Categories
мэдээ нийгэм

Прокурорууд гомдол, хүсэлт гаргасан иргэдтэй биечлэн уулзана

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан иргэдээс прокурорын байгууллагад гаргасан гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокуроруудыг Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудад гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх явц байдалтай танилцах үүрэг өглөө.

Танилцах ажил хариуцсан прокурорууд нь 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09.00-12.30 цагийн хооронд дээрх прокурорын газруудад ажиллах бөгөөд гомдол, хүсэлт гаргасан иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсох, шуурхай шийдвэрлүүлэх үүднээс холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна.

Харин аймаг, сум дундын прокурорын газарт тус прокурорын газрын ерөнхий прокурорууд танилцах ажлыг хариуцан хийж гүйцэтгэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэллээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөр болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үүрэгт ажлаа хүлээн авсантай холбоотой хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс эхлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын төр засаг талархаж байдгийг онцлоод, УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад айлчлал хийх явцдаа Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхээр тохирилцон ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 9 жилийн дараа Монголд айлчилж, хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгаж, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна хэмээлээ.

Үүнээс гадна хоёр улсын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын төслийн менежментийн концессын гэрээ хүчин төгөлдөр болж, Монгол, Японы сургалтын эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг тодотгосон юм.

Элчин сайд Кобаяши Хироюки Монгол дахь Элчин сайдын яам болон Токио дахь Гадаад хэргийн яаманд 10 орчим жил 2 орны харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн туршлагатай юм. Японы Үндэсний Их баяр болох Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Япон, Монголын харилцааг цаашид хөгжүүлэн, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавихын төлөө ажиллаж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа дурдлаа. Мөн 2020 оны Токиогийн олимп, Паралимпийн наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээлээ

Categories
мэдээ нийгэм

Аливаа халдвар эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.

Вирусын тархалттай холбоотой нөхцөл байдал

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар авсан эхний 41 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 224 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198, Бээжинд 5, Гуандун мужид 14, Сычуан мужид 2, Юньнань мужид 1, Шанхай хотод 2, Гуаншижуаны ӨЗО-д 1, Шаньдун мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Тайландад 2, Японд 1, БНСУ-д 1 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3 хүн нас барсан тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг гэдэг нь тогтоогдсон, Гуандун мужид илэрсэн хоёр тохиолдол хүнээс халдварласан нь тодорхой байна” гэжээ. Ийнхүү уг вирусын халдвар хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдож, эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ-ын удирдах зөвлөл 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэхүү вирус нь SARS вирустэй төстэй боловч “хүний амь насанд аюул багатай” хэмээн дүгнэсэн байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /Center for Disease Control and Prevention/-өөc “шинэ төрлийн коронавирус нь тархалт ихтэй байгаа ч хүний амь насанд тийм ч ноцтой хохирол учруулахаар биш бөгөөд нас барсан 3 тохиолдлын 2 нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэжээ.

Эрдэмтэд “2019-n CoV” вирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд сарьсан багваахайгаас дамжсан вирус мутацид орж, хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Уг вирусээр дархлаа нь сул хүн амархан өвдөж, хүндэрч байгаа бөгөөд халдвар авснаас хойш 5-10 хоногийн дараа ханиалгах, цэр гарах, 38-аас дээш градус халуурах, амьсгаадах, гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

Зарим улсын уг өвчний тархалтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ

БНХАУ-ын Бээжин, Ухань хотын удирдлага хотоос гарч буй иргэдийн биеийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулан эрүүл мэндийн тандалт хийж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос “2019-n CoV” вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэвэр сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж, халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ.

Мөн ОХУ хил нэвтрэгсдэд тавих тандалт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бол БНКазУ-аас өөрийн орны иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ болон вирусын тархалт илэрсэн орнуудад зорчихгүй байхыг анхааруулж ажиллаж байна.

Манай улсын иргэд ч мөн адил дээрх улсуудаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг сайтар судалж, аливаа халдвар эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 1-нээс 25-30 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр болжээ.

Тэтгэврийн нэмэгдлийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс олгож эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Бод мал 2020″ арга хэмжээний хүрээнд малын хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Бод мал 2020″ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Иххэт сумын II багаас иргэн Б-ийн хоёр тооны адууг хулгайлсан А, Дэлгэрэх сумын III багаас иргэн Ц-ийн хоёр тооны тэмээг хулгайлсан Т, Алтанширээ сумын III багаас иргэн Ш-ийн нэг тооны адууг хулгайлсан Х, Иххэт сумын II багаас иргэн Э-ийн 50 тооны хонийг хулгайлсан Г, З нарын үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Оюун: Ц.Нямдорж сайдын 143 м.кв байр наана чинь байх ёстой шүү гэж дарамталж хэлж байсан

ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюунтай ярилцлаа.


-ЦЕГ-ын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг яаж авсан бэ?

-Эд нар хоёр тэрбум орчим. төгрөг өгөх юм бол тендерт авна гэсэн шаардлага тухайн үед “Бавгар” компанийг хариуцаж байсан ээжид маань тавьж байсан. Ингэхдээ өдөрт нь л 150 саяыг бэлнээр гаргаж өг гэсэн шаардлагыг ээжид маань тавьсан.

Шаардлагынх нь дагуу 150 сая төгрөг өгөөд л тендерийг нь авсан. Тус мөнгийг аваачиж өгөхөд Одгэрэл, Давааням, Анхзаяа, Цэвээнээ гээд хүмүүс хамт явсан. Гэрчлэхэд бэлэн байгаа. Урьдчилгаагаа өгөөд гэрээ байгуулахад “Алба хаагчдын мөнгө оронгуут ярьсан мөнгөө өгөөрэй” гэж хэлж байгаа нь дектафонд бичигдэж үлдсэн байгаа.

Энэ тендерийг тохирч байгаад худалдсан нь эндээс харагдаж байна. Миний хувьд Нийгмийн даатгалд ажилладаг байсан ч тухайн үед жирэмсний амралттай байсан учраас хөндлөнгөөс оролцолгүй орхичихсон юм. Ингэж тендерт шалгараад ажил цаашаа явахад урьдчилгаанд их хэмжээний мөнгө авчихаар барилгын ажил удааширна биз дээ.

Ээж маань 2017 оны арванхоёрдугаар сард авто ослоор нас барсан. Ингээд би 2018 оны нэгдүгээр сараас “Бавгар” ХХК-ийн захирлаар ажиллах болсон.

-“Барилгын арматурын төмөр нийлүүлнэ” гэж 927 сая төгрөг авсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-927 сая төгрөгийг 2016, 2017 онуудад дөрвөөс таван удаа хувааж авсан. Одоо дампуурчихсан байгаа компани руу дансаар манай компаниас шилжүүлэг хийлгэсэн. Энэ гүйлгээ нь хөдөлшгүй баримттай. Намайг ажлаа авах үед угсралтын ажил эхэлчихсэн байлаа. Манай компани арматураа “Улаанбаатар менежмент” компаниас авсан. Баримт нь ч тооцоотойгоо таарч байгаа.

Гэтэл тэнд буугаагүй арматурын үнэ болох 927 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Би үүнийг мэддэг байсан ч хурдан ажлаа дуусгахын тулд чимээгүй байсаар өдийг хүрсэн. Мөн тэд энэ талаар яривал хохино шүү гэж дарамталдаг байсан. Гэхдээ одоо би тэд нарт дарамтлуулмааргүй байна. Зүгээр л ажлаа хийхийг хүсэж байна.

-Гэрээний үүргээ зөрчсөн гэж та хэлж байна уу?

-Тийм.

-Тэгээд ямар арга хэмжээ авав?

-Эхний ээлжинд бичгээр ажлын хэсгийн гишүүн хурандаа Б.Цогтбаярт хүсэлт хүргүүлэхэд хүлээж авахгүй буцаачихдаг байсан.

