Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдэд 200 мянган угаарын хийн мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд 200 мянган угаарын хийн мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах ажил үргэлжилж байна.

Эхний ээлжинд 20 мянган угаарын хийн мэдрэгчийг айл өрхүүдэд тараасан бол өнгөрөгч долоо хоногт нэмж захиалсан 50 мянган ширхгийг хүлээн авч дүүргүүдэд хувиарласан байна. Ингэснээр 70 мянган угаарын хийн мэдрэгчийг айлуудад суурилуулах ажил үргэлжилж байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх шалтгаанаар 17 өрхийн 24 хүүхэд 22 том хүн Яаралтай тусламжийн төвд хандаж эмнэлгийн тусламж зөвлөгөө авчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ С.Баяр: Залуу үедээ зайгаа тавьж өгдөг уламжлал МАН-д бий. АН-д бол алга


Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног “жаран”-ы бутархай” номын хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Интерном”-ын байранд болсон юм. Хэлэлцүүлгийн хөтлөгчөөр “Адмон” группийн захирал Р.Энхбат ажиллалаа. Тэдний асуулт, хариултыг тоймлон хүргэе.


-Ном бичих болсон шалтгаанаас ярилцлагаа эхлэх үү?

-Ийм ном бичье гэж зорилго тавиад явсан хүн биш л дээ, би. Энэ ном хоёр бүлэгтэй. Эхнийх нь ойлгомжтой. 461 дүгээр ангид хоригдсон хоногийнхоо тоог тавьсан санаатай. Өдөр өдрийнхөө тэмдэглэлийг буулгасан. Нөгөөх нь мөн л тодорхой. Жар насалсан хүнд юу эс тохиолдох вэ, өөрт тэмдэглэлтэй зүйлсээ бичсэн.

Бичиж эхэлсэн түүх нь их сонин. 2005 онд би нүдэндээ мэс засал хийлгэсэн юм. Хоёр, гурван хоног нүд боолттой байсан л даа. Ном уншиж, телевиз харах бололцоогүй. Өвдөөд хэвтэж байгаа хүнд өнгөрсөн үеийн элдэв дурсамж орж ирдэг юм билээ. Тэр үед надад нэг жижиг компьютер байлаа. Нүдээ аниад ч бичиж чадахаар удаан хэрэглэсэн байсан юм. Өнөөхөө авчруулаад дурсамжаа буулгаж эхэлсэн. Гол сэдвүүдээ бичиж эхэлсэн түүх нь энэ.

Эхний бүлэг тодорхой, жаран хоногийн тухай өгүүлэмж. Хорих газар бол сөрөг орчин. Сөрөг энерги хуйларсан газар. Хүн л юм чинь сөрөг бодолдоо дарагдаад суухыг бодохгүй. Эерэг, өөдрөг юм бодох шаардлага гарна. Бас завгүй байх хэрэгтэй.

Өнгөрсөн цагийн дурсамж, яаж яваад ийшээ орчихов, учир шалтгаан нь юу вэ гэх мэт зүйлс өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Үзэг цаас гуйж аваад өдөр өдрөөр нь тэмдэглээд явлаа. Бичсэнээ эргэж харах дургүй байсан л даа. Бичсэн зүйлсийг минь хорихоос гарахад авч үлдсэн юм. Сүүлд нь нэхэж байгаад авсан.

Тэнд нэг зүйлийг маш сайн ойлгосон. Дуугаа хураачихаад явах буруу гэдгийг. Цаг хугацаа бүхнийг шүүнэ, илүү дутуу юм яриад яах вэ гэж бодсон минь буруу байсныг ойлгосон. Ном хийсэн хугацаа маань их богинохон, хоёр cap орчим болсон байх.

-Танд нэг онцлог бий. 1990 оноос хойших 30 жилийн хугацаанд С.Баяр гэдэг хүний нэр улс төрийн тавцанд дуулдаж иржээ. Ийм хүн цөөхөн. Ийм хүний бичсэн ном яах аргагүй олны анхаарлыг татна. Таны бичлэг их ёсорхуу санагдсан шүү. Гарчигнаасаа эхлээд ахмад хүний нигүүлсэнгүй сэтгэлээр бичжээ гэсэн бодол төрсөн. 50 жилийн өмнөх үйл явдлыг өчигдөр мэт тод бичсэн нь гайхалтай санагдсан. Захиас өгөх маягтай, улс төрөөс явсан мэт өнгө аястай бичлэгүүд их анзаарагдлаа. Би зөв мэдэрсэн үү, буруу ойлгов уу?

-Би 1956 онд төрсөн хүн. 63 гэдэг бол балчир нас биш л дээ. Тэгэхээр залуу хүний бичлэгээр бичихгүй. Зориудаар бичсэн зүйл биш. 1990 оноос 30 жилийн турш улс төрд байсан гэж ярилаа. Ташаа ойлголт л доо.

Би улс төрд 20 жил болсон. Сүүлийн арван жилд жирийн нэгний амьдралаар амьдарч яваа. Одоо хүртэл улс төрд яваа мэт боддог хүн байж болох юм. Гаръя гэж гараагүй, тодорхой учир шалтгаан байсан. Гарчихаад эргэж оръё гэж өнгөлзсөнгүй.

Амьдрал бол улс төр биш. Улс төр бол амьдралын нэг л хэсэг. Тийм ч учраас номны хоёрдугаар хэсэгт амьдралаа бичсэн. Хүн хүний амьдрал өвөрмөц, давтагдашгүй. Энэ номыг бичихдээ их эргэлзэж байсан. Миний амьдрал учраас надад бүх юм нь чухал, чухал гэж бодсон болгоныг минь хүмүүс сонирхох уу гэж бодсон. Сүүлдээ зориг шулуудсан л даа.

Том цаг үеийн гэрч, тодорхой хэсгийнх нь оролцогч, бүр тодорхой хэсэгт нь маш идэвхтэй оролцогч нь байж ирсэн минь үнэн. Тийм учраас надад тохиолдсон бүхэн С.Баяр гэж хувь хүний өмч биш. Цаг үеийн нэгэн гэрчийн хувьд үзсэн, харсан, бодсон, дуулснаа үлдээх нь миний үүрэг гэж бодоод л бичсэн. Бид нэг талаасаа азтай.

Хоёр төрийн нүүр үзсэн. Үзсэн, харсан, сонссон, дуулсан, алдсан, оносноо бичиж байж түүх маань бүтэн болно гэж харсан. Бичлэгийн хувьд МОНЦАМЭ-гаас сурсан эрдэм. Олон зүйлийг яагаад санаад байна вэ гэсэн асуултад хариулъя. Би оюутан ахуйдаа украин оюутантай хамт нэг өрөөнд байсан юм. Надаас гурван насаар ах. Нямбай гэж жигтэйхэн.

Надад нэг удаа “Чи их салан задгай хүн юм. Өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлж бай. Тэгвэл амьдрал чинь цэгцтэй болно. Оройдоо таван минут суугаад тухайн өдрийнхөө юмыг тэмдэглэвэл маргаашид чинь хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Өдөр бүр бичээгүй ч гол гол үйл явдлаа бичиж тэмдэглэдэг болсон нь ийм түүхтэй. Надад дунд хэмжээний чемодан дүүрэн тэмдэглэлийн дэвтэр байна. Сонирхолтой нь товч тэмдэглэснээ сөхөөд харахад тэр өдрийн дурсамж сэргээд ирэх юм.

-Айлын цонх хагалсан агшнаа маш тод гаргасныг тань уншаад гайхаж суулаа…?

-Хүүхэд үеийн санамж сайн. Техникийн хэлээр яривал файл маань вирусгүй цэвэр байж дээ. Тэмдэглэл хөтлөөгүй бол дараа үеийг нь санахын аргагүй юм байна.

-Таны номонд “Байгалийн хууль нийгмийн зүй тогтлынхоо эсрэг биш дагуу өрнөж байгаа үйл явц юм. Тиймээс байх цагтаа байсан шиг асаад явах цагтаа явсан шиг арил гэж хэлээд байдаг маань тэр. Амжсан амжаагүй цаг нь болсон бол явах л хэрэгтэй. Хийж амжаагүй, гүйцээж чадаагүй юм байдаг бол дараагийн үедээ үлдээнэ биз ээ.

Дүү нартаа амар заяаг нь үзүүлэх ёстой” гэсэн хэсгүүд бий. Найдвар хүлээж ачаа даахаар хэмжээний залуус байна уу. Зүй нь дараа үеийнхэн биднийг цохиод, түрээд гарч ирэх ёстой. Түүнээс биш амар заяаг нь үзүүлэх маягаар бүгдийг хойч үедээ даатгамааргүй санагдаад байгаа юм.

-Байх үедээ байсан шиг оршоод явах цагтаа явсан шиг яв гэдэг бол амьдралдаа баримталдаг зарчим маань. Улс төр, урлаг, спорт бол их өрсөлдөөний талбар. Тамирчин хүн залуудаа амжилт гаргаад насны эрхээр хасагддаг. Улс төр ч ялгаагүй. Салж өгөхгүй зууралдаад явах нь буруу гэж боддог. Би залуугаасаа том шийдвэрүүд гаргадаг местэн дээр очсон хүн.

Өмнөх үеийнхэн маань зам тавьж өгч байсан. Би 31 насандаа БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж орлогч сайдын хэмжээнд очсон түүхтэй. 34 насандаа Улсын бага хуралд Байнгын хорооны дарга болж байлаа. Үеийн харьцаа гэж бий. Манай үеийн зарим хүмүүс өнөөг хүртэл улс төрд яваа. Мэдээж хэрэг хүн бүр өөр бодолтой, би өөрийнхөө зарчмыг л хэлж байгаа юм.

