Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаах хуваарь

БНХАУ, Монгол Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90хувьтай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа.

Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд /2019.05.11,12/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 376 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.05.11-ний өдрийн 17 цагийн орчим Хандгайтын зам “Янзага” зуслангийн баруун урд замд T.Ractis маркын автомашин нь Lexus-570 маркын автомашинтай мөргөлдөж, зорчигч 20-25 насны 3 хүн гэмтсэн,
  • 2019.05.11-ний 23 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Саахарын рашаан” гэх газар асфальтан замд H.Avante XD маркын автомашины жолооч нь замын хажуугийн хад мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Б-н амь нас хохирч 1 хүн гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 15 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 3 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн тус албанаас автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Автомашин-2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт авто машины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад болон гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байна.

Тодруулбал арал, бүхээгний дугаар зөрсөн, сольсон, тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлийг болон эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг илрүүлэх чиглэлээр гудамж замд хяналт тавьж ажиллаж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгсэл худалдан авахдаа өнгө болон арлын дугаарыг сайтар шалгаж авах, хэрэв арлын дугаар зөрсөн тохиолдолд харъяа дүүргийн цагдаагийн болон Замын цагдаагийн хэлтэст мэдээллэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Ангараг АНУ дахь Монгол Улсын Соёлын элч болов

Кино продюсер Д.Ангараг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо. Элчин сайд Ё.Отгонбаяр Д.Ангарагт 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд болсон “Монголын өвийн өдрүүд” соёлын арга хэмжээний нээлтийн үеэр “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.

АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээснээрээ олонд танигдсан.

Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллахдаа Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д Монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн гаргах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар дөрвөн иргэн хөлдөж нас баржээ

Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Өчигдөр өдрөөс эхэлсэн цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.

Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлийн хуулиа эргэж шалгавал Монголын төрд гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчид итгэхээ болино

УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр зарим нэг гишүүн 33 их наяд төгрөгийг бондын мөнгөөр босгоод, түүнийгээ идэж уучихаад Өршөөлийн хуулиар цагаатгасан гэх утгатай зүйл ярьсан. Нууц далд хөрөнгүүдийг ил болгож, эдийн засгийн өршөөл үзүүлэх Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд ээлжит бус чуулганаар баталж байсан билээ. Уг хуулиар далд байсан хөрөнгөө ил болгож бүртгүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх зохицуулалттай байсан. Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлж, мэдүүлж, тайлагнасны эцэст олон их наядын хөрөнгө ил болж, тэр хэрээр татварын орлого ч нэмэгдэж байсныг хүмүүс санаж байгаа. Эдийн засгийн Өршөөлийн хууль бондтой ямар ч холбоогүй байсан гэдгийг тухайн үед хэвлэгдэж байсан хэвлэлийн хуудсыг сөхөж үзэхэд харагдана. Эдийн засагчид ч Өршөөлийн хуулийн өгөөжийн талаар ярьж, бондоос холуур болж өнгөрсөн үйл явдал гэдгийг ярьж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ- ын чуулган дээр зарим гишүүн ЗЗ их наядыг бондтой хамаатай гэж ярихад түүнийг нь няцааж “УИХ хариуцлагатай баймаар байгаа юм. 33 их наяд болон бонд хоёр ямар ч холбоо хамаарал байхгүй. Үүнийхээ учрыг олж байж ярих хэрэгтэй. Тухайн үед бүгд ярьж байгаад гаргасан шийдвэр. 33 их наяд төгрөгийн нууцын асуудал ил болсон болохоос биш буцааж төлөх асуудал биш. Энэ материалыг нууцалж байгаа асуудал байхгүй. Энэ хууль бол түүхэн үүргээ гүйцэтгэсэн хууль” гэж хэлсэн. Эдийн засгийн Өршөөлийн хуулийг энгийнээр тайлбарлавал 1990-ээд оноос хойш буюу зах зээлд шилжсэн үеэс эхэлж нуусан, хаасан, татвараа өгч чадаагүй, гадаад дотоодын дансанд байршуулсан дарагдмал хөрөнгийг эргэлтэд оруулахын тулд “Бүгдийг нь төрд мэдүүлээдэх. Хариуд нь төр яах ч үгүй. Та нарыг төр мөрдөхгүй, шалгахгүй, олон нийтэд зарлахгүй. Энэ асуудлыг чинь дахиж мөшгөж сэдрээхгүй, элдэв гэмт хэргийн баримтад ашиглахгүй” гэж ам мөчгөө өгөн байж Өршөөлийн хуульд далд байсан бүхнийг ил болгож хамруулсан учиртай. Гэтэл төр энэ хэлсэн амнаасаа буцаж, зарим поп улстөрч “Эдийн засгийн Өршөөлийн хуулийг шалгах нь зүйтэй” гэж ярьж эхэллээ. Тэд “Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг ч тэрнийх нь учрыг олж дөнгөнө” хэмээн яриад сууж байна. Мөнгийг нь шалгадаггүй юм аа гэхэд үйлдлийг нь шалгана ч гэх шиг. Ингэж нохой зан гаргаж, амлалт, хэлсэн үгнээсээ буцвал Монголын төрд итгэх гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагч үлдэхгүй шүү. Ийм юм ярьж байгаа нь хамгийн попорсон, хамгийн ёозгүй төрөөс гарах авир. Энэ бол нэр төр хөөцөлдөж, олон нийтээс оноо авч, ард түмнийг хөөсрүүлж, тэдний өмнө шударга дүр эсгэж байгаа, хувь улстөрч тодорч гарч ирэх гэсэн оролдлого юм. Их өмч хувьчлал, оффшорыг шалгана, Өршөөлийн хуулийг эргэж шалгаж буруутай этгээдүүдийнх нь үйлдлийг ил гаргаж зарлана гэж ярьцгааж байна. Хэрвээ ийм үйл явдал болбол Монгол төрийн нэр хүнд, үнэ цэнэ шороотой хутгалдана. Хэдэн поп улстөрч сонгууль хүртэл “Шалгана, нэгжинэ” гэж хашгиралдах нь ойлгомжтой. Монгол төрийн нэр хүндийг ингэж баллаж харлуулан байж гарч ирэх тийм үнэ хүндтэй хүмүүс үү, тэд. Монгол төрийг шороотой хутган байж сонгуулиар гарч ирэх үнэ хүндтэй улс уу, попчид. Монголчууд төрт ёсоо дээдэлж, төрийн үйл хэргийг бүхний дээр тавьж, төрөө цэвэр ариун, шударга байлгахын төлөө хаанаасаа жирийн ард нь хүртэл нэрээ хичээж ирсэн түүхтэй ард түмэн. Хэзээ ч хувь хүн нэр олохын төлөө төрийн нэрийг баллаж байгаагүй. Төрийн минь сүлд өршөө гэж тэргүүнээ мэхийлгэн залбирч байснаас биш төрийн нэрийг шороогоор булсан түүх үгүй. Төр бол мөнх. Хэрвээ та нар төрийн нэрийг хугалчихвал тэр хугарсан нэр ч бас мөнх дагана. Ингэвэл энэ улс орон цаашаа юу болох вэ. Та нар дэмий попорч чуулганы танхим, Төрийн ордны индрийн цаанаас амандаа орсноо ярьж, нэр хүндээ өсгөхийн тулд нэг оноо ч болов авахын тулд хүссэнээ хэлж, цаг үрсэн юм хийгээд хэрэггүй, улстөрчид өө! Гэхдээ эдний ярьж байгаа дэмий үгс нь цаашаа явахгүй, дэмжлэг авахгүй гэдгийг захын хүн мэднэ л дээ. Тэглээ ч энэ асуудлыг шалгууллаа гэхэд Үндсэн хуулийн Цэц, шүүхэд дээр очоод л уначихна. Ерөнхий сайд шүүх хурал болгон дээр очиж тайлбар хэлж оролцож чадахүй учир Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргадаа үүрэг өгч таарна. ЗГХЭГ-ын дарга нь яамандаа үүрэг болгоно. Яам нь хэлтэстээ энэ асуудлыг шилжүүлнэ. Хэлтэс нь яахав, шинээр орж ирсэн нэг мэргэжилтэндээ үүрэг болгож тохож орхино. Тэр мэргэжилтэн нь юунд яваад байгаагаа ч сайн мэдэхгүй шүүх дээр очоод “Мэдэхгүй ээ, шүүх дээр очоорой л гэсэн шүү дээ” гэсэн шүү юм яриад зогсох нь мэдээж. Өөр юугаа хэлэхэв. Мэдэхгүй нь үнэн юм чинь. Ингээд л шүүх хурал дээр юу хэлэхээ мэдэхгүй суусаар ялагдаад гараад ирнэ. Төр ямар нэг асуудлаар заргалдлаа гэхэд шүүх дээр очоод ялагдаад байдаг шалтгаан нь ерөөсөө энэ л байдаг юм. Үүсгэсэн маргааныхаа араас эзэн хүний ёсоор уйгагүй, үнэнч сэтгэлээр явдаггүй болохоор ялагдахаас өөр яах юм. Яг л ийм зураглалаар энэ хэдэн улстөрчийн яриад байгаа “Шалгана” гэж сүр оруулан зарлаж байгаа асуудал нь шүүх, Цэц дээр очоод унаж таарна. Тэдний хувьд өнгөн дээрээ “Шалгана” гэж ярих нь ард түмэнд таалагдаж оноогоо нэмүүлнэ гэдгийг мэдэж байгаа учраас тэгж зоригтой мөртлөө логикгүй юм ярьж байгаа юм. Бондын мөнгө, Өршөөлийн хууль ямар ч хамааралгүй гэдгийг улс төр судалдаг, нийгмийн үйл явдлыг гойд анзаардаг, ой сайтай хүн бол шууд л мэдэж байгаа даа. Өнөөдөр “Шалгана” гэж хэлээд нэг оноо авчихаад шуугиан тарьсан тэр асуудал нь цаашид яах ийх, шүүх дээр очоод унах эсэх нь огтоос хамаагүй, дахин сонгогдож л байвал бол оо. Ингэж дуулиан дэгдээх нь эргээд Монгол төрд ямар сүүдэр тусгаж байгаа нь тэдэнд хамаа байдаггүй. Хамгийн гол нь ийм яриа гаргаж, ийм философитой байгаа нь “Монгол төр ямар ч итгэл төрүүлэхээргүй юм даа” гэсэн урамгүй бодол төрүүлж байна. Яаж ч мэдэх улсууд төрд гарвал юу ч хийж мэдэхээр юм байна. Ер нь тэгээд төр ч дээ, төрд итгээд байх хэрэггүй юм байна гэсэн дохиог Монгол төр маань гадаад, дотоодгүй төрүүлээд эхэлчихлээ. Нэр хөөцөлдсөн хувь улстөрчдийн болчимгүй хашгираанаас болж эдийн засгийг минь аврахаар дөхөж байсан хөрөнгө оруулагчдын хөлөг онгоц зангуугаа татаад залуураа эргүүлчихэв үү дээ гэж харагдаж байна. Дотоодын томоохон хөрөнгө оруулагчдад ч төрдөө итгэх итгэл нь алдрах шалтгааныг гаргаад өгчихөв.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт Монголбанканд МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “ЭН-АР-СИ-СИ” компани хэрэглэгчийн итгэлийн индексийн талаар мэдээлнэ. Утас:99099972

