Categories
мэдээ нийгэм

Автобустай мөргөлдсөн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.21-ний өдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

СБД-ийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А, 4-8 насны 3 хүүхэд гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүд хөл, гар нь хугарсан байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах анхны хэлэлцүүлэг ирэх Баасан гариг /2020.01.24/”т МУИС-ийн шинэ номын санд болох юм байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг тус эвлэлээс уриалав.

Хэлэлцүүлгийн үеэр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах бөгөөд эх сурвалжийг хамгаалах, сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах асуудалд төвлөрч ярилцахаар төлөвлөжээ. Түүнчлэн сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан Германд ажлын айлчлал хийж байна

ОЛОН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД НАРЫН БАГА ХУРЛЫГ ХХААХҮ-ЫН САЙД Ч.УЛААН ДАРГАЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 орчим олон улсын байгууллагын удирдлагууд оролцож байна. Зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөдөө аж ахуйн сайд Жулия Клокнерийн хамт. 2020 он, Берлин хот.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөдөө аж ахуйн сайд Жулия Клокнерийн хамт. 2020 он, Берлин хот.

Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарал хандуулсан сэдэв олон улсын худалдааны асуудал дээр төвлөрсөн юм. Худалдаа нь хэрхэн дэлхийн нийт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон төрлийн шим тэжээл бүхий хүнс хэрэглэх боломжийг бий болгох, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудыг олон улсын салбар хариуцсан сайд нар ийнхүү хэлэлцлээ. Энэхүү чухал асуудлыг хэлэлцэн шийдэлд хүрэх зорилгоор олон улсын улс төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, бизнесийн 2,000 гаруй төлөөлөгчид чуулганд оролцсон байна.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020 нь ХБНГУ-ын Берлин хотноо "Хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөөх худалдаа" уриан доор зохион байгуулагдлаа.Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020 нь ХБНГУ-ын Берлин хотноо “Хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөөх худалдаа” уриан доор зохион байгуулагдлаа.

Хуралд оролцсон сайд нар олон улсын худалдаа нь улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгож, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс гадна хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ялангуяа хүнсний дутагдалд байдаг бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах давуу талтай болохыг цохон тэмдэглэж байв. Иймд олон улсын түвшинд худалдааг дэмжих, либералчлах, худалдааг хориглосон тарифын болон тарифын бус хязгаарлалт, татаасыг багасгах чиглэлээр арга хэмжээ авахыг уриаллаа.

Ингэхийн тулд нөгөө талаас, ялангуяа төр засгийн зүгээс, малчид, тариаланчид, бизнесүүдээ дэмжих, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдав. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв шийдэл бол хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах явдал юм гэдэг дээр бүх төлөөлөгчид санал нэгдлээ. Энэ хүрээнд Нэгдэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон улсын цахим хөдөө аж ахуйн зөвлөл байгуулах саналыг боловсруулж, ойрын хугацаанд тус зөвлөлийг ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ.

Гурван өдрийн турш зохион байгуулагддаг “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт”-ын хүрээнд Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурал боллоо. Энэхүү бага хурлын зорилго нь хоёр өдрийн турш хэлэлцсэн асуудлууд, шийдлийг нэгтгэх, цаашид анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тохирох, эцэст нь хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан Тунхаглал гаргах зорилготой хуралдсан. Бага хурлын үеэр анх удаа Монгол Улс салбар хуралдааныг даргалсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсыг төлөөллөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юүгийн хамтХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юүгийн хамт

Сайд Ч.Улаан салбар хуралдааныг эхлүүлж үг хэлэхдээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ард иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд олон улсын худалдааны хувь нэмэр, ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялгаа ашиглан томоохон экспортлогч орон болох бодлогын зорилготой байгаа ба энэ чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.

