Categories
мэдээ нийгэм

”Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Монгол – Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор “Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт болно.

“Халхын гол – Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Сансарын нисгэгч Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Сансрын нисгэгч, хошууч генерал,Ж.Гүррагчаа болон ОХУ – ын сансарын нисгэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков нар хүрэлцэн ирнэ.

Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор дахь танктай хөшөөний дэргэд дараах арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үүнд:

16:00 цагт “Халхын гол” Дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн,
16:30 цагт Монгол- Оросын сансрын баатруудтай дурсгалын зураг татуулах
17:00 цагт арга хэмжээний нээлт, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчдийн тоглолт,
18:30 цагт “Мартах учиргүй 1939 он” шүлэг яруу найргийн өдөрлөг,
20:00 цагт “Зарлаагүй дайны оршил” Монголын уран сайхны кино
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгав

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлжээ.

Явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТҮЦ-үүдийг буулгаж, газрыг чөлөөлж буй юм. Мөн Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм.

Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. Уг үйлчилгээ нь есдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон EVISA.MN хаягаар шууд нэвтрэх боломжтой аж. Түүнчлэн гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсч, түүний өмнөөс мэдээллийг илгээж байгаа хувь хүн, байгууллагууд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж, шат дарааллын дагуу үнэн зөв мэдээлэл ирүүлэхийг холбогдох мэргэжилтнүүд зөвлөв.

Categories
мэдээ спорт

МУГТ Н.Түвшинбаяр өнөөдөр ДАШТ-д зодоглоно

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна. Өнөөдөр /2019.08.31/ тус тэмцээний сүүлийн өдөр бөгөөд Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр +100 кг-ын жинд барилдах юм.

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 28-30-ны Дархан сумын “Түшиг-Уул” ХХК-ийн тогтмол усанд зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн 57 алба хаагч хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлагч П.Дэлгэрсайхан, аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа нар оролцож, туршлагаасаа хуваалцсан юм.

Аврагчид 5-15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, живсэн усан онгоцыг эрэг рүү татан гаргах, усанд осолдсон иргэнийг аврагч нохойны тусламжтайгаар авран эрэг рүү гаргах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлагыг хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байна

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хүлээн авалт, баярын арга хэмжээнүүдийн үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Тухайлбал, Халх голын дайнд оролцсон ахмад дайчид, тэдний үр хүүхэд, Дорнод аймгаас төрөн гарсан алдартнууд, ОХУ-аас оролцож буй зочид төлөөлөгчид зэрэг 300 гаруй хүн оролцсон баярын хүлээн авалтын арга хэмжээний үеэр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ, халдваргүйтгэл, орчны нөхцөл байдалд хяналт тавьж, бүтээгдэхүүнээс дээж авч, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Мөн баярын арга хэмжээнд дотоодын жуулчид ихээр ирж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах, хоол, хүнснээс гаралтай хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жил тариалах үрийг нэн тэргүүнд нөөцлөхийг санал болгов

МХЕГ-аас ургац хураалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС, ОБЕГ-ын харьяа УНХТГ, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Цаг агаарын байдлаас шалтгаалан ургацын болц хойшилж ногоон ихтэй, чийг өндөртэй үр тариа хураан авах төлөвтэй байгааг бөгөөд хэрхэн яаж хаягдалгүй, зөрчилгүй хураан авах талаар санал солилцсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам гаргах аж. Мөн ирэх жил тариалах үрийг хамгийн түрүүнд нөөцлөхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудад санал болгов. Учир нь аж ахуйн нэгжүүд сайн чанарын улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа тариалах үрээ нөөцөлж эхэлдэг байна.

Урьдчилсан байдлаар энэ жил хураан авах ургацын хэмжээ нь 420.0 мянган тонн байгаа хэдий ч цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ямар ч үр дүнгүй

– БИДЭНД КНОП БИЙ ГЭЖ ХЭТ ТҮРЭМГИЙЛЖ ХАНДАЖ БАЙГАА УЧРААС ӨРГӨН БАРЬСАН ТӨСЛӨӨ БАТЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХЭЭД БАЙНА –

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ямартаа ч эхлүүллээ. Хэлэлцүүлгийн үйл явцын талаар таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нийт гишүүдийн 3/4-аар буюу 57 гишүүний дэмжлэгийг авах ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдана. Уг төслийг 62 гишүүн өргөн барьсан. Ингээд үзэхэд эрх баригч намын 62 гишүүн оруулж ирсэн төслөө хангалттай батлах боломжтой. Харамсалтай нь өнөөдөр өргөн барьсан төслийнхөө эсрэг бодолтой гишүүн маш их байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад буюу өнөөдөр (өчигдөр) 150 саналын томьёолол орж ирлээ.