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол-ОХУ-БНХАУ, БНСУ-ын зохиогчийн эрхийн дөрвөн талт уулзалт” болно.

11.00 цагт НҮБ-ын байранд Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсын хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд “Хүчирхийллийг эсрэг эмэгтэйчүүд” жагсаал болно.

12.00 цагт ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин, дагалдах хэрэгслэл авна. Утас: 99179899, 86885060

15.00 цагт МУИС-ийн Номын санд “Мазаалай баавгай хамгаалал болон олон нийтийн оролцоо” уулзалт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгох талаар мэдээлнэ.

12.00 цагт ИЗНН-аас Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлнэ.

12.30 цагт Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт МАХН-ын Гүйцэтгэх товчооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Хайрын дууч Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын нэг өдөр

“Марал буусан шөнө”, “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” зэрэг дуунуудыг эгшиглүүлэн үзэгч олноо танил болсон дуучин МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг хамтран дуулахаас гадна нэгэн гэр бүл гэдгийг уншигчид андахгүй. Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр дуучин Д.Хишигбаярынхыг зорилоо. Биднийг зорин очиход нээгээд удаагүй кофе шопдоо ажилтай байна, ийшээ хүрээд ирэх үү гэснээр бид Зайсанд байрлах Aroma De Love кофе шопыг зорив. Улаанбаатар сувиллын хажууд орших Aroma De Love кофе шоп жазз хөгжмийн ая эгшиглүүлжээ. Гэргий нь “Сониныхон хүрээд ирэв үү” гэсээр бид өрөөнд орж тухаллаа. “Бид хоёр сүүлийн үед кофе шопдоо ихэнх цагаа өнгөрөөж байна. Өнгөрсөн намар өөрсдийн хүсэл сонирхлоороо кофе шопоо нээсэн юм. Тохижуулах зүйл их байна. Мэргэжлиййн маань онцлогоос шалтгаалаад бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг дуу шуутай орчинд өнгөрүүлдэг болохоор ч тэрүү аль болох чимээгүй орчныг хүсэмжилдэг болчихдог юм билээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн кофены газраас нийлүүлэлтээ хийдэг. Кофе бидний хэрэглэдэг ундаа болчихсон” гэсээр гэргий кофе чанан, амттанаар дайлж бидний яриа хөөрөө эхэллээ.