“Чи бид хоёр ойлголцоод байж болох юм чинь бичгээр яах билээ”-гэж хэлнэ. Нийт есөн удаа бичгээр хүсэлт хүргүүлсэн. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сард “Танай алба хаагчид мөнгөө өгөхгүй учраас барилгын ажил удаад байна” гэсэн шаардлагыг ЦЕГ-ын санхүү аж ахуйн албаны дарга Ж.Эрдэнэболдод тавьсан байдаг.

Эрдэнэболд дарга “Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр гэхэд төлбөрөө төлж барагдуул” гэсэн бичиг ажлын хэсэгт хүргүүлсэн ч өнөөдөр үр дүн нь гараагүй байна. Б.Цогтбаяр гэдэг хүнд хандаж уулзалт товлож албан ёсоор гэрээгээ дүгнэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.

-Барилгын ажлын үйл явц өнөөдөр ямар шатандаа явж байна вэ?

-Эхний барилгаа 2018 оны гуравдугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. Хоёр дахь барилгаа ирэх хоёрдугаар сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд явж байна.

“Ариг”, “Хаан” зэрэг банкуудаас зээл авч барилгын ажлаа үргэлжлүүлээд явж байгаа. Одоо манайх дээр лифт угсрагдаж байна, заслын ажлууд 95 хувьтай явж байна.

-Цагдаагийн хурандаа нар танай компаниас өндөр үнэтэй хоёр барилга нэхсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ асуудал нь анхнаасаа зохион байгуулалттай байсан гэж үзэж байгаа. Барилгын зураг төслийн ажил дээр ЦЕГ-ын ажил хэсгийнхэн ирж “Гэрэг” гэдэг компанийг шалгаруулсан. “Гэрэг” компани барилгын зураг төслөө хийхдээ “А” блок дээр хоёр давхар 380 орчим м.кв-ын хоёр пентхаус төлөвлөчихсөн байсан. Үүнийг тухайн үеийн цагдаагийн дарга Р.Чингис, одоогийн Замын цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан гэж хоёр хүнийх гэж ярьж байсан.

Би ч гайхаад “Та нар ядаж м.кв-ыг нь 800 мянгаар аваа ч” гэхэд мөнгө өгдөггүй ийм л байсан. Өөр нэг сонирхолтой асуудал ярьсан нь “Энэ байранд Ц.Нямдорж сайдын 143 м.кв талбайтай байр байх ёстой. Чи өг” гэж хэлсэн.

143 м.кв байрыг нь мөнгөө өгсөн зорилтот бүлгийн алба хаагчид өгөх хэрэгтэй биз дээ. Тэр хүнд өгчихсөн чинь “Сайдын байрыг зарж үрлээ” гэж заналхийлж байна лээ.

-Одоогоор хэчнээн байр нь ашиглалтад ороод байгаа вэ?

-Нэг блок нь ашиглалтад орсон. 61 байраас 59 оршин суугч бий. Үүнээс 41 алба хаагч байгаа.

-Уг байранд зорилтот бүлгийн хүмүүс нь орж чадсан уу?

-Зорилтот бүлгийн хүмүүс бүгдээрээ ороогүй. Ойролцоогоор 30 хувьд нь шаардлагагүй хүмүүс орчихсон байгаа. Нэрсийг нь түүгээд өгсөн ч болно. Нэг жишээ ярихад, Н.Дэлгэрмаа гээд үйлчлэгчийн ажил эрхэлдэг иргэн байсан. Энэ үйлчлэгч “А” блокт гэрээ байгуулсан байсан ч гэрээг ч хүчээр цуцлаад оронд нь өөр хүн оруулсан.

Тухайн иргэн гэрээг цуцалсны дараахан над дээр ирээд “Битгий цуцлаач ээ. Манайх тэтгэвэрт байдаг хүнтэй юм. Амьдралын сүүлийн баталгаа маань энэ” гээд гуйж л байсан. Гэрээг нь цуцлалгүй дараагийн барилга руу шилжүүлж өгсөн. Ийм хүмүүсийн гэрээг би цуцалж чадахгүй. Оронд нь олон байртай дарга нарын гэрээг цуцалсан нь үнэнд нийцэх байх.

-Цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр танай компаниас их хэмжээний мөнгө авсан гэсэн. Энэ талаар бодитой баримт байна уу?

-Ажил тендер олж өгсөн гэх нэрийдлээр 2 тэрбум төгрөг нэхэмжилсэн. “Бид та нарт ажил олж өгсөн, ийм дүрэм байдаг” гээд л нэхсэн. Энэ ч бүх компаниуд дээр яригддаг асуудал шүүдээ. Бүгд мэддэг ч ил гаргаж хэлдэггүй. Том мөнгөн дүнтэй ажил авахад л цаагуураа тодорхой хувийг нь өгч байж ажлаа ав гэсэн шаардлага тавьдаг.

-Цаашдаа та яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Шаардлагатай баримтуудыг АТГ-т өгсөн. Арга хэмжээ авахгүй бол авлига нэхсэн хурандаа нарын нэрийг бүгдийг нь ил болгоно.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ, МҮХАҮТ шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав

Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.

Хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах Санамж бичгийг анх 2013 онд байгуулсан бөгөөд Санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр хамтран гаргаж хэрэгжүүлдэг.

Энэ удаа шинэчлэн байгуулсан Санамж бичигт хоёр байгууллага “Монгол Экспорт” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг гадаадад сурталчлан таниулах, Монголын брэнд бүтээгдэхүүн бий болгох хүрээнд олон улсын үзэсгэлэн, холбогдох арга хэмжээг хамтран зохион байгуулж, мэдээлэл солилцох, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, худалдааг хөгжүүлэх нэг цонхны бодлогыг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсаас бусад улстай байгуулж буй хоёр талын болон бүс нутгийн Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг бизнес эрхлэгчдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар тусгав.

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй нь манай улсын гадаад худалдааны бараа эргэлт, экспортын өсөлтийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, гадаад зах зээлийг тэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрээр амь зууж байгаа ард түмэн түүнийг золигт гаргана гэж ч юу байх вэ

Өнөөдрийн эрх баригчдын зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дараахь зүйлүүдээр буруутгаж байна. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон гэв. Удаад нь Оюу толгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн гэлээ. Гурав дахь нь Дубайн гэрээнд гарын үсэг зурсан явдал буруу гэнэ. Эдгээр гурван асуудалд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулсан. Өнөөдөр юу болж байна гэхээр Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад гадаад руу оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн гэх. Түүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн гурван асуудлын улс оронд учруулсан хор хохирол чухам юу юм бэ. Бүгдээрээ харъя.

Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан гол буруутан юм байна. Үнэндээ Эрдэнэтийн 49 хувь дээр яасан гэж буруутгаад байгааг ард түмэн ойлгохгүй сууж байгаа. Саяхан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, “Бид Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирснаар нэг их наяд төгрөгийн ашиг оллоо” гэсэн. Ийм зөв шийдвэр байжээ гэдгийг баталж өнөөдрийн төр үнэлж байгаа юм байна. Тэгвэл Монголд 49 хувийг авчрах энэхүү түүхэн шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ч.Сайханбилэг гаргасан. Мань нөхөр “УИХ-аар хэлэлцээд хэрэггүй, Засгийн газраар шийднэ” гэсэн. Тухайн үед УИХ-аар энэ асуудлыг хэлэлцвэл юу болох байв. Бүгдээр мэдэж байгаа шүү дээ. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр баахан юм болно, попорно. Явуулахгүй дээ. Үүнийгээ Ч.Сайханбилэг мэдэхийн цаагуур мэдэх учраас хар толгойгоороо хариуцан байж их наядын ашгийг чинь өнөөдөр авчирсан байгаа нь энэ. “Амьдралын чухал хэсэгт ямагт яаравчлах ёстой” гэсэн алдартай улстөрчийн үг бий. Цаг хугацааны хайч гэж байна. Чуулган дээр гацахад л дараа нь яриа байхгүй тийм хайч үйлчлэх байсан. Их хурлаар оруулалгүй эх орондоо 49 хувиа авчирсан нь тэгээд буруу байж уу. Монголын ард түмнийг тэжээж эхэллээ гэдгийг сая ЗГХЭГ-ын дарга нь яриад эхэллээ шүү дээ. Үүнээс өөр ямар үр дүн өнөөдрийн эрх баригчид Эрдэнэтийн 49 хувиас хүсээд байгаа юм бол. Эрдэнэтийн 49 хувь ирсэн хойноо төрд нь очно уу, хувийн хэвшилд байна уу, ер нь хэнд очих нь Ч.Сайханбилэгт хамаа ч байхгүй. Мөнгийг нь төлсөнөөрөө хувьд л очно биз. Хужаад очих гэж байгаа биш. Монголын хэн нэгэн сортоотойхон аавын хүү мөнгө босгоод авах нь ардчилсан, зах зээлийн нийгэм дэх ердийн л үзэгдэл шүүдээ. “Монголын зэс”-д очсон ч л Монголын ард түмэнд их наядын ашиг ирнэ. Өөр хаачих юм бэ. Эх орондоо л авчирч байвал… гэсэн ийм зоримог шийдвэр гаргаад бурууддаг хүн гэж юу байхав. Цагийн егөө гэж юм байдаг, тэр л явж байна. Тодорхой цаг хугацааны дараа Ч.Сайханбилэг шиг гавьяа байгуулсан хүн байхгүй болчихсон явж байх нь монголчуудын араншин шүү дээ. Яагаад гэвэл Монголын ард түмэн аливааг заавал цаг хугацааны шалгуураар оруулах гэдэг зовлонтой нүүдэлчин сэтгэхүйтнүүд.

Дараагийн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал нь “Оюу толгой” ХХК-ийг татвараас чөлөөлсөн гэх асуудал. Мэдээллийн хэрэгслүүдээр улиг болтлоо явсан сэдэв дээ. Тухайн үеийн ТЕГ-ын дарга байсан Б.Ариунсанг “Ганц худаг”-т ясыг нь цайтал суулгаж шалгасан асуудал. Юу ч болоогүй. Үүнийг өнөөдөр дахиад л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээр босгож ирж байгаа юм байна. Оюу толгой ХХК-ийн 2010-2018 оны хооронд төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Татварын орлогоор сүүлийн арван жилд улсад тэргүүлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 оноос хойш давах болсныг стастистикаас харчихаж болно. Төсөвт үзүүлэх нөлөөллийнхөө хувьд ч “Эрдэнэт”-ээс хавьгүй өндөр байх зураг таамаг гарчихсан. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь долоо байжээ. 2025 онд хоёр дахин нэмэгдэж 13 хувийг эзэлнэ гэсэн таамаг бий. Оюу толгойн 2017 оны гүйцэтгэлийн статистикуудыг сонирхвол, ил уурхай нь үндэсний компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол бүтээн байгуулалт нь өрнөж буй гүний уурхай Монголын бизнес эрхлэгчдээс 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн өгөөжийг сонирхож үзлээ. Шууд өгөөж нь 1.8 их наяд төгрөг. Шууд өгөөж гэдэг нь компаниас Засгийн газарт төлсөн татвар хураамж бусад төлбөрүүд. Төслийнхөн шууд өгөөжөө “50 мянган багшийн дөрвөн жил хоёр сарын цалин” гэж энгийнчилж тайлбарласан байна лээ. Мега төслийн шууд бус өгөөж шууд өгөөжөөсөө ч том тоотой гардаг. Оюу толгой төсөлд шатахуун, тоног төхөөрөмж, үзэг бал гээд бүх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудын ашиг, улсад төлдөг татвар хураамж, ажилчдадаа өгдөг цалинг нь шууд бус өгөөж гэж тодотгодог. Тоног төхөөрөмж, элдэв бүтээгдэхүүнээс гадна нийтийн хоол гэх мэт үйлчилгээ нийлүүлдэг компаниуд ч өчнөөнөөрөө бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л “MCS”-ээс эхлээд хэд хэдэн үндэсний компани оролцож байгаа. “Оюу толгой”-н энэ мэт шууд бус өгөөж 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ хэмжээний мөнгөөр 50 мянган багшийн зургаан жил дөрвөн сарын цалинг тавина. Эсвэл 202 мянга 573 ахмад настны дөрвөн жил зургаан сарын тэтгэврийг олгоно. Бүр цаашлуулж төсөөлбөл 300 ортой төрөх эмнэлэг 90-ийг барина. Ийм л том төслийн татвартай ноцолдоод байгаа юм.

Ч.Сайханбилэгийн хамгийн том буруутан нь болчихоод байгаа гурав дахь асуудал бол Дубайн гэрээ юм. Хүмүүс ч юмыг амархан мартах юм даа. Оюу толгойн гүний уурхайн ажил зогсоход Монголын эдийн засагт ямар аймаар нөлөөлснийг. Монгол Улс элгээрээ хэвтэх шахсан шүү дээ. Валютын орж ирэх хамаг урсгал зогсох шахсан. Хүнээр бол цусны эргэлт нь зогсох шахсан үйл явц эдийн засагт өрнөсөн. Ч.Сайханбилэгийн оронд Ерөнхий сайдаар хэн ч очсон байсан хамгийн түрүүнд улс орондоо мөнгө авчирч болох төслийг л барьж авна. Тэнэг Ерөнхий сайд л үүнээс өөр ажил хийх байх. Тэр хамгийн түрүүнд мөнгө авчирч болох төслөө барьж авсан нь энэ. Тэр нь одоогоос дөрвөн жилийн өмнө Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Монголын Засгийн газар, “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан үйл хэрэг юм. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий гэсэн тайлбарыг төслийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч байж энэ ордын өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэнэ гэсэн үг. Хамгийн их үр өгөөжөө өгөх гүний уурхайн хөрөнгө оруулалт Монголын тэнэг улстөржилтөөс болоод зогсчихсон байсан юм. Аягатай хоолоороо тоглосон, амин чухал эдийн засгаа самарсан энэ асуудалд өмнөх Ерөнхий сайдууд нь айгаад зоригтой юу ч хийж чадахгүй байсан юм. Ч.Сайханбилэг залуу хүн, зоримог, зоригтой шийдвэр гаргаж Дубайн гэрээг байгуулсан. Ч.Сайханбилэгийн энэхүү дайчин шийдвэрээр гүний уурхайн хөрөнгө оруулалт орж ирж, Оюу толгой дахин хөдөлж эхэллээ.

Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудал бол зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой гэсэн тохироог хийж байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд жил бүр дор хаяж нэг тэрбум ам.долларын урсгал орж ирнэ, далд уурхайн үйлдвэрлэл 2020 оноос эхэлнэ, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ. Дубайн гэрээний дараахан “Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид зэсээс ургац хураах дараачийн цикл эхлэхэд бүх юмаа жигдрүүлчихсэн байх болно. Тэгэхийн төлөө хичээнэ. Зэсээс ургац хураах дараагийн цикл бол 2020 он” гэж онцолсон. Менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон өөрчлөлт Дубайд шийдэгдсэн. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Төслийн менежмэнтийг “Рио тинто” хийж байгаа. Энгийнээр хэлбэл, энэ төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхөө төлөө “Рио”-гийн авч байгаа ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувь гэсэн үг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн гаргалгаа эдийн засагчдын дунд яригддаг.

Дараагийн шийдсэн асуудал бол “BHP”-тэй хамаатай. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байв. Энэ тохироог хүчингүй болгуулсан нь Дубайн гэрээний онцолж хэлэхээр заалтын нэг. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын Засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн эрхмүүд энэ байр сууринаас нь ухрааж чадсан юм. Бүр тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл, Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан гэсэн үг. За тэгээд дээжээ Геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх, хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох гэх мэт тохироонуудыг Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд хийсэн билээ. Суурь том тохироо үр дүнгүүдийг нь хүргэх төдийд ийм юм. Энэнээс өөр үр ашгийн тоо, тооцоонуудыг бичиж болно. Энэ бүхэн чинь л өнөөдөр Монгол Улсыг тэжээж, авч явж байна шүү дээ.

