МУИС-ийн ХЗС-ийн профессор, хууль зүйн доктор Д. Гангабаатартай ярилцлаа.
-Шинэ Үндсэн хууль батлах нь зүйтэй гэсэн хүмүүс байна. Мөн энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж огт болохгүй гэсэн хүмүүс байна. Энэ талаар таны бодол?
-Ханын цаас хуучирсан гээд шууд гэрээ нураагаад шинэ байшин барьдаг бил үү? Үндсэн хуульд засаж сайжруулах зүйл байгааг шинэ Үндсэн хууль батлах ёстой гэж ойлгож болохгүй. 1992 оны Үндсэн хууль Монгол Улсад үндсэн хуульт ёсны суурийг тавьсан сайн хууль. Үндсэн хуулиа байшин гэж үзвэл дотор засал хийж, тавилгаа сольж, зохион байгуулалтаа өөрчилж, сайжруулж болно. Гол даацын баганыг хөндөж болохгүй. Үндсэн хууль бол ард түмний бүтээл, ард түмний үнэт зүйл байдаг. Хэн нэгэн, хэсэг бүлгийн хүсэлтээр хүчингүй болгодог баримт бичиг биш.
Нөгөө талаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж ярих хүмүүс бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно, оруулахдаа яаж оруулах вэ гэдгийг заасан бүхэл бүтэн бүлэг Үндсэн хууль дотор нь байдаг. Ойр ойрхон өөрчилбөл төр тогтворгүй болох учраас нэмэлт, өөрчлөлт оруулахад хязгаарлалтууд тогтоосон. Огт өөрчилж болохгүй Үндсэн хууль гэж байхгүй.
1992 оны Үндсэн хуулиар энэ эрхийг УИХ-д олгосон. Ямар зүйл заалтыг яагаад өөрчилж болохгүй, яаж өөрчлөх ёстой талаар үндэслэл, саналаа хэлээд Үндсэн хуулиа сайжруулахад оролцох эрх хүн бүрт нээлттэй. Төслийг сөхөж ч харалгүйгээр энэ нам учраас, тэр нам учраас, ийм субьект бол Үндсэн хуулийг сайжруулж болохгүй, өөрчилж болохгүй. Харин тэр нам, ийм хүмүүс л төрийн эрхэнд гарвал, бид гарвал өөрчилж болно гэж харж болохгүй.
Мэдээж олон ургальч үзэлтэй нийгэмд эсрэг тэсрэг олон санал гарна. Монголчуудын нийтлэг эрх, ашигт нийцсэн олны дэмжлэг авсан саналууд дэмжигдэх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шиг чухал асуудлаар улс төр хийж болохгүй.
Үндсэн хууль илүү сайжрах нь чухал уу? Хэн санаачилсан гэдэг нь чухал уу? Хоолны амт чанар чухал уу, өөрийн аяганд идэх ньилүү чухал уу?Номын агуулга чухал уу? Хавтас нь илүү чухал уу? Бодох л асуудал.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар өргөн барьсан санал, төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө ч гэсэн санал гаргахад оройтоогүй. Хэлэх үг, нэмэрлэх саналтай хүн бүрийн оролцоо чухал. Ерөнхийлөгчийн институцийн зүгээс ирүүлсэн санал нэг бүрийг ул суурьтай хэлэлцэж авахаа аваад явах нь УИХ-ын мэдлийн асуудал. Ийм процесс явж байх шиг байна. Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, ард нийтийн санал асуулга гээд дэмжмээр санаа ч байна гээмээр зүйл ч бас байна.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд гишүүдийн гаргасан санал дээр санал өгсөн хэдий ч нэмж төсөл оруулж байгааг одоо өрнөж байгаа хэлэлцүүлгийн үеэр оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ төсөл нь УИХ-ын гишүүдийн зүгээс дэвшүүлсэн төсөлтэй хэрхэн уялдаж хэлэлцэгдэж явах вэ?
-Хуулийн дагуу урьдчилан тогтсон нэг л төсөл чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн төслийг саналын түвшинд харгалзан үзэж, чуулганы хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө олон нийтийн хэлэлцүүлэг явуулж байна гэж ойлгож байгаа. Гол хэлэлцэх төсөл нь УИХ-ын гишүүдээс санаачилсан төсөл байна.
-Мөн Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгож таван жилийн хугацаатай Их хуралд суух санал гарган түүнийгээ судалгаанд үндэслэгдсэн хэмээн тайлбарлаж байгаа. Иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл авчрах заалт байж болох. Гишүүдийн тоог нэмэх нь хэр зөв юм бэ?