Гэрийн эзэн кофе шопныхоо сувинерүүдийнхээ дэргэд зогсон “Бид хоёр 2010 онд гэр бүл болж энэ байрандаа гал голомтоо бадрааж байлаа. Өөр байранд ороод энэ байраа кофе шоп болгож ажиллуулахаар болсон юм. Манай гэр бүлийн хүн өөрөө тохижуулж, сувинер зэргийг урлагийн хүн учраас ихэвчлэн хөгжмийн зэмсэгүүдийг сонгосон.

1968 онд багшийн маань бичсэн гар бичмэлэн нот байдаг юм. Би өөрөө 2005 онд бичсэн нотоо жаазлаад өлгөх бодолтой байна. Ихэнх цаг энд өнгөрдөг дөө” хэмээн хуучлав. Тэрээр үргэлжлүүлэн уран бүтээлийнхээ хажуугаар кофе шопоо мөн “Сүүн цагаан хурим” нэртэй гэрлэх ёслолын үйл ажиллагааг цогцоор нь хийж үйлчилдэг компаниа нээж байгаа талаар танилцуулав. Кофе шопны хананд нийтийн дуучдын хошин зураг, хийл хөгжмөөс эхлээд сувинерэн хөгжмийн зэмсгүүд, номын тавиур, намуухан ая цаанаа л нэг тайван байдлыг илэрхийлсэн харагдана. Биднийг кофе уух зуур гэргий “Бид хоёр аялан тоглолтоор Германд явж байхдаа эгчийндээ хэд хоног амьдарч байсан юм. Эгч маань өглөөний цайндаа халуун кофе, халуун өндөг, халуун жүржийн жүүс, халуун талх бэлдэж бид өглөөний цайгаа уудаг байсан юм. Өглөө бүр аминдэмээ германчууд ингээд авчихдаг юм байна. Энэ өглөөний цай надад үнэхээр таалагдсан. Басхүү тэгж анх кофенд дурласан гэхэд болно. Тухайн үед манайд чанадаг кофе ховор байлаа шүү дээ. Судалгаанаас харахад манайд дийлэнх байдаг өвчлөлүүд европчуудын хувьд бага байдаг юм байна лээ. Тэр тусмаа Германд элэг, ходоодны хавдрын өвчлөлүүд маш бага байсан. Энэ нь ердөө кофены зөв хэрэглээтэй холбоотой юм байна лээ. Хавдрын вирусийг дарангуйлдаг гэж тайлбарлаж байсан юм. Ингээд л ер нь амьдралынхаа өдөр тутмын хэвшил болгосон кофе шопоо нээсэн. Байрлал нь хотын төвд биш болохоор ойр хавийнхан маань ихэвчлэн үйлчлүүлж байгаа. Аль болох эрт нээж хүмүүст өглөөний цайгаа уух боломжийг бүрдүүлэх гэж хичээж байна” хэмээн хуучилсан юм.

Гэрийн эзэн Төв аймагт төрж өссөн гэнэ. Тэрээр “Бидний үеийн хүүхдүүд социализмын нийгэмд амьдарч байлаа шүү дээ. Тэр үед баян, ядуу айл гэх давхарга байсангүй. Бүгд л тэгш амьдралтай. Бага нас маань аав, ээжийн нутаг Баянцагаан суманд өнгөрсөн. Аавын маань аав Гавж цолтой лам хүн байсан юм билээ. Нутагтаа том ах гэдэг нэртэй Манзуширын хийдийн мундаг лам байсан гэдэг. Аав маань тэр хүний арван хүүхдийн нэг нь. Манай аавын тал олон сайхан хүүтэй. Намайг төрдөг жил өвөө бурхан болсон гэдэг. Ээжийн минь аав малчин Мөнх гэдэг хүн байсан. Ээж айлын бага охин, хоёр ахтай. Хоёр ах нь хоёулаа хөдөлмөрийн баатар, нэг нь Даш гэж хүн байсан. Нөгөө нь манлай уяач Мөнхийн Данзанням гэж хүн байлаа. Түүний хүү нь Данзаннямын Даваахүү гэж уяач байна. Тэр хүний аав, манай ээж хоёр төрсөн ах дүү нар. Манай аав ганц хундага татаад ирэхээрээ сайхан дуулдаг гэж нутгийнхан ярьдаг. Аавынхаа дуулж байсныг одоо бодохоор алиа марзан дуу дуулж байсан санагддаг юм. Ээжийн талынхан уртын дууг их сайхан дуулна” хэмээн хуучиллаа.

Тэрээр ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн удирдлаган дор таван жил сурч төгсжээ. 2002 онд дуурийн театрт ангиараа уригдан очиж, тус театрт гурван жил ажиллаж байсан гэнэ. 2003 оноос эхнэртэйгээ хамтарч дуулснаар чөлөөт уран бүтээлч хэмээх тодотголтой явах болжээ.

Тэрээр том хүү Х.Болдбаатар нь цэргээс халагдаж ирсэн бөгөөд намраас их сургуульдаа сурах гэнэ. Бага хүү Х.Банзрагч нь цэцэрлэгт явдаг байна. Тэрээр би том хүүгээ эх орондоо үүргээ хүлээж цэрэгт явах хэрэгтэй гэдэг үүднээс явуулсан. Дээр үед хүмүүс цэргийн албанд хүүхдээ явуулах дургүй байлаа шүү дээ. Надад ч цэрэгт явах боломж гараагүй юм. Тэр үүднээс хүүгээ Дорнод аймгийн Халх голд цэргийн алба хаалгуулсан хэмээв.

“Хурим гэдэг хүний амьдралын хамгийн нандин дурсамжтай үе байдаг шүү дээ. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулах гоё юм болов уу гэх үүднээс компаниа нээсэн. Ноднин хоёр гурван хүний хуримыг зохион байгуулсан. Ажлууд маань ар араасаа хөврөөд л явж байна. Наадайн шүлэг, Энхбаярын хөгжим Сүүн цагаан хурим” дууг бид хоёр дуулсан. Яруу найрагч, зохиолчдын зүгээс энэ дууг эзэн нэртэй болгомоор байна гэсэн санал тавьсан л даа. Оюуны өмчийнх нь дагуу энэ уран бүтээлийг бид эзэмшиж байгаа. Хүний оюуны бүтээлийг үнэлж барахгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд бид үнэлж авсан. Энэ дууныхаа нэрийг компанидаа өгөх зөвшөөрлийг аваад компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлэн ерөнхийдөө ажлууд маань жигдэрч байна даа” хэмээн гэрийн эзэн тодотгож байлаа.

