Categories
мэдээ нийгэм

Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх замыг 9-11 хүртэл хаана

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ”Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Тус явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм.

Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна.

Дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэрэгт 75 эмэгтэй холбогджээ

Энэ он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг гэдгийг албаныхан онцлов. Тус газраас мэдээлснээр мансууруулах бодис нь архины шарталтаас 60 дахин хүчтэй тул хүний биеийн бүх эрхтэн буюу ялангуяа таван цулыг их гэмтээдэг хор хөнөөлтэй гэнэ. Албаны хүний хэлснээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд хайрлах хүндэтгэх сэтгэл гэж байхгүй, тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн тулд юу ч хэрэглэхээс буцахааргүй болдог аж. Хар тамхинд донтсон хүн эдийн засгийн хараат байдалд орж хулгай дээрмийн хэрэгт холбогдож, мансуурсан үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор бэлгийн замын өвчтэй болсон тохиолдол ч бүртгэгджээ. Сүүлийн үед олон улсын шуудан илгээмжээр гадаад улсын иргэд их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн хэргийг тус газраас шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд 300 сая төгрөгийн үнэ өртөг бүхий гашиш гэх бодисыг тээвэрлэж авч явсныг илрүүлсэн байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд холбогдож байна. Өнгөрсөн онд гэхэд 75 эмэгтэй хар тамхины хэргээр саатуулагдан шалгагджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Угсаа залгамжлагч сүнс

-БОГДЫГ ТӨВДӨӨС ТОДРУУЛДАГ НЬ ЭВ НЭГДЛИЙН УТГАТАЙ БАЙХ МАГАДТАЙ –

НЭПКО хэвлэл газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэг хамтран “Түүхэн Эрхмүүдийн Цадиг” (ТЭЦ) цуврал гаргаж байгаа билээ. Монгол шинэ үеийн түүхийг тодорхой хувь хүний намтраар дамжуулан өгүүлж буй энэ цувралаар Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Нацагдорж, Д.Намдаг зэрэг олон алдартны намтрыг баримтат уран сайхны аргаар өгүүлэн олон түмэнд хүргэсэн бөлгөө. Цувралын дараагийн ээлжид багтан гарахаар хүлээгдэж буй, Монгол Улсын ерөнхий сайд агсан Г.Бадамдоржийн тухай өгүүлэх “Шар хүний “хар” тууж” номын хэсгээс танд хүргэж байна.


Түшээт ханы хөвүүн Г.Занабазар суудлаа хэнд ч алдахгүй нэгэн болоод тодорхой утгаар“үхэх”-ээ болив. Нэгэн төрлийн хүний бие нь хөгшрөн нас баравч хаа нэг газар төрөөд эргэн ирж суудалдаа сууна. Өндөр гэгээний олон дүр хувирлын логик иймэрхүү.

Хойд дүр тодруулах нь Төвдийн сүм хийдийн зүгээс сүүлхэнд санаачлан боловсруулсан албан тушаал залгамжлуулах арга юм.Бурхан багш Буддагийн хойт дүр гэж байгаагүй, тэр ч байтугай Төвдийн их шинэтгэгч Зонхов богдын дараагийн төрөл тодорсонгүй. Дашрамд дурдахад, Төвдүүд Богд Зонховын аавын хойд дүрийг “Ажаа гэгээн” болгон тодруулаад шүтэж эхэлсэн байдаг нь өнөөг хүрчээ. Ажаа бол аав гэсэн утгатай төвд үг ажгуу.

Бурханы шашинд сансрын хүрдэн дэх амьдралыг сүнс нь төрөл дамжин үргэлжлэх дуусашгүй процесс болгон тайлбарладаг. Жирийн хүн үйлийн үрээсээ хамаараад дээшилж, доошилж, аягүйтвэл амтан ч болж мэднэ. Харин хутагт хувилгаад тэр л дүрээрээ эргэн төрж, олон амьтныг аврах ажлаа үргэлжлүүлдэг гэж Шарын шашинтнууд үзсэн байна. Энэ санааг Төвдийн шашин-төр, сүм хийдийн удирдлагын залгамж чанарыг хангах менежмэнт болгон хөгжүүлжээ.

Лам нар хорвоогийн эгэл амьдралаас татгалзсаны улмаас үйл хэргийг нь залгамжлах үр хүүхэд гэж байхгүй. Тиймээс залгамжлагч нь түүний төрлийн хүн байх боломжгүй. улмаар орон гарсан хутагт, шашны урсгалын тэргүүний байрыг эзлэхийн төлөө өрсөлдөөн тэмцээн гарахаас энэ арга сэргийлнэ. Иймээс, хойт дүр тодруулах арга нь дотоод өрсөлдөөн, хагарлаас сэргийлэх сайн талтай аж.

Хойт дүрийг доод тал нь тав орчим настай байхад нь тодруулдаг. уг нь дөнгөж төрүүт нь л тодруулж болохгүй юу байв гэж. Хамгийн гол нь хойт дүр “бааснаасаа салж” тав зургаа хүрэхийг хүлээдэг нь нялх балчир хүүхэд өсгөх түвэгтэй үүргээс сүм хийдийг чөлөөлдөг байсан бололтой. Түүнчлэн энэ насыг төвдийн шашны тогтоосон сурган хүмүүжүүлэх ухааны олон жилийн туршлага ололт гэж үзүүштэй юм. Хүүхдийг эцэг эх, гэр орноос нь холдуулаад сургалтад хамруулж болох насны доод хязгаарыг таван нас болохыг тэд нотолсон гэж дүгнэсэн ч болно. Өнөөдөр дэлхий дахинаараа хүүхдийг 5-6 насанд нь сургаж эхэлж байгаа нь Төвдүүдийн туршлагыг бататгах мэт.

Улмаар, дүр тодруулах явцад зуун хувийн баталгаа байхгүй ч гэсэн түүний дараахь сургалтын тогтолцоо нь баталгаатай. Нялх балчир “хойт дүр”-үүдийг сүм хийдийн хэрмэн дотор, хатуу чанга дэглэм дор тусгай багш олон жил хүмүүжүүлж “жинхэнэ” хутагт болгон хувиргана. Дүрийг нь андуурсан байж болох ч хүмүүжил нь андуурахгүй. Ийм болоод “Төвдүүд илжгийг ч хутагт болгоно. Халхууд хутагтыг ч илжиг болгоно” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Энэ нь Төвдийн хойт дүр бэлтгэх сургалтын төгс чанар ба халхуудын ёс суртахуунаас илүү арилжаа болсон шашин шүтлэг нь лам хуврагуудыг өргөл барьцаар даран самууруулах аюултайг хэлсэн бололтой.

ЗОДООНООС ҮРГЭСЭН БОГДЫН СҮНС

Халхын Богд Жавзандамба хутагтын эхний дүрүүд монгол айлд, алтан ургийнхны гэр бүлд хэдэнтээ төрөн мах цусны талаасаа ч баталгаатай, сүнс талаасаа ч итгэмжтэй “хосолмол” байдлаар төрөл олж явснаа гэнэтхэн бишиджээ. Монголчууд нэгэн сонин мэдээг манж нараас дуулав. Занабазар цаашдаа, монголд үргэлжлүүлэн ажиллах боловч өөр газар төрнө гэдгээ тэдэнд аминчлан ярьсан байх аж.

Манжийн тэнгэр тэтгэсэн хааны 26 дугаар он буюу (1761) онд гаргасан зарлигт “…хутагтын өвгөн шавь нарын үг яриагаар бол Жавзандамба хутагтын намтарт хутагтын хувилгаан Халхын газарт 100 жилээс илүү хугацаагаар суухгүй, уг газар хойш буцна гэсэн үг байгаа” гэдгийг дуулгажээ. улмаар Өндөр гэгээн манжуудад хэлсэндээ хүрч төвдөд төрснийг “Литанд нэг хүү төрсөн нь сайн ёр их бөгөөд…энэ хүү ном уншиж, шар малгай өмсөх дуртай” болохыг уламжилжээ. уламжлах юу байхав тушаасан л хэрэг.

