ч хүсэл тэмүүлэл нь түүнийг Улаанбаатар руу хөтөлсөн юм. Хөдөө амрахаар очсон хамаатнууд нь анх түүнд“Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль”-ийн тухай дуулгажээ. Түүнийг Батхүүгийн Баттөр гэдэг. Тэр Хөгжмийн Урлагийн Сургуульд “Багш, урлагийн боловсрол мэргэжил”-ээр гуравдугаар дамжаанд сурдаг.


“АМЬДРАЛ ХАТУУ, ААВ ЭЭЖ МӨНХ БИШИЙГ УХААРСНААС ХОЙШ…”

-Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн гэхээр хүлгийн сайныг унаж өсжээ?

-Аав маань уяач хүн. Би хэдий харахгүй ч морь хөлслөх, тэжээх, услахад нь тус дэмтэй өссөн. Ихэвчлэн хээр морио унаад хонинд явна. Хонины хээр бол миний замч. Хаа ч хүрсэн гэрт минь хүргээд л өгчихдөг. Сайн хүлэг л эзнийхээ бодлыг уншдаг байх гэж боддог.

-Харааны бэрхшээлтэй хүн морь унана гэхээр санаад багтамгүй юм?

Багаасаа адуу малтайгаа ойр өссөн болохоор морь унахад төдий л хэцүү биш ээ. Уг нь би төрөхдөө хараатай байсан юм билээ. Даанч найман сартай байхдаа нүдний хорт хавдар гэсэн оноштойгоор нэг нүдээ авахуулсан. Удалгүй хавдартай байсан нүд нь хавдаргүй нүдэндээ нөлөөлсөн учраас үлдсэн нүдээ авахуулахаас өөр сонголт үлдээгүй. Найдваргүй гэж байсан ч эм тариа залгуулж байж амьд үлдсэн гэсэн. Амьдрах хувь заяа хайрласан аав ээж, алтан гартай эмч нар үгүйсэн бол би өнөөдөр энэ хорвоод үгүй, морин дэл дээр явж, сургууль ном ч сурахгүй байсан.

16 нас хүртлээ хөдөө аав ээж дээрээ өсжээ. Харааны бэрхшээлтэй хүний хувьд гэр орноосоо хол удаан хугацаанд байх, ялангуяа суралцах бэрхшээлтэй асуудал. Юу чамайг нааш нь хөтлөв?

-Анхандаа тусгай сургууль байдаг гэж мэддэггүй байлаа. Хотоос ирсэн ах эгч нараасаа тусгай сургуулийн тухай сонсчхоод хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Хожуу мэдсэн ч огт оройтоогүй юм шиг санагддаг. Анх аав ээж, өвөө маань хот руу явуулахгүй гэж эсэргүүцэж байсан ч хүсэл мөрөөдлийг минь хүндэтгэж үзээд зөвшөөрсөн.

Хөдөө байхдаа зав л гарвал аавынхаа машинд орж суучихаад дуу сонсоод суучихна. Тэгэхдээ өөрийгөө дуучин болчихсон байна гэж төсөөлдөг байлаа. Одоо бодох нь ээ тэр бодлын хүч л намайг энэ хот руу хөтөлсөн.

-Өөрийг нь ойлгож, хүсэл тэмүүллийг нь хүндэтгэдэг хүмүүс дэргэд байх ч сайхан шүү?

Манайх ам бүл тавуулаа. Нэг ах, эмэгтэй дүүтэй. Манай гэрийнхний хамгийн сайхан чанар нь надад “Чи чадахгүй” гэж ерөөсөө хэлж үзээгүй. Хөрзөн гаргахад надад царил бариулаад суулгачихна. Юу ч байсан хамаагүй хий гэнэ. Үүний ч ачаар би хөдөлгөөн, орон зайн баримжаа сайтай болсон байх.

-Хөдөө амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөвшилд гэр бүлийнхнээс гадна юу чухал санагддаг вэ?

