Categories
мэдээ улс-төр

ГХЯ-ны Консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзсан байна.

Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчжээ.

Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй Монгол Улсын иргэдийг хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсанаас гадна монгол иргэдийн өдүүлж буй хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хуулинд өөрчлөлт оруулж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ.

Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан юм. Тэгвэл өнөөдөр (2019.05.08) УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндөх юм.

“Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн эх шаардлагатай байна” гээд УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болсноо дуулгав.

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Бразилд галт зэвсэг ашиглах журмыг хөнгөвчилжээ

Холбоотой Зураг

Галт зэвсэг авах, ашиглах, нэвтрүүлэх журмыг хөнгөвчилсөн зарлигт Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару гарын үсэг зуржээ.

“Энэхүү хууль нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд баримталж буй бидний зарчимч байр суурийг харуулж байгаа юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Уг баримт бичгээр галт зэвсэг эзэмшиж буй хүмүүс болон эзэмшиж магадгүй хүмүүст үйлчилж буй хязгаарлалтын хүрээг хамгийн боломжтой хэлбэрээр өргөжүүлж байна гэж Жаир Болсонару үзэж байгаа аж.

Баримт бичигт зааснаар, анч, буудлагын клубын гишүүн болон зэвсэг цуглуулагчийн статустай оршин суугчид галт зэвсэгтэйгээ нэг газраас нөгөө газар руу чөлөөтэй шилжин явах эрхтэй болж байгаа аж. Түүнчлэн 10 болон түүнээс дээш жил цэргийн алба хаасан хүмүүст ийм эрхийг олгож байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ болно

чөлөөт бөхийн мастерууд зурган илэрцүүд

Монголын чөлөөт бөхийн мастерууд /ахмад тамирчид/-ын холбооны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 11-12-нд Спортын төв ордонд болно.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй тус тэмцээн таван насны буюу А (35-40 нас), В (41-45 нас), С (46-50 нас), D (51-55 нас), Е (56-60 нас) гэсэн ангилалд 55-62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, 100 кг, 100-130 кг-ын жинд алт, мөнгө хүрэл медальтнуудаа тодруулна. Энэхүү УАШТ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмээр болох бөгөөд барилдаан (2 үе тус бүр 2 минут, завсарлага 30 секунд) нийт 4 минут үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

ГХЯ-ны Консулын газрын захирал Тайландын цагдаагийн газрын удирдлагатай уулзав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзав. Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй манай улсын иргэдийг хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсанаас гадна монгол иргэдийн өдүүлж байгаа хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тогтов. Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчсон байна.

Categories
мэдээ улс-төр

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ.
Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндөх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гээд УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болсноо дуулгав.

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шударга бусын хонгилд хэлмэгдсэн 83 хүнээс санал хүсэлт ирсэн

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо өнгөрсөн сарын 16-нд байгуулагдсанаа зарласан. Энэ хугацаанд тус холбоонд 83 хүнээс санал хүсэлт ирсэн байна. Тухайн хүмүүс нь хууль хяналтын байгууллагын хууль бус ажиллагаа, захиалгат хэлмэгдүүлэлт өртсөн талаараа санал гомдлоо ирүүлжээ. Иргэдийн гомдлыг Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооны хуульчдын баг судалж буй аж. Ингэхдээ зарим иргэний хэлмэгдсэн түүхээр нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацахаар зэхэж байгаагаа тус холбооны тэргүүн Л.Гансүх хэллээ.

Мөн эхний ээлжинд гурван иргэний хэлмэгдсэн асуудлаар УИХ-аас байгуулагдсан хүний эрх, шударга ёсыг хангах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсийн удирдлагад хандаж буй аж.

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо нь гурван зорилготой.

Нэгдүгээрт, хонгилд хохирогч болсон бизнес, лиценз, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, шүүхээр цагаатгуулах, хохирлоо олж авахад нь хамтран ажиллана.

Хоёрдугаарт, шүүх, цагдаа, АТГ, тагнуул, прокурорт шургалсан хонгилын гишүүд, мөн тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх, хуулийн арга хэмжээг оногдуулах тал дээр төр засгийг шахаж ажиллана.