Манж цаашдаа нэг их ёсорхохоо больж 1793 онд Тэнгэр тэтгэсэн хаанаас шулуухан зарлиг буулгаж Жавзандамбын хувилгааныг тодруулах ажил Халхад хамаагүй бөгөөд тусгай томилогдсон амбан сайд шийдэх болов. Жавзандамба хутагтад ч дахин хүн болж төрөх газрыг нь “Үй Зан, Камын зэрэг Төвдийн” нутаг хэмээн зааварлажээ.

Энэ явдлыг их төлөв Богд нарын санаа сэтгэл хувиран, манжийг дарлалын эсрэг босч магадгүй хэмээн сэрэмжлэхдээ тэдний хойд дүрийг хаа холын Төвд рүү цөлсөн байдлаар тайлбарлаж ирсэн юм. Үүнийгээ хоёрдугаар Богдын дүү ринчиндоржийг манжуд цаазалсан зэргээр баримтжуулан тайлбарладаг.

Гэвч Төвдийн “хойт дүрийн сургууль”-ийн дэг, сургалт нь өмнөх дүрийн үзэл санааг бат өвлүүлдэг учраас Халхын эрх ашгаас урвасан Төвд Богд төрсөн баримт харагддаггүй. Түүнчлэн, ХХ зууны эхээр тусгаар Монголын тогтнолын удирдагч, үндэсний үзэл санааны бэлгэдэл наймдугаар Богд байсан. Тэрээр Манжийн хааны шийдвэрийг хүндэтгэн Төвдөд төрсөн боловч, алтан ургийн үзэл санааг залгамжилсан хэвээр үлдсээн.Ингээд дүгнэхэд, Богдын хойт дүрийг Төвдөөс тодруулах болсны цаад зорилго нь Халхад элэггүй Жавзандамба төрүүлэх биш юм шиг байна.

Арай өөр өнцгөөс харвал, Шашны тэргүүний дүрийг халхуудаас холдуулсан нь Гадаад монголын дотоод эв нэгдлийг хангах санаа байх магадтай. Хэрвээ алтан ургийнхан, өөр өөрийн гэрээс Богд тодруулах гэж мугуйдлан хагаралдвал дорхноо л сэлмээ сугалж таарна. Богдын хойт дүрийг Халхаас хол тодруулах санал санаачилга 1750-иад онд Баруун монголд гарсан Амарсанаагийн бослогын дараанаас эхтэй нь ч нэгийг өгүүлэх мэт. Гадаад Монголд элдэв хагалдаан үүсвэл Чин гүрний тогтвортой байдалд ч харшилтай.

Үнэхээр ч, II Богдыг таалал болсны дарааалтан ургийнхны дунд долоон ширхэг “III Богдод нэр дэвшигч” төрж байсан нь бас л түгшүүртэй баримт юм. Энэ бол хаан ширээний төлөөх алтан ургийнхны тэмцэл нь Жавзандамбын хойт дүрийн төлөөх алалдаан болон хувирахын даваан дээр ирснийг харуулах баримт. Үр хүүхдийг нь хойт дүрээр батламжлаагүйн төлөө Манжийн хаанд гоморхох, урвах явдал гарахыг ч үгүйсэхгүй.

Ингээд Жавзандамбын хойт дүрийг Халхын алтан ургийнхны дотоод тэмцлээс холдуулж, Төвд рүү шилжүүлсэн бололтой.(Түүнчлэн, Юань гүрний сүүлийн хаадуудын жишгээр нялх багадаа тэнгэрт хальсан III Богдын үхлийн шалтгааныг өрсөлдөгч долоон “нэр дэвшигч”-ийн талаас хайвал юманд хүргэж мэднэ)

Богд гэгээний хойт дүрийг Төвд газраас, язгуургүй харц гэр бүлээс тодруулж байхаар шийдвэрлэсэн нь Гадаад Монголын алтан ургийнхны дотоод эв нэгдлийг хангах зорилготой ажээ.

Манж нар энэ бодлогоо зөвхөн Богдын дүрийг тодруулах дээр хэрэгжүүлээд зогссонгүй. Гадаад монгол даяарх хутагт, гэгээдийн хойт дүрийг тодруулахад ашиглах болов. Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичгийн 58 дугаар дэвтэрт,

“Нэгэн зүйл: Монгол аймгаас хутагт, ихээхэн ламын хувилгаан дэлгэрэв гэж өргөн мэдүүлбэл, олон тайж, албат ард, жич тангадын харц хүний дотроос заалгуул. Далай лам,банчин эрдэнийн ураг, жич олон монгол хан ван бэйл, бэйс, гүн, засаг, тайж нарын хөвүүн ач нарын дотроос хувилгаан заахыг нийтээр цаазлагтун” хэмээн журамлажээ. Алтан ургийнхан, язгууртнууд бээр элдэв хутагт, хувилгаадын хойт дүрийг гэрээсээ тодруулахын төлөөнөө алалдахаас үүрд чөлөөлөгдөх нь тэр ээ.

Дашрамд дурдахад хутагтуудыг тамгатай ба тамгагүй хэмээн хувааж байсан нь ид шид, эрдэм чадлаар нь эрэмбэлсэн хэрэг бус, харин шавь захирах эрхтэй эсэхээр нь ялгамжилсан хэрэг байв. Гэхдээ, цол хэргэм, чимэг тодотголыг чухалчилдаг монгол хүний нүдээр харах юм бол “Нэгэнтээ л хутагт болохыг болов, тамгатай хутагт болох” хэрэгтэй байсан буй заа. монголд 1900 оноос өмнө нийт 243 гэгээн хувилгаан тоологдсон ба ХХ зууны эхэн үед Халхад 13 тамгатай хутагт байсан байдаг.

ХОЙТ ДҮРИЙН АРЫН ЗОДООН

Манжийн хаадаас Богд Жавзандамба хутагтын хойт дүрийг төвдөөс тодруулж эхэлснээр Халхын амбици тийм ч амар дарагдсангүй. Хойт дүрийг залах замдаа салам балбаж, уураа гаргахаас эхлээд, зэрэгцүүлэн тодруулж хүртэл үзжээ.

Гуравдугаар дүрийн Богдыг Төвдөөс залж авчрах замдаа занчсан хэрэг нэлээн дуулиан тарьсан байна.

…Тэнгэрийг тэтгэсний 30 (1765) онд III Богдыг төвдөөс залж ирэх замд “хутагтыг занчсан” хэрэг гарч, манжийн хаанаас уг хэргийг шалгаж байжээ.сойвон Дансран зэрэг хүмүүс(жанчсан)…хэргийг хүлээх хүн гарсангүй…Хүрээний монгол сайд санзайдорж, номун хан Жамбалдорж, хамба Шагдар, сойвон Дансран нарыг албан тушаалаас зайлуулж, хүрээнээс одуулан, хол газар цөлөх зэргээр шийтгэж” байжээ.

Улмаар, Төвдөөс ирсэн хойд дүрийг илэрхий үл тоох, тэр бүү хэл өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн дэвшүүлсэн Чин Сүжигт номун ханы эсэргүүцэл ч түүхнээ үлджээ.

Хүрээний сайдаас 1765 онд манжийн хаанд айлтгасан нэгэн бичигт Хутагтыг ширээнд залснаас хойш бүгд хүндэтгэн мөргөсөн боловч зарим томчуул түүнийг үл ойшоосон тухай дурджээ. Манжийн хааны тодруулж өгсөн хутагтад мөргөхөөр үл очих гэдэг бол түүний шийдвэрийг үл хүндэлсэн, эс хэрэгссэн хэрэг болох тул шавийн захиргааныхан санаа зовнисон бололтой. ингээд түүнд элч зарж,

.”…Гагцхүү Чин сүжигт номун хан үл ирсэн бөгөөд хүн зарсангүй. Энэ явдлыг Эрдэнэ Шанзов нарт асуувал…хутагтыг залах хэргээр хуралдахад ирээгүй, бас залсны дараа ирээгүй… Хутагт ширээнд суугаад нэг жил илүү боллоо. Чи мөргөөр ирвэл зохино… хэрэв Хүрээний хэргийг шийдэх сайд, вангаас чиний эс ирсний учрыг асуувал бид чиний төлөө хэлэх үг олдохгүй байна” хэлүүлжээ.