Мөн Сайдын зүгээс хөгжиж буй орнууд олон улсын зах зээлд байр сууриа эзлэхэд томоохон бэрхшээлүүд тулгарч байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хөгжингүй орнууд маш өндөр шаардлага бүхий стандарт тогтоох замаар тарифын бус хязгаарлалтыг хөгжиж буй орнуудад тавьж байгаа, үүний улмаас худалдааны жигд бус тогтолцоо тогтож, худалдааны эргэлт тэнцвэртэй бус байгаа, хөгжингүй орнууд энэ чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлж байх шаардагатайг цохон тэмдэглэлээ. Салбар хуралдаанд Оросын Холбооны Улс, Беларуьс, Киргиз, Норвеги, Гүрж, Ливан зэрэг 20 гаруй орны сайд нар үг хэлж, санал дэвшүүлж оролцлоо.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтын Хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаанДэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтын Хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаан

Чуулга уулзалтын эцэст 71 орны хөдөө аж ахуйн сайд нар хамтдаа Тунхаглал гаргасан ба үүний хүрээнд 4 чиглэлээр ажиллахаар тогтов. Тухайлбал, нэгд, дэлхий нийтийн хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын худалдааг дэмжих, хоёрт, худалдааг хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, гуравт, хөдөө аж ахуй нэмүү өртгийн сүлжээг тогтвортой, аюулгүй, тэгш оролцоог хангасан байдлаар хөгжүүлэх, дөрөвт, хүнсний эрүүл ахуйг хангахад анхаарал хандуулан ажиллахаар боллоо.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтад 71 орны хөдөө аж ахуйн сайд нар оролцлооДэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтад 71 орны хөдөө аж ахуйн сайд нар оролцлоо

Categories
мэдээ нийгэм

Шинэ төрлийн корона вирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ

Шинэ төрлийн “2019-nCoV” короновирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод дахин нэг хүн нас баржээ. Энэ нь тус вирусээр халдварлаж нас барсан дөрөв дэх тохиолдол болж байна.

Үхань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй байж. Түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусын халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийнх нь байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдэн, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23 цаг 39 минутад нас барсан байна.

Үхань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илсэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна хэмээн хотын эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо даваа гарагт нотолсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ Д.Мөнх-Эрдэнэ: Төрөөс хулгай хийчихээд хууль батлуулан ялаас мултарч байгаа нөхдүүдэд хатуу шийтгэл ногдуулах ёстой

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор болж байна. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна?

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах зорилгоор УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан байна.

Уг хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид, улстөрчид янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан боловч би хувьдаа уг өөрчлөлтийг дэмжиж байгаа.

Учир нь анхнаасаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын олон зуун гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох ажлыг 2017 онд тодорхой нөхдүүд санаатай зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас. Үүнийг ард түмний эрх зүйн байдлыг дордуулж, авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн явдал гэж хэлж болно.

Нөгөө талаас, авлига, албан тушаалын гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болж эхэлсэн цагаас Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “шударга ёс, тэгш байдал”-ын зарчмууд болон Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, Эрүүгийн хуульд заасан “шударга ёс”-ны зарчмууд зөрчигдөж эхэлсэн.

Хулгай, залилан үйлдсэн нөхдүүдийн хэргийг хуулийн хугацаанд багтаан яс мөрдөж шүүхээр оруулан ял шийтгэдэг бол авлига, албан тушаалын хэргүүдийг яадаг билээ.

Хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэсэн мэт нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгоно.

Ер нь тэгээд 20, 30 жилийн өмнө бус 4, 5-хан жилийн өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөөд байвал хэн Монголын төр, хуульд итгэх вэ.

Шударга ёсны зарчим хаана байна. ФАТФ байгууллагаас Монголыг авлигачидтайгаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж үзэж саарал жагсаалтад оруулсан. Энэ хэвээрээ бол мөд хар жагсаалтад оруулах биз. Цагтаа нацист Германд хууль батлах замаар хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, иргэдийн өмчийг нь хурааж, их хядлага явуулж байсан.