Гуравдугаарт, хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад өөрсдийн дуу хоолойг оруулж, УИХ-ын тодорхой бүтцүүдтэй тулж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгов

Дундговь аймагт энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, мал, амьтны гоц халдварт өвчин, монгол орны газар хөдлөлтийн байдал зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтад Дундговь аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Ахмет Язал: Истанбул-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдвэл Монголын худалдааны салбарт ашигтай

Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмед Язал тус улсын үндэсний “Турк Эйрлайнс” компани Истанбул-Улаанбаатар хооронд өдөр бүр суудлын тоо харгалзахгүйгээр шууд нислэг үйлдэх боломжтой болсон талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Одоо үйлдэж буй нислэг нь долоо хоногт 500 суудлын хязгаартай юм байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Истанбул-Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэх боломжтой байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдоод хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаанд маш их хөгжил дэвшил гарсан. Сүүлийн хоёр жил болон өнгөрсөн жилүүдэд харахад хоёр улсын хооронд ихэнх салбарын хамтын ажиллагаа хөгжсөн боловч худалдааны салбарт ахиц гараагүй байна. Уг нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн байгалийн баялаг, хөдөө аж ахуй, ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг Турк улсад худалдаж авах зах зээл бэлэн байдаг. Хоёр улс эрт дээр үед нэг газар нутагт зэрэгцэн амьдарч байснаас улбаатай ард түмний хэрэглэж байгаа хоол хүнс, хэрэглээ зэрэг нь хоорондоо адилхан. Тийм учраас Турк улсад үйлдвэрлэдэг маш олон бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх боломжтой юм. Ийм байгаа ч хоёр улсын хоорондын худалдааны эргэлт маш бага. Өнгөрсөн 2018 онд худалдааны эргэлт 30 хувиар нэмэгдсэн. Гэвч дөнгөж 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Монгол Улсын гуравдагч хөрш орнуудтай хийсэн гадаад худалдааны эргэлттэй харьцуулахад энэ тоо Турк улсыг хамгийн сүүлийн байранд оруулж байгаа юм. Ингэж байгаа шалтгаан нь бизнэс эрхлэгчид Монголоос Туркэд, Туркээс Монголд ирэхэд, бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд хүндрэлтэй байгааг хэлдэг.

-Шалтгаан нь юу юм бэ?

-Одоогийн байдлаар хоёр улсын хооронд шууд нислэгээр ачаа зөөх боломжгүй. Тиймээс нэг бол хуурай газраар ачаагаа тээх, эсвэл усан замаар ачаа тээх сонголт тулгардаг. Хуурай замаар ачаагаа зөөхөөр маш хурдтай явлаа гэхэд 15 хоног, усан замаар бол хоёр сарын дараа бараа бүтээгдэхүүн Монголд авчирдаг.

Харамсалтай нь, энэ асуудлыг Монголын хэвлэл мэдээллээр “Турк Эйрлайнс” компани нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийг оролдож байна гэж бичиж байна. “Турк Эйрлайнс” компани Монгол руу нислэг үйлдэхийг хүсээд байгаа юм биш, Туркийн Засгийн газар “Та бүхэн Монгол руу шууд нислэг үйлдээч” гэсэн хүсэлтийн дагуу тэд ажиллахыг зорьж байгаа хэрэг. Худалдааны харилцаанаас гадна эдийн засаг улс төр батлан хамгаалах бусад олон салбарыг хөгжүүлэхийн тулд шууд нислэг яалт ч үгүй чухал шаардлагатай байгаа юм. Бид энэ хүсэлтээ Монголын холбогдох байгууллага албан тушаалтнуудад тавьсан.

-Өдөр бүр шууд нислэг үйлдвэл хэрхэн үр дүн гарах талаар та бүхэнд ямар судалгаа байна вэ?

-Монгол Улсад долоо хоногт 500 суудалтай нислэг үйлдэх хязгаартай. Харин “Турк Эйрлайнс” компани 289 суудалтай том оврын онгоцтой. Одоо нислэг үйлдэж байгаа жижиг онгоц цаг агаарын таагүй байдлаас болж нислэг оройтохоос эхлээд сөрөг үр дагавар олон бий. Ачаа тээвэрлэх боломжгүй, Бешкек дээр зогсож түлшээ цэнэглэдэг. Ийм маягаар жилд 20 мянга хүрэхгүй зорчигч тээвэрлэдэг. Жилийн карго тээврийн багтааж 100 тонн хүрэхгүй байна. Энэ нь Туркийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Монгол руу авчирч чадахгүй, Монголын бизнес эрхлэгчдийг Турк руу, Европын бусад улс руу гарахад нь тусалж чадахгүй байна.

