Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын захирагч С.Амарсайхан “Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хамтаар гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өглөө.

Тэрбээр “Албан тушаалтнууд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна. Дүүргүүдэд явж ажиллахад гудамж талбай хогондоо дарагдсан, энд тэнд хур хогийн цэг үүссэн байдалтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлаа гудамж талбайгаараа явж ажлаа хийх хэрэгтэй. Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан, эсвэл хавар намрын их цэвэрлэгээ хийх байдлаар хог цэвэрлэгээний асуудалд ханддаг биш, өдөр бүр амьдарч буй газар орчмоо цэвэрлэж хэвших ёстой. Дүүргийн дарга нар цэвэрлэгээ, ТҮК-ийн компаниудын ажлыг шахаж, хяналтаа тавьж ажилла. 2020 оныг стандарттай жил болгон зарласан ч хогондоо дарагдсан байна. Хогоо цэвэрлэж чадахгүй байж бид стандарт ярих боломжгүй. Тиймээс өнөөдрөөс эхэлж Захирагчийн ажлын алба, дүүрэг хороодын Засаг дарга нар, ТҮК-ын удирдлагуудтай хамтарч төвийн зургаан дүүргээр явж ажилла. Цэвэрлэгээний компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилла” хэмээн үүрэг өгөв.

Мөн Туул гол дагуух барилгажаагүй газрын судалгааг гаргаж, Улаанбаатар ногоон парк байгуулах чиглэлээр зураг төсөл гаргах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх чиглэлийг ЗАА, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дарга нарт өглөө. Ногоон парк байгуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, “Сургуулийн автобус”-ны өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах, Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх, хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогпох арга хэмжээг аьч ажиллах, хашаа хайсыг засварлаж янзлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүүхдүүдэд олгох ухаалаг бугуйвчийг гардуулан өглөө. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нөгөөтэйгүүр хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудал шийдэгдэж байгаа юм. Энэхүү төслийг сайжруулах ажлын хүрээнд хүүхдүүдийн автобусанд суусан, буусан, мөн автобус хаана явж байгаа зэрэг мэдээллийг эцэг эхчүүдэд хүргүүлж байх ухаалаг бугуйвчийг сурагчдад хүргүүлж байна” гэлээ.

Ийнхүү “Сургуулийн автобус” төсөл илүү боловсронгуй болж сурагчид байршил тогтоогч бүхий гарын бугуйвчтай болж байна. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд сургуулийн удирдлага анхаарал хандуулж ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг хүргүүлж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Categories
мэдээ нийгэм

УГТЭ өнгөрсөн онд 14 төрлийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг 8145 хүнд үзүүлжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2019 онд нийт 14 төрлийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг 28 хоногтой нярайгаас 92 нас хүртэлх нийт 8145 эмчлүүлэгчдэд үзүүлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн 30 гаруй хувийг дангаараа хариуцан үзүүлээд байна.

Энэхүү тусламж үйлчилгээний үр дүнд Монгол Улсын иргэд оношилгоо, эмчилгээний зорилгоор гадаад улсад зайлшгүй шаардлагаар явах мөнгөн урсгалыг эрс багасгаж, иргэдийн эрүүл мэндээс хамааралтай санхүүгийн дарамт, хүндрэлийг багасгаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.

Төрийн болон төрийн бус байгууллагын 40 алба хаагч хамрагдаж байгаа тус сургалт 02 дугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм. Сургалт нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Дашрамд дурдахад “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 онд анх удаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болсон юм.

Categories
мэдээ улс-төр

ШИНЭ нам Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлийг хэлэлцэнэ

Хуваарийн дагуу өнөөдөр ШИНЭ намын зөвлөл хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.

НЭГ: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал /эх үүсвэр, шугам сүлжээ, түлшний хангамж, үнэ тариф, сэргээгдэх эрчим хүч/, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хэрэгжилт болон тус салбарт оруулсан гадаад. дотоод /улс, нийслэлийн төсөв болон хувийн хэвшил/ хөрөнгө оруулалтын үр өгөөж.

ХОЁР: Бичил уул уурхайн бодлогын асуудал

ГУРАВ: УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд.

•Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

•Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагах мөрдөх журмын тухай хуулийн төсөл

•Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг. нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

154 орноор дугуйтай аялсан Сомен Дебнатыг хүлээн авч уулзлаа

2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзлаа.

Түүний аяллын зорилго нь ХДХВ/ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тэрбээр 14 насандаа “ДОХ нь хорт хавдраас илүү үхлийн аюултай” гэсэн нийтлэл уншсан нь энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал юм.

Зургаан тивийн 154 орноор аялан 168.000 км замыг унадаг дугуйгаар туулаад байгаа тэрбээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд аяллаа өндөрлөсний дараагаар эх орон руугаа буцан дэлхийгээр аялсан түүхээ ном болгон бичихээр төлөвлөсөн байна.

Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрбээр Улаанбаатар хотын талаар өөрийн аялсан туршлагаасаа нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрчээ.

Categories
мэдээ спорт

Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2020 оны эхний олон улсын тэмцээндээ удахгүй мордоно. Хоёрдугаар сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал: Эмэгтэй. 48 кг-ийн жинд дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, А.Бадамгарав, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д М.Даваасүрэн, -78 кг-д О.Мөнгөнцэцэг.

Эрэгтэй. 60 кг-ийн жинд ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр.

Categories
мэдээ нийгэм

“Ивэнтүрүү” ХХК-ийн харуулыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн оны 11 сарын 29-ний өдрийн 19:08 цагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” гэдэг газар “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр шатсаны улмаас харуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Х /55 настай, эрэгтэй/ сураггүй алга болжээ.

Тухайн өдрөөс хойш 2020 оны 01.13-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргасан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын нийт 23 албан хаагч, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн багаараа II байрт шалгарав

Туркийн Станбул хотноо нэгдүгээр сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн багаараа II байрт шалгарав.

Эрэгтэйчүүдийн 52 кг, 57 кг-д “Алдар”-ын ах дүү ОУХМ Х.Энхмандах, Х.Энх-Амар нар алтан медалийн эзэд болсон бөгөөд нөгөө алтан медалийг “Ширэн бээлий” клубийн О.Бямба-Эрдэнэ 75 кг-д зүүжээ.

Мөн ОУХМ Б.Чинзориг 64 кг-д хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.