-Одоо 76 гишүүнтэй байгаа боловч 20 гишүүн хууль батлах боломжтой. Гурван сая иргэн, улс даяараа дагаж мөрдөх хуулийг 20 гишүүн гар өргөөд батлах боломжтой байгаа. УИХ-ын гишүүдэд нөлөөлж, лоббидож өөртөө, өөрсдөдөө, бизнестээ, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргуулах ашиг сонирхолтой этгээдүүд байгаа л байх. Тэгэхээр ийм цөөн тооны гишүүд лоббид автахгүй, хувийн компанийнхаа эрх ашгийг урьтал болголгүй, гадна, дотны нөлөөнд оролгүй бүх ард түмнийг төлөөлж чадахуйц тоо гэж үзэхэд хангалтгүй санагддаг юм. УИХ ард иргэдээ бүрэн төлөөлж, гадна дотны нөлөөллөөс ангид тасралтгүй үйл ажиллагаа явуулж чадахуйц тооны гишүүнтэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа юм.
-Мөн “давхар дээл”-ийг тайлах асуудлыг гишүүдийн зүгээс тав болгож оруулж ирсэн. Харин Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайдыг давхар дээлтэй байхаар оруулж ирж байна. Ерөнхий сайд дангаараа давхар дээлтэй байх нь сонгуулийн холимог тогтолцоотой үед хэрэгжих боломжтой гэж байх юм. Манайд ямар сонгуулийн тогтолцоо зохимжтой юм бэ?
-500, 600 гишүүнтэй парламенттай улсад парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах нь хэвийн үзэгдэл. Харин цөөн гишүүнтэй парламенттай, олон яам байгуулдаг манайх шиг улсад л асуудал мөн. Цөөн гишүүнтэй парламентын хувьд хууль тогтоогч, гүйцэтгэх засаглал хоёр тодорхой хэмжээнд бие даасан байхгүй бол хоорондын хяналт суларна. Хяналтгүй бол эрх мэдэлтний дур зорго, авлига, хүний эрхийн зөрчил цэцэглэх эрх зүйн орчин бүрдэнэ. Парламент, Засгийн газар, шүүх эрх мэдэл нь харилцан хяналттай байж иргэдийн эрх, эрх чөлөө хангагддаг. Ийм хяналт бий болгох нь Үндсэн хуулийн үүрэг. Товчоор хэлбэл, иргэд УИХ-тай, УИХ нь Засгийн газартай, Засгийн газар нь салбарын сайдтайгаа хариуцлага тооцдог, сайд нь салбартаа хяналт тавьдаг байх ёстой. Эсрэгээрээ, хариуцсан салбарт нь хариуцлагагүй, хяналт муу байгаа бол сайд огцордог, сайдтай хариуцлага тооцож чадахгүй Ерөнхий сайд огцордог, Ерөнхий сайд, Засгийн газарт хяналт тавьж чадахгүй байгаа УИХ ард түмний өмнө сонгуулиар хариуцлага хүлээдэг ийм хяналтын тойрог юм.
Манай Үндсэн хуульд энэ хяналтын тогтолцоо нэг газраа доголдолтой байгаа. Салбар хариуцсан сайдыг Ерөнхий сайд биш УИХ нь томилдог, огцруулдаг нэг буруу механизм байна. Үүнийг энэ нэмэлт, өөрчлөлтөөр засна. Ерөнхий сайд нь сайд нараа өөрөө мэдэн томилж, огцруулдаг болно. УИХ нь салбарын сайдтайгаа хариуцлага тооцоогүй Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцох боломжтой болно. Сонгуулийн тогтолцооны хувьд бид одоо хүртэл явуулсан долоон парламентын сонгуулийнхаа 6-д нь хэрэглэсэн олонхын тогтолцоог хэрэглэвэл одоогийн хоёр намын тогтолцоо ноёрхож, улам хүчирхэг болно. Өөр гарцгүй. Холимог тогтолцоог сонговол шинэ улс төрийн хүчин гарч ирэх, олон нам төлөвших боломж нэмэгдэнэ.
-50000+1-ээс доошгүй иргэний гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж санал оруулж байгаа нь намуудад өндөр босго нөгөө талаараа шинэ нам үүсэх боломжгүй болж байгааг шүүмжилж байгаа. Энэ талаарх саналдаа Ерөнхийлөгч хатуу байр суурьтай байгааг ЕТамгын газрын дарга хэлж байсан. Намын талаар Үндсэн хуульдаа тусгах шаардлага бий юү?