Үүний эхний санал дээр нь гэхэд л бүгд өөр байр суурьтай байна. Энэ нь өөрсдийн өргөн барьсан Үндсэн хуулийн төслийнхөө томьёололд санал нэгдэж, зөвшилцөж чадаагүй гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадна гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

-62 гишүүн гарын үсэг зуран дэмжсэнээр энэ төслийг өргөн барьсан ч өнөөдөр ийнхүү санал зөрөлдсөөр байна. Үүнээс гишүүдийг анхнаасаа төсөлтэйгөө сайтар танилцаагүй гэж ойлгох уу, эсвэл өөр ашиг сонирхлын зөрчил байна уу?

-Өргөн барьсан төслийнхөө утга агуулга дээрээ анхнаасаа санал нэгдээгүй байсан нь харагдаж байна. Энэхүү төслийг сайжруулахын төлөө Ерөнхийлөгч болон бусад улс төрийн хүчний нам, эвслүүдтэй зөвшилцөөгүй. Харин ч олонхоороо хүч түрж өргөн барьснаас энэ бүх хүндрэлүүд бий боллоо гэж үзэж байна. Хэдийгээр УИХ дээр 64 суудалтай ч гэсэн ингэж эрдэж болохгүй. Үндсэн хууль гэдэг нийт ард түмний эрх ашгийг хөнддөг суурь хууль учраас УИХ-д суудалтай, суудалгүйгээс үл хамаарч бүх улс төрийн хүчнүүд, нийгмийн байгууллага, төлөөлөл, судлаачдын саналыг маш нухацтай авч үзэж байж батлах ёстой.

Анхнаасаа энэ бэлтгэл ажлаа сайн хийж чадаагүй учраас хоёрдугаар хэлэлцүүлэг дээр, санал өгөх мөчид хүртэл үндсэн зүйлүүд дээрээ санал зөрөлдөж байна. Үүнийг хэд хэдэн жишээ харуулж байна. Нэгдүгээрт, улс төрийн сонгуулийн тогтолцоогоо холимог, мажоритар, пропо-рцианаль байх уу гэдгээ одоо ч тохиролцож, шийдэж чадаагүй байна. Энэ нь бүхий л улс төрийн намуудын хувьд амин чухал асуудал. Монголын өнөөдрийн төрийн байгууллагуудын хоорондын зөрчилдөөн, улс төрийн орчны энэ сөргөлдөөн сонгуулийн тогтолцооноос ихээхэн хамаарч байгаа. Жалга бүрээс, 76 жижиг мажоритароор сонгогддог энэ тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилд ч, улс орны алсын хөгжлийн бодлогод ч сөргөөр нөлөөлдөг. Ийм том бодлогынхоо зарчмын суурь асуудал дээр нэгдэж чадаагүй байна гэдэг санал хураахад бэлэн биш байгааг харуулж байна.

Хоёрдугаарт, хамгийн чухал нь улс төрийн намууд институцийн хувьд хөгжих, бэхжих, төгөлдөрших, хариуцлагатай болох хэрэгтэй. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ялгарч хөгжих хэрэгтэй байна. Удирдлага, санхүүжилт нь ил тод баймаар байна. Хариуцлага, хэрэгжүүлэх бодлого нь урт хугацаанд тогтвортой, судалгаатай, алсыг харсан байх хэрэгтэй байна. Ингэхийн тулд улс төрийн намынхаа суурь зарчмыг оруулах ёстой. Гэсэн ч өнөөдөр санал зөрөлдөөнтэй, тохиролцож чадахгүй байна. Дээрээс нь хууль шүүхийн байгууллага шударга ёсныхоо баталгааг хангах тал дээр тохиролцож чадахгүй байна. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн хэрэгцээ шаардлага нь таван зүйлтэй холбоотой байсан.