Үүнээс гадна аялал жуулчлалын салбарт Монгол Улсад оруулж болох маш их ашгийг алдаж байна. Монголд ирээд хоёр жил амьдарсан хүний хувиар хэлэхэд Монгол бол үзэж харах үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдралын хэв маягаараа гайхамшигтай орон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Истанбулд жилд 90 сая зорчигч хүлээж авах хүчин чадалтай шинэ нисэх буудал ашиглалтад орсон. Одоогийн байдлаар “Турк Эйрлайнс” компани Монголд жилд 19-20 мянган зорчигч авч ирдэг. “Турк Эйрлайнс” компанид Монголын тал өдөр бүр шууд нисэх том оврын онгоцоор суудлын тоо хязгаарлахгүйгээр нислэг хийх зөвшөөрөл өгвөл жилд 90 мянган зорчигч тээвэрлэж авч ирэх боломжтой. Харин ачаа тээврийн хувьд нислэг бүрээр 20 тонн карго ачаа тээвэрлэнэ. Ингэснээр хоёр улсын хоорондын худалдаанд маш том нэмэлт өөрчлөлт гарахаас гадна Монголын экспортлогчид Истанбулаар дамжаад Европын орнууд руу бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэнэ.

Эдийн засагт хувь нэмэр оруулах өөр нэг зүйл бол Монгол Улсад төлж байгаа татвар төлбөрүүд ч нэмэгдэх юм. “Турк Эйрлайнс” 2012 онд нислэг үйлдэж эхэлснээс хойш өнөөдөр хүртэл жижиг оврын онгоцоор 110 мянган зорчигч тээвэрлэсэн байдаг. Хэрэв 2012 оноос хойш суудлын тоо хязгаарлахгүйгээр нислэг үйлдэж эхэлсэн бол 540 мянган зорчигч авчрах байсан судалгаа гарсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс руу 52400 жуулчин тээвэрлэж ирсэн. Харин том оврын онгоцоор 470 мянгад хүрэх байв. Карго ачаа 600 тонноос 44 мянгад хүрэх боломжтой байлаа. Зөвхөн мах тээвэрлэлээ гэхэд 110 сая ам.долларыг оруулахаар байсан байгаа юм.

-Энэ талаар манай улсад ямар санал хүсэлт тавьсан байдаг вэ. Хэрхэн хүлээж авсан бэ?

-Агаарын тээврийн хэлэлцээнд зааснаар шууд нислэг авахын тулд үндэсний авиа компаниуд хоорондоо тохиролцох ёстой гэсэн зүйл заалт байдаг. Бидний гацаад байгаа асуудал бол Монголын үндэсний авиа компани “МИАТ”-тай ойлголцож чадахгүй байна. Надад ирсэн мэдээллээр МИАТ-ынхан ““Турк Эйрлайнс” компани өнгөрсөн хугацаанд нислэг үйлдсэнээр МИАТ компани зорчигчоо алдсан. Тэд дахиад нислэгийн тоогоо нэмбэл бидний үйлчлүүлэгчид улам багасч, компани дампуурах эрсдэлд хүрнэ” гэсэн мэдээллийг хүмүүст өгсөн байсан. “Турк Эйрлайнс” компани өнгөрсөн хугацаанд нислэг үйлдэж байхад МИАТ болон бусад компани зорчигчдоо алдаагүй. Үүнийг батлах судалгаа хангалттай байгаа. Манай үндэсний компани өдөр бүр нислэг үйлдсэн ч МИАТ хохирохгүй. Бидний зүгээс ийм саналыг хүртэл тавьсан. “Истанбулаар дамжаад Европ руу нисээч. Европ руу явах зорчигчдыг “Турк Эйрлайнс” гаргаж өгье гэж. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ойлголцоогүй байна.

