Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг Европыг зорив

“Токио-2020” олимпын эрхийн тэмцээнд хүчээ сорих 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Европ тивийг зорив.

Энэ оны гуравдугаар сард олимпын эрхийн төлөөх тэмцээн болох юм. Монголын баг тамирчид тус тэмцээний өмнө сагсан бөмбөгийн спортоор хүчирхэг гэгддэг Серби, Словени улсын шилдэг багтай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Серби улсын Нови Сад хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд оролцоно.

Харин хоёрдугаар сарын 8, 9-нд Словенид өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөх юм. Энэ улсууд олимпын эрхийн тэмцээндээ бэлдэж байгаа бөгөөд Ази тивээс Монгол Улсын шигшээ багийг урьсан байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Токио-2020” олимпын наадамд шууд оролцох дөрвөн багийг өнгөрсөн 11 дүгээр сард зарласан. Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид шууд оролцох эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрхээ аваагүй бөгөөд Польш, Бразил, Турк, Испани улсын зоонд хуваарилагдсан юм.

Categories
мэдээ нийгэм

СӨХ-ны ард байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа, үүнтэй холбоотойгоор СӨХ-ны эрх зүйн байдал, Нийтийн орон сууцын зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хүчингүй болгохоор тусгасныг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн СӨХ-ны төлөөлөгчид, оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

1997 онд анхны сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахад гэрэлтүүлэггүй подвол, хагархай цонх, эвдэрч хэмхэрсэн шаттай байсан. Тухайн үеэс СӨХ хариуцан авж дундын өмчлөлийн эд зүйлсэд засвар үйлчилгээ ихээр хийсэн.

2003 онд батлагдсан “Сууц өмчлөгдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-нд өөрчлөлт оруулж өмнөх хуулийг шинэчлэх гэж байгаа нь СӨХ-ны эрх зүйн байдалд халдаж 17 жил хэрэгжиж буй хуулийг хүчингүй болгож хувийн болон дундын өмчлөлд давхардсан чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх замаар хуулийн этгээдийн эрхгүй гэдэг ч ажил олгогчийн хэмжээнд ажиллах нэгжүүдийг үгүй хийж, тодорхой тооны иргэдийг амьжиргаа залгуулах орлогоос нь салгах болж байна. Орон сууц сайжруулах нэрийн дор “Сууц өмчлөгчдийн холбооны” ард байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

БЗД-ийн 18-р хорооны иргэн Чингэрэл: “Сууц өмчлөгчид бол давуу эрхтэй гэтэл сууц өмчлөгчдөөс асуухгүйгээр санал хүсэлтийг сонсохгүйгээр ямар ч судалгаагүй ийм шийдвэрт гаргаж байгааг гайхаж байна” гэлээ

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюун: 30 ширхэг байр, хоёр пентхаус үнэгүй өг гэж дарамталсан

ЦЕГ-ын захиалгатай “Хууль сахиулах-1” 250 албан хаагчийн орон сууцны төслийг “Бавгар групп” ХХК хариуцан 2015 онд барилгын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар А блокийн барилгын ажил 2019 оны хавар ашиглалтанд орсон бол B блокийн барилгын ажил сар шинийн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан ч ямар нэгэн барилгын ажил явагдахгүй байгаа. Тодруулбал ажилын хэсэг буюу “Хууль сахиулах-1” хотхоны ажлын хэсгийн ахлагч Б.Цогтбаяр тэргүүнтэй хэсэг этгээд гүйцэтгэгч компанид санхүүгийн байдлаар заналхийлэн B, Г блокийн барилгын ажил зогсоод байгаа юм. “Бавгар групп” ХХК-ийн удирдлагыг санхүүгийн дарамтанд оруулах, төслийн санхүүжилтийг гацаах, цагдаагийн албан хаагчдад буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлэх замаар төслийг зогсоох, барьцаалсан үйлдэлүүдыг хурандаа Б.Цогтбаяр нь удаа дараа явуулсаар байгааг “Иргэдийн шудрага шүүх” ТТБ, “Бавгар групп” ХХК-ийн удирдлагууд мэдэгдлээ.

Мөн түүнчлэн гэрээнд тусгагдаагүй үүргийг тулган “Бавгар грүпп” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Оюуныг заналхийлсэн байна.

Х.Оюун: “Төслийн урьдчилсан санхүүжилт хуулийн байгуулгын ёс зүйгүй албан тушаалтны хувийн ашиг сонирхлоос үүдэн барилгын ажил гацсан нь худлаа биш. Үүний цаана цагдаагийн олон албан хаагчдын ахуй амьдрал ч хохирч байна. Барилгын ажилд санаатайгаар саад болсны уршгаар “Бавгар грүпп” ХХК энэ төсөлд хамтран ажилсан мөн туслан гүйцэтгэгч компаниудын өмнө их хэмжээний өр, төлбөрт ороод байна. Тиймээс төслөөс ашиг хүртэхдээ бус эхлүүлсэн ажлаа хариуцлагатайгаар дуусгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг эрэлхийлэн хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд хандаж байна. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд ББСБ-аас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Б.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Энэ төслийг авахад “Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхэгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг” гэж намайг дарамталсан. Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Хурандаа Б.Цогтбаяр тэргүүнтэй ажлын хэсгийг ч хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна. Мөн 2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа.” гэлээ.