-Тэдгээрийг тодруулаач?

-Нэн тэргүүнд байгалийн баялагаа тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах суурь зарчмаа тодорхойлох, УИХ, улстөрчид нь хариуцлагажихтай холбоотой байсан. Хэрэв хариуцлага алдвал УИХ өөрөө тардаг, тухайн гишүүнийг эгүүлэн татдаг эрх зүйн үндэслэлийг бий болгох шаардлага байгаа. УИХ, Засгийн газар буюу хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал нь харилцан хяналт тэнцэлээ хангадаг, өөр өөрийн үүргээ биелүүлдэг, байр суурин дээрээ байх туйлын шаардлага ч бий. Дээр хэлсэнчлэн улс төрийн намууд хөгжлийнхөө дараагийн шинэ шатанд гарч, үзэл баримтлалаараа нийт иргэддээ хүлээн зөвшөөрөгддөг байж сонгуульд оролцдог, эрх авдаг, улс орныг удирддаг зарчимтай болох ёстой. Өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад улстөрчдөөс, эрх баригчдаас, төрийн зарим институциэс шууд оролцож байгаа оролцоог арилгаж, бие даасан байдлыг хангахын тулд Үндсэн хуульд зайлшгүй зарчмуудыг суулгах хэрэгтэй байсан. Мөн төрийн алба нь тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс ангид байх гэх зэрэг энэ хэдэн суурь зарчмууд дээрээ бид Үндсэн хуулийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, дараагийн 20, 30 жилдээ тогтвортой хөгжих, хөгжлийнхөө суурийг тавих зайлшгүй шаардлага байсан. Тиймдээ ч ард иргэд энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдаасай гэж хүсэн хүлээж байсан. Хувь улстөрчийн хувьд ч тэр, би энэ байр суурин дээр байсан юм. Мэдээж тодорхой зүйлүүд дээр илүү сайжруулах, хариуцлагажуулах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Ялангуяа төсөв, санхүүгийн харилцааны зарчмуудыг илүү тодорхой болгож, тусгагдаагүй зүйлүүдийг сайжруулъя гэдэг саналыг өгч байлаа. Нэг зүйл ажиглагдаж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр бусдын саналыг хүлээж авахгүй, тэр бүү хэл дотроо байгаа өөр үзэл бодолтой гишүүдээ ч сонсохгүй байна. Бидэнд кноп бий гэж хэт түрэмгийлж хандаж байгаа учраас өргөн барьсан төслөө батлуулж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Энэ нь тун харамсалтай юм.

-Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч болон улс төрийн намуудын саналыг тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа шүү дээ.

-Өөрсдөө бол тэгж тайлбарлаж байгаа юм. Хэлбэр төдийгөөр л санал авч байгаа. Агуулгын хувьд хүмүүсийн тусгуулахыг хүсч буй санаа бүрэн дүүрэн сууж чадахгүй байгаа учраас хүмүүс эсрэг санал илэрхийлээд байна.

-Ардчилсан намын зүгээс тогтолцоогоо тодорхой тусгаж өгөх ёстой гэж буй. Хоёрдугаар хэлэлцүүлгээр тогтолцоог тодорхой суулгах боломжтой юу?

-Энэ асуудлаар Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярьсан. Ардчилсан намын зүгээс ч байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь өнөөдөр зөвшилцөж чадаагүй. Энэ нь олонхын бүлгийн саналаар буюу 76 жижиг тойрог, дээр нь 23 хүн жагсаалтаар гээд 99 гишүүнтэй байхаар санал хураагдах нь шиг байна. Төсөл дээрээ бол энэ нь байхгүй. Яг энэ асуудал ихээхэн маргаан дагуулж байгаа. Миний хувьд гишүүдийн тоо 76, 99, 108 байна гэдэг нь тийм чухал биш. Хамгийн гол нь суурь, улс орны хөгжлийн том бодлого орхигддог, түүнийг ярьдаг төлөөлөл УИХ-д байхгүйд учир бий. Бүгд зөвхөн сонгогдохын тулд тойрог руугаа, төсвийн үрэлгэн, хэсэгчилсэн жижиг бодлого руу илүү анхаарч нийт төсвийн 2/3 хувь нь хөдөө орон нутагт хуваарилагддаг. Гэсэн ч хөдөө орон нутгийн хөгжил 1960 оныхоо түвшинд хэвээр байна. Томоохон төслүүд нь дандаа олон улсын төсөл, эсвэл бондын хөрөнгөөр санхүүжигддэг. Энэ нь маш их хэл ам дагуулдаг. Жил болгон үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дөрвөөс таван том төслүүд хөдөлнө гэж ярьдаг ч хэзээ ч явдаггүй. Тиймээс хэн нэгэн хүн, институци Монгол Улсын хөгжлийн алсын хараа, бодлого төлөвлөлтийг судлаад, урт, дунд, богино хугацаагаа, хүрэх үр дүнг нь тодорхойлоод, түүний араас үргэлж хянадаг, ажилладаг байх төрийн залгамж чанар хэрэгтэй байна. Ингэж чадахгүй байгаа нь эргээд сонгуулийн жижиг тогтолцоотой холбоотой болж таардаг. Үүнийгээ шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа ч ямар ч үр дүн харагдахгүй.

-Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч байна гэж тусгахаар болж байна. Төрийн нийтийн гэх томьёолол ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн мэдлийнх болох нь гэх болгоомжлол ч иргэдийн дунд байна. Та үүнд хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Төр гэдэг Ерөнхийлөгч ганцаараа биш. Төр бол иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчлэх гэж байгууллагддаг. Харамсалтай нь өнөөдөр төр, иргэн хоёр ялгарчихаад байна. Нийтээр эзэмших, ашиглах ёстой тэр бүх байгалийн баялгийг төр ухаалаг менежмэнтээр, бүх ард түмэндээ тэгш хүртээмжтэйгээр хуваарилах бодлогыг явуулах ёстой. Харамсалтай нь, төрийн шийдвэр гаргах мест дээр оччихсон хүмүүс эрх мэдлээ ашиглаж тэр баялгийг иргэддээ биш, өөрсдөдөө төвлөрүүлж авч байгаад л иргэд бухимдаж байна. Үүнээс болоод иргэд төр гэдгийг өөрсдөөсөө тусдаа үзэх болсон. Төр тусдаа өмчтэй, эрх мэдэлтэй байхын эсрэг болчихоод байгаа. Энэ бол нийгмийн гаж үзэгдэл. Ийм нөхцөл байдал үүсгэсэн буруутан нь ард иргэд биш. Харин тухайн үе бүрийн шийдвэр гаргагч түвшний хүмүүсийн алдаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 150 гаруй санал дээр санал хураалт явуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу гишүүдийн ирц өндөр байх шаардлагатай. Энэ тохиолдолд чухал саналууд унах эрсдэл бүрдэхийг үгүйсгэх аргагүй байна. Тэгэхээр Үндсэн хууль цогцоороо батлагдаж чадах уу?

-Зүйл заалт бүрт санал хураалт явуулахад 57-гоос дээш гишүүн оролцож, тэд дэмжиж санал өгснөөр батлагдах ёстой. Өнөөдөр чуулганы ирцийг харахад сөрөг хүчний гишүүдийг оролцуулаад 62-уулаа байна. Эрх барьж байгаа намын хууль өргөн барьсан 62 гишүүн бүгд нэгдсэн хуралдаанд орж ирэхгүй байна. Тийм учраас нэг гишүүн л эсрэг дарахад энэ саналууд дэмжигдэхгүй унах магадлалтай. Маш эрсдэлтэй байдалтай байна.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулж байна

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст байрлах, үйл ажиллагаа явуулах нь шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, засвар үйлчилгээ хийхэд тээг болох, цаг хугацаа алдахад хүргэдэг төдийгүй шугам таслах, гэмтээх цаашлаад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахуйц осол гарах аюултай байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон 220/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд шалгалт хийж, 10 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил, дутагдлыг арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байсан юм. Энэ хүрээнд зөрчилтэй аж ахуйн нэгжүүдээр эрчим хүчний хамгаалалтын зурваст байрлуулсан контейнер, техник хэрэгсэл, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөвөрлүүлэн зурвас газрыг чөлөөлүүлэх, хамгаалалтын хашаа барих ажилд хяналт тавин ажиллаж байна.

Цаашид өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж байгууллага амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөж байна.