Улсын баяр наадмаас өмнө ирэх долоо хоногт ихэнх аймгууд ойн баяр наадмаа зохион байгуулахаар товлож, энэ долоо хоногоос зарим аймгийн баяр наадам эхлэхээр болжээ. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд долдугаар сарын 4, 5-нд наадах бол долдугаар сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам болох аж. Мөн Дундговь, Өвөрхангай аймаг долдугаар сарын 8, 9-нд, Төв аймаг энэ сарын 8-10-нд, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл энэ сарын сарын 9, 10-ны өдрүүдэд тус тус наадамлахаар товложээ. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулах юм байна. Зарим аймаг, орон нутгийн удирдлагаас ирсэн хүсэлтийг харгалзан баяр наадмыг хойшлуулж, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулна.
Month: July 2019
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна найман хүний нэр ил боллоо. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нэр холбогджээ. Дашрамд дуулгахад, тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Удахгүй шүүх хурлын тов гарах аж.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон гэдгийг онцолж, АНУ-тай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэлээ. АНУ нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь компакт гэрээний хэрэгжилт, ач холбогдлыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг Ерөнхий сайд нотлов.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав. АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотны анд хэмээн үздэг гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдгаа тэмдэглэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн удирдамжаар хангахад оршиж буй юм. Төслийн нээлт өнгөрөгч баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны магадлан итгэмжлэгдсэн “Энх-элбэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд болсон бөгөөд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг төслийн хүрээнд СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг гардуулж өгсөн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаан үдээс хойш үргэжилнэ. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм. Гэхдээ бүлгийн байр суурийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй гэдгээ мэдэгдлээ.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн гэдэг мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс өгч байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдэрчээ. Авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа учраас оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолоочид анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.
2020 оны олимпийн наадмын эрх олгох 21 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Италийн Удине хотын “Фриули” цэнгэлдэхэд явагдлаа. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь Италийн Серие А лигийн Удинезе клубын талбай бөгөөд 1990 оны ДАШТ-ий хэсгийн шатны гурван тоглолт энэ цэнгэлдэхэд явагдаж байсан түүхтэй. Уг цэнгэлдэх 25,151 хүний суудалтай юм. Испани болон Германы шигшээ багуудын хооронд явагдсан финалын тоглолтонд Испаний залуучууд 2:1-ээр хожиж Европын аварга боллоо.Тэд энэхүү тэмцээнд тав дахь удаагаа түрүүлж буй юм.
Итали, Сан Марино улсуудад зохиогдсон 21 хүртэлх насны Европын АШТ-нд долоон гоолыг оруулсан Германы шигшээ багийн довтлогч Лука Вальдшмидт шилдэг мэргэн буучаар тодорлоо. Харин тэмцээний шилдэг тоглогчоор Испаний шигшээ багийн хагас хамгаалагч Фабиан Руис шалгарав. Энэхүү тэмцээний хасагдах шатанд шалгарсан Испани, Герман, Румын, Францын шигшээ багууд 2020 оны олимпийн наадамд Европ тивийг төлөөлөн оролцох эрхтэй болж байна. Тэмцээний туршид явагдсан 21 тоглолтонд 78 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,71 гоол орсон гэсэн үг юм.
У.ЧИНЗОРИГ
Дахин нэг цэрэг амиа алдсан хэрэг гарчээ. Энэ оны VI сарын 30-ны өдрийн 19:30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн алба хаагч Б. нас барсан хэрэг гарчээ. Холбогдох байгууллагуудын зүгээс ийм хэрэг гарсан нь үнэн гэх тайлбарыг өгсөн ч илүү мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Харин талийгаачийн амиа алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас нууцалж байгаа бололтой.
Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Элчин сайд Болтоны Монгол Улсад хийж буй айлчлал нь АНУ-ын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл гээд, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.
Ноён Элчин сайд Болтон энэ удаагийн айлчлал нь хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцох боломж гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болохыг дурдаад, хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Ноён Элчин сайд Болтон хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг талаар ярилаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын хүрээнд санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 322 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалт явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
VI сарын 29-нд 14.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутаг “Зүлэгт” гэх газар улсын дугааргүй мотоцикль онхолдож, 57 настай, эрэгтэй Б нас баржээ. Мөн сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Товчооны зам, 361-ийн гармаас Партизаны сангийн аж ахуй явах замд “Kia Frontier” автомашин “Toyota Prius” машинтай мөргөлдөж, жолооч 61 настай, эрэгтэй, 29 настай Д, болон зорчигч 7, 9, 3,1 настай хүүхдүүд бэртжээ. Тэд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Иймд эцэг, эх жолооч нарт 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулсан зориулалтын суудалд тээвэрлэхийг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.