Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар казинод орж туршлага судалсан гэв үү

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар “The Star Sydney” казинод

Манай төрийн өндөр албан тушаалтнууд австралийн сидней хотод казинод байгаа хэд, хэдэн зураг цахим сүлжээнд тархаж эхлээд байна. Олон нийтэд ил болоод байгаа зураг дээрээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Холбооны Австралийн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нарыг харж болно. Тэд энэ сарын 13-15-нд Австралийн Холбооны Улсад болсон ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын гишүүдийн айлчлалын багийн бүрэлдэхүүнд явсан гишүүд юм. Тэднээс гадна УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар ч явжээ.

Тэгвэл казинод орсон гишүүд өчигдөр ээлж дараалан тайлбар хийсэн юм. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ сарын 13-15-нд олон улсын чуулганд оролцсон. 17-ны өдөр Сидней хоттой танилцах нэг өдрийн аяллын хөтөлбөр байсан. Энэ хүрээнд Казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй бид Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж байгаа, зогсож байгаа зураг авсан байна лээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод бид дөрөв энэ талаар ойлголттой болохоор сонирхож орсон” гэв.

Энэ мэдэгдлийн дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан. Тиймээс аялал жуулчлалын том төв болох “The Star Sydney” төвөөр орсон. Үүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан нь үнэн. Харийн оронд бид нэг л монголчууд, түүнээс аль нэг намын ч юм уу ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гэдэг бодол хүн болгонд байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Гэхдээ би мөрийтэй тоглоогүй. Бид дөрвүүлээ ороод цаг гаруй болоод гарсан.

Бидний дунд мөрийтэй тоглох мөнгөтэй хүн ч байгаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би 20 гаруй жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж ирсэн хүний нэг. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө адлуулж ч ирсэн. Сая Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирэх үеэрээ казино гэж ямар байдаг юм, манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэж сонирхохоор орж танилцсан. Эндээс миний Монголд Казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан. Эдийн засаг талаасаа ашиг тустай байж болох ч төрийн хяналтыг алдагдуулах зэрэг сөрөг тал олон юм байна. Казино руу орж сонирхсон гээд хариуцлагын асуудал хөндөгдвөл би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би Монголын ард түмэнд “Монголчууд Казиногийн хуультай болох цаг нь биш” гэж хэлэх үгтэй. Нийгэм ч үүнийг нотолж байна” гэжээ. Ямартаа ч Австралийн казинод “морилсон” гишүүд дээрх тайлбарыг хийлээ. Тэдний зургийг нууцаар авч олон нийтийн сүлжээнд байршуулсан хүн нь УИХ-ын даргын зөвлөх гэсэн аман яриа гараад байгаа юм. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед тэдний зургийг хэн ч авах боломжтой, түүнийгээ тэр дороо дэлхийгээр нэг цацах боломж ч бий. Тэгээд ч Австралид ажиллаж, амьдарч буй монголчууд маш олон. Одоогийн байдлаар 5000 орчим монгол иргэн Австралид ажиллаж, амьдардаг судалгаа байна.

Дээрх гишүүдийн тоглосон гэгдэж буй Сидней хотын “The Star” казино нь 1995 онд нээгдсэн. Мэлбурны алдарт “Crow casino”-гийн араас орох Австралийн хоёр дахь том казино гэнэ. Тус казино “The Star Entertainment Group Lim­ited” гэх Австралийн хамгийн том шоу цэнгээний группийн эзэмшилд байдаг. The Star Sydney казино найман баар, долоон ресторан, 351 буудлын өрөө, үйлчилгээний болон хувийн эзэмшлийн 130 айлын орон сууц бүхий шоу цэнгээний томоохон төв аж. Мөн 2000 хүний суудалтай Сидней Лирик театр байдаг. Уг Казиног Шинэ Өмнөд Уэльсийн Казино Хяналтын газар хянадаг бөгөөд Шинэ Өмнөд Уэльсийн цорын ганц хууль ёсны лицензтэй казино гэгддэг юм байна. The Star казинод Mini Bac­carat, Blackjack, Caribbean Stud, Craps, Pai Gow, Pok­er, Pontoon, Roulette, Rapid (хагас электрон) рулет, Sic Bo болон Гурван карт покер зэрэг олон ширээний уламжлалт казиногийн тоглоомуудтай. Түүнчлэн тус казино слот машин, бинго, хурдан рулет, видео покер гэх мэт цахим тоглоомын машины сонголтыг санал болгодог аж.

“The Star Sydney” казиногийн VIP өрөөний ширээний бооцоо тавих хязгаар нь 25 австрали доллараас эхэлж 75.000 австрали долларын хооронд байдаг гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн 500.000 австрали доллар хүртэлх ширээний бооцоотой өрөө ч байдаг гэнэ.

Ер нь манай монгол эрчүүдэд тал нутгаас уламжилж ирсэн нэг сонин зан чанар бий. Эрт үеэс монгол эрчүүд даалуу тоглодог байв. Архийг аль ч үед тааваараа хүртэж ирсэн. Дээр нь мал хулгайлдаг гэмтэй. Энэ нь бараг тал нутгийн соёл болж “хөгжсөн” гэхэд хилсдэхгүй. Харин орчин үед монгол эрчүүдийн сонирхол казино болж хувирчихаад байна. Үнэндээ манай төрийнхнөөс гадаад руу томилолтоор явдаг хэн бүхэн очсон газраа казиногоор “айлчилдаг” уламжлалтай. Монголдоо болохоор сөрөг хүчин, МАНАН гэж ирээд талцаад алалцахдаа хүрдэг улс хилийн дээс алхаад л найз нөхөд болчихдог. Үүнийг ч Д.Эрдэнэбат гишүүн “Харийн оронд бид нэг л монголчууд, түүнээс аль нэг намын ялгаа байдаггүй” хэмээн батална лээ. Тэгэхээр зэрэг намчирхана, намаараа ялгарна гэдэг бол ард түмэнд зориулсан жүжиг гэдэг нь ингэж батлагдаж байна. Гэтэл аймаг, сумынхны намчирхал ямар билээ. Эхнэр, нөхөр хоёр намаас болж салж байсан удаатай шүү.

Манайд Казиногийн хуулийг хуудуутай найруулахаас эхлээд хилийн чанадад энд тэнд казинодсон төрийн түшээд манайд тоймгүй олон. Монголд ч байсхийгээд тэр гишүүн казиноджээ гээд л дуулддаг. Казинотой холбоотой зартай нэгэн явдал 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар батлагдсан Казиногийн тухай хууль юм. Хуулийн төсөл санаачлагч нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Энхбаатар байв. Зартай гэдэг нь тухайн үед УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хуулийн төслийг оруулж ирээд гишүүдийн олонхын саналаар батлуулж чадсан байдаг. Тэгээд зогсохгүй Казино байгуулах тендер зарлан “Мон-Макао” гэх компанийг шалгаруулсан. Харамсалтай нь тендер шалгаруулалтын үеэс булхай илэрч, Казиногийн хууль санаачлан батлуулсан Д.Энхбаатар, Д.Баттулга нарын гишүүд “Мон-Макао” компанийнхнаас авлига авсан болж таарснаар шүүхийн шатанд очсон түүх бий. Түүнээс улбаалж Казиногийн хуулийг ч хүчингүй болгосон түүхтэй.

Казинотой холбоотой бас нэг томоохон дуулиан нь “Хадгаламж” банкийг 14.2 тэрбум төгрөгөөр тавьж казинодсон явдал юм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр тус банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнтэй хамт БНСУ-ын “Волкер Хилл”, “Севен Лак” казинод тоглож алдсан шуугиант хэргийг монголчууд мартаагүй. Ингээд зогсохгүй казинодогчид манайд Төрийн тэргүүнээсээ л эхэлдэг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын казино тоглож буй зураг одоо сошиал сүлжээнд байршсан хэвээр. УИХ-ын гишүүдийн цуваа Д.Загджав, Д.Зоригт, Ц.Дашдорж, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, О.Чулуунбат агсан, С.Жавхлан гээд л үргэлжилнэ. Төрийн яам, агентлагийн дарга нар ч казино тоглож байхдаа гэрэл цохиулсан тохиолдол олон. Сангийн яамны газрын дарга Х.Пүрэвсүрэн, Татварын ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан, хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ нар мөрийтэй тоглосон нь ил болсон юм. Төрийн түшээд, дарга нар мөрийтэй тоглосон хэргээр хариуцлага хүлээсэн нь тун цөөн. ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ нар л ажлаас чөлөөлөгдөж, хариуцлага хүлээх шиг боллоо.

Угтаа бол Монгол Улсад казиног хориглосоор ирсэн нь учиртай. Товчхондоо казино мөнгө угаах хамгийн том хэрэгсэл. Казино тоглогчид нэгэндээ хожигдож хувь хүртэнэ, эсвэл казинод асар их орлого оруулаад буцааж хувь авна. Аль, аль нь төр засагт хортой хэлбэр. Тиймээс төр засгаас төрийн түшээд, төрийн албаныхныг хил даваад ард түмний мөнгөөр казино тоглохыг хориглохоор нэлээд хүч үзэж байгаа. Эрүүгийн хуульд Монгол Улсын нутагт казино хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн гурав дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн билээ.