-Залуус залуу гэдгээрээ түрий бариад яваа нь анзаарагддаг. Оюун санаа, мэдлэг боловсролоороо хүч түрээд ороод ирвэл өөр хэрэг. УИХ дээр гэхэд О.Баасанхүү гэж гишүүн “Та нар хөгширсөн” энэ тэр гээд биологийн юм л яриад суудаг. Залуу насаараа түрий барих иймэрхүү байдал бүх түвшинд байна. Гэтэл бид биологийн амьтад биш. Таныг гээд ярихад ид ажиллах цаг чинь гэж хараад байна л даа, би. Бид залуу үеэс хэнийг ирээдүй гэж харах вэ?

-Ном хэвлэгдсэний дараа санал бодлоо илэрхийлье гэж бодсон л доо. Номтой холбоотой асуултууд ч миний хувийн мэйл хаягаар ирсэн. Тийм учраас твиттерт албан ёсоор данс аккаунтаа нээлгээд жиргэж эхэлсэн. Твиттерт саяхан яг энэ сэдвээр жиргэсэн байгаа. Би залуусыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоосой гэсэн байр суурьтай явдаг хүн.

Гэтэл улайм цайм биднийгээ ад үзээд, адлаад яваа хандлагад би дуртай ханддаггүй. Зай тавьж өгснөөр тэр залуугийн зам засагдаа ч уу, үгүй ч үү. Энэ бол туйлшрал. “Та нар болоогүй, бид л байхгүй юу” гэж суудалдаа шигдэх нь нөгөө талын туйлшрал. Хоёр намыг харьцуулсан хэсгээс та сая дурдах шиг боллоо.

Миний хувьд өөрийн намаа магтаж, өрөөлийн намыг муулаад явдаг хүн биш. Дэмий хандлага. Дүндээ дүн хоёр нам байгаа юм. Монголчуудад байдаг сайн, муу чанар хоёуланд нь бий.

Би элчин сайд болоод явснаасаа хойш намын бүртгэлдээ ороогүй яваа хүн л дээ. Миний харьяалагддаг намд нэг ялгаа бий. Залуу үедээ зайгаа тавьж егдөг уламжлалтай. 1990 оноос хойш залуу үедээ зайгаа тавьж өгөөд явсан түүх харагддаг юм.

Гэтэл бидэнтэй олон жил өрсөлдөж яваа, заримдаа хамтарч засаг барьж байсан АН-д энэ үзэгдэл алга. 1990 онд байсан хэдэн нөхөд л хоорондоо үзээд залуустаа зайгаа тавьж өгөхгүй байна уу даа гэсэн шүүмжлэл надад бий. Бодлогоор зайгаа тавьж өгөх ёстой. Ц.Нямдоржийн надад хэлсэн үг шиг санагддаг юм. “Ирж яваа цагийн дууг явж байгаа үеийнхэн дуулахгүй” гэж.

2005 билүү 2007 оны намын их хурал дээр надад хандаж хэлсэн үг. Тэр үед сонсоход таагүй байсан ч үнэн үг. Шинэ үе гэдэг бол шинэ мэдээлэл. Шинэ цагийн юмыг мэдрэх, түүнийх нь дагуу зөвхөн өөрийнхөө биш нийгмийн амьдралыг өөрчлөх боломж бололцоо нь залууст илүү байна гэж хардаг.

-Энэ номонд эр хурга, эрийн хуйх гэх мэт үгс бий. Таны эрхэмлэдэг чанар юм байна гэж харсан. Эр хүн гэж яг юуг, хэнийг хэлээд байна вэ?

-С.Баярынх гэхээсээ монголчуудын л үнэт зүйл гэх ёстой байх. Гэхдээ үүнд шинэ цагийн хандлагад нийцэхгүй юмс бий. Хүн л бол хүн. Зарим зүйр үгний агуулгатай санал нийлдэггүй. “Муухан эрээс дээр эмэгтэй” гэж ярьдаг даа. Миний ээжийг нэг хүн тэгж хэлсэн юм. Үнэхээр дургүй хүрсэн. Ямар ч эр хүнтэй харьцуулшгүй мундаг хүн байхгүй юу.

Эр, эмдээ биш хүний чанар гэж бий. Ажилсаг, элдэв бэрхшээлд сөхөрдөггүй, амьдралд нь бэрхшээл тохиосон ч гоншгоноод байдаггүй чанар эр, эм ямар ч хүнд хэрэгтэй. Миний хэлээд байгаа эр хурга, эр хүн гэсэн үгсийн хувьд монголчуудын уламжлалт ойлголтын хүрээнд л бичсэн хэрэг. Миний ном бол талархлын дурсамж.

Амьдралд минь таараад тусалсан, эр хүн гэдгээрээ надад хандсаны хүчээр би өдий зэрэгтэй яваа. 461-ийн харгалзагч охины минь зургийг оруулаагүй. Хориотой зүйл биш л дээ.

Өмгөөлөгчид маань “Хэрэггүй дээ сэтгэл нь сэмэрчихнэ” гэсэн юм билээ. Сайн хүн, эр хүний чанарын үүднээс хэлсэн үг. Хүнийг сайн муу гэж эцэслэж дүгнэх бололцоогүй. Хүн л бол хүн. Надтай харилцахдаа сайн талаараа нийлж, өгөөжөө өгөөд явсан бол талархан дурсах ёстой. Мууг нь санаад явдаг улс бий.

-Хүний тухай бичсэн бичлэгүүд онцгой санагдсан. Нэг тал нь зэмлэнгүй өнгөтэй, нөгөө тал нь магтсан сайшаасан аястай. Ер нь таны номонд багтсан хүн гомдохгүй баярлах байх…

-Хувь хүний л дүгнэлт. Надтай таарсан тохиол нь энэ дээ гэсэн тэмдэглэлээ л үлдээж байгаа хэрэг. Хувь хүний дүгнэлт субьектив. Буруу байж болно, маргахгүй. Би номондоо ч тэр, амьдралдаа ч тэр хүнийг магтах муулах хоёроос зайлсхийхийг хүсдэг. Би хүнийг магтаж, муулдаг хэн билээ.

Амьдралд хав хар, цав цагаан гэж байхгүй. Улс төрд хав хар, цав цагаантай нүүр тулна гэдэг тун ховор. Ихэнхдээ зэгэл саарал юмтай зууралддаг.

-Балчиндорж гэж хүнийг хэд хэдэн хүнээс сонирхож асуулаа. Таатай хариу өгөх хүн таараагүй. Та номондоо “Тэр хүнд баярлаж талархаж явдаг гэж худлаа хэлээд яах вэ. Түүнд гомдож өсөрхөх зүйл надад одоо ч байхгүй” гэсэн байсан. Та үнэхээр гомддоггүй хүн үү?

-Насны л юм даа. Сургуулиасаа хөөгдөхөө дөхөөд байх үедээ Балчиндорж гуайд гомдохын дээдээр гомдож байсан. Балчиндорж гуай манай ээжтэй их сургуульд хамт сурч явсан.

Нэг ангийн хоёр учраас манайхаар орж гарна. Хамгийн гол нь би охинтой нь нэг ангид сурч байсан. Гэхдээ олон жил өнгөрсний дараа эргээд бодоход тийм зүйл дундуур туучиж байж л хатуужиж хэрсүүжсэн болов уу.

-Оюу толгойн гэрээний хувьд олон шүүмжлэл дуулддаг. Таны номонд ч дурдагдсан сэдэв. Гэрээний талаар бодлоо хэлээч?

-Энэ номны хувьд Оюу толгой төсөл хөндөх учиртай сэдвийн нэг байсан. Учир нь 461-т хоригддог нэг шалтгаан болсон юм. Оюу толгойн гэрээг хийхдээ цаад талдаа санаатайгаар давуу тал бий болгож, авлига авсан байж магадгүй гэсэн үндэслэлээр намайг хорьсон.

2015 онд би хууль хүчний байгууллагад хандаж шалгуулсан юм. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч байна. Албан тушаалаа урвуулан ашигласан гэж нотлогдсон юм алга. Монголчууд энэ гэрээг буруу гэж үздэг гэсэн үгтэй би санал нийлэхгүй. Энэ гэрээг хорвоогийн хамгийн сайн гэрээ болсон гэх дүгнэлт ч байхгүй. Монголчуудын 99.9 хувь нь энэ гэрээг мэдэхгүй, уншаагүй.

Харамсалтай нь УИХ-д сууж байгаа өнөөгийн гишүүдээс энэ гэрээг хууль тогтоомжтой нь харьцуулж үзсэн хүн олон биш юм билээ. Оюу толгойн гэрээний хувьд буруу ойлгоод буруу хийсэн зүйл байхгүй. Саяхан Оюу толгойн гэрээг сайжруулах талаар хэлэлцэж байхад УИХ-ын зарим гишүүн алдаатай юм ярьж харагдсан.

Ордын 34 хувийг айлд алдсан юм шиг зүйл яриад яваа. Үгүй л дээ. Газар доорх зүйлийг гаргаж ирэхийн тулд хөрөнгө босгоод яваа компанийн 34 хувийг авчихаж байгаа юм. Гарч буй зардлын 34 хувийг манай тал гаргаад тэр хэмжээндээ ногдол ашгаа авна гэдэг л ойлголт. Гэтэл уул уурхай асар их эрсдэлтэй салбар. Нөөц нь олдоо ч уу, үгүй ч үү, зам зуураа юу ч болоо билээ. Ер нь зардлаас нь хуваалцах зарчим буруу. Мэдээж цаад санаа нь буруу биш байх.

Оюу толгойн үндсэн нөөцийн 80 хувь километрийн дор бий. Тийм эрсдэлтэй зүйл рүү заавал зардлыг нь хуваалцаж орох хэрэг байна уу, үгүй юу. Уг нь манай Засгийн газар элдэв зардлаа больё, энгийн гэрээ хийе, миний хашаан дотор орж ирээд ухаад гаргаж байгаа бол дөрвөн төрлийн татвараа л өгчих, дээр нь АМНАТ-аа өгчих, төсөл дуусахад би 54 хувийг нь авна шүү гэсэн.