Ер нь бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авчраагүй, Дубайн гэрээнд гарын үсэг зурах зоримог үйлдэл хийгээгүй бол өнөөдөр Монгол Улс ямар байх вэ. 1980-аад оны Монгол шиг Эрдэнэтийн талаар амьдарч байсан тийм л дүр зураг руугаа дөхөх байсныг хэн ч бодож үзэхгүй байна. Бодохыг ч хүсэхгүй, түүнийг зүхэн дэвсэлж байна. Төр улсынхаа өмнө ийм гавьяа байгуулсан залуу улстөрчийг дайсан мэт үзэж, дарамталж, шоронд хийж, шонд дүүжлэхээс наахнуур юм болж байгаа нь хэний эрх ашиг юм бэ. Түүнийг шахаж байгаад гадаадад дүрвүүлээд араас нь эрэн сурвалжилж буй мэдээлэл түгээж, олж өгсөн хүнд хоёр сая төгрөг өгнө хэмээн зарлаж, гутаан доромжлох хэрэг байгаа юм уу.

Ч.Сайханбилэг залуу, өндөр боловсролтой улс төрчийн зүгээс гарах тийм зөв шийдвэрийг эх орныхоо эрх ашгийн төлөө гаргасан. Ч.Сайханбилэг бол Монгол Улсын дайсан хэмээн зарим нэг эрх баригчдын эргэн тойронд далдайж байдаг хүмүүс үзэх байх. Түүнээс Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрийн үрээр амьдарч буй ард түмэн юу гэж түүнийг дайсан гэж үзэх билээ. Хүмүүс зөнгөөрөө мэдэрдэг юм. Одоо хүмүүс, ард түмэн даяараа мэдрээд эхэлсэн. Тийм болохоор түүнийг золигт гаргана гэж байхгүй. Ер нь улс төрийн зоримог шийдвэр гаргаж ирсэн улс төрчид болох М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт… гээд цөөнгүй улстөрчдийн ухаалга шийдвэрүүдийн үрээр амьдарч байгаагаа ард түмэн ойлгодог болоод удаж байна. Харин “дайсан”-уудтай тэмцэж буй цөөн хэдэн эрх баригч үүнийг анзаарч, мэдэрч байгаа болов уу. Цаг хугацааны зүлгүүрээр өнгөлөгдөж эхэлсэн эдгээр улстөрчдийг одоо оролдохоо боль, золигт гаргах гэж улайрч байгаагаа зогсоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Нийгмийн зүрх, тархи болсон боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгамаар байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Улсын Дуурийн болон Драмын театруудыг шинээр барих ажлыг хойшлуулж, засвар хийхээр болжээ. Ийн шийдсэн нь юутай холбоотой вэ?

-Дуурь, Драмын театруудыг буулгаж, шинээр барих асуудлыг зогсоосон. Олон нийтийн сүлжээгээр мушгин гуйвуулж, суулт, жагсаал цуглаан ч боллоо. Яахав олон нийтийн зүгээс гардаг шүүмжлэлтэй байдлыг ойлгож байна. Дээрээс нь нэр хүндтэй, алдар гавьяатай хүмүүсээс маш их эсэргүүцэл гарч эхэлсэн. Тиймдээ ч энэ асуудлыг эхлээд салбар дотроо сайн ярих ёстой гэж үзсэн. Салбарынхан нь зөвшөөрч байж энэ ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой гэж харсан. Энэ байр суурь ч өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа. Энэ удаагийн улсын төсөвт Дуурийн болон Драмын театр, Төв номын санд тус бүр хоёр тэрбум төгрөг суусан. Хуучин 10 гаруй тэрбум төгрөг суучихсан байсан ч болиулсан. Төсөвт суусан хоёр тэрбум төгрөгөөр тухайн барилгыг засварлаж, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ.

Гэрэлтүүлэг, хөгжим апартур, үзэгчдийн сандал зэргийг бүгдийг нь шинэчлэх шаардлагатай гэсэн хүсэлтүүд ч ирээд байна. Тиймээс дахин барилгуудыг нураах нь гэсэн улстөржсөн мэдээллүүд явуулах нь зохисгүй.

-Дуурь болон Драмын театрын барилгууд маш муудсан. Уран бүтээлчид тун хүнд нөхцөлд бэлтгэл сургуулилтаа хийдэг болоод удаж байгаа. Засвар хийж торгоох бус шинээр барина гэснээрээ шийдчих байсан юм биш үү?

-Мэдээж уран бүтээлчдэд хүндрэлтэй. Гэлээ ч эхний ээлжинд баригдах гэж буй Чингис Хааны музей, Байгалийн түүхийн музейн ажлуудыг явуулаадахъя. Тэр болтол засвар үйлчилгээ хийхээс өөр аргагүй болчихоод байна. Төсөв санхүүгийн болоод нийгмийн сэтгэл зүйн хувьд цаг нь ирэх байх. Угтаа энэ хоёр барилгыг яг одоогийнх нь байран дээр энэ хэлбэр дүрс, зураг төслөөр нь шинэчлэх байв. Харамсалтай нь нэр бүхий улстөрчид болоод цахим сүлжээн дэх хүмүүсийн хатгалага нөхцөл байдлыг түвэгтэй болгосон л доо.

-Байгалийн түүхийн музейг нураалаа гэж маш их шүүмжилсэн. Нүүрэн хэсгийг нь үлдээгээд нураах боломж огт байсангүй юу?

-Тийм боломж байхгүй. Энэ нь өөрөө 1956 оны барилга. Газар хөдлөлтийг тэсвэрлэх стандарт мөрдөгддөггүй байсан үе л дээ. Сургуулийн зориулалтаар баригдсан барилгын нүүрийг авч үлдэнэ гэдэг боломжгүй асуудал. Авч үлдлээ ч барилгынх нь эдэлгээ нь шаардлага хангахгүй. Хэрхэн яаж нурж унаж байгааг та бүхэн харсан байх. Тэгээд ч зураг төсөл нь шинээр байх юм. Жинхэнэ музейн зориулалтаар барина.

-Уг музейн газар маргаантай байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү. Эргээд яг энэ суурин дээрээ баригдах уу?

-Ямар ч газрын маргаан байхгүй. Угаасаа л Байгалийн түүхийн музейн газар. Яг энэ суурин дээрээ баригдана.

-Барилгын ажил нь хэдийнээс эхлэх вэ?

-Төсвийн хууль батлагдсан учраас Засгийн газраас яам руу эрхийг нь шилжүүлнэ. Энэ тохиолдолд хуулийнхаа дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулна. Бид энэ ажлуудыг аль болох эрт зохион байгуулж, цаг алдалгүй ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Соёлын салбарт энэ мэт томоохон ажлууд хийгдэх болно. АНУ-ын Элчин сайдын яамны урд талд шинэ номын сан баригдаж байгаа. Үлдэгдэл санхүүжилтүүд нь суучихсан, хавар эрт ажил нь эхэлж, энэ онд багтаан ашиглалтад оруулна.

Урлангийнхны уран бүтээл туурвих ажлууд санхүүжилттэй холбоотой байдаг. Тэр утгаараа соёл урлаг тэр дундаа кино урлагтай холбоотой том шийдвэрүүд гарч, “Кино урлагийг дэмжих сан” байгуулагдсан. Энэ сангийн журмыг тун удахгүй Засгийн газрын хурлаар оруулна. Уг санд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 14 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Хүү нь ямар хэмжээтэй байх эсэхийг журмаараа шийднэ.

