Categories
гадаад мэдээ

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск: Либерализм хоцрогдсон гэдэгтэй санал нийлэхгүй байна

“Их 20”-ийн орнуудын 14 дэх удаагийн чуулган Японы Осака хотод болж байна.

Чуулганы эхэнд “Их 20”-ийн удирдагчид хоёр болон гурван талт уулзалтууд хийлээ.

Их 20-ийн уулзалтыг нээж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Чөлөөт худалдаа нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн суурь” гэж мэдэгджээ. Ингэхдээ “Протекционист бодлогоор хариу арга хэмжээ авах механизм нь үр ашиг багатай” гэж анхааруулан хэллээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин мөн “Дэлхийн дижитал эдийн засгийн хүрээнд зах зээл шударга, үл ялгаварласан орчныг бүрдүүлэх хэрэгтэй” гэж уриалж байна. Чуулганыг зохион байгуулагч Япон улс “Osaka Track” санаачилга дор цахим аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд цахим худалдааны дүрэм журмыг бий болгохыг зорьж байна.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Тэрбээр “Удахгүй болох АНУ-ын сонгуульд битгий нөлөөлөөрэй” гэж уулзалтын эхэнд хошигнож амжсан аж. АНУ ОХУ-ыг 2016 оны сонгуульд нөлөөлсөн гэж буруутгаж байгаа ч ОХУ үүнийг үгүйсгэж ирсэн юм. Энэ удаагийн чуулганы үеэр АНУ-БНХАУ-ын “Худалдааны дайн”, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэл болон Ираны асуудал анхаарал татаж байна. Чуулган бямба гарагийг дуустал хоёр өдөр үргэлжилнэ.

Мөн энэ үеэр Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск “Либерализм цаг үеэ өнгөрөөсөн гэдэгтэй би яасан ч санал нийлэхгүй. Европчууд бид либерал ардчиллын төлөө энд байгаа. Хэрэв либерал ардчилал үеэ өнгөрөөсөн, эрх чөлөө хуучирсан гэж байгаа бол хууль дүрэм, хүний эрх бас хуучирсан. Европт эдгээр нь чухал үнэ цэнэ, ийм байсаар ч байх болно. Харин авторитар дэглэм, хувийн шүтээн, олигархал зэрэг нь магадгүй заримдаа үр дүнтэй байж болох ч үнэхээр хоцрогдсон. Авторитар дэглэм, олигархал үеэ өнгөрөөсөн” хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинны саяхан “Finantial Times” сонинд өгсөн ярилцлагатай холбоотой гэдэг нь харагдаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ярилцлагынхаа үеэр “Либерализм бол аль хэдийн хоцрогдсон. Учир нь барууны улсуудын ард иргэд ихэнх нь үүнийг эсэргүүцэж байна” гээд Германы канцлер Ангела Меркелийг Ойрх Дорнодын дүрвэгчдийг хүлээн авч, либерализмийг дэмжиж байгаа нь маш том алдаа хэмээн хэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг дэлхийн хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхээр хэлэлцэж байна

Хөвсгөл нуурыг Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилгоор урьдчилсан шатны хэлэлцүүлэг сургалтыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулж байна.

Уг сургалт хэлэлцүүлэгт Португаль улсын Алгаверийн их сургуулийн профессор, ЮНЕСКО-ийн Экогидрогеологийн тэнхимийн зохицуулагч, доктор Луис Чичаро, Итали улсын “Тепилора, Помадо Монталбо” шим мандлын нөөц газрын шинжээч Роберто Бомбарда, Шинжлэх ухааны академи, Их сургуулиудын судлаачид, байгаль орчны мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн иргэдийн төлөөлөл, аялал жуулчлалын байгууллагуудын нийт 70 орчим төлөөлөл оролцож Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхэд анхаарах асуудал, шалгуур үзүүлэлтийг танилцуулж хэлэлцүүлж байна. Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлсэнээр Монгол улсын төдийгүй дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлж байгаа уг газрыг экосистемийн хүрээнд хамгаалах, хүн болоод байгалийн харилцан зохилдлогыг хангах Хөвсгөл нуурын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм

Categories
мэдээ нийгэм

Төрийн 5 aгентлаг хөрөнгө оруулагчдад цахимаар тодорхойлолт олгоно

Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, шийдвэрлэх хугацааг түргэсгэн, хөрөнгө оруулагчдад чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвийг нээн ажиллуулж эхэлсэн.

Тус төвд Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд төвлөрсөн үйлчилгээ үзүүлж байгаа ба тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт олгох зэрэг чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тэгвэл хөрөнгө оруулагчдын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр үйлчилгээ үзүүлдэг төрийн 5 агентлагийн удирдлагууд уулзалт зохион байгуулж, тус

төвийн сүүлийн 3 сарын ажлын үр дүн, цаашид үйлчилгээг хялбаршуулах, цахимжуулах талаар санал солилцсон байна.

