Categories
мэдээ улс-төр

АН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонсов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг “чөлөөлөгдөх хүсэлт”-ийг үндэслэн гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсаныг хэлэлцэн, шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурийг харсан шийдвэр боллоо хэмээн Зөвлөлийн гишүүд үзэж байгаагаа илэрхийлэв. “Гишүүний дархан эрхэд халдсан зүйл огт алга. Өөрийн гаргасан алдаандаа харамсаж, гэр бүл ард түмнээс уучлал хүсэн, чөлөөлөх тухай өргөдлийг УИХ-д өргөн барьснаар нийт 60 гишүүний саналтайгаар гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг цуцалсан. Иймээс Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянган иргэдийн эрх ашгийг боогдуулж, хэт нэг талыг барьсан, санаатайгаар мушгин гуйвуулсан, захиалгат байх магадлалтай шийдвэрийг гаргалаа” хэмээв.

Мөн “Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуульд зарцуулах 287 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах онцгой байдал үүссэн байтал гадаадын мөнгөөр сонгууль явуулах боломжгүй гэх мэт санаатайгаар мушгин гуйвуулсан дүгнэлт гаргасан. Улсын төсөв батлагдсанаас хойш гарсан гэнэтийн онцгой нөхцөл байдлыг нөөц сангаас зарцуулах эрхтэй болдог. Гэтэл Үндсэн хуулийн цэц зориуд ийм шийдвэр гаргасан нь МАН-ын захиалгат улс төрийн үйл явц боллоо хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцийн тус шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.

Үүний дараа, Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авах нь зүйтэй гэж үзэв. Учир нь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан заалтыг зөрчсөн хууль болсон гэж үзэж буй байр суурь хэвээр байгаа учраас хүлээж авах боломжгүй гэж үзэв

Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгнө гэв

Related image

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. Х.Мандахбаяр “Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой сурвалжилга бэлтгэсэнтэй холбоотойгоор намайг гүтгэж байгаа. Би Өмнөговь аймгийн иргэн. Дээрээс нь сэтгүүлчийнхээ хувиар асуудалд хандаж байгаа. Энэ асуудалд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар хандаагүй. Сурвалжилга хийх явцад миний юм уу, хэн нэгний захиалгаар битгий хандаарай гэж би хэвлэлийнхэндээ захьсан. Харамсалтай нь хамт явсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань сурвалжилгаа гаргах боломжгүй байх шиг байна.

Би хотын даргыг шантаажилж, 400 сая төгрөг нэхээгүй. С.Амарсайхан дарга бид хоёр эртнээс бие биеэ мэднэ. Би “ТВ8” телевизийг худалдаж авсан. Телевиз худалдан авах ажил маш удаан байдаг. Эрх шилжүүлж байх явцад тус телевизээр Туулын бургасыг хядаж байгаа тухай сурвалжлага цацагдсан. Сурвалжлага цацагдсаны дараа эрх нь надад ирсэн. Түүний дараа MNBC-гээс “ТВ8”-ыг хаасан. Би MNBC-гийн ажилтан руу уурлаж, дайрч давшилсан үнэн. Гэхдээ би хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүй бус үг хэлээгүй.

Мөн манай сэтгүүлчийн “Тоосго нисч ирээд хүн үхдэг юм шүү” гэж хоёр шөнө дараалж дугааргүй утаснаас залгаж дарамталсан. Бид үүнийг цагдаа, тагнуулын байгууллагад өгч шалгуулна. Хотын дарга хувийн компаниа хамгаалж нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр булхай луйвраа халхлах хаалтын гэрээ байгуулсан. С.Амарсайханы төрсөн ах Уламбаяр “ТВ8” телевизийг хууль бусаар хааснаа хүлээн зөвшөөрсөн. Над руу залгасан Бадрал гэдэг хүн намайг хүчингийн хэрэгт холбогдсон бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлсэн. Надад хууль зөрсөн ямар нэг үйлдэл байхгүй.