Мөн өнгөрсөн онд соёл урлагийнхан маань олсон орлогоо өөрсдөдөө зарцуулдаг боллоо. Салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн сүлжээ шинэчлэгдэн баталж, тун боломжийн болсон. Энэ мэтчилэн соёлын салбарт багагүй өөрчлөлтүүд хийгдлээ. Засгийн газраас 2019 онд ард нийтийг соён гэгээрүүлэх, соёл урлагийг дэмжих ажлыг эрчимтэй хийсэн, ирэх онд ч үргэлжилнэ.

-Соёлын салбарт сайн менежмэнт хамгийн чухал. Сайн менежмэнттэй байсны дүнд “HU” хамтлаг дэлхийн хэмжээнд гарч, Монголын урлагийг таниулж явна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-“HU” хамтлагийг эхний хоёр жилд нь манай Соёл урлагийг дэмжих сангаас дэмжсэн байдаг. Маш олон хүний хүч хөдөлмөр, уран бүтээлчдийн авьяас чадвар зэрэг зүйлс нөхцөлдөж “HU” хамтлаг дэлхийн хамтлаг болчихлоо. Энэ хамтлаг манай үндэсний онцлогтой соёл, урлаг дэлхийн хэмжээнд гарах боломжтой гэдгийг харуулчихлаа. Зам мөрийг нь ч гаргаж өглөө. Цаашдаа ч олон уран бүтээлч, соёлын бүтээгдэхүүнүүд дэлхий рүү гарах боломжтой гэж үзэж байна. Сая ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд манай хөхүүрийн айраг бүртгэгдлээ. Энэ нь манай 15 дахь соёлын өв юм. Цаашдаа бид Монголын ямар өвүүдийг бүртгүүлж болох вэ гэдгийг судалж, дараагийн ажил руугаа орчихсон явж байна. Монголын соёл хаана ч байхгүй, давтагдашгүй, дэлхийд хосгүй. Бидэнд маш их боломж, нөөц бий. Хамгийн гол нь төрөөс боломжоороо төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж, зөв менежмэнттэй байх хэрэгтэй. Ингэж чадвал бүх салбарт боломж байна гэж харж байна.

-“English school of Mon­golia” сургуулийн сурагчдад гадаад багш нь +18 заалттай кино үзүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Одоогоор яаманд албан ёсоор хууль хяналтын байгууллагад очсон гомдол ирээгүй байна. “English school of Mongolia” сургуультай холбоотой мэдээлэл цахим ертөнцөөр явна лээ. Тэрний дагуу манай яамнаас гарсан ажлын хэсэг сургууль дээр нь ажилласан. Хичээл нь үргэлжилж, хүүхдүүдийг амраагаагүй байна гэх зүйл яригдсан нь худлаа болж таарсан. Сургууль нь амарч байгаа юм билээ. Тус сургууль жил бүр хоёрдугаар улирлынхаа амралтаар аав, ээжийнх нь зөвшөөрөлтэй хүүхдүүдийг вакумжуулж хэлийг нь гүнзгийрүүлэн сургадаг юм байна. Эцэг, эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр сургаж, хяналтаа ч тэд тавьдаг. Хүүхдүүд нь тэрэндээ сурч байна. Сургуулийн удирдлагууд цахим ертөнцөд гарсан мэдээлэлтэй холбогдуулж ор үндэслэлгүй мэдээлэл тарааж, сургуулийн нэр хүндэд халдсан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандчихсан байгаа юм билээ. Ер нь цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай боловсролын байгууллага, хичээл сургуультай холбоотой асуудлаар аль болох бодитой мэдээллийг олон нийтэд хүргэж байгаасай гэж хүсч байна. Там тум сонссон зүйлээ жиргэчихдэг, түүнийг нь авч шуугьж боловсролын байгууллагыг тэр чигт нь харлуулдаг байдалтай би эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Боловсролын салбарын үйл ажиллагаа хууль номынхоо дагуу үргэлжилж байгаа. Энэ салбарт 90 гаруй мянган хүн ажиллаж байна. Нэг сая гаруй хүүхэд, залуус сурч, боловсорч байна. Ханиад томуу гарсан ч хичээлийн жилийн хөтөлбөр, хуваарь номынх нь дагуу явуулахын төлөө энэ олон мянган багш нар хичээн ажиллаж байна. Нэг хоёр багштай холбоотой буруу, зөрүү мэдээллээс болж бүхэл бүтэн салбар руу нь дайрч, түүнийг улстөржүүлэх юм.

Ингэж нийтээр нь дайрч харлуулах явдал байж болохгүй. Үүнээс цааш бодитой мэдээлэл цацаж байгаасай гэж хүсэх байна. Боловсролын салбар бол энэ нийгмийн зүрх, тархи нь. Тиймдээ ч энэ салбарыг улстөржилтөөс ангид байлгамаар байна.

-Сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрт сайжруулалт хийсэн. Сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийснээр гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар Боловсролын хүрээлэнгээс холбогдох эрдэмтдийн баг гарч мониторинг хийлээ. Тун боломжийн дүнгүүд гарсан. Бага ангийн сурагчдын ачаалал багассан, дунд, ахлах ангийн сурагчдын ачаалал 10 орчим хувиар хөнгөрсөн. Агуулгын давхцал арилснаар ачаалал багассан гэсэн үг. Мэдээж хичээлийн явцын дунд хийсэн судалгаа учир дүгнэхэд эрт байна. Цаашдаа ч гэсэн сайжруулалт хийгээд явах болно.

-Энэ жил олимпийн наадамтай. Төрөөс тамирчдаа хэрхэн дэмжиж байна вэ?

-Олимпийн наадмын бэлтгэл ажлын 2019 оноос хангаад эхэлсэн. “Токио олимп” сангаа байгуулчихсан, “Эрдэнэт үйлдвэр” ерөнхий спонсороор ажиллахаар болж байна. Өмнө нь тамирчид олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцъё гэхээр санхүүгийн боломж хомс, өөрсдөө спонсор хайж явдаг байсан. Энэ удаад ийм асуудал огт байхгүй.

Улсын төсөвт суусан шигшээ багуудын төсөв есдүгээр сар гэхэд дуусчихсан. Түүнээс хойш он дуусах хүртэлх тэмцээн, уралдааны зардлыг “Токио олимп” сан хариуцлаа. 2020 онд ч бид боломжийн хэмжээний хөрөнгийг төсөвт суулгасан. Одоо тамирчдын олимпийн эрх авах тэмцээнүүд үргэлжилнэ. Чамгүй хэдэн эрх авсан ч цаашид нэмэх боломжтой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь улсын шигшээ багууд чиглэл чиглэлээрээ удирдлага менежмэнтээ сайжруулах нь чухал. Өмнөх жилүүдийг харахад санхүүгийн хувьд маш замбараагүй, тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдаа нөхцөл бололцоогоор бүрэн хангадаггүй байсан гэх зэрэг шүүмжлэлтэй зүйлүүд байсан. Иймд спортын холбоодод анхааруулга өгсөн. Мөнгө төгрөг нь хангалттай байна, маш сайн зохион байгуулалттай тэмцээн уралдаандаа ор, дасгалжуулагч, тамирчдаа сайн дэмж, олимпийн эрхүүдээ сайн ав гэх анхааруулга, мэдэгдлийг хүргүүлсэн. Одоо тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодоос бүх зүйл шалтгаална.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Гомбосүрэнгийн Эрдэнэбаярынд өнжлөө

Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Гомбосүрэнгийн Эрдэнэбаярынд өнжлөө. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул эл эрхэм өдгөө ЦЕГ-ын дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын захирагчаар ажиллаж байна. Монголын цагдаа дотоодын цэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас албаа эхэлсэн тэрээр эрүүгийн төлөөлөгч, нийтийн хэв журмын ахлах байцаагч, улмаар төрийн хамгаалалтын тасгийн дарга, тусгай салбарын захирагч хүртлээ дэвшсэн намтар цадиг баялаг нэгэн. Ажил албаны зэрэгцээ байлдааны самбогоор хичээллэж дэлхийд хоёр удаа аваргалсан, мөн самбо, жүдо, үндэсний бөх гээд их спортод өөрийгөө зориулсан 30 шахам жилийнх нь түүх бичигдэнэ. Тэр бол өөрийнхөө амьдралыг өөрөө босгож, ялж дийлэхийн төлөө тэмцэж, зорьсон зорилгынхоо даваан дээр гарах гэж хөлс хүчээ шавхан зүтгэж өнөөгийн өндөрлөгт хүрсэн эгэл жирийн дархад хүмүүн.

