Categories
мэдээ улс-төр

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Энэ шуугианыг далимдуулж улстөржөөд, нэр хүндийг нь унагааж болохгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар багтсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийлээ.

-УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казинод орсон гэх асуудлаар шуугиан гарч байна. Би Сиднейд анх удаагаа очиж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-нд аялал хийсэн. Аялал жуучлалын төвөөр явж байхдаа казиногоор ороод гарсан. Харийн оронд бид нэг монголчууд. Казиногоор орсноо зөвтгөх шалтгаан байхгүй. Харийн оронд явж байхдаа бие биенээ халамжилж явдаг. Тэр үедээ шуугиан тарина гэж бодоогүй. Хэвлэл мэдээллийнхэн ч үүн дээр анхаарал татаж байгаа нь зөв. Шуугиан тарих эрх нь нээлттэй байгаа. Энэ шуугианыг далимдуулж улстөржөөд, нэр хүндийг нь унагааж болохгүй.

-Та зурган дээр байгаа хүн мөн үү?

-Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан. Би мөн.

-Яагаад казинод орсон бэ?

-Хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод, сонирхоод гаръя гэж бодсон.

-Казиногийн хуулийг УИХ хэлэлцэх үү?

-Казиногийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Өндөр хөгжсөн оронд казино нь аялал жуучлалд чиглэсэн байдаг. Тиймээс бид орж үзэх шаардлагатай гэж бодсон.

-Мөрийтэй тоглосон уу?

-Ямар ч гишүүн мөрийтэй тоглоом тоглоогүй.

-Хэдүүлээ орсон бэ?

-Дөрвүүлээ орсон. Цаг гаруй явсан.

-Та казинод тоглож байсан уу?

-Залуу байхдаа бусад орны казинод орж байсан. Д.Лүндээжанцан гишүүн явсан. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх уу дээ.

Categories
мэдээ улс-төр

Ардын намын ямар ч хандивгүйгээр сонгуульд оролцоно гэдгийг шалгах хэрэгтэй

ЕТГ-ын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал албан ёсных уу?

-Ерөнхийлөгч Даосын эдийн засгийн уулзалтад оролцоод, дараагаар нь Норвегит албан ёсны айлчлал хийнэ.

-Та УИХ-ын сонгуульд хаанаас нэр дэвших вэ?

-Би хаанаас ч нэр дэвшиж болно. Заавал Өвөрхангай гэхгүй.

-Та хандиваа өгсөн үү?

-Би эхний хандиваа төлсөн. АН хандив цуглуулна гэдэг дэлхий нийтийн жишгээр явж байгаа. Ардын намын ямар ч хандивгүйгээр сонгуульд оролцоно гэдгийг шалгах хэрэгтэй. Ямар санхүүжилт хаанаас авах улс төрийн намын санхүүжилт шилэн байх ёстой.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Г.Баасан УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ. Хэнтий аймагт нэр дэвшин, өрсөлдөнө гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Түүний өрсөлдөх тойрог нь УИХ-ын сонгуулийн 40 дүгээр тойрог бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар, ИЗНН-аас Г.Батболд нар тус, тус өрсөлдсөн юм.

Categories
мэдээ нийгэм

​“Тод Каннам” эмнэлэгтэй холбогдох шүүх хурал энэ сарын 27-нд болно

2019 оны гуравдугаар сарын 26-нд “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засал хийлгэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан энэ сарын 14-ний өдөр прокуророос “Тод Каннам” эмнэлгийн ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүх хурал энэ сарын 27-нд болохоор товлогджээ.

“Тод каннам” эмнэлэг нь өөх соруулах мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байдаг. Хуулийн байгууллагад хэргийг шилжүүлсэн бөгөөд прокуророос тус эмнэлгийн зөвхөн хоёр ажилтныг яллагдагчаар татсан юм.

