Categories
мэдээ нийгэм

Дарханчууд өнөөдөр, Налайхчууд ирэх даваа гарагт баярлана

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын зорчих хэсгийг аюулгүй болгож хөдөлгөөнийг нээх гэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнгөрөгч долоодугаар сараас 2019.07.15/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.

Дөрвөн сарын турш үргэлжилсэн зам засварын томоохон бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрээгүй ч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өнөөдөр /2019.11.01/ нээхээр болсон аж. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил дахин үргэлжлэх юм байна.

Олон жилийн турш эхлэл донхолтой замаар зорчсон Дарханчууд ийнхүү шинэ замаа өнөөдөр өлгийдөх нь. Харин мөн л энд тэндгүй нүх сүв, эвдрэл үүссэн замаар дүүрэг, хот хоёрын хооронд зорчиж арайхан ажил, амьдралаа залгуулж яваа Налайхчууд ирэх даваа гарагаас шинэ замаар сүнгэнэнэ.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээллэсэн. Өнөөдөр нээх байсан ч бүрэн тохижилт дуусаагүй гэх шалтгаанаар дахин гурав хоног хойшлуулж арваннэгдүгээр сарын 4-нд замыг нээхээр болоод буй.

Төслийн хүрээнд :

20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой

3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр

5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас

38 байршилд ус зайлуулах хоолой,

Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.

Мөн 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах ажил дуусах шатандаа орсон бол, тэмдэгний шон байрлуулах, шинэ гүүр рүү хэвтээ тэмдэглэл хийх ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Энэ жилийн их бүтээн байгуулалт, иргэдийн мөрөөдөл шахуу болсон хүлээлт энэхүү хоёр зам байлаа. Налайхын зам иж бүрэн, Дарханы зам хагас дутуу ч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган нээж буй гэдгийг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Эрх баригчдад Үндсэн хууль батлах шиг амархан зүйл байхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ 2020 оны төсвийг батлахаар хэлэлцэж эхлээд буй. Энэ жилийн улсын төсвийг харахад таны сонгогдсон Орхон аймгийн төсөв тун бага байлаа. Бага байгаагийн учрыг та юу гэж харж байна вэ?

-Орхон аймаг гурван УИХ-ын гишүүнтэй, тэд тус бүр долоон багтай. Миний тойргийн төсөв харьцангуй боломжийн байгаа. Нөгөө хоёр гишүүнээ муулж байгаа ч юм биш, сонгуулийн сүүлийн жил болоод ч тэр үү, тэд сандарч байх шиг байна лээ. Эрдэнэтээ бодох юм бол бага төсөвтэйг нь бодож бухимдаж байна. Эрх баригч намын гишүүд болох нөгөө хоёр гишүүн маань ажлаа хиймээр байгаа юм. Саяхны нэг судалгаагаар манай тойргийн арван хүний долоо нь миний хийсэн ажлыг мэдээд, нааштай байна гэнэ. Нөгөө хоёрын тойрог дээр очиход арван хүний зургаа нь намайг огт мэдэхгүй, муу ажилласан байна гэж дүгнэжээ. Тодруулбал, хүмүүсийн өмнөөс би хэлмэгдэж байгаа хэрэг. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан Д.Дамба-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байсан О.Содбилэг хоёрт ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байна. Швейцарьт амьдрахаа болиоч ээ гэмээр байгаа юм.

-Хэн Швейцарьт амьдарч байгаа гэж?

-Тэр залуу Монголд ердөө амьдрахгүй байна шүү дээ. Уг нь аав нь Эрдэнэтийн домог юмсан. Эрх баригч намын гишүүд учраас энэ хоёр гишүүн Эрдэнэтийнхээ төсвийг нэмэгдүүлээд ороод ирвэл сайн л байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадах уу?

-Эрх баригчид хамгийн амархан зүйлийг хийж чадахгүй болохоор уур хүрээд байх юм.

-Амархан гэдэг нь?

-Үндсэн хууль батлах чинь хамгийн амархан зүйл байхгүй юу.

-Харин ч хэцүү зүйл биш үү?

-Юу нь хэцүү байгаа юм. 56 хүний кноп байхад л болно шүү дээ. Таван нам байсан бол хэцүү л дээ. Таван өөр юм ярьж таарна. Дээрээс нь 20-30 хүнтэй сөрөг хүчин байвал бүр хэцүү. Тэд өөрсдийнхөө саналаа тавьж таарна. Гэтэл өнөөдөр надтай нийлээд найман нөхөр л сөрөг хүчин байна. Тэд жагсаалтын хууль оруул, Ерөнхийлөгчийг парламентаас сонго гэх зэргээр дуртайгаа л ярина.

Гэлээ ч бид мөрөөдлийн шинжтэй. завсарлага авах, дүгнэлт авах боломж байхгүй. Шинэ МАНАН мафийнхан маань урвагчдаараа дамжуулаад АН-ыг бүлэггүй болгочихсон. Тиймдээ ч эрх баригчдад үндсэн хууль батлах шиг амархан зүйл байхгүй. чадахгүй бол энэ нам байгаад ч хэрэггүй.

-Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хэрхэн авч үзэж байгаа юм бэ. Их ойлгомжгүй зохицуулалт орсон байна гэх шүүмжлэл байна л даа.

-Шинэ үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор 1995 онд анх удаа Эрүүгийн хуультай болсон юм. Тэр хуулийг хийхдээ америкууд тусалж байсан санагдаж байна. Дараа нь 2002 онд эрүүгийн хууль хийхэд германчууд тусалсан. энэ хуулийг хийхэд гадны мэргэжлийн байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэй байсан учраас алдаа харьцангуй багатай байв. Гэхдээ авах, гээхийн ухаанаар бодох зүйл ихтэй байсан юм. Гэмт хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж нэрлэсэн. ингэж нэрлэсэн хэрнээ нэг удаа хулгай хийхэд нэг жилийн ялтай, хоёр дахиа хулгай хийхэд үнийн дүнгээс үл хамаарч 10 жилийн ялтай болсон. үүнтэй холбоотойгоор хүүхдэдээ сүү авах гэж найзаасаа 500 мянган төгрөг аваад, залилангийн хэрэгт холбогдож 11 жилийн ял авчихсан эмэгтэйн кэйс ч бий. ийм харгис хууль гарсан. энэ хуулийг “Ц.Нямдоржийн хар хууль” гэдэг юм. Ц.Нямдорж хийчихсэн юм биш. Албан тушаалын хэрэг гэх заалтыг Ц.Нямдорж байхгүй болгочихсон юм. Тиймдээ ч 2002-2008 оны хоёрдугаар сарын 1 хүртэл албан тушаалтан авлига авахад ялгүй байсан. энэ утгаараа “Ц.Нямдоржийн хар хууль” гэдэг юм. харин 2015 онд орж ирсэн хуулийг Ц.элбэгдоржийнх гэдэг. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, х.Тэмүүжин нар хийсэн. Би тэднийг Соросын хэдэн гөлөг ч гэж хэлж байсан. зүүн Европт явж байгаад Соросын гөлөг болсон хэдэн нөхдүүд Монгол Улс дээр туршилт хийсэн мэт хууль оруулж ирсэн. Тэр үед уншаад болохгүй гэдгийг хэлж байсан. Би хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд байсан учраас тодорхой хэмжээгээр нөлөөлөх, ярих боломжтой байсан хэрэг. Гэтэл 2016 онд тэрхүү хуулийг алдааг засна гэж Нямдорж авч явангуутаа “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг л юм болгочихсон.

хуучин хуульд биеэ үнэлэх, орон байраар хангах, ажлын байрны дарамт нь гэмт хэрэг байсан. Гэтэл хуульд өөрчлөлт оруулснаар тэд гэмт хэрэг биш болчихсон. хөөн хэлэлцэх хугацааг ял шийтгэлийнх нь хугацаатай дүйцүүлсэн. Доод ялыг нь багасгачихсан. Мөн хамгийн аймшигтай нь 14 настай хүүхдийг биеэ үнэлэлтийн объект болгочихсон. үүнээс болоод 14 настай хүүхдийг жирэмсэн болгочихоод найман сарын л ял авч байна. энэ мэтчилэн эрүүгийн хуулийн зүйл, заалт бүр асуудалтай байгаа.

-Тэгвэл энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээр тусгаж байгаа юм бэ?

-Өргөн барьсан Эрүүгийн, зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг Д.Ганболд гишүүн ахалж байгаа. Намайг дэд даргаар тавиагүй. Ажлын хэсэгт оруулсан л гэсэн. Өргөн барьсан заалтууд нь болохгүй байна лээ.

-Гүтгэх хэргийг Эрүүгийн хуульд оруулж байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөө, хардах эрхэд халдаж буй хэрэг биш үү?

-Сэтгүүлчид үүнийг буруугаар ойлгож, гүтгэх хэргийг эрүүгийн хуульд орууллаа гэж байна лээ. Сэтгүүлч хардах, эх сурвалжаа нуух эрхтэй байж болно. Манайд буруу тогтолцоо яваад байгаа юм. Нотлох баримтыг олох нь цагдаа, нотлох баримтыг мөн гэдгийг батлах нь шүүх. Жишээ нь, сэтгүүлч нэг хүнийг улсын мөнгөөр гадагшаа явлаа гэж 15 удаа бичжээ. Гэтэл тэр хүн нь 15 удаа явчихаж. Сэтгүүлчийн зорилго нь 13, 15 удаа явсныг бичих нь гол бус төрийн мөнгөөр гадаадад зугаалаад байгаа тухай л юм. Гэтэл шүүх сэтгүүлчийг буруу нотлох баримт гаргасан байна гээд хоёр сая төгрөгөөр торгочихож байгаа юм. Явсан нь үнэн, тоо нь хамаагүй гэж хэлсээр байхад торгосон. Яг ийм тохиолдолд, сэтгүүлчдийг мэргэжлийнх нь хувьд гүтгэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй.