Тэгвэл энэ удаагийн дуулиан их л ноцтой нөхцөл байдлыг дагуулж мэдэхээр байна. Австралийн казинод хамт орсон гишүүдийн байр суурь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй харагдаж байна. Д.Тогтохсүрэн гишүүн “Огт тоглоогүй, сонирхоод л гарсан” гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн “Чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг бодохгүй хүн байхгүй. Бидэнд казино тоглох ч мөнгө байгаагүй” гэсэн нь анхаарал татна. Яаж ч бодсон нэг улсын парламентын гишүүн халаасандаа 100 долларгүй гадаад томилолтоор явна гэж байх уу. Тэр тусмаа казино “сонирхох” хөтөлбөртэй явсан гишүүд хамгийн түрүүнд мөнгөө бэлдсэн, эсвэл тэднийг газарчлагч бэлдсэн байх нь гарцаагүй.

Нөгөө талаар тэдний дуу дуугаа авалцан хийж байгаа тайлбараас “Монгол Улсад Казиногийн хууль батлагдахад зориулж сонирхсон” гэх утгатай тайлбар байгаа. Үнэндээ үүн шиг худал зүйл байхгүй. Тэгж яривал биеэ үнэлэлтийг цэгцлэх хууль батлахын тулд Сөүлийн Ягааны гудамжинд очоод солонгос хүүхэн авах нь л дээ, манай гишүүд. Ингэж нэрээ баастаж байхаар “Казино тоглосон, хариуцлага хүлээхэд бэлэн” гээд л зоригтой ярьчих ёстой юм. Казино тоглосон нь ярианаас нь илт, зураг дээрх төрх байдлаас нь ч тод харагдаж байхад яаж худлаа гүжирдэж чадаж байна аа. Тэгэх тэгэхдээ бүр улайрсан шинжтэй харцаар рулетын хүрдийг дагуулж харж байх шиг шинжийг Д.Тогтохсүрэн гишүүний зургаас харж болохоор байсан.

Тоглосноо тоглоогүй, сонирхсон юм гэж хүүхэд хуурч байгаа шиг тайлбарыг одоо монголчууд хүлээж авахаа больсон. Гэтэл төрийнхөн маань ард түмнийг басамжлан доромжилж, ялзарсан байдлаа улам тод харуулсаар байна. Тиймээс одоо эдгээр гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэхийг харах л үлдэж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаас казино тоглосон дарга нарыг өөрсдөө ч мэдээгүй байхад шуурхай ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Одоо УИХ-ын дарга Г.Занданшатар дагуулж явсан гишүүддээ ямар хариуцлага тооцохыг монголчүүд харж хүлээж байна. Казино тоглосон гэдгээс үл хамаарч тийшээ орсон л бол УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн асуудал яригдах учиртай. Нэг ёсондоо ёс зүйн зөрчил аль хэдийнэ үүсээд байна. Тиймээс эдгээр хүмүүсийг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор оруулах шаардлагатай байна.

Ер нь энэ төр засгийнхан хилийн чанадад Монголын татвар төлөгчдийн мөнгөөр казино тоглодгийг зогсоох хууль батлах шаардлагатай болсныг л удаа дараа сануулаад байна даа.

Б.ЭНХЗАЯА

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 23-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Жолоочийн даатгал- Гэрэгэ коиск” төслийн нээлт болно.

09.00 цагт Төрийн ордонд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэлнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮЭХ-нд “Нийгмийн даатгал-тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам” уулзалт болно. Утас: 99013768

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зээлгүй ахмадуудын түр хорооноос ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 1-ийн байранд “Эрүүл иргэн” аяны нээлт болно. Утас: 99774436, 80069400

12.45 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагаас 2019 оны авлигын индексийг танилцуулна.

13.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

16.30 цагт Багшийн хөгжлийн ордонд “Магдлалын онолын заах арга зүйн туршлага, хэрэглэгдэхүүн” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 86061497

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: “Шарын гол” ХК-иас нүүрс авах эсэх асуудлыг эргэж харна

-УРЬДЧИЛСАН СУДАЛГААГААР ЭГИЙН ГОЛ ДЭЭР УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
БАРИХАД УРСАЦЫН ХУВЬД НӨЛӨӨЛӨЛГҮЙ ГЭЖ ГАРСАН-

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Шарын голын нүүрсний уурхай “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээ өнгөрсөн долоо хоногт зогсоосон. Энэ тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороо хатуу үнэ тогтоох нь зөв үү?

-Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ талаар мэдээлэл авсан. Эрчим хүчний нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд дотроос Шарын голын уурхай хамгийн өндөр үнээр нүүрсээ нийлүүлж байгаа юм байна. Тухайлбал, Цахилгаан станцууд Шивээ-Овоогоос 29060 төгрөг, Багануурын уурхайгаас 33500 төгрөг, Шарын голоос 40500 төгрөгөөр эрчим хүчний нэг тонн нүүрсийг худалдан авч байна. Гэтэл үүнийгээ чамлаад өвлийн ид хүйтэнд нүүрс нийлүүлэхээ зогсооно гэж нийгмийн хариуцлагаа умартсан асуудал тавьж болохгүй. Үүний цаана Эрдэнэт, Дархан хот хөлдөх, цахилгааны үнэ нэмэгдэх асуудал яригдаж байгаа. Нөгөө талаар нүүрс тасралтгүй нийлүүлэх гэрээгээ зөрчиж байна. Нүүрсний төлбөрөө хийхгүй, өр авлага үүсгэж байгаа бол яамны зүгээс энэ тал дээр анхаарч өгнө.

Цахилгаан, дулааны үнэ бол бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөж байдаг суурь үнэ юм. Үүнд эрчим хүчний нүүрс, төмөр замын тариф шууд нөлөөлж байдаг. Тиймээс эдгээр үнэ, тарифыг зохицуулах үүрэг бүхий Эрчим хүчний зохицуулах хороог 2001 онд байгуулсан юм. Эрчим хүчний компаниуд ашгийн төлөө бус нийгмийн нийтлэг эрх ашгийн үүднээс бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. Хамгийн бага өртгийн зарчмаар үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн үг. Энэ агуулгаар үнэ тарифыг нь зохицуулж байдаг. Хатуу барьж байдаг гэсэн үг биш.

-“Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний хороо нүүрснийхээ үнийг нэмэх, цаашид зах зээлийн зарчмаар чөлөөлөх шаардлагыг тавьж байгаа…

-Нэг компанийн шаардлагаар эрчим хүчний нүүрсний үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Үүний цаана иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг суурь үнийн асуудал хөндөгдөнө. Нэг уурхайгаас болж цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг шуудхан хэлчихье. Цаашдаа энэ компаниас нүүрс авах эсэх асуудлаа бид эргэж харна. Одоохондоо Багануурын уурхайгаас зохицуулаад явж болно.

Мөн Сэлэнгэ аймгийн Улаан-Овоогийн нүүрсний ордоос Дархан, Эрдэнэтийн дулааны станцуудад нүүрс нийлүүлэх асуудлыг судалж байна. Үүнээс бид төрийн өмчийн нүүрсний уурхайнуудаа хувьчилж болохгүй юм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

-Эрчим хүчний салбар 2019 онд ямар ажлууд хийж амжуулав?

-“Ололт, амжилттай ажил болжээ” гэдэг үнэлгээг салбарын удирдлага дүгнэх бус харин олон нийт ч юм уу, салбарын хамт олны зүгээс өгвөл илүү бодитой харагдах байх. Тэр агуулгаар хандаж, олны талархал хүлээсэн ажлаас гэвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөөлсөн ажлуудыг эхэлж дурдах байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх түүхэн шийдвэрийг гаргасны дараахь нэг жилийн хугацаанд манай салбарын хамт олон жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа. Нийслэлийн 42 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг дөрвөн квт хүртэл нэмэгдүүлэн цахилгаан халаагуур ашиглах боломжийг бий болгож өгсөн нь нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулан Улаанбаатарын оршин суугчдыг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болголоо. Үүний зэрэгцээ шөнийн цахилгааны хэрэглээнд тарифын хөнгөлөлт давхар үзүүлж байна. Энэ бүгдээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд манай салбарын хамт олны үүрэг, оролцоо маш чухал байсан гэж хэлж болно. Эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 70-80 мвт-аар өсч байна. Энэ хэрэглээг хаах хүрээнд Дулааны IV цахилгаан станцын хоёр турбингенераторыг шинэчлэн 50 мвт-ын, Дарханы дулааны цахилгаан станцыг өргөтгөн 35 мвт-ын, Сэргээгдэх эрчим хүчний хүрээнд 90 мВт-ын шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулсан. Монгол Улсад анхны болох 330 квт-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж ашиглалтад оруулсан. Ингэснээр Оюу толгой, Цагаан суварга, Таван толгой болон Өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эрчим хүчний үнийн өсөлтөд шууд нөлөөлөн иргэдийг бухимдуулж буй дэмжих тарифыг өсгөхгүй, цаашид тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж өглөө.

-Тэгвэл энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна вэ. Энэ салбарын анхаарах, нэн тэргүүнд шийдэх асуудал нь юу байна гэж харж байгаа бол?