-Есдүгээр сарын нэгэн болохоор үеийн охид, хөвгүүд цөм сургуульдаа явчихна. Би л бууриа сахиад гэдэг шиг ганцаараа үлддэг байлаа. Ганцаараа үлдсэн надад телевиз л их хань болно. Сүүлдээ ч бүх телевизийн нэвтрүүлэгч, кино дуу оруулагчдыг хоолойгоор нь таньдаг болчихсон байсан. Намайг гадаад ертөнцтэй, дуу хууртай танилцуулсан зүйл бол яахын аргагүй телевиз. Гэхдээ хүн гэдэг их сонин. Бага байхдаа юунд ч санаа зовдоггүй, юу ч боддоггүй юм билээ. Харин том болоод, 16 нас хүрээд ирэхээр гэнэтхэн амьдрал хатуу, аав ээж мөнх биш гэж гэдгийг ухаарсан. Энэ үед төрсөн айдас ч гэмээр зүйл намайг боловсрол эзэмшихэд түлхсэн байх.

“ХӨГЖИМ БОЛ МИНИЙ ХОЁР ДАХЬ ХЭЛ”

-Бичиг үсэг тайлагдсаны дараа чиний өмнө цоо шинэ ертөнц нээгдсэн байх даа?

-Тэгэлгүй яахав. 2012 оны намар “Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль” сургуулийн захирал, сургалтын менежертэй уулзаад сурч хөгжих хүсэлтэйгээ хэлсэн. Гэтэл нас хэтэрсэн байна, 16 настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулж болохгүй гээд хоёр долоо хоног давтлага өгсөн. Давтлага авч байх хугацаандаа дөрвөн аргын тооноос эхлээд гучин таван үсгээ үзэж, үг холбож уншиж сурсан. Анх дөрөвдүгээр ангид оруулсан ч сарын дараа ахин шалгалт авч наймдугаар ангид оруулсан. Олон анги алгассан болохоор эхэндээ хичээлүүд их хэцүү санагдаж, сайн ойлгодоггүй л байлаа.

Манай ангийг надтай нийлээд найман хүүхэд төгссөн. Нэг охин, долоон хүү. Бид бариэл үсгээр хоорондоо захиа бичдэг байлаа. Арван жилдээ охидоос авч байсан бариэл захиануудаа одоо болтол нандигнаж хадгалдаг юм. Хэрэв сурахаар зориглоогүй бол өнөөдөр ямархуу хүн байх байсан бол гэж ээж бид хоёр хааяа ярьцгаадаг. Тийм болохоор амьдралд минь шинэ хуудас нээж өгсөн сургуулийнхандаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг даа.

Тусгай сургуулийн сургалтын орчин нөхцөлийн талаар төгсөгчийн хувьд санал бодлоо хуваалцаач?

Тусгай сургуулийн нөхцөл харьцангуй сайжирч байгаа ч анхаарах зүйл их бий. Арван жилд байхад сурагчид сургуульдаа санал гаргаад “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо”-ноос дэлгэц уншигч программ ашигладаг хараагүй багш урьж мэдээлэл зүйн хичээлээ оруулах санал тавьсан ч бүтээгүй. Хэрэв ингэхгүй бол МУБИС, МУИС-ийг төгссөн, тусгай програм дээр ажилладаггүй багш нар мэдээлэл зүйн чухал хичээлийг заахад хүндрэл үүсдэг. Багш нарын ганц барьж авдаг юм нь сурах бичиг. Онолын юм бичүүлсээр л таардаг байсан. Тиймээс сурагчид өөрсдөө л арга чарга эрэлхийлж байж мэдээллийн технологид суралцдаг юм.

Уг нь “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо”-г аймаг болгонд салбар зөвлөлтэй том байгууллага гэж ойлгодог. Гэхдээ төрийн бус байгууллага, Төрийн байгууллагууд хамтарч ажиллах тал дээр зөрчилтэй байдаг юм билээ.

