Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ардын нам гарааны зурхай хүрэлгүй эргээд чавхадчихлаа” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр төрийн ордонд “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Энэ тухай нэг болон тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн П.Пүрэвдэржийн, Танин мэпэхүйн дөрөвдүгээр нүүрэнд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын дарга С.Мөнхбаттай хийсэн ярилцлагыг нийтэллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалай “Ардын нам гарааны зурхай хүрэлгүй эргээд чавхадчихлаа” хэмээн өгүүлжээ.

“Монгол банк”-ны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой зээлийн хүү болон бусад асуудлын талаар ярилцлаа. Энэхүү ярилцлагыг гурав болон зургадугаар нүүрнээс уншаарай.

Хошууч генерал Б.Хурцын цагдаад шалгагдаж байгаа хэргүүдийн талаар дэлгэрэнгүй бичсэн нийтлэлийг долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“KH Apart­ment” хотхоны байрнаас хүн унаж амиа алдлаа

Дөнгөж сая Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apart­ment” хотхоны байрнаас эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг гарлаа. Хэргийн газар цагдаа, холбогдох байгууллагынхан ирээд байгаа аж. Уг байранд өмнө нь хоёр ч хүн амиа алдсан хэрэг гарч байсан тухай оршин суугчид нь хэлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй шууд сурвалжлагыг тун удахгүй мэдээллэх болно.

Categories
мэдээ нийгэм

Анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгав

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийлээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр мэдээлэл хийв.

Тус төвийн элэг шилжүүлэн суулгах үндэсний баг БНСУ-ын АСАН эмнэлэгтэй хамтран 15 цагийн турш ажиллажээ.

“Энэ төрлийн мэс заслыг цаашид бие даан хийх боломжтой” гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн хэлэв. Тэрбээр “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг цаашид хийх бүрэн итгэлтэй болсон. Мэс заслын техникийн хувьд ижил боловч хагалгааны өмнө болон хагалгааны дараа тусгай эмчилгээ хийдгээрээ онцлогтой. Өвчтөний хувьд B, D вирусын гаралтай элэгний хатууралтай, элэгний хавдартай гэсэн оноштой байсан. Одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Ерөнхийдөө манай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 75 хүний 20 нь элэгний хавдартай гэсэн оноштой, тэдэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эдгээр хүмүүст хавдрын дахилт илрээгүй, эрүүл саруул амьдарч байгаа юм. Улсын төсвөөс элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг бүрэн даадаг болсонд талархаж байна. Гэхдээ цаашид цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна” гэлээ.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар 54 настай Э гэх эмэгтэйд охиноос нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийсэн нь энэ аж. Өнөөдрийн байдлаар ээж, охин хоёрын биеийн байдал сайжирч байгаа аж. Мөн амьдрах чадварын тухайд тухайн өвчтөн маш сайн гам барьж чадвал 15-20 жил ч болно гэж УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар хэллээ. Тэрбээр “Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс анх удаа хийлээ. Амьдрах чадварын хувьд дэлхийд 25-30 жил байдаг. Манай улсад анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс одоо амьд сэрүүн, эрүүл саруул амьдарч байгаа юм. Цаашид хэчнээн ч жил амьдрах боломжтой.
Элэгний хавдартай байгаад энэ төрлийн хагалгаанд орсон хоёр эмэгтэй гэхэд дахин төрж, хүүхэдтэй болсон гэх мэт сайхан жишээнүүд ч бий. Энэ төрлийн мэс засал иргэдэд ч бас их ач холбогдолтой. Одоогоор элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 50 орчим хүн байна” гэлээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан Анагаах ухааны төв эмнэлэгтэй хамтран анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг 45 настай эмэгтэйд хийжээ. Үүнээс хойш нийт 75 хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийж, амьдрал хайрласан байна. Эдгээрээс хоёр тохиолдолд тархины үхэлтэй донороос дөрвөн хүүхдэд, 69-д нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ.

Цусны бүлэг нь тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс амжилттай нэвтрүүлсэн нь энэ юм.
Энэ төрлийн мэс заслыг элэг болон бөөрнөөс шилжүүлэн суулгаж хийх боломжтой аж. Харин зүрх болон нойр булчирхайг шилжүүлэн суулгах боломжгүй юм байна. Учир нь цусны бүлэг нь тохироогүй донорын хувьд зөвхөн амьд хүнээс хийх боломжтой тул зүрх болон нойр булчирхайд тохиромжгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Тайландын хаан Маха Вачиралонгкорнаг хаан ширээнд залах ёслол болжээ

