Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн утаа нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа юм. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Сибирийн түймэр Монгол Улсын хилд тулсан, хил дамнан орж ирсэн асуудал байхгүй бөгөөд түймрийн утаа Монгол Улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутаг дээр бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн тохиолдол байхгүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас түймэртэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч, мэдээлэл солилцон, хяналт тавин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Month: July 2019
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Лууг хүлээн авч уулзлаа.
Дэд хурандаа Филип Шуан Луу нь 2019 оны 07 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын ахлах ажилтан болон Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байна. Уулзалтын эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд АНУ-ын ЭСЯ, Батлан хамгаалахын атташегийн газар болон Батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлтэс нягт хамтран ажиллаж байдагт талархал илэрхийллээ. Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Батлан хамгаалахын атташегийн газрын харилцаа, хамтын ажиллагааны томоохон жишээ нь “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа байдаг. “Говийн чоно” дасгал сургууль нь жил ирэх бүр хамрах цар хүрээ, зохион байгуулагдаж буй арга хэмжээ, оролцогчдын тоо зэргийн хувьд байнга өсөн нэмэгдэж байгаа юм.
Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоолоо.
Энэ сарын 29-30-ныг шилжих шөнө шөнийн 02 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны 1 бүлэг 6 этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумлятор 2 ширхгийг хулгайлж хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн 6 этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, 1 эмэгтэй 5 эрэгтэй байв. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлжээ.
Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст хур бороотой байна
Баруун аймгуудын нутгаар: 31-нд нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 8 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны дундуур ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, 8 дугаар сарын 1, 2-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 3, 4-нд ихэнх нутгаар бороо орно.
Салхи 2-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 8 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3,4-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 3-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 8 дугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар бороо, 3-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус байна. 3-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Түрээсийн орон сууцны 200 квотыг багш нарт өгөхийг шаардаж өлсгөлөн зарлаад байсан билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн багш нарт түрээсийн орон сууцны 200 квотыг өгөхөөр боллоо гэсэн мэдээлэл гарсан.
Тэгвэл дээрх мэдээлэлд НЗДТГ-ын зүгээс “Монголын багш нарын үйлвэрчний эвлэл холбооны шаардлагыг хүлээн авч 200 квот олгох боломжгүй. Үүнийг ч уулзалт дээр хэлсэн. Харин төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь задалж төрийн албаны салбарын эзлэх хувиар хамруулах асуудлыг судалж үзэхээр болсон. Энэ ч шударга юм шиг санагдаж байгаа. Тус холбооноос бол төрийн албан хаагчдын 40 хувийг багш нар эзэлдэг учир төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь ангилж 40 хувийг нь багш нарт олгох шаардлага ирсэн. Бид ч мөн шаардлагыг судлуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын хэдэн хувийг багш нар, хэдийг хувийг эмч нар гэх мэтээр эзлэх хувийг нарийн гаргаж өгнө. Үүний дараа төрийн албан хаагчдыг ангилах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарах юм” гэсэн юм.
Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас “Гудамж” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны долоодугаар сарын 30-наас нэг сарын хугацаатай явуулж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд гудамж талбайгаар архидан согтуурсан иргэд, гар дээрээс архи согтууруулах ундааг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан, борлуулсан иргэдийг бүртгэл судалгаанд хамруулах, гаргаж байгаа зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зорилготой юм байна.
Өчигдрийн байдлаар Дархан сумд архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 41 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулан архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, бусад хуулийн зөвлөгөөг Цагдаагийн газраас өгч ажиллажээ.
Мөн гар дээрээс согтууруулах ундаа худалдаалж байсан хоёр зөрчлийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авсан бол гудамж талбайд зөрчил гаргасан гурван иргэнд торгууль оногдууллаа.
Монгол улс БНСУ-ын Засгийн газартай хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулж “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийг санхүүжүүлэхээр болсон.
Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний яам төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр шалгарсан БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” болон Монгол Улсын “Грин-Энержи-Интернэйшнл” түншлэлтэй гэрээ байгуулжээ.
Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барина.
Нийт 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ шинээр баригдана. Харин шинээр баригдах дулааны станц, дулаан дамжуулах төвүүдийг цахилгаан цэвэр ус хангамж болон бохир ус зайлуулах системд холбох, дулаан түгээх шугам сүлжээг шинэчлэх, хэрэгцээний халуун усны шугам барих, ажиллах хүчнийг бүрдүүлж, сургаж бэлтгэх ажлыг монголын тал хариуцаж хийх юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм. Энэ төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дараах тайлбарыг өгч байна.
-Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна гэлээ.
Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын тогтоолоор энэ онд Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо орчимд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх шийдвэртэй.
Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж удаа дараагийн уулзалт хийж, анхааруулга, мэдэгдлийг хүргүүлсэн боловч үйлчилгээ эрхлэгчид нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхгүй эсэргүүцсээр байна.
Энэ удаагийн хуралд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөөлөл оролцон дүүргийн ажлын хэсэгтэй хамтран ажиллаж хууль, журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч, маргаашаас буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус хэсэг рүү машин, механизмыг оруулахгүй байх, худалдаа үйлчилгээг зогсоох чиглэлээр ажиллахаар боллоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн М болон Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар тодруулбал 24 настай, эрэгтэй М нь 2016 оны 08 дугаар сард бага насны буюу 6 нас 10 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн,
20 настай, эрэгтэй Г нь 2018 оны 04 дүгээр сард 14 нас 6 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс М-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Г-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналт сул, бага насны хүүхдээ зуны улиралд хамаатан садан, найз нөхдийндөө хөдөө орон нутагт амраах нэрийдлээр явуулж байгаагаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан болсон байх тул эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын газраас анхааруулж байна.