Өөрөөр хэлбэл, бид нэг ч мөнгө гаргахгүйгээр олсон нийт өгөөжийн чинь 54 хувийг авна гэж ярьж байсан. Хэрэв тэр хувилбараар хийсэн бол өнөөгийн хэрүүл гарахгүй байсан.

Арван жилийн өмнө миний зүтгүүлээд чадаагүй зүйлийг УИХ одоо хийнэ гээд тогтоол гаргалаа. Арван жилийн дараа УИХ хэлэлцээд ерөнхийдөө ханатайдуу шийдвэр гаргачих шиг боллоо. Хожимдсон ч гэсэн зөв дүгнэлт хийж байгаад баяр төрсөн.

Оюу толгойн гэрээ бол Монголын улс төрд ороод гаргасан хамгийн том шийдвэр маань. Би ийм шийдвэр гаргасандаа сэтгэл дүүрэн явдаг.

-Ц.Элбэгдоржийн тухай ганц өгүүлбэр харагдсан. Яагаад бичсэнгүй вэ?

-“Жаран”-ы бутархай дотор 12, 13 өгүүлэл орсон. Цаана нь эхэлчихсэн яваа жар орчим сэдэв бий. Бэлэн болсон гэвэл 20 орчим өгүүлэл байна. Ц.Элбэгдоржийн тухай бичсэнгүй гэлээ. Үргэлжлүүлж бичих зөндөө юм байгаа. Долдугаар сарын 1 гэхэд бүлэг шиг юм явж байснаа тусдаа номны хэмжээнд хүрсэн. Бараг дууссан.

Хувь хүний бодол гэхээс илүү албан ёсны баримтад түшиглэж бичвэл илүү хүртээлтэй болов уу гэж харж байна. Гэтэл тэнд орсон бичиг баримтын ихэнх нь нууц, зарим нь маш нууц, ганц нэг нь маш нууц, онц чухал гэж нууцын хамгийн дээд зэрэглэлд бий. Тэнд хоёр байгууллагын хурлын тэмдэглэл байгаа. Нэг нь ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэл. Тэр нь маш нууц.

Нөгөөх нь УИХ-ын хаалттай чуулган. Гурав дахь нь энэ асуудлаар томилогдсон ажлын хэсгийн материал. Энэ гурвыг нууцын зэрэглэлээс гаргачихвал болчих гээд байгаа юм. Албан ёсоор хандсан, хариу аваагүй байна. Гэх мэтээр хийж байгаа ажлууд бий.

-Н.Энхбаяртай, Х.Баттулгатай ярьсан ярианууд бий. Яг тэгж ярьсан эсэх дээр эргэлзэж суугаа хүн олон байгаа байх…?

-Ном хэвлэлтээс гараад бараг хагас жил болчихлоо. Өнөөдрийг хүртэл ямар нэг асуудал гарсангүй. Хэрвээ энэ номонд бичсэн ярианууд худлаа байсан бол ямар нэг зүйл болох байсан. Торх зөгийн бал дотор нэг шанага балин хийгээд яах вэ дээ.

-Энэ номонд Оюу толгойгоос гадна Н.Энхбаяр, Х.Баттулгын тухай их орсон анзаарагдсан. “Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрыг хар пиараар гүйцэх хүн Монголд гарахгүй” гэсэн өгүүлбэр бий. Би үүнтэй санал нийлээгүй. Ц.Элбэгдорж гэж хүнийг бас ингэж ярьдаг. Таны номонд Оросын хэлсэн нэг үг бий. “Хар пи аргүй сонгууль байхгүй” гэсэн үг. Таны номноос уншихад сонгууль бүр хар пи араар дүүрэн байдаг, МАН-ын олон сонгуулийг өөрөө удирдсан. Цаашдаа ч оролцох байх. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Тэр орос нөхөртэй би 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр таарч байсан юм. Тэр хүний үгтэй би санал нийлээгүй. Надаас гадна тэнд нэр дэвшсэн, Хөвсгөл аймгийн сонгуулийг зохион байгуулж байсан манай намынхан ч санал нийлээгүй.

Манайхан тухайн үед “Монгол хүний сэтгэлгээ ондоо, муулаад яваа хүн өөдтэй харагддаггүй” гэх мэтээр тайлбарласан л даа. Өнөө орос “Та нарт сөрөг талын чинь материал бий байх. Хар пи ар хий гэхээр хөдөлж өгөхгүй юм.

Яах гэж баахан материалтай байдаг юм. Үгэнд орохгүй байна” л гэсэн. Энэ бол монгол, орос хүний сэтгэлгээний ялгаа. Харамсалтай нь 2004 оноос хойш сонгуулийг заавал харлуулж хийдэг, нөгөө талаа авах юмгүй болтол нь муугаар хэлдэг арга яваад байна л даа. Одоо миний оролцдог сонгууль гэж юу байх вэ.

Өмнө нь иргэд мэдээллийг телевиз, хэвлэлээс авдаг байсан. Тийм учраас бидний гол сурталчилгаа телевиз, сонины хүрээнд л эргэлддэг байлаа. Нэмэх нь сонгогчидтой хийх уулзалт. Ийм гурван хэлбэр л байсан. Одоогийн Монгол өөрчлөгдсөн. Нийгмийн сүлжээнээс гол мэдээллээ авчихаж байна.

-Та хоригдох үедээ Орос, Монгол, Хятадын тухай ном уншсан байдаг. Энэ номын тухай өгүүлэмж явсаар Х.Баттулгын ОХУ-тай харилцах харилцаа руу орж байна лээ. Сүүлдээ “Энэ номыг Х.Баттулгад зориулж бичсэн юм биш үү” гэсэн хар төрсөн…

– Манай улс хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгөө харилцахдаа туйлширч болохгүй л гэж боддог. Тусгаар улс болсон, өдий хэмжээнд хөгжсөн, ер XX зуунд туулсан түүх маань хуучнаар Зөвлөлт холбоот улстай салшгүй холбоотой. Би номоо нэг хүнд зориулж бичээгүй. Нэг хүнд зориулж ном бичдэггүй, захиа л бичдэг.

Би номоо хүмүүст зориулж бичсэн. Тийм учраас таашаал авч байна. Миний бодож явсан зарим зүйлтэй санал нийлэх хүмүүс байна. Миний бичсэн зарим зүйлтэй санал нийлэхгүй, энэ чинь ямар учиртай юм гэж маргаж байгаа хүмүүст бүр их баярлаж яваа. Шүүмжлэлийг би хүлээж авна. Учир нь надад шүүмжлэл хэрэгтэй. Дэмжиж хэлсэн нь надад урам өгч байгаа.

Дахин хэлье, би үнэнийг мэдчихээд хүмүүст хэлээд байгаа хүн биш. Үнэн гэдгийг хувь хүнийхээ хувьд хайж яваа л хүн. Хэн нэгэн хүнд зориулж бичээгүй, бас хэн нэгнийг муулж магтъя гэсэн бодлоор хандаагүй. Эхний жаран хоногт яах гэж барьж хорьж байгаа юм бэ гэдэгт төвлөрсөн. Би өөрөө шалгуулъя гээд ирсэн. Ийш тийш зугтах санаа өвөрлөсөн бол Англид үлдэж болох байсан.

Англи гэдэг улс аль нэг хүнийг цаад улсынх нь шахсанаар “Май” гээд тушаадаг орон биш. Би тэр улсад элчин сайдын тушаалтай байхдаа хүрч ирээд “Шалгуулъя” гэсэн. Тийм байхад хорьсон. Олон түмэнд харуулах шаардлага байсан байх.

Анх сарын хугацаанд хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Цаашдаа батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдэг асуудал яригдсан л даа. Үргэлжлүүлэн хорих гэдэг асуудал дээр шүүгч нь Төрийн ордон, Тамгын газар руу гүйж очсон.

Тэгээд тэр өдрийн өглөө нь гарсан батлан даалтад гаргах шийдвэрийг цуцлаад, үргэлжлүүлж cap хорих шийдвэр гаргасан. Ингэхээр тэнд суугаа хүн надад нэлээд бодол, асуулт төрүүлнэ ээ дээ. Товчхондоо өөрөө өөрөөсөө асууж байгаа зүйлээ тэмдэглэсэн санаатай. Би андуурсан, буруу дүгнэлт хийсэн байж магадгүй. Тэр бүхнийг шүүх хүн нь уншигч.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор долоон хүүхэд хүндэвтэр гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд буюу 2020 оны нэгдүгээр сарын 18-наас 19-ны хооронд нийт 566 дуудлага бүртгэгдсэнээс 444 зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Ослын улмаас 21 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой осол аваараас дурдвал:

  • Нэгдүгээр сарын 18-ны өдөр 15.20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг Нисэх буудлын баруун талд шороон замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй Б нас баржээ.
  • Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр долоо, гэрлийн шон мөргөх хэлбэрээр нэг, явган зорчигч мөргөх хэлбэрээр тав бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний тав нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө нэг хором тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн зорчигчтой автомашин Орхон голын мөсөнд цөмөрч оржээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т орших Орхон багийн “Их нарийн” гэдэг газар Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч оржээ. Машинд 1 том хүн, 3 хүүхэд зорчиж явсан аж.

Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 22:20 цагт онцгой байдлын алба хүлээж авсан байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргажээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2019 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 29,340,384 баримтыг хамруулсан юм.

Тохирлын дугаар: 81695594

  • 30 мянган төгрөгийн азтан 26,370
  • 100 мянган төгрөгийн азтан 2,667
  • Нэг сая төгрөгийн азтан 232
  • 5 сая төгрөгийн азтан 25
  • 10 сая төгрөгийн азтан 6
  • 50 сая төгрөгийн азтан 0

Супер шагналын тохирлын дугаар: 40218344 байж супер азтан тодорсонгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тараагч

Түрүүч нь № 262(6363) дугаарm


ХОЁР. ТАРААГЧ ТӨР

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.

