Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Би Газрын тосны тухай хуулиар Ерөнхийлөгчид асуулга тавьсан. Энэ хариугаа авсны дараагаар хэлэлцүүлмээр байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, цуцлах эрхийг шилжүүлэхийг Засгийн газрын бүрэн эрхэд хамруулдаг. Гэтэл тухайн үеийн Газрын тосны дарга нь “Петро Чайна Дачин Тамсагт” энэ эрхийг өгсөн. Гадныханд эрх ашиг өгснөөс бид бүтээгдэхүүнээ алдсан. Тиймээс энэ асуудлаар ҮАБЗ-ийн тэргүүний байр суурийг сонссоны дараагаар хэлэлцмээр байна. Хуулийг түр хойшлуулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна” гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Асуулт дууссан, зарчмын зөрүүтэй санал хэлэхээр байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Би энэ хуулийн тодорхой заалтыг зөвшөөрөхгүй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг хэн олгох вэ? Боржин, давс зэргийн зөвшөөрлийг АТГ өгөхөөр байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэх нэрийн дор өөр ашигт малтмал олборлоод байна гээд байна. Хэрвээ энэ тохиолдолд зохицуулалт хийх хэрэгтэй. Харин гишүүн Г.Тэмүүлэн нар уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагчид буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнд байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын гар урлалын бүтээлүүд, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын танилцуулга зэрэг үзмэрүүд дэлгэгдэж, олны хүртээл болж байна. Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хилс хэрэгт холбогдон шалгуулж байгаад амиа алдсан эмэгтэйн хэргийг дахин шалгахаар болжээ

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт иргэн Б.Үүрийнтуяа оролцож “Миний ээж Б-г хүн амины хилс хэрэгт холбогдуулан шалгасан” тухай гэмт хэргийн талаархи ярилцлага өгсөн билээ. Энэ дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, сэргээн шалгуулахаар болжээ. Дээрх эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан прокурорууд мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан эсэх талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

”Trophy-2019” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”Trophy-2019” тэмцээн Улаанбаатар хотноо“Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ сарын 10-нд өндөрлөх уг тэмцээнийгБоловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Олон улсын гандболын холбоо, Монголын гандболын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Киргиз, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 170 гаруй өсвөрийн тамирчин хүчээ сорьж байна. Монгол оронд хоёр дахь удаагаа болж буй олон улсын тэмцээн 4 дэх өдрөө тойргийн системээр үргэлжилж, өнөөдрийн байдлаар 17 ба 19 насны ангилалд Узбекстаны баг тамирчид тэргүүлж Туркменстан, Монгол, Тажикстаны багууд нэхэж явна. Шийдвэрлэх медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш болж шилдгүүд нь тодрох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байгальд ээлтэй байх нь Европ стандартын гол зарчим

Манай улсад Барууны стандарттай юм үнэндээ ховор. Барууны өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн гол зарчим нь хийж бүтээж байгаа юм бүхэндээ хамгийн сайн стандартыг нэвтрүүлэх явдал юм. Иймээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих стандартыг нэн чухлаар авч үздэг байна. Тийм ч учраас Европын стандартын хороо, Европын электрон техникийн барааны стандартын хороо, Европын харилцаа, холбооны стандартын хүрээлэн, Уул уурхайн стандартын хороо гэх зэрэг салбар салбарын норм зарчим, хэм хэмжээг боловсруулж, батлах үүрэг бүхий тусгайлсан байгууллагууд Европод бий. Улмаар барилга, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, байгаль орчин, хүнс, эрүүл ахуй, эрүүл мэнд, аюулгүй байдал, агааржуулалт, халаалтын систем, шинэ технологи, машин механизмын аюулгүй байдал, хаягдал ашиглалт, хэмжил зүй, нано технологи, даралтат төхөөрөмж, батлан хамгаалах, үйлчилгээ, тээвэр, сав баглаа боодол, харилцаа холбоо гэсэн үндсэн салбар, нэгжүүдэд нийт стандартаа хувааж хамааруулдаг байна.

Үүнээс үлгэр авч Монгол Улс эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л салбартаа Евро стандартыг нутагшуулна гэж ярих болсон.