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хохирогчийн ар гэрийнхнээс Мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр хохирогчийн аав С.Гүндсамбуу “Тэр хоёр хүний цаана хуулийн этгээд буюу эмнэлгийн захирал Н.Тод-Ням гэж хүн бий. Тэр хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хайртай охиноо алдсанаас хойш есөн сар болж байхад огт эмгэнэл илэрхийлээгүй, оршуулгын зардлыг ч гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр өөдөөс инээсэн. Ингэж тохуурхаж байгаа учир энэ бүхний ард эрх мэдэлтэн байна гэж ойлгож байна. Энэ бүхнийг шүүхийн байгуудага үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Харин хохирогчийн ээж Д.Аюуш “Ганцхан миний охин хохирогч биш юм байна. Өшөө олон хохирогч бид хоёртой холбогдсон. Хамтаръя, нэгдье гэсэн. Энэ эмнэлэг миний охины амийг хохироогоод есөн сар болж байхад ганц удаа гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйгаагүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр инээгээд л сууж байна. Энэ хүмүүсийн ард том хүн байна гэдэг ойлголт авсан” хэмээв.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тухай захирамжийн 1.6-д “Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг давхар эрхлэх барилгын компани, хувийн орон сууцны конторын үйл ажиллагааг таслан зогсоож, тухайн байрны оршин суугчдын бүх нийтийн хурлаас Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, бүртгэх”, 1.7-д “Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг таслан зогсоох, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажилд үнэлэлт өгөх ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, ажил үйлчилгээний түвшинг сайжруулах арга хэмжээ авахыг даалгасан.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан даалгавар, мэдэгдэл ирүүлсэн юм.

Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэг хуралдаж захирамжийн дагуу хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дын нэгдсэн хурлыг зохион байгуулан, хяналт шалгалт явуулах удирдамжийг танилцуулахаар боллоо.

Мөн СӨХ-тэй холбоотой оршин суугчдаас ирүүлсэн гомдол мэдээллийг нэг бүрчлэн хянан, холбогдох арга хэмжээг авч, ажил үйлчилгээний түвшинг сайжруулж ажиллах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жамбалын Гангаа агсны нэрэмжит тэмцээн болж өнгөрлөө

Өнгөрсөн амралтын
өдрүүдэд “Өдрийн сонин”-ы
нэрт сэтгүүлч, Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонт,
хүндийн өргөлтийн спортын
мастер Жамбалын Гангаа
агсны нэрэмжит “Идэр ес-Залуу
нас” спортын тэмцээн болж
өнгөрлөө. Тус тэмцээн Төв
аймгийн Цээл сумын Ерөнхий
боловсролын сургуулийн
төгсөгчдийн дунд уламжлал
болгон зохиогддог бөгөөд
энэ удаагийн тэмцээнийг Төв
аймгийн Цээл сумын ЕБС-ийн
1990 оны 13 дахь төгсөлт
зохион байгуулж юм. Энэ
талаар тэмцээнийг зохион
байгуулагч ангийн төгсөгч
Ш.Отгондалай “Багшийнхаа
нэрэмжит тэмцээнийг
зохион байгуулж байгаадаа
баяртай байна. Ж.Гангаа
агсан биднийг наймдугаар
анги төгсгөсөн ачит багш
минь. Энэ хугацаанд олон
сайхан шавь нарыг төрүүлсэн
дээ. Спортод хүүхдүүдийг
дуртай болгож байсан. Тэр
чинээгээрээ хүүхдүүдийн
төлөвшил, хүмүүжилд
асар том нөлөө үзүүлсэн.
Ж.Гангаа багшийн нэрэмжит
тэмцээн гэдэг утгаараа энэ
жил тэмцээний хамрах хүрээ
өргөн байлаа. Энэ удаагийн
тэмцээнд 150 гаруй тамирчин
ирж оролцлоо. Түүнчлэн 200
орчим хөгжөөн дэмжигчид
ирж үзэж сонирхлоо” гэв.

Б.ТҮВШИН

Categories
гадаад мэдээ нийгэм

ОХУ-ын ерөнхий сайд М.Мишустин анхны томилгоогоо хийв

Өнгөрсөн долоо хоногт
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин
Холбооны зөвлөлд ээлжит
илгээлтээ танилцуулсан
билээ. Үүний дараа ОХУ-ын
гүйцэтгэх засаглалын тэргүүн
Д.Медведев Засгийн газар
нь бүрэн бүрэлдэхүүнээрээ
огцорч буйгаа мэдэгдсэн
юм. Оросын төрийн тэргүүн
Ерөнхий сайдад Татварын
албаны дарга Михаил
Мишустиныг санал болгосон.
Төрийн дум өнгөрсөн пүрэв
гаригт уг асуудлыг хэлэлцэн,
санал хураалт явуулжээ.
Нийт гишүүдийн 383 нь
М.Мишустиныг дэмжсэн бол
41 нь түдгэлзсэн юм.