…Эндээс монголчууд угаасаа хурааж хуримтлуулах заяагүй, үрж л байж санаа нь амардаг гуйлгачин заяатай улс юм уу гэсэн асуулт ургаж байна. Хариулт нь: Тал нутаг бидэнд ийм тулгалт хийсэн юм.

Тал нутгийн нүүдэлчдэд үйлдвэрлэгч байх боломж байсангүй. Учир нь цаг уурын нөхцөл нь бэлчээрийн малд л тохирно. Бэлчээр бол нүүдэл. Малчин нь хонио хариулаад явж байгаа мэт харагдавч мал гэдэг эзнээ дагуулаад бэлчдэг юм, үнэндээ бол. Нүүдэлчдийн үйлдвэрлэл нэхий элдэх, сур элдэнгшүүлэх гэсгээд л болно. Мөн хувийн хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Тэр ч байтугай олон ээлжийн хувцас ч хэрэггүй. Ачиж нүүх гэж түвэг биз дээ.

Бас тал нутаг нь арилжаа наймаа хийх боломж өгөхгүй. Худалдан авагч хаана яваа нь тодорхойгүй, бас түүний эрэлт хэрэгцээ ойлгомжгүй. Ингээд зогсохгүй нөөц бараагаа байнга ачиж нүүх хэрэг гарна. Гэнэт зуд болоод эсвэл хажуу хавиргын өөр нүүдэлчин довтлоод ундуй сундуй нүүх болоход хамаг бараагаа хаяад нүүнэ шүү дээ. Энэ байдал нь монголчуудыг аливаа орлого, олзыг газар дээр нь хувааж, түгээн дуусгахаас өөр гарцгүй болгосон ажгуу.

Нүүдэлчдийн дунд “түгээгч”-ийн үүрэг роль их чухал. Хүчирхэг дайчин удирдагч гэдэг бол дайн тулаанаар их олз олдог хүн гэсэн үг. Их олз олно гэдэг нь илүү их бэлэг түгээхийн нэр. Нүүдэлчид хүчирхэг нэгнээ тойрон хүрээлдэг нь томоохон олз хуваарилдаг эзнийг дагадаг л гэсэн санаа.

“Монголын нууц товчоо”-нд Есүхэй баатар нас барсны дараа овог аймгийнхныг нь Таргудай Хирилтуг ирээд дагуулан явснаар гардаг. Үнэн хэрэгтээ, тэжээгчээ буюу орлого хуваарилагчаа алдсан нүүдэлчид Таргудайг дагаж, түүний олох олз омогт шүтсэн болов уу? Харин Тэмүүжин ялж, Чингис хаан болсны дараа түүний алдар суугийн нөмөрт зохиогдсон “Монголын нууц товчоо” хэрэг явдлыг арай өөр өнцгөөр бичсэн байх талтай юм.

Чингис хааны аян дайны менежмэнт ч энэ онцлогтой холбогдоно. Цэрэг эрс унаа морьд, зэр зэвсгээ агсан, аян замын хүнс борцоо нөөцлөн гарснаараа Чингис хааны дайны бизнесийн хувь оруулагч болно. Түүнд байнгын тогтмол цалин байхгүй. Дайны олзноос хангалттай хүртэнэ. Дайнгүй, дээрэм тонуулгүй өдөр бол цэрэг эрийн хувьд “сул зогсолт” ажээ. Иймээс байлдан тулалдан бөөн сонирхол. Байнгын армийн хөлсний цэргүүд, амьд үлдэж цалинжихыг хүсдэг бол Чингисийн дайчин болгон ялалт байгуулж, олз омог олохыг эрмэлзэнэ. Ийм учраас ялалт нь цэрэг нэг бүрийн сонирхол нэгдсэн монголчуудын талд байх нь үлэмж.

Чухам энэ үеэс л аян дайнаас, эсвэл ан гөрөөнөөс эргэж ирээд олзоо хувааж байгаа баатар эрийн иймэж тал нутагт бүрдсэн бололтой. Хүүхдүүд багадаа “Би том болоод танд ийм юм авч өгнө”, “Ах нь том болоод дүүдээ тийм юм бэлэглэнэ” гэж тоглох нь олонтаа. Тэд “аугаа том хуваагч”, бусдаасаа илүү “Түгээгч” байхыг мөрөөдөн өсцгөөх нь элбэг.

Ийм мөрөөдөл үнэт зүйлийг мөн л тал нутаг нь бүтээж өгсөн билээ. Нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл нь ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл хэвээрээ. Энэ эрмэлзэл дээр олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ гардаг. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ.

Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн.

Энэ байдал 2010-аад онд Монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давлагаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссаны жишээ харуулна.

Хамгийн сүүлд 2019 оны сүүлчийн шөнө “Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй болон төлж дуусаагүй байгаа иргэдийн өрийг татвар төлөгчдийн хөрөнгөөр барагдуулах” шийдвэр гарлаа. Үүнийгээ төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хайрлаж байгаагийн том илэрхийлэл хэмээн хундага өргөв. Энэ хайр энэрэлд зээл авахгүй чардайж байгаа ахмадууд багтахгүй. Зээлийн үүргээ ухамсарлан төлж дуусгаж хөнгөдсөн өтгөс хамаарахгүй аж.

Ерөнхий зарчим нь зөв эсэх хамаагүй, шударга ба шударга бус нь ч чухал биш. Хамгийн гол нь хуваасан бас тараасан факт байх учиртай аж.

Социализмын үед хөдөөгийн нэгдэлд “гар өргүүлэх хурал” гэж нэг иймэрхүү юм бас байлаа. Төрөлхийн анхиагүй, залхуу зарим айл нэгдлийн малыг үхүүлээд дуусгах нь бишгүй. Тэдний төлбөрийн чадвар нойль. Хулгай хийгээд байна уу гэхээр үгүй. Шорон оронд явуулчих гэхээр ардын дайсан илрүүлж дарсны дайтай таашаал өгөхөөргүй дорой хөгийн амьтас байх.

Нөгөө талаасаа социализм нь өө сэвгүй төгс нийгэм бөгөөд өнгөрсөн үеийн уламжлагдсан ганц нэг алдааг л засч явааг эс тооцвол. Тэнд муу байгаад засагдаж сайжирч буй хүмүүс л байхаас биш муу төрсөн, эсвэл муугаараа үлдсэн хүн байж таарахгүй номтой. Энэ утгаараа, мөнөөх малаа байнга үхүүлдэг этгээдийг сайн болгосон байх үүргийг дарга удирдагч нар нь үүрдэг гэсэн үг.

Дээр өгүүлсэн “гар өргүүлэх хурал” бол мөнөөх малаа үхүүлсэн этгээдийг нэгдлийн гишүүдийн саналаар уучлах ёслол юм. Уучлал гэхэд ч бас биш, сайн хүн болох үүрэг өгөх хурал гэмээр юм уу. Эндээс, үхүүлсэн малыг нь хүчингүй болгоод шинээр мал хариуцуулж, түүнээ өсгөн сайн хүн болох үүрэг авахуулна. Хожим нь мөнөөх этгээд хэд дэх удаагаа ч юм бэ, сайн хүн болох гээд хуралдуулж суух нь энүүхэнд.

Гэтэл сайн малчин, төлбөрийн чадвартай айл, гэмт хэрэгт холбогдоход хохироод явчихаар этгээд нэгдлийн мал сүрэг үхүүлж, алдаж үрэгдүүлбэл төлбөр, ялбараас мултрахгүй. Сүүлдээ, социалист өмчийг сүйтгэж, үрэгдүүлбэл гурав нугалан төлүүлдэг журам хүртэл гарсан гэж байгаа. Юу яасны чинь Манжийн хааны төмөр сүрэг вэ? Хааны 100 хонь бол 100 хэвээрээ л байх ёстой бөгөөд “нэг нь нэгтэй тэнцүү” үнэлэгдэнэ. Харин БНМАУ-ын социалист өмч бол гэдэг гурав нугарч үнэлэгдэж, нэг хонины цаана хоёр “хий хонь”-ний өртөг байна гэсэн үг. За энэ ч яахав.

Гол нь Монголын засаглал нүүдэлчний төрийн дайны олз хуваадаг уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ.

Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай.

Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассаль болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь Монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.

Яг энэ уламжлал одоо ч хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол Улс ДНБ-нийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд дурдсан байна.

ХХ зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа.

Гэвч Манжийн хааны хишиг, Зөвлөлтийн зээл тусламж тараах нэгэнт түүх болсон тул олсон баялгаа хувааж эхэлсэн юм. Олсноо хуваагаад дуусахын цагт олж магадгүй мөнгөө хувааж эхэлсэн нь энэ буюу. Учир нь тэтгэврийн зээлээ төлөөгүй байгаа ахмадуудын өрийг тэглэх мөнгийг Салхитын мөнгөний орд гэдгээс олж мэдэшгүй орлогоос гаргах юм байна. Уг нь орд газрынхаа нэрийг “Салхитын долларын орд” гэсэн бол хүмүүс бүр л итгэнэ дээ.

Гэхдээ л хүмүүс төр мөнгө өгнө ч, бид авна ч гэж итгэж байна аа. Бид ирээдүйдээ ийм их итгэлтэй ард түмэн юм уу? Эсвэл, нэг их итгээд байх ирээдүй байхгүй болоод зөвхөн өнөөдрөөрөө амьдардагч юм бил үү…

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хоёр хувааж магадгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хуулийг УИХ баталлаа. Үүний оронд иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмчихэж болоогүй юм уу?

-Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь нэг удаагийн л арга хэмжээ юм. Бид 900 тэрбумаар иргэдийн тэтгэврийг нэмлээ гэхэд жил бүрийн төсөвт ийм хэмжээний мөнгө шаардлагатай болно. Тэр эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг асуудал үүснэ шүү дээ. Энэ удаагийн арга хэмжээ нь нэг ордоос орж ирж буй үр ашиг, өгөөжийг ард иргэд, ялангуяа 30, 40 жил Монгол Улсын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулчихсан ахмадууддаа зориулж буй үйл хэрэг. Тиймдээ ч энэ ахмадуудтай хөдөлмөрлөх боломжтой, ажлын чадвартай залуучууд, дунд үеийнхэн барьцахгүй байх гэж бодож байгаа.

-Салхитын ордыг эргэлтэд оруулахад хүндрэл үүсэх эрсдэл бий юү?

-засгийн газрын шударга ёсны тэмцлийг өрнүүлэх, уул уурхайн салбар дахь хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хүрээнд энэ орд газар төрийн мэдэлд ирсэн. энэ орд газрын шинэчилсэн Тэзү, хайгуул хийсэн түвшинг аваад үзвэл 1.1 тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй. ордыг таван жилийн хугацаанд бүрэн ашиглахад 2.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого үүсэх боломжтой. Түүнээс 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашиг гарах тооцоолол байгаа юм. Мөн энэ орд газарт 500-гаад мянган тонн хүдэр бий. Уулын ажил хийгдчихсэн. Цаашдаа бид энэ орд газрыг бүрэн хүчин чадлаараа ашиглах юм бол “эрдэнэс Монгол” ххК дээр тодорхой хэмжээний техникийн шинэчлэл хийх шаардлага зайлшгүй гарна. Бонд босгох хүрээнд түүний хөрөнгө мөнгийг хамтад нь тооцоод яваач ээ гэх хүсэлтийг тус компаниас тавьсан.Тооцооллын хүрээнд ч энэ яригдаж байгаа. Цаашдаа бид энэ орд газрын хайгуулын ажлыг эрчимтэй хийснээр энэ уурхай илүү үр өгөөжөө өгч, насжилт нь уртсах боломж бий гэж харж байна.

-Тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг ирэх оны хавар өгнө. Яагаад заавал ирэх жил өгнө гэж?

-эдийн засагт нөлөөлөхгүй байх талаас нь авч үзэж ирэх оны эхний хагаст үнэт цаасыг мөнгөжүүлэхээр болсон. Аажмаар мөнгөжүүлэхгүй бол эдийн засагт бэлэн мөнгө их хэмжээгээр шууд гарч таарна. энэ нь эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. 194 мянган ахмадад нэг сая төгрөг өгнө. Мөн сая төгрөг хүртэлх зээлтэй ахмадын зөрүү нь 22.6 тэрбум төгрөг. эдгээрийг нэмээд үзэхээр ойролцоогоор 220-иод тэрбум төгрөгийн асуудал үүсч байгаа.

Ягаан, улаан тасалбар, 1072 хувьцаа зэрэг нь тухайн компанийн хувьцааны асуудал. Энэ нь түүнээс өөр. Хувьцаа нь тухайн компани ашигтай ажиллахаас, ТУз нь хуралдаж ашиг орлого хуваарилахаас хамаарч иргэдэд мөнгө ирэх, ирэхгүй тухай яригддаг. харин ахмадуудад өгч байгаа энэ зүйл бол үнэт цаас. Тиймдээ ч тухайн банкнаас шийдвэр гармагц шууд бэлэн мөнгө болох боломжтой.

-Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандат хуваарилах ёстой. Нам дотор энэ асуудал хэр их яригдаж байна вэ?

-Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад 2020 онд явагдах Уих-ыг товлон зарлах тогтоолын төсөл орж ирэх ёстой. энэ нь хоёрдугаар сарын 1-нээс өмнө орж ирнэ. үүнтэй зэрэгцээд 2020 оны Уих-ын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулах тогтолцооны хүрээнд мандат, тойргийн хуваарилалтыг оруулсан тогтоолын төсөл хамт орж ирнэ. энэ бүхэн намрын чуулгандаа багтаж эцэслэгдэн батлагдана.

-26 тойрогтой байхаар тогтсон уу?

-Тойрог хэдээр батлагдах, мандат яаж хуваарилагдах вэ гэдэг дээр гурван зарчим барьдаг. 1992 оны үндсэн хууль батлагдсанаас хойш энэ гурван зарчмыг барьж ирсэн. харамсалтай нь 2016 онд үүнийг гуйвуулж, тухайн үед эрх барьж байсан АН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн энэ зарчмыг алдагдуулсан тохиолдол бий. Бусад бүх парламентын үед тойргийн хуваарилалт энэ гурван зарчмаар явагдсан. Нэгдүгээрт, хүн амын тоог харгалзан үздэг. Багцаагаар хөдөөд болон Улаанбаатарт нэг мандатад хэр хэмжээний сонгогчдын тоо оногдох вэ гэдгээс хамаарч хуваарилна. хоёрдугаарт, засаг,захиргааны нэгжийн төлөөллийнх нь зарчмыг хардаг. Тэгэхгүйгээр хүн амын тоог нь хатуу бариад хот, хөдөөгөөр нь ялгахгүй явчихаар Улаанбаатар улс болчих гээд байдаг. Тиймээс хөдөөд арай бага буюу нэг хүнд ойролцоогоор 20 гаруй мянган сонгогчийн тоотой, Улаанбаатарт 30-аад мянган сонгогчидтой байхаар тооцож ирсэн. засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөллийн хүрээнд нэг мандаттай дөрвөн аймаг хоёр төлөөлөлтэй болж, Улаанбаатарын мандатаас хасагдах магадлалтай.

Гуравдугаарт, тойргийг хуваарилахдаа тухайн тойргийн нутаг дэвсгэр тасралтгүй байх зарчмыг баримталдаг. Тухайлбал, 2016 онд Увс аймагт нэр дэвших гэж байсан Ардчилсан намын гаралтай хүмүүс нэг тойргийн сумыг нөгөө тойргийн сумтай хамт тасалж өөртөө тааруулж авах гэж оролдсон. Угтаа тойргийн хуваарилалт хийхдээ дээрх зарчмыг барих ёстой. Цаашдаа хүн ам олонтой, 5-6 мандаттай Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргүүдийг хоёр хувааж магадгүй. ийм саналыг зарим гишүүд илэрхийлж байгаа. Яг одоогоор холбогдох байгууллагууд мандат, тойрогоо хуваарилсан тогтоолын төсөл гишүүдийн гар дээр ирээгүй байна.

-МАН-ын даргын зүгээс мөнгөний оролцоогүйгээр сонгууль хийнэ гэжээ. Үүнтэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн л хардлага үүсч байна. Хангалттай хэмжээний санхүүжилтээ олчихжээ ч гэх юм. Ер нь татаас авахгүйгээр сонгууль хийх боломж байдаг юм уу?

-2020 оны сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулж МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга, Ерөнхий сайд У.хүрэлсүх, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн. Мөн Уих-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримтлах зарчмын талаар өөрсдийнхөө барьж буй бодлогыг танилцуулсан. энэ хүрээнд намын дарга хэд, хэдэн зарчмын асуудал тавьсан. Нэгдүгээрт, энэ удаагийн Уих-ын сонгуулиас эхлээд МАН аливаа сонгуульд нэр дэвшигчдэдээ мөнгөн босго тавих, хөрөнгөтэй, мөнгөтэй байх асуудлыг харгалзахгүй гэсэн. Мөнгөний үнэр багатай сонгууль хийх, сонгуульд мөнгөний оролцоог багасгах чиглэлд улс төрийн шийдэл гаргаж, томоохон алхам хийж буйгаа зарласан. Бид ч үүнийг Монголын улс төрийг цаашид цэвэр, зөв чиглэл рүү явуулах том алхам гэж харж байгаа. Өнөөдөр сөрөг хүчин болж буй АН Уих-д нэр дэвшигчдэдээ албан ёсоор 100 сая төгрөгийн босго тавьсан. Угтаа улс төр, мөнгийг салгаж байж Монголын улс төр зөв явах хандлага бий болно.

хоёрдугаарт, нэр дэвшигчдэдээ ёс зүйтэй байхыг гол шалгуур болгож тавина. Мөн мэдлэг, боловсрол, ажлын дадлага, туршлагыг харгалзан үзнэ. Гуравдугаарт, иргэдийн дэмжлэгийг хэн илүү авч байна тэр хүмүүс нэр дэвших эрхээ олж авна. Энэ зүйлүүдийг намын дарга илэрхийлсэн. энэ нийгэмд МАН өөрөөсөө эхэлж улс төрийн намын зөв хандлага, манлайллыг үзүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ парламентын батлах шаардлагатай ямар хуулиуд байна вэ. Хэзээ хэлэлцэх вэ?

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсантай холбогдуулж хууль тогтоомжуудад өөрчлөлт орох тухай Уих-ын тогтоолын төслийг баталлаа. энэ тогтоолын төсөл батлагдсанаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулж хийгдэх эрх зүйн шинэчлэлт эхэлж байгаа. үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд зайлшгүй хийх ёстой хуулиудыг зааж өгсөн. Тухайлбал, засаг, захиргаа нутаг дэвсгэрийн тухай, хот тосгоны тухай болон Баялгийн сан, Улс төрийн нам, төсөвтэй холбоотой тодорхой хуулиудыг нэр зааж дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан. энэ удаад бид өөрчлөлт орсон чиглэл болгоноороо ямар өөрчлөлтүүдийг хэдэн онд, ямар чуулганаар багтаж хийхийг нарийвчлан зааж өгсөн тогтоолын төслийг баталсан. үүний дагуу холбогдох байгууллагууд хуулийн төслөө санаачлан оруулж ирж батлуулах үүрэгтэй. Миний хувьд эхний ээлжинд хот тосгоны эрх зүйн байдлыг тодорхойлсон, засаг, захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд орж ирэх нь зүйтэй гэж харж байна. Үндсэн хуульд заасан улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүний тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох зайлшгүй шаардлага хүлээгдэж байгаа. энэ нь 1992 оноос хойш бүтэн 30 жил яригдсан зүйл. энэ асуудал шийдэгсэнээр тодорхой аймгийн төвүүд, манай хархорин шиг хүн ам ихтэй газрууд орон нутгийн, улсын чанартай хотын статусаа авч иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тодорхой болгох, төсөв, эдийн засгийн хувьд харьцангуй бие даан хөгжих боломж бүрдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Содномцэрэн: Фэйсбүүк компаниас УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монголд төлөөллөө ажиллуулна

– ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙН ДАРААЧИЙН ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООНО-

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнтэй ярилцлаа.