Ингээд хаалгач лам Шаравыг зарсанд өнөөх нь

“Чин сүжигт номун хан эмгэг өвчтэй бөгөөд нүүр аманд яр гарч гурван жил боллоо.Өвөл бол явж чадахгүй. Зун бол энд нэг сүм үйлдээд түүнээсээ холдож чадахгүй….(гэхчлэн ер нь өөрөө очихгүй гэж ойлгуулаад)…би дараа Хүрээнд хүн явуулна… гэж хэлүүлжээ. Улмаар элч Шаравыг өөр нэг учир битүүлэг ламд мөргүүлжээ.

“Бас чи эндхийн ламд мөргөхгүй юу гэхэд Шарав би мөргөе гээд очиж үзвэл нэгэн 6-7 насны бага лам, дэвсгэр түшлэгийн зэрэг зүйл нь бидний Жавзандамба хутагтын адил бөгөөд “Хүрээний өвгөн лам Эрхэм тойн ба Эрдэнэ умзад лам нар одоо бий юу? Аль хэр өвгөрсөн байна гэхчлэн асуусан” байгаа нь Чин сүжигт номун хаан бээр өөрийн гэсэн Богдыг зэрэгцүүлэн тодруулаад байсныг өгүүлжээ. Энэ бол зоригтой ч, эрсдэлтэй ч алхам. Чин сүжигтийн залсан бага балчир хөвүүнийг Бээжинд аваачсан ба хэрхсэн нь тодорхойгүй, харин Номун хаан өөрөө 1768 оны орчим нас барсан нь дээрх зөрчилдөөний үр дагавар ч байх магадтай.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 09-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ноён Винод Кумар Ахужа нар Чингисийн өргөн чөлөөнд байрлах “Үлэмж Органик”, “АПУ-ДЭЙРИ” үйлдвэртэй танилцана. Утас: 97000147

09.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд Улсын химийн 30 дугаар олимпиадын нээлт болно. Утас: 99002019

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” үндэсний зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Олон улсын сувалагчдын өдөр”-т зориулсан “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” ёслол болно. Утас: 99179899, 86885060

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар, “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-өөс мэдээллийн хүртээмжийн семинар зохион байгуулна. Утас: 99556825,

09.30 цагт Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан БХЯ, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө.

09.30 цагт Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаал алхана. Утас: 88111619

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хөдөө аж ахуйн их сургуульд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эх орондоо угсрах зорилго бүхий хэлэлцүүлэг, үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99195978

11.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд урлаг, соёлынхон Монголын үндэсний кино хороо байгуулах талаар мэдээлнэ.

11.00 цагт “Соёмбо” кино театрын гадна талбайд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлт болно. Утас: 99010499

12.20 цагт Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нар улсын нууц задруулсан талаар мэдээлнэ. Утас: 99191388

15.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан Монгол-Оросын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Ерөнхий сайдын УИХ-ыг хоёр шатны парламенттай болгох байр суурийг дэмжиж байгаа

– МАНАН-ИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ӨӨР ЭЗЭН ХАЙГААД ГҮЙЖ БАЙГАА-


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж буй. Эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намуудын оролцоо сайн байгаа гэдгийг хэлж байгаа. Үнэхээр та бүхэн өөрсдийн санаа бодлоо тусгаж чадаж байна уу?

-Юун түрүүнд нэг зүйлийг онцолъё. эрх баригчид улс төрийн нөхцөл байдал тун сайхан байгаа мэтээр тайлбарлаж байна. үнэн хэрэг дээрээ Монголын нийгэм бүхэлдээ хагарчихсан, улс төрийн намуудаас болоод нийгэмд томоохон зөрчил бий болчихсон, эдийн засгийн хувьд хүнд байдалтай байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш эрс өсчихсөн. Гадаад өр 30 тэрбум ам.долларт хүрсэн нь Манжийн үед ч байгаагүй том дүн. Асар их баялагтай, гуравхан сая хүнтэй, 70 сая малтай улс яагаад ийм байдалд орчихов. Цаашдаа бид энэ замаар явж болохгүй. Хэн нэгэн улстөрч, аль нэг улс төрийн хүчин дангаараа энэ өөрчлөлтийг хийж чадахгүй. Учир нь тэд бүгд нам дамжсан олигарх, бизнес бүлэглэл, мафийн зохион байгуулалтад орчихсон. төр засгийн бүх эрх мэдлийг тэд авчихсан байна. тэр дунд нь хууль хяналтын байгууллага ч багтана. ингээд уул уурхайн 400 гаруй орд, ждү-г энэ олигархууд авчихсан. тэд бол 30 хүнд хамаарах 200 орчим гэр бүл юм аа. энэ баялаг бол Монголын гурван сая хүний өмч. үндсэн хуульд баялаг бол ард түмний мэдлийнх гэж заасан байдаг ч өнөөдөр ийм л байдалтай байна. Үндсэн хуулийн энэ заалт тунхаг төдий л байна. Дээрээс нь төрд гарсан хүмүүс нь бүгд наймаачид. Тэд ядарсан ард түмэндээ 20, 40 мянган төгрөг өгч саналыг худалдаж авч гарч ирсэн. Сонгох, сонгогдох эрхийг зөрчиж гарч ирсэн хүмүүс юм. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд үндсэн хуульд цогц өөрчлөлт хийх нь зөв. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх баригч нам дангаараа хийж таарахгүй. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, ард түмнийхээ оролцоотойгоор хийх ёстой. Энэ бол Монголын эрх ашиг. Хэрэв ийм байдлаар бид үндсэн хуулиа өөрчилж чадвал улс эх орон маш хурдтай хөгжинө. Энэ асуудал дээр өргөн хүрээнд хамтран ажиллах талаар бид эрэл хайгуул хийж байна. Улс төрийн намууд том, жижиг гэлтгүйгээр уулзаж ярилцсаар байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн намуудыг хүлээж авч уулзан, сайн хэлэлцүүлэг явуулсан.

-Хэлэлцүүлгийн дүнд ямар санал шийдэлд хүрэв?

-Ерөнхий сайдын зүгээс маш чухал хоёр асуудлыг дэвшүүлж тавьсан. Нэгдүгээрт, УИХ-ыг хууль тогтоох байнгын ажиллагаатай парламенттай болгох. Мөн түүндээ хяналт тавих ард түмний төлөөлөл бүхий байнгын бус ажиллагаатай парламенттай болох тухай ярьсан. Ерөнхий сайдын зүгээс “Би хоёр шатны парламентыг тууштай дэмждэг” гэдгээ ч энэ үеэр илэрхийлсэн. Энэ бол бодит байдалдаа дүгнэлт хийсэн маш том бодлого гэж бид хүлээж авч байгаа. Энэ өөрчлөлтийг МАН, Ерөнхий сайд хийж чадвал үнэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт болж чадна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн намуудын оролцоотойгоор хийх болно гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. МАН-аас өөр хэн ч ингэж дуугараагүй. Д.Лүндээжанцангийн хэлээд буй хэдэн өөрчлөлт Монголын нийгэмд ямар ч өөрчлөлт авчрахгүй. МАН-ын амьдрах хугацааг уртасгах гэсэн өнгө заслын өөрчлөлтүүдийг бид дэмжихгүй. Үүнийг улс төрийн намууд бүх талаараа эсэргүүцнэ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ч гэсэн “Өдрийн сонин”-д “Нэг хүчин дангаараа Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй” гэсэн байна лээ.