Б.НОМИНЗУЛ

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн улсын аваргууд тодорлоо

Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ нэгдүгээр сарын 16-19-нд болж шилдэг баг, тамирчдаа шалгаруулав.

Самбо бөхийн УАШТ-ий эмэгтэй багийг ХУД-ийн Женко клуб тэргүүлж, Хилчин спорт хороо, ТЕГ-ын Эрч спорт хороо удаалсан бол эрэгтэй багийг БЗД-ийн Женко клуб тэргүүлж, Алдар спорт хороо, Хилчин спорт хорооны багууд 2, 3 дугаар байрт шалгарсан байна.

Харин байлдааны самбогийн багийн аваргаар Сэлэнгэ аймгийн баг тодорсон бол ТЕГ-ын Эрч спорт хороо, Хүч спорт хорооны багууд удаалжээ.

Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий “Шилдэг шүүгч”-ээр М.Золжаргал /ОУШ/, “Шилдэг дасгалжуулагч”-аар Г.Энхбаяр /БЗД Женко клуб/ тус тус шалгарсан бол УАШТ-ий “Шилдэг эмэгтэй тамирчин”-гаар Б.Ойдовчимэд /ХУД Женко клуб/, “Шилдэг эрэгтэй тамирчин”-гаар Б.Амартүвшин /БЗД Женко клуб/ тодорлоо.

Ташрамд дуулгахад, Самбо бөхийн 2016 оны дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгө, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн тамирчин ОУХМ Ч.Марал-Эрдэнэ УАШТ-д 5 дахь удаагаа түрүүлсэн байна.

Энэ удаагийн УАШТ-ий төрөл, жин тус бүрийн шилдгүүдийг танилцуулж байна.


Байлдааны самбогийн 52 кг-д Б.Ганбаяр /Сэлэнгэ аймаг/

Д.Өлзийбаяр /ДХИС/

Э.Баасандорж /ДХИС/, Д.Уртнасан /Дархан-Уул аймаг/

Байлдааны самбогийн 68 кг-д А.Гантүлхүүр /ТЕГ Эрч спорт хороо/

Г.Баянбат /ТЕГ Эрч спорт хороо/

С.Сүхболд /Хүч спорт хороо/, А.Хүдэртулга /ДХИС/


Байлдааны самбо: 90 кг-д Б.Тэмүүжин /Сэлэнгэ аймаг, Бату констракшн/

Б.Тэнгис /Сэлэнгэ аймаг, Империал гоулдс майнинг/

Д.Очирбат /ТЕГ Эрч спорт хороо/

Ж.Мөнхболд /Хүч спорт хороо/, Ч.Сугархүү /Дорнод аймаг/

Самбо бөхийн эмэгтэйчүүдийн +80 кг-д Б.Мөнхтуяа /Хилчин спорт хороо/

А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/

А.Батзул /ХУД Женко клуб/, Э.Гандиймаа /Хилчин спорт хороо/

Самбо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-д Д.Пүрэвдорж /БЗД Женко клуб/

Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/

Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/, Б.Тэмүүлэн /БЗД Женко клуб/


Самбо бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг /ТЕГ Эрч спорт хороо/

Д.Одонтуяа /Орхон аймаг/

Б.Ням-Эрдэнэ /Багахангай/, Б.Хулан /МЖА/


Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 82 кг-д Х.Цагаанбаатар /ТЕГ Эрч спорт хороо/

Б.Алтансүх /Хурд спорт хороо/

Б.Жанлавцогзол /Хаан хүнс дэвжээ/, М.Дагвадорж /Хилчин спорт хороо/


Самбо бөхийн эмэгтэйчүүдийн 56 кг-д Н.Баярмаа /Хурд дэвжээ/

Э.Бадамгарав /Алдар спорт хороо/

Ш.Пагамдулам /ХУД Женко клуб/, Б.Хорлоо /ТЕГ Эрч спорт хороо/


Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 62 кг-д Б.Амартүвшин /БЗД Женко клуб/

