Categories
мэдээ нийгэм

“Хааны эрэлд-2019” өндөрлөв

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд-2019″ Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын арга хэмжээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өчигдөр (2019.06.29) боллоо.

Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Свейн, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Энхийг дэмжих ажиллагааны энэхүү олон улсын сургууль анх 2003 онд АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан хээрийн сургуулиар гараагаа эхлүүлж байлаа.

Ийнхүү өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израйль, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орнууд анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцлоо. Түүнчлэн дээр дурдсан орнуудаас Израйль улс өөрсдийн зардлаар оролцсон нь тус сургуулийн ач холбогдол ямар өргөн цар хүрээнд болж буйг харуулж байна. Энэхүү арга хэмжээнд урилгаар АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Марк Свейн оролцсон бөгөөд тэрээр “Тавантолгойн энэхүү сургалтын төв нь Монгол-АНУ-ын хооронд тогтоосон хамтын ажиллагаа харилцааг илэрхийлээд зогсохгүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг тод харуулж байна. Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна. Энэ сургуульд хамрагдсан бүх хүмүүст та бүхэн дэлхийн тавцанд хөл тавьд улс эх орныхоо даалгасан үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэх үйл хэрэгтээ шилдэг байхаар нэгэнт энд иржээ. Та бүхэн НҮБ-ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр илгээгдэх болно. Яагаад гэвэл энэ нь олон улсын маш өндөр ач холбогдолтой үйл хэрэг. Тиймээс та бүхэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн мандатыг хамгаалж, сахиулснаар энх тайван аюулгүй байдлыг дэлхий нийтэд авчрах болно. Та бүхнийг ажиллагааны үүрэг мандатаа ойлгож бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгээрэй” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцсон олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг уриаллаа.
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД “Энэ жилийн тухайд гэвэл Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдова, Руанда, Того, Израиль, Йорданы Хашимитын хаант улс “Хааны эрэлд” сургуулилтад анх удаагаа оролцож байна. Оролцогч улсуудаас зарим орон “Хааны эрэлд” сургуульд нэг салаа цэрэг оролцсон бол зарим улс ажиглагчийн хэмжээнд оролцсон. Харин бусад орноос орноос эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнээ илгээжээ” гэж онцлов.
“Хааны эрэлд-2019″ Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн удирдагч, хурандаа Ч.ЦОГТЖАРГАЛ “Уламжлал болгон явагдахадаа цар хүрээгээ улам л тэлсээр байгаа энэхүү олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд үнэлж барамгүй үр өгөөжөө өгсөөр ирсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний нэг салаа оролцсон бөгөөд дээрхи салаа нь ирэх 9 дүгээр сард БНӨСудан улсад үүрэг гүйцэтгэх мотобуудлагын 9 дүгээр батальоны алба хаагчид оролцлоо. Тэдний хувьд ч мөн энэ сургуульд оролцсоноор ихээхэн мэдлэг, дадлага, ур чадварыг өгсөн нь лавтай” гэлээ.

Мөн Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харуулын салааны тасгийн захирагч, ахлагч Б.ДАЛАЙСАЙХАН “Уг олон улсын бэлтгэл сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалт зэрэг арга олон арга хэмжээ зохион байгуулагдаж зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөлөө” гэв.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТА

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг хуралдана

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Тиймээс ажлын хэсгүүд амралтын өдрөөр ч хуралдаж, хэлэлцүүлэгт бэлтгэж байна.

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийж эхэлнэ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны долдугаар сарны 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
  • Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд голын түвшин ихэсч үерлэнэ

Зарим гол үертэй байна. Зургадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх голын усны түвшин өмнөх өдрөөс 20-105 см нэмэгдэж, Хэрлэн, Балж гол үерийн түвшинг 10-25 см даван үерлэж байна.