Эрдэнэбаяр гавьяаттай эхлээд ажил дээр нь уулзлаа. Спорт зааландаа өглөөнийхөө бэлтгэлийг хийсэн бололтой хөлс дуслуулчихсан, алчуур мөрөн дээгүүр хаяад цээж нүцгэн орж ирэв. Түүний удирдаж буй тусгай салбар Монголд террорист үйл ажиллагаа болсон үед, хүн малын онц ноцтой халдварт өвчин гарсан үед, байгалийн гамшиг болоод эмх замбараагүй байдал бий болсон үед цагдаагийн байгууллагад туслах мөн шууд таслан зогсоох чиг үүрэгтэй.

Эрхэм хурандаа Цагдаагийн дээд сургуулийн хууль, эрх зүйн ангийг дүүргэж “Эмх замбараагүй байдал бий болсон үед таслан зогсоох тактикийн зарим асуудал” сэдвээр хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Монголын хууль хүчинд анх удаа ийм сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнээр тодорсон гэдэг. “Таны өрөөнд хоёулаа ярилцаж сууна. Эхлээд ажил албаныхаа тухай танилцуулахгүй юу” гэж ерөнхий асуулт тавихад, Монголын цагдаа дотоодын цэрэгт олон сайхан хүмүүстэй гар сэтгэл нийлж, тэдний удирдлагад ажиллаж иржээ. Энэ хүмүүсээ эхлээд ах нь дурсмаар байна гээд Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Р.Раднаадорж, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга хурандаа Б.Эрдэнэном, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга Д.Оюутболд болон Ц.Ариунбат хурандаа нарыг нэрлэнэ билээ. Тэгээд мэдээж одоо удирдлагад нь ажиллаж байгаа ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн, дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Ганбатыг хэлсэн. “Энэ хүний арга барил, хүнээр ажил хийлгэх увдис гэж лут юм байна. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг, бусдыг удирдан манлайлж чаддаг чадвар нь гайхалтай” гээд ийм хүмүүстэй ажиллаж, нөхөрлөж ирснээр өнөөдөр би удирдах албан тушаалыг нэр төртэй хашиж байна хэмээн итгэл төгс хэлсэн юм. Байлдааны самбогийн спортыг анх заасан Монгол Улсын гавьяат багш цагдаагийн хурандаа С.Хаянгарваагийн тухай мөн өгүүлсэн.

“Та бол халуун цустай дархад хүн, дээрээс нь маш их зарчимч, ёс жудгийг эрхэмлэдэг нь мэдээж” гээд өөр рүү нь хандуулан асуух маягтай дөхтөл хүүхэд шиг инээд алдаад “Халуун цустай, цөстэй гэхээсээ илүү өөрийгөө мэдэрдэг, сэтгэлдээ уул усаа бодож омогшдог ийм л хүн юм, ер нь уулын хүмүүс ийм л байдаг байх” гэх хариулт өгсөн. Хүүхэд шиг инээд алдаад гэснээс улс орны цохилох зүрх болсон, үргэлжид түгшүүрийн дохион дор байдаг тусгай салбарыг удирдаж буй хурандаа жигтэйхэн сайхан инээмсэглэсэн өр зөөлөн хүн. Ажил албыг нь, туулж ирсэн зам мөрийг нь бодохоор хөмхийгөө зуусан шазууртай нэгэн санаанд буух нь бий. Үүргээ гүйцэтгэж явахдаа өөр байдаг байх л даа. Харин амьдрал дээр уулзаад ярилцахаар нэг л сайхан дүр зураг мэдрэгдэнэ. Австрали тивийг л үзээгүй, түүнээс биш дэлхийн олон орноор явж хүн төрөлхтний соёл, тухайн улсын онцлог амьдралынх нь философийг мэдэрсэн тэрээр “инээмсэглэл бол бусдад өгч байгаа маш том бэлэг” гэж хэлсэн. “Хамт олноо, сайн сайхан хүмүүсийг баярлуулахын төлөө өөрт байгаа бүхнээ чин зүрхнээсээ зориулж чаддаг” гэж яриан дундаа хэллээ. Уг үгнийх нь баталгаа олон зүйлээр хэмжигддэг. “Эрдэнэбаяр хурандаа надад тэгж тусалж байлаа. Амьдралаа босгоход гол багана минь болсон” гэж олон нөхөд, дархад найзууд минь хэлдгийг миний бие энэ зуурт шигтгээд орхиё. Нялх охинтойгоо хоёул амь зуухын тулд гудманд бусдын гар царайчлан суугаа хараагүй өвгөний тухай мэдээлэл зурагтаар цацагдангуут мань хүн тэр дор нь тухайн телевиз рүү холбогдож өвгөнтэй уулзаад “Дэлхийн зөн” байгууллагад хандан гэр оронтой болгож, бүрэн тавилгыг нь угсарч өгөөд нялх охин, өвгөн хоёрыг ёстой хагартал нь баярлуулсан байдаг. “Би чиний зүс царайг харж чадахгүй ч гэсэн ямар сайхан хүн бэ гэдгийг халуун дулаан сэтгэл, тусч чанар чинь хэлээд өглөө, хүү минь. Чи сайн сайхан амьдарна аа гэж” өргөө гэртэй болсон өвгөн галаа бадрааж суухдаа хэлсэн юм гэдэг. “Тэр хүний буян ирсэн байх аа, ах нь дараа жил нь гавьяат болсон юм шүү” гээд инээд алдаж байна. Гавьяат болсныхоо дараа ах дүү нартаа бүгдэд нь “гавьяатын хишиг” хэмээн хагас сая төгрөг өгч тэднийгээ баярлуулжээ. Олсноо бусадтайгаа хуваадаг энэ мэт олон жишээг нь дурдаж болох юм. “Хүнд битгий худал хэл. Бусдыг хэзээд ч гомдоож, хуурч болохгүй. Энэ бол миний амьдралдаа баримталдаг алтан зарчим” гэсэн нь огтоос эргэлзээгүйгээр үнэн сонсогдсон юм.

Бидний яриа хөөрөө хурандаагийн гэрт халуун тулганых нь дэргэд үргэлжиллээ. Тэднийх “Энканто” хотхонд дөрвөн өрөө байранд тэгш дүүрэн амьдарч байна. Таван хүүхэдтэй ажээ.Хүүхдүүд маань эхнээсээ тусдаа гарч байна даа гэж гэрийн эзэн хэлэв. Хань нь Доржготовын Баярсайхан гэж намуун дөлгөөхөн сайхан хүн. “Манай гэрийн хүн их тайван, барагтайд уурлана гэж байхгүй. Би болохоор цагдаа хүчний байгууллагад 30 жил нервтэж явна. Заримдаа ч ажлын их дарамт, стресстэйгээ гэртээ ирэх үе байсан. Ханийнхаа царайг хараад л сэтгэл уужирдаг, бурхан ингэж тааруулдаг юм билээ” гэж хэлэхэд нь амьдралын сайхан мэдрэгдэх шиг болсон сон. “Миний дүү ахынхаа бурхан тахилын өрөөгөөр нэг орохгүй юу” хэмээн найрсгаар өгүүлээд хойд талынхаа өрөөнд урилаа. Хамгийн түрүүнд аавын минь авдар гэж бурхан тахил өрсөн модон авдрын нүүрийг илбээд хэлж байна. Эрдэнэбаяр гавьяатын аав нь Хандын Гомбосүрэн гэж хүний дээд болсон дархад хөгшин байжээ. “Уул ус, байгаль дэлхий чинь ярьж чаддаггүй болохоос амьтай юм шүү. Нэг амьтных нь амийг, нэг ургамлынх нь үндсийг ч таслах учиргүй. Ялангуяа шоргоолжны үүрийг эвдэж болохгүй” гэж ачит эцэг нь захисныг хүү нь амьдралын туршид бодож явна. Гомбосүрэн гэж тэр хүн эмийн ургамлаар олон түмнийг эмчилдэг, дархад зоныхоо дунд “маарамба”-ын зиндаанд хүндлэгдсэн сайхан буурал 84 наслаад бурхны оронд оджээ. Аавынх нь ээж Ханд Удган гэж нутаг усандаа алдартай удган хүн байж. Мөн ээж Пунцайн Нямцэрэнгийн ээж буюу эмэг эх нь Хулган Удган гэж бас л алдартай удган байсан гэнэ.