-Өнгөрсөн 2019 оны хувьд Эрчим хүчний салбарыг 2018-2023 онуудад хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн жил байлаа. Хөтөлбөрийн хүрээнд, найдвартай, тогтвортой, бие даасан ухаалаг эрчим хүчний системийг бий болгох суурь ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ бол нэн тэргүүнд манай эрчим хүчний системд шийдэх ёстой асуудал байгаа юм. Хөтөлбөрийн гол ажлууд хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, Эрдэнэ-бүрэнгийн 90 мвт-ын Усан цахилгаан станц, нийслэлд 100 мвт-ын батарей хуримтлуурын станц барьж байгуулах ажлуудын хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэн. Энэ онд ажлыг нь эхлүүлнэ. Мөн эрчим хүчний системийг ухаалаг болгох, системийн тогтворжилтыг хянах, хангахад чиглэсэн WAMS системийг нэвтрүүлээд байна. Системийн гол зангилаа 120 орчим цэгийг өнгөрсөн хугацаанд эхогоор хянадаг байсан бол одоо томографаар хянадаг болсон хэрэг. Энэ системээ цаашид улам хөгжүүлж эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангана.

2020 онд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц гээд хэд хэдэн нэмэлт эх үүсвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэнэ. Цаашид системийн горим зохицуулалтад ашиглах хурдан маневр хийх боломжтой шинэ эх үүсвэрүүдийг, тухайлбал, Усан цахилгаан станц, усан цэнэгт станц, хийн турбингенератор бүхий станц, өндөр хүчин чадлын батарей хуримтлуурын станцуудыг бий болгоход түлхүү анхаарна. Ингэснээр манай эрчим хүчний хараат бус бие даасан, удаан хугацааны аваарын саатал гарахгүй найдвартай систем бүрэлдэн бий болно.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил энэ жил эхэлж, ажил хэрэг болох нь ээ. Эрчим хүчний салбарт дэвшил авчрах энэ мэт төслүүдээ хурдан шуурхай явуулахад Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газрын хийж эхлүүлсэн гурван гол ажлын нэг нь эрчим хүчээ дотоосоо бүрэн хангадаг болох асуудал. Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтийг нь хүртэл шийдвэрлээд байгаа ажил бол Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалт юм. Одоо уг станцын ТЭЗҮ-г хийж дуусч байна. Түүнийг манай ШУТЗөвлөлийн хурлаар баталгаажуулсны дараа тендер зарлагдаж, гүйцэтгэгчийг сонгоно. Станцын бүтээн байгуулалтын ажилд таван жил зарцуулагдах байх. Ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа. Уг станц ашиглалтад орсноор Баруун бүс дотоодоосоо эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэх төдийгүй нэгдсэн системийн найдвартай ажиллагаанд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барихаар болжээ. Хаанахын ямар стандартаар энэ үйлдвэр босох вэ?

-Саяхан Засгийн газраас нийслэлийн дагавар сууршлын бүсүүдийн утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын зүүн бүсэд жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих шийдвэрийг гаргасан.

Шинэ үйлдвэртээ илүү өндөр технологийн “Евро стандарт”-ын түлш үйлдвэрлэх зорилгыг тавьж байгаа. Эхний хагас жилд багтаан барилгын ажлыг дуусгаж, ирэх есдүгээр сар гэхэд туршилт тохируулгыг хийж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ирэх жил илүү өндөр технологиор хийгдсэн шахмал түлшийг үйлдвэрлэж хэрэглээнд нийлүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлыг 70 хувь бууруулах зорилт тавьж байна.

-Нийслэлийн иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-“таван толгой түлш” ХХК нь жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өвөлжилтийн хэрэглээг ханган ажиллаж байна. Хоногт 3000 гаруй тонн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, дундын агуулах болон түгээлтийн цэгүүдэд хүргүүлж байгаа. Зарим томоохон байшинтай дулааны хэрэглээ өндөр айлуудыг эс тооцвол нийслэлийн айл өрхүүдээ гал алдуулчихгүй л өвөлжүүлж байна. Тиймээс одоо байгаа хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхэд нийслэл төдийгүй хотын зэргэлдээх гэр хорооллын суурьшлын бүсүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ.

-Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт төдийлөн нөлөөлөхгүй гэдэг. Энэ ажлыг урагшлуулах боломж бидэнд бий юү?

-Энэ бол манай эрчим хүчний салбарын хувьд маш чухал асуудал. өнөөдөр манай улс оройн 6-9 цагийн хооронд бүх айлууд гэрлээ асааж, плитка залгаж хоол ундаа хийхэд гэнэт үүсэж буй 150-200 мвт-ын цахилгааны хэрэглээг дотоосоо хаах боломжгүй тул ОХУ-аас импортолж зохицуулдаг. Орой бүр шүү. Манай нүүрсний станцууд ийм хүчин чадлыг шууд нэмэгдүүлж чаддаггүй. Ийм чадлыг дөрвөн цагийн дараа л гаргаж чадна. Харигн Усан цахилгаан станц, хийн турбингенеторууд кноп дараад л машин асаж байгаа мэт хурдан хугацаанд нийлүүлдэг. Ийм боломжийг манайд Эгийн голын усан цахилгаан станц л бий болгоно. Олон улсын хамтарсан багийн урьдчилсан судалгаагаар Эгийн гол дээр усан цахилгаан станц барихад урсацын хувьд нөлөөлөлгүй гэж гарсан. Одоо биологийн нөлөөллийн судалгааг хийх ёстой. Энэ зорилгоор олон улсын тендер зарлагдаж Францын компани шалгараад байна. Судалгаа хийхэд гурван жил шаардагдана. Харин хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй удааширч байгаагаас ажил нь хараахан эхлээгүй байна. Манай холбогдох байгууллагууд удахгүй шийдвэрлэх байх гэж найдаж байна. Энэ бол манай улсын хувьд чухал ажил юм.

-Цахилгааны үнэ цаашид нэмэгдэх үү?

-Энэ асуултыг надад бус Эрчим хүчний зохицуулах хороонд тавьбал илүү бодитой хариу өгөх байх. Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж 2001 оноос хойш эрчим хүчний үнэ, тарифын асуудлыг Засгаас холдуулсан. Тодруулбал, үнэ, тарифын асуудлыг төр болон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн гурван талын төлөөллийг багтаасан Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг хараат бус байгууллагаар тогтоож байхаар хуульчилсан юм. Одоо энэ зарчмаар л явж байгаа. Миний хувьд хэдэн хувь хөдөлгөсөн юм бэ гэж асуухаас цаашгүй. Тэдний гаргасан шийдвэрийг Засгийн газар авч хэлэлцэх ч эрх байхгүй. Надад ирсэн мэдээллээр өнгөрсөн онд зөвхөн алдагдлаа бууруулах хэмжээнд маш бага нэмсэн юм билээ. Харин одоо мөрдөж буй Эрчим хүчний тухай хуулиараа, сэргээгдэх эрчим хүчний буюу нар салхины эх үүсвэр шинээр ашиглалтад орвол, дэмжих тариф шууд нэмэгддэг. Өнгөрсөн жил нар, салхины 90 гаруй мВт-ын хүчин чадал бүхий дөрвөн станц ашиглалтад орсон нь үнэ өсөхөд нөлөөлсөн байсан. Энэ дэмжих тарифыг одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Одоо 120 орчим тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна. Нарны станцуудыг хязгаарлах, үнэ өртгийг нь бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үүнтэй бас холбоотой. Энэ хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цаашид өрсөлдөөний зарчмаар хамгийн бага үнийн санал өгсөн нь нар, салхины шинэ станц барьж байх зохицуулалтыг хийж өгсөн. ингэснээр цаашдаа цахилгааны үнийн өсөлтөд гол нөлөөлж буй дэмжих тариф өсөхгүй, тогтвортой байх хууль эрх зүйн орчин бий болсон.

Өнгөрсөн 2019 оны хувьд системийн хэмжээнд 14 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна. Ер нь борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байсан. Энэ хугацаанд валютын ханш 70 хувиар унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Айл өрхүүд дунджаар 50-60 мянган таграг төлдөг гэж бодоход энэ нь тухайн айлын нэг хүний л гар утасны төлбөр шүү дээ. Гар утасны төлбөр нэмэгдэхээр таг дуугүй байдаг атлаа бүх зүйлийг ажиллуулж байгаа цахилгааны үнэ жаахан нэмэгдэхээр бухимдаад унадаг. Энэ нэг талаар суурь үнэ бусад зүйлд нөлөөлдөгтэй холбоотой байх. Гэхдээ чухал салбараа унагачихбал бүр ч илүү хохирол амсана гэдгийг бас ухамсарлах ёстой болов уу. Өнгөрсөн жил аваар гарч хэдэн цагаар цахилгаан саатахад замын хөдөлгөөнөө ч зохицуулж чадахгүй болж байсан шүү дээ. Цахилгаангүйгээр гар утсаа ч цэнэглэж чадахгүй. Ийм л ач холбогдолтой салбар.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталж, томсгосон тойргоор явуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тойргуудыг шинээр хуваарилах нь мэдээж. Таны хувьд энэ өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би энэ сонгуулийн тогтолцоог дэмжиж байгаа. Нэгдүгээрт, нам дугуйлахгүй, нөгөө талаар иргэд мэддэг, өмнө нь ашиглагдаж байсан гэдэг агуулгаар дэмжсэн. Өмнөх сонгуулиудад дандаа иргэдийн хувьд мэдэхгүй шинэ хэлбэрийн тогтолцоог ашигладаг байсан. Түүнийг ойлгож ядаж байтал сонгуулийн дүн гарчихна. Дараа нь буруу сонголт хийлээ гэж дөрвөн жил зурагттайгаа хэрэлдэнэ. Ийм л байдлаар явж ирсэнтэй харьцуулахад нэг удаа саналаа өгөөд үзсэн мэдэх тогтолцоо юм даа. Улс орныхоо дөрвөн жилийн хувь заяаг шийддэг сонгуульд иргэдийн зөв сонголт маш чухал. Олон нийт сонгууль өгч сурч, туршлагажиж, ухаарч байна. Нэг удаагийн хоолны мөнгөөр худалдаж болохгүй, Үндсэн хуулиар олгогдсон дөрвөн жилд нэг л удаа олддог эрх мэдэл юм даа.

