Categories
мэдээ нийгэм

Тэрэлж голд автомашинтайгаа суусан гурван иргэнийг аварчээ

Тэрэлж голд автомашинтайгаа суусан иргэдийг аварсан ч автомашин нь живжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны ”Заан тэрэлж” гэдэг газар /Улаанбаатараас зүүн зүгт 35 км-т/ “Тэрэлж” голын усанд 3 зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 05:21 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 09:00 цагт очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн 3 зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байсан бөгөөд нийслэлийн Хан-УУл дүүргийн харьяат иргэн М /34 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /34 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног маргааш эхэлнэ

Жил бүрийн 8 сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэх гэж байна.

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. Энэ ч үүднээс хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллохыг олон улсын хэмжээнд чухалчилдаг байна.

Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр иржээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан машин хэрэглэгчид ногоон дугаар авахдаа энгийн дугаарын төлбөр төлнө

Цахилгаан машин хэрэглэгчид ногоон дэвсгэртэй дугаар олгож эхэлсэн. Ингэснээр машинууд нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй болох юм. Энэ нь байгальд ээлтэй, эко авто машиныг нэмэгдүүлэх зорилготой аж. Цахилгаан машины ногоон дугаар авахдаа Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн салбар төвүүдэд хандаж авах боломжтой юм байна. Ногоон дугаар авахдаа энгийн дугаарын үнэ төлөх нь. Түүнчлэн ногоон дугаарын серийн үсэг нь өөр юм байна.

Одоогоор улсын хэмжээнд 223 бүрэн цахилгаан автомашин бий. Үүний 209 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэлтэй гэнэ. Цахилгаан машины нэг жилийн татвар 1920 төгрөг юм байна.

Categories
гадаад мэдээ

Казахстанд Серикжан Билаш гэгчийг шүүж байна

Серикжан Билаш гэж хэн бэ? Тэрээр “Атажурт” хөдөлгөөний тэргүүн бөгөөд Шинжаан Уйгарын автономит дүүрэгт төрж өсөөд хожмоо Казахстаны иргэн болсон аж. Тэрээр Хятадад оршин суудаг казах иргэдийн эрхийг хамгаалдаг гэдгээрээ алдартай юм байна. Түүний удирддаг “Атажурт” байгууллага нь хүний эрхийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг тараадаг бөгөөд лалын шашинтнуудыг “хүмүүжүүлдэг” лагерийн талаар ч мөн бичдэг гэнэ. С.Билашийг үндэстэн хоорондын мөргөлдөөнийг өөгшүүлсэн хэмээн буруутгасан учир долоон жил хоригдох ял сонсож болзошгүй юм байна. Гэвч тэрээр энэ бүхнийг үгүйсгэж энэ нь улс төрийн шинж чанартай гэж нэрлэжээ. Шүүх хурлын танхимд түүнийг дэмжигчид ирж “Эрх чөлөө” хэмээн казах хэл дээр хашгирч байсан гэж “Эрх чөлөө” радио станц мэдээлэв. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар Казахстаны засаг захиргааныхан Хятадтай харилцаагаа сайн байлгах үүднээс Билашийн эсрэг арга хэмжээ авч байна гэжээ. С.Билашийг гуравдугаар сард Алма-Ата хотод баривчилсан бөгөөд хожмоо Нур-Султан хотод авчирч гэрийн хорионд байлгасан аж. Мөн “Атажурт” байгууллагын оффист нэгжлэг хийсэн байна.

Т.БҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Эгийн голын гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын гүүрний далан сэтэрч, автомашин зорчих боломжгүй болсон тул тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Энэ чиглэлд зорчихгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн усны нөөц, ашиглалтад хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах зөвшөөрөл олгох үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшин, нутаг дэвсгэрээс хамаарч ялгаатай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.

Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 онд 614.4 мян.м3/хоног болж нэмэгдэх судалгаа гарсан. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх хэрэгцээ үүсэж байгаа юм.

Туул голын сав газарт нийслэл хотын төвийн долоон дүүрэг, Төв аймгийн 11, Архангай аймгийн нэг, Булган аймгийн тав, Өвөрхангай аймгийн нэг нийт 20 сумын нутаг дэвсгэр багтдаг. 2018 оны жилийн эцсийн байдлаар тус сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой гол болоод байгаа юм. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болжээ.

Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүлжээ.

Ажлын хэсэг БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, “Монгол ус” ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөллөөс бүрдэх бөгөөд Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ болон бусад судалгааны үр дүн, ашиглалтын мэдээлэлд үндэслэн 2019 оны аравдугаар сард багтаан санал боловсруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 17-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна

“Шарилжгүй Улаанбаатар-4” аяны хүрээнд наймдугаар сарын 17-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Иргэд хашааныхаа дотор болон түүний ойр орчим, байр, хүүхдийн тоглоомын талбайн эргэн тойронд ургасан шарилж, луулийг цэвэрлэх юм. Шарилжны цэвэрлэгээнд иргэд, ААНБ-уудыг идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.