Хангай нурууны өврийн Байдраг, Заг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна. Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Түүнээс гадна ойрын өдрүүдэд түр зуурын бороо орох нь их байх тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар тав хоног амарна

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмаар улс даяар тав хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ талаарх зохицуулалтыг дараах байдлаар тусгажээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн тухайд долдугаар сарын 11-н буюу пүрэв гаригт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гаригийг дуустал амрах юм.

Categories
мэдээ цаг-үе

“Баасан ах” төрсөн өдөртэй болсон түүхийг нэхэн дурсвал

Хэлний хөгжлийн явцад этгээд үг хэллэг үүсэн буй болж, мөхөн үгүй болох нь хэвийн үзэгдэл. Сүүлийн үед монгол залуучуудын хэлэх дуртай болсон нэг тийм шинэхэн этгээд хэллэг бол “Баасан ахын төрсөн өдөр” билээ. Бямба, ням гаригт амрах хуваарьтай, баасан гаригт залуус хэд гурваараа нийлж цэнгэхэд ардаа ажилгүй амар, гэвч бас шалтаг хэрэгтэйн тул энэ хошин хэллэг үүссэн аж. Гэвч саяхныг хүртэл бямбад амардаггүй учраас Баасан ахын төрсөн өдөр гээч байгаагүй, тэр ч бүү хэл хориод оноос өмнө нямд ч амардаггүй байсан учраас бямба эгчийн төрсөн өдөр гэх хэллэг ч гарах үндэсгүй байсныг тэр бүр мэддэггүй байж магад.

Монгол Улсад чухам хэдийнээс эхлэн нямд, хэдийнээс бямбад бас амардаг болсон тухайд энд өгүүлсү. Үүнээс өмнө дэлхийн түүхэн дэх долоо хоног, амралтын өдөр гэсэн ойлголтыг авч үзэх нь зүйтэй.

Сар, жилийг долоо хоногоор тоолох болсон түүх нар сарны явдал, одон гаригийн зурхайгаас гадна шашин шүтлэгийн учир холбогдолтой юм билээ. Одоо бидэнд мэдэгдэж буйгаар бол лавтайяа НТӨ VI зуунд иудэйнхэн долоо хоногийн тогтолцоотой байсан бол хожим Ромчууд найм хоноод нэг баяр хийдэг байсан, бүр сүүлд Францын хувсгалчид арав хоногийн систем оруулж ирж байсан түүхтэй. Гэхдээ энэ удаад долоо хоногийн түүх биш, амралтын өдрийн түүхийг ярих учраас гол сэдэвтээ оръё.

НЯМД АМРАХ БОЛСОН ТҮҮХ

Амралтын өдөр, хагас бүтэн ажиллах гэдэг ойлголт анх XIX зууны эхээр Британийн хойд хэсгийн үйлдвэрийн газруудад буй болжээ. Үйлдвэр дээр согтуу ажиллуулахгүйн тулд эзэд нь ажилчидтайгаа тохиролцоонд хүрч, бямба гаригийн 2 цагт ажлыг хаахаа эзэд амлаж, даваа гаригийн өглөө цоо эрүүл ирж байхаа ажилчид андгайлснаар “weekend – сайн өдрүүд” гээч зүйл үүссэн гэдэг. Үүнийг дэлхийн соёлт хүн төрөлхтөн уухайлан дэмжиж, ихэнх улс долоо хоногийн тодорхой нэг өдөр амардаг болжээ.

Монгол Улсын хувьд үйлдвэр худалдаа, албан газар, сургууль соёлын байгууллага үүсээгүй байсан үед амралтын өдрийн тухай ярих огт утгагүй гэдэг нь ойлгомжтой. Нүүдэлчин монгол ардын ажил, амьдрал, амралт бүгд нэгэн цогц ойлголт билээ. Ямар мал нь зөвхөн ажлын өдрүүдээр төллөв гэж. Гэтэл нийслэл хоттой болж, гаднын пүүс компаниуд орж ирж салбараа ажиллуулан, яам тамга, сургууль соёл нээгдсэнээр байдал өөр болж ирэв.