Ажлын хэсгээс нь хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн гээд байгаа. Өөрсдийнхөө ажлыг танилцуулаад л дэмжүүлсэн байна лээ. Тэдгээр төлөөллүүдээс нь хоёр шатны парламенттай болго гэх саналыг ирүүлсэн ч “Ард нийтийн санал асуулга явуулахад хоёр шатны парламентыг дэмжээгүй” гэж протоколдоо бичсэн байгаа юм. Ямартаа ч бид Ерөнхий сайдын бодитой шинэчлэл хийе гэсэн байр суурийг нь дэмжиж байгаа. Түүхэнд үлдэх өөрчлөлтийг Ерөнхий сайдыг гардан хийгээсэй гэж бодож байна. Үүнд нь улс төрийн намууд хариуцлагатай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Мөн тун удахгүй УИХ-ын даргатай уулзах бодолтой байгаа.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал орж ирэх үед та Шадар сайдаар ажиллаж байсан. Ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байдаг юм бэ?

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал бол Ч.Сайханбилэгээр удирдуулсан манай Засгийн газрын үед гэнэт орж ирсэн асуудал. Улсын нууцын хэмжээнд орж ирсэн. Энэ асуудлаар АТГ-аас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаад шалгаж байгаа. 49 хувийн асуудлыг шийдсэн гэж биднийг буруутгах хүмүүс ч байдаг. Ер нь бол 2016 оны зургадугаар сарын 13-нд болсон хурлын протоколыг олон нийтэд ил болгож нарийн авч үзэх ёстой. Тус хурал дээр Ерөнхий сайд танилцуулга хийхдээ “Энэ залуу Худалдаа хөгжлийн банкныхан. ОХУ-ын талаас Эрдэнэтийн 49 хувийг Монголдаа авчрах гэж байгаа хүмүүс. Энэ хүмүүс гэрээ хэлэлцээр хийхээр явах гэж байгаа” гэсэн. Эрдэнэтээ 100 хувь Монголын эзэмшлийнх болгох сэтгэл бүх хүнд л байгаа. Тиймээс хэн ч байсан нэн тэргүүнд дэмжиж таарна. Тэр үед би Засгийн газар дотор байсан цорын ганц хуульч, мөн ахмад нь байв. Тэр утгаараа би тус хуралдааны үеэр “Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрах гэж байгаа нь сайн хэрэг. Бид 100 хувь эзэмших хэрэгтэй. Гэхдээ 49 хувийн асуудал бол Зөвлөлт холбоот улс болон Монгол Улс хоёрын хамтын гэрээгээр хийгдсэн. Тиймээс энэ асуудал УИХ-аар шийдэгдэх ёстой. Хууль зүйн талаасаа энэнээс өөр гарц байхгүй” гэдгийг маш тодорхой хэлсэн. Протокол дээр хар, цагаанаар бичээстэй бий. Ерөнхий сайд “Та бүхний үгийг хүлээж авлаа. Энэ хүмүүс эхлээд очиж гэрээгээ хийнэ. Дараа нь Засгийн газарт танилцуулаад, УИХ-руу оруулна” гэсэн. Ийм ойлголтыг бидэнд өгөөд алх цохьсон. Бид улс төрийн том намын хувьд “Монгол Улс Эрдэнэтийн 49 хувийг авахаас татгалзаж байна” гэсэн бичиг Гадаад харилцааны яамаар дамжаад явлаа гэх мэдээллийг хоёрхон хоногийн дараа авсан. Ингээд бид Ерөнхий сайдтай орж уулзсан. Барилга, хот байгуулалтын сайд байсан З.Баянсэлэнгэ “Эрдэнэтийн 49 хувийн материалтай танилцъя” гэхэд Ерөнхий сайд “Та бүхэнд үзүүлэх боломжгүй. Битгий үзүүл гэх үүрэг өгсөн” гэж хэлсэн. Улмаар бид хэвлэлийн бага хурал хийсэн. Эрдэнэтийн 49 хувийг олж ирэх гэж байгаа залуусын эсрэг бид мэдээлэл хийгээгүй. Харин Эрдэнэтийн 49 хувь бол Монголын ард түмний хөрөнгө байх ёстой тухай ярьсан. Үүний дараа юу болсон талаар би өнөөдөр анх удаа задлах гэж байна.

-Юу болсон гэж?

-МАХН-ын харьяалалтай Засгийн газрын гишүүдийн эсрэг дайн зарласан. МАХН-ын гурван сайдыг Засгийн газраас гаргах хуулийн төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн барьсан. Засгийн газрын хурал хийлгүйгээр шүү дээ. Харин энэ үед УИХ-ын дарга З.Энхболд хүлээн зөвшөөрөөгүй. Сонгууль болох гэж байхад Засгийн газраа бужигнуулах нь зохисгүй гэж үзсэн бололтой УИХ-ын чуулганыг завсарлуулсан юм. Зургадугаар сарын 23 хүртэл долоо хоног завсарлуулсан. Энэ бол маш шийдэмгий арга хэмжээ байсан. З.Энхболдыг Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мэдэж байсан эсэх тухай маргадаг. Миний бодлоор түүнд мэдэгдээгүй байх үндэслэлтэй. Учир нь бид Засгийн газар хуралд орсон учраас л тэр материалтай танилцсан. Гэхдээ тэр материалд Монголын тал Эрдэнэтийн 49 хувийг авахаас татгалзаж байгаа тухай, худалдаж авах мөнгөгүйн тухай үг үсэг байгаагүй юм шүү.

Түүнчлэн Н.Энхбаяр даргыг сонгуульд нэр дэвших эрхийг хууль бусаар хассан. Хуульд байхгүй заалтыг үндэслэж нэр дэвших эрхийг нь хассан юм. Мөн долдугаар сарын 7-ны өдөр Засгийн газар гэнэт цуглаад “Биднийг шүүмжилсэн” гэдэг шалтгаанаар намайг Улсын баяр наадмын комиссын даргаас огцруулсан. Хуулиараа Шадар сайд Улсын баяр наадмын комиссын дарга хийх ёстой. Энэ мэт өшөө хонзон авсан явдлууд гарсан. Ер нь бол 49 хувийг Монголын талд авах асуудлыг Н.Энхбаяр дарга гаргаж тавьсан байдаг юм шүү. Харин түүнийх нь төлөө сонгогдох эрх мэдлийг нь хасч, хэлмэгдүүлэлт хийсэн.

-Тэгвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудалд юу хэлэх вэ?

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс МАНАН мафийн эрхшээлд байсан. Үүний нэг жишээ нь улсын үйлдвэрийн барьцаанд тавьж гадны банкнаас их хэмжээний зээл авсан явдал. Зээлсэн мөнгөө хуваагаад идчихсэн нь маргаангүй гэмт хэрэг. Дараа нь 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлсэн. Төрийн эрхийг хууль бусаар авсан нь Үндсэн хуулийн эсрэг хийсэн гэмт хэрэг. ЖДҮ-ийг хөгжүүлэх зориулттай татварыг мөнгийг УИХ-ын 60 гаруй гишүүд хуваагаад авчихсан. Энэ ч мөн адил гэмт хэрэг. Энэ хүмүүс дахин төрд гарах ёс суртахууны эрх байхгүй.

Өнөөдөр Эрдэнэтийн 49, 51 хувь хоорондоо барьцаж байна. Ийм байж болохгүй. Аль аль нь хоорондоо хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэр тусмаа 51 хувийн өрийг татварын 40 сая ам.доллараар дарсан нь буруу. Нэгэнт төлсөн бол гэм буруутай этгээдээсээ гаргах ёстой. Энэ асуудлыг МАНАН-ийн гар хөл болсон хүмүүс шийдэхгүй, хадгалаад суугаа нь үнэн шүү дээ.