Categories
гадаад мэдээ

Кубын иргэд гэртээ интернеттэй болохыг зөвшөөрлөө

Кубын нийгмийг мэдээлэлжүүлэхийг хурдасгах үүднээс ард иргэдийг холбооны хэрэгсэлтэй болгох арга хэмжээг Кубын засаг захиргаанаас авлаа. Хувийн сүлжээндээ иргэд ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй юм байна. Харин сүлжээнд үнэ төлбөртэй холбогдох гэж байгаа бол зохих зөвшөөрлийг заавал авах шаардлагатай болно. Тохирох тоног төхөөрөмжийг иргэд гадаадаас худалдан авах боломжтой гэнэ. Гэхдээ нэг хүн нэг л төхөөрөмжийг оруулж ирнэ. Сануулахад, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Кубын иргэд гар утас хэрэглэх эрхтэй болж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас хэрэгжүүлж буй “Шинэ гэр” төслийн төлөвлөгөөг танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзан, ажил хэргийн санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс захирал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн шинэ загварын гэр сууц барьж өгсөн нь үр дүнтэй ажил болсныг онцолсон.

Цаашдаа төслийн хоёр дахь шатанд хийгдэх ажлын ерөнхий төлөвлөгөө ёсоор бол 150 гэрийг дулаалах, мөн 10 айлыг цахилгаан холболтын асуудал болон цахилгаан-халаалт гэсэн хоёр үзүүлэлттэй тоолуур тавьж өгөх, мөн гэрийн дулаалгыг хэрхэн сайжруулах, шалны дулаалгыг яаж суурилуулах талаар айл өрхүүдэд зааварчилгаа өгөхөөр төлөвлөсөн гэдгээ мөн танилцуулав. Түүнчлэн төслийн гурав дахь шат буюу 2020 онд 10 мянган гэрийг дулаалах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа хотын Захирагчид уламжилсан юм.

Хотын Захирагчийн зүгээс төслийг амжилттай урагшлуулахад нийслэлээс шалтгаалах асуудалд бүхий л боломжоор тусалж дэмжин хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх энэ төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал гэдгийг төслийн багийнханд хандаж хэлэв.

Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, “Наян зургаан мянга дөрвөн зуу” ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын мэргэн буучид “Мэргэн буучийн зааг”-т хүчээ үзнэ

ОХУ жил бүр ” АРМИЙН ТОГЛОЛТ”зэвсэгт хүчний олон улсын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. “Армийн тоглолт”-ын хүрээнд төрөл бүрийн тэмцээнүүд ОХУ болон энэ тэмцээний оролцогч орнуудын нутаг дэвсгэр дээр болдог.

Энэ жил “Армийн тоглолт”олон улсын Зэвсэгт хүчний шандсыг сорьж буй тэмцээний нэг болох ” МЭРГЭН БУУДАГЧИЙН ЗААГ’” тэмцээн Белорусс улсын Брест хотод зохиогдож байгаа юм.

Уг тэмцээнд нийт 23 улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид цэц мэргэн авхаалж самбаагаа сорихоор цуглараад байна. Наймдугаар сарын 3-15-ны хооронд зохион байгуулагдах энэхүү тэмцээний сугалааны хэсэг долоодугаар сарын 30-нд болжээ.

Монгол улсыг төлөөлөх хурандаа П.Чинзориг ахлагчтай багийнхан өчигдөр болсон тэмцээний сугалаанд 14 дүгээр сугалааг сугалсан байна.

Монголын багийн ахлагч, хурандаа П.Чинзоригтой утсаар холбогдон тодруулга авахад

“Оролцогч орнуудын багууд зургаан мэргэн буудагч, дасгалжуулагч орчуулагч хэвлэлийн төлөөлөгч багийн ахлагч гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Манай улсын хувьд мөн ижил. Монголын баг тав дахь жилдээ энэ тэмцээнд оролцохоор ирээд байна. Өчигдөр сугалаагаар 14 дүгээр сугалаа таарсан. Мөн 7.62 мм-ийн СВД, 5.56 мм-ийн АКС, 9мм-ийн ПМ зэвсгүүдээ хүлээн авсан, өнөөдөр өөрсдөө тусгалд оруулж зэвсэг дуран хэрэгсэлдээ тохиргоо хийнэ” гэсэн мэдээлэл өглөө.

Дашрамд дуулгахад 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Армийн тоглолт” олон улсын зэвсэгт хүчний тэмцээний хүрээнд зохион байгуулагддаг “Мэргэн буучийн зааг” тэмцээний үеэр ганцаарчилсан ба хосын тэмцээн зохион байгуулагддаг. Энэ тэмцээн нь өдрийн болон шөнийн буудлага буухиагаар өндөрлөдөг юм байна.