Categories
мэдээ нийгэм

Мянган ахмад багшийн “Дурсамж” уулзалт боллоо

Монголын ахмадын өдөр, удахгүй тохиох Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг тохиолдуулан ахмад багш нарын “Дурсамж уулзалт” хүндэтгэлийн арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монголын ахмад багш нарын холбоо зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийслэл болон бүх аймаг орон нутгийн нийт 30 мянга гаруй ахмад багш нарын төлөөлөл болох 1000 ахмад багш оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг бүтээлч ахмад багш, “Тэргүүний ахмад багш нарын холбоо, зөвлөл”-ийн шагналыг гардууллаа.

“Шилдэг бүтээлч ахмад багш”-аар Нийслэлийн Багануур дүүргийн малчин, орос хэлний багш М.Шинэжил шалгарлаа. Тэрээр гавьяаны амралтаа авсан ч мал маллаж, олон зуун хүүхэд залууст, мал маллах, ногоо тарих зэрэг хөдөө аж ахуйн арга ухаанд сургаж байгаа нэгэн юм. Харин “Тэргүүний холбоо”-гоор МУИС-ийн ахмадын холбоо шалгарч, шагналаа гардлаа.

Энэ удаагийн “Дурсамж уулзалт” арга хэмжээ нь Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын 7 дугаар Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх агуулгаар зохиогдож байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Дурсамж уулзалт” арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уламжиллаа.

САЙД МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж буй эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ,

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж, Олон улсын ахмадын өдөр, Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа энх тунх, эсэн жаргалтай байхын ерөөлийг чин сэтгэлийн халуун мэндчилгээтэй хамтатган дэвшүүлье.

Ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэх “Дурсамж уулзалт”-ыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний ивээл дор манай ахмад багш нарын холбоо 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт “Монгол Улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх” уриан дор явагдаж байгаагаараа онцлог болж байна.

Манай ард түмэн эрт дээр үеэсээ эрдэм ухааныг эрхэм баянд тооцож багшийг шүтэн ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлалаа нандигнан хадгалж Монголын төр засаг багш нарын өдрийг 1966 оноос өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Энэ өдөр бол Та бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлт, Монголын өрх айл, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсныг бахархан дурсаж, хүндэтгэл үзүүлэх өдөр.

Та бүхнийхээ хураан хуримтлуулсан ажил, амьдралын гайхам үнэ цэнэтэй баялаг туршлагыг хойч үед өвлүүлэх, зөв мэргэн сургаал зөвлөгөөг тань сонсох, бүтээн бий болгосон бүхнээр бахархан ярилцах нь энэ өдрийн бас нэгэн утга учир билээ.

Хүн ардаа үндэсний ёс, заншил, уламжлалаа дээдэлдэг, эх орноороо бахархдаг, боловсролтой хувь хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ манай үе үеийн багш нар нэр төртэй биелүүлж, монгол төрийн түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөтөч болж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхний сургаж, хүмүүжүүлсэн шавь нар Монгол Улсыг хөгжүүлэх үйл хэргийг бүтээн байгуулагч, удирдан чиглүүлэгч төдийгүй эх орноо тив дэлхийд алдаршуулсан, бүтээлч хөдөлмөрөөрөө монгол хүний суу билэг, сэтгэлийн хат, оюуны чадавхийн гайхамшгийг дэлхийн түвшинд мэдрүүлж чадсаныг бахархан хэлэхэд таатай байна.

Энэ жил дэлхийн багш нарын өдрийг ЮНЕСКО-гоос “Залуу багш: ирээдүйн мэргэжилтэн” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эрхэм хүндэт ахмад багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

2019 он боловсролын салбарт түүхэн үйл явдлаар дүүрэн, шинэ хуудас нээсэн жил болж байна. Бид багш нарынхаа VII их хурлыг зохион байгуулж, өнгөрсөн 23 жилийн хугацаанд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний алдаа, оноо гарц шийдлийг ярилцаж, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн багш нараа хэрхэн хөгжүүлэх арга замаа тодорхойллоо. Түүнчлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад багш нар үнэлгээ, дүгнэлт өгч, түүнд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг батлан, улсын хэмжээнд ажиллаж байгаа 44.0 мянган багш, удирдах ажилтанд хүргэх сургалтыг энэ оны 8 дугаар сард зохион байгуулж, сайжруулсан сургалтын хөтөлбөр 9 дүгээр сараас хэрэгжиж байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь хэрэгжих явцад “сайжруулалт” хийсэн анхны туршлага болж байгаагаараа онцлог юм. Сайжруулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй уялдуулан хичээлийн жилийн зорилгоо ч “багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлэх”-д чиглүүллээ.