Тэртээ дөчөөд оны эхээр ижий аав хоёр нь Улаан-Уулын Өндөр Цахир хайрхны өвөрт гэр бүл болж гал голомтоо бадраахдаа эл авдрыг хоймроо тавьсан түүх бий. Хүү нь аав ээжийнхээ буян шингэсэн авдрыг хаяж гээлгүй өдийг хүргэж тэргүүн дээр нь эцэг өвгөдийнхөө ном судар, бурхан тахилыг залж явна гэдэг дээдийн хүндэтгэл юм даа. “Авдар дотор байх ёстой бүх зүйлийг хийсэн. Ухаандаа торго, хурганы арьс, архи гэх мэт бүх зүйл байгаа” гэж гэргий нь хэлсэн. Бурхны шүүгээний хажууд Өндөр Цахир хайрхных нь нарны гэрэл асгарсан зураг залаатай байна. Эл хайрхны өвөрт энэ гэрийн эзэн эхээс мэндэлж хүмүүн заяаг олжээ. Өндөр Цахир хайрхнаа шүтэн дээдэлж явах учиртай шүү гэх эцгийн захиасыг дагаж 2007 онд албан ёсоор тахиж эхэлсэн гэнэ. Тэр цагаас хойш нутгийн зон олон хайрхны тахилгыг хүлээдэг болсон гэдэг. Хайрхнаа дээдлэн тахисны дараа жил Эрдэнэбаяр гавьяат дэлхийн хошой аварга болж монгол төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн дэвжээнээ дахин мандуулж уул ус, ураг саднаа баярлуулжээ. Юмны ерөөл буян тэгж л хурдаг билээ сэн. Тив, дэлхийгээс хүртсэн медалиуд нь мөн л бурхан тахилынх нь хүндэтгэлийн өрөөнд залаатай. Хамгийн дээд талд алдарт эхийн одон харагдсан нь нүднээ содон тусч байгаа юм. Ижийнхээ алдарт эхийн одонг, мөн аавынхаа цэргийн гавьяаны улаан тугийн одонг эрхэм гавьяат бүх медалийнхаа дээд талд хүндэтгэн байрлуулсан нь тэр. Эцэг эхийн ач буян, энэрэл хайрыг тэгж зүрх сэтгэлээсээ дээдлэн шүтдэг нь онцгой санагдсан. Ер нь багын л эх эцгээ дээдэлдэг байсан нь яриа хөөрөөнөөс нь мэдрэгдэж байв. Бусад нь ижийнхээ өгсөн хоол ундыг голж, өөдөөс нь том дуугарч байхад “навшгар шар” нэртэй гавьяат л өгснийг нь үг дуугүй идчихээд суудаг байсан гэх. Ийм ерөөл билгэтэй түүнд эцэг эхийн буян нь ирж алдар хүндийн эзэн бололгүй ч яахав дээ гэх бодол давхар давхар төрж л байлаа.

Том өрөөнийх нь хойморт Дэлгэрхааны бадамласан цагаан оргил, Хорьдол Сарьдагийн уулс хошууран зүмбэрлэж харагдана. Унаган нутгийнхаа шүтээн цаст их уулсаа хоймроо залалгүй яав гэж. “Идэр гурван есийн энэ өдрүүдэд миний нутагт цасны цагаан будан татчихсан ёстой нэг эр хүний хийморь лундаа сэргэхээр байгаа даа” гэхүйд бадамласан цагаан оргилынх нь салхи алгадах шиг болж билээ. Дэлхийд хоёрт бичигддэг ноён оргил,8611 метрийн өндөрт өргөгдсөн Пакистаны алдарт К2 уулын зургийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа 2014 онд Эрдэнэбаяр гавьяатын нэрэмжит спортын наадам Хөвсгөл аймагт болох үеэр дурсгажээ. К2 уулын ноён шовх оргил дархад зоны шүтээн Дэлгэрхааны оргилтой адил харагддаг нь сонин. Тэрхүү бэлгэшээлийг бодож уг зургийг дурсгасан ч байж магад. Энэ алдарт уулын оргилд Монголын нэрт тамирчин Гангаамаа гарч дэлхий дахинд шуугиан болж байсныг бид мэднэ. Гангаамаа тэд гэр бүлээрээ ойр байдаг хүмүүс юм билээ. Гэр орных нь энэ мэт олон сайхан зүйлтэй танилцаж хүүхдүүдийнх нь өрөөгөөр орж, бага хүү дөрвөн настай Баярбаясгалангийн “Монгол орноо дэлхийд мандуулна” гэх эрхэм зорилгыг сонсч, гэрийн эзний аймгийн заан цолны малгай, хажууд нь том хүү Цолмонтогтохын аймгийн начин цолны малгайг том өрөөний хойморт хүндэтгэн байрлуулсныг харж, ер нь бүх зүйл утга учиртайг мэдэрч зогслоо. Гал тогооны ширээнээ гэрийн эзэгтэйн хийсэн хоол цайг амтархан зооглох зуураа Баярсайхан эгчтэй өөрийнх нь тухай хөөрөлдөв. Аав нь Завханы Шилүүстэй сумынх юм байна. Цаст цагаан Отгонтэнгэр хайрхан Очирваанийн нутгийн хүн. Мөн олон хутагт хувилгаадын нутгийн хүн. Тэрээр Дилав хутагтынхаа тухай, Андиа гэгээнийхээ тухай баримтат кино бүтээжээ. Бас Жалханз хутагт, Ялгасан гэгээний тухай баримтат кино хийсэн. Монголд анх удаа хутагтын тухай баримтат уран сайхны кино хийсэн нь тэр юм билээ.

Тэр жил буюу 2009 онд Их Явуугийн 80 насны ойн яруу найргийн наадамд оролцохоор утгын их мэргэд, найргийн бурхадтай Завхан нутагт дөрөө мулталж билээ. Энэ үеэр зохиолчид Отгонтэнгэр хайрхны тухай “Мөнх тэнгэрийн цагаан уул” киног үзэж бүгдийнх нь сэтгэлд Очирваань хайрхны шүншиг орших шиг санагдсан сан. Тэгтэл тэрхүү киноны зохиогч, ерөнхий найруулагч, ерөөс их хутагтуудынхаа бүтээлийг бүтээсэн гавьяатан маань миний өөдөөс хараад гал тогооныхоо өрөөнд зөөлхөнөөр инээмсэглэн сууж буй энэ эрхэмсэг хатагтай болохыг мэдэж гэнэтийн баяр хөөрт умбаснаа нуух юун. Эрдэнэбаяр гавьяат “Манай гэр бүлийн хүн Завханы Шилүүстэйн гаралтай. Танай Бавуудорж найрагчтай ус нутаг нэг, дээрээс нь уран бүтээлчийн хувьд ойр” гээд инээвхийлж байсан. Ойроор барах уу, ерөөс зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн дунд явж ирсэн даруухан нэгэн ажээ. Дилав хутагтын тухай, Андиа гэгээнийхээ тухай нэг нэг уран сайхны кино хийх миний мөнхийн зорилго гэж хэлсэн нь ямар сайхан санагдсан гэж санана. Дилав хутагтын тухай “Цагаан дуганы гэгээ” уран сайхны кино хийсэн, хутагт судлаач соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Батсайхантай хэрхэн танилцсанаа, утсаар яриад шуудхан Завхан ниссэнээ, замд нисгэгч нь Отгонтэнгэрийг нар зөв тойрон эргэж маш ховор содон зурагнууд буулгаж авснаа, Дилав хутагтын тууринаас буцаж явахад есөн аргал замд таарч өвөр зүг рүү орсноо, мөн Отгонтэнгэрийн Бадархундага нуураас буцаж явахад чоно таарч өвөр рүү орсноо ихэд бэлгэшээсэн гээд олон чиг дурсамж дурдатгалын хуудсыг эргүүлсэн юм.