-Намын талаар 1992 оны Үндсэн хуульд тусгагдсан. Харин юу тусгагдаагүй вэ гэхээр намын үйл ажиллагаанд баримтлах зарчмын талаар, нам ямар хариуцлага хүлээх талаар, намын дотоод ардчиллын талаар, хэрхэн байгуулах талаар тусгагдаагүй. Нам нь иргэд улс төрд оролцох, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх нэг үндсэн арга. Монгол Улсын ардчилсан төрийг барилцах гэж байгаа нам юм бол дотооддоо ардчиллын зарчмыг баримтлах ёстой. Нэг хүний эрхшээлийн нам, садан төрлийн нам, дотооддоо дектатур бүхий нам төрийн эрхэнд гараад энэ улсын ардчиллыг бэхжүүлнэ гэж байхгүй. Нам хандив өгсөн хүмүүс, компани, аж ахуйн нэгжүүдээс хараат байж болохгүй. Хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь ил тод болгох зэргээр намын үйл ажиллагаанд зохицуулах шаардлагатай байна. Гадаад улсуудын жишээг харахад нам байгуулахад 50-5000 гишүүнтэй байх шаардлага тавьж байна. Мэдээж энэ тоог өндөр тогтоох тусам иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулахад улам хэцүү болно.
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр Засгийн газар тогтвортой ажиллана гэж гишүүдийн зүгээс үзэж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дотор хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллага, ҮАБЗ гэх мэт байгууллагууд ЗГ, УИХ-ын бүрэн эрхээс булаацалдсан байдлаар оруулж Үндсэн хуулиар түүнийгээ баталгаажуулах гэж оролдож байна гэх шүүмжлэл яригдаж байна?
-Улс төрийн нам сонгуульд мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж ард түмнээр бодлого, хөтөлбөрөө шүүлгэдэг. Иргэд дэмжвэл УИХ-д олонхийн суудал авч Засгийн газраа байгуулж, бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Бодлого, хөтөлбөрийг нь шүүн тунгаах эрхийг сонгогчид үлдээх ёстой. Амлалтаа биелүүлээгүй бол сонгуулиар иргэд хариуцлага нэхнэ. Засгийн газар Үндсэн хууль зөрчвөл Цэц хяналтаа тавих тогтолцоо байгаа.
Хэд хэдэн байгууллагын нэр нэлээд эртнээс төсөлд явж байсан. Миний санаж байгаагаар цөөнгүй судлаачид Үндсэн хуульд шинээр олон байгууллагын нэр оруулахыг дэмжихгүй байгаа. Шаардлагатай бол бусад хуулиараа байгуулах боломжтой. Ямар ч байгууллага байгуулсан эрх мэдлийг гурван чиг үүрэгт хуваарилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх ёстой.
-Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс манай парламент хоёр танхимтай байх нь зөв хэмээн ярьж байгаа. Гэтэл манайх нэгдмэл улс байтал холбооны улсын энэ хэв шинжийг оруулснаар улс задрах бодлого явагдах эрсдэлтэй хэмээн зарим хуульч үзэж байсан?
-Хоёр парламентын танхимтай нэгдмэл улс бий. Манайд ч хоёр танхимтай байсан туршлага байгаа. Гэхдээ энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хоёр танхимтай болсноор дээд танхим нь хяналт хэрэгжүүлнэ гэж итгэдэг. Гэтэл Японы парламентын хоёр танхимд нэг нам олонх болсноос болж хяналт хэрэгжихгүй нөхцөл бүрдсэн туршлага бий.
Ер нь өнгөрсөн 27 жилийн бүх алдаа, дутагдлыг Үндсэн хуульд тохож, шүүмжлэх хүмүүс байна. Эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүх асуудлыг өргөс авсан юм шиг шийдвэрлэнэ гэж хөнгөмсгөөр найдах нь өрөөсгөл. Олон асуудал Үндсэн хуультай шууд болон шууд бусаар холбоотой нь үнэн. Тийм учраас сайжруулах зорилгоор нэмэлт, өөрчлөлт яригдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын хариуцлага хяналтыг сайжруулах, шүүхийн бие даасан байдлыг илүү хангахыг зорьж байгаа. Шүүх засаглалыг Ерөнхийлөгч гартаа бүрэн оруулж байгаагаас гадна хонгилын түлхүүрийг нээх биш бүр атгаж байна хэмээсэн шүүмжлэлүүд бас яригдаж байна л даа. Шүүх засаглал бол үндсэн хуульт ардчиллын амин сүнс. Ялангуяа, шүүгчийн томилгоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, томилгооны асуудлыг УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд тусгасан. Өнгөрсөн хугацаанд шүүх бие даасан байдлаа алдсан гэсэн шүүмж их гардаг. Тийм бол одоо томилгооноос нь эхлээд сайжруулах боломж гарч ирлээ. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийг хэлэлцэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг саналын түвшинд харгалзан үзэх учир эрхбиш зөв шийдэлд хүрэх байх гээд харж байна. Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахад дэвшил гаргаж чадахгүй бол энэ төсөл үнэ цэнээ алдана.