Ингээд Өргөөгийн ажилчдын үйлдвэрчний эвлэл 1922 оны долдугаар сарын 23-ны өдөр Засгийн газарт хандсан нь:

ӨРГӨӨГИЙН АЖИЛЧДЫН ӨРГӨХ БИЧИГ

Улсын завод, үйлдвэрийн газруудын төлөөлөгчдийн бага хурал асуудлыг тал бүрээс нь нягтлан хэлэлцсэний эцэст Засгийн газарт дараахь мэдэгдлийг өргөн барихаар тогтоов.

Европ, Америк, Ази, Африк, Австралийн бүх оронд, газар сайгүй ажилчин албан хаагчид долоо хоногт нэг өдөр амарч байна. Зөвхөн манай Монгол Улсад ажилчин, албан хаагчид ингэх эрхгүй байна. Тэгвэл долоо хоногт нэг удаа амарч байх нь ажилчдын эрүүл мэндийн эрх ашгийн үүднээс туйлын чухал юм. Бүтэн долоо хоног өдөр бүр мал мэт зүтгэн ажиллах боломжгүй байна. Энэ нь ялангуяа гэр бүлтэй хүмүүс, гол төлөв гэрийн бүх ажлыг үүрч байдаг эмэгтэйчүүдэд онцгой хүндрэлтэй байна.

Үүний зэрэгцээ амралтгүй ажиллах нь бас хөдөлмөрийн бүтээмжид зохисгүй нөлөөлж байна. Ядарч туйлдсан ажилчин хүн амардаг хүмүүсийг бодвол өөрийн эрхгүй сонирхол муутай, бүтээмж багатай ажиллаж байна.

Дурдсан бүх зүйлийг харгалзан, дэлхийн бөмбөрцөг дээрх ажилчин, албан хаагчдын эдэлдэг эрхийг бидэнд хамааруулж өгөхийг шургуугаар хичээнгүйлэн хүсч байна.

Орос, Буриад, Монгол хийгээд эрэгтэй, эмэгтэй ажилчдын аль аль нь сэтгэл зовниж байгааг харгалзан, бидэнд ойрын хугацаанд, болж өгвөл дараагийн ням гаригаас өмнө хариу өгөхийг хүсч байна.

Энэхүү хүсэлтийг гардуулж өгөхийг хоёр монгол, хоёр орос ажилчдаас бүрдсэн онцгой төлөөлөгчдөд даалгав.

Бусад соёлтой улсуудын журмыг тусгаар тогтносон Монгол Улсад нэвтрүүлэхийг хүсч байгаа Монголын шинэ Засгийн газар учир нотолгоог анхааран үзэж, бидний хүсэлтийг биелүүлнэ гэдэгт найдаж байна.

Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо. Өргөө хот. Энэ оны (1922) долдугаар сарын 22.

Энэхүү өргөх бичгийг Засгийн газрын хуралдаан дээр Сангийн сайд Солийн Данзан сөхөж тавих гээд бүтэлгүй болсон тухай баримт бас “Хураангуй сэтгүүл” хэмээх сонинд үлджээ. Тэр мэдээг толилуулбал:

НЯМ ГАРИГИЙН АМРАЛТЫН ТУХАЙ ДАХИН ӨГҮҮЛЭХ НЬ

Монголчууд болон оросуудын онцгой төлөөлөгчид баярын амралтын өдөр бий болгох тухай хүсэлтээ Засгийн газрын төлөөлөгчид гардуулсан тухай бид нэгэнт мэдээлсэн билээ. Энэ асуудлыг Засгийн газрын нэгэн хуралдаанаар авч хэлэлцэхээр амлажээ. Сангийн яамны сайд Данзанг энэ асуудлыг дахин сөхөж тавихаар оролдоход ням гаригийн амралтын тухай асуудлыг улсын үйлдвэрийн газруудыг хариуцдаг Цэргийн зөвлөлд шилжүүлсэн гэж түүнд цохон хэлжээ. Ажилчид Цэргийн зөвлөл ямар хариу өгөхийг хүлээж байна.

