УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулахдаа, “Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа” гэв. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал, “Дэлхийн худалдаа, эдийн засаг өнгөрсөн зуунд эрчимтэй хөгжиж хүн төрөлхтний хэрэглээ, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн. Энэхүү үсрэнгүй хөгжил дэвшлийг оюуны бүтээл туурвил, шинэ санаа, ашигтай загвар, барааны тэмдэг болон оюуны бусад өмчгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэллээ. Иймд оюуны өмчийг хамгаалах, хөгжил дэвшлийг хурдасгах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэх зорилгоор улс орнууд хамтран Парисын конвенц, Венийн конвенц зэрэг чухал баримт бичгүүдийг баталжээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэгдэн хамгаалагдаж байгаа тухай дурьдсан байдаг байна. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдарлын хэв маягийг өөрчилсөөр байгаа” хэмээв.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр боловсрол, соёл, шинжлэх ухаанаас эхлээд оюуны өмчийн бүртгэл хийлгэж байгаа салбаруудын уялдаа, холбоог хэрхэн хангахыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тодрууллаа. Оюуны өмчийг бүртгэх, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх асуудлыг Оюуны өмчийн газар хариуцна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “2010 оноос хойш оюуны өмчийн гэрчилгээ авч буй иргэдийн тоо ихээхэн өсч байгаа. Тиймээс оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд орох туршлагаараа дэлхийд тэргүүлдэг Япон зэрэг орноос туршлага судлах шаардлагатай” хэгэлээ.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.