Би саяын хэд хоног хэвлэл мэдээллийн салбар хэрхэн худалдагддаг вэ гэдгийг харлаа. Үнэн хүчгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эзэд ил байх ёстой. Үүний төлөө Монголын сэтгүүлчдийн эвлэл тэмцэх ёстой. Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Би Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар үүнийг зарлаж байгаадаа харамсаж байна. Албан тушаалаар намайг гүтгэж, нөхөд рүү минь дайрч байгаа учраас би албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өнөөдөр Удирдах зөвлөлдөө өгнө. Хотын дарга С.Амарсайхан холбогдоод байгаа асуудлаа цэгцэртэл албан тушаалаа чөлөөлөгд гэж шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ

Image result for эеш

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоосон байна. Нийслэлд шалгалтын арван төв ажиллана. Харин орон нутаг тус бүрт нэг төв ажиллах аж. Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28.45,48, 52.84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө. Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21-р зуун” сургуульд, Багануур “Гүнгалуутай” цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус ЭЕШ өгөх тов гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун Улаанбаатар хотод болох сонирхолтой арга хэмжээнүүд

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад дотоодын жуулчдыг татах, Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор дараах арга хэмжээнүүдийг энэ зун зохион байгуулна. Үүнд:

ТАЛЫН САЛХИ (2019.06.08-09)

Моторын дуунд нэгдсэн 800 дотоод гадаадын мотоциклчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ “Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээ зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд нээж төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө.

Зохион байгуулагч: Монголын Чопперчин Ахан Дүүс НҮТББ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ (2019.07.10)

Дээлтэй Монгол наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар жанжин Д.Сүхбаатарын талбайд жил болгоны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагддаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болон Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, Монгол гэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхох боломжтой.

Зохион байгуулагч: Нийслэлийн Аялал жуулчлалын газар


БОГДХАН УУЛЫН ТРЭЙЛ (2019.07.28)

Монгол Улсад хоёр дахь удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн Долдугаар сарын 28-нд Богдхан ууланд зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, уралдааны ялагч болон спортын амжилтын төлөө гүйхээс илүүтэйгээр байгалийн гоо үзэсгэлэн дунд өөрийгөө танин мэдэж, ялан дийлж замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Тамирчид 10 км,21 км, 64 км-ийн зайд уралдана. Мөн 10км болон 21км-ийн зайд Хөл нүцгэн гүйлтийн тэмцээн болно.

Зохион байгуулагч: LUCENT Co., Ltd., Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар

“МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” ОЛОН УЛСЫН МАРАФОН ТЭМЦЭЭН (2019.09.08)

“Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй. Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Тэмцээн есдүгээр сарын 08-нд Хүй долоон худагт болох бөгөөд тамирчид 3 км, 5 км, 10 км, хагас 21 км-ийн зайд уралдана.

Зохион байгуулагч: Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Categories
мэдээ нийгэм

Хариуцлагатай, мэргэжлийн ёсзүйтэй байхыг уриалжээ

БСШУС-ын яам болон АТГ-аас тус яамны эрхлэх асуудлын хүрээнд уриалга гаргажээ. Багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачид, урлаг соёлынхон, тамирчин дасгалжуулагчдыг ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө зөвийг үлгэрлэн харуулсан, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байхыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

950 гаруй автобусанд салбарын өнгөрсөн хоёр жилийн статистик мэдээллийг байршууллаа

“Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд нийслэлийн Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ.

“Инфографик мэдээлэл”-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацийг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллээр бэлтгэсэн цувралын зурагт хуудсыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж байршуулан зорчигчдод таниулах ажлыг зохион байгуулж байна. Статитик мэдээллийг амьдралд ойртуулах, хэрэглээнд нэвтрүүлэх энэхүү сурталчилгааны арга хэмжээг нийслэлийн Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, тээвэрлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх инфографик мэдээллийг хэвлэлүүлж өгсөн “Улаанбаатар Смарт карт” ХХК-ны U-Money хэрэглэгчийн 40 гаруй төвүүдэд тус стикер хэвлэлийг байршуулж, иргэдэд таниулах ажил хийгдэж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багачууд нь төөрч томчууд нь бухимдсан зургадугаар сарын нэгэн