Гэргий анх танилцсан үеэ дурсахдаа “Би Хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсөөд СУИС-д элсэн ороход Хишгээ төгсөх курс байсан юм билээ. Би оюутан байхдаа ерөөсөө Хишгээг харж байгаагүй. Ангийнх нь Мэнгэтэй Ариунбаатар ах, Парадогийн Булгаа ахыг таньдаг л байсан. Хишигбаяр төгсөөд дуурийн найрал дуунд ажиллаж байсан юм билээ. Нэг өдөр Морин хуур наадамд “Санах уу” гээд дууг МУГЖ Түвшинтөгс ахтай хамтарч дуулах уу гэдэг санал хөгжмийн зохиолчоос ирдэг юм. Мэдээж би шууд зөвшөөрсөн. Оюутан хүүхдэд гавьяаттай дуулна гэдэг маш том боломж байсан. Залуу уран бүтээлчдэд өөрөөсөө илүү амжилттай яваа дуучидтай хамт дуулна гэдэг бол томоохон боломжоос гадна тэр мундаг хүмүүсээс суралцах зүйл их байдаг. Би тухайн үед С.Жавхлантай хамтраад хоёр, гурван дуу дуулчихсан байсан. Хүмүүс намайг хальт л мэддэг байсан л даа. Ингээд “Морин хуур” наадамд оролцох гээд дуурь дээр бэлтгэл хийхээр болсон юм. Түвшээ ах дуурийн гоцлол дуучин байсан болохоор тэр бүр орж ирж бэлтгэл хийх боломжгүй. Харин Хишгээ тэр дууг нь сурчихсан байсан л даа. Ингээд Түвшээ ахын дубляр нь болоод надтай дуулж, бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэр үед би найрал дууны ийм залуу байдаг юм байна гэж бодчихоод л нээх анзаараагүй өнгөрсөн. Морин хуур наадам өвөл болдог. Тэгтэл хавар нь Хишигбаяр над руу залгаад хоёулаа хамтарч дуулах уу гэсэн санал тавьснаар Оюун гуайн шүлэг, УГЗ Г.Сэр-Од багшийн маань аялгуу “Холын хүн хүлээх сайхан” нэртэй дууг анх дуулж байсан. Түүний дараа “Зүрхний бяцхан шувуухай”, “Марал буусан шөнө” дуунуудыг дуулсан даа. Ингээд бодохоор 2002 оны намраас хамтарч дуулж эхэлсэн байгаа юм. Ингэж л хамт уран бүтээлээ хийж эхэлж, нэг л мэдэхэд харцаараа, бүх л зүйлээрээ биенээ мэдэрдэг болчихсон байсан. Бид хоёр хамт байх ёстой хүмүүс юм байна гэдгээ ойлгосон доо. 2005 онд бид хоёр нэг гэрт орж байлаа” хэмээн дурсамжаа сөхөн хүүрнэлээ.

Гэргий Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн гэнэ. Сумандаа 10 жилээ төгсөж, Хөгжим бүжгийн сургуульд элсэн оржээ. Багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байж. Мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог доо хэмээн хэлж байв. Гэргийн аав нь сүүний заводод ажиллаж байгаад сүүлд сургуулийн няраваар олон жил ажиллаж байсан аж. Тэрээр миний аав хачин гоё дуулдаг байсан. Тэр үед дуулсан дууг нь хальсан дээр буулгаж авч чадаагүй л дээ. Кассетэн дээр аав дуулаад бичүүлчихсэн байсан. Гэхдээ хадгалж үлдээж чадаагүй. Манай ээж ч мөн адил гоё дуулна. Хоёр талдаа л урлагийн хүмүүс байсан. Аавын маань төрсөн дүү дуу хөгжмийн багшаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Харин ээжийн минь төрсөн дүү драмын театрын захирал Цэрэнсамбуу гэж хүн бий. Удамд маань урлагийн хүмүүс олон бий хэмээн аав, ээжийнхээ талаар дурссан юм.

Тэрээр үргэлжлүүлэн “Би айлын ганц охин. Ээж маань намайг бага байхад хүнтэй суухаар өгнө гээд дээр үеийн Оросын хоёр хоолны сав хадгалдаг байсан. Намайг хүнтэй суухад өгч, одоо ч би хэрэглэдэг. Бага байхдаа ээжтэйгээ юм их оёдог байсан. Тэр үед хэрэглэж байсан оёдлын машин манайд байдаг байлаа. Сүүлд ээж шинэ оёдлын машин надад авч өгсөн” хэмээн ярив.

Биднийг яриа хөөрөө дэлгэх зуур кофе шопоор үйлчлүүлж буй хүмүүс ихэвчлэн notebook дэлгэн ажлаа хийж, ном уншаад сууж харагдана. Гэргийн чангахан инээх бидний яриаг инээд хөөртэй болгож байлаа.

Д.Хишигбаяр “Бид хоёр нэг удаа тайзны ард маргалддаг юм байна. Тэгж байтал зарлагдаад тайз руу гарах болж байгаа юм. Тайзан дээр гарчихаад зрителл рүү хоёр тийшээ хараад зогсоод дуулах утгагүй. Ингээд л эхний бадгаа дуулаад эхнэр лүү гээ харлаа, манай хүн чив чигээрээ харж дуулж байгаад дуусгаж байсан даа. Ингээд л тайзнаас буугаад бие бие рүүгээ инээгээд зогсож байх жишээтэй. Дуу гэдэг ийм л сайхан зүйл шүү дээ” гэв.

Д.Хишигбаяр өөрийн өрөөнд залсан бурхан багшийн зургийг заагаад “Би тэр жил Далай багшийн гурван өдрийн сургаалд суусан юм. Манай Сүхбаатарын талбай шиг том том талбай хэд хэдийг засчихсан. Далай багш сэнтий дээрээ суугаад дэлхийн буддын шашны лам хуврагууд хажууд нь суучихдаг юм билээ. Хутагт хувилгаанууд ч сууж байна. Нүсэр болдог юм билээ. Далай багш жилийн турш хийсэн ажлынхаа талаар тайлангаа тавьдаг юм билээ. Тэнд өргөл барьц барьж байгаа хүмүүс өдөржингөө үргэлжилсэн. Их сонирхолтой санагдаж байсан даа” хэмээн хуучиллаа.

Биднийг ярьж байх зуур Р.Дэлгэрмаа өөрийн гараар хийсэн бялуугаа авчрав. Кофе шоп ажиллуулж байхад өөрөө олон зүйл хийж сурдаг юм байна. Бүх зүйлийг өөрөө хийж сурч байна даа. Гадаадын орнуудаар аялаад явж байхад ямар нэгэн хоолыг Хишгээгээс өмнө би амсаж үзнэ. Энэ идэж болохоор юм байна. Энэ дэмий юм байна гээд л Хишгээд хэлнэ шүү дээ” хэмээн тэд инээлдэв.

