Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хөдөлмөр эрхлээд ирсэн иргэдийг ажилд зуучлав

БНСУ-д хувиараа болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад эх орондоо ирсэн иргэдийг ажилд зуучлах “Хөдөлмөрийн яармаг” өдөрлөг саяхан МҮХАҮТ-д боллоо.

“Энэхүү ажиллагаа нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээ дуусгаж, тус орны дэвшилтэт технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийг ажилд зуучилж эх орондоо ажиллах нөхцөл боломжийг олгох зорилготой”-г МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн онцоллоо. Тэрээр, “Ийм иргэд ажил хөдөлмөрийн зохих туршлага суусан, дээр нь тухайн орныхоо ажлын арга барил, техник технологиос суралцсан учир дотоодын ААН-үүд ийм иргэдийг ажилд авах сонирхолтой байна. Үүнийгээ ч илэрхийлж байна” гэв.

“Хөдөлмөрийн яармаг”-т гадаад, дотоодын ажил олгогч 50 орчим компани оролцож, ажилд орох иргэдтэй ярилцлага хийж, ажлын анкет бөглөх, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зөвлөгөө мэдээллээр хангах зэргээр үйлчилж, 40 гаруй хүн ажилд орох саналаа өгчээ. Энэ үеэр мөн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс танилцууллаа.

“Хөдөлмөрийн яармаг”-ийн үеэр “Солонгос хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” гарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Урт хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм.
Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар боллоо. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 417.7 мянган тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой юм. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь олгож байхаар шийдвэрлэсэн.

Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байна.

Иргэний жишээн дээр ойлгомжтой байдлаар тайлбарлавал 500.0 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 24 сарын хугацаагаар зээл авахад 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн, 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарч байгаа юм.


Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр есдүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад, НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн мэндийг уламжилж, манай улсын цэрэг, цагдаагийн албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгааг дурдан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэг хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг хүлээн авч, ноён Ярослав Кубера гэргийн хамтаар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буйг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Түүнчлэн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж, ярилцсан болохыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдав. Энэхүү хэлэлцээ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа тэрбээр тэмдэглэсэн.

Хоёр орон 1950 оны 04 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон үеэс хойш Монгол Улс бүхий л салбарт Бүгд Найрамдах Чех Улстай харилцаагаа өргөжүүлэн ирсэн түүхтэйг Г.Занданшатар дарга дурдаад “Бүгд Найрамдах Чех Улс бол Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг, дотны түнш орон” хэмээн онцлов.

Тус улс 1990-ээд оноос хойш Монгол Улсад хөгжлийн чиглэлээр албан ёсны тусламж үзүүлж, олон төсөл нь амжилттай хэрэгжсэн нь манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, тахийг эх нутагт нь эргүүлэн нутагшуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг мэдээллийнхээ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга дурдлаа.

Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хоёр дахь түнш орон байсан талаар Г.Занданшатар дарга хэд хэдэн жишээ дурдаад, уламжлалд тулгуурласан хамтын ажиллагааны боломж өргөн байгааг тэрбээр онцлов. Монгол Улсын байгалийн баялаг, мал аж ахуй, Бүгд Найрамдах Чех Улсын дэвшилтэт техник, технологи зэрэг хоёр орны давуу талуудыг хослуулан эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдгийг хэллээ.

Айлчлалын үеэр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол-Чехийн бизнес форум зохион байгуулагдах бөгөөд хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера “1990-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа саарсан бөгөөд Чехийн талаас энэ чиглэлээрх санаачилга, анхаарлаа сулруулсан байх талтай. Манай хоёр улсын харилцаанд ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй гэдэг нь тун таатай мэдээлэл юм. Мөн Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын олон талт хамтын ажиллагаа бичиг баримтын хүрээнээс хальж, бодит ажил хэрэг болсныг харахад туйлын таатай байна” гэлээ. Энэ өдрүүдэд Монгол Улстай эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргахаар Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар ажиллаж байгааг ноён Ярослав Кубера дурдав. Хоёр орон уул уурхайн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашид Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал бөгөөд Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн.

