2019 онд БСШУСЯ-наас улсын хэмжээнд 48 сургуулийг ашиглалтад оруулж, 21,420 хүүхдийн суудлыг шинээр нэмэхээ зарласан. Үүний 23-ыг нь энэ сарын эхний долоо хоногт багтан ашиглалтад авах юм.
Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан “Барилгын ажил нь дууссан хэд хэдэн сургууль, өргөтгөл бий. Барилгуудыг Улсын комисс ажиллаж байж албан ёсоор хүлээн авдаг. Тиймээс Улсын комиссын ажиллан Барилга, байгууламж ашиглалтад авах хуваарийг хүлээж байгаа. Бидний тооцоолж буйгаар есдүгээр сарын эхний долоо хоногт багтан улсын хэмжээнд 23 сургуулийг ашиглалтад оруулна. Өнгөрсөн наймдугаар сард дээрх хуваарийн дагуу шинээр баригдсан боловсролын байгууллага болон тэдгээрийн өргөтгөлөөс долоог нь албан ёсоор хүлээн авсан” гэлээ.
Одоогоор ашиглалтад аваад буй барилгууд нь:
- Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Шинэ эхлэл” сургуулийн барилга
- Баянгол дүүргийн 6 дугаар хороо Ганзам сургуулийн спорт заалны барилга
- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Ирээдүй 1-р бага сургуулийн 480 хүүхдийн давхар нэмсэн барилга
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 640 хүүхдийн 126 дугаар сургуулийн барилга
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн 320 суудалтай давхар нэмсэн барилга
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 1,500 хүүхдийн сургуулийн барилга
- Баянзүрх дүүргийн 5 дугаар xopoo Шавь цогцолбор 640 хүүхдийн сургуулийн барилга юм.
Үр дүнд нь өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд нэг ээлжиндээ 3,580 хүүхэд хичээллэх хүчин чадал нэмэгдээд байна.