Энэ асуудлыг Монголын Засгийн газрын түвшинд дэмжиж байгаа, өдөр бүр нислэг үйлдүүлэх сонирхолтой байгааг би мэдэж байна. Мэдээж бидний хувьд алдаж хохироод байгаа зүйл байхгүй. Монгол Улс ийм маягаар жилд 100 гаруй сая ам.долларын алдагдалд орж байна. Ах дүүгийн найрамдалт харилцаатай анд нөхдөд хохирол учирч байгаад харамсаж байна.

Б.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Эрдэнэцогт: Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталбал Засгийн газрын шийдвэрийн 100-ны 98 хувь шүүхийн хяналтаас гарна

Захиргааны ерөнхий хуулийн талаар МУИС-ын профессор, Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын чуулганаар яригдаж байна. Уг хуулийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуульд зааж өгснөөр хүний эрх баталгааждаггүй. Хүний эрх, эрх чөлөөг хангах процедур буюу үйл ажиллагааных нь баталгааг хангасан хуулийг баталж байж хүний үндсэн эрх баталгаатай хангагддаг гэдгийг ардчилал хөгжсөн улс орнуудын түүх харуулдаг. Хүний өмч, амь насыг захиргааны байгууллагаас хамгаалсан процедурын баталгааг хангасан тусгайлсан дэг журам тогтоосон хууль батлахгүй бол хүний эрх аяндаа зөрчигддөг. Тиймээс АНУ-д 1946 онд Захиргааны процедурын хууль анх батлагдсан байдаг. Энэ хуулиараа иргэн хүнийхээ эрхийг захиргааны байгууллага дур зоргоороо авирлаж хязгаарладаг үйлдлээс хамгаалах процедурын баталгааг зохицуулж өгсөн. Мөн ХБНГУ-д 1976 онд Захиргааны үйл ажиллагааны тухай хуулийг баталсан байх жишээний. Энэ хуулиудын үндсэн дээр захиргааны байгууллагууд иргэн хүн рүү хандсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямар шаардлага, зарчим журмыг баримталж шийдвэрээ гаргах вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ нь нэг ёсондоо хүний эрх, эрх чөлөөг хангах хүн төрөлхтний үнэт зүйл юм. Энэ чухал үнэт зүйл Монгол Улсад 2015 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар хангагдсан юм. Ингэснээр захиргааны байгууллагыг иргэн хүний амь нас, хувийн өмчид дур зоргоороо халдах боломжгүй болгож өгсөн. Манай Улс эрх зүйт төрийн хөгжүүлэгч болох маш том алхамыг хийсэн гэсэн үг. Монголд иргэн хүн захиргааны байгууллагын дур зоргын золиос болохгүй, захиргааны байгууллага нь иргэн хүний эрхийг дураараа хязгаарлахгүй болсон. Энэ хууль батлагдсанаар өмнөх тоталитар дэглэмийн үеийн захиргааны байгууллагын нэг талын хүсэл давамгайлсан дур зоргын үйл ажиллагаа үндсэн хуулиар хаагдаж байгаа гэсэн үг юм.

Захиргааны ерөнхий хуульд төр засгийн зүгээс яагаад ингэж удаа дараа халдаад байна вэ?

-Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө Монгол Улсад 2004 оноос Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ шүүхтэй холбоотой харилцааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль зохицуулж байлаа. Уг хууль 2002 онд батлагдаж, 2016 онд Захиргааны ерөнхий хууль батлагдах хүртэл хүчин төгөлдөр байсан. Энэ хуулиар Засгийн газар, Ерөнхий сайд, яамд, төрийн захиргааны байгууллагуудын шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар жагсаасан. Энэ хуульд анх 2005 онд нэр бүхий иргэд тодорхой зорилгоор Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газрыг захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг агуулгаар өргөдөл гаргасан. Тэрийг нь Цэц хүлээн авч маргаан үүсгээд Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 02 дугаар дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтээр байж боломгүй, хүлээн зөвшөөрч болшгүй дүгнэлтийг гаргаж байлаа. Улмаар Цэц Засгийн газрыг захиргааны шүүх хянах ёсгүй, Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн гурвыг зөрчсөн гэж үндэслэсэн. Энэ заалт бол Захиргааны хэргийн шүүхтэй ямар ч хамааралгүй заалт. Цэцийн энэ дүгнэлт буруу байсан гэдэг сүүлд практикаар батлагдсан. Ингэж Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргасан байдаг. Үүнээс хойш Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаан шүүх дээр тасраагүй. Тиймээс энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх ёстой гэх дүгнэлт гарсан. Гэтэл Цэц хувь хүний эрх, өмч, газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэггүй. Тиймээс эдгээр маргаануудыг иргэний хэргийн шүүх 2016 он хүртэл хянасаар ирсэн.