Тийм учраас олон улс оронд шударга бус төр, дэглэмийн эсрэг бослого гаргаж, зэвсэгт тэмцэл өрнүүлэх эрхийг Үндсэн хуулиараа ард түмэнд олгосон байдгийг санах хэрэгтэй. Төрөөс, ард түмнээс хулгай хийчихээд хулгайгаа хулгай биш гэсэн хууль батлуулан ял шийтгэлээс мултарч байгаа нөхдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгох биш, хамгийн хатуу ял шийтгэл ногдуулах ёстой.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд авлига нь нийгмийн тогтвортой байдалд аюул занал учруулж, ардчилсан тогтолцоо, ёс зүй, шударга ёсыг доройтуулан сулруулж байна гэж дүгнэсэн байдаг.

-Энэхүү хууль батлагдсанаар шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож сэргээн шалгахаар болж байгаа…

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон бүх авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах нь зөв. Ингэж шударга ёсыг тогтооно. Гэмт хэрэгтнүүдэд гэсгээл ногдуулах ёстой биз дээ.

Хуулийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмаас гадна түүнээс илүү чухал ач холбогдолтой шударга ёсны болон тэгш эрхийн зарчмуудыг заавал анхаарч үзэх ёстой.

Хэрэв Улсын Их Хурал саяны нэмэлт, өөрчлөлтийг батлаагүй бол хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуулийг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд өгөх боломжтой байсан.

-Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хаагдсан. Эдгээр хүмүүсийг дахин шалгахад хүндрэл үүсэх үү?

-Шинээр баталсан хууль өмнөх харилцаанд яаж үйлчлэх вэ гэдэг асуудал яригдана. УИХ-аас саяны Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй хамт уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлаад энэ асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа юм байна.

Шударга ёс тогтоох талаасаа зарчим нь зөв тул шийдвэрлэж болох асуудал гэж бодож байна. Ер нь ялын бодлогод өөрчлөлт орж тодорхой гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлсэн, бууруулсан, ногдуулах ялын төрөл өөрчлөгдсөн, эсхүл тодорхой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг гэж үзэхгүй эрүүгийн хуулиас хассан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, дээрдүүлсэн тухай ярьж болно.

Түүнээс бус хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь нарийн яривал зохион байгуулалттай гэмт хэрэг шиг зүйл болчихоод байгаа юм.

-2017 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын байдлаараа нөлөөлөх гэсэн зүйл ангийг шийдвэр гаргагчид хассанаас болж ЖДҮ-ийн хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэгддэг. ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан тал дээр Эрүүгийн хууль үйлчлэх үү?

-Үйлчилнэ. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг тодорхойлсон бөгөөд уг бүлэгт төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. ЖДҮХСан нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор олгодог Засгийн газрын тусгай сан улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг.

Гэтэл нэн хөнгөлөлттэй уг зээлийн сангийн хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан бүлэглэн авч, зориулалтын бусаар зарцуулсан бол тэдгээр этгээдийн хойноос хууль очиж, хариуцлага тооцно. Цаг хугацааны л асуудал гэж бодож байна.

Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцох гэж томьёолсон байдаг. Энэ ЖДҮ-гийн хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч гээд бүгд байгаа гэж боддог.

-Эрүүгийн хуулийн суурь зарчим зөрчигдөх гэж байна гэж үзэх хэсэг байна…

-Энэ асуудлыг тал талын өнцгөөс бүрэн харах нь зөв болов уу. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн зарчим зөрчигдөх гэж байгаа талаар болгоомжилж буй хуульчдын буруу биш.

Гэхдээ бид үүнээс гадна шударга ёсны зарчим байгааг мартаж болохгүй. Мөн хэрэв авлигачид rap хөлөөрөө дамжуулан өөрсдийн үйлдсэн гэмт үйлдлээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль батлуулсан бол яах вэ гэдгийг бодох ёстой. Тэд энэ янзаараа бол мөд авлига бол гэмт хэрэг биш гэсэн хууль батлуулж ч мэдэхээр хүчтэй, бяртай, нөлөөтэй байна.

Монголчууд бидний хувьд тун ноцтой асуудал үүсгэсэн авлига, албан тушаалын хэргүүдийг мөрдөн шалгаж тогтоогоод хэрэгсэхгүй болгож байгаа нь хамгийн санаа зовох том асуудал шүү дээ.

