Categories
мэдээ улс-төр

ГХЯ-ны консулын газрын захирал БНСУ-ын ГХЯ-ны удирдлагуудтай уулзлаа

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яамны Иргэд, консулын асуудал хариуцсан орлогч сайд Ли Сан Жин-тэй уулзаж, ГХЯ-ны Консулын газрын дарга Ү Ин Шиг-тэй өргөтгөсөн уулзалт хийлээ.

Эдгээр уулзалтаар өнгөрсөн 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нарын албан ёсны хэлэлцээний үеэр тохиролцсоны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, алсдаа визгүй зорчиход чиглэсэн замын зураглал гаргах, цаашид визгүй зорчих асуудлаар санал солилцож, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны талаар мэдээлэл өгсөн бөгөөд Солонгос Улсад зорчих виз мэдүүлсэн монгол иргэдэд хариу өгөх хугацаа 3 сар орчим үргэлжилж байгаад анхаарал хандуулахыг хүсэв.

Солонгосын тал БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн дунд визийн хугацаа хэтрүүлсэн буюу хууль бусаар оршин суугчдын тоог бууруулах, монгол иргэд солонгосын виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа явдлыг бууруулах нэн шаардлагатай байгааг тэмдэглэж, зохих арга хэмжээ авах хэрэгтэйг онцолсон байна.

Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Сөүл хотод ажиллах үеэрээ мөн БНСУ-ын ГХЯ-ны Консулын үйлчилгээний төвтэй танилцаж, цахим нотариат, Апостилийн үйлчилгээний талаар туршлага судалсан болно.

Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхээс Д.Муратыг цагаатгах шийдвэр гаргажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2019.05.10/ хянан хэлэлцлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Д.Муратад 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Елузагт мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгаж шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Сингапурт хуурамч мэдээллийн эсрэг хуультай боллоо

Сингапурын парламент удаан хугацаанд маргаан дагуулсан хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хуулиа энэ долоо хоногт баталжээ. Худал мэдээлэлтэй тэмцэх хуульд зааснаар санаатайгаар худал мэдээлэл тараавал хохирлын хэмжээнээс хамаарч 10 хүртэл жил хорих, 1 сая хүртэл сингапур долларын /733 мянган ам.доллар/ торгууль ногдуулах юм байна.
Уг хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагууд өөрсдийн үзэмжээр тухайн мэдээллийг хуурамч гэж дүгнэн устгуулах эрхтэй болж байгаа төдийгүй хувь хүн, хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөөнд халдсан хууль боллоо хэмээн хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байгаа аж.
Харин хууль санаачлагчид уг хуулийг нийгэмд асар их хор хохирол учруулж буй худал хуурмаг, эмх замбараагүй мэдээллийн урсгалыг зохицуулах, бусдын нэр хүндэд шууд халдсан үйлдлийг таслан зогсоох зорилготой гэдгийг онцлоод ямар нэгэн нам засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх гэсэн арга биш гэжээ.
Мөн хуурамч мэдээллийг илрүүлсэн даруйдаа устгах тал дээр сөрөг хүчнийхэн эсрэг байр суурьтай байгаа ба зөрчлийг шүүхээр шийдвэрлэж байж тухайн мэдээллийг устгах эсэхийг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Хэрэв шүүх рүү шилжвэл маш их хоног хугацаа алдана. Тэр хугацаанд хуурамч мэдээлэл маш хурдан тархаж, хохирлын хэмжээ нь ч түүний хэрээр нэмэгдэх учир тэр даруйд нь устгах нь зүйтэй гэж хууль санаачлагчид тайлбарлав.

Г.Хонгорзул

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Мөн өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр говь талын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 10-ны 20:00 цагаас 05 дугаар сарын 11-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Тавдугаар сарын 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Аврах анги 105-ын 50 жилийн ой тохиож байна

Анх 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр байгуулагдаж байсан НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан болон үе, үеийн удирдлагууд, алба хаагчид оролцсон юм.

Байгуулагдсан цагаасаа хойш нийслэлийн хэмжээний үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг 20 гаруй төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрйиг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүхт 50 жилийн ойгоо угтан бүтээлч ажлуудыг өрнүүлж, байгууллагын үүдний хэсгийн хана, тааз, өрөө тасалгаа, шатны хэсгийг сэргээн засварлаж, ангийн тугийн байрыг шинэчлэхийн зэрэгцээ алба хаагчдын цэргийн байрны тасалгаа, архивын өрөөний хаалтыг шинээр хийж гүйцэтгэжээ. Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах зорилгоор “Хөдөлгөөнт удирдлагын байр”, “Хээрийн гал тогоо”-г тохижуулан, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Ойн арга хэмжээний үеэр олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​Ёкозуна Хакүхо Нацү башёд барилдахгүй

Рэйва эриний анхны башёг Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас өнжих болов. Хэдхэн хоногийн өмнө гарсан банцүкэг тэргүүлсэн түүний баруун гар өмнөх башёгийн үеэр бэртсэн. Улмаар бэртэл нь илааршаагүй тул ийм шийдвэр гаргажээ. Уржигдар эмнэлэгт үзүүлсэн Хакүхогийн бэртэл бүрэн эдгэхэд гурван долоо хоног шаардлагатай гэжээ. Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үзэж, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын цомыг гардуулах юм.

Categories
мэдээ нийгэм

​Тав хоногийн дотор 14 хүүхэд авто осолд өртжээ

Тавдугаар сарын 6-наас 10-ны өдрийг хүртэлх тав хоногийн хугацаанд 1102 дуудлага Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс хүлээн авч шалгажээ. Эдгээрээс 776 дуудлага нь зам тээврийн осолын дуудлага байв. Энэ тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Энэ нь өмнөх тав хоногуудын ослын мэдээтэй харьцуулахад өндөр тоо юм. Осолд өртсөн хүүхдүүдийн 13 нь явганаар хөдөлгөөнд оролцож байжээ. Эдгээр хүүхдүүдийн ес нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа осолд өртсөн байна.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргүүдэд харьяа байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайлбал, тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт, асфальтан зам дээр “T.Pruis” маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй нас баржээ.
Мөн тавдугаар сарын 8-ны өдөр 15.00 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Толгойтын замд “T.Рruis” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон хоёр настай Н нарын гурван хүн гэмтсэн хэргүүд бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаах албанаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлж албаны үйл ажиллагааг иргэд сурталчлах, санал хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа болон тодорхой төрлийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдийн үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий гарын авлага, зурагт хуудсуудыг тарааж, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслүүдийг сурталчилсан юм.

Г.Хонгорзул

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын нийт зардлыг 2,9 тэрбум төгрөгөөр батлав

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ байдаг. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөлөө. зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал гэж онцоллоо. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа.
Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

Г.Хонгорзул

Categories
мэдээ нийгэм

Есөн давхраас унах гэж байсан зургаан настай охиныг аварчээ

Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Гэтэл бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожлон үлдээснээс болж дахин нэг хүүхдийн амь нас эрсдэх аюултай нөхцөл байдалд хүрчээ.

Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр 20:20 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, угсармал есөн давхар байрны есдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг оршин суугчид харсан байна. Улмаар оршин суугчид Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгснөөр алба хаагчид шуурхай ажиллаж цонхны тавцан дээрх зургаан настай охиныг эсэн мэнд буулгаж чаджээ.