харин жирийн иргэд онц гэмт хэрэгт хүнийг гүтгээд байна. Жишээ нь, О.Магнай гээд алдартай улстөрч, Оюунболд гээд гурван нөхрийг 18 настай охиныг хүчиндлээ гээд худал сайтын нэрээр нийтийн сүлжээнд биччихэж байгаа юм. ингэж бичиж биднийг гүтгэлээ гэнгүүт, эцэстээ тэднийг О.Баасанхүү гүтгэсэн болчихож. Намайг ч бас давхар гүтгэчихэж байгаа хэрэг. энэ тохиолдолд би яах вэ. энэ тохиолдолд тэр хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тагнуул, Цагдаад нь хэлэхээр олохгүй юм.

Гүтгэх хэргийг эрүүгийн хуульд оруулахаар мөрдөн байцаах ажиллагаа болж, түүнийг эрэн сурвалжлах үүрэг нь үүсэх юм. Ийм биш тохиолдолд намайг гүтгэсэн хүнийг хоёр саяар торгуулахын тулд хэн гэдгийг нь би мэдэж байх ёстой болчихож байна. Эх сурвалж тодорхой бусаар хүнийг гүтгээд байна. иймэрхүү байдал хэрээс хэтэрсэн. Мөн гүтгэх хэрэг Эрүүгийн хуульд ороогүйгээс болоод хүссэн хүнээ гүтгээд хоёр сая төгрөгийг нь өгчихье гээд байна. Гэтэл гүтгүүлж буй хүний нэр хүнд, карьер яах вэ.

-Хятадын 800-гаад иргэн орж ирж, цахим гэмт хэрэг үйлдэж байжээ. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-ТЕГ-ын газрын мэдээл-лийг өнөөдөр л олж харлаа. Наймдугаар сард мэдэж л байсан юм байна. 800 болохоор нь ажиллагаа явуулсан юм байна л гэж ойлголоо. Визийг хэн өгсөн бэ гэдэг нь чухал л даа.

-Цахим гэмт хэрэгтнүүдийг ийн сүр дуулиантай барьж, хорих нь цахим орчинг хянах хуулийг батлах сэжим гаргаж байгаа хэрэг гэх таамаг байна л даа.

-үүнд ямар зорилго агуулагдаж байгааг би мэдэхгүй байна. хамгийн сонирхолтой нь манай Ерөнхийлөгчийн хажууд байдаг хэвлэлийн байгууллага түрүүлж мэдээллээ. Манай улстөрчид өөр, өөрийнхөө гараар тодорхой хэвлэлийг атгачихдаг юм шүү дээ.

-Та БНХАУ, Монгол Улс хоёрын хил дээр байгуулагдахаар яригдаж буй чөлөөт бүсийг дэмжиж байгаа юу?

-Би дэмжихгүй байгаа. Олон улсын худалдааны чөлөөт бүс гэж ойлголт байна. хил дамнасан, хоёр хилийн хоорондох чөлөөт бүс гэж байна. Манай ярьж байгаа нь хоёр хилийн хоорондох чөлөөт бүс. үүнийгээ гэрээгээр зохицуулж, хууль руу оруулж ирж байгааг нь би буруу гэж харж байгаа. Олон улсын гэрээгээр бол өөр хэрэг.

-Чөлөөт бүс байгуулах тухай олон жил ярьсан шүү дээ?

-Олон жил ярьсан зүйл нь их тодорхой. Тодруулбал, олон улсын худалдааны чөлөөт бүс байгуулах тухай юм. Гэтэл энэ удаагийнх хоёр улсын хоорондох чөлөөт бүс. энэ нь одоогийн Европын холбооны чөлөөт бүс шиг л юм. хоёр улсын хэнбугай ч байсан 30 хоногоор, дуртай үедээ тэр бүсэд орно гэж байна. энэ л асуудал байгаа юм. Уусна шүү дээ. үндэсний аюулгүй байдал талаасаа санаа зовох ёстой зүйл. Ярихдаа олон улсын худалдааны чөлөөт бүс гэчихээд гэрээндээ хоёр улсын хоорондын чөлөөт газар гэж яваад байгаа юм.

-2020 оны сонгуулийг хэрхэн харж байгаа вэ. Та МАХН-аасаа нэр дэвшинэ биз дээ?

-ирэх жилийн сонгуулийг гоё л болох байх гэж харж байна. МАхН-ыг суудалтай байлга гэж ард түмэн намайг дэмжсэн. Мэдээж энэ дөрвөн жилдээ би намаа солиод явчихгүй нь ойлгомжтой. Цаашдаа намын Их хурлаас, намын удирдлагуудаас намайг дэвшүүлье гэвэл дэвшинэ. Дэвшүүлэхгүй гэвэл тэр л биз. Тэр тохиолдолд өөр дэвшүүлэх намууд гарч ирвэл дэвшинэ. Би хоёр удаа ганцаараа байж үзлээ. 2012-2016 онд би ганцаараа байж үзсэн. Тэр үед даргад таалагдах байдлаар явсан бол би Шадар сайд, эрүүл мэнд, Батлан хамгаалах, Барилга, Сангийн сайд болох боломжтой байлаа. Би зарчим л ярьсан. “Бид МАНАН мафитай тэмцэх ёстой сөрөг хүчин. АН, МАН-тай хуйвалдаж луйвар хийхээ больё. хамгийн түрүүнд биднийг л буруутгана” гэж хэлж байсан. Тэр үед байсан 11 гишүүнээс өнөөдөр хэд нь шоронд орчихов гэдгийг бодох ёстой. Баянсэлэнгэ маань шоронд байж байна. Сономпил шоронд орчихлоо. Шийлэгдамба шоронд байж байгаад гарлаа. Оюунбаатар онцгүй байдалтай, хэл аманд холбогдчихсон байж байна. Нэг харахаар биднийг дээрэлхээд байгаа мэт. Гэхдээ эцсийн эцэст бид шударга байя гэвэл алдаагүй байх ёстой юм.