Угтаа Европын холбооны стандартыг Монгол Улс авч нэвтрүүлбэл наад зах нь суурин газрын авто зам бүхэн дугуйчин болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгайлсан хэсэгтэй, орон сууц болгон амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт талбайтай, үйлдвэр, уурхай болгон дэд бүтэц сайтай, байгаль орчинд ээлтэй, байшин барилга бүр зөвшөөрөгдсөн чанар бүхий материалаар баригддаг, олон улсын нисэх буудал нь Евро бүст багтдаг аль ч орныхтой адил өнгө төрхтэй болно гэсэн үг. Евро стандартын хэм хэмжээний нэн тэргүүний утга учир нь хууль тогтоомжууд, мөн байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад оршдог.

Өнгө өнгийн цэцэг алагласан, уудам хөндий тал газар алсаас дурайна. Холын холд талын хөх уулс шиг уулан толгод харагдана. Тэрхүү ногоон талд ан амьтан амар тайван амьдрах нь байгаль дэлхийг улам чимжээ. Энэ зураглал бол АНУ-ын Денвер мужийн Wyoming хотын Powder голын хөндий. Тэр хөндийн хэвлий дор нуугдах баялгийг ухаж аваад нөхөн сэргээлтийг хийсэн нь энэ ажээ. Монголчууд өнгөрсөн он жилүүдэд өвөг дээдсээс үлдээсэн баялгаа ашиглаж байна гээд газраа ухаж, сүйтгээд үзэсгэлэнт сайхан нутаг усаа бөмбөг дэлбэлсэн мэт болгож хаясан болохоор үнэмшихэд ч бэрх юм. “Бид нөхөн сэргээлт хийхдээ тухайн газар нутгийг 100 хувь биш ч 90 гаруй хувийн хэмжээнд эргэн хэвэнд нь оруулж чаддаг гэж “Peаbody” компанийн мэргэжилтэн тайлбарлаж байна лээ. Тэгвэл манайд 98 бүү хэл 50 хувьд хүрэхүйц нөхөн сэргээлт хийж чадаж байгаа бил үү. Нөхөн сэргээлтийг хангалттай хувьд хийж чадахын тулд л Европ стандартыг Монгол дахь уул уурхайн компаниуд нутагшуулах шаардлагатай байгаа юм.


Тэгвэл Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Европ стандарт бүхий “МАК Цемент” үйлдвэр байгаль орчинд хэрхэн ээлтэйгээр ажиллаж байгааг товчхон хүргэе.


Манай улсад Европ стандартыг нутагшуулсан үйлдвэр, уурхай байхгүй биш байгаа. Түүний нэг нь үндэсний хөрөнгө оруулалттай “Монголын Алт” МАК компани ажээ. Тус компанийн үйл ажиллагааны бодлогын гол зарчим нь Европ стандартыг Монголд нутагшуулахад оршидог байна. Тэр ч утгаараа “МАК” компани Евроблок, Евроцементийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотоодынхоо хэрэгцээг өндөр чанартай барилгын материалаар хангасаар байна. Тус компанийн Евро стандартын үйлдвэрүүд нь ажилчдын байр, ариун цэврийн өрөөнөөсөө эхлээд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт талбай, заал гээд бүгд л европ стандартынх. Ажиллах, амрах цагийн хуваарь нь ч европ стандарт. Зам, дэд бүтэц, үйлдвэр доторх ногоон байгууламж мөн л адил европ стандартаар тохижуулсан учраас Европын үйлдвэрүүдийн өнгө төрхтэй адилхан.

Хэрсүү уншигч та нэг зүйлийг одоо ойлгож байгаа биз. Монголд уул, уурхайн компани гэхээр л олонх нь газар ухлаа, бидний баялгийг идэж, ууж байна муусайн юмнууд гэх мэтчилэн сөрөг хандлагыг түгээмэл гаргаж, буруу ойлголтыг нийгэмд түгээдэг. Хууль, дүрмийг юмны чинээ тоодоггүй, хариуцлагагүй уул уурхайн компаниуд байхгүй биш, цөөнгүй бий. Тэдний үйл ажиллагаа он удаан жил үргэлжилдэггүй. Харин тэдний энэ салбарт гаргасан алдаа завхралыг мэргэжлийн хариуцлагатай уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, нэр төртэй нь хутгаж бүгдийг харлуулж ойлгох нь нийгэм эдийн засаг, улс орны хөгжлөөс хойш чангааж байгаатай агаар нэг билээ.

