Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганы улмаас нэг хүн осгож нас баржээ

Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж шуурсны улмаас малынхаа араас яваад 41 иргэн алга болчихлоо гэх дуудлагыг хүлээн авсан байна. Тавдугаар сарын 12-ны өглөөний 10 цагийн байдлаар 36 иргэнийг олсон, 4 иргэнийг хайж байгаа юм байна. Сэврэй сумын Сайншанд багийн нутагт 50 орчим насны нэг эмэгтэйг осгож нас барсаныг олжээ.

Мөн малаа алдсан гэх дуудлага маш их байгаа аж. Цасан шуурганд төөрчихлөө гэсэн 37 дуудлага хүлээн авснаас 36-г нь олж амь насыг нь аварсан байна. Төөрөөд шатахуун нь дууссан гэх нэг дуудлага руу одоо явж байгаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Алга болсон 4 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа байгаа бөгөөд тэдний нэг нь Цогтцэций, гурав нь Ханхонгор сумынх байна. Энэхүү цасаар шуурах мэдээг 2 хоногийн өмнөөс эхлэн сэрмжлүүлэг байдлаар хүргэсэн хэдий ч иргэд хайхрамжгүй байснаас ийнхүү хохирол амсаад байгааг албаны хүмүүс хэлж байна.

Categories
мэдээ спорт

Монголын сагсчид Азийн оюутны аварга багаар шалгарав

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод өчигдөр /2019.05.11/ өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонгконг, Макао, Малайз, Филиппин болон Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Дөрвөн хоног үргэлжилсэн тэмцээний дүн өчигдөр гарч Монгол Улсын баг аваргын алтан медалыг хүртсэн бол Тайваны баг мөнгөн медалын эзэд болсон юм.

Эх орноо төлөөлөн оролцсон “Мон-Алтиус” Биеийн тамирын дээд сургуулийн баг хэсэгтээ Малайз, Хонгконг, БНСУ-ын багуудыг хожиж, хэсэгтээ Тайванийн багийн араас хоёрдугаар байраар шалгарч медалын төлөө өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар өчигдөр болсон хагас шигшээд тоглолтод Индонез /18:17/, Тайванийн /20:12/ багийг дараалан хожиж, Ази тивийн оюутны аварга боллоо.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна. Манай залуус бүгд энэ жил 19 настай бөгөөд тэд ах залуустай өрсөлдөж, ялалт байгуулжээ. Азийн оюутны тэмцээн нас заадаг бөгөөд 18-24 насны тамирчид өрсөлддөг байна.

Монголын эмэгтэй баг Иран, Хонгконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох тайваньчууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ.

Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалын эзэд болсон байна. Энэ жил А.Тулга дасгалжуулагчтай багийн залуус Тайваньд шилдэг тоглолтуудыг үзүүлж, тивийн оюутны аварга болсон бахдам амжилтыг үзүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ausf.org/Detail.aspx?kind=2&pk=361 сайтаас аваарай.

Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин, Ё.Басхүү хүрэл, Д.Сумъяа медальгүй үлдлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 тамирчин хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

image

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшинг эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн бөх Н.Темурд ялагдлаа. Манай бөх хүрэл медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Х.Валидетай барилдан ваза-ари үнэлгээрээр ялан медалын тавцанд зогсчээ. Энэ жинд барилдсан Л.Өнөболд эхний тойрогт ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

66 кг-д Ё.Басхүү Болгар, Монтенегро, Бразил, Испаний бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх хагас шигшээд Азарбайжаны Ш.Нижатад ялагдсан ч А.Ибрахимыг ялж, хүрэл медалын эзэн боллоо. Энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдаж эхний барилдаанаа ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Харин 57 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр”С” хэсгийг тэргүүлэн барилдаж хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Х.Каракаст ялагдсан. Манай бөх дагах барилдаанд Францын Р.Хелентэй таарсан ч ялагдал хүлээснээр хүрэл медалын төлөө барилдаж чадсангүй. Энэ жинд олимпийн аварга Бразилын Р.Силва алтан медаль хүртэж, дэлхийн аварга Японы Ц.Ёшида мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалыг Франц, Унгарын бөхчүүд хүртжээ.

Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр манай долоон жүдоч дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

image

Манай бөхчүүдээс 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч тус тус барилдана. 73 кг-д 40 бөх барилдах бол 81 кг-д хамгийн олон буюу 48 бөх барилдана. Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр 14 орон ямар нэгэн медаль хүрснээс Бразил хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Испани, Франц, Молдав улс нэг аваргатай II-V байрт бичигдлээ. Япон, Азарбайжан, Гүрж, Монгол, Португал, ОХУ мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүтэн өнчин 621 хүүхэд асрамжийн төвд амьдарч байна

2018 оны дүнгээр улсын хэмжээнд 3322 бүтэн өнчин хүүхэд бүртгэгдсэн байна. Тэдний 18.6 хувь буюу 621 нь 21 асрамжийн төвд амьдарч байгаа. Үлдсэн нь төрөл садан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэйгээ амьдардаг аж.

Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа 11 хүртэлх насны 927 хүүхдийг хүүхэд хамгааллын даатгалд хамруулж, төрөөс даатгалын төлбөрийг төлдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурал боллоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо.

Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөлөө.

Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

2019.05.13-17-ны хооронд УИХ, байнгын хороодын хэлэлцэх асуудалын хуваарь

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019.05.10-ны өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 05 ДУГААР САРЫН 13-НААС 17-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 13-ны Даваа гарагт:
•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 13-ны Даваа гарагт:
•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
•Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;
•Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
05 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:
•Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
•Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг Түр хорооны хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
•Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
05 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
•Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:
05 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын 2 дугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсох.
2.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд холбогдох албан тушаалтан, иргэдтэй уулзалт зохион байгуулах;
•Бусад.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Бусад.
05 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
•Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

•Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;

•“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
•“Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
•Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох;
•Бусад.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

•“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл;
•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай, Ховд аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх даваа гарагаас баруун аймгууд, тодруулбал, Ховд, Говь-Алтай аймагт ажиллах юм байна.

Том малын зүй буй хорогдол хамгийн их үзүүлэлттэй байгаа нь Ховд аймаг юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь буюу тавдугаар сарын 5-10-нд Хэнтий аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзсан. Зам гүүр болон сургууль цэцэрлэг, эмнэлгээр орж, тулгамдсан асуудлаас нь ч шийдвэрлэсэн. Орон нутгийн иргэдэд Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулаад иргэдийн санаа бодлыг сонссон байна. Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх” боломжтой гэдэгт санал нийлж, хийх ажлынхаа чиг үүргийг ч тодорхойлжээ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Яармагийн гүүрийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлсэн. Харин өнөөдрөөс тус авто замын өнгөн хучилтын ажлыг эхлүүлж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 05 дугаар сарын 23 хүртэл Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаалаа. Замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэнэ.

БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын 90 хувь нь 2018 онд хийгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Найман эмэгтэй хохирсны 6 нь 14-17 насны хүүхэд байжээ

Хүн худалдаалах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагддаг тохиолдол цөөхөн гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлж байна. 2016 онд 4, 2017 онд 10, 2018 онд 8 хэрэг бүртгэгдэж шалгагджээ. Харин 2019 оны 4 дүгээр сарын байдлаар хүн худалдаалах 8 гэмт хэрэг бүртгэгдэн, эдгээр хэргийн улмаас 8 эмэгтэй хохирсны 6 нь 14-17 насны хүүхэд байжээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Засгийн газар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан юм. Мөн цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, зохион байгуулалттай бүлэглэл, хүн худалдаалахтай тэмцэх хэлтэс байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүдийн бэлгээс татгалзжээ

Авлигатай тэмцэх газарт нэр бүхий иргэнээс “Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн үсэглэлийн баярыг тэмдэглэх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг татсан. 1 дүгээр ангийн багш нар доод тал нь 200 мянга, дээд тал нь сая хүртэл төгрөг авсан. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулав.

Тус сургуулийн 1 дүгээр анги нь 5 бүлэгтэй бөгөөд тэдгээрийн анги удирдсан багш болон эцэг, эхийн зөвлөлийн гишүүдээс тайлбар авахад эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хураан авсан байна. Ингэхдээ эцэг, эхчүүдтэй тус бүрт нь уулзаж гарын үсэг зуруулалгүйгээр мөнгө авсан, нийт 740 мянган төгрөг цуглуулсан, багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Цэцгийн баглаан дунд мөнгөө хавчуулж өгсөн гэдгээ эцэг, эхийн зөвлөлийн дарга Б хэлсэн байна. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш А авалгүй тэр даруй буцаасан байв.

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон бөгөөд уг тушаалыг нийт эцэг, эхчүүдэд танилцуулж анхааруулжээ. Захирлын тушаалд заасан үүргийг тус сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоогоод байна.

Гэтэл эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгч байгаа нь боловсролын салбарт тогтоон мөрдүүлж байгаа хууль, дүрэм журмаас гажсан үйлдэл юм. Энэ мэт эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар мөнгө татаж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй хандан гомдол, мэдээллээ ирүүлэхийг нийт эцэг, эхчүүдээс хүсэж байна.

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэлийн гаргасан дээрх шийдвэрийг бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.