АНУ-д ирээд удаагүй байсан цаг. 2005 оны аравдугаар сарын 31-ний өдөр Азийн Нийгэмлэгийн Вашингтон дахь салбар, Монгол Улсын ЭСЯ-тай хамтран хоёр улсын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай нэгэн сонирхолтой зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд АНУ-аас Монголд сууж байсан таван элчин сайд, дипломат харилцаа тогтоохоос өмнө суух гэж байсан хоёр элчин сайд, яг тэр цагт Монголоос Америкад, Америкаас Монголд сууж байсан хоёр сайд, нийт есөн элчин сайд оролцсон юм. Олон сайдын ярианаас Монголтой дипломат харилцаа тогтоох гэж хичээн ажиллаж явсан Камман, Браун хоёрын үүх түүх миний хувьд маш сонин байлаа. Учир нь Камман алдарт монголч Поппегоор, Браун харин Өргөнгөө Ононоор монгол хэл заалгаж байжээ. Браун гуайн барааг тэгэхэд анх хараад өнгөрсөн юм.
Үүнээс найман жилийн хойно, 2013 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байсан үе билээ. Тэр үед миний бие АНУ-ын Төрийн Департаментын сургуульд багшилж байв. Дээрээс том дарга дуудахад нь очвоос нэг хайрцаг өгөөд, “Энэ дотор монгол хэл заахад хэрэгтэй зүйл байвал ав. Төрийн Департаментаас хэрэггүй хэмээн ирүүлсэн юм. Тавь жараад оны юм. Бараг хуучирсан биз, хэрэггүй бол хаячихаарай” гэв. Тэнхимдээ авчран ухаж үзвээс юун хаях, Онон Өргөнгөөгийн гарын үсэгтэй сэтгүүл, Хангин Гомбожавын сурах бичиг зэрэг байхын дотор Эрхэм нөхөр Уиллиам Браунд дурсгав хэмээн агуу эрдэмтэн Франсис Вүүдман Кливзийн гарын үсгээ зурсан HJAS буюу Харвардын Ази Судлалын Сэтгүүл нүдэнд эрдэнэ мэт содон тусав. Нөгөө хэдэн жилийн өмнө уулзалт ярилцлагад сууж байсан Уиллиам Браун байж таарах нь. Кливзтэй бас дотно байсан байх нь ээ. Тэр дор нь намтар түүхийг нь судалж үзвээс Лийдст монгол хэл сурч байсан, БНМАУ-д элчин сайдын яам байгуулахаар ажиллаж байсан хүн аж.
Үүнээс дахиад зургаан жилийн дараа, ердөө хоёр сарын өмнө буюу 2019 оны зургадугаар сард Вашингтон хот орчим аж төрдөг анд Ганбат “Манай дэлгүүрээр нэг хөгшин орж ирдэг юм. Сайн байна уу гэж мэндэлнэ. Их сонин сонин юм ярина. Бүр далаад онд монгол хэл сурч байсан гэнэ” хэмээн хуучилмагц мөнөөх Браун гуай биш биз гэсэн бодол шууд орж ирэв. Нэр нь хэн гэнэ гэсэн мань эр санадаггүй. Тэгэхээр нь Кливзийн гарын үсэгтэй Браунд дурсгав гэсэн номын хавтасны зургийг авч өгөөд “Дараа ороод ирэхээр нь энийг үзүүлээд та мөн үү?” гэж асуугаарай хэмээн захиад явуулсан билээ. Хоёрхон хоногийн дараа Ганбат залгаж байна. “Нөгөө хүн чинь мөн байна. Маш их гайхан баярлаж байна. Чамтай уулзъя гэнэ…”
Уулзах ёстой хүнтэйгээ уулздаг л юм гэдэг энэ. Ингээд бид хоёр хөгшнийг Вашингтон хотын монголчуудын наадамд урьж, Элчин сайдын яамныхантай танилцуулан асарт нь залж хүндэтгэл үзүүлээд, миний бие цаг тохирон, дэлгэрэнгүй ярилцлага авахаар болсон юм. Нас сүүдэр 89-тэй, хоёр улсын харилцааны хамгийн эмзэг далд үеийн үүх түүхийг өгүүлж чадах энэ хүнээр дуртгалыг нь яриулж авах нь нэн чухал билээ.