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн сурвалжлага Хүннү молл их дэлгүүрээс эхэллээ. 2-8 насныхан тоглох боломжтой тоглоомын төвийн үүдэнд урт дараалал үүсчээ. Залуус кино үзэхээр олноороо ирцгээжээ. Кино театрынх нь тасалбар түгээх цэг, хүлээлгийн танхимд нь бум бужигнаж байв. Зуны цагт ажилладаг ганц мөсөн гулгалтын талбай нь Хүннү моллд байдаг. Тус коток мөн олны хөлд дарагджээ. Багачууд томчуудынхаа дунд учраа олохгүй уйлж, царайчлан зогсох нь харагдана. Котокд саатах хорин минутад гурван ч хүүхэд эцэг эхээсээ төөрсөн юм. Энэ тухай чанга яригчаар зарлаж байв. Тэндээс Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорихоор нийтийн тээвэрт суулаа. Төв замыг хэсэгчлэн хаасан учир 120 мянгатын автобусны буудлаас цааш нийтийн тээвэр явахгүй гэж жолооч нь зарлаж байлаа. Үд дунд болоод ч тэр үү, замын түгжрэл гэж битүү. 120 мянгатаас хоёр цаг түгжирч байж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж байна гэж жолооч нар хэлж байв. Паркийн үүдээр ороход машин тавих зогсоол харагдсангүй. Зогсоол хүлээн дугаарласан машинууд дүүрэн. Машины зогсоолын үнийг ч нэмжээ. Хүүхдээ тоглуулахаар яваа Баянзүрх дүүргийн иргэн Д.Ганзориг “Манайхан баяр ёслолоор үйлчилгээний үнээ нэмдэг байдлаасаа салахгүй юм. Харин ч илүү шуурхай үйлчлэх талаар анхаармаар санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн машины зогсоол цагийн 1000 төгрөг байдаг бол энэ өдөр 1500 болсон байв. Паркийн үүдээр ороход 15000 төгрөгний багцын тоглоомын тасалбар зарах цэг байна. 4-5 мянган төгрөгийн үнэтэй тоглоомууд тус багцад оржээ. Дуртай таван тоглоомоо сонгон тоглох юм байна. Харин түүнээс дээш үнэтэй тоглоомууд 20-30 мянгын багцад орж. Хүүхдүүдийн үзэх дуртай “Маамуу” хүүхэлдэйн киноны асар энд байрлажээ. Ами, Тами нэвтрүүлгийг хөтөлдөг Амина, Тамираа гээд Маамуутай холбоотой бүхэн энд байна. 15 мянгаар тасалбар худалдаж аваад тоглолт үзэх ба тоглолт өдөрт гурван удаа 11:00, 14:00, 17:00 цагуудаас тоглогджээ. Асар нь 500 хүний багтаамжтай. Зогсоогоор 700 хүртэлх хүн орно гэж зохион байгуулагчид хэллээ.