Саяхан нэг мэдээллийн сайтад “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд газар нутаггүй боллоо” гэсэн нийтлэл гарч. Үүнд дурдсанаар бол тэртээ 1990 онд “МАК” компани тус сумын нутагт нүүрсний уурхай нээснээс хойш дагалдаад олон уурхай гарч ирсэн аж. Үүнээс болж байгаль орчин сүйдсэн, гол ус ширгэсэн гэх утгатай ташаа мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Угтаа тус суманд “МАК” компанийн Евроцементийн үйлдвэр бий. Мэдээж Европ стандартын үйлдвэр учир үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө тухайн бүс нутагт байгаль орчны үнэлгээг нарийн сайн хийлгэж, мөн төртэй хамтарч ажиллахын зэрэгцээ орон нутгийн иргэдтэй ойлголцож ажилласан нь тодорхой. Тус үйлдвэр байгуулагдсанаар орон нутгийн хөгжилд дорвитой нэмэр оруулсан байдаг. Үүнийг нь жил бүр орон нутгийн төсөвт төлсөн татвар, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлаас нь тодорхой харж болохоор. Саяхан Татварын Ерөнхий газраар шилдэг татвар төлөгч 30 аж ахуйн нэгжийг шалгаруулан зарласан. Үүнд улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн ТОП 10 компанийн Дөрөвдүгээр байрт бидний нөгөө муу хэлээд байдаг “МАК” компани шалгарсан байна. Тодруулж хэлбэл, үндсэний гэх хувийн хэвшлийнхэн дотроосоо Тэргүүнд шүү! Эхний гуравт нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой”, “Оюу толгой” гэсэн төрийн өмчтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа юм. Үүнээс нь харвал яагаад ч байгаль орчин бусдын сайхан амьдралд садаа болохгүй , харин ч бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн Үндэсний цор ганц компани гэдгийг ард түмэн нийтээрээ ойлгох ёстой санагдлаа.

Хэрэв байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг, нөхөн сэргээлт хийдэггүй, дэд бүтцийн доголдолтой, ямар нэгэн хууль дүрэм зөрчдөгсөн бол уг үйлдвэрийг, “МАК”-ийг ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.

“МАК” харин ч байгалиа хамгаалж, нөхөн сэргээлтийг хийхээс гадна хариуцлагагүй уул уурхайн компаниудын ухаж, сэндийлсэн газарт хөрөнгө гаргаж нөхөн сэргээлт хийж яваа гэдгийг тус нутгийн зон олон мэддэг юм билээ. Тухайлбал, “Их нарт” байгалийн нөөц газрын нутагт дэвсгэрт 1980-аад оны үед Оросын геологи хайгуулын анги жоншны хайгуул хийгээд буцаан нөхөн сэргээлгүй орхисон дөрвөн км-ийн зайд 65 том, жижиг суваг, шуудуу, нүхнүүдийг “МАК”-ийнхан булаж, техникийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн байна. Ухагдсан суваг, шуудууны хамгийн урт нь 80 метр, өргөн нь 3 метр орчим, олборлолт хийгдсэн таван том нүхийг ч дүүргэлт хийн булаж газрыг тэгшилж хэлбэржүүлэн, зүлэгжүүлсэн байдаг.

Мөн 2010-2018 оны хооронд Элдэвийн уурхайнхаа 151,9 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 141,8 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн нь нийт хөндөгдсөн талбайн 92,4хувийг эзэлж байна. Нөхөн сэргээсэн газарт нь чацаргана зэрэг жимсний мод халиурч, хиймэл нууранд нь загас үржиж, усны шувууд нутагшиж байдаг байна.

Тус компани Даланжаргалан сумын нутагт нийт 80 мянга орчим мод, бутыг тарьж ургуулжээ. Өдгөө дээрх тарьсан мод 80-100 хувийн ургалттай байгаа аж. Говь газар мэдээж усны асуудал чухал. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулснаас болж гол ус ширгэчлээ гэдэг. Гэтэл МАК компани тус сумын нутагт нийт таван худаг шинээр гаргаж, мөн тооны худгийг засварлан иргэдэд хүлээлгэн өгсөн байдаг.

Мөн Булгийн эхийг цэвэрлэх, ундаргыг сэргээх ажлын хүрээнд “Их нарт” байгалийн нөөц газрын захиргаатай хамтран Бургастайн булаг, Улаан хадны булагуудийн эхийг сэргээх, усны ундаргыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ мэт байгаль орчинг хамгаалсан, нөхөн сэргээлтийг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэдэг компани Монголд ховор учраас бусдын буруутай хандлагаас болж уул уурхайн салбар нийтээрээ муу хэлэгдэх шалтгаан болох учиргүйсэн.

Э.ТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо.

Нийслэлийн Аврах анги 105 нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан түүхтэй.