-Таныг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгаж байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Хэвлэл мэдээллээр намайг Шадар сайд байхдаа “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардлыг шамшигдуулсан гэж их дайрч давшилсан л даа. Энэ асуудалд миний оролцоо нэгээхэн ч үгүй. “Тэмээн поло” холбооны залуус энэ ажлыг гардаж хийсэн. Тэд 2016 онд Тэмээн поло тэмцээнийг Өмнөговьд зохион байгуулсан. Тухайн үед төсвийн санхүүжилт байгаагүй учир бид банк, санхүүгийн байгууллагаас зээл авч байж тус тэмцээнийг хийсэн байдаг. Бүгд санхүүгийн баримт, пото зураг, видео бичлэгтэй. Энэ бүх материалаа Сангийн яамаар хянуулаад Эрүүл мэнд, спортын яаманд өгсөн. С.Ламбаа сайд үүнийг хянаад тушаалаа гаргаад шийдвэрлэсэн юм билээ. Бүх өр төлбөрөө барагдуулсан гэсэн.

150 сая төгрөг л юм. МАНАН мафи надтай дайн зарлаж, зохиомол хэрэг үүсгээд, түүнийгээ улс орон даяар зарласан л явдал юм. Хэрэг үүрүүлж чаддагүй юм аа гэхэд нэр төрийг нь ч болов гутаая гэсэн л арга. Би “Чаддаг юм бол намайг шийтгээрэй” гэж МАНАН мафийнхныг басамжилсан нь үнэн. Шударга бусын хонгилоор явуулах гэсэнд нь дургүйцэн ингэж басамжилсан юм. Анхан шатны шүүх буцаагаад мөрдөн байцаах шат руу л явуулсан байна лээ.

Шүүх хяналтын байгууллагын удирдлагуудыг өнөөдөр сольж байгаа нь зөв. Гэхдээ яг МАНАН-гийн гар хөл болсон гэмт хэрэгтнүүд байж л байгаа шүү дээ. Тэд өөр эзэн хайгаад гүйж байгаа. Шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээлд орох гээд яаж гүйлдэж байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Энэ мэт хууль хяналтын байгууллагыг завхруулсан хүмүүс бий. Сая шүүгч Л.Бямбаа ямар харамсалтайгаар хорвоог орхив. Тэр хүнд хийсэн гэмт хэрэг байхгүй. 48 цагийн турш ямар ч тогтоолгүйгээр хоол ундгүй хорьсон. Үүнээс үүдэн сэтгэл зүйн хүнд цочрол, стресст орсон. Тэрээр цусаараа гэрээслэл бичсэн байгаа юм. Энэ гэрээслэлийг ар гэрийнхэн нь одоог хүртэл авч чадаагүй. Хэрэг нь ч шийдэгдэхгүй л байна. Өнөөх мафи энэ хэргийг байлгаад л байна. Тиймээс шударга бусын хонгилыг бүхэлд нь өөрчлөх шаардлага байна.

-Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохоор тов гарсан. МАХН-аас хэн нэр дэвших вэ?

-МАХН Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд авлига, ард түмний саналыг худалдаж авахаас ангид хийх ёстойг албан ёсоор шаардаж байгаа. Бид Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа тэр хүнийг нэр дэвшүүлнэ. Хэнтийчүүдийн санал, хүслийг харгалзан үзэх болно. Хамгийн гол нь сонгууль шударга, сайхан болох хэрэгтэй. Тэр дундаа эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө төгрөг тарааж бохир сонгууль хийхгүй байхыг хүсье. Энэ нь 2020 оны сонгуульд ач холбогдолтой үйлдэл шүү гэдгийг хэлэх байна.


Categories
мэдээ цаг-үе

Маяагийн түүхт Мексик нутгаар (II)

Түрүүч нь № 089(6190) дугаарт


САН КРИСТОБАЛ ДЕ ЛАС КАЗАСА

Мексикийн жижиг хотуудаар аялан явахад байгаль гэдэг гайхам сайхан. Манан буусан сүрдэм уулсын ойг хага яран хад хавцлын дундуур цагаан хөөс цахруулан унаж урсах цэнгэг уст гол, хүрхрээний хажуугаар өнгөрөхөд “Хүн гэдэг байгалийн сүр хүч, гоо жавхлангийн дэргэд ямар өчүүхэн юм бэ” гэсэн бодолд автаж явснаа нуух юун. Нуур тэнгисийнх нь усны өнгө тун сонин. Номин тэнгэрийн өнгө, эрдэс давстай нил ягаан гээд есөн эрдэнийн будаг асгасан мэт олон өнгөөр солонгорохыг хараад л баймаар хачин гоё.

Гватемал-Мексик хоёр улсын хилийг давах маш энгийн. Явган алхаад л хил орчихно. Замын нөгөө талд бараа маш хямд тул асгарах бороон дундуур Нарантайгаа хамт шаварт халтирч унахгүйн тулд гар гараасаа хөтлөлцөн гүйсээр, Гватемал орж жаал жуул зүйл худалдаж авчихаад буцаж гүйгээд Мехсик орчихов.

Хөдөөний хот Сан Кристобал Де Лас Казас гэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар Наран маань биднийг буулгаж, ажилдаа яарсаар Туксгла Гутиериз хот руугаа буцлаа. Уулын хөндийд, жижигхэн толгодоор хүрээлэгдсэн монгол хүнд ёстой л тохирсон сэвэлзэх салхитай, сэрүүн цэнгэг агаартай сайхан газар. Үлгэрийн номонд гардаг шиг улаан вааран дээвэртэй, испани загвартай, шар, хөх өнгө алагласан намхан байшингуудын шал нь хөх цахиур чулуу. Зуун жил болсон хад шиг хар хүрэн өнгөтэй модон тааз, ганган гэж янзтай хаалга нь хараа булаана.

Машин зөрөмгүй, чулуун шигтгээт гудамжаар хуучны гурван дугуйт мотоцикл унасан эр өглөө бүр “Агуа агуа – ус ус” гэж жигд хоолойгоор уянгалуулна. Энэ үед айлууд цонхны модон хаалтаа онгойлгож, төмөр түгжээг нь тор тор дуугаргасаар өглөөний нарны тунгалаг гэрэл, сэнгэнэсэн цэвэр агаар гэртээ оруулна.

Харин өдөр цайны цаг дөхөх үед дугуйтай хүн “Шинэ жимс”, “Шинэ ногоо” гэж жигд дуугаар чимээлнэ. Энэ агшинд айл бүрийн хаалганы хонх жингэнэж, оршин суугчид үүднээсээ ууттай ногоо жимсээ авцгаана.

Өглөө эрт уулнаас бууж ирсэн Цоизил индианчууд майхан асраа босгож худалдааны захаа нээж, урлаж хатгаж, оёж шидсэн гэр ахуйн болон бэлэг дурсгалын зүйлсээ давхарлан уул овоо мэт болгож тавиад зарцгаана. Цоизил хүүхнүүд цэцгэн хатгамалтай цамц өмсөх хэрнээ халуун зунаар тас хар үстэй юбка өмсөцгөөх юм. Хувцаснаасаа л анхаарал татах бүсгүйчүүд хүүхдээ үүрэн задгай галын утаагаа маналзтал сэвээд хулсан шороор хатгасан эрдэнэ шиш шарцгаана.

Хүнсний зах дээр халуун чинжүү, төрөл бүрийн хэлбэр дүрс, өнгөтэй шош буурцгийг овоо мэт босгон асгаж, төмөр хутгуураар уутална. Ууталсан чинжүү, шош, буурцгаа ихээ хуучин цагийн том, жижиг ширмэн туухайнуудаар сурамгай гэгч жинлэх нь өнгөрсөн, одоо сүлэлдэх шиг жигтэй содон мэдрэмж төрүүлнэ.

Хотын төв талбайд гэрэлтэж орших тод шар өнгөтөй Санто Доминго хэмээх том сүмээр хүмүүс байнга орж гарна. Өнөөгийн индианчууд христ, эртний маяагийн бөө мөргөлийн шүтлэгтэй. Эртний маяачууд биендээ шивээс хийлгэж, бурхан тэнгэртэй холбогдон, онцгой хүчин чадал авдаг гэдэгт итгэдэг байж.