Өргөх бичиг, сонины мэдээ хоёрыг өөрийн зүгээс хэдэн зүйлээр дүгнэе.

Нэгэн зүйл. 1921 оны хувьсгалыг Дилав хутагт анхандаа их өөр, жинхэнэ ардчилсан хэв маягтай байсан гэж дүгнэсэн байдаг нь үнэн бололтой. Хутагтынхаар бол хожим энэ хувьсгалын нэр суу, үйл хэргийг гуйвуулан, дарангуйлал болгосон гэдэг. Үйлдвэрчний эвлэл чухам үнэн утгаараа ажиллаж, Засгийн газраас шаардах зүйлээ шаардаж чадаж байсан нь Дилав хутагтын тэр санааг батлах мэт. Бүр хожим наяад оны үйлдвэрчний эвлэл ч ийм зоригтой, үр нөлөөтэй ажиллаж байсангүй. “Мал мэт зүтгэх” гэх мэт үг хэллэгийг жар далаад оны Үйлдвэрчний эвлэл хэрэглэсэн бол баримтыг үйлдэгсэд шууд улс төрийн хэрэгт орох нь тодорхой байсныг бодоход 1922 он гэхэд Монгол Улсын хэвлэн нийтлэх эрх чөлөө хэр хэмжээнд байсан нь харагдана

Нэгэн зүйл. Ажилчдын эрүүл мэнд, ажлын бүтээмжид ямар нөлөөтэйг оновчтой тодорхойлж, олон улсын туршлагыг дурдаж, монгол, орос, буриад бүгд санал нэгдсэнээ товч тодорхой илэрхийлснээр маш хүч нөлөөтэй бичиг баримт болж чаджээ.

Нэгэн зүйл. Сангийн яамны сайд Данзанг энэ асуудлыг дахин сөхөж тавихаар оролдоход асуудлыг улсын үйлдвэрийн газруудыг хариуцдаг Цэргийн зөвлөлд шилжүүлсэн тухай мэдээ бас олон зүйлийг бидэнд хэлэх мэт. Данзан сайд “дахин сөхөж” гэх нь өмнө нь бас энэ асуудлыг гаргаж байсан байна. Өөрөөр хэлбэл, Солийн Данзан ажилчдыг дэмжиж байж. Хөрөнгөт тал руугаа хүн байсан шүү дээ. “Оролдож” гэдэг үг бүхэл бүтэн Сангийн яамны сайд атлаа асуудлыг шийдэх байтугай хэлэлцүүлж ч чадаагүйг харуулах бөгөөд “Цэргийн зөвлөлд шилжүүлсэн” гэдэг нь улс орны амин чухал асуудлыг тэр үед үнэн хэрэгтээ Засгийн газраас илүү Элбэгдорж Ринчиногийн тэргүүлсэн Цэргийн зөвлөл шийдэж байсныг илтгэнэ. Бүр 1922 он гэхэд л Данзан асуудал тавихаар оролдож, Ринчино тэрийг нь би шийднэ хэмээн нам дарж байсан энэ мөчөөрхөл үргэлжилсээр, 1924 онд нэг нь нөгөөгөө цаазаар авснаар дууссаныг одоо бүгд мэднэ.

Долдугаар сарын 22-ны өдөр тавьсан ажилчдын энэ хүсэлт хэн шийдэх, хэрхэн шийдэх хэмээх хоёр асуудлаар их л маргаан дэгдээсэн бололтой юм. “Хураангуй сэтгүүл”-ийн дараагийн хоёр ч дугаарт огт мэдээ байхгүй, тэгсээр бүр аравдугаар сарын 11-ний дугаарт нийтэлсэн нь:

НЯМ ГАРИГИЙН АМРАЛТ

Тухайн үедээ бидний нийтэлж байсан Үйлдвэрчний эвлэлийн Өргөө хотын гүйцэтгэх хорооноос Монголын засгийн газрын нэр дээр өгсөн өргөх бичиг өөрийн нөлөөг үзүүлэв. Одооноос эхлэн улсын үйлдвэр, албан газрын албан хаагчид ням гаригт амарч байх болов.

Энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд (тун их сунжран удааширсан хэдий ч) Ардын Намын Төв Хороо чухал дэмжлэг үзүүлжээ.(Тугалхүүгийн Баасанхүү “ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл”, УБ, 2009 он)

Тун их сунжран удааширсныг энэ сэтгүүл мэдээлж байгаа нь нэгд хэр их тэмцэл маргаан өрнөснийг харуулахаас гадна нөгөө талаас сэтгүүлчид хэн эсэргүүцсэнийг битүүгээр (Цэргийн Зөвлөл) хэн дэмжсэнийг шууд (Ардын Намын Төв Хороо) илтгэн, үүргээ маш сайн гүйцэтгэжээ.

Үйлдвэрчний эвлэл ялж, ням гаригт та бидний амардаг болсон түүх энэ.

БЯМБА ГАРИГИЙН АМРАЛТЫН ТУХАЙД

Долоо хоногт анх удаа хоёр өдөр амарсан улс бол АНУ-ын Нью-Ингландын нэг тээрмийн жүүд ажилчид юм гэдэг. Саббат гэдэг шашны үйлээ эрхлэхийг нь тээрэм нь дэмжсэн аж. Хожим 1926 онд өнөөх алдарт Хэнри Форд дэвшилтэт үзэлтэй хүн байсны тул хамаг үйлдвэрээ бямба, нямд хааж, бүх ажилчдаа хоёр өдөр амраасан түүхтэй. 1929 онд Бөс барааны ажилчдын үйлдвэрчний эвлэл албан ёсоор хоёр хоног амрах эрх нэхжээ. АНУ даяар энэ хөдөлгөөн эрчээ аван, идэвхэжсээр 1938 онд төр засаг нь сая нэг Хөдөлмөрийн стандартыг тогтоож, ажлын тав хоног, 40 цагийг хуульчилсан байна. 1940-1960 онд дэлхийн ихэнх улс энэхүү тав хоног, 40 цагийн тогтолцоог нэвтрүүлжээ(Дани 37, Финланд 38 цаг гэх мэтээр цөөн улс 40-өөс бага цаг ажилладаг, Балба, Коста Рика 48, Камерун 50 гэхчлэн зарим улс 40-өөс илүү цаг ажиллах хуультайг эс тооцвол).

Монгол Улсад тав хоног ажилладаг болсон нь бол харин эрт цагийн үүх түүх гээд байх юмгүй, дөнгөж саяхан, миний үед болсон явдал билээ. Ерээд оны дундуур, намайг УБИС-т багшилж байхад хэн нэг дэвшилтэт улстөрч Боловсролын байгууллагаас эхлэн тав хоногийн тогтолцоог туршиж үзнэ, болбол бусад салбарт хэрэгжүүлнэ гэсэн юм даг. Бүтэн амардаг учраас Бүтэн сайн, хагас амардаг учраас Хагас сайн хэмээсэн тэр өдрүүдийн нэр ийнхүү түүх болон үлдэх явц сургууль соёлоос эхэлж билээ.

Гэхдээ өнөө Цэргийн зөвлөл шиг бас эсэргүүцэл байсныг одоо бүдэг бадаг санадаг юм. Лавтайяа Буянгийн Жаргалсайхан тэгэхэд “Монголчууд залхуу улс, бидэнд ажил хэрэгтэй. Юун долоо хоногт таван өдөр ажиллах, монгол хүн бол долоо хоногт долоон өдөр ажиллах ёстой” гэж хэлж байсныг санаж байна. Олон хүн тэгэхэд “Ёстой нэг голоор нь хэллээ” гэж шагшин магтаж байсан, одоо бодоход эргээд бүр 1922 он руу аваачих гэсэн хэрэг байсан ажээ. Олонд таалагдах поп үг, амлалт гээч нь тэр байсан бололтой, одоогийнх шиг нүүр ном, нийтийн сүлжээгээр хамаг асуудлаа шийддэг цаг байсан бол хүмүүс түрж хашгираад, таван өдрийн тогтолцоог эсэргүүцэн дайрч байгаад унагачих байсан биз. Азаар тэр үед нийтийн сүлжээ хөгжөөгүй байж.

