Төв аймгийн Борнуур сумын газрын даамал Пүрэвжавын Батмөнх өөрийн хийж бүтээсэн ажлаа салбарынхаа яамд үнэлүүлж, “Улсын шилдэг газрын даамал”-аар шалгарсан байна. Тэрээр Монгол Улсын газрын харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, 2019 онд дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлсэн амжилттай байгаа юм.
-“Улсын шилдэг газрын даамал” болсонд баяр хүргэе, 2019 онд хийсэн ажлуудаас тань онцлох бүтээн байгуулалт нь юу байв?
-Борнуур суманд 2003 оноос хойш газар өмчилсөн иргэдийн дэлгэрэнгүй судалгааг ланд менежер программд хувийн хэрэг үүсгэж, үүнийг бүртгэсэн мэдээллийн сантай харьцуулсан судалгааг гаргах программ зохион, хэрэглээнд нэвтрүүлээд байна. энэ ажлыг аймгийн газрын алба өндрөөр үнэлж, тэргүүн туршлага болгохоор шийдвэрлэснээр, Төв аймгийн 27 сумын харьцуулсан судалгааг өөрийн зохиосон программаа ашиглан хийх үүрэг даал-гавар авч, амжилттай хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Борнуур сумын хувьд хадлангийн болон тариалангийн нийт талбайгаа орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүддээ эзэмшүүлсэн. Мөн ашиглахгүй байгаа талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс гэрээ дүгнэх ажил хийгдэж байна.
-Таныг өөрийн зохион бүтээсэн программаа хөгжүүлэхэд ямар хүмүүс хамтран ажилласан бэ?
-Уг програмыг сайжруулах тал дээр аймгийн газрын албаны удирдлага болон мэргэжилтнүүд хамтран ажиллаж, программыг улам боловсронгуй болгох саналууд гаргасан бөгөөд тухайн саналуудыг тусган программчилснаар 27 сумын харьцуулсан судалгааг долоо хоногийн дотор бүрэн гаргаж дууссан. Энэхүү программыг нэвтрүүлэхээс өмнө нэг сумын судалгаа гаргах гэж арав гаруй хонодог байлаа.
-Харьцуулсан судалгаа хийдэг программын гол зарчим нь юу вэ?
-Газрын салбар цахим системд шилжиж байгаа. Цахимд шилжих явцдаа бүртгэлийн алдаа гаргахгүй байх зарчмыг баримталж буй. Харьцуулсан судалгаа хийдэг программыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлснээр иргэдийн дунд газрын давхцал, маргаан үүсэхгүй байх сайн талтай. Түүнчлэн шүүхийн байгууллагад ийм төрлийн маргааныг шийдвэрлэх шаардлага гарахгүй бөгөөд газрын даамлуудын ажлыг ч хөнгөвчилж буй юм. Өмнө нь олон төрлийн хүснэгтээр гардаг байсан судалгааг нэгдсэн нэг хүснэгтээр гаргаж, цаашид хийх шаардлагатай ажлуудыг эмх цэгцтэй, хяналттай хийх боломжтой болгож байгаа зэрэг олон талын ач холбогдолтой.
-Борнуур сумын хувьд аялал жуулчлалын томоохон бүс нутаг гэдэг утгаараа газрын харилцааны хувьд ихээхэн ач холбогдолтой байх?
– Газрын харилцаатай холбогддоггүй нэг ч салбар байдаггүй. Борнуур суманд Аглаг бүтээлийн сүм хийд, Дуган хад жуулчин, Ар монгол травел, Удамт жонон, Ах жонон, Ёл хад амралт, Цагаан булаг, Солонго, Солонго-Өргөө зэрэг амралт, жуулчлалын газрууд байдаг. Мөн Урьхан, Бамбарууш, Буугаад мордъё, Стоп-92, Борнуур-Эрүүл хүнс шууд борлуулах цэг,Өгөөж сүлд, есөн-эрдэнэ, Хишиг төв, Өгөөмөр зэрэг зоогийн газар, супермаркетууд үйл ажиллагаа явуулж байна. Борнуур суманд 4906 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байдгаас газар өмчлөгч 2615, газар эзэмшигч 2288, газар ашиглагч гурав тус тус байна.
-Таны хувьд цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Газарт байгаа байгалийн нөөц бололцоог бүрэн ашиглах, газрын судалгаа, ухаалаг хийгээд нэгдсэн төлөвлөлтийн дагуу газрыг олгож, сумын хэмжээний нэгдсэн кадастрын баталгаажуулалтад хамруулан, газрыг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулдаг сэтгэлгээг хөгжүүлэхийг зорьж байна. Мөн үйл ажиллагаагаа тогтвортой явуулан сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийн газар ашиглалтыг хөгжүүлэн дэмжинэ. Харин газраа ашиглахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шахан ажиллана, ашиглахгүй байгаа хүмүүсийн оронд газар ашиглаж тогтвортой үйл ажиллагаа явуулахыг хүсч буй хүмүүст боломж олгох үүднээс сум орон нутгийн удирдлагуудаар хуулийн хүрээнд тодорхой шийдвэр гаргуулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Ажилд маань байнга тусалж дэмждэг Аймгийн газрын алба, Сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын хамт олондоо баярлалаа.
У.ЧИНЗОРИГ