-Засгийн газар захиргааны байгууллага мөн, биш гэх маргаан их явагддаг?

-2016 онд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээр тус хуулийн тавдугаар зүйлээр Захиргааны байгууллага гэдгийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн, захирамжилсан шийдвэр гаргадаг байгууллагыг захиргааны байгууллага гэнэ гэж тодорхойлсон байдаг. Энэ заалтад үндэслэвэл Засгийн газар захиргааны байгууллага мөн. Энэ байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүдийг Захиргааны шүүх хянах ёстой. Тиймээс Засгийн газар 2016 онд Захиргааны шүүхийн хяналтад буцаж орсон. Үүнийг Засгийн газар буруутгаж Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэх гол үндэслэлээ нөгөөх 2005 оны Цэцийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэл болгоод гаргаж ирсэн. Гэтэл энэ дүгнэлт өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтад үндэслэн гарсан. Нэг ёсондоо одоогийн хуульд тэр заалт байхгүй. Харин Захиргааны ерөнхий хуулийн захиргааны байгууллагыг тодорхойлсон заалтад одоогийн байдлаар ямар нэг маргаан болон Цэцийн дүгнэлт гараагүй. Тиймээс хүчингүй болсон хуулийг барьж, ямар нэг маргаангүй хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гэж ярих нь үндэслэлгүй юм. Тиймээс үүнтэй холбогдуулан Засгийн газар захиргааны байгууллага мөн үү гэх асуулт тавигдана. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн хоёрт Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй нийгэм соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй гэдгийг зааж өгсөн. Нийтийн захиргааны байгууллага гэх ойлголт нь гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн хуулийн этгээд рүү захирамжилсан шийдвэр гаргах эрх олгогдсон байгууллагыг хэлдэг. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд Засгийн газар нийтийн захиргааны байгууллага мөн. Тиймээс Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл биш юм. Энэ захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянадаг маш чухал хуульд үндэслэлгүй халдах нь байж болохгүй асуудал.

-Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн онд анх Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан байдаг. Өргөн барьснаас хойш өнөөдрийг хүртэл гурван өөр янзын нэмэлт өөрчлөлтийн хувилбарыг оруулж ирсэн байдаг. Энэ нь Засгийн газар уг хуульд өөрчлөлт оруулах талаар тогтсон үзэл баримтлалгүйгээр муйхарлан дайрч байгаагийн шинж. Түүнчлэн тогтсон үзэл баримтлал нь ороо бусгаа, нэг хувилбараас нөгөө хувилбар руу үсчсэн ийм байдалтай байна. Анх өргөн барьсан хувилбар нь 3.1.7-д Засгийн газрын гаргасан шийдвэр Захиргааны хэргийн шүүхээр орохгүй гэх агуулгатай оруулж ирсэн. Одоогийн нэмэлт өөрчлөлт нь энэ заалтаа бүрэн өөрчилж, УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрүүд болох гадаад бодлогын талаарх шийдвэр, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлыг захиргааны хэргийн шүүхээр оруулахгүй байх өөрчлөлт оруулж ирж байгаа юм. Яахав анх өргөн барьснаа бодвол ухралт хийсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар захиргааны байгууллага мөн юм аа гэдэгтэй дуртай дургүй санал нийлсэн. Гэхдээ анх гаргасан санаагаа тавихгүйгээр өрмийг нь хамах гэгчээр Засгийн газрын хуулийн этгээдийн эрх зүйн байдалд холбогдох хамгийн гол чиглэлүүд болох өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага гэхчлэнгийн асуудлаар гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй ээ гэдэг ийм алагчлал гаргаж ирсэн. Үүнийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа бол алагчилсан заалт гаргах ёсгүй. Засгийн газрын шийдвэрийг сорчлоод хуулиа баталлаа гэхэд үүний гадна үлдэж байгаа зүйл байхгүй. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд дунд үлдэж байгаа юм байхгүй. Энэ хууль батлагдсаны дараа Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн хуулиар оруулж ирье гэвэл цөөн хэдэн томилгоотой холбоотой шийдвэрүүд л үлдэж байгаа. Тэр томилгооны ихэнх нь улс төрийн албан хаагчтай холбоотой учраас захиргааны хэргийн шүүх хянахгүй. Агентлагийн дарга, орлогч гэх мэтийг хянах асуудал л Захиргааны шүүхэд үлдж байх шиг байна. Үүнийг харахад хумигдчихсан гэж ярьж байгаа боловч бодит байдал дээрээ Засгийн газрын шийдвэрийн 100-ны 98 хувийг шүүхийн хяналтаас гаргачихлаа гэж үзэж болно. Тиймээс санал нийлэх боломж алга.