-СУИС-д энгийн оюутнуудтай хамт суралцахад хүндрэлтэй зүйл бүр ч их гарч байна уу?

Энэ сургуульд бол би бэрхшээлээ өөрөө л даван туулахаас өөр аргагүй гэж боддог. Шалгалт авахад би ангийнхантайгаа зэрэг хийж, дуусгаж амждаггүй. Ганц шалгалт ч гэлтгүй бүх хичээл дээр жирийн хүүхдүүдээс хэд дахин их хөдөлмөрлөж байж тэд нарын түвшинд хүрнэ. Тэд нар нэг цаг суугаад гартаа оруулч хаж байгаа хөгжмийн зохиолыг би гурваас дөрвөн цаг сууж байж өөрийн болгоно. Ноотоо цээжлэх хүртлээ ангийнхаа хүүхдээр хэлүүлнэ. Бусад хичээлийг ч ганц сонсоод өөрийн болгож авч чадахгүй болохоор гар утасныхаа дуу хураагуурыг ашигладаг. Байрандаа ирээд хоол хийж байхдаа эсвэл хувцсаа угааж байхдаа сонсож өөрийн болгож авна.

Өөрийгөө дуучин болчихсон байна гэж төсөөлдөг байсан хирнээ яагаад дуулаачийн ангид элсээгүй юм бэ?

-Би одоо хөгжмийн багшийн ангид суралцаж байгаа ч дуу хөгжмөөсөө урвасан гэсэн үг биш. Хүн хайр сэтгэлээсээ урваж болох ч хүсэл мөрөөдлөөсөө хэзээ ч урвадаггүй. Сургуулиа төгсөж гараад мэргэжлээрээ ажилласан ч тэмцээнд орж өөрийгөө нээж, хөгжүүлнэ гэж боддог. Аав ээж хоёр маань ч юу чамд сайхан санагдаж, сэтгэлийг чинь татаж байна, түүн рүүгээ л тэмүүл гэж хэлсэн.

-Хөгжмийн авьяастай гэдгээ анх яаж мэдсэн бэ?

-Арван жилд байхдаа үлээвэр хөгжмийн “Мөнгөн бүрээ” гээд хамтлагт тоглодог байсан юм. Тэр хамтлагаараа Солонгос руу хоёр удаа явсан. Би бас шавраар баримал хийх сонирхолтой байсан ч хөгжмөө л сонгосон. Хөгжим бол миний хоёр дахь хэл. Симфони бичээд хүмүүст хэлэхийг хүссэн бүхнээ хөгжмөөр илэрхийлэх юмсан гэж хүсдэг.

-Хөгжмөөс өөр сонирхлыг тань татдаг зүйл бий юу?

-Уран зохиолд дуртай. Уран зохиолын ном л сонсох хэлбэрээр нь “youtube” рүү ороод сонсчихдог. Ихэвчлэн богино өгүүллэгүүд л сонсдог. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн эсрэг талд хараагүй хүмүүст зориулсан номын сан байдаг. Тэндээс л мэргэжлийнхээ номнуудыг авч уншдаг даа. Аудио програм дээр ажиллаж сурч байгаа. Юм тасдаж, эвлүүлнэ, радио драм хийх гэж үзнэ ээ бас.

Өмнө подкаст сонсдог байсан. Их товчлож ярьдаг санагдаад одоо бол сонсохгүй байгаа. Монгол тулгатны зуун эрхэмийг бас үзэх дуртай.

Сургуулиа төгсөөд гадагшаа явж сурах боломж олдвол явах уу?

Манай сургуулийн багш нар намайг тусгай сургууль, тусгай цэцэрлэгт ажиллана гэж боддог байх.Гэхдээ би мэргэжлээрээ жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд багшилъя гэж боддог. Гэхдээ гадагшаа явж сурах боломж олдвол алдахгүйг хичээнэ ээ. Дунд сургуульд байхдаа “Jet school of English”ээс зарласан эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож англи хэлниий сургалтад үнэ төлбөргүй сууж байсан, гадаад хэлний суурь уг нь бий.