Түүхт 50 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрйиг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This image has an empty alt attribute; its file name is 54256847_780211272372734_3057615062295379968_n-6pxtt3swgpoghi03iy98mzey9d7loq07kkymnaojby8-1.jpg
Уншсан: 46
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Намайг маш ноцтой хэрэгт гүтгэж байна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраас зарим зүйлсийг тодрууллаа.


-Таныг УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г өөрчилж, С.Зориг агсны хэргийг замхруулсан гэлээ. Энэ талаар та сошиал хуудсаараа ч хариулт хэлээд авлаа. Яг юу болсон юм бэ?

-С.Зориг агсны хэргийн талаар өмнө нь танай сонинд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Ц.Нямдорж сайд намайг шахаж байхдаа энэ асуудлыг ярьж л байсан. Чи С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна гэсэн. Засгийн газрын өргөн барьсан төслөөр 2016 онд эрүүгийн хуулинд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй. Тэгэхээр нь би хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан. Байнгын хороон дээр хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой гээд та нар өөрсдөө хэлж байсан. Та нар өөрсдөө байнгын хороон дээр өөрчилсөн. Байнгын хороон дээр өөрчлөхдөө 2017 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж бүр шинэчлээд баталчихсан. Хууль зүйн байнгын хорооны дарга санал гаргаад байнгын хорооны бүх гишүүд нь дэмжсэн. Дэмжсэн гишүүд дотор Ж.Батзандан, Ц.Нямдорж, Лу.Болд бүгд байгаа. Та нар эцсийн хэлэлцүүлгийн шатанд дэг өөрчлөөд бүр дэг зөрчөөд өөрчлөлт оруулсан биздээ гэж би хэлсэн. Надад дуу дүрсний бичлэг болоод цаасан тэмдэглэл нь бий. Тэгтэл Ж.Батзандан Лу.Болд хоёр хэвлэлийн хурал дээрээ намайг С.Зориг агсны хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн. Намайг хуулийн хулгайч гэж гүтгэж байгаа юм. Гүтгэх гүтгэхдээ маш ноцтой юман дээр гүтгэж байна. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гээд одоо Түр хороо байгуулчихсан. Бүх эрх хуулийн байгууллагуудын удирдлагуудыг нь сольчихсон. Бүгдийг нь одоо шалгаж байгаа биз дээ. Түр хороон дээр намайг дуудаад асуугаач ээ. Ц.Нямдорж гэж хүний хутгуур хийсэн үгээр Лу.Болд манаргаж яваа байхгүй юу. Өөрийн толгойгүй. Ц.Нямдорж нь өөрийгөө буруудахыг мэдээд чимээгүй болчихож байхад Лу.Болд тэнд тууж л явна. Энэ асуудал дээр яагаад хөөн хэлэлцэх хугацаа руу чихэв гэдэг нь миний анхаарлыг татаж байгаа.

-Яагаад?

– Яагаад гэвэл энэ хэрэг дээр Түр хороо байгуулчихсан. Захиалагчийг нь зарлана гээд байгаа биз дээ. Гэтэл энэ ажил нь урьдчилаад бүтэлгүйтчих юм шиг хууль руу чихэж зугтах гээд байгааг гайхаж байна. Хууль руу чихэх бэлтгэлээ хангаад байна. Түр хороо байгуулагдаад ажил нь ч эхлээгүй. Эхлээд шалгалтаа хийх хэрэгтэй биз дээ. Лу.Болдын ярьсан юм хоёрхон үндэслэлээр шууд үгүйсгэгдэнэ. Нэгдүгээрт, С.Зориг агсны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм бол одоо юуг нь шалгаад байгаа юм. Дуусаагүй учраас л хуулийн байгууллага шалгаад байгаа биз дээ. Дуусаагүй учраас л Түр хороо байгуулагдаж байгаа биз дээ. Дууссан бол хэрэг үүсгэхгүй хаагдана. Хөөн хэлэлцэх асуудал дууссан асуудал дээр хэрэг үүсгэдэггүй. Хэрэг үүсгэх хориотой. Дуусаагүй гэдэг нь зөвхөн энүүгээр хангалттай нотлогдоод байна. Хоёрдугаарт, Засгийн газраас 2016 онд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хуулийн төсөл өргөн бариагүй. 2015 он буюу өмнөх парламент эрүүгийн хуулийг батлахдаа хөөн хэлэлцэх хугацаа тооцохыг тухайн гэмт хэргийг илэртэл нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгахгүй байхаар баталсан байсан. Тэр заалтыг 2016 онд шинэ засгийн газар хөндөөгүй, яг хэвээр нь өргөн барьсан. 2017 оны тавдугаар сард УИХ-ын хууль зүйн байнгын хороо дээр эцсийн хэлэлцүүлэг дээр дэг зөрчиж санал гаргаад хамгийн эцсийн өдөр их хурлын ажлын хэсэг дээр, Засгийн газрын ажлын хэсэг дээр ч яригдаагүй байтал энэ асуудлыг гэнэт гишүүд хөндөөд шууд амаар санал гаргасан. Миний хажууд Улсын Дээд шүүхийн Батцэрэн шүүгч, цаана нь Улсын Ерөнхий прокурорын туслах Бат-Орших прокурор сууж байсан. Ингээд гэмт хэрэг илэртэл хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй гэж байсан төслийн заалтыг тухайн хэрэг шүүхээр ортол хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй болгож өөрчлөөд баталчихсан. Одоо энэний гор гарч ирж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд зориуд хэргийг сунжруулж шалгаж байна гэх нэрийдлээр хэдэн жил үргэлжлүүлж юу ч биш болгоод хөөн хэлэлцэх хугацаа нь дуусангуут шүүх рүү шилжүүлдэг. Ингэхээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан гээд хэрэгсэхгүй болгодог. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Ингэж байгаад хэргийг цавчдаг хуулийн мафийг бий болгож байгаа юм. Ийм юм гаргуулахгүй гээд Хуулийн төсөл санаачилсан ажлын хэсгээ буруутгаж байгаа юм. Өөрөө өөрчилж кноп дарчихаад шүү дээ. Хамгийн гол нь намайг маш ноцтой хэрэгт буруутгаж байна. Би С.Зориг агсныг нас барахад 20 настай байсан. Намайг одоо захиалагч гэх гээд байгаа юм уу.