Сан Кристобал дах “Хаш чулуу”-ны музей сонирхлоо. Маяачууд ногоон, цайвар, цагаан хашийг ихэд үнэлж эдэлж явсны зэрэгцээ “амьдрал-үхэл” гэх зан үйлд хэрэглэдэг байж. Язгууртан дээдсээ үхэхэд ахин төрөх бэлгэдэл болгон аманд нь хаш үрэл хийдэг байж. Энэ мэт сонин хачныг сонсонгоо үнэт хаш чулуугаар урласан аварга хөшөө, маск, сийлбэр үзсэн минь өнөө ч сэтгэлд тод, гайхам хэвээр байна.

Сэтгэлд үлдсэн өөр нэг үзвэр бол “Хув чулууны музей”. Түүхий хув, хамгийн үнэтэй хэмээх хар хүрэн хувны үүсэл гарал, олзворлох, үйлдвэрлэх явцыг харуулсан кино үзлээ. 300 гаруй төрлийн үзмэртэй энэ музей хүнд гүнзгий мэдлэг өгөхөөр газар юм. Аяллынхаа ихэнх хоногоо Сан Кристобалд өнгөрөөхдөө хатгамлын хичээл, хоолны сургалтад ч суугаад амжив. Ингээд жуулчдыг соронзон мэт татдаг үзэсгэлэнт Канкуныг зорин нислээ.


КАНКУН

Мексикийн зүүн хойд зүгт орших орчин цагийн гял цал Канкун бол жуулчдын олноороо зорьдог хот. Зочид буудлаас таксигаар 30 гаруй минут явж “Xcaret Park- Ксарт Парк”-т очлоо. Өглөө нээгдэхэд нь үзсээр орой харанхуй болтол яваад ч барахгүй үзэх зүйл ихтэй газар юм. Эртний маяачуудын тосгонууд ямар байсныг эндээс харж болно. Маяачууд ямаагаа хэрхэн маллаж, ноосоо яаж ээрч байсныг ч биеэрээ мэдэрч, үзэх боломжийг бүрдүүлжээ. Яг л эртний маяачууд шиг какоа, шоколад гарган суугаа жуулчид олонтаа таарах нь бас л хачирхам содон дүр зураг. Маяачууд ийм л байсан байх даа гэсэн зураглалыг харж болохоор учраас энэ газар жуулчдыг соронздон татдаг байх.

Жуулчдын зарим нь далайд дельфинтэй зэрэгцэн шумбангаа шүр, далайн морь, олон загас жараахай, жижиг амьтдыг сонирхох ажээ. Түмэн төрлийн өнгөт эрвээхэй, тоть шувууд, цоохор ирвэс, хавцал доогуурх завьтай аялал, Мексикийн оршуулгын газар, олон арван дэлгүүр, кофе, хоол цайны газрууд гээд сонин гайхам агшнууд тасралтгүй үргэлжилнэ. Өдрийн турш тусгай талбайд тодорхой цагуудад испани бүжиг, богино тоглолтууд жуулчдын нүдийг хужирлаж сонорыг мялаана. Хамгийн сонирхолтой нь лимбэний зөөлөн эгшиг дор амилах “Нисдэг эрс” хэмээх индиан бүжиг. 30 метрийн өндөр шонд авиран гарсан эрс хөлөө олсоор уяж, толгойгоо доош харуулан эргэлдсээр буух нь түгшүүртэй хэрнээ гайхам.

Хамгийн том Ла Кокина рестораны зэргэлдээ тусгай хайсалсан талбайд үзэсгэлэнт цагаан морь унасан царайлаг мексик эр хурдлан давхина. Ингэж салхи татуулан давхихдаа мориныхоо уран хөдөлгөөн, өөрийнхөө ухаан чадварыг гайхуулан үзүүлбэр үзүүлэх нь бахтай. Цагаан морьтой сайхан эрийн дуу алдам эрмэг үзүүлбэр тойрон суусан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлнэ. Хуниатай өргөн хормойтой даашинзтай, уруулаа час улаанаар будсан, хөөрхөн бор хүүхнүүд эрхэмсэг, бас цаанаа л нэг донжтой. Тоглолтын төгсгөлд цагаан морьтой залуу, уламжлал ёсоор улаан цэцэг барин талбайгаа тойрон давхиж байснаа эхний эгнээнд сууж байсан миний өмнө ирж цэцгээ өгсөнд догдолсон үзэгчид алга ташицгаав.

Үдэш нь эртний маяагийн пирамид хэлбэртэй 6000 хүний суудалтай театрт, 300 дуучин бүжигчдийн хоёр цагийн нүсэр концертыг дуусгаад гарахад Мексикийн шөнийн тэнгэрт одод аль хэдийнэ түгж, эртний маяачуудын галын бамбар гэрэлтэн асаж байлаа.

Д.АЗЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Хоригдлуудын эмчилгээг сэтгэл засалтай хослуулж байгаа нь өвчний эдгэрэлтэд эерэг нөлөө үзүүлдэг гэв

Манай Улсад хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын эрүүл мэндийг сахин хамгаалдаг ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги – Нэгдсэн эмнэлэг болон сүрьеэтэй тэмцэх эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжтэй, 429 дүгээр хаалттай хорих анги -Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэх хоёр томоохон эмнэлэг бий. Олон нийтийн дунд хорих ангийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа хангалтгүй гэх ойлголттой байдаг. Бидний сурвалжлах баг эхлээд 401 дүгээр хаалттай хорих анги – нэгдсэн эмнэлгийг зорилоо. Энэхүү эмнэлэг 2016 онд эмнэлгийн чанар стандартын дагуу баригдаж, улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдлуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Бид үүдэнд бүртгүүлж тус эмнэлэг рүү нэвтрэхэд хэвтэн эмчлүүлж буй хоригдлууд сэтгэл заслын эмчилгээнд орж байв. Эмчилгээний өрөөнөөс “Тэнгэр ээж минь өршөө” дуу эгшиглэх нь тодхон. Энэ нь хоригдлуудад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа ажил зохион байгуулж байгаа гэв. Тэдний дундаас нэг нь нулимсаа арчин суух нь нүдэнд зурвас үзэгдээд өнгөрөв. Энэ өдөр хорих ангийн сэтгэл зүйчид тус ангид ажиллаж байсан юм. Хорих анги бүр сэтгэл зүйчтэй байдаг бөгөөд хорих ангийн сэтгэл зүйчид явуулын байдлаар бусад ангиудад очиж, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг байна. Орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн барьсан тус эмнэлэг нь 2 дугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, энэ нь ч үүднээс нь харагдаж байлаа. 401 дүгээр хаалттай хорих анги – нэгдсэн эмнэлэгт жилд 2500-3000 орчим хоригдол хэвтэн эмчлүүлдэг байна. Тус эмнэлэгт одоогоор 40 гаруй хоригдол эмчлүүлж байгаа аж.

Тэднийг эмчилгээгээ хийлгэж байх хооронд тус ангийн дарга, хурандаа Д.Тулга эмнэлгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрбээр “ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги- нэгдсэн эмнэлэг нь хорих ял эдлэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанар стандартын дагуу түргэн шуурхай үзүүлдэг. Ял эдлэгсдийн дотроос гарч буй өвчлөлийг манайд хэвтэн эмчлэхээс гадна сэтгэл зүйн эмчилгээтэй хослон явуулдаг. Ял эдлэгсдийн дунд суурь өвчтэй хүмүүс их байдаг. Энэ нь ял эдэлж байх хугацаандаа сэдэрдэг гэж ойлгож болно. Манай эмч нар улирал бүр алслагдсан хорих ангиудаар урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийдэг.Нэн яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хоригдлуудыг цаг алдалгүй шуурхай оношилж, эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилдэг. Хоёрдугаар шатлалын эмнэлэг ямар шаардлага хангасан байх ёстой, тэр бүх стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.Манай эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдвар, Хавдар судлалын үндэсний төв, СЭМҮТ эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Хувийн хэвшлээс эмнэлгийн чанар стандартыг өндөр хангасан Мөнгөн гүүр, Гранд мед эмнэлгүүдтэй шуурхай хамтарч ажиллахаас гадна нэн яаралтай хагалгаануудыг хийдэг. Хорих ялаар шийтгэгдээд ирсэн хүмүүсийг тухайн хорих ангид хүлээж авах комисс анги бүрт байдаг. Энэ комисст эмч багтдаг. Хорих ялаар шийтгэгдэн шинээр ирж байгаа хүмүүсийг бүх төрлийн шинжилгээнд хамруулдаг. Өвчнөө хүнд шатанд оруулчихсан хүмүүс ч их ирдэг” гэв.