Удахгүй шинэ бүтээлээрээ үзэгч, сонсогч түмэнтэйгээ уулзана гэдгээ тэд дуулгав.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Т.Баасанхүү: Наадамчин олноо л баясгаж барилдах чухал

Бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой-Монгол бөхийн баярын хүндэтгэлийн ёслол энэ сарын 19-нд болох гэж буй билээ. Сүүлийн жилүүдэд Төрийн наадмын түрүү үзүүрийг голдуу аваад байгаа тус галын бөх, уран хурц, дайчин барилдаант улсын харцага Төрөөгийн Баасанхүүтэй ноднин жилийн наадмын өмнөхөн хөөрөлдсөн ярилцлагыг уншигч олноо толилуулж байна. Монгол бөхийн сүлд хийморь та биднийг ивээг!


-Таны төрж өссөн өлгий нутаг Увс аймгийн Тус сумыг хамгийн олон улсын цолтонтой сум гэдгээр нь андахгүй. Та аль багийнх нь хүү вэ?

-Улсын цолтой 15 бөх бий. Үнэхээр бахархмаар шүү. Байгаль газарзүйн онцлог, удам гарвалтай нь холбоотой байдаг биз ээ. Манай сумын эрэгтэй хүүхэд бүр барилдана. Эр унага гарвал хурдан болно гэж бэлгэшээнэ. Эрт дээр үеэс эхтэй энэ сайхан нандин уламжлалыг бидний хэдэн залуус тасалдуулахгүй шүү гэж хичээж явна. Манай сум 11 багтай. Манай баг Увс нуурынхаа хөвөөнд байдаг нэгдүгээр баг л даа. “Нуур” баг гэж нэрлэдэг.

-Танай “Нуур” багаас ямар бөхчүүд төрөн гарсан бэ?

-Манайхаас улсын заан Д.Бумбаяр багш байна. Улсын начин Д.Нэгдэл гуай байна. Түүний хүү, улсын заан Д.Жаргалбаярыг үзэгч олон андахгүй. Надтай нийлээд манай баг улсын дөрвөн цолтонтой юм байна аа.

-Увс нуурын хөвөө, Тэсийн голын хөндий бол байгалийн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай гэдгийг хүмүүс мэднэ. Энэхүү цаг уурын ширүүн нөхцөпд өсч торнисон хүмүүс мэдээж өлчир чийрэг байж таарна. Багадаа дээрх бүхэнд умбаж, ундарч өссөн биз?

-Багаасаа л хөдөөний хүүхдүүдийн адилаар аав, ээжийнхээ ачлал сургаал дор мал ахуйтай зууралдаж, байгалийн эрс тэс нөхцөлд “ургаж” өссөн дөө. Аав, ээж хоёр маань малч удамтай. Манай баг нуурынхаа хөвөөнд байдаг болохоор тун хүйтэн. Тэр их хүйтэнд өлчиржиж, тэсвэр тэвчээртэй болж өссөн байх аа. Хар багаасаа л унага даагатай ноцолдсон доо. Эмнэг хангал сургаад л. Адуу малаа эргүүлнэ. Бугуйлдана.

-Тэсийн хар бугуйл гэж алдартай шүү. Хэр бугуйлч байв даа?

-Манай нутгийн Тэс хар сур алдартай шүү. Шар үхрийн зооны арьсаар хийнэ. Элдэж чийгийг нь гаргаад эр хар сур болгоно доо. Үүнийхээ эзэн болж явна гэдэг бас амаргүй ээ. Энэ бүхэн бас л биднийг тэсвэртэй, уян хатан аливаад шантрахгүй, эрэмгий болгодог гэж боддог юм.

-Бас морь уралдуулж байсан уу?

-Би багадаа жинтэйдээ ордог, махлагдуу хүүхэд байсан болохоор айхавтар их уралдааж байгаагүй. Хэсэг хугацаанд л унасан.

-Бөх болох анхны гараа тань хаанаас эхэлсэн бэ?

-Хамгийн анх 2003 онд 13 настай байхдаа сумынхаа хүүхдүүдийн өсвөрийн барилдаанд барилдсан юм. Би хонь хариулаад л голдуу гэртээ байдаг байв. Овооны наадам энэ тэрд ер явдаггүй л дээ. Ахыг маань аймгийн арслан Т.Мягмаржав гэдэг. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн хоёрдугаар курсын оюутан байсан үе нь л дээ. Овооны наадамд барилдахаар ирэв. Би ахыгаа хэрхэн барилдахыг харах гэж ааваасаа гуйж шаллаа даа. Аав дургүйвтэр байснаа зөөлөрч намайг аваад явлаа даа. Бөөн баяр хөөр. Очтол 13 наснаас доош 32 хүүхэд барилдуулах сураг сонсов. Ахиад л аав, ах болон манай багийн нэг ах нараасаа намайг бүртгүүлээд өгөөч гэж гуйлаа даа. Аав бүртгүүллээ. Нэг дээлийн бүс зангидаж аваад л өмдтэйгөө гараадхав. Тэгээд өсвөр үеийн тэр барилдаанд түрүүлчихдэг юм даа. Анх удаа алтан медаль зүүж үзээд л, барилдах дур сонирхол төрж байна гэж жигтэйхэн. Бөхийн гараа минь ингэж л эхэлсэн хэрэг.

-Үүнээс хойш урам ороод бөхийн замаар шуударсан байх нь ээ?

-Энд тэнд очиж барилдах хүсэл улам оргилсон. Зурагтаар гарч буй бөхийн барилдааныг алгасахгүй үзээд л. Бөхийн холбогдолтой ном, сонин эргүүлж шимтсэн гэж жигтэйхэн.

-Анхны бөхийн багш тань хэн билээ?

-Аймгийн арслан Ю.Баттогтох гэдэг ачтан бий. Хүмүүс Батуункаа гэхээр андахгүй ээ. Улаангомын “Улаан гуталт” дэвжээг байгуулсан хүн.. Бөхийн ертөнцийн анхны “А” үсгийг зааж өгсөн юм.

-“Улаан гуталт” улсын начин Цэрэндорж гэдэг Тэсийн алдарт бөх байсан шүү дээ. Энэ хүний алдар хочоор дэвжээгээ нэрлэж дээ?

-Тийм. Багаасаа хоёр ахынхаа дэргэд тэрсхэн өссөн маань мэдээж бөх болоход зайлшгүй нөлөөлсөн. Том ах Т.Даваажав маань 1997 онд сумын заан болж байв.