“Галзуу хурд” буюу жижиг моторт машинаар уралдах тоглоом дээр өвсөр насныхан тоглож харагдана. Хоёр л машин байх учир нэг ээлжинд хоёр хүн суух юм. Дараалал нь 100-гаад метр хүрчээ. Энэ тоглоомны үнэ нь 5000. Суух ээлж нь болсон нэгэн үйлчлүүлэгчээс хэдэн цаг хүлээснийг тодруулахад бараг хоёр цаг дугаарлажээ. Сүйх тэргэнд суухыг хүссэн багачууд эцэг эхчүүд урт дараалалд зогсоцгоож байлаа. Том хүн 3000, хүүхэд 2000 төгрөгөөр сүйх тэргэнд сууж паркийн баруун жигүүрийн хэсгийг нэг удаа тойрох юм байна. Хоол үйлчилгээний газруудад ч урт дараалал үүсчээ. Нэг ширхэг хуушуур 1500 төгрөгөөр зарагдаж байна. Хүүхдийн тоглоом, бэлэн хувцас, сүү сүүн бүтээгдэхүүн гээд хүүхдүүдэд зориулсан худалдааны цэгүүд байршуулжээ. Гэвч ганц л газар хүүхдийн номын худалдаа гарчээ. Хүүхдийн өсөлтийг дэмжсэн витаминыг нэг л цэгээр борлуулж байв. Тоглоомын худалдаа эрхэлж байгаа газруудад үзээд өгье гэсэн ч хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, сурлага боловсролд нь хэрэгтэй тоглоом харагдсангүй. Алсыг харагчийн дараалал бол бараг өдөржин дугаарлаад ч тоглож чадахааргүй урт оочер үүсгэжээ. Алсыг харагч дээр суух дугаар нь нэлээн дөхсөн нэгэн гэр бүлээс хэзээ ирснийг нь тодруулахад өдрийн 12:00 цагаас эхэлжээ. 15:00 цаг өнгөрч байхад ердөө л ганц л тоглоомон дээр хүүхдээ тоглуулсан гэнэ. 15 мянган төгрөгний таван тоглоомын багц худалдан авсан. Энэ гэр бүлийн эзэн “Таван тоглоомон дээрээ сууж амжихгүй орой болох юм шиг байна” гэсэн юм. Хүүхдүүдийг олноор цуглуулж буй газар нь паркийн төв хэсэгт зассан тайз байлаа. Нас насаар нь дуу дуулуулж, бүжиг бүжиглүүлэн шалгаруулж, эхний байрт орсон хүүхдүүдэд гарын бэлэг өгч байлаа. 3-5 насны хүүхдүүдийн хооронд бүжгийн тэмцээн зохиож байх үеэр нь очлоо. 20-иод хүүхэд хоорондоо өрсөлдөж эхний гурван байрт бэлэг гардуулав. Бэлэг авч чадаагүй хүүхдүүд гоё бүжиглэж байхад бэлэг өгсөнгүй гэж ээж аавдаа гоморхоно. “Цөөхөн хүүхэд өрсөлдүүлж байж бүгдэд нь урам өгч, чихэр тараж болно шүү дээ” гэх эцэг эх цөөнгүй таарав. Цаг гаруй явахад хоёр хүүхэд эцэг эхээсээ төөрсөн хэмээн чанга яригчаар зарласан юм.

Паркаас гараад хойш чиглэн төв талбайг зорилоо. Зам хаасан учир түгжрэл такси олдохгүй баахан алхав. Зам дагуу гар өргөсөн хүмүүс нэлээд олон таарлаа. Улсын төв номын сангаас хойш зам хаасан хэсэг эхэллээ. Дугуй унаж, рольк унасан хүүхдүүд хаа сайгүй. Энд тоглох тоглоом бараг алга. Хэдэн хоолны худалдааны цэг, тоглоом бараа худалдааны лангуунууд эгнэжээ. Гэсэн ч хүмүүсийн хөл хөдөлгөөн их. 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн шалгаруулах тэмцээн болж байхтай таарав. Тоглолтууд зургадугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Хүүхдийн баярын өдрөөр үндэстнүүдийн аваргын тэмцээн болж байсан бол өнөөдрөөс 3х3 дэлхийн аваргын тэмцээн эхэлнэ. 40 орны багуудын хооронд өрсөлдөөн болно. Залуус уг тоглолтыг үзэхээр олноороо ирсэн байв. Гэвч орох боломжгүй гадуур нь хашлага татжээ. Хашлаганы гадуур зогсон тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс их байв. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдөр бэртэж гэмтсэн хүүхдүүд, осол аваар, төөрсөн хүүхдүүдийн талаар сонирхов. Хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол гурав бүртгэгджээ. Хоёр хүүхэд явганаар, нэг хүүхэд машинтай замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртжээ. Харин энэ өдөр нийт 106 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн гэв. Төв талбай дээр Нийслэлийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албанаас хүүдүүдэд эцэг эхийн утасны дугаарыг нь бичиж, гарын бугуйвч тарааснаар 103 хүүхдийг эцэг эх, асран халамжлагчид нь хүлээлгэн өгсөн бол хоёр хүүхдийг хүүхдийн мэдээлийн төв 108 утасны хамт олонд, нэг хүүхдийг дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн төвд хүлээлгэн өгсөн гэх мэдээллийг өгөв.