Я.ОЮУНЧИМЭГ: ЖИЛДЭЭ2500- 3000 ОРЧИМ ХҮМҮҮЖИГЧ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛДЭГ

Хүмүүжигчийн эмчилгээ болон өвчлөлийн талаар тус эмнэлгийн Ерөнхий эмч, дэд хурандаа Я.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Эмнэлгийнхээ эмчилгээ, үйлчилгээний талаар мэдээлэл өгөөч?

-Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хорих ял эдлэгсдэд үзүүлдэг. Энэ эмнэлэгтээ эмчлэх боломжгүй тусламж үйлчилгээг бид дараагийн шатлалын улсын эмнэлгүүдэд үзүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг. Манайх мэдрэлийн, мэс заслын, дотрын гэсэн эмчилгээний гурван тасаг, оношлогооны нэг тасаг, долоон кабинеттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хүмүүжигчдэд ямар өвчин зонхилж байна вэ?

-Манай эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг жилд 2-3 удаа төв, орон нутгийн хорих ангиудаар явж, урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Тэр үеэр бүх хүмүүжигчдийг эмчилгээнд хамруулж, хэвтүүлэх шаардлагатай хүмүүжигчдээ энэ эмнэлэгтээ хүлээн авдаг.120 ортой. Хоригдлуудын дунд зонхилж байгаа өвчнөөс шүдний өвчлөл их байна. Бид шүдний өвчлөлийг оношилж, шүдний бүхий л эмчилгээг хийдэг. Мөн дотрын өвчлөл болох хоол боловсруулах замын өвчлөлүүд, элэг цөс бөөрний эмгэгүүд давамгай байдаг. Ихэвчлэн хорих ял эдлэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаггүйгээс үүдэн өвчин нь тодорхой үе шатуудад хүрсэн, хүндэрсэн, суурь өвчлөлтэй хүмүүс их ирдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад сэтгэл зүйчид ажилладаг. Хорих ял эдэлж байгаа хүмүүсийн сэтгэл зүй бусад хүмүүсийнхийг бодвол илүү тогтворгүй байдаг. Ялангуяа өвчтэй хоригдлуудын сэтгэл зүй маш эмзэг байдаг. Тиймээс бид дан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээг хослуулан үзүүлж байгаа. Энэ нь үр дүнтэй байдаг. Өвчний эдгэрэлтэд эерэг үр дүн гардаг. Өнөөдөр манай эмнэлэг дээр ШШГЕГ-ын Нийгэм сэтгэл зүйн хэлтсийн алба хаагчид, хорих ангиудын сэтгэл зүйчид ажиллаж байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа хоригдлуудад ганчаарчилсан зөвлөгөө өгч байна, сэтгэл зүйн бусад үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ нь их ач холбогдолтой, үр дүнгээ өгөх ажил.

-Эмчлэгдэж байгаа хоригдлуудын насны байдал ямар байдаг вэ?

-Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж ирсэн. Ихэвчлэн 30-40 гаруй насныхан их ирдэг.Таслагдаж ирээд удаагүй хэрнээ аль хэдийнэ сүрьеэгийн халдвар авчихсан, хавдрын үүсвэр эхэлчихсэн өвчтөнүүд их байдаг.

-Нэгдсэн эмнэлэг учраас хөдөө орон нутагт хоригдож байгаа хоригдлууд ирж эмчлүүлдэг байх?

-Тэгэлгүй яахав. 429 дүгээр хаалттай хорих анги -Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтээ сүрьеэтэй хоригдлуудыг тусгаарлан эмчилдэг. Бусад халдварт өвчинтэй хоригдлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлдэг.

-Иргэдийн дунд хоригдлуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлдэг гэх ойлголт байдаг?

-Иргэдийн дунд хоригдлуудын эрх чөлөөг нь хааж боогдуулж өвчнийг нь хүндрүүлчихлээ гэх ойлголт байдаг. Гэтэл тийм биш. Манайх 21 зөвлөх эмчтэй хамтарч ажилладаг. Ямар ч дугаар дараалалгүйгээр, түргэн шуурхай ажилладаг. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд маань сүүлийн үеийнх. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгээр таслагдаж ирээд удаагүй байгаа зургаан хоригдлоос хавдрын шинж тэмдгүүд илэрсэн. Бидний үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Эрүүл мэндийн болон бусад дээд шатны байгууллагууд байдаг. Бүх үйл ажиллагаа хууль журмынхаа дагуу явагддаг. Бид хүний л төлөө ажилладаг.

-Танай эмнэлэг дээр хийгдэхгүй хүнд хагалгаануудыг хувийн эмнэлгүүдэд хийлгэдэг гэсэн. Эмчилгээний төлбөр мөнгө нь хаанаас гардаг юм бэ?

-Манайд хэвтэн эмчлүүлж байгаа бүх л хүмүүжигчид эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй эмчлүүлдэг. Улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхээс гадна хагалгаанд оруулдаг. Гранд, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер эмра нь 24 цагаар ажилладаг учраас эдгээр эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.

-Хоригдлуудын хэдэн хувь нь суурь өвчлөлтэй ирдэг вэ?

-Судалгаагаар 68,7 хувь нь суурь өвчтэй ирсэн гэсэн тоо баримт бий. Хоригдлуудад эмийн эмчилгээг сэтгэл зүйн эмчилгээтэй хослуулан хийж байгаа нь үр дүнгээ маш сайн өгдөг” гэсэн юм.

СЭТГЭЛЗҮЙЧ Н.БОЛОРМАА: ХОРИГДЛУУДЫН ЭМЧИЛГЭЭГ СЭТГЭЛ ЗАСАЛТАЙ ХОСЛУУЛДАГ НЬ ҮР ДҮН САЙТАЙ БАЙДАГ

Хоригдлуудын сэтгэл санааны байдлын талаар бид Сэтгэл зүйч Н.Болормаагаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Хоригдлуудын сэтгэл санааны байдлыг хэрхэн тодорхойлдог вэ?

-Хорих ангид шинээр ирсэн хүмүүс орчин нөхцөлдөө дасан зохицох үйл явц явагдах тул сэтгэл санааны байдал тогтворгүй байдаг. Энэ хугацаанд нийгмийн ажилтнууд болон сэтгэл зүйчид ганцаарчилсан уулзалтыг их зохион байгуулдаг. Ингээд анхан шатны сэтгэл зүйн сорилуудыг авдаг. Тухайн үеийнх нь сэтгэл зүйн байдлыг тодорхойлж түүнд нь тохирсон сэтгэл зүйн үйлчилгээний төлөвлөгөө гаргадаг. Өвчтэй хоригдлуудын хувьд эрүүл мэндийн байдлаасаа шалгтаалж сэтгэл санаа тогтворгүйтэх,хямрах тохиолдол их. Ингээд ирэхээр аливаа асуудлыг сөрөг өнцгөөс харж эхэлдэг. Эмийн эмчилгээ хийж байгаа үед хамгийн чухал нь сэтгэл зүйн дэмжлэг. Энэ үед ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын аргыг хэрэглэж, бүлгийн сургалт зохион байгуулдаг. Хоригдлуудын ихэнх нь ганцаарчилсан зөвлөгөө авах хүсэлтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч,согтуурах, мансууруулах донтой хоригдлуудад албадан сургалт явуулдаг.

-Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэснээс хэдий хугацааны дараа үр дүн нь гардаг вэ?

-Тухайн хүний сэдэл зорилгоос хамаардаг. Ихэвчлэн 14 хоногоос сарын дотор маш их өөрчлөлт гарсан нь анзаарагддаг. Харилцаанаас нь мэдрэгдээд эхэлдэг. Хоригдлуудын эмчилгээг сэтгэл засалтай хослуулдаг нь үр дүн сайтай байдаг.

-Ганцаарчилсан зөвлөгөө авах хүсэл эрмэлзэл их байдаг гэсэн?

-Хоригдлууд ганцаарчилсан зөвлөгөөг түлхүү авах зорилготой байдаг. Гэр бүлийнхээ талаар санаа зовсон байдаг учраас гэр бүлээ маш их ярьдаг. Бид тэдний сэтгэл зүйн байдалд нь тохирсон сургалтуудыг зохион байгуулдаг.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 421 дүгээр ангийн хорих ялтан А “Би гурван жил 5 сарын ял авсан. Би Ховд аймгийн хорих ангиас ирж хэвтэн эмчлүүлж байгаа. Анх 2016 онд элэгний циррозноос үүдэлтэй венийн судасны өргөтгөл гэсэн оноштой ирсэн. Эмчилгээ сайн хийгдсэний үндсэн дээр биеийн байдал маань одоо сайжирсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хагалгаанд орж, дахин хоёрдугаар сард хагалгаанд орсон. Сар болгон эмчийн хяналтад ордог. Эмийн эмчилгээнээс гадна сэтгэл зүйн эмчилгээ бидний өвчинд маш их нөлөө үзүүлдэг. Манай эмч болоод сэтгэл зүйч нар сайн ажилладаг. Манай анги дээр Оюун гээд хошууч байдаг.Тэр хүн сэтгэл зүйн зөвлөгөөг маш сайн өгөхөөс гадна биднийг хараад сэтгэл санааны байдал ямар байгааг мэдэж, дуудаж ярилцдаг” гэв.

Бид тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Таширийн аманд байрлах 429 дүгээр хаалттай хорих анги -Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг зорьсон юм. Энэхүү эмнэлэг сүрьеэтэй хоригдлуудыг тусгаарлан эмчилдэг иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн үеийн лабораторитой. Уг эмнэлэг нь сүрьеэг илрүүлэх эмчилгээг хоёр цагийн дотор гаргадаг женэксперт аппараттай бөгөөд энэхүү аппарат нь манай улсын хэмжээнд 10 хүрэхгүй байдаг аж.2018 онд дөрвөн давхар эмнэлгийг барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү эмнэлэгт хэвтэж байгаа хоригдлуудын 90-95 хувь нь уушгины сүрьеэтэй гэсэн оноштой.

Биднийг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ороход хоригдлууд бүлгийн сэтгэл зүйн засалдаа орчихсон байлаа. Тэд нүдээ анин сэтгэл зүйн зөвлөгөөг анхааралтай гэгч нь төвлөрөн суусан харагдав. Сүрьеэ халдварладаг өвчин учраас халдвар тараах эрсдэлтэй гэдэг үүднээс маш нарийн хамгаалалттай, ариун цэврийн байдлыг дээд зэргээр ханган үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус эмнэлгийн үүдээр ороход харагдаж байлаа.

429 дүгээр хаалттай хорих анги – Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга,хурандаа Б.Лхагважав “Манай эмнэлэг Таширийн аманд 2001 онд байгуулагдсан. Сүүлийн 18 жилийн турш хорих байгууллагад ял эдэлж буй хоригдлуудаас сүрьеэ өвчинтэй хоригдлуудыг тусгаарлан авчирч эмчилдэг юм.Энд эмчлэгдээд зургаан сар эм ууж, түүний дараа хоёр жилийн хугацаанд хяналтанд энэ ангидаа байдаг. Хоёр жил эмчлэгдээд хяналтанд орж байгаа хүмүүжигчид ч бий.Жилдээ шинээр сүрьеэгээр оношлогдож буй 50-60 хоригдол байна. Манайх 100 хүний ортой. Бусад хорих ангиудад жилд дөрвөн удаа сүрьеэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Улирал тутамд нэг удаа бүх хорих ангийг хамруулдаг гэсэн үг. Эмнэлэг дотроо шинэ номын сан байгуулж өгсөн.ШШГЕГ-аас випашяна бясалгалын төвтэй хамтран 2015 оноос хоригдлуудын дунд хэрэгжүүлж эхэлсэн бясалгалын сургалтад хоригдлуудыг тогтмол хамруулдаг гэлээ.

Сүрьеэгээр эмчлүүлж буй ялтан А “Би хоёр жил зургаан сарын ялтай. 2018 оны долдугаар сард сүрьеэгээр оношлогдсон. Дархан- Уул аймгаас нурууны сүрьеэтэй гэсэн онош тогтоогтоод хэвтрийн босч чаддаггүй ирсэн. Хагалгаанд орсон. Эмнэлгийн үйлчигээ хурдан шуурхай явагдсан учраас биеийн байдал маш сайн болсон. Эмчилгээ үйлчилгээний хүчинд явж чаддаг болсон. Бидэнд мөн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг.Удахгүй манай анги дээр “Уураа тэвчье” нэртэй тэмцээн болох гэж байгаа. Бид тасаг тасгаараа өрсөлдөх учир тэмцээндээ бэлдэж байна” гэсэн юм. Түүнчлэн өвчний байдлаасаа болж сэтгэл санаагаар их унадаг байсан, сэтгэл зүйчид маань маш их дэм болдог хэмээн тэд хэлж байлаа.


Categories
мэдээ нийгэм

Хэрцгий охин одтой, улаан морь өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 9, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, Хэрцгий охин одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5:25 цагт мандан, 20:14 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижина.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Угсаа залгамжлагч сүнс” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг Өдрийн сонин”ы пүрэв гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“АмЧам Монгол” буюу
Монгол дахь Америкийн
Худалдааны танхимаас хэлэлцүүлэг зохион
байгуулсан. Энэ тухай нэг болон 17 дугаар нүүрнээс дэлгэрэнгүй унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Угсаа залгамжлагч сүнс” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг унших боломжтой. Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ямар ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар тавдугаар нүүрнээс уншаарай.

Сүүлийн үед фэйсбүүк хаяг руугаа утасны дугаараараа нэвтэрж ордог болно гэсэн асуудал яригдаад буй. Тэгвэл энэ нь иргэдийг хатуу хяналтад оруулах болно гэсэн асуудлыг хөндсөн нийтлэлийг долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол Улсын шинжлэх
ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонтой хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрэнд хэвлэн гаргалаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.08/ 13 цаг 50 минутад гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Өргөдлийн байнгын хороонд 2019 онд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв. Тэрбээр, тус яамны зүгээс ТОСК-ийн захиалгаар 2013-2016 онуудад улсын хэмжээнд 512 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Мөн, Буянт-Ухаа 2 цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцүүлж батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгасан. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тусгасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж ажиллах. Мөн”Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргах, зайлшгүй зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг Халамжийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас судлаж танилцуулах шаардлагатай байна гэлээ.

Бусад мэдээллийн дэлгэрэнгүйг зурагт хуудсаар танилцуулбал,

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, орон нутагт баригдсан орон сууц, тухайлахад Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууц ашиглалтад орсон эсэх мөн уг орон сууцыг түрээслэх эсхүл худалдах талаар тодруулав. Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал өгсөн тайлбартаа, бид саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч мөнгө байхгүйн улмаас Засгийн газарт өргөн бариагүй болно. Харин түрээслэх, худалдах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч, мөн саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.”, мөн “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох санал оруулж байна гэлээ.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох нь зүйтэй хэмээж, өмнөх хугацаанд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд цаг алдалгүй хяналт тавьж ажилласан болохыг дурдан дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.