Наймдугаар сарын 2-ны баасан гаригт тохирсон ёсоор ажлын дараа гэрт нь очлоо. Сайхан ааштай гэргий нь босож чадахгүй ч инээд алдан угтаж байна. “Намайг уучлаарай, эндээс нэг тэвэрчихье хүүг. Би чинь одоо 93 хүрлээ шүү дээ” гэнэ. Браун гуайтай ажлын өрөөнд нь орж, ярилцлагаа эхэллээ.
Танилцуулга:
Уиллиам Андреас Браун:
1930 оны есдүгээр сарын 7-ны өдөр төрсөн.
1985 онд Тайланд, 1988 онд Израиль улсуудад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар ажилласан.
1952 онд Солонгосын дайнд оролцсон ахмад дайчин.
Харвардын их сургуульд Хятад судлалаар докторын зэрэг хамгаалсан судлаач.
Базарын Ширэндэв, “БНМАУ-ын түүх” номыг англи хэлнээ орчуулсан орчуулагч, судлаач.
Москва, Бээжин, Тель-Авив, Хонконг, Шинэ Дели зэрэг хотуудад олон улсын харилцааны хамгийн эгзэгтэй үеүдэд томилогдож байсан чадварлаг дипломатч.
Израильд ерөнхийлөгч Рейганы Элчин сайдаар ажилласынхаа дараа тэтгэвэртээ гарсан боловч хожим байдал хурцдах үед ерөнхийлөгч Клинтоны хүсэлтээр дахин тэнд Элчин сайдаар ажилласан нь түүний ажлын туршлага, нэр хүндийг харуулна.
НЭГ. МОНГОЛ ХЭМЭЭХ НЭРТЭЙ
ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД УЧИРСАН ТҮҮХ
-Танаас гол нь АНУ-БНМАУ дипломат харилцаа тогтоох гэж оролдсон түүх болон монгол судлалтай хэрхэн холбогдсон талаар тань асууж сонирхох гэсэн юм.
-Нас өндөр гарч, санах ой муудсан хүн буруу зөрүү ярих бол уу гэж эмээх юм. Гэхдээ бүхнийг эхнээс нь товчхон өгүүлэх гээд үзье. Би Бостонд төрж өссөн хүүхэд. Сургуулийн сурагч байхдаа Америкийн Нэйви хэмээх Усан цэргийн хөтөлбөрөөр Харвардын их сургуульд сурах тэтгэлэг хүртсэн юм. Тэр хөтөлбөрийн дагуу бол бид жирийн оюутны шугамаар Харвардын бүх хичээл үзэж болно, бас дээр нь усан цэргийн сонсогчийн хувиар цэрэг дайны ухаан бас судлах ёстой. 1948 онд Харвардад орж суралцаад 1952 онд төгсөхдөө АНУ-ын Марин хэмээх цэргийн хүчний бага дэслэгч цолыг хүртэв. Тэр бол Солонгосын дайны цаг билээ. Тэгээд Солонгос явлаа. Гэхдээ эргэж Харвардад ирэх нэг учир бас байсан юм.
-Тэр учир шалтгаан нь таны харвардад судалсан мэргэшил сэдэв байх. Оюутан үеийнхээ хичээл судалгаанаас ярьж өгөхгүй юу?.
-Эхлээд би түүх, ялангуяа Оросын түүхийг сонирхож эхэлсэн юм. Тэндээсээ Алс дорнодын түүх сонирхох болоод удалгүй хятад хэл соёлыг шамдан үзэх болов. Харвардын их сургууль даяар хятад хэлийг сонгосон хоёрхон оюутан байсан, багш маань агуу Франсис Вүүдман Кливз байлаа. Кливз түүх, хэл, ерөөс бүх хичээлийн шилдэг багш, Хятад судлаачаас гадна монгол судлаач хүн, түүнээс л би Монгол судлал гэж анх удаа сонссон билээ.