-Шинэ батлагдсан сонгуулийн хууль ямар онцлогтой юм бэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан. Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуульчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна.

Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатыг тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно. Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагдсан. 1992, 2008 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. Ерөнхийдөө тэр жишгээр тойрог, мандат хуваарилах байх. Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно гэсэн үг. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана. Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлнэ.

-2020 оны сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, үйлчилгээ хийх ажлууд өнгөрсөн онд хийгдсэн. 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд л манай техник хэрэгсэл үндсэндээ 100 хувь бэлэн байдалд шилжчихсэн байж байсан.

Мөн УИХ-ын сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан заавар журам, загвар маягтуудыг боловсруулах ажилдаа ороод явж байна. Энэ ажил 2020 оны нэгдүгээр улиралд багтаад Сонгуулийн ерөнхий хороогоор орж хэлэлцэгдээд журам, заавар, загвар маягтууд батлагдаж, бэлэн болно.

-2020 оны Сонгуулийн цаг хугацааны хуваарийг боловсруулж дуусч байгаа юу?

-Цаг хугацааны хуваарийг боловсруулаад үндсэндээ дуусч байгаа. Сонгууль товлон зарлагдаад санал авах өдөр УИХ-аас тогтоол гараад тодорхой болох юм бол цаг хугацаанынхаа хуваарийг баталж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Энэ үед цаг хугацааныхаа хуваарийг танилцуулна.

-Сонгуулийн ажлын хэсгүүдийг хэрхэн байгуулах вэ?

-Автоматжуулсан системтэй холбоотой тагнуул, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдана. Түүнчлэн сонгуулийн байгууллагууд хугацаандаа байгуулагдана. Энэ сонгуулийн байгууллагуудад төрийн албан хаагчид орж ажилладаг. Төрийн албан хаагчдын судалгааг бид гаргаж байгаа. Түүнчлэн сонгуулийн хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд байдаг. Энэ байгууллагуудтайгаа хамтраад гаргах журмууд бий. Энэ журмыг гаргахын тулд ажлын хэсгүүд байгуулагдана. Журмынхаа төсөл дээр хамтран ажиллана. Мөн саналын хуудасны тоо хэмжээ, загварыг СЕХ батална. Өмнөх томсгосон тойргоор явж байсан саналын хуудасны загварыг гаргаж судалгаа хийж байна.

-Санал авах өдрийг хэднээр тооцож байгаа вэ?

-Санал авах өдрийг СЕХ зургадугаар сарын 24-нөөр санал оруулчихаад байгаа. Энэ бол лхагва гариг. Яагаад заавал лхагва гариг вэ гэхээр пүрэв, баасан гаригт санал авахаар хүмүүс амраад явчихдаг. Дараа өдөр нь хагас бүтэн сайн байгаа болохоор. Тиймээс энэ өдрийг сонгосон.

-Сонгуулийн сурталчилгаа хэд хоног үргэлжлэх вэ?

-Сонгууль болохоос 22 хоногийн өмнө эхэлнэ. Нэг хоногийн өмнө дуусна гэхээр 21 хоног гэсэн үг.

-Цахимаар хэрхэн сонгуулийн сурталчилгааг явуулах вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хороо энэ талаар мэдээлэл хийсэн шүү дээ. Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.

-Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр хэрхэн арга хэмжээ авах вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгааг зогсоосон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.

-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?

-Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн.

Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүндрэлтэй байдаг.

-Тойрог, мандатын хуваарилалт дээр нийслэлд тэд, орон нутагт тэд гэж зааж өгөх санал явуулсан уу?

-1992 оны сонгууль томсгосон тойргоор явж байсан. 2008 онд томсгосон олон мандаттай мажоритараар явсан. Тэр сонгуулиудад тойрог, мандатыг хэрхэн хуваарилж байсан талаарх судалгааг Их хуралд хүргүүлсэн.

-Шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртэлх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Сонгуулийн дараа буцаад нээгдэнэ. Сонгогчид биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр саналаа өгнө.

-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинийн баяраар сонгогчдод гарын бэлэг тараадаг асуудлыг яах вэ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй.

-Санал хураалтын машины программд халдах эрсдэлтэй гэдэг. Хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг 2012 онд баталсан. Нэгэнт УИХ хууль гаргачихсан учраас автоматжуулсан системээ хэрэглэнэ. Өмнө нь саналыг гараар тоолдог байхад санал авах өдрөөс хойш долоо хоногийн дараа дүн гардаг байсан.

Харин одоо санал хураалт дуусаад хэдхэн секундын дараа мэдээлэл нь ирдэг болсон. Төрийн байгууллагуудын байнгын хяналтад байдаг. Сонгуулиас өмнө ТЕГ, ХХЗХ, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг гарч, программчлал болоод хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, гэрчилгээжүүлдэг. Энэ жил саналын 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ. Өмнөх сонгуулийн үед 76 тойрогт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрөөгүй. Нэг ч гомдол ирээгүй.


Categories
мэдээ цаг-үе

А.Урангоо: Би хүмүүсийг амарч байхад ажиллаж байсан, магтаж байхад ч ажиллаж байна, муулж, доромжилж байхад ч ажилласаар л байгаа

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UA Proper­ties” компанийн захирал А.Урангоотой ярилцлаа.


-Та үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхэлдэг. Тэр дундаа Монголд хөрөнгө оруулалт хийж буй гадныханд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлж байна. Та одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Анх үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагийн үйлчилгээнээс эхэлсэн бизнес маань өргөжин тэлж интерьер дизайн, хөрөнгө оруулалт, худалдан авалт, борлуулалт, media marketing team гээд дотроо салбарлан хөгжүүлээд ажиллаж байна. Гол төвлөрч байгаа ажил гэвэл Яармаг орчмын таван том хотхоны төсөл дээр интерьер, борлуулалтыг нь хослуулан, өөрийн бэлтгэж буй сошиал медиа видео контентуудаар дэмжиж борлуулалт, үнэ цэнийг нь өсгөх, мөн IGTV, youtube видео сувгийг нарийвчлан хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар маань амьдрах байр орон сууцаас гадна том үнийн дүнтэй арилжааны хэрэгсэл болчихлоо. Гэтэл энэ салбарт медиагийн оролцоо маш бага байгаа нь ажиглагдсан учраас өөрийнхөө хувийн сошиал сүлжээг ашиглаад бас медиа баг бүрдүүлээд ажиллаж байна. Бид нэг байрыг борлуулахын тулд өдөржин зогсоод сайндаа л 20 хүнд үзүүлж чаддаг байсан бол видео контент хийснээр 100,000-600,000 хүнд үзүүлж чадаж байна. Мөн видео ажлууд маань дан үл хөдлөх хөрөнгө ч биш Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа энгийн нэг монгол эмэгтэйн ажил амьдрал, үзэл бодол, нөхөрлөл, амьдрал гээд бүгдийг шингээн цувралаар англи орчуулгатай хүргэж эхэлсэн. Үзэгчдийн маань 10 орчим хувь нь Монголыг сонирхсон гадныхан, бас монгол хүнтэй гэр бүл болсон гадаад иргэн, гадаадад байгаа монголчууд, хамтарч ажилладаг байгууллагуудын маань гадаад харилцагчдад хүрдэг давуу талтай. Захиалгууд тасралтгүй ирж байна. Бид энэ ажлуудаараа үл хөдлөхийн салбартаа ялгарч байгаа юм.

-Өнөөдрийн эрхэлж буй ажил, хийж буй зүйлсээ сонгоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Бизнес хийж л байгаа юм чинь ашигтай байх ёстой. Нөгөөтэйгүүр чиний үзүүлж буй үйлчилгээн дээр зах зээлийнхээ дагуу эрэлт нийлүүлэлтийн зарчим үйлчлэх учиртай. Хэчнээн сайхан санаа байгаад эрэлт үүсэхгүй бол амжилттай болж чадахгүй. Тэгэхээр бидний хийж буй ажил маань хэрэглэгчдийн эрэлт дээр үндэслэн өргөжүүлээд байгаа салбарууд юм. Тиймээс хэрэглэгчдийн эрэлт энэ сонголтонд нөлөөлсөн гэж хэлж болно. Сүүлийн долоон жилийн хугацаанд ажилласан туршлагаараа бид хүмүүсийн авч буй үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, мөн хөрөнгө шаардлагатай төслүүд рүү хөрөнгө оруулалт хийх зэргээр шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлсээр өнөөдрийн компани маань боссон. Би тийм өндөр туршлагатай бизнес эрхлэгч биш л дээ. Залуу хүн болоод ч тэрүү өндөр үнийн дүнтэй борлуулалт руу зоригтой орж ажилласаар байгаад энэ чиглэлдээ илүү туршлагатай болж, бас тухайн харилцагчид манайд хандах шалтгаан болдог байх.

-Үл хөдлөхийн салбарт хэрхэн орсон бэ. Уг салбарт ажиллахаас өмнө хүний нөөцийн чиглэлээр ажлын гараагаа эхэлж байсан гэж сонссон?