Ялалтын талбай буюу хүмүүсийн ярьж заншсанаар Тэнгисийн өмнөх талбайд харин Д.Сүхбаатарын талбайг бодвол нэлээн олон тоглоомтой юм. Чингэлтэй дүүргийн хүүхдүүд энэ цэгт цугларч, тоглох баярлах боломжтой байв. Сонгинохайрхан дүүргийн хувьд Хүй долоон худаг дээр 1000 хүүхдийн баяр болно хэмээн зарлаж цуглах цэгийг тогтоосон ч нийтийн тээврийн үйлчилгээгүй учраас цөөн хүн очжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

Алтан хотын дайчид ялалт байгууллаа

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөө тоглож байгаа Golden State Warriors болон Tornnto Paptors багуудын хоёр дахь тоглолт болж өндөрлөлөө. Энэ тоглолтонд Warriors өрсөлдөгчөө 109:104 харьцаатайгаар ялж чадлаа. Ингэснээр тоглолт 1:1 болж тэнцлээ. Тоглолтод Warriors-н Klay Thompson 25 оноо авсан бол Paptors Kawhi Leonard 34 оноо тус тус авчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Мөрөн: Турк багш нар бичиг баримтын зөрчлөө арилгавал манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн


Гадаадын иргэн харьяатын газар Турк улсын найман багшийн гадаад паспортыг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон хэмээн багш нарын бие төлөөлөгч У.Батбаатар манай сонинд ярилцлага өгсөн билээ. Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.


-Юуны өмнө та энэ найман хүн ямар шугамаар манай улсад орж ирсэн талаар тайлбарлахгүй юу?

-Манай улсад “Эмпати” сургуулийн таван салбар бий. Эдгээр сургууль гаднаас багш нараа авдаг. Орос, Филиппин зэрэг олон орны багш бий. Ялангуяа, турк багш олон байгаа. Ер нь гаднаас багш авахад дараахь процедураар явдаг. Юуны өмнө сургууль нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүсэлтээ гаргана. Тус газар хүсэлтийг авч яамандаа уламжилж, яам нь Засгийн газарт оруулж квот өгөх шийдвэр гардаг. Энэ үйл явцын дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тухайн сургуульд зөвшөөрөл өгнө. Өөрөөр хэлбэл, “Эмпати” сургуулийн Засгийн газрын квот гарсан, шаардлагыг ингэж хангасан гээд манайд ханддаг. Манайх гадаадын иргэдийг нь судалж үзээд визний зөвшөөрөл олгодог юм. Монгол Улсаас өмнө нь албадан гаргасан гэх зэргээр хил нэвтрүүлж болохгүй олон шалтгаантай иргэн байгаа шүү дээ. Тэр болгоныг шүүж нягтлаад визний зөвшөөрөл олгодог гэсэн үг.

Визний зөвшөөрлийг тухайн улс дахь Элчин сайдын яаманд манай газар хүргүүлдэг юм. Тухайн хүн манай улсад орж ирээд долоо хоногийн дотор бүртгүүлэх ёстой. 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл авах учиртай. Хуулийн процедур ердөө л энэ. Турк найман иргэний хувьд яг энэ ном журмаар орж ирсэн. Оршин суух зөвшөөрлөө сунгуулаад явж байгаа хүмүүс юм. Найман иргэний долоо нь багш, нэг нь монгол хүнтэй гэр бүл болсон эрэгтэй. Багш нарын оршин суух зөвшөөрөл ирэх долдугаар сарын 1-ний өдөр дуусна.

-Эдгээр иргэний гадаад паспортыг хүчингүй болгосон гэж өмгөөлөгч ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас манай Гадаад харилцааны яамаар дамжуулж бичиг ирүүлсэн. Уг бичигт Туркийн долоон багш, монгол иргэнтэй гэр бүл болсон нэг иргэний гадаад паспортуудыг хүчингүй болгосныг мэдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Турк улс өөрийн иргэдийн паспортыг хүчингүй болгосон бичиг ирсэн юм. Жишээ нь, би Турк улсад байлаа гэхэд миний паспортыг хүчингүй болгох эрх Туркийн аль ч байгууллагад байхгүй. Яагаад гэвэл тухайн паспорт Монгол Улсын өмч юм. Үүнтэй адил Турк улс өөрсдийн иргэддээ олгосон паспортаа хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Энэ бол дипломат ёсонд байдаг асуудал. Ямар нэг шалтгаанаар олгосон паспортаа хүчингүй болгосон байгаа юм. Өмгөөлөгч У.Батбаатарын яриад байгаа шиг Хууль зүйн яам, манайх хоёр нийлээд Туркийн найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгосон асуудал байхгүй. Ийм эрх ч бидэнд байхгүй. Оршин суух зөвшөөрлийг бол хүчингүй болгож болно.

