Categories
гадаад мэдээ

Ажилчдаа амиа хорлоход нөлөөлсөн гэх Франц захирлыг шүүж эхэллээ

Францын харилцаа холбооны “France Telecom” компанийн экс гүйцэтгэх захирал Дидье Ломбардыг ажилтнууддаа “сэтгэл зүйн хүчирхийлэл” үйлдсэн хэмээн буруутгаж, уг хэргийн шүүх хурал Парис хотноо үргэлжиж байна. Түүнийг “France Telecom” компанийг тэргүүлж байх хугацаанд 35 ажилтан амиа хорлож, хэд хэдэн ажилтан амиа хорлохыг завдсан байна. Гэхдээ “энэ тоо баттай тоо баримт биш” гэдгийг прокурорууд мэдэгдээд “Хохирогчдын тоо 40-50 байж магадгүй” гэж мэдэгджээ. Хамгийн олон ажилтнууд амиа хорлосон гэх 2008-2009 оны үед Дэлхийн эдийн засгийн хямрал бүх нийтийг хамрахаас гадна “France Telecom” компани дампуурах эрсдэлтэй байжээ. Д.Ломбард компаниа авч үлдэхийн тулд 2007-2010 оны хооронд компанийнхаа бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, 10 мянган ажлын байрыг цомхотгож, 20 мянган ажилтнаа ажлаас нь халсан байна. Мөн 2013 онд компанийнхаа нэрийг “Orange” хэмээн өөрчилсөн аж. Тэрбээр ажилчдын эсэргүүцэлтэй нүүр тулахаас болгоомжилж, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж, тэднийг хүчээр халагдах өргөдөл бичүүлдэг байсан гэнэ. Халагдсан ажилчдаас гадна бүтцийн өөрчлөлтийн дараа компанидаа үлдсэн ажилчдад ирэх ачаалал, дарамт их нэмэгдэж, зарим нь амиа хорлоход хүрчээ. Прокурорууд “Амиа хорлогсдын үлдээсэн зурвасаас харахад Ломбардын хатуу бодлого, дааж давшгүй ажлын нөхцөл нь амь хохирогсдыг эцсийн алхам хийхэд нөлөөлсөн гэж үзэхэд хангалттай” гэлээ. Дидье Ломбард 2011 оны долоодугаар сард “France Telecom” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорчээ

Categories
гадаад мэдээ

Мьянмарт хоригдаж байсан “Ройтерс”-ын сэтгүүлчид суллагджээ

Мьянмар дахь “Ройтерс” агентлагийн сэтгүүлчид болох Ва Лоне, Кьяу Со Оо нар суллагджээ. Тэд улсын нууц задруулсан хэрэгт тулгагдаж, өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цагдан хоригдож байсан юм. Ингэхдээ тэдэнд тулгасан хэргийг цагаатгаагүй, харин Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн учраас эрх чөлөөтэй болсон байна.

Ва Лоне, Кьяу Со Оо нар 2017 онд төрөөс явуулсан цэргийн тусгай ажиллагааны үеэр Аюулаас хамгаалах албаныхан 10 рохинжа иргэнийг цаазаар аваачсан талаар мэдээлсний дараа тэднийг цагдан хорьсон юм.

Олон улсад нэр хүндтэй сэтгүүлчдийг барьж хорьсон явдал хил хязгаараас давсан шуугиан дэгдээж, дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд сүүлийн долоон сарын турш Мьянмарт хэвлэлийн эрх чөлөө хаагдаж байгаа тухай мэдээлж байгаа билээ.

Мьянмарын Ерөнхийлөгч жил бүр шинэ жилийн баярын өмнө олон хоригдолд өршөөл үзүүлдэг уламжлалтай юм байна. Хоёр сэтгүүлч энэхүү өршөөлд хамрагдаж, бусад хэдэн мянган хоригдлын хамт суллагдсан байна.

Янгон дахь шоронгоос суллагдсаныхаа дараа Ва Лоне ВВС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Сэтгүүлчийн ажлаа хэзээ ч орхихгүй” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Папуа Шинэ Гвиней улсад 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Папуа Шинэ Гвиней арлын улсын нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны мягмар гарагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газрын доорх түлхэлтийн голомт тус улсын зүүн хэсэгт Булоло хотоос 33 километрийн зайд, 127 километрийн гүнд байрлажээ.

Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүс, байшин барилга нурсан тухай мэдээлэл ирээгүй байна. Мөн цунамийн аюул заналхийлэл ч гараагүй тухай “ТАСС” агентлаг дамжуулжээ.

Папуа Шинэ Гвиней нь газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүс болох “Номхон далайн галт тойрог”-т байрладаг. Энэ тойрог нь Мексикийн эргээс Шинэ Зеланд хүртэл 40 мянган километр сунаж тогтсон байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Налайхын түр замыг усалж байна

Налайх – Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна.

Замын ажилтай холбогдуулан бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр зам гаргаж, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулаад байгаа юм.

Тус замаар зорчих хурдны дээд хязгаар нь 30 км/цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд байгааг анхаарууштай.

Түр замаас гадна иргэд хажуу шороон замаар дур мэдэн зорчиж байгаа нь харагдах орчинг хязгаарлан, тоосжилтыг нэмэгдүүлж байгаа учир усалгааг хийж байна.

Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

-2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

-Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан,

-Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

-2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн төслүүд,

-Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайлан,

-Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал,

-Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал зэргийг хэлэлцэхээр товлосон юм.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг 92.3 хувийн саналаар дэмжив.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан болно

Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан бямба гарагт /2019.05.11/ Төв аймгийн Зуунмод хотноо болно.