Кливз багш дэргэдээ унаган хэлтэн нэг туслах багштай байсан, тэр нь их алдартай хятад хүний охин, айхавтар чанга багш байж билээ. Өдөр болгон олон цагаар ордог, эрчимт сургалт байсан юм. Тэр бол МкКартизмын үе л дээ. Висконсин мужийн сэнатч МкКарти коммунизмын эсрэг тэмцэж байна гэж сүйрүүлж өгсөн үе, “миний халаасанд яг одоо Конгрессын гишүүн Хятадын коммунист талыг баримтлагч 200 хүний нэр байна” гэж ирээд л. Хөөрхий Латтимор энэ дайралтад их өртсөн. МкКарти бас хэд хэдэн их сургуулийг коммунизмын үүр хэмээн дайрч байсны нэг нь Харвард. За тэр яахав, би төгсөөд Солонгосын дайнд сайн дураар явах болсон, Харвардын их сургуулиас надад дуртай цагтаа эргэн ирж, магистр, докторын зэргийн оюутан болоорой гэсэн бичиг хийж өгсөн юм. Ингээд хоёр жил Солонгост марин цэргийн офицер байсны эцэст ерөөс эрдэм судлалын ажлаа, Хятад судлалаа үргэлжлүүлье хэмээн 1954 онд Харвардын их сургуульд буцаж ирэв.
Алс дорнодын хэлнүүдээр зэрэг хамгаалах юм боллоо. “Хэл” биш, “хэлнүүд” гэж би олон тоон дээр хэлж байна шүү. Учир нь тэр үед ажлын зах зээл гэж маш бага, ганц хэлээр явахааргүй учраас япон хэл нэмж үзсэн юм. Ингээд япон, хятад хэл, түүх гэсэн мэргэжлээр мастерын зэрэг хамгааллаа. Тэр үед чинь эхнэр хоёр хүүхэдтэй ч болсон байсан үе.
-Тэндээсээ Төрийн Департаментад орж дипломатын ажлын гараагаа эхэлсэн байх аа. Анх яаж дипломат болохоор шийдсэн юм бэ?
-За тэр ийм учиртай. Нэг өдөр Кливз багшийн хичээл орж байв. Тав зургуулаа л суусан санагдана. Тэгж байтал нэг чухал шалгалтын тухай яриа өрнөдөг юм байна. Тэр нь Төрийн Департаментад орох шалгалт. Их хэцүү юм байдаг л гэнэ. Би ер нь үзээд алдъя гэж шийдлээ. Тэгээд өгсөн, тэнцээд 1956 оны аравдугаар сард дипломат албанд орсон түүхтэй.
-Гадаад албанд ороод хамгийн анх ямар улсад, ямар ажилд томилогдов доо?
-Анхны томилогдсон улс маань Хонконг. Пасспорт, аж ахуй хариуцсан ажил буюу хамгийн доороос нь эхэлсэн дээ. Тэнд хоёр ч охин маань төрсөн. Хонконгод ажиллаж байхдаа Тайваньд хятад хэлний дээд шатны хичээл үзлээ. Тайваньд Төрийн Департаментын сургуулийн салбар байдаг юм. Тэр хооронд бас Харвардын их сургуулийн докторантурт элсэх ам шалгалтаа амжилттай өгч, сэдвээ сонгов.
-Ямар сэдэв сонгосон билээ?
-Одоо би танд диссертацаа ном болгон хэвлүүлснээ барина. Кливз багштай ярилцаж байгаад Сүн улсын их баатар Вэн тиэн-шианы намтрыг орчуулж тайлбарлахаар шийдсэн юм. Хонконг, Тайвань, Сингапурт ажиллаж байхдаа өдөр шөнөгүй судалгаан дээрээ давхар суудаг байлаа. Вэн тиэн-шианы намтрыг судлаад ирэхээр Монголын түүх заавал үзэх хэрэг болно. Учир нь тэрбээр монгол цэргийн эсрэг тэмцсэн баатар юм.
-Тэр баатрын үүх түүх, Монголын түүхтэй ямар холбоотойг ярьж өгөхгүй юу?