Албан ёсны айлчлал үргэлжилж буй энэ өдрүүдэд Чех-Монголын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгын хүрээнд Чехийн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхэд бүх талын туслалцаа, үйлчилгээ үзүүлэх төвийг нээн ажиллуулахаар болсон гэлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд шил боловсруулах, биотехнологи, инженер, эрчим хүч зэрэг Бүгд Найрамдах Чех Улсын томоохон 20 компанийн төлөөлөгч багтсан болохыг мэдээллийн үеэр дурдаад, хэлэлцээнийн үеэр Монгол Улсад шилний үйлдвэр байгуулах санал санаачилгыг ярилцсан болохыг хэвлэл мэдээллийнхэнд дуулгасан.

Бүгд Найрамдах Чех Улсад боловсрол эзэмшсэн, өдгөө тус улсад ажиллаж, амьдарч буй монголчууд хоёр орны харилцааны гүүр болдгийг Монгол Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Бүгд Найрамдах Чех Улсад 9000 гаруй монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэдээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр байгуулсан баримт бичгийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Уг асуудлыг Засгийн газрын түвшиндээ хэлэлцэн, шийдвэрлэх шатандаа явж байгааг хэлэлцээний үеэр бидэнд дуулгасан” гэлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Монгол Улсад хандивлахаар шийдвэр гаргасныг өнөөдөр мэдэгджээ.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойг угтаж Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар санал нэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана. Мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болох Монгол-Чехийн бизнес форумд оролцох юм. Дараа нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болох Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Хөшигтийн хөндий дэх олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцах юм.

Categories
мэдээ нийгэм

Хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн цайны газрын үйл ажиллагааг зогсоолоо

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 1 дүгээр хорооны 57 дугаар байрны 1 давхарт байрлах иргэн Д.Б-ын цайны газарт хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн байрны технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, тухайн өдрийн хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн албан даалгавараар илэрсэн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг зогсоох арга хэжээ авч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.



Categories
мэдээ улс-төр

БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтран ажиллахдаа аль аль талдаа харилцан ашигтай байхаар, хамтран гуравдагч орнууд руу бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр ярилцсан юм. Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ. БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд нэмж үйлдвэр барихаас илүүтэй байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж, технологийн шинэчлэл хийх, боловсруулах чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж ярилцлаа.

Ноён Ярослав Куберагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын бизнес эрхлэгчид багтаж буй бөгөөд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотод бизнес форум зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвийг нээхээр болсон нь айлчлалын бас нэг үр дүн хэмээн үзэж буйгаа талууд онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ярослав Кубера нар соёл спортын, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд мөн дэлгэрэнгүй санал бодлоо солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 техник нийлүүлнэ

Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол УлсынЗасгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл тус төслийг УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар гишүүдийн 56.4 хувийн саналаар дэмжээд байна.

Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлнэ.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал унтраах зориулалтын автомашины хангалт 14.4%-аар нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн ангийн офицерууд эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн гэх хэргийг шалгаж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид тус ангийн эмэгтэй ажилтныг удаан хугацааны турш бүлэглэн хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангадаг байсан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2019.09.25-ны өдөр өргөдөл ирсэн. Өргөдөл, гомдлын дагуу хэргийг шалгаж байна” гэлээ.

Хохирогч эмэгтэй тус цэргийн ангид ажиллах хугацаандаа буюу гурван жилийн турш офицер 31 настай М, ахмад 29 настай Б нарт хүчирхийлүүлсэн аж.

Хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүчит шонхор захад махны бөөний худалдаа эрхлэгчдэд торгуулийн арга хэмжээ авлаа

Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй, ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах тухай Хүчит шонхор ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч ажиллалаа.

Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдууллаа.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нарын албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.