-Мэдээж анхлан бизнес эрхлэхэд туршлага дутна. Энэ үед өөрт байгаа хамгийн боломжит нөөц бололцоогоо ашигласан. Би Америкт сургууль төгссөн. Тиймээс гадаадад сургууль төгссөн хүмүүсийг Монголд ажлын байранд зуучлах ажлыг эхэлсэн. Тухайн үед надад байсан боломж нь энэ байв. Би олон хүн таньдаг байсан. Тэгээд хүний нөөцийн компаниас бизнесээ эхэлсэн дээ. 2012, 2013 оны үед эдийн засгийн бүүм болж байлаа. Гадны том компаниуд орж ирж чадварлаг боловсон хүчний дутагдалд орж эхэлсэн. Бид гаднаас боловсон хүчнүүдээ татах болсон. Энэ үед Засгийн газраас ч гэсэн гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирэхийг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байлаа. Үүнээс санаа авсан юм.

Гадаад хүмүүсийг Монголд авчрах замд тухайн хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийг нь олж өгөх бэлэн сүлжээнүүд байсан. Үүн дээр сошиал медиаг яах аргагүй давуу тал болгож ажилласан. Ингээд хүний нөөцийн компанийнхаа үйл ажиллагааг явуулж байх үедээ нэг сонин зүйл анзаарсан. Монголд монгол хүнд байр зарах ажлыг дандаа гадныхан хийгээд байсан. Ингээд би яагаад үл хөдлөх хөрөнгө зарж байгаа хүнийг авч байгаа хүнтэй нь уулзуулж болохгүй гэж бодсон. Уг салбар руу шууд л дайраад орсон. Нэг ажлыг сайн хийхээр түүнээс дараагийн санаа ундарч гардаг. Энэ л зарчмаар хөгжсөн.

-Таныг үл хөдлөхийн салбарт богино хугацаанд амжилтад хүрсэн гэж дүгнэдэг юм билээ. Та одоогийн бизнесийн амжилтын хурддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Би санаандаа тултал тийм амжилттай ажиллаж эхлээгүй байгаа. Одоогийн амжилтандаа сэтгэл ханадаггүй. Нэг сэтгэл хангалуун үр дүн бол сошиал медиагийн тусламжтайгаар өөрийн бизнесийг эхлүүлсэн, сүүлийн долоон жилд үл хөдлөх хөрөнгө гэж юу байдаг учрыг олж зөв хөрөнгө оруулалт хийж сурсан, хүний нөөцийн зуучлалын ачаар өөртөө сайн баг бүрдүүлж чадсан явдал юм. Энэ бол богино хугацааны амжилт. Нөгөө талаар яг үл хөдлөхийн салбарт бодитой, дорвитой өөрчлөлтийг хангалттай хийж чадаагүй байна гэж өөрийгөө голдог. Тийм болохоор видео контент хийх ажил руу туршлагагүй байж ханцуй шамлаад л орчихлоо. Хэдэн жилийн дараа энэ салбартаа хийсэн нэг өөрчлөлт байж чадах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь үл хөдлөх хөрөнгийнхөө салбарт манай хамт олон яг мэс засалч шиг ажилладаг. Энэ нь юу вэ гэхээр хүмүүс юмаа зарах гэж олон газраар яваад аргаа барахаар манайд ирдэг. Үл хөдлөх хөрөнгөөс өөр бизнес худалдах, хувь хүний цуглуулга музей хүртэл ирж байна. Хүн үнэтэй цайтай хөрөнгөө борлуулах гээд манайд хандаж байхад бид зөвхөн зар тавиад хүлээгээд сууж чадахгүй, ямар нэг шинэлэг юмыг хийх ёстой. Манайд ханддаг олон хүний итгэл бас бидний зүтгэл байж энэ олон борлуулалтууд амжилттай хийгддэг. Энэ агуулгаар бид их хариуцлагатай ажил гүйцэтгэж байгаа тул мэс засалчидтай зүйрлэдэг.

-Бизнесийн гараагаа эхлүүлэхэд таны ээж, гэр бүлийн тань хүний дэмжлэг хэр байсан бэ. Анхны хөрөнгө оруулалтыг хаанаас босгосон бэ?

-Миний хийдэг бизнес өөрөөс хөрөнгө оруулалт шаардах нь бага. Бид өөрсдийн сошиал баазыг ашиглаад мэдээлэл дамжуулах үйлчилгээг олон суваг руу хүртээмжтэй, зөв хуваарилж дата бааз үүсгэж, тэрийгээ борлуулж чадвал бага хэмжээний зуучлалын хөлс авч ажилладаг. Бид сошиал медиагийн ард байдаг хиймэл оюун ухаантай ажилладаг. Анхны хөрөнгө оруулалт гэж нэг их шаардаагүй. Магадгүй бид 1980 онд бизнес эхэлж байсан бол их хэмжээний анхны хөрөнгө оруулалт шаардлагатай байсан байж болох юм. Одоо юм хөгжөөд өөр болсон. Хөрөнгөтэй, хөрөнгөгүй хамаагүй мэдээллийн хэрэгслийг ашиглаад бизнес хийж болно шүү дээ. Ер нь бол хүн өөрөө маш их хүсээд, бүр цаашилбал мөнгөгүй байх үед толгой маш сайн ажилладаг. Магадгүй надад сарын гурван сая төгрөгийн тогтмол орлого тухайн үед байгаад өөрийгөө болгоод явж байсан бол өнөөдөр би бизнес эхлэх тухай бодохгүй, бас энд ярилцлага өгөөд сууж байхгүй байх байсан. Ээж маань “Ариун” үйлдвэрийг 18 жилийн турш ажиллуулж байна. Жижигхэн цехээс эхлээд өнөөдөр зах зээлийнхээ 30 хувийг дангаараа хангадаг, 130 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч хүртлээ чимээгүй хөдөлмөрлөсөн. Энэ бүгдийг би харж өссөн болохоор старт ап компаниа зоригтой тэгээс эхлээд өнөөдрийг хүртэл өөрийнхөө хүчээр авч явж байна. Ээж маань намайг яг юу хийдгийг бас сайн мэдэхгүй. Долоон жил болж байхад манай ажил дээр хоёрхон удаа л ирж үзсэн. Шаардлагатай үед ээжээсээ банкны хүүнээс арай бага хүүтэй зээл авдаг, хямарсан үед намайг сэтгэлээр дэмждэг. Харин надад өөрийнхөөрөө дур зоргоороо ажиллах боломжийг өгсөнд нь би ээждээ маш их баярладаг.

Харин гэр бүлийн хүн маань манай компанийн хөрөнгө оруулагч. Нөхөр маань хөрөнгө оруулснаар бид зоригтой худалдан авалтуудыг хийж, үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээл дээр илүү том түвшний хөрөнгө оруулалтууд хийж ажиллах болсон.

-Бизнесээ өргөжүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд хаанаас хэрхэн суралцдаг вэ. Бас хэрхэн өрсөлддөг вэ?

-Би үл хөдлөхийн салбарт ижилхэн ажиллаж байгаа хүмүүстэй өрсөлддөггүй. Цэвэр өрсөлдөөн гэвэл нэг борлуулагчийн борлуулалтын үнийн дүн дээр харагдах байх. Онгирохгүй. Гэхдээ чамлахааргүй олон том deal-ын ард гарсан, өөрийн хөрөнгө биш хүний хөрөнгийн мэдээллийг хүнд дамжуулан тэрбум давсан гүйлгээг сар болгон хийж байна. Өөрийнхөө бизнесээ өргөжүүлэх боломжуудыг гаднаас суралцдаг. Монгол контентууд огт үздэггүй.

-Иргэн хүний хувьд, нөгөө талаас эмэгтэй хүний хувьд та эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрээ юу гэж тодорхойлох вэ?

-Эдийн засаг талаасаа худалдаа арилжаа их хийгдэх тусам эдийн засгийн үзүүлэлт өсдөг. Тэгэхдээ цөөхөн хүн амтай, зах зээл жижигтэй улсын хувьд хувь хүний чадвар, туршлага хамгийн үнэтэй капитал болдог. Миний хувьд өндөр үнийн дүнтэй борлуулалтууд хийдэг ажлаар маань дамжуулж танил хүрээлэл, бас нөлөөлөл гэдэг зүйлүүд ирсэн. Бас үүний ачаар сошил медиагаар дамжуулж өөрийн нөлөөллийг бий болгосон байна. Өдөрт 100-500 мянган хүнд зар мэдээлэл түгээх бол миний сүүлийн долоон жил өдөр болгон хийсэн ажил. Тэгээд өөрийнхөө туршлагыг бодоод байсан чинь борлуулалтын туршлагатай хүн болохоор Монгол Улсынхаа уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг гадны улс оронд борлуулах ажлыг хийх юм бол би зөвхөн өөртөө биш, улсдаа өөрийн туршлагаараа бодитой тусалж чадах юм байна гэж харсан. Тийм ч болохоор англи орчуулгатай видео ажлуудаа одооноос хийгээд эхэлсэн.

-Амжилт гэдгийг та юу гэж боддог вэ. Та өөрийнхөө амжилтыг юу гэж дүгнэж тодорхойлох вэ?

-Хүний амьдралын бүх л цаг хугацаанд амжилтыг харах өнцгүүд өөрчлөгддөг. Жишээ нь, би 10 жилийн өмнө сургуулиа амжилттай төгсөх нь зорилго маань байлаа. Би шагнал урамшуулал зэрэг цолыг амжилт гэж хардаг нийгмийн дараагийн үеийн төлөөлөл. Өөрийнхөө өнцгөөс л хариулъя. Одоо яг ид хөдөлмөрлөдөг насан дээрээ яваа болохоор амжилтыг би нөлөөлөл гэж хардаг. Чи өөрийн үнэ цэнээрээ хэр олон хүний амьдралд нөлөөлж, нөлөөллөөрөө дамжуулж яаж нийгмийн хариуцлагатай байж, за тэгээд ажил хөдөлмөр, бизнес эрхэлж байгаа бол хэр их хөрөнгийг бий болгож чадаж байна гэж хардаг. Нөлөөлөлтэй баялаг бүтээгч, хөрөнгөтэй бизнес эрхлэгч бол жинхэнэ амжилттай хүн.