Categories
мэдээ цаг-үе

Атгасан гар шиг ангийнхан

Отгонтэнгэр их сургуулийн Олон улсын худалдааны менежментийн ангийн 2015 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” булан онцоллоо.

Тэртээ шинэ арваны эхэн 2011 онд Монгол орны газар бүрээс цуглаж Отгонтэнгэр их сургуулийн босгоор алхаж байсан жаахан хүүхдүүд өнөөдөр шилдэг боловсон хүчин болж бэлтгэгдээд ажиллаж байна.

10 эрэгтэй, 16 эмэгтэй оюутантай байсан Олон улсын худалдаан менежментийн ангийнхан асрамжийн газар очиж хүүхдүүдтэй хамт нэг өдрийг хамт өнгөрүүлж, аж байдалтай нь танилцаж байсан нь тэдний сэтгэлд тодхон үлджээ. Асрамжийн газрын хүүхдүүдтэй нэг өдрийг хөгжилдөж өнгөрүүлэхдээ ах дүү мэт дотно болсноо өнөө хэр дурсаж хоорондоо ярьцгаадаг аж.

Нийгмийн идэвхтэй энэ ангийнхан спортод ч манлайлагч. Отгонтэнгэр сургуулиас төрсөн спортын шилдгүүд олон. Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн энэ сургуулийн төгсөгч. Сагсчидаараа улсдаа алдартай энэ сургуулийн шилдэг баг нь ч энэ ангиас бүрддэг байжээ. Спорт, урлагийн тэмцээн, нийгэм рүү чиглэсэн ажилд алгасалгүй оролцдог байсан энэ хамт олон 2015 онд сургуулийнхаа шилдэг ангиар шалгараад төгсчээ.

Энэ талаар С.Түвдэн “Манай анги бүх талаараа жигд идэвхтэй анги байсан. Жишээ нь Отгонтэнгэр их сургуулийн оюутны лигийн “Шилдэг смит” багийн гарааны тамирчдын шилдгүүдийн тав нь манай ангийн хөвгүүд байсан. Сургуулийн оюутны зөвлөлийн дарга нь ч манай ангийн охин Б.Ану-Үжин байсан. Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэг, Эдийн засаг бизнесийн, Хууль зүйн гэсэн гурван салбар сургуультай. Энэ гурван салбар сургуулиас сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх зүтгэлээрээ өрсөлдөж 2015 онд буюу төгсөх үедээ шилдэг ангиар шалгарч байсан” гэлээ.

Оюутан ахуйдаа өдрийн тэн хагасыг спортын зааланд өнгөрүүлдэг байж. Тэд атгасан гар шиг эв нэгдэлтэй, нэг хүсэл зорилготой байдаг нь багийн спортын ач тус гэж ангийнхан хуучилж байна. Сагсан бөмбөгөөс тэд тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадварыг олж авчээ. Энэ чанар нь ажил дээр гарахад ч давуу тал болдог гэнэ.

Спортоороо манай ангийнхан сургуулийнхаа шилдэг нь. Харин төгсөх курсдээ ангийн бүх хөвгүүд хоорондоо ярьж байгаад сургуулийн сагсны шилдгийг шалгаруулах тэмцээнд тав таваараа хуваагдаж баг болж орохоор болсон. Энэ үед манай ангийн хоёр баг шөвгийн дөрөвт таараад нэг нь мултарч, нэг нь цаашаа тэмцээнээ үргэлжлүүлсэн. Энэ үед манай үргэлжлүүлсэн баг гуравдугаар байр эзэлсэн. Бидэнд ялах нь биш бүгдээрээ оролцох нь чухал байсан. Өмнөх жилүүдэд манай анги сургуулийнхаа шилдгээр жил дараалан аваргалж байсан болохоор төгсөх жилдээ бусдад боломж олгосон. Мөн ангийнхаа бүх хөвгүүдээ оролцуулж жигд оролцсон нь сайхан байсан хэмээн С.Түвдэн ярилаа.

Нэг ангийхан болж сэтгэл зүрх нь нэг зорилгын төлөө цохилох Олон улсын бизнесийн менежментийн ангийнхан одоо бүгдээрээ мэргэжлийхээ дагуу ажиллаж байна. Зарим нь гэр бүл зохиож үр хүүхэдтэй ч болжээ.