Боловсролын салбар дахь туршилтыг амжилттай боллоо хэмээн үзэж, Улсын Их Хурлаас бүх нийтээр ажлын таван өдөрт шилжих хууль баталсанд,Улсын Их Хурлын дарга Р. Гончигдорж 1997 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гарын үсгээ зуржээ.

Юм бүхэн учиртай, эдэлж хэрэглэж байгаа хувцас хунар, идээ ундаа, жижиг сажиг гэлтгүй бүхий л зүйл, амраад гэртээ үр хүүхэдтэйгээ тоглож суугаа цаг маань хүртэл бидэнд бэлэн ирээгүй, цаанаа бас тэмцэл эсэргүүцлийн үүх түүхтэй байдаг ажээ. Тиймээс “Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж суугаа” залуустаа хэлэхэд ийм өдөр, ингэж суух цаг олгосон Өргөөгийн монгол, орос ажилчид, Сангийн сайд Солийн Данзан, машины магнат Хэнри Форд нарын төлөө нэгээхэн хундага өргөчихөд илүүдэхгүй. Нэжгээд, биш нэгээхэн шүү.

М.
САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

ОУВС банкуудыг шалгах нэрээр иргэд, компанийн санхүүгийн нууцад халдах гэж байна

ОУВС Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө үнэлгээ, тайланг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш гаргасангүй. Тавдугаар шатны үнэлгээг түрүү оны сүүлээр хийж цахим хуудсандаа тавьснаас хойш зургадугаар шатны тайлангийн сураг өнөө хүртэл алга. Тайлан гарахгүй бол дараагийн шатанд орж ирэх мөнгө түгжигдэнэ. Орж ирэх долларын урсгал нь гацчихсан учраас улстөрчид Валютын сангийн ямар ч шахалтыг хүлээж авахад бэлэн байна. Төв банкны хувьд Валютын сангийн шахаа болгонд толгой дохихгүй яваа өнгө сүүлийн үед тод анзаарагдаж байгаа. Валютын нөөц түүхэнд тохиогоогүй хэмжээнд хүрч өссөн, алт тушаалт дажгүй яваа, гадаад зах зээлд нүүрс, зэсийн ханш цойлсон хэвээр байгаа, Оюу толгойгоо гацаачихгүй бол эдийн засаг өснө гэсэн тайлбарыг Монголбанкны зүгээс өгдөг. Үнэн л дээ, мега төслөө гацаачихгүйхэн шиг аж төрөхөд улсаараа дажгүй амьдрах боломж бий. Валютын сангийн элдэв шахалтад автахгүйгээр амьдрах боломж уг нь бий. Нэг талд нь төв банк боломжоо ашиглаад урагшилъя гээд, нөгөө талд нь засаг ямар ч шахалтыг нь хүлээн зөвшөөрөөд доллар авна гэж зүтгэж байгаа зураг харагдаад байх юм.

Сүүлд гэхэд л валютын сангийн шахалтаар яалт ч үгүй гаргасан нэг шийдвэр бий. Өнгөрсөн сарын сүүлээр банкны системийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг чангатгасан юм. Ер нь банкуудын шалгуур, дүрэм, журмыг чангалах тусам зээл олголт хумигддаг. Зүй тогтол нь ийм хойно, шийдвэр гарснаас хойш банкууд зээл гаргах дургүй болж, иргэд хүү өндөртэй банк бус руу хандахаас аргагүйд хүрээд байгаа. Зээл гарахгүй байх тусам эдийн засаг агшина, хэрэгжихгүй гацах бизнесийн төслүүдийн тоо нэмэгдэнэ. Энэ янзаараа удвал эдийн засаг найман хувиар өсөхтэй манатай болно. Валютын сангийн дараагийн шахалтуудыг хүлээж авахгүй гэж гэдийж байгаа учраас төв банкны ерөнхийлөгчийг огцруулах тухай яриа хүчээ авсан байх өндөр магадлалтай.