-Турк улсаас илгээсэн албан бичигт эдгээр хүнийг албадан гаргах тухай дурдсан байсан. Харин танай байгууллагаас хилээр гаргахыг хориглосон байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ хүмүүс манай улсын хууль дүрмийг зөрчөөгүй тул албадан гаргах хууль эрх зүйн үндэс байхгүй. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг заасан. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг болно. Бид Туркийн Элчин сайдын яаманд Гадаад харилцааны яамаар дамжуулж уламжлаад энэ хүмүүсийг албадан гаргах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй талаар хариу өгсөн. Аливаа нэг улсын Элчин сайдын яамны хэлснээр бид тэр хүмүүсийг гаргаад явуулна гэсэн үг биш. Бүх юм хуулийн дагуу явах ёстой.

Нэгэнт бид дээрх найман иргэнд оршин суух зөвшөөрөл өгсөн учир одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Тиймээс бид эхний ээлжинд “Эмпати” компанийн захирал Б.Ганбат гэж хүнийг урьж уулзсан. Уригч байгууллагын хувьд танай сургуульд багшилж байгаа багш нартай холбоотой ийм бичиг ирсэн, энэ хүмүүсийн бичиг баримтыг харьяалах улсын эрх бүхий байгууллага хүчингүй болгосон байна, энэ талаар багш нартаа мэдэгдэхийг зөвлөсөн. Мөн бичиг баримтынхаа зөрчлийг арилгах шаардлагатай учраас Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамандаа хандаж асуудлаа шийдвэрүүлэх хэрэгтэйг хэлсэн.

Үүний дараа дээрх Турк багш нар Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэргээр хандаж болох бүх газарт хандсан байна лээ. Энэ нь аргагүй юм. Өмгөөлөгч нь мөн тэдгээр иргэдийн талаар албан бичиг өгсөн. Танай байгууллага энэ хүмүүсийн бичиг баримтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Үүнийгээ тайлбарла гэсэн. Мөн хилээр гарах асуудлыг түдгэлзүүлсэн шалтгааныг тодруулахыг хүссэн. Бид өмгөөлөгч У.Батбаатарыг урьж асуудлыг хуулийн хүрээнд тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх хуулийн заалт байдаг. Энэ болгоныг өмгөөлөгчид тайлбарлаж өгсөн. Яг энэ үед Туркийн нэг багш хилээр гарах орох виз авах хүсэлт гаргасан. Бид уг визийг олгохоос татгалзсан. Яагаад гэвэл Турк улс иргэндээ олгосон паспортыг хүчингүй болгосон. Тиймээс хүчингүй бичиг баримт дээр манайх виз олгож хилээр гаргаж болохгүй. Аль ч улсад ийм л байдаг. Энэ учрыг хэлсэн. Түүнчлэн, өмгөөлөгчөөс багш нарын асуудлаар Туркийн Элчин сайдын яаманд хандсан уу гэж асуусан. У.Батбаатар бидэнд “хандсан” гэж хариулсан. Гэхдээ хэзээ хандсан, хэн гэдэг хүнтэй уулзсан тухай тодруулахад хариу өгөөгүй.

-Туркийн Элчин сайдын яаманд хандсан байсан уу?

-Өмгөөлөгчтэй уулзсаны дараа бид Туркийн Элчин сайдын яаманд хандаж тодруулсан. Мөн үйл явцыг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Турк улсаас манай Гадаад харилцааны яамаар дамжуулж ийм бичиг илгээсэн. Бид уг албан бичгийг сургуулийн удирдлагад танилцуулсан. Багш нарын өмгөөлөгч нь бидэнтэй ирж уулзсан. Та бүхэнд энэ асуудлаар хандаж, бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулах хүсэлт гаргасан уу гэдгийг лавласан. Туркийн Элчин сайдын яаманд дээрх иргэд нь огт хандаагүй, хэрвээ тэд хандвал бид бичиг баримтын зөрчлийг шийдвэрлэж, хүчин төгөлдөр зорчих бичиг баримт олгох үүрэгтэй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр багш нар, өмгөөлөгч бичиг баримтыг хүчингүй болгосон асуудлаар Туркийн Элчин сайдын яаманд хандаагүй болж таарч байгаа юм. Дараа нь бид “Эмпати” сургууль дээр очиж сургуулийн захирал н.Тамир, өмгөөлөгч У.Батбаатар, багшилж байгаа гурван турк иргэнтэй уулзсан. Мэдээж энэ хүмүүс бухимдаж байна лээ. Бид асуудлыг тайлбарласан. Танай Засгийн газраас та бүхний бичиг баримтыг хүчингүй болгосон байна. Тийм учраас бичиг баримтынхаа зөрчлийг арилгахыг зөвлөсөн. Бичиг баримтын зөрчлөө арилгасан үед манай байгууллага үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна гэдгийг хэлсэн. Тэд асуудлыг ойлгосон. Элчин сайдын яамандаа хандъя гэсэн байдлаар энэ уулзалт өндөрлөсөн.