Яг үнэндээ би өөрийнхөө амжилтад үнэлэлт дүгнэлт өгөөд суух манатай цаг хугацаатай уралдан завгүй ажиллаж байна. Хоёр хүүхэдтэй болсондоо ч итгэж амжаагүй явахад том нь сургуульд орох болчихож. Олон харилцагч, хэрэглэгч маань намайг амжилттай бизнес эрхлэгч гэж хардаг. Тэгж итгэж хамтран ажиллаж байхад итгэлийг нь алдахгүй байхын төлөө хичээж явна даа.

-Энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш өөртөө олж нээсэн хамгийн том зүйл юу вэ?

-Их сонин, би их мэдрэмтгий хүн юм байна гэдгээ мэдсэн. Магадгүй энэ нь ижил салбарт ажиллаж байгаа хүмүүсээсээ ялгарах онцлог юм байна гэж боддог. Өндөр үнийн дүнтэй борлуулалтууд намайг бараг шинэ хүн болгон хүмүүжүүлсэн гэхэд болно.

-Хийж буй зүйлийнхээ үнэ цэнийг та юу гэж хардаг вэ?

-Би өнөөдөр хүүхдүүддээ ээж, нөхөртөө эхнэр, ажил дээрээ удирдлага, хэрэглэгчиддээ борлуулагч, нийгэмд нөлөөлөгч гээд олон үүрэгтэй ажиллаж амьдарч байна. Энэ болгон миний хийж буй ажлууд. Энэ үүргүүдээ нийтэд нь хамгийн сайнаар хийхийг хичээж байгаа нь л миний үнэ цэнэ болов уу. Түүнээс биш би зөвхөн сайн борлуулагч гэдгээрээ үнэ цэнээ бий болгохыг хүсдэггүй.

-Амжилттай ажиллахын тулд юун дээр анхаарал хандуулж ирсэн бэ?

-Хүн өөрийнхөө онцлогийг эхлээд мэдрэх ёстой. Жишээлбэл, би сошиалд нээлттэй, дээрээс нь ярьдаг, бичдэг хэт мэдрэмтгий төрлийн борлуулагч. Би бас уужуу хатан ухаан гэхээсээ илүү байнга өрсөлдөөн дунд ажиллаж амьдардаг болохоор тэмцэгч төрлийн хүн. Энэ давуу талаа л бизнестээ ашиглаж байгаа юм. Хүн бизнес хийхээсээ өмнө өөрийнхөө онцлогийг эхлээд тодорхойлох ёстой гэдгийг бүх л бизнесийн сургуулиуд академик боловсролоор заадаг.

-Танай компанид ихэвчлэн залуус ажилладаг юм байна. Хамтран ажиллах багаа ямар шалгуураар, хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Баг бүрдүүлж, хүн удирдана гэдэг хэцүү. Би компанийнхаа ажилчдыг сонгон шалгаруулж авахдаа яаж надтай нийлж ажиллаж чадах вэ гэдгийг хардаг. Түүнээс биш өндөр босго тавьдаггүй. Манай компанид ажиллаж байгаа бүх хүн надтай ямар нэг байдлаар өвөрмөц холбоотой байдаг. Миний хүүг гурван нас хүртэл нь өсгөж өгсөн эгч бий. Би та миний хүүг өсгөсөн юм чинь би таны хүүхдийг хажуудаа авъя гээд одоо тэр хүү дүүтэйгээ хамт хоёулаа ажиллаж байна. Мөн “ээжүүдийн групп”-т байх үедээ танилцсан хоёр охин манай компанид ажилладаг. Энэ мэт өвөрмөц байдлаар чин сэтгэлээсээ ажилладаг зорилго нэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Манай компаниас ажил сэлгэж орж гарах явдал маш бага. Яг үндсэн бүрэлдэхүүн маань борлуулалтын шижигнэсэн баг байдаг. Өмнө нь баг бүрдүүлэлт дээр том сургамж авсан болохоор одооны багаараа маш их бахархдаг.

Би бүх ажилтнуудаа амжилтад хүргэхийг хүсдэг, зорьдог. Gen Z үеийнхний хувьд манай салбар компани их сонирхолтой байдаг шиг байгаа юм. Ажилд орох хүсэлт тасардаггүй. Компанид ажилд ороход нь тухайн хүнтэй санхүүгийн төлөвлөгөөг нь гаргаад сургалтын төлбөрийн зээлээ дармаар байна, найман хувийн орон сууцны зээлтэй болмоор байна гэх зэргээр тооцоог нь гаргаад 12 сард хуваагаад сард ийм хэмжээний борлуулалт хийж ганц жилийн дотор төлөвлөсөн дүндээ хүрэх юм байна гээд хамтраад хийе хэмээн гар бариад ажлаа эхлүүлдэг. Манайд ажиллаж байгаа хүн бүрийн санхүүгийн төлөвлөгөөг иймэрхүү байдлаар гаргаж, хамт явж байна. Заримдаа ажилчдынхаа санхүү рүү хэтэрхий ороод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ brokerage sales хийдэг борлуулагчдын хувьд борлуулалтын ажлыг санхүүгийн төлөвлөгөөгүйгээр амжилттай хийх боломж байхгүй.

-Та цахим ертөнцөд алдартай. Олон нийтийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж байгаа нь маркетингийн арга барилаас гадна хувь хүний нээлттэй байх сонирхол нөлөөлж байна уу?

-Миний нээлттэй байх сонирхол ч гэж юу байхав. Сошиал ертөнц өөрөө нийгмийн сүлжээ гэсэн үг шүү дээ. Би уурлахдаа уурлаж, алдахдаа алдаж, онохдоо онож, баярлахдаа баярлаж, зэмлүүлэхдээ зэмлүүлээд хүний амьдралд байдаг бүхий л зүйлээ нээлттэй амьд байлгадаг. Сошиал медиа анхлан хэрэглэгч ихэнх хүн үүнд эмзэглэдэг байх. Энэ платформыг ашиглаж өөрийн бизнесээ хийдэг болохоор би ер эмзэглэдэггүй. Жишээ нь би бусадтай яг адилхан цаг хугацааг фэйсбүүкт зарцуулдаг. Гэхдээ сардаа тэрбумын үл хөдлөх хөрөнгө борлуулж байдаг. Бид компаниараа мэдээлэл түгээх, сүлжээгээрээ багагүй хүнд нөлөөлж чадах хүчин чадалтай.

Гэхдээ хувь хүн маань сошиалд сонирхолтой байдаг юм болов уу гэж боддог. УИХ-ын гишүүн биш дээ, залуу эмэгтэй хүн байж сошиал медиаг харагдах өнцөг, мэдэгдэл хийх төдий, эсвэл чат шиг ашиглаж байвал утгагүй биз дээ. Тэгээд ч хувь хүн өөрийнхөө төлөө мэдээллийн дархлаатай байхгүй бол дуртай нь энэ мэдээллийн хэрэгслийг ашиглаад таныг хэн ч болгож харагдуулж чадаж байна шүү дээ.

-Цахим орчин дахь таны пост, блогоос харахад хэрэглээ өндөртэй нь харагддаг. Үүнээс хамаарч зарим хүний шүүмжлэлд өртөх нь бий. Энэ байдлыг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Нойртой, нойргүй алдаатай оноотой ажиллаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө хичээнгүй зүтгээд амжилтаа “өмсөж” яваа залуу эмэгтэй. Заримдаа би борлуулалтын зорилтоо их өндөр тавьдаг, тэгээд өөрийгөө шагнадаг. Би хүмүүсийг амарч байхад ажиллаж байсан, магтаж байхад ч ажиллаж байна, муулж, доромжилж байхад ч ажилласаар л байгаа.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрээр амь зууж байгаа ард түмэн түүнийг золигт гаргана гэж ч юу байх вэ​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гарагийн дугаарын уламжлал болсон “Танайд өнжье”-булангаараа Байлдааны самбогийн
дэлхийн хошой аварга, Монгол
Улсын гавьяат тамирчин,
хурандаа Гомбосүрэнгийн
Эрдэнэбаярынд өнжлөө. Нэг болон 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол улсын Ерөнхий
сайд асан С.Баярын “Жаран
хоног “жаран”-ы бутархай”
номын хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн
баасан гаригт “Интерном”-
ын байранд болсон юм. Хэлэлцүүлгийн хөтлөгчөөр
“Адмон” группийн захирал
Р.Энхбат ажиллалаа. Тэдний
асуулт, хариултыг тоймлон
хүргэж байна. Нэг болон 17 дугаар нүүрнээс уншаарай.

Мөн уламжлат “Бат-Үүл бичиж байна” цуврал нийтлэлийн булан нэг, дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгдлээ.

Улс төрийн хоёрудгаар нүүрэнд Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын
сайд Ё.Баатарбилэгийн ярилцлагыг нийтэллээ.

Нийтлэлч П.Хашчулууны “Ч.Сайханбилэгийн зоримог
шийдвэрээр амь зууж байгаа
ард түмэн түүнийг золигт
гаргана гэж ч юу байх вэ” нийтлэлийг гуравдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Хотын дарга С.Амарсайхантай хийсэн ярилцлагыг зургадугаар нүүрнээс унших боломжтой.

Монгол Улсын Соёлын
гавьяат зүтгэлтэн, МУИСийн Күнзийн институтийн
Монголын талын захирал,
доктор, профессор, хятад
судлаач М.Чимэдцэеэтэй хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