М.Тогтохбаяр /Хурд дэвжээ/

Э.Сумъяабазар /БЗД Женко клуб/, Э.Бэхжээ /Багахангай дүүрэг/

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуулийн төслийн талаар асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Тиймээс хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн тус хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн комисс нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төсөв боловсруулж, батлуулах шатлалыг тодорхой заажээ. Түүнчлэн комиссын хуралдааны журмыг нарийвчлах, комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар алхам хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизм бий болгох заалт тусгасан байна.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өсчээ. Түүнчлэн таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг хууль санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд онцлов. Түүнчлэн залуу гэр бүлүүдийн дунд явуулсан судалгаагаар 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэх боломж олгохыг хүсчээ. Мөн гэр бүл салалт, зөрчил маргаан нь санхүүгийн хүндрэл, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн судалгаанд оролцогчдын 55.3 хувь үзсэн байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах заалт тусгажээ. Мөн залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас нь олгох, гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүгн О.Батнасан, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Төслийг боловсруулахдаа хууль хоорондын уялдааг хангахад анхаарахыг УИХ-ын гишүүн О.Батнасан анхааруулсан. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүүхдээ сургуульд сургахын тулд залуус олон сар тусдаа амьдарч байгаа нь гэр бүл салалтын шалтгаан болж байгааг дурдлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэр бүлийн гишүүд хамт хөдөлмөр эрхэлдэг байх боломжийг бүрдүүлэх нь чухал хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.

Ташрамд дурдахад, Монгол Улс Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд анх баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байв.

Уг хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.

Categories
мэдээ нийгэм

Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэхээс татгалзав

рдчилал шинэчлэлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Categories
мэдээ эдийн-засаг

2019 оны НӨАТ-ын буцаан олголтод 139 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарчээ

Иргэд бид 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт авч хэвшээд байна.

2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907,000 иргэнд өгөх бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоолол гарчээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа тухай Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Статистик:

  • 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
  • 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
  • 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.
Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгийн нэг иргэнд ногдох тусламж үйлчилгээний зардлыг 30,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгожээ.

Ийнхүү нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75.8 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын төсвөөс бүрэн хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг боллоо.

Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн.

Тухайлбал, сэргээн засах тусламж, үйлчилгээ 20,000 байсныг 45,000, өдрийн эмчилгээ 30,000 байсныг 70,000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25,000 байсныг 50,000-70,000 төгрөг болгож тус тус өсгөжээ.

Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964.6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй

Монгол Улсын төсвийн орлогод 2019 онд уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр 2.9 их наяд төгрөг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өссөн дүнтэй гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн эхэнд онцоллоо.

Салбарын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд өссөн эерэг үзүүлэлттэй байгаа нь манай эдийн засагт эерэгээр нөлөөлж буйг мөн хэлэв. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.8 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна.

Мөн шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа юм байна. А-92 шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг мэдээллээ. А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн аж.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Хэджинг хийх санхүүжилтийг хэрхэн гаргах гэж байгаа вэ?

-Шатахууны үнэ ханшийг тогтвортой барих ёстой. Манай улс анх удаа шатахууны үнэ ханшийг тогтворжуулах, олон улсын санхүүгийн хэрэгсэл болох хэджинг хийх аргыг ашиглах гэж байна. Энэ бол зөв зүйтэй алхам. Шатахууны үнийг тогтвортой барихгүй бол ард түмний нуруун дээр бүх ачаа нь ирнэ.

Сингапурын BDO сантай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хэджингийн хэлцэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, АИ-92 дээр хэджинг хийх бөгөөд тус шатахууны одоогийн үнэ ханш цаашид өсөхгүй. Цаашид ч хэджинг хийнэ. Ер нь шатахууны үнийг өсгөхгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийж байгаа.

Энэ санхүүгийн хэрэгслийг олон жил улс орнууд ашиглаад ирсэн юм. Хаанаас мөнгийг нь гаргаж, хэн босгох гэж байгаа юм гээд хардаад байх шаардлагагүй. Харин өмнөх сайдуудын үед яагаад хэджинг хийдэггүй байсан юм бэ гэдгийг би гайхаж байна. Мөн шатахуун хангамжийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.

– Энэхүү гэрээг цаашид үргэлжлүүлэх үү?

– Цаашид үргэлжлүүлнэ. Мөн “Роснефть” компанийн дор охин компани байгуулах тогтоол сая засгийн газрын хуралдаанаас гарсан. Энэ онд ОХУ-ын “Роснефть” компаниас хэчнээн хэмжээтэй шатахуун худалдан авах, ямар үнээр худалдан авах зэрэг хоёр талын хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэхээр ажлын хэсэг ОХУ-ыг зорино.

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO ажил ямар нөхцөл байдалтай явж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO бэлтгэл ажил маш сайн яваа. Гэхдээ бид IPO тай холбоотой илүү тодорхой асуудлуудыг ярьж болохгүй. Олон улсын хөрөнгийн биржээс бидэнд ирсэн зөвлөмжид зааснаар IPO-тай холбоотой мэдээллийг санаатай, санаандгүй гаргасан тохиолдолд биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай байгаа тул бид мэдээлэл өгч болохгүй. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг маш чухал.

– Энэ онд нүүрсний үнэ хэрхэх бол?

– 2020 оны дүр зургууд уналттай биш бөгөөд түвшингээ хадгалаад явна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж эхэллээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өчигдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20 мянган ширхэг мэдрэгчийг 19744 айл өрхөд суурилуулан 98.8 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулж, амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, үндсэндээ 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын байгууллагын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажилласан. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Нийт Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн 13-ын нэг тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлэн Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.