Улмаар баасан гаригт
ОХУ-ын шинэ сайд ажилдаа
орсон. ОХУ-ын Үндсэн хуульд
зааснаар ерөнхий сайд үүрэгт
ажлаа хүлээн авснаас долоо
хоногийн дотор Засгийн
газраа бүрдүүлсэн байх ёстой
аж. Тэрээр анхны томилгоогоо
өөрийн хуучин алба болох
Холбооны татварын албаны
даргаар Д.В.Еговорыг
томилсноор эхлүүлжээ.
ОХУ-ын хуучин ерөнхий
сайд Д.Медведевийг Оросын
төрийн тэргүүн Аюулгүй
байдлын зөвлөлийн орлогч
даргаар томилсон билээ.

МИХАЙЛ МИШУСТИН ГЭЖ ХЭН БЭ?

Бүтэн нэр нь Михаил
Владимирович Мишустин.
1966 онд төрсөн, одоо
53 настай. Москвагийн
Технологийн их сургуулийг
системийн инженер
мэргэжлээр дүүргэсэн,
эдийн засгийн ухааны доктор
цолтой.

М.Мишустин сүүлийн
арав гаруй жил Холбооны
татварын албыг толгойлж
байв. Тэрбээр “Барууны
дэвшилтэт мэдээллийн
технологийг нэвтрүүлэх”
зорилготой ашгийн бус
байгууллагаас ажлын
гараагаа эхлүүлжээ. 2010 онд
Холбооны татварын албаны
даргаар томилогдсон. Ажлаа
хүлээн авах үед нь Оросын
нэгдсэн төсөвт татварын
орлого 7.7 их наяд рубль
байжээ. 2018 оны дүнгээр 21.3
их наяд рубль болж нэмэгдсэн
гэдэг. Оросын судлаачид
түүнийг “Олигархиудын
шилбүүр” гэх нь бий. Учир
нь тэрээр олигархиудын
дархлагдсан далд бизнес, үл
хөдлөх хөрөнгүүдийг Оросын
татварын системд нэгтгэж,
албан татвар ногдуулсан аж.
2018 онд мэдүүлсэн хөрөнгө
орлогын мэдүүлэгтээ 18.9
сая рубль буюу 309 мянган
ам.долларын орлоготой
гэжээ.
Түүний гэргий нь
47.7 сая рубль буюу
776 мянган ам.долларын
орлоготой гэж мэдүүлсэн
аж. Михайл Мишустин
эхнэр гурван хүүгийн хамт
амьдардаг. Чөлөөт цагаараа
хөвгүүдтэйгээ мөсний хоккей
тоглох дуртай гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал товлогджээ

БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны 09:00 цагт товлогджээ.

Прокуророос тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжуудын байдалтай танилцаж, зөвлөмж чиглэл өглөө.

Мөн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, удирдах албан тушаалтнуудад, Засаг даргын тамгын газрын дэргэдэх болон харьяа газар, холбогдох дарга нар болон үйлдвэр, үйлчилгээний байгууллагын дарга, захирлуудад Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай, Сонгуулийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжуудын талаар сургалт зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон нутгийн хөтөлбөр”-ийг боловсруулж, энэ оны 1-р улиралд багтаан ИТХ-аараа хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх зөвлөмж чиглэл өглөө. Түүнчлэн зарим удирдах албан хаагчдаас гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд шатны байгууллагуудад нь уламжилан хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Орхон аймгийн “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

​Цэргийн бүртгэл энэ сарын 20-ноос ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл албан ёсоор эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр явагдах бөгөөд ажлын өдөрүүдэд 09:00-19:00, амралтын өдөрүүдэд 12:00-16:00 цаг хүртэл бүртгэл явагдана. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан ба уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах юм байна. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Нийслэлийн хэмжээнд 65 нас хүртэлх бэлтгэл дээд офицерууд, 60 хүртлэх насны бэлтгэл ахлах офицерууд, 55 насны ахлагч нар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ба 18-55 насны Монгол Улсын иргэд бүртгүүлнэ. Мөн 18 хүрч байгаа иргэд иргэний цэргийн үүргээ биелүүлэх насанд хүрч буй тул “Цэргийн үүрэгтний үнэмлэх” авах ёстой. Үнэмлэх авахдаа 3×4 хэмжээтэй цээж зурагтай ирэх юм.

Б.НОМИНЗУЛ