Өнгөрсөн 3 сарын хугацаанд нийт 62 төрлийн үйлчилгээг 11608 хөрөнгө оруулагчдад тус төвөөс үзүүлсэн ба цаашид ажлын 3 хоногт олгодог байсан цаасан тодорхойлолтыг цахимжуулах тухай уулзалтын үеэр яригдсан байна.

Тодруулбал тус 5 агентлагаас олгодог тодорхойлолтыг 2019 оны 08 дугаар сард багтаан цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон бөгөөд цахим үйлчилгээ ашиглалтад орсноор хөрөнгө оруулагч биечлэн ирэлгүй цахимаар тодорхойлолтоо авах, үүнд зарцуулах хугацаа 144 дахин багасгаж, 30 минут болох бодит нөхцөл бүрдэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-гийн ажлын хэсэг Дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийж дуусгалаа

Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд хэвлэлийн мэдээ гаргадаг бөгөөд энэ удаа дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:

  • Монгол Улс эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргалаа. Эрх баригчид эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг зохистой ашиглаж, засгийн газрын тодорхой өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүллээ.
  • Хэдий тийм ч эдийн засгийн буфер буюу хамгаалалт нь томоохон шокыг даван туулахад хүрэлцэхээргүй байна. Эдийн засаг гадаад орчны болон уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг хэвээр байна. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна.
  • Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой.

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу Энд дарна уу

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны алт худалдан авалт 12 хувиар буурчээ

Монголбанк энэ оны эхнээс зургаадугаар 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 6.8 тонн үнэт металл худалдан авснаас 846 кг-аар бага буюу 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс тус сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1.8 тн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 84 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.9 тн үнэт металл худалдан авч байснаас 95 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ зургаадугаар сарын 28-ны байдлаар 119 мянга 658.22 төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгуулна

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгана. Мөн “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын кино орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдийн дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан болно. Бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гаригийн 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765362, 88835280 утсаар лавлана уу.

“MNB WORLD” суваг нь Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр түгээж эхэлсэн бөгөөд та бүхэн кабелийн 68 дугаар сувгаар үзэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргажээ.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заажээ.

Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 06 ДУГААР САРЫН 28-НААС 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРҮҮДЭД

НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

07 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 29-ний Бямба гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Г” танхимд;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

06 дугаар сарын 30-ны Ням гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан: /Байнгын хороодын хуралдааны дараа/

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан.

07 дугаар сарын 04-ний Пүрэв гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

07 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 18.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

07 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

07 дугаар сарын 04, 05-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

131 нисгэгчид үнэмлэх олгожээ

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/НААХЗА/-ныхан өнөөдөр үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Тус алба нь анх 1996 онд “Аюулгүй байдал, мэргэжлийн бодлогын алба” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 8.7-д заасны дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг ИНЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүрэгтэй нэгж юм. Өдгөө тус алба нь Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын, Нислэгт тэнцэх чадварын, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн , Аэродром, агаарын навигацийн хяналтын гэсэн 4 хэлтэстэй, 40 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай өдөрлөгийн эхэнд албаныхаа үйл ажиллагааг товч танилцуулсан.

Тэрбээр “НААХЗА нь Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулах , Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх болон иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага, хувь хүн, иргэний нисэхэд ашиглах бүтээгдэхүүнд зөвшөөрөл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчинтэй хугацааг сунгах, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих, Иргэний нисэхийн хууль, дүрэм журам зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

НААХЗА нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлдэг нэгжийн хувьд үйл ажиллагаандаа Чикагогийн конвенц, ИКАО/Олон улсын иргэний нисэхийн байгууллага/-ын стандарт, практик зөвлөмжүүд, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Иргэний нисэхийн улсын хяналтын дүрэм, Иргэний нисэхийн багц дүрэм/ИНД/-үүд, ИНЕГ-ын даргын баталсан техникийн стандарт, заавар, журам, үйл ажиллагааны зааврууд гэсэн эрх зүйн баримт бичгүүд, хуулиудыг мөрдлөг болгон ажилладаг байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар “ИНД-119”-ийн дагуу дотоодын 8, “ИНД-129”-ийн дагуу гадаадын 10 авиакомпани “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-гээр гэрчилгээжжээ. Түүнчлэн “ИНД-137”-ийн дагуу Хөдөө аж ахуйн зориулалтай нислэгийн үйл ажиллагаа эрхлэгч 2 байгууллага, “ИНД-145”-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний дотоодын 6, гадаадын 9 байгууллага, “ИНД-144”-ийн дагуу шатахуун хангамжийн 3 байгууллага, “ИНД-139”-ийн дагуу Аэродромын гэрчилгээтэй 13 нисэх буудал, Аэродромын түр зөвшөөрөлтэй 6 нисэх буудал гэрчилгээжиж иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулах эрхээ НААХЗА-аар баталгаажуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн 28 агаарын хөлөг байгаагаас гадна ИНД-21, 47-ийн дагуу 12 агаарын хөлөг нь Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, зөвшөөрөлтэй гэдгийг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийнхэн танилцууллаа. Улсын хэмжээнд нисгэгчийн үнэмлэхтэй 131 нисгэгч байдаг бол Нислэгийн удирдагчийн үнэмлэхтэй 186 нислэгийн удирдагч байдаг аж. Агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхийг “ИНД-66”-ын дагуу 133 мэргэжилтэн эзэмшиж байна.

Өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын мэргэжилтнүүд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах тохиолдол цөөнгүй гарч байгааг Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийнхэн танилцуулж байсан. Тухайлбал, 2019 он гарсаар эхний хагас жилийн байдлаар 13 ажилтан дээрх хуулийн холбогдох зүйл заалтаар арга хэмжээ авагдсан гэдгийг хэллээ. Мөн өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын нарийн мэргэжилтнүүд тэр дундаа Нислэгийн хөдөлгөөн удирдагч нарт тавигддаг англи хэлний шаардлага, шатлал, шалгалтын асуудлыг хүний нөөцийн бодлоготой уялдуулан эргэж харах шаардлага байгааг ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрынхан дурдаж, санал хэлж байв.

Categories
гадаад мэдээ

Их хорийн уулзалт Японы Осакад эхэллээ

“Их хорь” буюу дэлхийн 20 улсын удирдагчдийн уулзалт Японы Осакад өнөөдөр эхэллээ.

“Их хорь” гэдэг нь дэлхийн 19 улс мөн Европын холбооны албан бус нэгдэл юм. Энэ нэгдэл нь дэлхийн хүн амын гуравны хоёр ба дэлхийн ДНБ-ний 80 хувийг хамардаг.Үнэн хэрэгтээ бол “Их долоогийн” өргөжүүлсэн хэлбэр юм. Их хорийг бий болгох санаачилга хамгийн анх 1999 онд G7 саммитийн Сангийн сайд нарын уулзалт дээр гарчээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон бүсийн болон даяарчлалын нийгэм, эдийн засгийн хямралд нөлөөлөхийн тулд улс орнуудын хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэд ийм дүгнэлтийг 1997-1998 оны Азийн санхүүгийн хямралын дараа хийсэн байлаа.

Энэ нэгдлийн үйл ажиллагаа нь 2008 он хүртэл Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын түвшинд явагдаж иржээ.

Их хорийн уулзалтанд тусгай байгууллага гэж тоологдох Европын холбоог Европын зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч төлөөлөх бөгөөд үлдсэн орнуудын тоонд:

  • Хойд Америкийн – Канад, АНУ, Мексик;
  • Өмнөд Америкийн – Бразил, Аргентин;
  • Европ ба Ойрхи Дорнодын – Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Турк, Саудын Араб;
  • Азийн – Энэтхэг, Индонез, Хятад, Өмнөд Солонгос, Япон;
  • Африкийн – ӨАБНУ;
  • Австрали багтдаг.

Дээд хэмжээний уулзалт бүр дээр тусгай улс орнууд уригддаг. “Байнгын зочин” гэх статус зөвхөн Испанид бий.Улс орнуудын тэргүүн нараас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг томоохон бүтцийн удирдлагууд оролцоно.

G20 нэгдлийн үндсэн зорилго ба ололтууд

G20 нэгдлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, санхүүгийн хямралаас сэргийлэх, дэлхийн санхүүгийн бүтэц байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэгджээ. “Их хорийн” үйл ажиллагааны буянаар ”татварын диваажин” гэх оффшорын бүсийн задлан буулгалтыг эхлүүлсэн юм.G20-ийн шийдвэрээр шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнууд Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдлагад саналын квоттой болжээ.

Сонирхуулахад: “Их хорийн уулзалт” өөрийн түүхэндээ 14 дэх нь бөгөөд Японд анх удаагаа зохион байгуулагдаж байна. Уулзалт Осакагийн булан дахь Сакишима гэх хиймэл арал дээр болж, 30 мянган аюулгүй байдлыг нь хамгаалах юм. Арга хэмжээг сурвалжлахаар 7000 сэтгүүлч бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Яараад яах вэ” самбарыг байршуулж байна

Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас “Яараад яах вэ” самбарыг Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай автозамуудад байршуулжээ. Мөн жолооч зорчигч нарт мэдээлэл өгч ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.