-Таны дээр хэлсэнчлэн хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах зорилгоор нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгож байна гэдэгтэй санал нэг хүмүүс ч байна. Манайд хөөн хэлэлцэх хугацаа ямар байх ёстой юм бэ?

-Улс орнууд янз бүрээр зохицуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа тоолдог улсуудын хувьд нийтлэг нэг зүйл нь онц ноцтой гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй явдал. Бидний хувьд маш том аюул болсон авлига, албан тушаалын гэмт хэрэгт цаашдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь зөв гэж бодож байна.

Авлигад автсан түшмэдүүд улс орноо мөхөөсөн жишээ хүн төрөлхтний түүхэнд олон бий. Энэ гэмт хэргийг ихэвчлэн эрх мэдэлтэй хүмүүс үйлдэж байгаа учраас илрүүлэхэд хүнд байдгаас гадна энэ төрлийн гэмт хэрэгт цаг хугацаа их ордог.

Эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхдүүд зохион байгуулалттай бүлэглэн үйлддэг, олон бэрхшээл саад давж, их цаг хугацаа, хүч хэрэгсэл зарцуулж илрүүлдэг авлига, албан тушаалын гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа тул цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь зүйтэй гэж бодож байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсноор ямар дэвшил гарах вэ. Амьдрал дээр биеллээ олж чадах эсэх нь эргэлзээтэй гэх зүйлс яригдаж байна. Учир нь эдгээр авлига албан тушаалын гэмт хэргийг томоохон эрх мэдэлтэй хүмүүс үйлддэг…

-Нийгэм шударга ёс тогтооход дэвшил гарч, дараа дараагийн хүмүүст сургамж болно. Бас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгана. Энэ хүрээнд АТГ, прокурор, шүүх ажиллаад хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэж бодож байна. Нийгэмд, ард түмний дунд хамгийн их хүсэж байгаа зүйл шүү дээ. Авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэл ногдуулсан тохиолдол манайд маш цөөхөн байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки-г Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзжээ. Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, нэн ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг тэлэх, түүний дотор Япон дахь Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр мөн 2022 онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Кембриджийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлнэ гэв

Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж, манай улсын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх 13 удаагийн сургалтад үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийг хамруулж, 10,000 гаруй багш, удирдлагад түгээн дэлгэрүүлж ирсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн удирдлагатай уулзаж, Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хөдөө орон нутгийн бүсийн төв, зарим аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежмент, суралцагч, багш, байгууллагын үнэлгээний тогтолцоо, төрөл, хэлбэрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудлыг судалж үзэхийг хүслээ.
Мөн Кембриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа ерөнхий боловсролын төрийн өмчийн гурван сургуулийн багш нарыг Кембриджийн Олон улсын шалгалтын төвд мэргэжил дээшлүүлэх, чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах саналыг тавилаа.Багш нарын чадавх бэхжүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын 40 лаборатори сургуулийн англи хэлний багш нарыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад мэргэшүүлэх, англи хэлний чадварыг дээшлүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов гэж БСШУСЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно

Сар шинийн баярын өмнө буюу ирэх хоёрдугаар сард “Алдарт эх”-ийн буюу одонтой эхчүүдийн мөнгийг олгохоор болжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Үүнд:

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг,

Хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог.

Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ.

Өнгөрсөн жил 224 мянган эхэд 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо бий ажээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ё.Баатарбилэг сайд дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2020 оны нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

2002 оноос эхтэй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад урьд жилүүдэд дунджаар 80-90 орны Боловсролын сайд оролцож, салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаасаа хуваалцаж иржээ.