-Бичиг баримтын зөрчлийг арилгаж шийдвэрлүүлэх байгууллага бол Монгол дахь Туркийн Элчин сайдын яам юм байна. Яагаад тэр хүмүүс яамандаа хандахгүй байна вэ?

-Тэр бүү хэл, Турк улсын гэр бүлийн дундаас нэг хүүхэд Монголд шинээр төрсөн. Одоо хоёр нас хүрч байна. Гадаадад төрсөн хүүхдэд тухайн улс дахь Элчин сайдын яам нь төрсний гэрчилгээ олгодог. Өөрөөр хэлбэл, Монгол дахь Туркийн Элчин сайдын яам энэ гэрчилгээг олгох учиртай. Гэтэл дээрх иргэд Монголд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлье гэж Элчин сайдын яамандаа огт хандаагүй талаар Элчин сайдын яамнаас нь мэдэгдсэн.

-Турк улсаас ирүүлсэн нот бичигт найман хүнийг албадан гаргах хүсэлт байсан. Энэ хүсэлтийн дагуу гаргаж болохгүй юу?

-Гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу 10 мянгаас дээш нэгжээр торгох шийтгэлтэй бол Прокурор тухайн гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх талаар тогтоол гаргаад хэрэгжүүлэх үүргийг манайд мэдэгддэг. Прокурорын тогтоолын дагуу манай Газар тухайн гадаадын иргэнийг хилээр гарахыг түр түдгэлзүүлэх тушаал гаргадаг.

Түүнчлэн, хилээр гарахыг түр түдгэлзүүлэх үндэслэл нь тухайн гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж яллагдагчаар татагдсан тохиолдолд Прокурорын саналыг үндэслээд Шүүхийн захирамжийн дагуу манайх мөн тушаал гаргадаг.

Өмгөөлөгч У.Батбаатар манай газраас тухайн турк иргэдийг хилээр гарахыг түр түдгэлзүүлсэн шийдвэр гарсан гэж буруу ярьсан байна лээ. Манай газар хилээр гарах орох виз олгохоос татгалзсан гол үндэслэл нь тэдний паспорт хүчингүй болсонд байгаа юм. Тэдгээр турк иргэд бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулаад, хүчин төгөлдөр бичиг баримттай ирсэн тохиолдолд хилээр нэвтрүүлэхэд манай байгууллага бэлэн байна.

-Эдгээр иргэдийн оршин суух зөвшөөрөл нь дуусахад яах вэ?

-Оршин суух хугацааг сунгах асуудлыг манайх дангаараа шийддэггүй. Хэрэв үргэлжлүүлж багшлах бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг манайх руу илгээнэ. Уг бичгийг үндэслэж манайх сунгах эсэх асуудлыг шийднэ. Гэхдээ энэ хүмүүс долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар нь хүчингүй болгосон паспортаа бариад оршин суух эрхээ сунгуулъя гээд ирвэл хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй. Харин тэд хүчин төгөлдөр паспорт, түүнийг орлох бичиг баримтаар хандвал бид хүсэлтийг хүлээн авч үзэх боломжтой. Дээрх найман иргэн долдугаар сарын 1-нээс өмнө хүсэлт тавьж хугацаагаа сунгуулах ёстой. Эсвэл Монгол Улсаас энэ хугацаанд багтаж гарах хэрэгтэй. Гэвч хүчин төгөлдөр паспортгүй учир хилээр гаргах боломжгүй. Тэгэхээр яах вэ гэсэн асуулт тавигдана. Хэрэв оршин суух зөвшөөрлөө сунгуулж чадалгүй хугацаа хэтэрвэл Монголд хууль бусаар оршин суусан зөрчилд холбогдож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдахад хүрнэ. Оршин суух зөвшөөрлийг хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хоног тутам 10 мянган төгрөгөөр торгодог. Ингээд энэ хүмүүс зөвшөөрөлгүй хоёр сар Монгол Улсад оршин суусан тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах хуулийн заалт руу орно. Хар тамга дарна гэж ярьдаг шүү дээ. Бид ийм байдал руу оруулмааргүй байгаа учраас л эдгээр турк иргэдэд зөвлөөд, уулзаад бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулахыг хэлж тухайн улсынхаа Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байгаа юм.