-Дараагийн ах Т.Мягмаржавтайгаа аймгийн наадамд үзүүр түрүүнд үлдэж байсныг тань сонссон л доо?

-Бид хоёр аймгийн наадамд 2009 онд үзүүр түрүүнд үлдэцгээсэн. Ах түрүүлж, би аймгийн заан цол хүртсэн.

-Аймгийн наадамд, ялангуяа олон бөхөөрөө алдартай Увс аймгийн наадамд ах дүү хоёр үзүүр түрүү булаалдахаар үлдэнэ гэдэг ховор тохиолдол байх аа?

-Тийм болов уу.. Баянхонгор аймагт ах дүү хоёр үлдэж байсан юм билээ. Би ахтайгаа үлдэнэ гэж ерөөсөө бодоогүй.

-Та хоёр “яс” үзсэн үү?

-(инээв). Тэгэлгүй яахав. Ах маань өмнө жил нь үзүүрлэчихсэн байсан л даа. Тэр үед бид хоёрын хэн нь түрүүлж арслан авах вэ гэдэг л барилдаан болсон. Ах туршлага зааж намайг давсан даа.

-Харцага маань багаасаа самбо, жүдогоор амжилттай барилдаж байсан юм байна лээ. Энэ бүхэн тань бас л Ю.Баттогтох багштай чинь холбоотой биз?

-Яг тийм. Багш маань самбо, жүдогийн бөх л дөө. Намайг энэ төрөлд суурьтай болгосон. Би анх 2005 онд хотод 16 настайдаа орж ирсэн юм. “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэхдээ Энхбаяр багшид шавиар орсон. Хоёр жил түүний удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж сайжирсан. Хавар болонгуут би гэр рүүгээ мал төллүүлэхээр явдаг байсан юм. Нэг жил нь “Улаангом” коллежид суралцаж төгссөн. Тэндээсээ ирээд Энхболд багш дээрээ ахиж бэлтгэл хийх болсон.

-Тэгээд л улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлж эхэлсэн үү?

-Самбын залуучуудын улсын аваргаас мөнгө, жүдогийн оюутны “Golden score” тэмцээнээс ч медаль хүртээд л.. Дээрх төрлүүдээр дажгүй барилдчихдаг байлаа. Үүний хамтаар үндэсний бөхийнхөө бэлтгэлийг улсын заан Д.Бумбаяр багшийнхаа “Алдартан” дэвжээн дээр базааж эхэлсэн. Өдөрт хоёр удаа хийнэ. Загнуулж зэмлүүлэх, урамшуулахын хооронд их зүтгэсэн дээ. (инээв). Тэгж байтал үндэсний бөхөөр барилдах нь надад амттай санагдаж эхэлсэн. Бумаа багш маань одоо болтол алдаа оноог минь хэлж, зааж зөвлөсөөр явна.

-Аймгийн арслан цолыг хэдийд хүртсэн билээ?

-Аймгийн заан болсныхоо дараа жил улсын наадамд аймгийн хурц арслан Гантулгад тавын даваанд шорооддог юм байна. Түүний дараа жил буюу 2011 онд Сүхбаатар аймагт дахин үзүүрлэж аймгийн заан цолоо баталж байлаа. Ийнхүү барилдсаар 2012 онд Өмнөговь аймгийн наадамд зодоглон түрүүлж аймгийн арслан болж билээ.

-Хэнийг хаяж түрүүлсэн билээ?

-Одоогийн аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбатыг хаяж түрүүлсэн. Бас л удамтай сайн бөх л дөө.

-Улсын наадамд тэр жилдээ зодоглосон бил үү?

-Аймгийн арслан болж ирээд улсын наадмын дөрвийн даваанд өвдөг шороодсон. Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 7, 8-нд болсон хэрэг.

-Улсын наадамд хэнд өвдөг шороодчихов?

-Улсын гарьд Н.Ганбаатарт. Тэр үед яарч барилдсан тал бий. Ухасхийгээд л элэг бүсийг нь авлаа. Хонгодох гээд түрэхэд урдуураа хөл тавиад гүйлгэчихсэн юм.

-Манай бөх сонирхогчид үе үе болдог бөхийн барилдаануудад Т.Баасанхүү харцага барилдах болов уу гэж хардаг болжээ. Өөрөөр хэлбэл уран хурц, дайчин барилдааныг үгүйлдэг үзэгчдийн хүсэл таашаалыг та үнэхээр төрүүлж байна л даа. Бие жижиг гэхгүйгээр өөрөөсөө харьцангуй том бөхчүүдээс халирахгүй эн тэнцүү өрсөлддөг, давдгийг тань үнэхээр ойшоодог шүү?

-Баярлалаа. Над шиг бие жижиг хүн том биетэй бөхчүүд шиг барьц сонгох, золгох дээрээ тулбал үнэхээр хэцүү. Тийм учраас өөрт буй боломж мэхээ бүрэн дүүрэн ашиглая гэсэн эрмэлзэлтэй барилддаг. Хүн нэг мэх хийхэд би гурван мэх хийж байж давах нөхцөл байдалд “гялалзуулах”-аас өөр аргагүй (инээв).

-Том биетэй бөхчүүдтэй барилдахад таны хувьд дөхөм байх шиг санагдах юм?

-Тийм гэж болно. Ер нь би шийдсэн мэхээ зоригтой л хийнэ дээ гэсэн бодолтой дэвжээн дээр гардаг. Биеэр давамгай бөхчүүдийн “илүү”-г нь сул тал болгон хувиргаж барилдах гэж хичээдэгт миний онцлог бий байх. Мэдээж бэлтгэл сайн хийж, хурд хүч тэнцүү байх нь чухал. Мэхний олон хувилбартай, тэсрэлттэй байж л даваагаа авдаг. Уяад зогсоод байх нь надад ерөөс таардаггүй юм.

-Та шилдэг бөхчүүдийг бүгдийг нь давж үзсэн бөх. Үүнд хүрэхийн тулд асар их бэлтгэл хийж таарна аа даа?

-Сайн бөхчүүдийн хэмжээнд очиж барилдана гэдэг надаас асар их бэлтгэл, уйгагүй зүтгэл шаарддаг. Би ч ерөөс шантардаггүй. Хүчний бэлтгэл, барилдааны бэлтгэл хоёроо зөв хослуулахыг эрмэлздэг.

-Дээхнэ үед уран барилдаант улсын заан Ө.Тулгаа, дараа нь эдүгээгийн дархан аварга А.Сүхбат гээд л үзэгч олны хайртай бөхчүүд байлаа. Эдүгээ тэдний барилдааныг та санагдуулах нь бий. А.Сүхбат аварга Цагаан сарын барилдааны үеэр улсын цолгүй бөхчүүдэд “ирээдүйн аваргууд” шагнал гардуулдаг. Та хүртэж байсан байх аа?