Баярсайхан эгч 2007-2010 онд Солонгос улсад байж тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын тухай “Солонгын орноор” баримтат цуврал кино хийж Монголын ард түмний хүртээл болгосноо яриан завсраа дуулгасан. Эрдэнэбаяр ах тэр хоёрын танилцсан түүх бас сонин. Нөхрийнхөө тухай хөрөг нэвтрүүлэг хийгээд танилцсан гэдэг. “Би оюутан байхдаа найзууддаа хэзээ ч бөх юм уу, цагдаа хүнтэй суухгүй гэж хэлж байсан удаатай. Гэтэл жинхэнэ цагдаа бөх хүнтэй суусан. Амьдралд хүн ам гарч болдоггүй юм билээ. Одоо манай найзууд надаас ам асуудаг юм” гэж гэрийн эзэгтэй инээд наргиан болгов. Тэрээр ханиараа бүр нэг чин зүрхнээсээ бахархдаг нь илт. Үг бүрээс нь ханиа хайрласан, ханиараа бахархсан өнгө аяс, аз жаргал, хайр энэрэл мэдрэгдэж байв. “Монголын эмэгтэйчүүд өнөөдөр ихэнх нь айдастай байдаг. Хэзээ нөхөр маань согтуу ирэх бол, согтуу ирээд яах бол гэж боддог. Гэвч надад тийм айдас байхгүй. Манай хүн архи, тамхи хэрэглэдэггүй. Амар амгалан, аз жаргалтай айл гэж байдаг бол манайх гэж би бардам хэлнэ. Хүүхдүүд маань аавыгаа нэг ч удаа согтуу байхыг хараагүй, албан ажлын ачааллаа хаалганы гадны үлдээгээд орж ирж чаддаг” гэх үгнээс амьдралын сайхан, аз жаргалын гэгээ гэрэл ундарч байв. Ханьдаа зориулж хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од гавьяаттай хамтран “Амин нутаг” дуун суварга бүтээж, Хөвсгөлийн сайхан дуучин Отгойн Баянмөнх дуулж амьдруулжээ.

Өнжиж буй айлын эзэн хурандаа хорин настай, хонгор зүстэй, халуун цустай дархад залуу Хөвсгөлийн цагдаагийн албанд шуугиан тарьж явсан нь ерээд оны эхэн үе. Түүнийх нь дурсгал болох нэгэн зураг бурхан тахилынх нь хүндэтгэлийн өрөөнд өлгөөтэй байна лээ. Тэр бол “Цагдаа-93” тэмцээнд түрүүлж мотоциклиор шагнуулсан ерэн гурван оны зураг. Үүнээс улбаалаад эрхэм хурандаа Монголын цагдаа, дотоодын цэрэгт ажиллахдаа гурван айхавтар зүйлтэй нүүр тулснаа сонирхуулсан юм. Тангараг өргөсөн цэргийн албан хаагч 30 шахам жилийн хугацаанд юу эсийг туулах билээ. Түүнээс гуравхан зүйлээ хуваалцсан нь Хөвсгөлд байх үеийнх нь явдал. Ерэн дөрвөн онд Хөвсгөлд цагдаа байхад нь шүүхээс ялын дээд хэмжээ сонссон нөхөр оргосон дуулиан гарчээ. Түүнийг хоёр төлөөлөгчийн хамт мөрдөн мөшгөж Хөвсгөлийн гүн хөх тайгыг мориор самнасан гэдэг. Ингээд намрын тэр өглөө оргодлыг ээж дээрээ очоод аяга цай уугаад хөдлөхөд нь аргагүйн эрхэнд буудаж шархдуулаад барьж авчээ. Өнөөх нөхөр чинь эхлээд тэр гурав руу, үндсэндээ хамгийн том бууг мөрлөж яваа Эрдэнэбаяр руу буудсан гэдэг. “Үс босоод чих хуураад явчих шиг болсон. Өөрийгөө амьд гэдэгт итгэж ядаж байсан” гэв. Дараагийнх нь хоёр тохиол хоёулаа онгоцны осолтой холбоотой. Ерэн таван оны Хөвсгөлд сүйрсэн онгоцны ослын хэргийн газарт цагдаагийн дарга Раднаадорж болон Баялаг-Эрдэнэ нарын хамт анх очжээ. 56 зорчигчтой онгоцноос нэг хүн амьд байсан нь Өлзийбаяр. “Тэр тухай ярих юм биш дээ. Ахад нь одоо аймшгийн кино шиг санагддаг юм” гэлээ. Мөн Эрдэнэтээс Завхан руу нисэхдээ Галтын Байшинт уулыг мөргөсөн онгоцны осол. ЦЕГ-ын дарга Д.Мөрөн Улаанбаатараас онгоц хөлөглөн очиж Хөвсгөлийн төвөөс Эрдэнэбаяр цагдааг аваад хэргийн газарт аваачиж мануулж хонуулсан байна. 29 зорчигтой онгоцноос нэг ч хүн амьд үлдээгүй бүгд сүйрсэн. “Амьд хүнээс ай, үхсэн хүнээс бүү ай” гэдэг үгийг тэр шөнө мэдэрч жинхэнэ утгаар нь мэдэрч хоносон гэдэг. Хэрвээ 29 гэмт хэрэгтэн байсан бол намайг алаад хаячихна биз дээ гэв. Ийм л баялаг намтартай сонин содон зүйлээр дүүрэн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, хурандаагийнд өнжлөө. Хүүхдүүдтэйгээ найз нь юм шиг харилцаатай гэр бүл гэдэг нь анзаарагдсан. Том хүү Цолмонтогтох ОХУ-д инженерийн чиглэлээр сургууль төгсөж одоо АНУ-д ажиллаж байгаа гэнэ. Том охин Цолмон Цагдаагийн академи төгссөн, нийслэлийн шүүхэд ажиллаж байна. Охин Нинжин Соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангид суралцаж байна. Хүү Цолмонбаатар Улаанбаатарын их сургуульд суралцаж байна. Бага хүү дөрвөн настай Баярбаясгалан. Тэднийх хоёр зээтэй гэнэ. Хүн зөв явбал бурхны шагнал өөрөө ирдэг гэдэг. Өлийн халзан давааныхаа 13 их овоонд сүслээд уул усаа сэтгэлдээ тээгээд нутгаасаа гарч байсан залуухан хүү өнөөдөр дархад түмний нэр нүүр, сүр сүлд нь болон дээдлэгдэж, дэлхийн дэвжээнд Монголоо мандуулсан эрхэм хүндэтгэлийн эзэн болжээ. Хань ижлээ халамж хайр, дээдийн хүндэтгэлээр өргөмжилсөн Эрдэнэбаяр гавьяатынх шиг өрх гэр Монголоор минь дүүрэн болтугай гэх ерөөлийн үгээр энэхүү туурвилаа өндөрлөе.