2020 оны чуулга уулзалт “Боловсролыг өөрчлөхөд нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдвийн дор 100 гаруй орны сайд оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт, чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг улсын Боловсролын сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь

Дуучин К.Номинжин Амьтанд энэрэнгүй хандахын төлөөх хүмүүсийн нийгэмлэг (ПETA)-ийн гэрч-сурвалжлагчид ноолуурын аж ахуйтай танилцахаар Монголд ирээд цочирдмоор дүр зурагтай нүүр тулсан тухай ярьсан бичлэгээ энэ сарын 7-ны өдөр “ПЕТА Ази” сошиал хуудсанд байршуулсан юм. Тэрээр Монголд ноолуур бэлтгэхийн тулд ямаануудыг хэрхэн тарчлаан зовоодог тухай ярьж, ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ. К.Номинжин “…Ажилчид ямааг газарт савж унагаан дардаг нь ялангуяа араатны идэш болдог ямаа мэтийн амьтдыг асар их цочроож айлгадаг байна. Ноолуурыг ихэвчлэн самнаж авдаг. Самнах нь сонсогдож байгаа шигээ тийм ч хал палгүй арга биш ээ. Ямааны ноолуурыг ажилчид хурц, төмөр самаар тасчихад өвдсөн ямаа орилон майлж буйг гэрчүүд харжээ…Хэрвээ та ноолууран эдлэл хэрэглэдэг бол амьтныг шархлаан зовоож, амийг нь хороож, мөн байгаль орчныг сүйтгэдэг үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг шүү. Хэрэглэгч бид энэ зовлон тарчлалыг эцэс болгоход тусалж, ноолууран болон амьтны гаралтай ямар ч хувцсыг худалдан авахгүй байх эсэх нь бидний сонголт. Бид таныг дэлгүүрт үзэж буй барааныхаа шошгыг шалгаж, “Ноолуур” гэж бичсэн байвал лангуун дээр нь орхихыг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн ярьсан байна.

Энэ зөв шүү, К.Номинжин та маш зөв олж харжээ. Мал дээр өсөөгүй, орчин цагийн монгол хүн болохоороо л үүнийг олж харжээ. Гэтэл мал дээр өссөн, малын дэргэд шахуу байгаа бид чинь үүнийг мал тамлаж байна гэж хардаггүй, анзаардаггүй байжээ. Манай Өдрийн сонины хувьд таны энэ хөндөж байгаа сэдвийг, яг эл өнцгөөс нь харж 2015 онд “Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм”, 2017 онд “Монголчуудад мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ?” зэрэг нийтлэлийг гаргаж, монголчууд мал тамлаж, маш хүйтэн, цэвдэг сэтгэлээр ханддаг гэж удаа дараа бичиж байлаа.

Ямаа самнана гэдэг чинь үнэндээ наад ямаанд чинь массаж хийж байгаатай адил хөнгөхөн үйлчилгээ. Хоёрдугаарт, ноолуурыг нь авдаг ёстой. Ноолуурыг нь авах нь амьтных нь хувьд өөрт нь тус болж байгаа хэрэг. Хэрвээ тэр чигт нь орхивол ноолуураа намрын эхэн сар хүртэл хаяж гүйцдэггүй юм. Зунжин халууцаж, хачигтаад түүнээсээ болж турж эцээд тамлагддаг. Эдийн засгийн талаасаа бол ноолуур нь манай улсын ганц брэнд. Гэхдээ энд энэ тухай бичих гэсэнгүй.

К.Номинжингийн энэ бичлэгийг үзсэн манай нийгэм түүнийг элдвээр шүүмжилж “Амьдрал мэдэхгүй, монголоо алдсан” гэх мэтээр зүхэж байна. К.Номинжинг шүүмжилж, хараах нь буруу. Техник, технологи, шинжлэх ухаан дээд зэрэгтээ хүртэл хөгжчихсөн байгаа энэ үед бидний мал маллаж байгаа арга техник үнэхээр хоцрогдсон бүдүүлэг байгаа шүү дээ. Үүнийгээ бид эргэж харах цаг аль хэдийнэ болчихоод байна. Монголчуудын мал аж ахуй эрхэлдэг, малтайгаа харьцдаг арга нь хэдэн мянган жилийн өмнөхтэйгөө яг адил байгаа.