Нэгдүгээр курст ордог жилийн урлагийн үзлэгээр Х.Цолмонтуяа Монгол ардын бүжиг бүжиглэжээ. Энэ үед шүүгчид Х.Цолмонтуяагийн бүжгийг биш өмссөн гутлыг хараад инээлдэж байсан. Бүжиглэж байхдаа хоёр тийш хөдлөхөд нь гутал нь томдсон байсан учраас сугараад их инээдтэй харагдаж байсан. Бид Х.Цолмонтуяагийн гутал нь сугарсныг их ярьдаг. Энэ явдлаас хойш гуталт муур хоч авч үлджээ. Энэ бол оюутан ахуй насны гэгээхэн хэрнээ хөгжилтэй дурсамж хэмээн Э.Энх-Од ярилаа.

Г.Манлай “Камертон” хамтлагийн дуучин Болдын улаан фэн нь байсан гэнэ. Урлагт их хайртай, тэр дундаа дуулдаг оюутан байсныг дурсав.

Оюутан байх хугацаандаа нэг зорилгын төлөө сураад хамгийн сүүлчийн удаа мэргэжлийнхээ дагуу улсынхаа шалгалтыг өгөхөд нэг зүйлийн зааг дээр байгаа юм шиг мэдрэмж ангийнханд төрж байжээ. Хөдөлмөрийн зах зээл дээр өөрсдийгөө үнэлүүлж энэ салбарт гарах гэж байгаа нь баяртай байсан ч оюутны ширээнээс холдоно гэхээр сэтгэлд нь гуниг төрж байсан тухайгаа ярив.

Олон улсын худалдааны менежментийн атгасан гар шиг ангийнхаас гэр бүл ч төржээ. Э.Энх-Од Цогбаяр нар энэ хамт олон дунд танилцаж нэг гэрт оржээ. Анх нэгдүгээр курс ороод Цогбаярыг харахад хоёр гараагаа дүүрэн шивээстэй залуу байсан гэнэ. Шохоорхож харахаас илүү хоёр гараараа дүүрэн шивээстэй яасан аймаар залуу вэ гэсэн айдастай л харж байлаа.

Ер нь бол хүнд гар юм байна гэж бодсон. Дараа нь хичээл дээр нэг баг болоод ярилцахад хөөрхөн ааштай, хүүхдээрээ юм шиг, зөв залуу байсан. Түүнд нь би татагдаж байлаа. Тэгээд нэгдүгээр курсын шинэ жилээр бие биенээ харж явдаг байсан тухайгаа ярьсан. Түүнээс хойш долоон жил үерхсэн” хэмээлээ.

С.Түвдэн “Өөр иргэн” нийгэмд үйлчлэх зорилготой ТББ байгуулаад ажиллаж байгаа аж. Тэрээр залуучуудын хандлага болон нийгмийн оролцоог сайжруулахын төлөө ийнхүү ажиллаж байгаа аж. Түүнчлэн “Panasonic”-ийн албан ёсны дистрибьютр болох “Global smart solu­tion” компанид худалдааны менежерээр ажиллаж байгаа юм байна.

2014 онд Лувсан гэдэг оюутан залуу Отгонтэнгэр их сургуулийн Олон улсын худалдааны менежментийн ангид шилжиж иржээ. Энэ үед гуравдугаар курсийн оюутнууд шинэ оюутан найзтай боллоо хэмээн танилцан нөхөрлөцгөөж байж. Гэтэл сарын дараа хичээлийн менежер нь орж ирээд “Лувсан чи ангиа андуураад суучихсан юм байна.

Тэгээд бүр сар явчихсан байна. Чи гадаад худалдааны анги биш санхүү талын анги руу орох ёстой байсан юм байна” гэж хэлээд ангиар дүүрэн инээд болж байжээ. Ийнхүү өөр ангид анги андуурч ороод найзууд болоод яваад байснаа сарын дараа мэдсэн ч энэ ангидаа үлдэж нэг анги болж төгсчээ. Дутуу хичээлүүдээ хичээнгүйлэн нөхөж үзээд орох ёстой байсан ангидаа орохгүйгээр мэргэжлээ хүртэл өөрчлөөд нэг анги болж төгссөн нь сайхан дурсамж хэмээн ангийн төлөөлөл дурсч ярьж байв.

Отгонтэнгэр их сургуулийн Олон улсын худалдааны менежментийн ангийнхан анги даасан багш Н.Отгонбаяртаа эрдэм шинжилгээний хуралд хэрхэн оролцох, мэргэжлийнхээ дагуу хэрхэн сайн мэргэжилтэн болж ажиллах тухай зааж зөвлөдөг байсанд шавь нар нь гүнээ талархаж байгааг илэрхийллээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Монголыг сонирхож буй Франц

Кристоф Фонтэйнь

Европын болон Францын гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан сэтгүүлчдэд зориулсан ажлын айлчлалаар Франц орныг зориод ирлээ. Өглөөнөөс орой болтол хуваарийн дагуу жирийлгэсэн тун сонирхолтой томилолт байлаа.