2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 39.6 мянган багш ажиллаж байна. Нийт багш нарын маань 27.0 хувь нь 30 хүртэл насны, 38.0 хувь нь 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нар байна. Иймээс манай ахмад багш нар хүүхэдтэй ажиллах арга барил, заах арга зүйн арвин туршлагаасаа залуу багш нартаа байнга зөвлөж, дэмжин тусалж, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Бид та нартайгаа ямагт хамт, хамгийн ойр байж, дэмжин тусалж, басхүү уг сургаал зөвлөмжийг тань сонсон ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж байх болно.

Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байх болтугай.

Дурсамж уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалт болж байна

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 29-өөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 120 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалт гурван өдрийн турш үргэлжилнэ.

Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр нар оролцлоо.

Сургалтад хамрагдаж буй алба хаагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологи, телехяналтын системийн ашиглалтын талаар онол, арга зүй, дадлага хосолсон сургалт зохион байгуулж байна. Сургалтаар цагдаагийн байгууллагын харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, мэдээлэл, холбооны инженерүүдийн үүрэг хариуцлага, мэдээллийн нэгдсэн систем, сүлжээний шинэчлэлт, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах болон Монгол улсын телехяналтын системийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, программ ашиглалтын мэдлэг, ур чадварын шалгалт авах юм.

Categories
мэдээ нийгэм

Түрэгийн үеийн хүн хөшөөг хамгаалж хашаа, хайс барилаа

Увс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 175-р тогтоолын дагуу Аймгийн музейн жилийн төлөвлөгөөт ажил болох улс, аймгийн хамгаалалтад орсон хөшөө, дурсгалыг хадгалж хамгаалах хашаа, хайс барилаа.

Малчин сумын хөтөл нуурын “Улаан толгой” хэмээх газарт орших Түрэгийн үеийн хүн хөшөөнд музейн ажилтнууд 2019 оны есдүгээр сарын 27-29-ний хооронд 5х3 метрийн хэмжээтэй хашаа барьж Малчин сумын ЗДТГ-т болон Соёлын төвд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

​Амиа хорлохоор гол руу үсэрсэн эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн О /37 настай, эмэгтэй/ “Дэлгэрмөрөн” гол руу амиа хорлох зорилгоор үсэрсэн тухай дуудлага 2019.09.29-ний өдрийн 09:43 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулж, 09:56 цагт очиж, 9 минут ажиллаж, иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэснийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Уг дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн юм. Иймд УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганыг хааж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр “Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэн, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан байна” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганыг хааж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөж байна.

Хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт, үргэлжилсэн хугацаа гээд олон үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо.

Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэн, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан байна.

Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд Та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан. Хурал чуулганд идэвхтэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ.

Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг хийлээ.

УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн 28 намын төлөөлөл, иргэд, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан.

Улсын Их Хурлын даргын хувиар улс төрийн 17 намын дарга, удирдлагуудтай биечлэн уулзаж, санал солилцсон. Тэдний дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Иргэд, намуудын саналыг орхигдуулалгүй судлан үзэж, чухал шаардлагатайг нь төсөлд тусгасан.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай, төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг бид нэр төртэй давж гарсан гэж хэлж болно.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд хурууны хээ таних цахим системийг хэрэглэж хэвшсэнээр хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага дээшиллээ.

Дүгнээд хэлбэл, УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл явцад иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо нэмэгдсэн байна. Тиймээс ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж байна.

Ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон ял завшсан, завших гэж буй талаарх олон нийтийг бухимдуулсан мэдээлэл, асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт эрх хэмжээнийхээ хүрээнд хандаж, ял завшуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, хууль хэрэглэхдээ алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг албан ёсоор хүссэн.

Түүнчлэн Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн намрын ээлжит чуулганаар шаардлагатай хууль зүйн зохицуулалтыг даруй хийх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Ард нийтээрээ шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ цаг үед тэдний хүсэл зоригийг үл тоох, хайхрамжгүй хандах эрх хэнд ч байх ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж, тэмцэх нь хууль шүүхийн байгууллага төдийгүй нийт төрийн байгууллага, албан тушаалтны журамт үүрэг мөн. Түүний дотор хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал, иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон Эрхэм гишүүд Та бидний хүлээх үүрэг, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай.