“Манзушир хүчтэн” бөхийн дэвжээнээс зохион байгуулах 16 хүртэлх настнуудын тус нээлттэй барилдаан ес дэх жилдээ болох

бөгөөд энэ жил анх удаа А.Сүхбат аваргын нэрэмжит болгож байгаа аж. Барилдаан аймгийн төвийн “Монгени” сургуулийн спортын зааланд болох юм.

Өсвөрийн бөхчүүдээс аймгийн цол хүртээд байгаа бөхчүүд цөөнгүй бий. Тодруулбал, 16 настнуудаас нэрлэвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн харцага Д.Ариунбаатар нар байна. Энэ удаагийн Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит уг барилдаанд ирээдүйтэй өсвөрийн бөхчүүд олноор барилдах нь тодорхой юм.

Categories
мэдээ нийгэм

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг дахин мөрдөхөөр болжээ

Малайзын түүхэн дэх хамгийн учир битүүлэг, аймшигт аллагын золиос болж, 27 насандаа харийн нутагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал өчигдөр Малайзын Куала Лампур хотноо эхэлсэн талаар “www.themalaysianinsight.com” сайт мэдээллээ. Аллагатай холбоотой гэх “Демократ” намын удирдагч асан Лим Кит Сиан, Датук Сери Нажиб Разак нар шүүх хуралд оролцож байна. Куала Лампурын ойролцоох ойгоос 2006 оны аравдугаар сарын 19-нд орчуулагч мэргэжилтэй, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяагийн цогцсыг олсон. Шүүх шинжилгээгээр бүсгүйн толгой руу нь буудаж, хөнөөгөөд дараа нь “С4” тэсрэх бөмбөгийг биед нь бэхэлж, дэлбэлсэн болохыг тогтоосон юм. Аллагын гол захиалагч өнөөг хүртэл нууц хэвээр байна. Тэгвэл Малайзын Улсын их хурлын гишүүн Лим Пип Ен уг аллагын хэргийг дахин мөрдөх үүргийг ахлах мөрдөн байцаагч Абдул Хамид Бадорт даалгасан болохыг албаныхан баталлаа. Мөрдөгч нар дахин хавтаст хэрэг нээж, хэргийг шалгах гэнэ. Лим Пип Ен “Бүсгүйн аллагын ард томоохон улс төрч бий. Тэр хүн мөрдлөгийн үйл явцад хөндлөнгөөс оролцож, мөрдөх ажиллагаанд саад учруулсаар байна” гэж мэдэгджээ. Ш.Алтантуяагийн аллагын цаана экс Ерөнхий сайд Нажаб Разакийг бий хэмээн буруутгадаг ч тэрбээр “Монгол бүсгүйтэй ганц ч удаа уулзаж байгаагүй” гэж хэдэнтээ мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний хэм алдагдлын судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа эх орондоо хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө.

Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгон авч, 4 сарын 29, 30-ны өдрүүдэд тус эмнэлгийн хэм судлалын лабораторийг түшиглэн Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа өөрийн эх орондоо амжилттай хийж гүйцэтгэлээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллаж байгаа билээ.

Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо Их сургуулийн эмнэлгийн өндөр мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд эх орондоо анх удаа амжилттай хийлээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох байсан ч хойшлууллаа

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоор байсан ч хойшлууллаа.

Учир нь энэхүү санал, дүгнэлийг аудитаас дүгнэсэн нууцын зэрэглэлтэй асуудалтай танилцаагүй, нууц болон нууц биш зүйлс байгаа учир танилцах үүднээс өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасахаар санал хураасан юм. Санал хураалтыг гурван удаа явуулсан. Эхний удаад тэнцсэн. Дахин явуулахад хуралдаанд оролцож буй 14 гишүүний 8 нь татгалзсан юм. Ингээд дахин санал хураалт явуулснаар 71.4 хувийн саналаар хойшлуулахаар болов.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт гараагүй. Д.Тэрбишдагва гишүүн өрөө өрөөгөөр нь ороод гарын үсэг зурчих гээд явж байсан. Та нар хуралдахгүй болохоор хавсаргаж өгсөн гэж хэлдэг. Ийм хариуцлагатай зүйл дээр ингэж хандаж болохгүй” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад,

“Өсөн нэмэгдэж буй инфляцид шатахуун болон махны үнэ голлож байгаа бөгөөд шатахууны үнэ ханш нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод үйлчилгээний үнэд шууд нөлөөлж өдөр хоногоо залгуулж буй иргэдэд туйлын хүндээр тусч байгаа талаар шаардах бичигт дурьджээ. Манай улсын хүнсний хэрэглээний голлох бүтээгдэхүүн гурил, мах байдаг. Гэтэл махны үнэ огцом өсөж, нэг килограмм нь 8000-15000 төгрөгт хүрээд байна. Үүгээр ч зогсохгүй газар тариалангийн ажил эхлэхтэй зэрэгцээд шатахууны үнэ нэмсэн нь ирэх жил гурилын үнэ болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх дохио юм.

Иймд экспортын орлого огцом өсч, гадаад валютын зээл, тусламж их хэмжээгээр нэмэгдэж, аливаа гадны эдийн засгийн хориггүй, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө зарцуулаагүй нэн таатай эдийн засгийн нөхцөлд валютын ханш өсөж, инфляци нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсэн учир шалтгааныг нэн даруй судлан тогтоож, иргэдийн “халаасыг хоослох” бодлогоо зогсоож, тэдний өдөр тутмын амьдралд шаардлагатай байгаа арга хэмжээг нэн даруй авч, энэ талаараа нийт иргэддээ тайлагнахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байгааг илэрхийлж байна” гэжээ.