Валютын сангийнхан активынх чанарын үнэлгээ хийж тав, зургаан банкинд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгч байсан юм. Банкууд ч хэлсэн ёсоор нь хөрөнгөө нэмэгдүүлсэн тухай төв банкнаас мэдээлсэн удаатай. Гэтэл одоо Валютын сангийнхан банкуудыг ямар эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө бүрдүүлснийг нь шалгана гэж байгаа юм билээ. Бакуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгах компанитай гэрээ байгуулах шатанд яваа гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр ОУВС санхүүгийн мөрдлөг хийдэг компани хөлслөх хүсэлтийг засагт тавьсан бололтой. Засаг хүсэлтийг нь зөвшөөрвөл валютын сангийн хөтөлбөрийн дараагийн шатны мөнгө орж ирэх юм.

Активын чанарын эхний үнэлгээгээр манай улс хамгийн үнэ цэнэтэй хувийн хэвшлийн мэдээллээ ба, бэ-гүй дэлгээд өгчихсөн. Одоо яригдаж буй гадны мөрдлөгийн компани ажиллаад эхэлбэл хувийн хэвшил, иргэдийн илүү нарийн мэдээллүүд гадныханд ил болно. Өөрөөр хэлбэл санхүүгийн ой санамжаа тэр чигт нь бусдад өгнө гэсэн үг.

Банкуудыг шалгах нэрийн дор иргэдийн, компаниудын нарийн ширийн мэдээлэлд халдаж байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал талаасаа эрсдэл өндөртэй. Банкны тухай хуульд банкууд иргэн, компанийн данс, санхүүгийн мэдээллийг гуравхан тохиолдолд ил болгох заалт бий. Харилцагч өөрөө хүсвэл гаргаж өгнө. Монголбанкинд мэдээлнэ. Хүчний байгууллага шаардсан тохиолдолд дэлгэдэг. Энэ заалт активын чанарын үнэлгээ хийхэд зөрчигдсөн. ОУВС нэг хүний мэдээллийг гэхэд 110 орчим зүйлээр авсан гэх мэдээлэл бий. Хуулийн энэ заалт дахиад зөрчигдөх ч эрсдэл хаалга тогшиж байна. Хэдэн доллар авахын тулд бусдад хамгаа дэлгэж тонголзсоноос уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж, өөрсдийнхөө толгойгоор сэтгэж, урагшлах боломж бий дээ уг нь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: Андре Пирло “Би сэтгэдэг учраас тоглодог”

“Дэлхийн аварга”, “Аваргуудын лиг”-ийн хошой аварга, Италийн “Сери А”-гийн зургаан удаагийн аварга, Андре Пирлогийн “Би сэтгэдэг учраас тоглодог” номыг спортын сэтгүүлч Г.Баярсайхан орчуулжээ.

Хөлбөмбөгийн ногоон талбайд “жанжин” гэж хүндлэгддэг Андреа Пирлогийн 1990-ээд оны эхнээс 2014 он хүртэлх хөлбөмбөгчний баялаг замналын тухай, AC Милан, Ювентус, Интер Милан клубүүд, Италийн үндэсний шигшээ багт тоглож байсан сонирхолтой түүхийг эндээс унших болно.

Фанатууд хөлбөмбөгийн талбай дахь Пирлог сайн мэднэ. Харин талбайн гаднах Пирлог төдийлөн сайн танихгүй. Энэ ном таныг агуу, цуут хөлбөмбөгчийн өвөрмөц сэтгэмж, дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэлтэй ойртуулна.