-Бага залуу насандаа иргэний албаны шалгалт өгч, шилдгээр шалгаран, Эзэн хаанд хүндлэгдсэн төрийн хүн байж. Тэр цагт хятадууд Монголын байлдан дагууллаас зугтан, нийслэл хот нь Ханжоуд ирсэн байжээ. Өмнөд Сүн улс авлигад идэгдсэн, эх орныхоо төлөө тэмцэх ноёд ч үгүй болоод байсан цагт Вэн тиэн-шиан сайн дурын цэрэг цуглуулж, тулаанд зэхэж. Тэгж байтал Монголын Баян гэж жанжны цэрэг Ханжоуд иржээ. Бүх сайдууд айж, өнөө муу Вэн тиэн-шианыг л хэлэлцээ хий хэмээн өмнөө түлхсэн аж. Алдарт Баян жанжин ирээд мэдээж “бууж өг” гэж. Вэн тиэн-шиан тэгтэл бууж өгөх нь байтугай “та нар одоо л ухрахгүй бол хятадууд нийлээд танай цэргийг бут цохино шүү” гэсэн шүү юм хэлж байх юм гэнэ. Баян гайхсанаа “Наадхаа баривчил” гэсэн юм гэнэ лээ. Баривчлагдаад явж байхдаа оргоод, монголчуудын эсрэг овоо тэмцэж. Эцэстээ дийлэгдэн зугтаж яваад баригдаж, Ен-чинд хүргэгдэн иржээ. Ен-чин гэдэг чинь монголчуудынхаар бол Дайду, одоогийн Бээжин шүү дээ. Гурван жил шоронд суулгасны эцэст нэг өдөр Хубилай хаан өмнөө авчраад асууж гэнэ. “Чи ер нь юу хүсээд байгаа хүн бэ?” гэж. “Би одоо бол үхэхийг л хүсэж байна” гэхэд нь Хубилай “ёсоор болго” хэмээн толгойг нь авчээ. Үүнээс хойш Вэн тиэн-шианы алдар нэр Хятад даяар тархсан аж. Вэн тиэн-шианы намтар нэлээд хэд байдаг, Юань улсын үед бичсэн нь мэдээж Монгол талын барьсан, бусад зарим нь Хятад талаа барьсан байх жишээтэй. Би тэр бүгдийг харьцуулан судалж, орчуулан 1962 онд докторын зэргээ хамгаалсан билээ. Алив тэр ном аваад ир.
(Уиллиам Браун гуай ном дээрээ гарын үсэг барин дурсгав. Диссертацийнх нь олон нийтэд зориулсан хувилбар ажээ)
-За тэгээд Сингапураас Ханой, Сайгон, Бангкок, Филиппин, Бирма гээд олон газар ажилласан, тэр бүгдийг энд ярьж барахгүй. Би ер нь маш олон ээдрээтэй асуудалтай халуун газруудад ажилласан, адал явдлаар дүүрэн намтартай хүн. Одоо гол нь БНМАУ-тай анх хэрхэн холбогдсоноо ярья.
1966 онд би Москвад томилогдов. Зөвлөлт-Хятадын харилцаа ид хурцадсан, ах дүүгийн ган бат найрамдал нь өнгөрсөн, юун найрамдал, нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр довтолж, өмнө бичсэн үүх түүхээ бүгдийг шинээр зохиож эхэлж байсан үе. Тэнд ажиллаж байтал 1968 бил үү, 69 он, сайн санахгүй байна МонЦаМэ-гийн нэг хүн өөрөө над дээр ирж байна шүү. МонЦаМэ чинь танай ТАСС мөн биз?
-Мөн мөн.
ХОЁР. МОНГОЛЫН ТАЛ ГЭНЭ ТАЛГА БОЛСОН
-Москвад МонЦаМэ-гийн төлөөлөгч маш зоригтой, шулуун санал тавьсан юм. Яриа яг яаж эхэлснийг би санадаггүй юм, ямар ч л байсан нэг мэдэхэд л нэг хүлээн авалт дээр бид хоёр ярилцаж байсан, мань эр намайг “Манайд ирж байгаач, яриа хөөрөө байна” гэсэн юм даг. Гэрт нь очтол хоёр охин нь яг манай хоёр охин шиг хувцасласан, маш богино мини юбкатай, тод өнгийн гуталтай байх нь анх нэн сонин санагдаж билээ. Тэрбээр “АНУ-Монгол дипломат харилцаа цаг тогтоох болсон гэж танд бодогдохгүй байна гэж үү? Хятадад болж буй галзуурлыг хар л даа. Манайханд ямар санагдаж байгааг та бараг мэдэж байгаа байлгүй” гэсэн юм.