Эрхэм гишүүд ээ,

Та бидний хэлэлцэн дэмжээд буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн маш чухал нэгэн зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлж, Монгол Улсын Их Хурал жинхэнэ ард түмний төлөөлөгчдийн хурал болоход чиглэгдэж байгаа. Энэ бол түүхэн зорилт, амаргүй үйлс мөн.

Та бид оюун ухаанаа дайчилж, ойлголцол зөвшилцлийг эрхэмлэж ажиллаж чадсан. Үр дүнд нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг амжилттай хийж, дуусгалаа. Ард түмнээрээ хэлэлцүүлэх төслийн эхийг бэлэн болголоо.

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог хэвшүүлэх, бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73-р тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль, Ерөнхийлөгчийн тавьсан хориг гээд нийт 3 асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэнтэй холбоотойгоор улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд байна.

Үгийнхээ төгсгөлд Уинстон Черчиллийн хэлсэн үгийг давтан хэлэхийг хүсэж байна. “Сайжруулья гэвэл өөрчлөх хэрэгтэй, төгс төгөлдөр байя гэвэл байнга өөрчлөгд” гэж тэр хэлжээ.

Монгол орноо, нийгэмд бугшсан буруу зөрүү асуудал бүхнээ цэгцлэх цаг нэгэнт болсон. Үүнд хэн ч эргэлзэхгүй байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол оронд хууль эрх зүйн хувьсгалыг шинээр эхлүүлж, хөгжил дэвшлийн замд Монгол Улс эргэлт буцалтгүй чиглэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Одоо бүгдээрээ санаа зорилго нэгтэйгээр зорилтоо амжилттай хэрэгжүүлж, ажил хэрэг болгоё. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг нийт улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүддээ уриалж байна.

Мөнх тэнгэрээс заяат Монгол түмэн минь амгалан, төр улс маань түвшин цэгц байх болтугай.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

Долоон улс орны иргэний нийгмийн төлөөлөгчид хуралдлаа

Долоон улс орнуудын иргэний нийгмийн төлөөлөгчид, Элчин сайд асан нар Зүүн хойд Азийн Энхтайван ба хөгжил, Солонгосын нэгдэл Улаанбаатарын олон улсын дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Цэнхэр сүлд ТББ, Даян дэлхийн энх тайвны сан, Солонгосын энхтайван нэгдлийг дэмжих Монголын форумаас хамтран зохион байгуулсан “Блю Скай” зочид буудалд 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр болсон юм. Уулзалтад БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Их Британи, Индонези, Монголын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Монгол улсаас НҮБ-д сууж байсан элчин сайд Др.Жаргалсайханы Энхсайхан, Их Британиас БНАСАУ-д сууж байсан элчин сайд Жон Эверард, Индонези улсаас АНУ-д сууж байсан элчин сайд Дино Патти Джалал, “Action for Korea United” байгууллагын дэд дарга Inteck Seo нар оролцож байна.

Цэнхэр сүлд ТББ-аас зохион байгуулсан уг форумыг Цэнхэр сүлд ТББ-ын ерөнхийлөгч, Монгол улсын хамгийн анхнаы ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч асан П.Очирбат нээж үг хэллээ. Монгол улсыг Зүүн хойд Азийн Энхтайван ба хөгжил, Солонгосын нэгдлин төлөө иргэний нийгэм, бүс нутгийн засгийн газрууд ба ба гуравдагч улс орнуудын оролцоог дэмжих, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газраар сонгож, Солонгосын нэгдлийг энх тайван замаар хангах, цөмийн зэвсгээс ангид байх эцсийн ьзорилгыг холбох тал дээр хамтран зохион байгуулсан ТББ-ууд нэгдлээ.

Оролцогчид 2020 оны бүс нутгийн чуулганыг зохион байгуулагчид болон Зүүн хойд Азийн Энхтайван ба хөгжлийн олон улсын зөвлөлтэй хамтран зохион байгуулах, Нэгдсэн Солонгос дэлхийн кампаниь ажилд Солонгосын хойгийг оролцуулах төлөвлөгөө зэрэг практик үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө , одоогийн хэлэлцүүлгүүдийн үр дүнгийн талаар хэлэлцэв.