-2012 онд А.Сүхбат аваргын гараас энэ шагналыг хүртсэндээ бэлгэшээж явдаг. Ээлтэй шагнал шүү. Хүртсэн бөх бүр л улсын цолд хүрчихээд байгаа. Тэр жилдээ л бараг улсын цол авчихдаг юм байна шүү. Аваргын хийморь сүлд нь ивээдэг гэдэгт итгэдэг. Дээрх хүчтэнүүдийн барилдааныг шимтэн үзэж, шүтэн биширч өссөн дөө. Намайг хүүхэд байхад “Зургаан залуу заан”-ы эрин үе байлаа. Тэдний барилдааныг хар зурагтаар ямар их догдлолтойгоор үздэг байсан минь одоо ч тодхон байна. А.Сүхбат аваргыг зодог тайлахад дагаад уйлсан даа. Энэ зургаагийн нэг болох хүчит арслан, нутгийн ах Б.Ганбатаар начин болсон маань сайхан санагддаг.

-Улсын начин цол хүртсэнээс хойш гурван жилийн дараа та улсын харцага цол хүртсэн. Цолоо ахиулахад тань таны фэнүүд баяртай байсан шүү. 2014 онд аймгийн арслан Еркебулантай гурвын даваанд таарч унасан байх аа. Энэ барилдаан мадагтай болсон санагддаг?

-Тийм ээ. Намайг элэг бүсээ тайлаагүй байхад хөлийн цэцийн шийдвэрээр малгайг нь өмсгөөд давсан гээд явуулчихсан.

-Дараа жил нь..?

-2015 онд Дундговийн Э.Дашид унасан. Гурван аймгийн арслангаас буюу О.Хангай, Ч.Ганзориг, Э.Даш гурваас ам авсан юм.

-Яагаад Дашийг амласан юм бэ?

-Анхны жилдээ барилдаж буй болохоор нь хүч сорьё гэсэн бодол төрсөн юм.

-Ийнхүү явсаар 2016 онд харцага цол хүртсэн. Энэ үеийн дээгүүр барилдаанаа дурсах уу?

-Тавын даваанд ам авахаар очлоо. 1024 бөх барилдсан болохоор олон бөхөөс ам авч таарна гэж бодохгүй юу. Гэтэл өмнөх жилийнх шиг гурван бөхийн нэр сонсогдож байна.

-Хэн хэн билээ?

-Д.Анар, Ш.Мөнгөнбаатар, Л.Лха-Очир нар байна. Эдүгээгийн улсын начин Д.Анар маань тэр үед аймгийн арслан байв. Хоёр аймгийн арслангаас нэгийг нь аваад яах вэ гэж бодлоо. Ямар цолгүй байж үзээгүй биш. Нэгэнт улсын начин болчихсон тул Л.Лха-Очирыг авъя даа гэж шийдэв.

-Эр хүний хувьд ууч сэтгэл гаргаа юу даа?

-Энэ хоёрын хэн нь ч давсан нэг нь зайлшгүй цолд хүрнэ. Дахин начингийн босгонд хүрэх хэцүү шүү дээ. Адилхан боломж л олгосон юм. Нэг нь Л.Лха-Очиртой таараад уначихвал хоёулаа цолгүй хоцрох варианттай гэсэн үг. Бас барилдаан таарахын хувьд Л.Лха-Очир боломжийн санагдсан. Золгоод гар дээр нь дарлаа. Өндийгөөд суганд сэжих гэхээр нь хутгачихсан юм.

-Харин зургаагийн даваанд яаж ам авсан бэ. Шинэ начин цолтнууд олон байсан биз?

-Тийм. Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Анар, Ч.Хөх-Чирэнгэр, Амарсайхан нарын таван аймгийн арслангаас багш нарынхаа зөвлөсний дагуу барилдаан таарна гэж үзээд Булганы Д.Амарсайханыг авсан юм. Нэлээд хөдөлгөж барилдаад давуулж хутган харцага цолоо хүртэж билээ.

-Багш нар чинь юу гэж зөвлөсөн бэ?

-Тухайн үед Бумаа багш, Цэрэнхүү багш, Ганбаа багш (арслан) нар маань өөртөө таарах, хаях бөхөө л амлаарай, эргэлзэж хэрэггүй гэсэн юм.

-Ноднин жилийн хувьд үзэгч олон таныг санасан хэмжээнд барилдсангүй, заан цол хүртэх байх гэж таамаглаж байсан л даа?

-Ноднингийн хувьд бэлтгэл сургууль бүр ч тааруу байгаагүй л дээ. Барилдааны явцад хуруугаа эргүүлээд гэмтээчихсэн. Золгоон дээрээс Б.Серикийг хаяж чадаагүй. Шодсон чинь түүний талаар барьц сонгож барилдах болсон хэрэг.

-Урагшаа гишгэж барилддаг тань таны онцлог байх аа?

-Ер нь урагшаа гишгэж, санаачилга гаргаж барилдана л гэсэн зорилго өвөрлөдөг. Хийе гэж бодсон мэхээ хийж чадахгүй унавал дараа нь харамсахад хүрнэ. Ийм байдалд хүрэхгүй гэж л зүтгэдэг.

-Таны үндсэн буюу дархан мэх гэвэл аль нь вэ?

-Надад тогтсон дархан мэх гэж байхгүй гэж болох юм. Аль болох мэхийн олон хувилбар гаргахыг хичээдэг. Мордоо, хутгааг дөмөгхөн ороод ирвэл хийчихнэ. Цаашилбал тахимдах, этэх, дунгуйлдаж татах гээд тухайн үеийн барилдааны явцаас шалтгаалж хийчихдэг юм. Тохироо нь бүрдвэл ямар ч мэхийг хийж болно. Манай Увсын бөхчүүд бусгахдаа гаргуун шүү. Үүнийг ч хийдэг. Дээхнэ үед Л.Цэвээн начин, Бумаа багш маань сайн хийдэг байсан.

-Санаанаас гардаггүй ямар барилдаан байдаг вэ?

-Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Эрдэнэт хотод болоход аймгийн заан цолтой байхдаа очиж зодоглосон: Бумаа багш маань “Миний хүү очиж сайн барилдана шүү” гээд намайг авч явсан. Очоод барилдлаа. Гурвын даваанд багш намайг амлаж “Сайн барилдаарай” гээд тахимаа өгөв. Наймд үлдээд эдүгээгийн гарьд Рагчаа заантай барилдсан. Сэнжиг аваад “маниулдах”-д нь араар нь хашиж давсан. Шөвгийн найман бөхийн зургаа нь улсын заан, нэг нь улсын харцага, аймгийн заан цолтой ганц бөх нь би байв. Шөвгийн дөрөвт Ц.Мягмарсүрэн заан Д.Амгаланбаатар зааныг амлаж би М.Өсөхбаяр заантай тунав. Тэр үед би ийм өндөр цолтой том бөхчүүдтэй барилдаж үзэх гэсэн мөрөөдөлтэй байлаа. Даваад үзэхсэн гэх эрмэлзэл ч цээжин дотор уугьж байсан үе л дээ. Мөрөөдлөө биелүүлж Өсөхөө зааныг золгонгуут хутгачихсан юм даа.