1323 онд Мал аж ахуйн хэрэг эрхлэх мал сүргийн хүрээлэн байгуулж, малын тооллого явуулж, им тамга тавьж дансалдаг байсан тухай түүхийн баримт бий. Гэтэл бид тэр үед хэрэглэж байсан мал имлэх, түлж тамгалах аргыг өнөөдөр ч хэрэглэж байгаа. Шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос найман мянган жилийн өмнө Төв Азид амьтдыг эрчимтэй гаршуулж, МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрэлдсэн тухай судлаачид ярьдаг. Монголчууд тэр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Тэр үед малтайгаа яаж харьцдаг байсан бэ, яг тэр аргаараа өнөөдөр мал аж ахуйгаа эрхэлж байна.

Дэлхийн амьтны эрхийг хамгаалагчид болон НҮБ-ын Ан амьтдыг хамгаалах хорооныхон монголчуудын нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа бодит нөхцөлтэй ирж танилцаж, бүгдийг нүдээрээ үзвэл Монгол Улсад нүүдлийн мал аж ахуй эрхлэхийг шууд хориглоно. Монголчуудын малтайгаа харьцаж ирсэн өв соёл бол шууд хориг тавьж, зогсоох хэмжээний тийм л харгис, хүйтэн, цэвдэг арга, технологи.

Ямаа самнах тухай асуудалд нэг зүйл нэмж хэлэхэд, ноолуур нь хөөрөөгүй үед самнавал ямаа жаахан орилж, бахирдаг юм. Хөөрөөгүй үед нь яагаад ноолуурыг нь авах гэж орилуулан барин самнаад байна вэ гэхээр ноолууранд нь хялгас холилддоггүй сайн талтай. К.Номинжингийн харуулсан тэр бичлэгт ямааг орилуулж самнаж байгаа шиг орилуулахгүйгээр эвтэйхэн авчихаж болдог л юм. Хэзээнээсээ монголчууд ямаа орилохыг таашаадаагүй, настай хүмүүс ямаа орилуулж, бархируулахыг зөвшөөрдөггүй учир үр хүүхдэдээ “Ямаа битгий орилуулаад бай” гэж захиж ирсэн. Түүнээс тэр бичлэгт гарч байгаа шиг ямаа орилуулдаг малчин бараг байдаггүй л байсан сан. Ямаа самнаж байгаа хөгшчүүдийг харахад ноолуураа өгч байгаа ямаа нь хэвээд л хэвтэж байдаг байсан юм даа. Сүүлийн үед хөлсөөр ямаа самнаж байгаа хөлсний ажилчид л хурдан түргэн ажилласан болж харагдаж, хэдэн халтар төгрөгийн төлөө л хайш яйш зулгааж, эвийг нь олохгүй самнаснаас л тийм таагүй үйлдэл гардаг болсон байх.

Манай сонинд гарсан дээрх нийтлэлүүдэд бид эмгэнэлтэй олон жишээ татаж байсан. Энэ удаад ч жишээ хэлье. Монголчуудын малаа тамладаг хамгийн эмгэнэлтэй үйлдэл бол өлсгөж, хөлдөөж алдаг. Сүрэг сүргээр нь алдаг. Өөрсдөө болохоороо зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртчихлөө гэж цайруулдаг. Малдаа өвс тэжээл, дулаан байр сав, өвөлжөөг нь бэлдээгүй байдаг. Ядаж нөмөр нөөлөгтэй дулаан нутагт эртхэн нүүж очдоггүй. Үнэхээр л нүүдлийн мал аж ахуй юм бол таатай газар руу нүүгээд явчих ёстой. Гэтэл ингээгүйгээс малаа хэдэн мянгаар нь зуд нэрийн дор алаад хөлдүү цогцсоор нь хашаа барьчихдаг. Энэ бол элэг эмтэрмээр. Мянга, мянгаар нь хонь, ямаа, үхэр, адуугаа алчихсан эзнийг нь яадаг ч үгүй. Харин ч хөөрхий минь ядуурчихлаа гээд тэтгэлэг, тэтгэмж өгөөд толгойг нь илдэг. Малыг хувийн өмч гэж үздэг учир өмчөө яах нь эзнийх нь дурын асуудал гэж ханддаг. Мал бол амьтан. Амьтан бол хэний ч өмч биш. Энэ дэлхий, байгальд амьдарч буй бүх амьтан эн тэнцүү эрхтэй. Тэр амьтны өмнө тэр эзэн гээд байгаа хүн нь үүрэг хүлээсэн байгаа. Яагаад вэ гэвэл хашиж, хашаалж өсгөж үржүүлээд ашиг олдог болохоор.