Тайландын хаан Маха Вачиралонгкорнаг (Х Рама) хаан ширээнд залах ёслол Бангкок хотноо бямба гаригт болжээ. Ёслолын арга хэмжээ гурван хоног үргэлжлэх аж. Орон нутгийн телевизээр энэхүү ёслолыг шууд дамжуулж байна. М.Вачирлонгкорна хаан улсынхаа таван гол, дөрвөн нуур, мөн хаант улсын 77 мужийн 100 булаг шандны усаар угаал үйлдсэн байна. Үүний дараа хааны магнайд энгэсэг түрхэх ёслол Байсал Даксин ордонд болжээ. Уг ёслолын дараа эзэн хааны Бхадрапитха сэнтийд заларчээ. Энэ үеэр гол бярман албан ёсны цол, хааны бэлгэ тэмдэг, эртний тушаал болон дээд эрх мэдлийн бусад бэлгэ тэмдэг бүхий хааны алтан тавгийг Х Рамад гардуулсан аж. Тайландыг 70 жил удирдсан хаан Пумипона Адульядета (IX Рама) өөд болсны дараа түүний хүү Маха Вачиралонгкорна хаан ширээнд заларсан. Тухайн үед эзэн хааны шийдвэрээр хаан сэнтийд залах ёслолыг хойшлуулж байжээ. Өнгөрсөн долоо хоногт хаан ширээнд залрахын өмнө Маха Вачиралонгкорна нь генерал бүсгүйтэй гэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд зуны сард 8-17 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарийг зохицуулах асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа. Захирамжид, “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд 8.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 9.00 байхаар тогтоосугай” гэжээ. Тус захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт даалгав. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж, даргын зөвшөөрөл авах, тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах шаардлага иргэд, аж ахуй нэгжийн өмнө тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталжээ. Мөн үүнээс гадна нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын зуны ээлжийн амралтыг зөв зүйтэй зохицуулж, амарсан нэгнийхээ оронд ажил үүргийг нь хэн нэгэн хариуцаж гүйцэтгэдэг, төрийн ажлыг цалгардуулахгүй байхаар нарийн тооцоолдог болохыг Хотын захирагч холбогдох удирдлагуудад анхааруулсан юм.

Categories
гадаад мэдээ

​Газын зурвасаас Израилруу өнгөрсөн бямба гаригт 450 удаа пуужингаар харважээ

Газын зурвасаас Израилийн тал руу өнгөрсөн бямба гаригт 450 удаа пуужингаар харважээ. Үүний хариуд Израилийн тал тус зурваст байрлах ХАМАС болон “Исламын жихад” бүлэглэлийн 220 объектыг харваж устгаснаа мэдэгдэв. Өнгөрсөн оны хавраас Газын зурваст нөхцөл байдал хурцдах болсон агаад сүүлийн үед намжмал байж байгаад ийнхүү дахин хурцадлаа. Энэ талаар Израилийн Батлан хамгаалахын албан ёсны төлөөлөгч Жонатан Конрикус өчигдөр мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийг гэртэй нь дайрч амийг нь хохироожээ

Налайх дүүргийн III хороо Нарангийн гудамжны задгай хашаанд “Accent” маркын тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр настай хүүхдийг гэртэй нь дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Улмаар хэргийн газрыг орхин явсан хэргийг Багахангай дүүргийн замын хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Д. Мөнхбат болон Багахангай дүүрэг дэх ЦХ-ийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг нар илрүүлэн саатуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон.
Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогджээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогджээ. Тэдний яриа бүтэн цаг үргэлжилсэн агаад удирдагчид хоёр орны гадаад бодлогын асуудлыг хөнджээ. Ийн ярилцахдаа талууд Венесуэлийн хямралын талаар байр сууриа илэрхийлжээ. Д.Трамп твиттертээ “Оросын төрийн тэргүүн В.Путинтэй удаан, сайхан яриа өрнүүллээ” хэмээн жиргэсэн байна. Хоёр орны удирдагч хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Буэнос-Айрэс хотноо болсон Их-20 уулзалтын үеэр албан бус яриаг өрнүүлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Японд 15 ба түүнээс доош насны хүүхдийн тоо буурчээ

Японд өнгөрсөн ням гаригт “Хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэжээ. Энэ үеэр тус улсын Дотоод хэргийн яам тайлангаа танилцуулсан байна. Түүнд дурдсанаар Японд 15 ба түүнээс доош насны хүүхдийн тоо энэ онд буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар тус улсад 15 ба түүнээс доош насны хүүхдийн тоо 15.33 сая байгаа аж. Тодруулбал, 7.85 сая нь эрэгтэй, 7.48 сая нь эмэгтэй гэнэ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ тоо 180 мянгаар буурсан нь хамгийн доод үзүүлэлт болжээ. Дээрх байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр сүүлийн 38 жилийн хугацаанд Японд хүүхдийн тоо жил ирэх тусам буурсаар байгаа юм. Нийт хүн амын 12.1 хувийг 15 ба түүнээс доош насныхан эзэлдэг. Өссөн үзүүлэлттэй гарсан цор ганц хот нь Токио. Окинавад энэ үзүүлэлт хэвээр байгаа. Харин бусад мужуудад өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан аж.