-Та Тэтгэврийн зээл тэглэхийг дэмжиж байв уу?

-Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэрийг сайд дагах хуультай юм билээ. Тийм учраас энэ талаар би тодорхой хариулт өгч чадахгүй нь. Харин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед байр сууриа илэрхийлж, гарах үр дагаврын талаар саналаа хэлсэн байгаа.

-Ер нь байгалийн баялгийг ард нийт, улс орондоо хүртээмжтэй байдлаар хүргэхийн тулд яах ёстой гэж та хардаг вэ?

-Маш чухал асуулт байна. Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг ард түмний мэдлийнх гэж заасан ч өнгөрсөн хугацаанд хэдхэн гэр бүл л ашгийг нь хүртээд өнгөрсөн. Саяын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр миний оруулсан “Стратегийн ордын 50-иас дээш хувийг ард түмэнд эзэмшүүлэх тухай” санал “дийлэнх ашгийг ард түмэн хүртэх заалт” болж өөрчлөгдөж орсон. Өмнөх гашуун түүхээс харахад бас л хэрэгжих магадлал муутай. Харин улс орныг удирдаж буй хүмүүс хуулийн заалтыг хэрэгжүүлье гээд сэтгэл гаргавал хэрэгжиж болно гэдгийг Ерөнхий сайдын зүгээс уул уурхайн ашиглалттай холбоотой авсан хэд хэдэн арга хэмжээ харууллаа гэж бодож байна. Тосон бумын нуруу, ноён уулаа хамгаалж үлдлээ, салхитын орд болон байгаль орчинд хор хохирол учруулж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан алтны ордуудын лицензийг цуцалж хурааж авлаа. Энэ Засгийн газрын үед хөвсгөл аймагт, ялангуяа нуурын сав газар ямар нэг уул уурхай эрхлүүлэхгүй гэдгийг зарлалаа. Өмнө аль ч Засгийн газрын үед ийм арга хэмжээ авч байсангүй. Эдгээр арга хэмжээ хариуцлагагүй, эмх замбараагүй уул уурхайг зохицуулах боломжтой гэдгийг харуулсан гэж бодож байна.

Олон нийтэд хүртээмжтэй байх асуудлын хувьд бол Стратегийн ордын 50-иас дээш хувь төрийн мэдэлд байж л хэрэгжинэ. Ийм замаар явж буй Чили, Норвеги, Ботсвани зэрэг улс орнууд байгалийн баялгаа ард түмэндээ хүртээж улс орноо хөгжүүлж, ард иргэддээ хүртээмжтэй ашиглаж байна. Манай орны хувьд үүний нэг жишээ бол Эрдэнэт юм. Оюу толгойгоос дөрөв дахин бага хүчин чадалтай атлаа хоёр дахин их татвар төлж төсвийн орлогын гол ачааг үүрч, зуу гаруй мянган хүнтэй хотыг чирж явна. Хамгийн чухал нь Монголдоо үлдэж байна. Гэтэл Оюутолгойн баялгийн орлогын 10 хүрэхгүй хувь л манайд үлддэг. Томоохон орд эзэмшиж байгаа манайхан болохоор оффшорт аваачаад мөнгөө хийчихэж байна. Манайх шиг зах зээлийн багтаамж бага, бизнесийн орчин муутай улс орны хувьд гол нийгмийн баялгаа төрд байлгаж, зөв менежемэнтээр удирдаж авч явах нь илүү үр дүнтэй. Ер нь гадныхан баялгийг нь төрөөс салгаж авахад хүнд хэцүү байдаг учраас хувьчлуулж хувь хүнээс салгаж авахыг зорьдог. Ялангуяа гадны хөрөнгө оруулалт гэж тархи угааж байгаад өөрсдийн мэдэлд авахыг илүүд чухалчилдаг. Энэ жишээ бол оюу толгойн хөрөнгө оруулалт юм. Тийм учраас манайх шиг бага буурай оронд хувьчлал гэдэг сайхан зүйл биш. Улс орноо зөв авч явах чадварлаг, хариуцлагатай, нийгмийн чиг баримжаатай олон нитийн эрх ашгийг эрхэмлэдэг төртэй байх л хамгийн чухал асуудал юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Чимэдцэеэ: Бээжинд анх очоод хятад хүмүүсийн талаарх бидний ойлголт буруу байсныг мэдсэн


Төрсөн нутагтаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Күнзийн институтийн Монголын талын захирал, доктор, профессор, хятад судлаач М.Чимэдцэеэтэй ярилцлаа.


ЦАСТ ЦАМБАГАРАВЫН ХҮҮ

-Таны бага балчир нас, унасан газар, угаасан уснаас ярилцлагаа эхэлье?

-Би Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат хүн шүү дээ. Урианхай ястан. Хуучнаар Ховдын хязгаарын урианхайн долоон хошууны нэг Зүтгэлт гүний хошууны хүн. 1925 онд сум байгуулагдаж, 1927 онд сургууль байгуулагдсан. Эртний түүхтэй нутаг орны нэг л дээ. Миний төрсөн газар бол Цаст Цамбагаравын бэл хормой. Манай Алтанцөгц сум бол гайхамшигтай нутаг. Хэдийгээр Монгол орны баруун хязгаарын жижигхэн суурин нутаг боловч маш их абшигтай. Цаст Цамбагарав хайрхан бол жирийн нэгэн уул биш. Хүүгээ ивээж байдаг тийм гайхамшигтай нутаг гэж хэлж болно. Яагаад вэ гэвэл манай Алтанцөгцийн тэр жижигхэн хонхроос, Цаст Цамбагаравын хормой бэлээс гайхамшигтай хүмүүс төрж гарсан. Ардын цолтон хоёр төржээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Бөхийн Бааст, мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын эмч Жалелийн Хайрулла гэж бий. Хөдөлмөрийн баатар тав төрөн гараад байна. Зохиолч баатар, эмч баатар, хоньчин баатар, барилгачин баатар, замчин баатартай. Нэг жижигхэн сумаас хөдөлмөрийн баатар тав төрөн гарсан ийм сум улсын хэмжээнд цөөн байгаа байх гэж бодож байна. Үүн дээр гавьяат эмч, соёлын гавьяат зүтгэлтэн гээд гавьяатууд нэмэгдэнэ. Бас Төрийн шагналтан хоёр төрсөн байдаг. Ингээд бодохоор энэ нутаг зүгээр нэг газар биш. Хишиг буян, хийморь хурсан гайхамшигтай нутаг гэж хэлж болно.

Би малчин айлын хүүхэд. Аав, ээж минь Алтанцөгц сумын “Социализмын зам” нэгдлийн малчид байлаа. Би сургуульд орон ортлоо мал малласан, хоньчин хүүхэд байлаа. Морин дэл дээгүүр хийсч хонь мал хариулж явж л өслөө. Миний бага нас Цаст Цамбагаравын зүүн, баруун талд, бэл хормойд нь өнгөрсөн. Тэр үеийн хүүхдүүдийн адил л миний бага нас хөдөө мал дээр өнгөрсөн түүхтэй.

Найман нас хүрээд Алтанцөгц сумын дунд сургуульд сурагч болсон.

-Хэдэн оны үе вэ?

-Энэ бол 1964 он юм.

-1974 онд аравдугаар ангиа төгсчээ?

-Баян-Өлгий аймгийн төвд хоёрдугаар арван жилийн дунд сургууль гэж ганц монгол сургууль бий. Одоо ч байна л даа. Тэр сургуулийг 1974 онд төгсч МУИС-д элсэн орсон.

-Ямар ангид вэ?

-Би багаасаа номд дуртай хүүхэд байсан. Уран зохиол, монгол хэлний хичээлдээ сонирхолтой байсан. Тэрнийхээ дагуу аравдугаар ангиа төгсөхдөө л МУИС-ийн монгол хэлний ангид орно гэсэн бодолтой байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа ирээдүйд сонгох мэргэжлээ товлочихсон байсан юм. Тэр үед МУИС-ийн монгол хэлний ангийн хуваарь жил бүр ирэхгүй, зарим жил өнждөг байлаа. Ирлээ ч ганц хуваарь ирдэг хэцүү байсан л даа. Харин Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид жил болгон гурваас дээш хуваарь ирдэг байсан. Тэр жил аз түшээд ч гэх үү МУИС-ийн монгол хэлний ангийн ганц хуваарь ирсэн. Бараг конкурсгүй шахуу тэр хуваарийг авч байлаа. Тэр хуваарь дээр надтай өрсөлдөх хүүхэд гарч ирээгүй. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөх шахуу юм болоод МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсч байлаа.

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА ХҮЙТЭН
БАЙХ ЦАГ ДОР ХЯТАД ХЭЛНИЙ АНГИД ОРЖ СУРАЛЦСАН НЬ

-Тэгээд хэзээнээс хятад хэл сурч эхэлсэн юм бэ. Монгол хэл, уран зохиолын ангид орсон мөртлөө ямар учраас хятад хэл судалсан юм бол?