Хүн амьтадтай адилхан ганцхан л амьтай амьтан. Хүмүүс ухамсартай, харин тэд ухамсаргүй. Ухамсартай бид ухамсаргүй тэдний аминых нь өмнө бүр ч өндөр хариуцлага хүлээж байдаг. Бид өвөл цас орно, хүйтэрнэ, өвс хомсдоно гэдгийг ухамсарладаг. Өвөл цас орно гэдгийг мэддэггүй малчин гэж үгүй. Бүгд мэддэг. Ийм байтал тэр олон мянгаар нь хөлдөөж, өлсгөж алсан амьтныхаа өмнө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ бол эмгэнэл.

Уналга, эдэлгээнд адуу сургадаг том ажил бий. Эмнэг сургана гэдэг. Эмнэг сургахад ямар харгис үйл явдал болдгийг бид мэднэ. Эхлээд төмөр амгай зуулгаад амыг нь халаана. Амгайг нь хоёр тийш татаж, гудчисаар байгаад хоёр завьжийг нь хагалахыг амыг нь халаана гээд байгаа юм. Ингэж төмөр амгай зуулгахдаа шээс алдтал чихийг нь мушгидаг. Чихээ тасартал мушгиулж байгаа амьтан аманд нь юу зуулгуулж байгаагаа ч мэдэхгүй асар их өвдөлтийн цочролд орж мэдрэлээ алдаад шээс алдана. Мэдрэлээ алдангуут нь төмөр амгай зуулгуулчихаж байгаа хэрэг. Ингээд тамлалт нь дуусахгүй. Дараа нь эмээл тохохын тулд цоровддог. Адууны дээд уруулыг цулбуураар оосорлоод урагш нь хар хүчээрээ татахыг цоровдох гэдэг. Уруул маш эмзэг эрхтэн. Уруулыг ингэж татахаар бие нь бүхэлдээ мэдээ алдаж, мэдрэхүйгээ гээж, ухаан нь дэн дун болонгуут эмээл тавьж олмыг нь чангалдаг. Ингээд дээр нь мордчихоод булгиулаад, ус, өвс өгөхгүй балбаад, унагаж ойчуулаад шороотой хутгана. Хэдэн өдрийн турш ингэж тамлачихаар өнөө адуу нь ямар ч тэнхэлгүй болчихно. Үүнийг л нь номхорчихлоо, эдэлгээ уналгад цагааширчихлаа гэж үзэцгээдэг.