Явсан айлчлалын сэдвүүд маань тогтвортой хөгжил, эрчим хүч, хот төлөвлөлт, хог хаягдлын зөв менежмент зэрэг манай хотод тулгамдаад байгаа асуудлууд их байсан юм.Томилолтын эхний өдөр “Айрпариф” гэдэг компаниар зочиллоо. Тус компани төрөөс магадлан итгэмжлэгдсэн байгууллага ба агаарын бохирдлыг хэмжиж, урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээллийг Франц улс болон Европ, олон улсын нийтийн эрүүл мэндийн нормативын дагуу тогтмол авч байх үүрэг хүлээсэн байгууллага юм байна.Европын том хотуудад агаарын бохирдол хамгийн өргөн сэдвүүдийн нэг билээ.Айрпариф компани хот суурин газрын агаарын бохирдол хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг юм байна. Тэрч байтугай гэрийн тэжээвэр амьтдад сөрөг нөлөө нь хэрхэн тусч байгаа зэргийг нарийн судалдаг. Тус байгууллага хэмжилтээ хотын төв болон хотын зах хэсгээр тогтмол хийж, ямар улиралд агаарын бохирдлын хэмжээ ихсэж багасдагийг судалж өмнөх онуудтайгаа харьцуулж үздэг. Компаний гол зорилго нь агаарын бохирдлыг хэмжиж улс орон даяар мэдээллэх үүрэгтэй ба орон нутгийн болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагтай нягт хамтарч ажилдаг аж. Мөн агаарыг бохирдуулагч хиймийн элементууд нь байгальд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг олж тогтоож төр засагтаа дуулгаж арга хэмжээ авахуулдаг олон жишээ дурьдсаны нэг нь агаарыг хордуулагч ямар нэгэн бодис орсон бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээг нэмдэг эсвэл орц найрлагыг нь түргэн шуурхай сольдог юм байна.

Үүнээс гадна агаарын бохирдол хэвийн байх хэмжээнээсээ ихэссэн бол улс орон даяар аюулын дохио хүртэл зарладаг гэж байгаа. Бохирдлын хэмжээг бууртал ард иргэддээ дизель хөдөлгүүртэй авто машин унахгүй байхыг уриаж, аль болох хайбрид эко авто машинтай замын хөдөлгөөнд орохыг зөвлөдөг. Мөн ундаг дугуй унахыг дэмжиж хямд үнээр дугуй худалдан авах боломжуудыг санал болгодог бол, хүүхэд хөгшчүүдийг нийтийн тээврээр зорчихыг уриалж төлбөрийн нөхцөлийг төрөөс хямдруулж хамтран ажилладаг байна.

Агаар бохирдуулагч хүчин зүйлүүд нь нийгмийн хөгжлөө дагаад хувирч өөрчлөгдөж байдаг гэнэ. 1770 оны дундуур Парис хотын оршин суугчид гудамжиндаа хог хаягдлаа ихээр шатааж агаар орчноо бохирдуулдаг байсан бол 1889 оны сүүлчээр аж үйлдвэрийн үед агаарын бохирдол нь илүү аюултай түвшинд хүрч байжээ. 2019оны байдлаар Европын орнууд агаарын чанарыг хэмждэг станцуудаа голдуу хурдны замын хажуугаар байршуулдаг болсон гэж байна. Авто машинаас ялгарч буй азот халуунд ууршиж алга болдоггүй учир хурдны замуудын орчны агаарын чанарыг байх ёстой хэмжээнээсээ хэтэрчих вий хэмээн үргэлж хянаж байдаг гэнэ. Ямар ч үед том хотуудын агаарын чанарыг сайжруулдаг хүчин зүйл нь хүчтэй салхи эсвэл бороо цас л байдаг ажээ.

Танилцуулга хийсэн Айр париф компанийн мэдээллийн ажилтан инженер хатагтай Шарлотт Сожер аж үйлдвэр хөгжих хэрээр сөрөг тал нь ийнхүү бий болсоор байна хэмээн өгүүлснээр лекц маань өндөрлөсөн юм.

Манай сэтгүүлчдийн баг цааш хөдөлж “GUAPO” буюу Дэлхийн Хотуудын Агаарын Чанарыг Хянах Төв гэдэг байгууллага дээр ирлээ. Уг байгууллагын гол зорилт нь дэлхийн хотуудын агаарын чанарыг хянаж, сөрөг тал дээр нь мэдээлэл солилцож хамтарч ажилладаг. Хүн ам ихээр төвлөрсөн хотуудын агаарын чанарт муугаар нөлөөлж байгаа хордуулагч бодис нь юунаас гарч байгааг судалж, туршлага солилцож мөн агаарын чанарыг хэмжигч орчин үеийн техник хэрэгсэл болон мэргэжилтэн, шинжээчээ илгээж хамтарч ажилладаг аж. Мэдээж тухайн улс орны удирдлагууд өөрсдөө хүсэлт тавьсны үндсэн дээр хамтарч ажилладаг гэнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол их байдаг, тиймээс манай хотын удирдлагуудтай хамтарч ажиллах санал тавиад байгаа. Энэ оны 11 дүгээр сараас эхлээд Улаанбаатар хот тус байгууллагын гишүүн хотоор элсэж байгааг агаарын чанарыг хянах төвийн захирал хатагтай Элса Мартаян бидэнд хэлсэн юм. Мөн тэрээр “GUAPO”ын гишүүнээр элсэж орсноор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл тусламж болон санхүүгийн хувьд дэмжлэг авдаг давуу талуудтайг онцолсон билээ.