-Тэр жил хоёрдугаар курсээ төгсчихөөд зуны амралтаараа гэртээ харьчихаад намар хичээл эхлэхэд оройтож ирсэн юм. Тэр үед Баян-Өлгийгөөс нааш ирэхэд онгоцны тийз олно гэдэг их хэцүү. Онгоцноос өөр унаагүй. Одоогийнх шиг хот хоорондын тээвэр гэж байхгүй. Онгоцны тийз олдохгүй, хичээлээсээ бараг арваад хоног хоцроод иртэл гуравдугаар курсийнхныг япон, хятад, монгол бичгийн, үндсэн анги гээд хуваачихаж. Гэтэл намайг аль ч ангид хуваарилаагүй байсан. Би сургуулийнхаа декан Чой.Лувсанжав багшдээр их л гэмшсэн хүн орж, учир байдлаа тайлбарлаад “Намайг монгол бичгийн ангид оруулах боломж байна уу” гэтэл “Чи яасан орой ирдэг нөхөр вэ. Бүх ангид оюутнуудыг хуваагаад дууссан. Монгол бичгийн анги дүүрчихсэн” гэж байна. Тэр үеийн деканы ширээн дээр дүнгийн хавтгай гэж далбагар юм байдаг байлаа. Тэр том дүнгийн хавтгайгаа харж байгаад “Чи нөхөөр, ерөөсөө хятад хэлний ангид орвол яасан юм” гэж байна. Тэгтэл тэр өрөөнд сууж байсан дунд эргэм насны хүн босоод “Энэ нөхрийг ерөөсөө хятад хэлний ангид авбал яасан юм” гэлээ. Тэгэхэд би хятад хэл гэж мэдэхгүй, хятад гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хятадын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тэр үед чинь Хятад Монголын харилцаа туйлын хүйтэн байсан үе. “Хятад улс Монгол Улсын нэг номерын дайсан улс” гэж сурталддаг байлаа. Хоёрдугаарт, хятад хэл, Хятад улсын талаар ямар ч мэдээлэл, ойлголт байхгүй. Хүүхэд юм чинь өөрийгөө хятад хэлэнд сонирхолтой ч юм уу, сонирхолгүй ч юм уу гэдгээ ч мэдэхгүй. Хичээлдээ хоцорч ирсэн хүн чинь буруутай, деканыхаа өөдөөс юм дуугарах эрхгүй. Тэгээд л ганцхан үзэгний үзүүр хөдлөх төдийд миний хувь заяа шийдэгдээд МУИС-ийн хятад хэлний ангид орчихсон юм. Надаас өмнө манай ангийн хоёр хүүхэд аль хэдийнэ хичээлдээ суугаад эхэлсэн байсан.

-хоёр оо. нийлээд гурвуулахнаа юу?

-Би нэмэгдээд гурвуулаа болсон. Уг нь дөрөв байсан юм. Нэг эмэгтэй оюутан сурч байсан ч “Энийг сурахаа болилоо. Хэцүү юм байна” гээд манай ангиас гарчихаж билээ. Бид судлах ёстой тухайн хэлээ үзэхдээ тус тусдаа суугаад үндсэн хичээлүүддээ ангиараа буюу хорин хэдүүлээ сууна л даа. Ийм маягаар би их сургуулийн хятад хэлний ангид сурсан хүн шүү дээ. Хожим нь багш болчихоод шавь нартаа байнга хэлдэг үгтэй болсон. “Хүний амьдрал гэдэг бол үзэгний үзүүр хөдлөх төдийд л шийдэгддэг зүйл. Тийм учраас та нар амьдрал дээр гараад янз бүрийн алба хашина. Тэр үедээ хүний амьдралтай холбоотой зүйлд үзэгний үзүүр хөдөлгөхдөө болгоомжтой хөдөлгөж байгаарай” гэж байнга захидаг. Яагаад вэ гэвэл миний амьдралд хоёр удаа тэгж үзэгний үзүүр хөдлөх төдийд л шийдэгдсэн үйл явдал болсон юм шүү дээ, үнэнээ хэлэхэд. ЗХУ-д Олон улсын харилцааны сургуульд явах болоход нэг багш зориудаар надад “Муу” дүн тавихад л миний бүх юм дууссан. Дараа нь манай декан үзэгний үзүүр хөдөлгөөд л “Хятад хэлний ангид хуваарилав” гэж бичихэд л би тэр ангид орсон.

Тухайн үеийн төр засгийн бодлогоор хятад хэлний анги байгуулж оюутан элсүүлсэн юм билээ. Би 1979 онд их сургуулиа төгслөө. Тэр үед их сургууль төгссөн хүнд нэг том зовлон байсан нь Улаанбаатарт үлдэх. Ирсэн газар руу нь буцаадаг байлаа шүү дээ. Надад ямар ч танил тал байхгүй, ямар ч татаас түлхээс байхгүй, энгийн нэг хөдөөний малчин ардын хүү. Намайг төгсөхөд “Чи хаана очих вэ”, “Ямар ажил хийх вэ” гэж асуугаагүй. Надад Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд ажиллах томилолт бичиг өгч билээ. Радио, телевиз, МОНЦАМЭ гээд бүгд нэг дор нэгдсэн том хороо байлаа. Тэнд сургуулиа төгсөөд л 1979 оноос хойш ажилласан хүн шүү дээ. Хятад хэл сурсан амьдралын минь түүх энэ.

-Монгол-Хятадын харилцааны хүйтэн үе, “мөсөн уул” бий болсон тийм үед муис-д хятад хэлний анги нээгээд оюутан элсүүлсэн гэдэг бол яалт ч үгүй төрийн бодлого байжээ?

-Тэр үеийн нам төрийн бодлого их тодорхой байжээ. Цаанаасаа бэлдсэн. Гэтэл бид мэдээгүй. Үүнийг сэдсэн хүн бол манай Чой.Лувсанжав багш л даа. Тэр хүн Бээжингийн их сургуулийг төгссөн, хятад хэлтэй, арван хэдэн гадаад хэл мэддэг, маш том эрдэмтэн байсан. Тэр хүн хөөцөлдөж явж япон, хятад хэлний анги бий болгох үүслийг тавьж, анги доторх ангийг анх нээсэн юм. Тэр завшаан нь бидэнд таараад хятад, япон хэлний ангид суралцсан хэрэг. Хоёрдугаарт, тэр үед хятад хэл сурна гэдэг туйлын хэцүү байлаа.

Монгол, Хятадын хооронд ямар ч харилцаа байхгүй. Шувуу нисэхээс өөрөөр энэ хооронд хэн ч наашаа цаашаа явахгүй тийм л үе байсан шүү дээ. Тийм болохоор бидэнд хятад хэлний мэргэжилтэй багш гэж байсангүй. Ном сурах бичиг огт байхгүй, хэлний ямар ч орчин байхгүй. ЗХУ-д 1950-иад онд хэвлэгдсэн “Хятад-Орос хэлний сурах бичиг”-ийг ашигладаг байлаа. Тэр нь ганцхан ширхэг. Бид гурав дундаа ганц номтой. Тэрийг хувилах, олшруулах машин техник байхгүй, зөвхөн гараараа л хуулна. Ийм үед бид хятад хэл суралцсан шүү дээ (инээв). Сайн багш нарын хүчээр сурсан юм. 1950, 1960-аад онд Хятадад сурч байсан янз бүрийн мэргэжлийн хүмүүс бидэнд багшилдаг байлаа. Хятад хэлний анхан шатны дөртэй болж, төгссөн л дөө. Гэхдээ амьдралын их сургууль дээр хятад хэлийг сурсан гэж боддог юм. МУИС-д бол анхан шатны, дөртэй болоод л төгсч байгаа шүү дээ. Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд 13 жил ажилласан. Энэ хугацаанд хятад хэлийг сайн судалж, тэнд л хүн болж хөл дээрээ зогсож, хятад хэлний суурьтай болсон байх.

-Тухайн үед таныг хятад хэл судалж, энэ чиглэлд ажилладаг байхад элдвээр ярих, сэрдэх юм байдаг байв уу?

-Яг үнэндээ социализмын үед тийм юм бага байсан юм шүү дээ. 1990 он хүртэл надаас нэг ч хүн “Чи хятадтай холбоотой юу”, “Чи хятадын эрлийз үү” гэх мэтээр асууж байгаагүй. Тэр үед хүн бүхэн ойлгодог байжээ. Энэ бол бэлтгэгдсэн хүн, бэлтгэгдсэн боловсон хүчин, хэлний мэргэжлийн хүн гэж. Харин 1990 оноос хойш тийм асуудал зөндөө гарсан шүү. Зах зээлд шилжээд задгайраад хүнийг сайн муугаар хэлдэг, удам угсааг худлаа хэлдэг, гүтгэдэг тийм юм их дэлгэрсэн.

-Та тийм дайралтад өртсөн үү?