Өвдөлтийг эдэлгээнээс илүү гаргаж, шокинд оруулж байж уналга, эдэлгээнд сургадаг болохоор монгол адуу эзэндээ ээлгүй ханддаг. Хээр унагаж орхиод л хаяад явчихдаг. Ийм амьдралын дундуур туулж гарсан хүний хувьд бичихэд монгол адуу хээр ойчсон эзнээ эргэж очиж авдаг гэсэн домгууд худлаа шүү. Монголчууд адууг өдөрт хэд хэдээр нь зэрэг сургачихдаг. Эхийнхээ сүүнээс дөнгөж гарсан даагануудыг сургаж байна гээд эцээгээд эцээгээд шидчихнэ. Энэ харгислал юунаас болж гарав гэхээр нэг хүнд хэт олон мал ногддогтой холбоотой. Европчууд, барууныхны адуугаа сургаж байгааг харахад, унаганаас нь эхлээд илж таалж, өдөржингөө л хөтөлж хамт яваад танил нь болчихно. Тэгээд л толгойд нь ногт хийнэ. Ногтолсныхоо дараа үргэлжлүүлээд илж, таалж, ёотон өгч амттанд сургана. Ийм замаар өөртөө дасгасан цагтаа хазаарлана. Хазаарлачихаад шууд унахгүй. Амгай, хазаарандаа ч их аядуу дасгана. Ингэж маш энэрэнгүйгээр харьцсаар байгаад сая нэг юм уналгад бэлэн болгодог. Тэр үед адуу эзэндээ ээлтэй, эзнээсээ салдаггүй, гарыг нь дагуулж хараад л ёотон нэхэж, толгойгоо сажлаад л эзэн рүүгээ дуртай давхидаг юм билээ. Адуу нь өөрт нь ээнэгшихгүй байвал ерөөсөө хүчлэхгүй, өвс тэжээл, ус, ёотонг нь дөхүүлж өгчихөөд аргадаад байна. Ийм л зөөлөн аргаар харьцдаг. Манайд адуу бүртэй ингэж харьцах боломжгүй ч монголчууд залхуугаасаа болж зэрлэг аргаар эмнэг сургаад байгаа юм. Долоохон хоногийн дотор бүх эмнэгээ цагаашруулна гэдэг бол залхуурч хялбарчилж байгаа явдал. Унага байхаас нь өдөр бүр залхууралгүй ноцолдоод, дасгаад ирсэн бол ингэж шээс алдаж, ухаан нь баларттал нь өвтгөж тамлаад байхгүй л дээ. Унага байхаасаа хүнд ойр байхаар өөрийг нь унадаг гэдгийг зөнгөөрөө мэддэг болчихсон байдаг учраас амархан номхордог.

Үүнээс гадна Монголын мал аж ахуйн өв соёлд мал хөнгөлөх, адууг агтлах зан үйл бий. Ямар ч өвчин намдаагчгүйгээр шууд барьж авч баглаад хутгаар зүсээд л засаа, бөөсгийг нь сугалаад авчихдаг. Гэтэл дэлхий дахинаа 1800-гаад оны үеэс эр малыг хөнгөлөхдөө өвчин намдаагч үйлчилгээтэй ургамалтай ус уулгах, өвчин намдаагчтай тарилга хийх зэргээр энэрэнгүй хандаж ирсэн бол сүүлдээ судас таслах хагалгаа, лазераар шарах зэрэг тухайн малдаа ямар ч өвдөлт, зовиургүй аргыг сонгодог болсон. Манайх гэтэл дундад зууны аргаараа л малтайгаа харьцаж, харгислал үйлдэж байгаагаа мэддэггүй нь гол зовлон болоод байна.

Тамганы найр гэж том баяр ёслол болно. Нялх амьтныг улайсгасан төмрөөр хайрч, сорви тогтоогоод “Тэр нь миний, энэ нь чинийх” гэж өмчилж авна гэдэг бол орчин үеийн дэлхийд байх ёсгүй харгис заншил. Эдгээр харгислалуудын дэргэд ямаа самнахыг хараад дэлхий яаж шуугьж байгааг та нар харж байгаа биз дээ. Ямааг орилууллаа, үсийг нь зулгаалаа гэж маш хүндээр тусгаж авч байна. Тэгвэл жишээ болгож дээр дурдсан хэдхэн зан үйл, харгислалыг хүрч ирээд хажуунаас нь харвал яах бол.

Саяхан Эрүүгийн хуулийг шинэчилж, мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулахдаа “Малыг лантуудаж алах нь энэрэнгүй, буудаж алах нь харгис” гэж үзсэн. Энэ хоёр тохиолдолд яаж ч бодсон хоёр дахь нь нэг дэхээ бодвол энэрэнгүй юм байгаа биз дээ. Энэ бүгдээс харахад, К.Номинжин та зөв зүйл ярилаа. Гэхдээ нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь ямааг орилуулахаас ч илүү ямар том харгислал тээж явааг нарийн сайн мэдэхгүй байна.

Монголчууд мал маллагааны арга, туршлагаа ухамсрын өөр түвшинд гаргахгүй бол энэ байдлаар явбал дэлхийгээс шахагдах болно шүү. Мезолитийн үе буюу 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж эхэлсэн тэр үеийн арга туршлагаараа малтай харьцаад байвал Монголд мал маллахыг бараг хориглох болоод байна.