“ХӨГЖЛИЙН
БЭРХШЭЭЛ БИШ ХАНДЛАГЫН БЭРХШЭЭЛ…”

Сая хүүхдийн цэцэрлэгт дадлагад гарсан гэж байна. Хүүхдүүдэд багшлах ямар байсан бэ?

-Хүүхдүүдтэй ажиллах сайхан. Гэнэн цайлган юугаа ч нууж хаадаггүй. Ер нь цэцэрлэгийн багш гэдэг бол хүнийг бүтээдэг хүн юм билээ. Цэцэрлэгт явж байгаагүй болохоор хэцүү байх болов уу гэж бодсон ч хамгийн дурсамжтай өдрүүд тэнд өнгөрсөн. Намайг харахгүй гээд хүүхдүүд анги танхимаас зөвшөөрөлгүй гарчих гээд байсан ч ангийнхан маань хамт байгаа болохоор тус дэмтэй байсан.

-Бэрхшээлийг туулах энэ хүчийг юунаас авдаг вэ?

-Өөрөө хийхийг хүссэн зүйлээ хийж байгаа болохоор шантармаар үе гарсан ч хичээх л хэрэгтэй гэсэн бодолдоо улам хурцлагддаг.

Нийтийн тээвэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэр ээлтэй болж байна?

-Анх автобусанд суухад өчнөөн бэрхшээл тохиолддог байсан. Ямар чиглэлийн автобус ирж байгааг мэдэхгүй буруу чиглэлийн автобусанд суучихна. Хүнээс асууна. Зарим нь хэлж өгнө. Зарим нь тоохгүй. Жолоочоос нь асуухаар өөрөө харахгүй юу гэж хэлнэ. Нэг хэцүү юм нь автобусанд ахмад настай хүн сууж байгаад надад суудал тавьж өгдөг. Ганцхан буудал яваад буух үедээ би суудаггүй юм. Гэтэл автобусны жолооч “За наад хөгжлийн бэрхшээлтэй хүнээ суулгачихаарай” гэж ирээд бүдүүн дуугаар орилчихдог. Харахгүй байгаа минь үнэн ч өчнөөн хүний дунд хараагүй, хөгжлийн бэрхшээлтэйгээрээ цоллуулах таатай санагдахгүй нь лавтай.

Иймэрхүү бэрхшээлүүд бол байсаар л байх биз. Гол нь хөгжлийн бэрхшээл биш хандлагын бэрхшээл. Ихэнх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй хүмүүсийг бие даах чадвар муу эзэмшсэн гэж боддог байх. Гэвч бид бусдын адил аливааг хийж сурахын төлөө хичээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бид харааны бэрхшээлтэй байж болох ч хүн гэдэг үүднээс нь хүлээж аваасай гэж хүсдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээвэрт зорчигчийн карт уншуулахад “хөнгөлөлттэй зорчигч” гэж сонсогддог. “Хөнгөлөлтэй зорчигч” гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг санагддаг юм?

Арван жилийн найз нар маань ганцаараа явж байгаа үедээ “Хөнгөлөлттэй зорчигч” гэсэн картаа уншуулдаг. Харин их сургуулийн найзуудтайгаа ийш тийш явахдаа “Баярлалаа” гэсэн карт уншуулдаг гэсэн. Тэгэхээр зарим хүмүүст тэгж санагддаг л бололтой. Гэхдээ надад бол тэгж санагддаггүй ээ. Хүн болгоны ичих мэдрэмж өөр өөр зүйл дээр илэрч байдаг. Миний хувьд арай өөр зүйл дээр ичих мэдрэмж төрнө. Надад хоёр мэлмий үгүй ч муу муухай бүхнийг харахгүй байгаа нь хүн болж төрсний хамгийн том шагнал юм болов уу гэж боддог. Үүнээсээ хэзээ ч ичихгүй.