-1990 оноос хойш зөндөө өртсөн. Намайг янз бүрээр хэлдэг, дайрдаг байлаа. Гэхдээ улайм цайм над руу чиглэсэн нь бага байсан. Зүгээр ганц хоёр сэтгэгдлийн хэмжээний тийм юм олж харж байлаа. Мэдээлэл радио, телевизийн улсын хороо гэдэг чинь том байгууллага байсан л даа. Тэнд чинь Монголын сор болсон хүмүүс ажиллаж байлаа. Өөрийгөө сор гэж хэлж байгаа юм биш шүү. Монголын том том дарга, сайдуудын олон хүүхэд тэнд ажилладаг байсан. Тэр хүүхдүүд гадаадын шилдэг сургууль төгсч ирдэг, гадаадын хоёр хэл мэддэг нь олон, 3-4 хэлтэй хүмүүс ч байдаг байлаа. Тийм өндөр боловсролтой залуучуудтай мөр зэрэгцэн ажилладаг байсан. Тэр утгаараа тэднээс маш их юм сурсан, тэднээс үлгэр дуурайл авдаг. Тэднийг дуурайдаг байлаа, бид. Тэр хүүхдүүд шиг байхсан, тэр хүүхдүүд шиг болохсон гэж мөрөөддөг байлаа. Тийм болохоор нэр хүндтэй том байгууллагын нэр хүнд бидэнд ямар нэг хэмжээгээр нялздаг байлаа.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын хамт

ХЯТАДАД АНХ ХӨЛ ТАВЬСАН НЬ

-Хятад оронд хэзээ анх хөл тавьж байв?

-Биднийг их сургуульд сурч байхад хятад хэлний ярианы хэл их дутагддаг байсан. Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд байхад хятадаас монгол руу, монголоос хятад хэл рүү орчуулга хийдэг байсан болохоор бидний бичгийн хэл харьцангуй сайн болсон байх. Ярианы орчин байхгүй, хятад хүнтэй огт харилцаж үзээгүй. Монголд байдаг орон нутгийн цөөн хэдэн цагаач хятадууд байдаг ч тэдэнтэй бид огт харилцдаггүй, харилцах боломж ч байхгүй. Цаг үе нь ч тийм байсан. 1980-аад он гараад хоёр орны харилцаа сайжирч, өнөөх “Мөсөн уул” дөнгөж л гэсэж, жаахан урь орох шинж тэмдэг илэрч байсан юм. Тэр үед Монгол-Хятадын хооронд соёл урлаг, спортын салбарт харилцаа сэргэж эхэлсэн. Улс төрийн салбарт ямар ч харилцаа байхгүй байсан үе. Сэргэж эхлэх үед хоёр орны Засгийн газар, Гадаад хэргийн яамд хооронд харилцан хэлний мэргэжилтэн, оюутан солилцох яриа хэлцлүүд явагдсан юм шиг байгаа юм. Монголоос Хятад руу явж хэлний чиглэлээр сурах хүмүүсийг сонгон шалгаруулах ажил хоёр, гурван жил үргэлжилсэн л дээ.

Мэдээлэл радио, телевизийн улсын хорооноос намайг, МУИС-иас Ж.Баясах багшийг, Шинжлэх ухааны хүрээлэн гээд лав л 4-5 байгууллагаас нэг нэг хүн сонгосон юм билээ. Сонгогдсон хүмүүсийн намтар, түүх, материалыг хатуу шалгуураар шалгасан байх. Ингээд Ж.Баясах багш бид хоёр тунаж үлдсэн байгаа юм. Тэгээд бид хоёр виз авахын тулд хоёр жил хүлээсэн. 1984-1986 оны хооронд. Гадаад хэргийн яаманд очдог ажилтай. Сүүлдээ танил болцгоосон.

1986 оны намар оройхон, аравдугаар сарын аравдаар виз гарч бид хоёр Хятад явахаар боллоо. Монгол-Хятадын соёлын салбарт мэргэжилтэн, оюутан солилцоо тасраад 26 жил болсны дараа Монголоос анх удаа Хятад руу тэр сурахаар явсан анхны хүмүүс нь бид хоёр болж байлаа.

Тэр үед Хятад руу онгоц нисэхгүй. Галт тэрэг долоо хоногт хоёр удаа явна. Галт тэрэг нь их сонирхолтой явна аа. Сууж явсан вагоныг маань Эрээн гаргаад, Эрээнээс Хятадын орон нутгийн вагонд залгаад хоёр өдөр шахуу яваад Бээжинд хүрдэг байлаа. Намар оройн зэвэргэн, хүйтэн сэрүүн орчихсон тийм өдөр бид хоёр Бээжинд анх удаа хөл тавьж байлаа.

-Тэр үед бээжингийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бээжинд бид хоёроос өөр гадуур суудаг нэг ч монгол хүн байхгүй. Элчин сайдын яаманд дөрөв, таван монгол айлын арваад хүнтэй. Тэд Элчин сайдын яаман дотроо л байх ёстой. Бид хоёр хотын баруун хойд захад Бээжингийн хэлний их сургуулийн оюутны байранд очсон доо. Элчин сайдын яамныхан чөлөөтэй орж, гарч болохгүй. Гарч, орохдоо цагаа тэмдэглүүлдэг байсан шүү дээ. Харин бид хоёрт ямар ч хориг саад байхгүй. Хаа дуртай газраа тэнэж болдог байв (инээв). Тийм үе байсан даа. Бээжингийн хэлний их сургуульд 1986, 1987 онд хятад хэл суралцсан.

-Хятад хүнтэй ярилцах байтугай, уулзаж ч үзээгүй монгол залуус бээжинд очиход хэр байв. мэдээж хэл усыг нь мэддэг байсан учир ойлголцоход хялбар байсан байх?

-Анх очиход их сонирхолтой байсан. Бид Хятадын тухай зөндөө ярьсан, бичсэн, уншсан. Гэтэл бидний мэдэж, дуулсан, уншсан бүгдээс бодит байдал их зөрсөн. Бас үнэний хувьтай ч юм байсан. Гэвч ихэнх нь үзэл суртлын улмаас худлаа байсныг мэдсэн. Ялангуяа хятад хүмүүсийн тухай бидний ойлголт тэр үед их буруу байжээ. Хятад хүн гэж аюултай амьтан, хөх хувцас өмссөн, их ядуу зүдүү амьдардаг, гудамжны ногоогоо түүж иддэг гэх мэтээр ялангуяа хятад хүний тухай буруу зөрүү ойлголт маш их байсныг мэдсэн. Очоод нүдээр үзэхэд их өөр. Олон сайхан эрдэмтэн, профессор, мундаг багш нар хичээл заана. Их гоё юм ярьцгаана. Монгол оюутанд элэгсэг сайхан хандана. Бид хоёрыг “Олон жилийн дараа ирсэн хоёр монгол” гээд их найрсаг хандана. Нэг багш маань хичээлийн дараа бид хоёрын оюутны умгар өрөөнд ирж, хятад хэлний давтлага хийлгэдэг байлаа. Хоёрдугаарт, бид хоёр тэнд чөлөөтэй байсан учраас олон хүнтэй уулздаг, хятад оюутнуудтай ярилцана, Бээжинд өөр орнуудаас ирсэн оюутнуудтай найзална. Бас Бээжин хотод амьдарч, ажилладаг өвөр монгол ахан дүүс нартайгаа танилцана. Тэдэнтэй байнга уулзана. Тэд бидэнд монгол бичгээр хэвлэгдсэн сайхан номнууд олж өгнө. Маш дурсамжтай сайхан үе тэгэхэд өнгөрсөн юм. Бид хоёр Өвөр Монголын олон сайхан найзтай болсон. Тэд биднийг Хөх хотод урилаа. Тэр үед Өвөр Монголд Ар Монголоос нэг ч хүн байгаагүй. Бид хоёр Элчин сайдын яамандаа хэлэхгүйгээр орон нутгийн галт тэргэнд суугаад Хөх хотод очлоо. 1987 онд би 30 настай байжээ. Хоёр орны харилцаа дөнгөж сэргэж эхэлж байсан, хүмүүсийн сэтгэл дотор айдас түгшүүр маш хэвээр байсан үе л дээ. Тийм учраас биднийг угтаж аваад Хөх хотын захад нэгэн хэрмэн хашаан доторх хуучин муу байшинд олон сайхан залуучууд цугларчихсан байсан. Бид шөнөжингөө хоол идэцгээж, ярилцаж сууцгааж билээ. Монголын талаар мэдэх асар их сонирхолтой. Бид хоёр Монголынхоо тухай ярьж өгнө. Бид Өвөр Монголд тэгж анх удаа очиж байсан юм.Тэгэхэд уулзаж байсан залуус одоо том том эрдэмтэн, доктор, профессорууд болчихсон. Хааяа нэг тааралдаж, тэр үеэ дурсаж ярина аа. “Цаг үе нь тийм байж дээ, мөн ч сонин цаг байжээ” гэцгээдэг юм.


Categories
мэдээ цаг-үе

Тамүра Эрико: Монгол, Япон хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарна


ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрикотой ярилцлаа.


-Та Монголд ирээд хагас жил болжээ, монголчуудын онцгой сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэвэл юуг онцлох вэ?

-Япон хэл төгс эзэмшсэн, манай улсад элэгтэй хүн олон байгаад гайхсан шүү. Японд монголчуудын талаар төдийлөн сайн мэддэггүй, би ч ялгаагүй ирэх хүртлээ мэддэггүй байлаа. Манай улсад Монголыг сумо бөх, өргөн уудам тал нутгаар л төсөөлдөг хүн олон. Монголчууд найрсаг, санаа бодлоо шууд илэрхийлдэг, ойлгомжтой харьцдаг улс шиг санагдсан. Япончуудаас ялгарах өөр нэг тал нь уян хатан байдал. Япон хүн ямар нэг юм төлөвлөсөн бол өөрчлөх боломжгүй гэсэн хандлагатай бол монголчууд төлөвлөгөөний өөрчлөлтийг уян хатан хүлээн авч, нөхцөл байдалдаа тааруулан шийдвэр гаргах чадвар өндөртэй. Гэхдээ энэ нь эсрэгээрээ хүндрэлтэй санагдах тохиолдол ч гардаг л даа. Жишээ нь, япон хүн ямар нэг ажлыг эртнээс төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг бол монгол хүн ихэвчлэн цагийг нь тулгаж байгаад богино хугацаанд гүйцэтгэдэг. Төсөл хэрэгжүүлэх явцад бидний нэвтрүүлсэн арга технологи, ноу хауг нэг нэгэндээ дамжуулах, өөрөөр хэлбэл ажлын уялдаа холбоо талдаа учир дутагдалтай санагдсан.