-Танд ямар баримтууд байгаа юм бэ?

-Их хурлын байнгын хороо болон чуулганы протокол байгаа. Энэ дээр хэн санал гаргав, хэн дэмжиж үг хэлэв, хэн тухайн санал хураалтанд оролцоод дэмжив гээд бүгд бий.

-Лу.Болд гишүүнийг ашигт малтмалын дарга байх үeд Монголын говьд хамаг лицeнз олгогдсон зэрэг түүний талаар хэд хэдэн асуудлыг та жиргэсэн байсан?

-Энэ бол тусдаа маш том асуудал. Би твиттер дээрээ хангалттай бичсэн. 2004-2008 оны юмыг ярьж байна. Петрочайна Тамсагтай бүтээгдэхүүн хуваах нийлүүлэх гэрээ, Дорнодын Мэнэнгийн талыг Дорнодын ард иргэдэд ямар ч ашиггүй тэнд хувь ногдохгүй нөхцөлөөр хэний үед энэ гэрээнүүд хийгдсэн, хэн газрын тосны хуулиудыг ахалж ажиллаж байсан. Одоо тэнд хэн бизнес хийдэг гээд яривал хамаг булай нь гарч ирнэ. Энэ тусдаа баримттай сэдэв. Яахав асуудал байвал хуулийн байгууллага дээр баримтаа гаргаж ирээд шийднэ биз.


Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр тус аймагт эхэллээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адьяабаатар нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, 14 мэргэжлийн ангийн нийт 1300 гаруй хүн, 300 орчим техник хэрэгсэл, 5000 орчим багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтийн “Бэрх” дулааны станцыг яаралтай шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав.

Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч мэдээлэл өгөв.

Монгол Улсын хамгийн анхны гүний уурхай болох Бэрхийн уурхай 1954 оноос ажиллаж эхэлсэн ч одоо хаалгаа барьж нүх, балгас үлдсэн. 35 жил болж байгаа дулааны станцын ашиглалтын хугацаа хэтэрсэн нь 3500 гаруй хүн амтай тосгоны иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэд ярьж төр, засгаас бодлогын дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.

“Бэрх” дулааны станцыг шинэчлэх, холбогдох зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов. Үйл ажиллагааг нь сэргээхээс гадна уурхайг түшиглэн уул уурхайн музей, сургалтын бааз байгуулж, мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.

Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна. Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж өрсөлдсөн спортын мастер С.Хандсүрэн, Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар хүрэлцэн иржээ. Багийн ахлагч спортын мастер Б.Мягмарсүрэн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг дуулгав. Эдгээр ахмад тамирчид 2018 оны амжилтаа давтаж, хошой аварга болсон байна. Түүнчлэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Анударь, хүрэл медаль хүртсэн Л.Очирбат нар иржээ.