– Нууц биш бол өөрийн амьдралын хэмнэлээсээ хуваалцаач?

– Өдрийн дэглэм, ой тогтоолт маш чухал. Дунд сургуулийн дотуур байранд цаанаасаа хоол өгдөг байсан. Харин одоо бол өөрөө хоолоо хийж иднэ. Хичээлээ түрүүлж тарж ирсэн нь хоолоо хийчихдэг болохоор хэн хэндээ амар. Миний хувьд бүх юмыг тооцоолж, цээжлэхээс эхэлнэ. Эдий хэр хэмжээний ус хийсэн болохоор төдий хэр хэмжээний давс хийнэ гэж нарийн тооцоолно. Угаалга хийхэд хүртэл хар цагаан өнгийн хувцас нэг усанд хийгээд уугаачихгүйн тулд ямагт тэмдэг, тэмдэглэгээг нь тэмтэрч үзнэ. Бүх зүйлээ өөрөө хийгээд сурчихвал хүнд төвөг удахгүй амар юм шиг санагддаг. Өдөр бүхэн явдаг замд маань нэг байшин баригдчихсан байлаа гэж бодоход эхний удаа мөргөөд дараагийн удаа тойроод л гарна. Бид алдаан дээрээсээ л суралцаж, дахин алдаа гаргахгүйн төлөө хичээдэг юм.

-Хүний амьдралын зам мөр урт. Гэр бүлтэй болж сайхан амьдрахыг хүн бүхэн мөрөөддөг нь лавтай. Таны хувьд гэр бүл болох хүн тань ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?

Арван жилийн маань нэг найз МУИС-д сурдаг юм. Хааяа над руу утас цохиж сэтгэлээсээ ярилцдаг. Нэг удаа залгаснаа “Манай гэрийнхэн намайг ерөөсөө ойлгохгүй байна. Бие дааж ганцаараа явъя гэхээр огт гадагшаа гаргахгүй юм. Яаж би чам шиг чөлөөтэй байх вэ?” гэж асууж байсан. Хичээл тарлаа л бол шууд гэрт нь аваачаад суулгачихдаг. Хичээл орох цагт нь хүргээд өгчихдөг юм билээ. Ингээд байвал тэр хүн өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, хүмүүстэй ч нөхөрлөж чадахгүй шүү дээ. Хүмүүст өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа юм. Гэтэл тэр хүнд чөлөөтэй амьдрах эрх бий. Тийм болохоор намайг маш сайн ойлгох хүнтэй л гэр бүл болно гэж боддог.

Э.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ.

Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан сурагчидтай уулзлаа.

Тойрог хэлбэрээр бичсэн энэхүү бүтээл нь Монголын нууц товчооны эхний таван бүлгээс эхний тойрогт 31 мөр, хоёрдугаар тойрогт 194 мөр, гуравдугаар тойрогт 576 мөр, нийт 802 мөр бичсэн бөгөөд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатар 21 уран бүтээлч, сурагчид хамтран бүтээсэн юм.

Энэ бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаж авахаа илэрхийлж байсан бөгөөд илүү олон хүнд хүргэж, үндэсний бичиг соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдад таниулах үүднээс музейд байршууллаа.

Төрийн түүхийн музей нь гадаад, дотоодын дипломат төлөөлөгчдөд үйлчлэхийн зэрэгцээ иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.

Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ойрын үед Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 01 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 01-р сарын 19-ний ням гарагт 19.10 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

​ Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон.

Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой.

Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцэх юм байна. Харин үүний дараагаар монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгч, 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Эцэст нь удирдах ур чадварын буюу дүн шинжилгээний сорил болох 15 онооны шалгалт өгч, 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. Төрийн албаны шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгаруулалтад ТЭНЦСЭНД тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм. Ийнхүү тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

​ Алдарт эхийн одонгийн материалыг авч байна

Алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одонгийн материалыг 2020 оны 1 дүгээр сарын 13-аас 2 дугаар сарын 26-ыг хүртэл хүлээж авна. Иймд 1,2 дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд хорооныхоо нийгмийн ажилтанд материалаа бүрдүүлж өгнө үү.

АЛДАРТ ЭХИЙН 1,2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Эхийн цахим иргэний үнэмлэхийг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
3.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
4.Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
5. 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагаа
6. 1-р зэргийн одон авах ээж 2-р зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар авчрах

Мөн хүүхэд 2020 оны 6 сарын 1-ээс өмнө 1 нас хүрсэн бол одон авах болзол хангана. Та бүхэн хугацаандаа материалаа багтаан авчирч өгнө үү. Хоцорсон тохиолдолд материал хүлээж авахгүйг анхаарна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Тайван амгалан байж болно, театруудыг нураахгүй

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Монгол тэмүүлэл сургууль болон 133 дугаар сургуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Монгол тэмүүлэл, 133 дугаар сургуультай холбоотой маргаан жил шахуу үргэлжиллээ. Хоёр тал байр сууриа илэрхийлсэн. Тэр хичээлийн байранд Монгол тэмүүлэл, 133 дугаар сургуулийн 4000 гаруй сурагчид хичээллэж байна. Тэгэхээр олон улсын стандартын дагуу цөөхөн хүүхэдтэй сургуулиа шилжүүлээд шинэ хичээлийн байртай болгохоор хичээлийн байрны зураг төсөл хийгдээд улсын төсөвт суучихсан. “Монгол тэмүүлэл” дунд сургуулийн эцэг, эхчүүд болон яамны төлөөлөл ХҮДС-ийн энэхүү байртай танилцсан. Хичээл сургалт явуулахад бүрэн боломжтой байр байна гэж санал сэтгэгдлээ илэрхийлсэн. 2000 мкв байр буюу одоогийн сургуультай нь адилхан гэсэн үг. Тус сургуулийн шинэ байрны барилгын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ. Харин 133 дугаар сургуулийн хувьд 3000 сурагчтай, 3-4 ээлжээр хичээллэж байгаа учир тэр олон сурагчийг шилжүүлэх ямар ч боломж байхгүй. Тэр сургуулийн өргөтгөлийг барьж байгаа. Ямартаа ч 2020-2021 оны хичээлийн жилд энэ хоёр сургуулийн хичээлийн байр бүрэн шийдэгдэнэ. Эцэг, эхчүүд үүнийг сайтар ойлгох хэрэгтэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сурагчдын амрах хугацааг долоо хоногоор сунгасан. Энэ жил Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд утаа, агаарын бохирдлын асуудал 50 орчим хувиар буурсан. Тиймээс агаар орчны бохирдолтой холбоотой амьсгалын замын өвчин харьцангуй гайгүй байна гэж Эрүүл мэндийн яам онцолж хэлсэн. Хүүхдүүдийн ханиад томуутай холбоотой асуудал нэлээд санаа зовоож байгаа.

-ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажил юу болж байна вэ?

-Би өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музей дээр мэдэээл хийхдээ хэлсэн. ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажлыг зогсоолоо. Маш их улстөржиж байна гэдэг мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тухайн үед дээрх гурван байгууллагын ажилтнууд хэвлэлийн хурал хийн манай салбарт оруулж ирж байсан хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа нь буруу, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч. Тоног, төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудлууд байгаа. Соёлын салбарт сүүлийн олон жил хийгдээгүй энэ ажлыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Одоо улсын төсөвт Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын санд тус бүр хоёр тэрбум төгрөг суусан байгаа. Энэ мөнгөөр гурван байгууллагын барилгыг шинэчилж, засварлана. Улсын төсөвт эдгээр гурван байгууллагын шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж заасан. Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Улсын драмын эрдмийн театрууд өмнө нь засвар хийлгэе гээд зургуудаа гаргаж байсан. Үүнд манай мэргэжлийнхэн үнэлэлт дүгнэлт өгнө.