2005 онд Ливэрпүүлд хожигдсоны дараа “Босфорын гүүр”-нээс нисчихмээр санагдсан Истанбулын гунигт үдэш, 2006 онд Зенедин Зиданий Францыг хожиж Дэлхийн аварга цом өргөсөн гэрэлт дурсамж, Пеп Гуардиолатай хийсэн нууц уулзалт, төрөлх баг “АС Милан”-ыг орхисон шалтгаан, Рино Гаттузог хэрхэн шоглодог байсан инээдэмтэй түүх, нарлаг Испанид тоглох бага насны мөрөөдөл нь бүгд энэхүү номд бий.

Тэртээ 2005 онд аваргуудын лигийн шигшээ тоглолтод Английн Ливерпүүл клубийг 3:0-ээр хожиж аваргуудын лигийн цом атгачихаад, хоёрдугаар үед ялагдсан харамсалтай түүхийнхээ талаар “2005 оны Аваргуудын лигийн финаль Истанбулын гунигт үдэш Ержи Дудекийн зэвүү хүргэм бүжиг. 69 мянган үзэгч эргэн тойронд байгаагүй бол би тэр алиалагчид жинтэй шанаа өгчихмөөр санагдаж байлаа. Тэр биднийг давс, кетчупээр амталж байгаад нэг нэгээр нь “Циклоп” шиг зажлалгүй залгичихсан юмдаг. Тэгээд л тэр. Эхлээд Сержиньо, тэгээд би, дараа нь Шева торгуулийн цохилтоо алдсан. Шевченко сүүлийн цохилтыг алдаж, копуудын уухай Ататурк цэнгэлдэхийг дөжрүүлэхтэй зэрэгцэн сэтгэлийн тэнхээгээр хооллодог шимэгч хорхой миний зүрх рүү часхийтэл хошуугаа шигтгэх нь тод мэдрэгдэж билээ” гэж дурсчээ.

Сүүлд 2007 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод өнөөх Ливерпүүлтэйгээ дахин тулж 2:1-ээр хожиж “даагаа нэхсэн” талаараа ч дэлгэрэнгүй бичжээ.

Мөн тухайн үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчид болох Кака, Украины домог Андрей Шевченко, Бразил хаалгагч Дида нартай мөр зэрэгцэн талбайд гарч байсан дурсамжаасаа хуваалцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хурдны морь унадаг хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж хүргүүлэв

Монголын үндэсний их баяр наадам ойртсон энэ үед морь унадаг хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал уяачид, наадмын комисс, хурдны морь унадаг хүүхдийн эцэг эх болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна.

2017-2018 онд нийт 121 450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж 22 хүүхэд хүнд гэмтэл авч 1 хүүхэд тахир дутуу болжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унадаг хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандарт зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг МХЕГ зөвлөж байна. Үүнд:

1.Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгсэлээр хангах, анхааруулга, санамж, стандартыг морь уралдуулж буй эздэд хүргүүлэх,

2.Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг сумдын Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороо, баяр наадмын комисст урьдчилан анхааруулах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулан мэдэгдэх,

3.Морин уралдааны үед тавих хяналтыг орон нутгийн хүүхдийн байгууллагын ажилтнуудтай хамтран гүйцэтгэх,

4.”Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (ММЗ 6264:2018) стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан мэдээлэх,

5.Сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих асуудлыг сум, дүүрэг, баг, хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулж байхаар хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлэх,

6.Морь унаж буй хүүхдийн эцэг эх, уяачдын хооронд гэрээ байгуулах ажилд хяналт тавих, морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, унаач хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах арга хэмжээ авах,

7. Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 2019 оны 01/41 тоот удирдамжийн дагуу арга хэмжээ зохион байгуулж тайлан мэдээг хугацаанд өгөх,

Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс гарсан зөрчил дутагдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унасан хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн конгресс Улаанбаатарт болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс” ирэх долоодугаар сарын 2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байх юм.

Энэ удаагийн Конгресс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаын сайн туршлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийх бөгөөд салбар хуралдаанд 72 илтгэл хэлэлцэхээр сонгоод байгаа юм.