Categories
мэдээ нийгэм улс-төр

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг боловсруулж, хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1, Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталсан гэдгийг Байнгын хорооны дарга дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54,3 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр тогтов. Үүнд:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/бусад.

Ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Харин Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Монгол Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр тогтов. ТүүнчлэнМонгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус үүрэг болгохоор тогтлоо.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Н.Энхболд: Хил дээр тээвэрлэлт хийж буй Авто тээврийн жолооч нарт онцгой анхаарал тавьж ажиллана

Монгол Улсын Засгийн газар хуралдаж, шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан. Одоо УИХ-ын гишүүд Засгийн газрын мэдээллийг сонсож байна.

Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээллийг хүргэлээ.

“Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд оролцлоо. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр онцгой комисс хуралдаж, түүнээс хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, тодорхой шийдвэр гаргаад хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр ҮАБЗ хуралдсан, үдээс хойш Засгийн газар хуралдлаа.

Улсын онцгой комисс нөхцөл байдлын мэдээллээр тухай бүр хангаж, цаашид мэдээлэл солилцож, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Шаардагдах хөрөнгийн хэмжээг баталсан. Зарцуулаад явж байна. Хилийн боомт, хорио цээрийн бүсэд үүрэг гүйцэтгэж буй ажилтан албан хаагчдыг хамгаалалтын хэрэгсэл, эм бэлдмэлээр хангах ажлыг авч хэрэгжүүлж байна. Эмнэлгийн ажилтнуудыг дайчлан ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд коронавирусийн тохиолдол илэрсэн албан ёсны тоо мэдээ байхгүй байгаа. Голомтын бүсээс ирсэн, өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг тусгайлан байрлуулах байр бэлдсэн, холбогдох арга хэмжээг авсан. Шаардагдах санхүүжилтийн асуудлыг тухай бүр Засгийн газар шийдэж, нөөц сангаас хөрөнгө гаргаж шийдэж байна. Зам тээврийн хөгжлийн яамны шугамаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт хийж байна. Хятадаас Монгол Улсад иргэдээ авчрах, нэмэлт шаардлагатай техник хэрэгслийг хуваарилах ажлыг хийж байна.

Засгийн газар дөнгөж сая хуралдаж, зарим хилийн боомтуудыг хаах, үйл ажиллагааг нь хязгаарлахаар тогтоод байна. ДЭМБ-аас гаргасан сануулга, зөвлөмж, Хятадтай хиллэж буй улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд, онцгой нөхцөл байдалд дараахь шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

Монгол Улс БНХАУ-ын хилийн агаар, төмөр зам, бүх боомтоор БНХАУ-ын болон гуравдагч улсын иргэдийг хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд монгол Улс руу нэвтрүүлэхгүй. Бусад улсаас Монгол Улсдаа ирэх иргэдээ тодорхой хоёр боомтоор нэвтрүүлээд, түүнээс хойш Замын-Үүд, Эрээний боомтоор нэвтрүүлэх чиг үүрэг өгч байна. Хүчээ нэг газар төвлөрүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байна.

Хятадад байгаа, Монголдоо ирэх хүсэлтэй иргэдэд мэдээ хүргэхэд ирэх сарын 1-нээс хилээ хаах гэж байна. Зүүн, баруун талд хоёр боомтоор Монгол Улс руугаа нэвтэрч болно гэсэн саяын мэдээллийг ард гэр, холбогдох хүмүүс нь хүргэхийг хүсч байна.

Монгол, Хятадын хилийн дагуу авто замын боомтуудыг гуравдугаар сарын 2 хүртэл бүгдийг хаана. Зөвхөн Хятадаас Монгол Улсын иргэд ирнэ, бусад улсын болон Хятадын иргэд Монгол Улсад нэвтрэхгүй. Энэ хооронд Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтоор хил нэвтэрч байгаа вагон хуваарийн дагуу зорчино. Урдаас оруулж ирж буй итгэмжлэгдсэн, битүүмжлэгдсэн ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ.