-Найман иргэний гэр бүл хилээр нэвтрэх эрхтэй юу?

-Одоо манай улсад удаан хугацаагаар амьдарч байгаа 130 орчим турк иргэн байна. “Эмпати” сургуультай холбоотой багш, тэдний гэр бүл нь нийлээд 30 орчим хүн байна. Үүний найм нь хүүхэд. “Эмпати”-д багшилж байгаа долоон багшийн гэр бүлийн хүн, хүүхдүүдийн бичиг баримтыг хүчингүй болгосон бичиг манайд одоогоор ирээгүй байна. Тэгэхээр эдгээр гэр бүлийн гишүүд нь манай газарт хандан ямар нэгэн үйлчилгээ авах боломжтой.

-Туркийн Засгийн газраас тэдний бичиг баримтыг яагаад хүчингүй болгосон талаар тайлбар авах боломжтой юу?

-Манай газраас Элчин сайдын яаманд хандаж тайлбар авах шаардлага байхгүй. Учир нь бид тухайн улсын дотоод хэрэгт оролцох эрхгүй. Хоёрдугаарт, Туркийн тал өөрсдийн иргэдийн паспортыг хүчингүй болгосон талаараа л манайд мэдэгдсэн.Турк багш нар харин Элчин сайдын яамандаа энэ талаар хандах эрх нь нээлттэй.

-Өмгөөлөгч хоёр орны хооронд байгуулсан эрх зүйн гэрээгээр дамжуулж эдгээр хүнийг хилээр гаргах боломжтой гэж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн аж ахуйн нэгж болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай ” 2000 онд анх байгуулсан гэрээ бий. Энэ гэрээ иргэний хэрэг болон эрүүгийн хэргийн чиглэлээр хамтарч ажиллах хууль зүйн үндсийг тавьсан. Өөрөөр хэлбэл, Туркийн иргэн Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд манай шүүхээр ял шийтгэгдэж ялаа эдэлж байлаа гэж бодъё. Тэр хүнийг шилжүүлж авах асуудал үүсвэл энэ гэрээний хүрээнд шийдэгддэг. Магадгүй монгол, турк иргэний хооронд иргэний болон эд хөрөнгийн маргаан үүссэн байж болно. Ийм асуудал үүссэн үед л хоёр тал хамтарч ажиллахыг зохицуулсан гэрээ учраас паспорт нь хүчингүй болсон дээрх турк багш нарын асуудал уг гэрээгээр зохицуулагдахгүй.

-Ярилцлагын төгсгөлд цаг үеийн асуудалтай холбогдуулж асуулт асууя. Өнгөрсөн жил хэчнээн хүн Монгол Улсын харьяатаас гарч, хэдэн хүн Монголын харьяат болсон бэ?

-Эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргадаг. Ер нь сүүлийн жилүүдэд Европод амьдарч байгаа монгол иргэд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргах нь нилээд ажиглагдаж байна. Өнгөрсөн жил 490 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан. Үүний 357 нь казах үндэстэн байсан. Мөн гурван иргэн Монгол Улсын харьяат болсон.

Г.БАТ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаа хийж байна. МАН-ын бүлэг энэ удаагийн хуралдаанаараа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө хэлэлцэж байгаа ажээ. Одоогоос жил гаруйн өмнө МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсэг томсгосон можаритар тогтолцоотой болгох хуулийн төсөл боловсруулсан тухай мэдээлэл өмнө нь гарсан юм.