-Мэргэжлийн сургалт олгох төвүүд олширч, иргэдийг залилж буй асуудалд танай яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Гадуур маш олон сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Сошиал дээр ийм юмны их сургууль бүртгэл авч байна. Диплом, ромбо олгоно гэх мэт олон нийтийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа маш их явж, хуулийн цоорхойг ашиглаж, иргэдийг хохироож байна. Төрийн бус байгууллага байгуулчихаад их, дээд сургууль, институт нэртэй, диплом, мэргэжлийн зэрэг олгодог залилангийн шинжтэй үйл ажиллагаа их байгааг оны өмнө БСШУСЯ, ХНХЯ, УБЕГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Цэцэрлэгийн туслах багшийг 14 хоногийн хугацаанд бэлдэж, дипломтой төгсгөж байна. Тухайлбал, МСҮТ-д бага эмч, сувилагчаас эхлүүлээд маш олон нарийн мэргэжлийг олгож байна. Эдгээр газрууд аль ч яамнаас зөвшөөрөл авалгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир ард иргэд болгоомжтой байгаарай гэдгийг хэлмээр байна.

-Сурагчдад зүй бус бичлэг үзүүлсэн гэх мэдээллийг судлав уу?

-“English school of Mongolia” дунд сургуулийн сурагчдад багш нар хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, сурагчдыг нь амраахгүй хичээллүүлж байна, сурагчдад нь том хүний кино үзүүлсэн гэх яриа цахимаар тарсан. Манай Ерөнхий боловсролын газрын ажлын хэсэг тухайн сургууль дээр ажилласан. Тэр сургуулийн хичээлийн үйл ажиллагаа БСШУСЯ-наас батлагдсан хуваарийн дагуу амарч байгаа. Мөн Кувейтийн ам гэдэг газар хоёрдугаар улирлын амралтаар жил бүр эцэг, эхчүүдээс нь зөвшөөрлийг нь аваад сургалт явдаг юм байна. Тэр сургалт нь хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Газар дээр нь очиж үзсэн байна лээ. Англи хэл дээр суурилсан вакумжсан сургалт юм байна. Тэр сургууль дээр том хүний бичлэг үзүүлсэн асуудал байхгүй бөгөөд шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандчихсан байгаа гэдэг зүйлийг ярьсан. Энэ мэдээллийг анх жиргэсэн хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм билээ. Хар тамхи, мансууруулах бодис, гадаад багш нартай холбоотой тэр асуудал хэдэн жилийн өмнө ганц, нэг удаа яригдсан юм байна. Үүнийг нь хууль, хяналтын байгууллага шалгаж, асууж, тодруулж байсан байдаг. Манай яамнаас ажлын хэсэг гарч ажиллахад, тийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой болсон. Бидний зүгээс энэ асуудалд хатуу байр суурь хэлэхэд хэдэн жилийн өмнө ганц хоёр тохиолдлууд гарч байсныг одоо өрнөж байгаа мэт олон нийтийн сошиал сүлжээнд буруу зөрүү мэдээлэл битгий тараагаач ээ. Энэ асуудалд болгоомжтой хандахгүй бол болдоггүй юм шүү.

-Чингис хааны онгон олдсон гэх мэдээлэл яваад байгаа. Энэ асуудал дээр БСШУСЯ ямар мэдээлэлтэй байна вэ?

-Одоохондоо албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэрвээ ирвэл Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, археологийн хүрээлэнд хамгийн түрүүнд мэдээлэл ирээд тэндээс Соёлын өвийн тухай хуулиараа авран хамгаалах ажиллагаа явуулах учиртай.