Айчлалын дараагийн өдөр “MEDEF” буюу ажил олгогч эздийн холбоогоор зочиллоо. Тус холбоо нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг болон явуулах хүсэлтэй дотоодын 75 мянга гаруй компанитай хамтарч ажилдаг мөн гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм байна. Франц-Монголыг хариуцсан зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Кристоф Фонтэйнь хэлэхдээ манай хоёр орны харилцаа сайн ч эдийн засгийн хувьд хүссэн хэмжээндээ хүрч чадахгүй байгаа. Тэрээр 2020 он гэхэд ахиц гарна гэж найдаж байгаагаа хэлээд хоёр тал илүү хичээж ажиллах хэрэгтэй байгааг онцолж хэлсэн юм.

Үүнээс гадна Францын компаниуд Монгол оронтой сайн танилцаж амжаагүй байгаа болохоор ирэх жил Улаанбаатарт Францын хориод том аж ахуйн нэгжийг урьж авчрах том амбицтай байгаагаа дурдсан юм.

Хоёр орон уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтэц, хот дахин төлөвлөлт, ундны усны зөв хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг салбарт эдийн засгийн харилцан ашигтай хамтарч ажиллах ирээдүй их байгааг ярьж байна лээ. Хувийн хэвшлээс гадна Парис хот болон Улаанбаатар хотуудын удирдлагуудыг хооронд нь холбож өгч хотуудын холбоонд нэгдэж орохыг урина гэв.

Улаанбаатар хотод агаарын бохирдол, e-governer буюу ухаалаг хот, дүүжин гүүр зэрэг төслийг санал болгох юм байна. Тэрээр Монголд арав гаруй удаа ирж байсан, одоо ажиллаж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчтэй сайд байхад нь ирж уулзаж байснаа дурсан ярьсан юм.

Ноён Фонтэйнь Монголд ирэх их дуртай гэнэ, Монголчууд бол Хятад, Солонгос, Япончуудаас шал өөр, илүү баруунжсан үндэстэн, ядаж л хоолоо идэхдээ савх хэрэглэдэггүй, хутга сэрээ хэрэглэдэг, тийм ээ гээд бидний өөдөөс инээж байна. Мөн тэрээр Монгол Улс бол ардчилсан орон, гэхдээ ардчилсан орон сайн талтай ч тогтвортой байж чадахгүй байна, хүмүүс нь байнга солигдоод байхаар компаниуд эрсдэлээсээ айгаад шууд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгааг учирласан юм. Хуваарийн дагуу цааш хөдөлж ус, хог хаягдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “SUEZ” компаниар орлоо. “SUEZ” групп бол 160 жилийн түүхтэй, 90 мянга гаран ажилчин албан хаагчтай дэлхийн таван тивд үйл ажиллагаа явуулдаг, 32 сая хэрэглэгчтэй том байгууллага юм байна.

Голдуу том хотуудын аж үйлдвэр, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэр, цэвэр усны хэрэглээ, хот тохижилт зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хоёр ч удаа очиж ажиллаж байжээ. Эрдэнэт хотын ундны усны дахин боловсруулах үйлдвэрийн өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм байна. Группын гол зорилго нь байгалийн баялгаа зохистой хэрэглэхэд нь хамтарч ажилладаг гэнэ.

Улаанбаатар хотын ундны усны нөөц болон хөрсний бохирдол, хот дахин төлөвлөлт зэргээр нийслэлийн байгаль орчны газартай хамтарч ажиллах хүсэлтэй байдаг гэдгээ уламжилсан юм. Мөн манай улсын байгаль орчны сайд хүртэл ирж уулзаж хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Дараагийн уулзалт бол ямар нэгэн хувийн хэвшил биш улс төрийн зүтгэлтэнтэй уулзахаар цаг товлосон байлаа. Замын түгжрэл гэх зүйлгүй давхисаар Франц улсын Үндэсний ассамблэйн гадаа товлосон цагтаа ирж амжлаа. Францын Үндэсний ассамблэй 570 гишүүнээс бүрддэгийн 38 хувь нь эмэгтэй квот эзэлж байгаа аж. Нийт найман өөр намын 17 төлөөлөл орсон Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Стэфань Бауду бидний хэдэн сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм. Тэрээр бүлгийн даргаар сонгогдоод 10 сар орчим болж байгаа ч Парис дахь Монголын Элчин сайдын яамтай нягт хамтарч ажиллаж байгаа гэнэ. Ирэх жил буюу 2020 оны 4 дүгээр сард хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор Монгол Улсад очих төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм. Мөн тэрээр хоёр орон соёл урлаг болон хүмүүнлэгийн чиглэлээр маш идэвхтэй хамтарч ажилдаг мөн Францын засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэх талаар шаргуу ажиллаж байгаа хэмээн сүүлийн 10 сар орчим хийсэн ажлаа товчхон тайлагнасан билээ.