-Та Монголд ирээд хэр аялав?

-Амралтын өдрүүдээ Улаанбаатарт ойрхон салхинд гарах, Тэрэлжид очиж морь унах зэргээр өнгөрөөдөг. ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслүүдийн дийлэнх нь Улаанбаатарт төвлөрдөг учир хөдөө орон нутаг руу зөвхөн аялахаар л явж байсан. Сайншанд, Өмнөговь, Хөвсгөл нуур, Сэлэнгэ, Хархорин, Цэнхэрийн рашаан, Увс аймгуудад очиж үзсэн. Хөвсгөл нуурын мөсний баяр өвөрмөц, сонирхолтой санагдсан. Японд үүнтэй төстэй баярууд болдог л доо. Гэхдээ Хөвсгөлийн мөсний баяр маш өргөн хүрээтэй, байгалийн сайхныг бишрүүлсэн баяр юм билээ. Иймэрхүү эвентийг гадаадад сайн сурталчилбал жуулчдын тоо нэмэгдэх байх шүү. Монголд гайхалтай сайхан газар олон ч харамсалтай нь Японы аяллын хөтөч номнуудад хангалттай мэдээлэл байдаггүй.

-Үзэсгэлэнтэй, гайхалтай газар олон ч гадныханд мэдээллээ хүргэж чаддаггүй учраас жуулчид ирэхгүй байна гэж та сая хэллээ. Жуулчдыг татахын тулд бид мэдээлэл хүргэхээс гадна өөр юу хийх ёстой бол?

-Ийм сайхан байгаль, өвөрмөц газруудтай мөртлөө илүү олон жуулчныг яагаад татаж чадахгүй байна вэ гэсэн асуултад олон шалтгаан бий байх. Бусад оронтой харьцуулахад аялал жуулчлалын зөөлөн дэд бүтэц хараахан сайн хөгжөөгүй санагдсан. Жишээ нь, одоогийн нисэх буудал дээр гэхэд гаднаас ирсэн хүмүүс онгоцноос буумагцаа зочид буудал, хотын төв рүү явах таксины талаар англи хэл дээр мэдээлэл авах боломж маш бага юм билээ. Аялал жуулчлалын тур компаниудаар дамжуулаад өндөр үнэ төлөөд ирэх тохиолдолд сайхан аялж болох ч жирийн оюутан юм уу, залуус Монголыг сонирхоод хөнгөхөн аялъя гэхэд мэдээлэл хангалттай байдаггүй. Үүнээс гадна итгэлтэй жолооч, хөтөч олоход хэцүү санагдсан.

-Шинэ нисэх онгоцны буудал 15 жилийн хугацаанд Японы менежмэнтийн гэрээтэй ажиллана.Энэ төсөл дээр ажиллаж байгаа япон хүний хувьд асуух нэг зүйл байна, япон маягийн менежмэнтийн онцлог нь юу бол?

-Япон маягийн менежмэнтийн хувьд нэлээд хэдэн онцлогтой. Хамгийн гол нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг чухалчилдаг. Нисэх буудал бол зөвхөн онгоцонд суух газар гэж хардаггүй. Ресторан, дэлгүүр олонтой, жуулчдын сонирхлыг татах үйлчилгээтэй байхад анхаардаг. Японд жишээ нь, дотроо массажны газартай буудал их байдаг, онсэн гэж нэрлэдэг япон маягийн халуун усны газартай буудлууд ч бий. Зарим нисэх буудлуудын тухайд зөвхөн жуулчдаас гадна орон нутгийн иргэд нь амралтын өдрүүдэд очиж онгоц хөөрөх буух агшинг харангаа гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлдэг. Миний төрсөн нутаг Японы хөдөөний нэг жижиг хот л доо. Манай хот жижиг нисэх буудалтай. Тэндээ орон нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг худалддаг юм. Мөн манай нутгаас Японы үлгэр домгийн сүнслэг амьтдын тухай бичдэг алдартай манга/зурагт ном/ зохиолч төрсөн. Нисэх буудлынхаа дотоод заслыг түүний зохиолоос сэдэвлэсэн байх жишээтэй. Жижиг буудал ч гэсэн өөрийн онцлогоор зорчигчдыг, жуулчдыг татна гэдэг энэ л дээ. Ер нь шинэ нисэх буудалд япон маягийн менежмэнт нэвтрүүлснээр жуулчдын сонирхлыг татаж чадахуйц газар болно. Үйлчилгээний түвшин дээшилснээр Улаанбаатарын нисэх буудлыг сонирхох агаарын тээврийн, аялал жуулчлалын компаниудын тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Одоогийн Чингис хаан нисэх буудал жилд нэг сая 400 мянга орчим зорчигч үйлчлүүлэгчийг хүлээн авах хүчин чадалтай бол шинэ нисэх буудал хоёр сая орчим зорчигч үйлчлүүлэгчийг хүлээж авна. Одоогийн нисэх буудал нисэх онгоц зөвхөн нэг талаасаа хөөрч буух боломжтой учраас цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг цуцлагдах магадлал харьцангуй өндөр, нисэх буудлын ашиглалт 70 орчим хувьтай байгаа бол шинэ буудал хоёр талаасаа хөөрч буух боломжтой. Өөрөөр хэлбэл нисэх буудлын ашиглалт 100 хувьд ойртоно гэсэн үг. Нислэг цуцлагдах буюу хойшлох магадлал багассанаар зорчигч, жуулчдын тоо ч нэмэгдэнэ гэж үзэж байна.

-Шинэ нисэх буудалд ажиллах хүмүүсийг сургахад бас дэмжлэг үзүүлж байгаа гэж сонссон…?

-Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа энэ жилийн зунаас албан ёсоор эхэлнэ. Өнөөг хүртэл байгууллагын төлөвлөгөө, нисэх буудлын менежмэнт, засвар арчлалт, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг олон чиглэлээр хүний нөөцийг бэлтгэж ирсэн. Яг одоо бол аюулгүй ажиллагаа чухал учраас агаарын навигацийн чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж байна. Үүнээс гадна одоогийн нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахад Японы туршлагыг нэвтрүүлэхээр монголчуудтай хамтран ажиллаж байгаа.

-Нисэх буудлыг тойрсон орчны тохижилт дээр ямар төлөвлөлттэй ажиллаж байгаа бол?

-Та шинэ нисэх буудал дээр очиж үзсэн байж магадгүй. Юу ч байхгүй тал газар цоо шинэ бүтээн байгуулалт хийсэн. Монгол Улс далайд гарцгүй учраас өмнөд, хойд хоёр хөрштэйгөө газраар буюу төмөр зам, авто замаар ачаа тээвэрлэдэг. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор зөвхөн зорчигч тээврээр зогсохгүй бараа тээврийг ч агаараар хийх боломжууд нэмэгдэнэ. Одоогоор нисэх буудлын ойр орчимд бүтээн байгуулалт хийгдээгүй ч ирээдүйд ложистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах зэргээр эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

-Япон Монголын сургалтын эмнэлэгт иргэд ам сайтай байгаа. Энэ эмнэлэгт таны сая ярьсан япон маягийн менежмэнт тусгалаа олсон болов уу?

-Япон маягийн менежмэнт тусгалаа олсон. Таны асуусан эмнэлгийн хувьд Монголд анх удаа эмнэлгийн мэргэжилтний боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэхэд анхаарах их сургуулийн эмнэлэг болох юм. Японд их сургуулийн харьяа эмнэлэг олон бий. Зөвхөн улсынх л гэхэд 40 гаруй, хувийнх нь түүнээс ч олон. Өвчтнийг эмчлэхэд анхаарахаас гадна гэр бүлийнхэнд нь анхаарч байна. Жишээ нь, өвчтөний гэр бүлийнхэнд зөвлөгөө өгөх хэсгийг тусгайлан гаргасан. Өөрөөр хэлбэл, эмч сувилагч,нийгмийн ажилтан хамтран ажиллаж байгаа. Бага насны хүүхдүүдийн эмчлүүлэх өрөөнд ном дэвтэр, тоглоом байрлуулах зэргээр хүүхэд тайван байх орчныг бүрдүүлж өгөхөд анхаарсан.