-УИХ-ын гишүүдийн байр суурь бол Захиргааны ерөнхий хууль Засгийн газрын үйл ажиллагааг хумьж байна гэж яриад байна?

-Засгийн газраас гаргаж байгаа өмч хувьчлалын шийдвэрүүд дээр л маргаан гардаг шүү дээ. Ашигт малтмал, байгалийн нөөцийг ашиглахтай холбоотой энэ шийдвэрүүд чинь хувийн өмч, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөх гол асуудлууд. Энэ асуудлууд дээр үүсч байгаа шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүх хянахгүй юм бол өөр юуг хянах юм бэ. Түүнчлэн уг хуулийн 3.1.7-гийн тайлбар байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Улс төрийн шийдвэр гэдэг хувь хүний ашиг сонирхолтой холбоогүй, хувь хүний ашиг сонирхлыг хөндөөгүй тийм шийдвэр үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь 3.1.7 дахь заалтаараа хангагдчихаад байгаа. Гэтэл үүнийг хуулийн тайлбар дээрээ ямар ч шалгуургүй болгоод өөрчлөөд хаячихсан. Энэ заалт хэвээрээ үлдэх юм бол Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд шүүхээр хянагдахгүй гэх агуулгатай болчихож байгаа юм. Тэр байтугай тайлбарт нь Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын шийдвэрүүд гээд өргөжүүлчихсэн байгаа. Энэ бол улс төрийн шийдвэр гэдэг ойлголттой огт хамаагүй. Ерөөсөө УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын шийдвэр байвал шүүхээр хянахгүй. Тэр байтугай харьяа байгууллагынх нь ч шийдвэр хянагдахгүй. Тэгэхээр 3.1.7-гийн эхний заалтаа өргөсгөөд заачихаар энэ хууль батлагдахаар хууль шүүхийн практикт зөрчил үүснэ. Ойлголтын зөрүү гарна. Энэ хууль дээр эцэс төгсгөлгүй маргаан үүснэ.

-Тус нэмэлт, өөрчлөлт энэ хэвээрээ батлагдчихвал яах вэ?

-Цаашдаа өмч хувьчлалын талаар УИХ болон Засгийн газраас гаргаж байгаа, хувь хүнтэй холбоотой тогтоол шийдвэрүүд бүгд шүүхийн хяналтаас гарна. Өмч хувьчлал, ашигт малтмалтай холбоотой, байгалийн нөөцийн удирдлага гэсэн асуудлуудтай холбоотой Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хяналтгүй болно. Тэр байтугай тайлбараараа яам, агентлагийн шийдвэрүүд ч УИХ-ын шийдвэрийг биелүүлж байгаа гэдэг малгай дор шүүхийн хяналтгүй болох ийм л нөхцөл үүссэн гэсэн үг. Ийм байдлаар хуулийг томьёолж болохгүй.

-Бусад улс орнуудад Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлыг яаж шийддэг юм бэ?

-Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хянах агуулгыг хоёр чиглэлээр хуульчилсан байдаг. Нэгдүгээрт, улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй гэж томьёолсон ганц нэг улс орон бий. Нөгөө талдаа эх газрын нөлөө бүхий улс орнууд Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа байвал Засгийн газрын Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа Захиргааны шүүхэд хамаарахгүй гэж заасан байдаг.