Би ч үүргийнхээ дагуу тэр дор нь дээшээ мэдээлсэн, яг тэр дороо шууд асуудал өрнөж эхлээгүй ч хожим яриа хөөрөө үнэхээр өрнөсөн юм шүү. Тэр хүн ганц тэр удаад ч биш, Америкийн тал Монгол Улсыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн маягийн зүйлийг надад хэд хэдэн удаа тодорхой хэлсэн юм. Гэхдээ тавиад оны үед Стаплтон Рой, Куртис Камман гэж хоёр дээд түвшний дипломат монгол хэл сурч байсан, тэр үед эхэлсэн яриа бас дарагдаж байсан түүхтэй.
-Тэр хүний санаачилгыг хүргэх үед яриа эхлээгүй юм бол хэзээ эхэлсэн хэрэг вэ?
-Би дараа нь Шинэ Делид томилогдлоо. Энэтхэг-Зөвлөлтийн, Энэтхэг-Хятадын харилцаа эгзэгтэй байсан үе. Нэг өдөр манай ЭСЯ-ны Төвдийн дүрвэгсдийг хариуцсан ажилтан өөр газар шилжиж, тэр асуудал миний ажил болов. Далай ламтай уулзлаа. Миний уулзсан хамгийн гэгээн сайхан улсын нэг дээ. Миний үеийн л залуу байсан. Никсон Ерөнхийлөгч болж, Америк-Хятадын хооронд яг нэг томоохон юм болох гэж байтал Далай лам Америкад айлчлах болов. Хувь хүнийхээ үүднээс би Далай ламын айлчлалыг дэмжиж байсан боловч ажлаа бодвол харилцаанд бас л асуудал авчрахаар. Дипломат ажлын явцад хэцүү юм олон тохионо шүү дээ.
За тэр яахав, Далай лам дээр монголчууд тэр үед хүртэл очдог байсан учраас бас нэгэн холбоо гэж хэлэх гэсэн хэрэг. Шинэ Дэли дэх манай элчин сайд Боулз Энэтхэгт давхар Дипломат нийгэмлэгийн тэргүүний албыг хашдаг байсан юм. Нэг өдөр Монголоос ирсэн шинэ элчин сайд Боулзад Дипломат нийгэмлэгийн тэргүүнийх нь хувиар бараалхах сонирхолтой гэсэн мэдээ ирлээ. Би сайддаа өмнө Москвад болсон яриаг дамжуулж, Монголын тухай танилцуулсан юм. Боулз бас сонирхож, намайг тэр элчин сайдыг тосож, өөр дээрээ авчрах даалгаврыг өгөв. Ийнхүү хоёр дахь удаагаа монгол дипломаттай уулзсан, бас л сайхан илэн далангүй, дотно яриа өрнөв. Энэ мэтээр миний бие Америкийн дипломатууд дотроос Монголтой харилцсан, бас харилцаа тогтоохыг дэмжсэн хамгийн анхны хэдэн хүний нэг болсон юм.
-Америкийн тал яг хэзээ Монголтой харилцаа тогтооё гэж шийдэж ажиллаж эхэлсэн юм бол?
-Тэр үүний дараахан болсон хэрэг. Далаад оны эхээр би яг Төрийн Департаментын Азийн Коммунист улсуудыг хариуцсан газрын орлогч даргаар ажиллаж байлаа. Хятад, Монгол, Хонконг Макаог хариуцсан газар. Монголыг хариуцна ч гэж, огт харилцаа байгаагүй учраас хариуцаад байх юм ер үгүй. Тиймээс би Монголтой харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьсан юм. Хүнд суртал, эсэргүүцэл нэлээд тулгарсан боловч эцэстээ зөвшөөрлөө.
“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