Цөлжилттэй тэмцэхийн тулд мод тарих зэрэг байгаль орчны асуудал, энх тайван тогтоох тухай НҮБ-ын 2030 оны зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зүүн хойд Азийн залуу удирдагчид, Даян дэлхийн энхтайван ба хөгжлийн холбоотны оролцоог дэмжих гэх мэт нэмэлт үйл ажиллагаа төлөвлөжээ.

Зохион байгуулагчид мөн Зүүн хойд Азийн орнууд, хоёр Солонгосын хооронд итгэлцэл, сайн сайхныг улам бүр хөгжүүлэхийн тулд урлаг, сочлын арга хэмжээнүүд, дуу хөгжим, баримтат кино болон бусад солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулах тал дээр нэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн IV дүгнэлтийг хэлэлцэж байна. ҮХЦ-ийн гишүүн н.Буяндэлгэр цэцийн дүгнэлтийг танилцуулав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг ҮХЦ хэлэлцэн, дүгнэлт гаргасан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага тодорхойлж үл болно гэсэн заалтыг зөрчөөгүй гэж ҮХЦ үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг сонссоныг УИХ-ын дарга онцоллоо.

Дараагаар нь УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганыг хааж үг хэллээ. УИХ-ын ээлжит бус чуулган 69 өдөр хуралдсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбогдуулан хэлэлцлээ. Улс төрийн нам, иргэдийн саналыг орхигдуулалгүй хэлэлцлээ. Төр, түмний төлөөх ачааны хүндийг бид нэр төртэй давж гарлаа.

УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоо нэмэгдсэн.

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой асуудал гарсныг холбогдох удирдлагуудыг арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Ял завшуулахгүй байх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж тэмцэх нь хуулийн байгууллага, албан тушаалтны үүрэг юм.

Та бидний хэлэлцэн дэмжээд буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь төслийн чухал зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлж, УИХ ард түмний төлөөлөгчийн их хурал болоход чиглэгдэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах үндсэн дархлаа мөн.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эхийг батлах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. АН-аас зөвшилцөх санал тавьсан. Төр улс минь түвшин цэгц байх болтугай. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье хэмээлээ.

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Энэ парламентын намрын отгон чуулган энэ сарын 2-нд нээлтээ хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутан, залуучуудын дунд спортын 5 төрөлтийн тэмцээн явагдаж байна

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 20-оос аравдугаар сарын 23-ны хооронд Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт зэрэг таван төрлөөр, нийслэлийн иргэдийн дунд явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр спортын тэмцээн зохион байгуулж байна.

Оюутан, залуусын спортын таван төрөлт тэмцээний урьдчилсан тоглолтуудыг энэ сарын 25-ны өдрөөс өмнө бүсчилэн зохион байгуулсан юм. Нийслэлийн шигшээ тэмцээнийг сагсан болон гар бөмбөгийн төрлөөр энэ сарын 30-аас аравдугаар сарын 2-ныг дуустал “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулаж байна. Сагсан бөмбөгийн тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, гар бөмбөгийн тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг аравдугаар сарын 12-ны өдөр Хөшигтийн хөндийн хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг мөн ирэх сарын 12-13-ний өдрүүдэд “Аврагч” спорт хорооны зааланд тус зохион байгуулна.

Нийслэлийн иргэдийн спортын наадам нь хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 8 төрлөөр зохион байгуулагдана. Нийслэлийн иргэдийн спортын наадмын анхан шатны тэмцээнүүд энэ сарын 20-оос өмнө зохион байгуулагдсан. Ирэх сарын 5-20-ны хооронд урьдчилсан тоглолтууд явагдана. Нийслэлийн шигшээ тэмцээний нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 21-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах”-д чиглэсэн дадлага сургуулилалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах” дадлага сургуулилалтыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилалтын үеэр Монгол улсын шадар сайдын А/08 тушаал, Эрүүл мэндийн сайдын 508 тоот тушаалын дагуу салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх арга хэмжээнд дадлагажихад чиглэсэн танхимийн сургалт, ширээний дасгал, тарваган тахал өвчний хүний өвчлөлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилалтад Замын-Үүд сумын Онцгой комиссын гишүүд болон БНХАУ-ын Эрээн, Хөх хотын гаалийн газрын 64 албан хаагч хамрагдлаа.