-Монгол, Японы төвийг монголчууд хоёр орны иргэдийн харилцааны, оюутан залуусын мэдээллийн төв гэж ойлгодог. Монголчуудад Японы зах зээлд гарах, бизнес хий боломж олгох тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Монгол, Японы төв япон хэл, соёлоос гадна бизнесийн чиглэлээр бизнес эрхлэгчдэд зориулсан 30 орчим төрлийн бизнес сургалтуудыг зохион байгуулж байна. Бизнесийн үндсэн сургалтыг амжилттай төгссөн төгсөгчдөөс шалгаруулж Япон улсад дадлага сургалтад явуулж байна. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний Азийн хамгийн том экспо болох “FOODEX”-д Монголоос төлөөлөгчид оролцоход нь дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр сургалтаас гадна Япон компаниудтай бизнесийн уулзалт хийх боломжийг олгож байна. Японд бизнесээ дэлгэрүүлэх боломж монголчуудад нээгдсэн гэсэн үг. Монголд бизнес хийх сонирхолтой япон компаниуд ч нэмэгдэж байгаа. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, байгаль орчны чиглэлээр. Япон улс Монголоос ур чадвартай ажиллах хүчнээс гадна тусгай ур чадвартай ажиллах хүч авах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Ялангуяа халамжийн салбар, барилгын салбарт Монголоос ажиллах хүчин авах сонирхолтой компани олон байна.

-Японд гэрээгээр очиж ажилладаг, япон хүнтэй гэр бүл болсон олон монгол бий. Албан ёсоор гэрээгээр ажиллах хүч зуучлах ажил хэр явагдаж байгаа бол?

-Япон улс гадаадын улс орнуудаас Тусгай чадвартай ажилтан авах гэрээг есөн оронтой байгуулсны нэг нь Монгол. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед Японд сурах, япон хэл үзэх сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байж магадгүй. Мөн Япон дахь ажиллах хүчний хомсдол, эдийн засгийн байдлаас шалтгаалж Монголоос ажиллах хүч авах сонирхолтой компани нэмэгдэж байгаа.Токио хотоос гадна Кумамото муж, Хоккайдо муж зэрэг орон нутгаас Монголын ажиллах хүчийг сонирхсон хүмүүс нэлээд ирж байгаа гэж сонссон. Тэр дундаа халамжийн болон барилгын салбарт ажилтан авах сонирхол нэлээд байна. Зүгээр нэг ажиллах хүч болж ажиллах гэдгээс илүүтэйгээр Японд ажиллаж, сурч ирээд тэр туршлагаа ажил хэрэг болгоно гэвэл бид ч Монгол Япон төвийн үйл ажиллагаагаар дамжуулан дэмжиж ажиллах хүсэлтэй.

-ЖАЙКА бол Японы засгийн газрын олон улсын байгууллага. Японд удирдах түвшинд эмэгтэйчүүд цөөн гэсэн төсөөлөл нийтлэг. Тантай уулзахаас өмнө эмэгтэй дарга гэхээр надад их сонирхолтой санагдаж байлаа.

-Японд байгууллага удирдах түвшинд ажилладаг эмэгтэй маш цөөхөн. Эсрэгээрээ Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажилладаг, эмэгтэй удирдагч ч олон юм болов уу гэж санагдсан. Уг нь эмэгтэй хүн илүү нарийн мэдрэмжтэй, илүү санаа тавьдаг байх ёстой ч миний хувьд тэр тал дээр дулимаг. Бичиг цаасны тал дээр харин их няхуур ханддаг. Ямар ч бичиг баримтыг нэг бүрчлэн хянадаг болохоор ажилтнуудад маань хэцүү санагддаг байж магадгүй.

-Танай байгууллагад ажилладаг монгол эмэгтэйн голлох оролцоотой хэрэгжсэн хүний нөөцийг хөгжүүлэх ажил ЖАЙКА даяар үлгэр жишээ авахуйц ажил болсон гэж үнэлэгдсэн гэв үү?

-Манай төлөөлөгчийн газарт 12 япон ажилтан, 20 монгол ажилтан ажилладаг. Ихэнх нь эмэгтэйчүүд. Манайхан бүгдээрээ ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авах, ар гэрийн ажлаа зохицуулахаас гадна ажлын цагтаа аль болох их ажил амжуулж, богино хугацаанд үр дүнтэй ажиллах шаардлагатай нүүр тулдаг. Би энэ ажлаа авсны дараа монгол ажилтнуудтайгаа ярьж зөвлөөд, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөрийг сайжруулахад анхаарсан юм. Наад захын жишээ гэхэд л төслийн менежмэнт, харилцах ур чадвар, илтгэх чадвар зэрэг олон сэдвээр ажилтнуудаа сургалтад хамруулсан. Үр дүнд нь ажилтнуудын маань ур чадвар дээшилж, чанартай, бүтээмжтэй ажиллаж эхэлсэн. Энэ сургалтын хөтөлбөрийг боловсруулахад манай нэг монгол ажилтан голлох үүрэг гүйцэтгэсэн л дээ. Голлох үүрэгтэй ажилласан ажилтан маань 96 гадаад орнууд дахь Төлөөлөгчийн газраас сонгогдон ЖАЙКА-ийн Ерөнхийлөгчийн шагналаар шагнуулан сая 12 сард шагналаа гардан авлаа.Энэ нь ЖАЙКА-ийн хэмжээнд хүний нөөцийг хөгжүүлэхэд үлгэр жишээ болохуйц ажил гэж үнэлэгдсэн гэсэн үг юм.

-Япон, Монгол улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад бараг дөрвөн жил болчихлоо. Монгол компаниудад Японы зах зээлд гарах ямар боломж байна вэ, энэ тал дээр дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдсон хөнгөлөлттэй нөхцөлүүдийг ашиглаж, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлага бий. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт давуу талаа ашиглах хэрэгтэй. Мал аж ахуйн бүтээгдэхүүн дээр ярихад л одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд боловсруулж байгаа ч чанар, найдвартай байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий. Энэ тал дээр анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл импортыг орлох, цаашлаад экспортод гаргах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. Бүр цаашлуулж яривал шинэ нисэх буудал орчимд боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх юмсан гэж боддог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Ой, түүх, Скайтел ба бусад…” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019
оны тавдугаар сарын 17-нд
Төрийн ордонд нас барсан
хэрэг явдалтай холбогдуулж
талийгаачийн ар гэрийн
төлөөлөл, өмгөөлөгч нар өчигдөр анх
удаа албан ёсоор мэдэгдэл
хийсэн юм. Энэ тухай нэг, долдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь жагсаахад Орхон аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгисан үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар нэг, зургадугаар нүүрэнд нийтэллээ.

УИХ-ын гишүүн
Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой. Мөн улс төрийн хоёрдугаар нүүрэнд уламжлал ёсоор “Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл”-ийг нийтэллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Ой, түүх, Скайтел ба бусад…” нийтлэл хэвлэгдлээ.

“Бавгар” ХХК-иас
цагдаагийн хурандаа нар
бусдаас их хэмжээний
авлига нэхсэн тухай
мэдээллийг уржигдар
баримттайгаар дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн
ерөнхий газраас ажлын
хэсэг байгуулж, шалгалтын
ажлыг явуулж эхэлсэн байна. Энэ тухай 11 дүгээрж нүүрнээс уншаарай.

“Веритас партнерс”
хуулийн фирмийн өмгөөлөгч
Б.Мэргэнтэй хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад алдар төгс, жаргалан болно

Аргын тооллын нэгдүгээр сарын 23, Бархасбадь гариг. Билгийн тооллын 29, суулга одтой хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан 17:37 цагт жаргана. Энэ өдөр мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих зэрэг үйлд сайн. Урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөхөд сөрөг муу нөлөөтэй.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад алдар төгс, жаргалан болно.

Categories
мэдээ нийгэм

Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ижил санхүүжилттэй боллоо

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагат хэвтэн эмчлүүлэхэд 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол ЭМДҮЗ 28 дугаар тогтоолоор төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ижил санхүүжилттэй болсон .

Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ бүхий төрийн болон хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг 400 мянган төгрөг болгож санхүүжилтийг нэмэгдүүлсэн.

Ингэснээр даатгуулагчид маань төрийн өмчийн эмнэлэгт оочерлох шаардлагагүй бөгөөд өөрийн хүссэн хувийн өмчийн эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлэхээс гадна даатгуулагчийн халааснаас гарах зардал багасаж байгаа юм.

Мөн Уламжлалт эмчилгээ, Сувиллын тусламж, үйлчилгээ, Сэргээн засах тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110 мянган төгрөгийг хөнгөлдөг байсан бол 250 мянган төгрөгөөр хөнгөлдөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ-аас шаардлага хангаагүй 15 лабораторийг зарлалаа

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирус тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.

Шалгалтын дүнд 13 лабораторийн үйл ажиллагаа хангалттай гэж дүгнэгдэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн 15 лабораторийн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлжээ.

Эдгээрээс “Меданалитик”, “Протлаб”, “Гялс” гэх гурван лаборатори шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдан дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн үйлчилгээтэй ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020”-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлаар айлчилж байгаа билээ.

Энэ үеэрээ Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзав.

Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлигийн зүгээс хоёр орон түүхэн найрсаг харилцаатайг цохон тэмдэглээд хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн хэмжээ харьцангуй бага байгаа хэдий ч цаашид өргөжүүлэх, нэмэгдүүлэх боломж их байгаа ба энэ чиглэлээр ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал, Монгол Улсаас Турк Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, эрүүл ахуйн хорио цээрийн протоколоо байгуулж хууль эрх зүйн орчинг бий болгохоос гадна Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн үйлчилгээтэй ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс хөдөө аж ахуйн салбарын экспортын бодлогоо танилцуусан ба мал эмнэлгийн чиглэлээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж 2020 оны эхний хагаст багтаан Монгол орны баруун бүсийг малын өвчнөөр тайван бүс болохыг баталгаажуулах бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын зүгээс Турк Улсад арьс, шир экспортлох боломж, сонирхол их байгааг илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.