Хил хаах нь сөрөг үр дагавартай. Мэдээж хэрэг дэлхий дахинд онцгой байдал зарласан өвчнийг улс орондоо оруулахгүйн тулд авч буй арга хэмжээ. Худалдаа арилжаа, хүнсний бүтээгдэхүүний, Монголоос гаргаж буй, төсвийн орлогыг нэмэгдүүлж буй нүүрс тээвэр зэрэг хуваарийн дагуу хийгдэнэ. Хил дээр тээвэрлэлт хийж буй Авто тээврийн жолооч нарт онцгой анхаарал тавьж ажиллана. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод ажиллаж буй жолооч нар ажилладгаараа ажиллана. Бүтээгдэхүүн гардгаараа гарна. Тэд хилийн дотор богино эргэлт хийж, Хятадын талаас бүтээгдэхүүнийг ирж авдаг, манайхан буцдаг дэглэмд ороод явж байгаа.

Categories
мэдээ

Авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлнэ

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Ололт амжитын түлхүүр” ХХК-тай хамтран олон улсын менежментийн тогтолцоог монголд нэвтрүүлэх гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ISO 45001, ISO 9001 стандартуудыг авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нэвтрүүлэх юм байна.

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль хангалттай байдаг. Гэвч үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй байна. Сүүлийн хоёр жилд авто замын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоор хоёр хүн нас барж, найман хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Ослын шалтгаан нь уналт, нуралт, ажил олгогчдын мэдлэг хандлага, механизмийн эвдрэл, тэмдэг, тэмдэглэгээний стандартын зөрчил зэргээс болж байна. Ажилчид өвөл, зуны улиралд их задгай ажилладаг учраас ийм нөхцөл байдал үүсэх нь ихэссэн. Мөн авто замын компаниуд ослоо нуун нуун дарагдуулсан тохиолдол ч гарсан. Тиймээс авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх шаардлагатай юм” гэлээ.

Мөн тэрээр замын компаниудад олон улсын менежментийн тогтолцоог нэвтэрүүлэхийг уриалсан юм.

“Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн төлөөлөгч Б.Батхүү Бид 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулахдаа 20 мянга орчим хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулсан. Монголын уул уурхай, барилга, замын салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд байдаг. Монгол Улсын хэмжээнд 22500 осол ямар нэг шалтгаанаар дарагдаж байна гэсэн судалгаа бий. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр манай улсын замын салбар дэлхийтэй мөр зэрэгцэх, байгууллагын ажилчид алдахаас сэргийлэх юм” хэмээв.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
мэдээ улс-төр

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.31) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад идэвх, зүтгэлтэй оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлэв.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго нь хөгжлийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн. Энэ ч үүднээс “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт орсон. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн бодлогод тулгуурлаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдан, хэрэгжиж байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Их Хурлаас 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөөнд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудал тусгагдсан. Хаврын ээлжит чуулганаар уг асуудлыг хэлэлцэн баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт “амь” орж, бодитой, үр дүнтэй хэрэгжинэ. Ард түмний аж амьдрал, улс орны хөгжил дэвшил тууштай, нэг чигт тогтвортой хөгжих бололцоо бүрдэнэ. Гадаад дотоодын олон эрдэмтэн, судлаачдын дүгнэлтээр манай улсын ядуурал, хөгжлийн доройтол зэрэг олон асуудал бодлогын тогтворгүй байдлаас үүдэлтэйг харуулж байна. Үүнийг шийдэх томоохон гарц шийдлийг боловсруулсан нийт Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батална. Ингэхдээ ард иргэд, олон нийтийн оролцоог хангасан нээлттэй сонсгол,хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хэлэлцэн батлах болно” хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ. Үүнд,

1.Үндэсний нэгдмэл үнэт зүйл – “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”,

2.Хүний хөгжил – “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”,

3.Амьдралын чанар ба дундаж давхарга – “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”,

4.Эдийн засаг – “ДНБ-ий 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”,

5.Сайн засаглал – “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”,

6.Ногоон хөгжил – “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”,

7.Амар тайван, аюулгүй нийгэм – “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”,

8.Бүсчилсэн хөгжил – “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”,

9.Улаанбаатар ба дагуул хот – “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”

Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг тус тус эзэлж байна. Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур байдалтай байсаар байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажилласан байна.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богинохугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан талаараа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа

Categories
мэдээ нийгэм улс-төр

“Аэросити”, “Майдар” хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.31) “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өргөн мэдүүллээ.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах шаардлага тулгараад буй. Иймд нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн “Аэросити”, “Майдар” хотыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Аэросити хот нь олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжуудыг байгуулна. Тодруулбал, Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох юм байна.

Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түүнийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн зарим их дээд сургуулийг тус хот руу нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө буурч, эдийн засгийн тодорхой салбарууд тоггвортой хөгжих болон хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх боломжтой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт хүн амын 67 хувь буюу 2,2 сая нь хот, суурин газарт амьдарч байгаа. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1,4 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их дээд сургуулиудын дийлэнхи хэсэг нь буюу 88.5 хувь нь байршиж, түүнд нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байгаа талаар тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Galaxy Tab S6 5G таблетаа танилцуулжээ

Самсунг компани тав дахь үеийн сүлжээнд холбогдох боломжтой анхны Galaxy Tab S6 5G таблетаа танилцуулжээ. Өмнөд Солонгост өчигдрөөс худалдаалж эхэлсэн тус таблетын үнэ ойролцоогоор 850 ам.доллар аж. Энэхүү загвар нь өнгөрсөн онд гарсан Galaxy Tab S6 таблет дээр суурилжээ. Техникийн хувьд Snap­dragon X50 5G модемтой гэдгээрээ онцлог юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар: Гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэдийг хятад руу явахыг хориглох шийдвэр гаргалаа

Image result for Хилийн боомтууд

Засгийн газар ээлжит бусаар хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / БНХАУ-ын иргэд болон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх, БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-н хүртэл нэвтрүүлнэ. Мөн III сарын хоёрныг хүртэл Монгол Улсын иргэдийг хятад руу явахыг хориглох шийдвэр гаргалаа. Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй юм.

Categories
гадаад мэдээ

​Одон орон судлаачид нарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг буулгаж чаджээ

Одон орон судлаачид нарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг буулгаж чаджээ. Уг зургийг Хавай Мауй арал дээр байрладаг In­ouye телескопын тусламжтайгаар авсан юм байна. Энэ талаар In­ouye телескопын төслийн удирдагч Т.Риммеле “Бидний ашигласан телескоп нь 30 км нарийвчлалтай. Зурагнаас харахад нар нь маш олон алтлаг ширхэгээс тогтсон бүтэцтэй. Нэг ийм алтлаг ширхэг нь Франц улсын газар нутагтай тэнцэнэ” мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн халдварын бэлэн байдлын дэмжлэгт хяналт хийсэн болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны өмнөх хурлаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.

Тус хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  1. Харьяа эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийх /2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор/
  2. Томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах /Албан даалгаварын хугацаагаар/
  3. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө өгөх утасны дугаар, цагийн хуваарийг
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчилсэн утасны дугаарыг
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зөвлөгөө өгөх утасны дугаар, цагийн хуваарийг тус, тус ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
  1. Шинэ коронавирусын халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд тухайн нутаг дэвсгэрт ойр байрлах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулах төлөвлөгөө хийж ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
  2. “Старфлю” эмийн захиалгын саналыг ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
  3. Шилэн кабельд холбогдох шаардлагатай Өрхийн эрүүл мэндийн төвийн болон шаардлагатай компьютерийн судалгааг google form ашиглан ирүүлэх /2020 оны 02 сарын 05-ны дотор/
Categories
мэдээ нийгэм

Монгол, Өмнөд Африкийн Гадаад хэргийн яам хоорондын II Зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамд хоорондын II Зөвлөлдөх уулзалт 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ӨАБНУ-ын Претори хотноо боллоо.

Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Өмнөд Африкийн тал уул уурхайн салбар дахь ололт амжилт, туршлагаасаа манай улстай хуваалцах, нүүрснээс шингэрүүлсэн хий гарган авах технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар санал солилцож, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тус тусын улсад зохион байгуулагдаж буй олон улсын хурал, арга хэмжээнд төлөөлөгчдөө харилцан оролцуулахын ач холбогдлыг тэмдэглэв. Монголын талаас 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форумд Өмнөд Африкийн талаас төлөөлөгч оролцуулахыг урихад айлын талаас тус арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, бизнесийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоо мэдэгдэв.

Мөн хоёр тал Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаар боллоо.

2019 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 7,8 сая ам.доллар байснаас манай улс сүлжмэл эдлэл, ноолууран цамц, оношлогооны урвуул зэрэг 2,6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортлосон байна.