Ирсэн зочидоо Үндэсний Ассамблэй хурлын танхим болон номын сангаар оруулж танилцууллаа. Бүлгийн дарга маань Парис 2024 оны зуны Олимпод манай баг тамирчдыг идэвхтэй оролцож өндөр амжилт гаргахыг ерөөсөөр ордны үүдэнд үдэж өгсөн билээ. Нэг уулзалтаас нөгөө уулзалт руу жирийлгэсээр нэг мэдэхнээ буцах хугацаа маань ирсэн байлаа. Бидний сүүлчийн өдөр уран олборлох салбарт дэлхийд тэргүүлэгч “Орано” группээр орсон юм.

Тус компани 16 мянга орчим ажилчинтай, цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үндэстэн дамнасан том компани билээ. Орано групп Франц, Канад, Казакстан зэрэг оронд уран олборлолт хийдэг, мөн олборлосон уранаа баяжуулна, түлш болгоно.

Хариуцлагатай уул уурхайг дээдэлдэг Орано компанийг дэлхийн хэвлэлүүд уул уурхайн нөхөн сэргээлт хийдгээрээ үлгэр жишээ гэж онцолдог билээ. Энэ бол нөгөө манайхны мэддэг Арайвагийн толгой компани аж.

Тус компанийн олон нийттэй харилцах албаны ажилтан ноён Брюно Гэрэн биднийг Бэссинь дэх нөхөн сэргээлт хийсэн уурхайн талбайдаа дагуулан очлоо. Анх 1948 онд уран байгааг нь олж тогтоож. Үүнээс хойш 1975 оноос 1992 он хүртэл олборлолт хийсэн байна. Тэгээд 1993 оноос 1998 он хүртэл нөхөн сэргээлтийн ажил хийж. Уул уурхайн ашиглалтын дараах газар нутгийн асуудал хариуцсан ажилтан гэж байдаг аж. Тэр мэргэжилтэн нөхөн сэргээлтийн ажлаа хянана мөн сар болгон ирж хөрс, ус, модноос дээж авна. Шинжилгээ хийнэ.

Одоо бол цэвэр байгалийн төрхөндөө орсон, анх байсан ан амьтан, ургамал ногоо бүгд хэвийн болсон гэж мэргэжилтэн хатагтай Каролинь Бэнэстон ярьсан юм. Үнэхээр ч нөхөн сэргээлтийг сайн хийжээ. Ирсэн сэтгүүлчдээс сонирхсон асуулт байвал асууж болно гэхээр нь анх олборлолт хийхэд нутгийн иргэд хэр зэрэг эсэргүүцсэн бэ гээд асуугаад авлаа. Тэгтэл нутгийн иргэд ажиллах ажлын байртай боллоо гээд бөөн баяр хөөр байсан гэнэ, харин уурхай хаагдах үед ажиллаж байсан нутгийн иргэд ажлын байргүй боллоо гээд жоохон үймсэн юм байна.

Уул уурхай болон уран олборлолтоо стандартын дагуу ном журмаараа ашиглавал байгаль дэлхий хүн амьтанд ямар ч аюулгүй гэдгийн тод жишээ болсон Бэссинь дах нөхөн сэргээлтийн газар удахгүй аялал жуулчлалын шинэ төв болох бололтой.

Энэ нийтлэлд дурдагдсан компаниудтай холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбоо барьж болно.

М.БАЯНБУЛАГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм​” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


БНХАУ-ын 800 орчим
иргэн Монгол Улсын нийслэлд
нэг дор төвлөрч, цахим
гэмт хэрэг өдүүлж байсан
гэх дуулианы эргэн тойронд юу болж байгаа талаар нэг, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол Улсын Ерөнхий сайд асан
Д.Бямбасүрэн болон “Уул уурхайн эрх зүйн судалгаа”
төрийн бус байгууллагын судлаач
Г.Сурахбаяртай ярилцлаа. Нэг, зургадугаар нүүрнээс уншаарай.

Манай сонины гол бичлэгээр энэ удаад “Ядуурлын эдийн
засгийн бодит
жишээ нь бид юм
нийтлэл хэвлэгдлээ. Гуравдугаар нүүрнээс унших боломжтой.

Баасан гаригийн дугаартаа хүүхэд, залуусын нүүрийг бэлтгэн хүргэдэг болсон билээ. Энэ долоо хоногт залуусын нүүрэндээ ирээдүйд хамгийн эрэлттэй болох мэргэжлүүдийг танилцууллаа. Мөн загварын булан багтсан байгаа.

15 дугаар нүүрэнд манай сонины Вашингтон дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн бэлтгэдэг “Америкийн монголчууд”-ыг нийтэллээ.

Уламжлалт “Нэг ангийнхан” болон “Нос ярьж өгье” булангуудаа мөн баасан гаригийн шинэхэн дугаараасаа хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