-Өөрөө аймгийн заан цолтой, улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд дөрвөн зааныг орхино гэдэг ховор тохиолдол болсон байна шүү?

-Тийм. Үнэхээр бэлгэшээлтэй санагдаад л. Ёстой гоё санагдаж байсан. 2011 онд л доо. Долоон жилийн өмнөх барилдаанууд шүү дээ. “Хангарьд” спортын ордны үзэгчид дэмжиж уухайлаад л.

-Таны бөхийн замналын амжилт, өсөлт хөгжилтөд яах аргагүй “Увс нуур” гал нөлөөлсөн. Энэ талаар ярих уу?

-Манай галын үүсч хөгжсөний 20 жилийн ой эдүгээ тохиож байна. Би анх 2010 онд энэ галдаа харьяалагдан өөрийн амжилтаа үзүүлж явна. Найман жилийн хугацаанд багш, дасгалжуулагч нарынхаа удирдлага дор, улсын цолтой бөхчүүдийнхээ нөмөр нөөлөгт үеийн сайхан залуустайгаа цуг өдий хүртэл нэгэн сэтгэлээр зүтгэж яваадаа их баяртай байна. Миний алдаа, оноог минь манай гал л юун түрүүнд засч залруулж байдаг. “Увс нуур” гал өндөр зохион байгуулалттай, хоорондоо нэгдэж чаддаг, бие биеэ ямагт дэмждэг, хүчирхэг гэдгээрээ бусад галаас ялгардаг. Эдүгээ манлайлж яваа улсын наадамд түрүүлсэн аварга, арслангууд, гарьд, заан, харцагуудтай цуг бэлтгэл хийж байгаа нь миний хувийн амжилтад маш сайнаар нөлөөлдөг. Галын тэргүүн, гүйцэтгэх захирал болон нутгаа, монгол бөхөө гэсэн сэтгэлтэй нутгийн бизнесмэнүүд, бөхийн зүтгэлтнүүдийнхээ ачаар ар гэр, элдэв зүйлд санаа бодол сарнилгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн наадмын бэлтгэл хийдэг “Харзтай” амралтын газар маань байна. Ялангуяа олон улсын мастер тогооч Дээгий (Дэлгэр) эгчийнхээ гараас сэтгэл шингэсэн хоолыг нь хүртсэн бөх бүр өндөр амжилтад хүрч, цол авч байна. Хүн бүрийн сэтгэл зүрх цуглаж байж ойрын хугацаанд улсын наадмын дөрвөн түрүү, хоёр үзүүрийг авч аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд төрлөө шүү дээ. Үүгээрээ үндэсний бөхийн хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа гэж боддог.

-Дашрамд өгүүлэхэд Ч.Санжаадамба аваргаас эхлээд олон сайчуулыг та өвдөг шороодуулжээ. Өрсөлдөгчийн хувьд юу өгүүлэх вэ?

-Бидний даваа унааны тоо хавилцуу байх. 2016 онд Ч.Санжаадамба аварга намайг долоогийн даваанд амлан авч хаяж байсан. Харин тэр жилийн Цагаан сарын барилдаанд би хаяж байсан юм байна. Харин үүнээс хойш барилдалгүй байсаар оны өмнөх Ерөнхийлөгчийн цомын барилдаанд намайг зургаагийн даваанд амлан авч өвдөг шороодсон.

-Тэр барилдаанд та түрүүлсэн л дээ. Үзэгчид аваргыг Баасанхүүд унаад гарших нь ээ гэх нь чих дэлсч байсан?

-Унаж хаядаг нь бөхийн, тамирчны өдөр бүр тохиолддог зүйл. Тухайн өдрийн барилдаан, бэлтгэл сургуулилтаас ихээхэн хамаарна.

-“Монос” группийн ойгоор та Архангайн хүчтэн Р.Пүрэвдагва арсланг мөн хаяж түрүүлсэн шүү дээ?

-Арслан болсон жил нь би тэр барилдаанд хаясан. Том цолтнуудтай эн тэнцүүхэн барилдахыг л хичээдэг. Тамирчин хүний зан шүү дээ.

-Архангайнхан нэгэн үе, Говь-Алтай, Увс, Ховдынхон гээд л үе үеэрээ төрөн гарч ирж байна. Энэ талаар?

-Тий шүү. Өрсөлдөөнийг сайхан болгож байна. Ховдын Пүрэвсайхан бид хоёр гэхэд л 1989 оны арванхоёрдугаар сард ойролцоо төрсөн хоёр доо. Сайхан нөхөрлөж явдаг. 2009 онд бид хоёр цуг аймгийн заан болж байсан юм. Б.Пүрэвсайхан Ховдод, би Увсад үзүүрлэсэн хэрэг. Бид хоёр аймгийн заан болохоосоо ч өмнө өсвөр үеэс эхлэн барилдсан өрсөлдөгчид. Нэгэн үеийн сайхан найзууд. Араас нь О.Хангай, Б.Бат-Өлзий нар гараад ирлээ. Ер нь бөхчүүд бид энэ тэр аймаг гэлтгүй хоорондоо сайхан нөхөрлөдөг. Барилдаан дээрээ харгүй шударга үзчихнэ. Төрийн баяр наадамд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж барилддаг, нутаг усаа дуудуулдаг. Энэ өрсөлдөөн баяр наадмын жинхэнэ цэнгэл болдог. Амьдрал дээр бид чинь бие биедээ их элэгтэй. Инээж хөгжөөд л явдаг. Эрчүүдийн нөхөрлөл уудам шүү дээ. Наадамчин олноо л баясгаж барилдах чухал.

Ярилцсан Битогтохын ЦОГНЭМЭХ

Categories
мэдээ цаг-үе

А.Цанжид: Монголчууд төрт ёсны түүхээ одоогийнхоосоо мянган жилээр урагшлуулах учиртай

Монгол Улсын Боловсролын сайд асан, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидтай уулзаж хөөрөлдлөө.


-Та одоо ямар ажил эрхэлж байна. Энэ он гараад шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа гэв үү?

-Би ерөнхийдөө эрдэм номын ажил эрхэлж байна гэх үү дээ. Монголын төрт ёс сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. Орчин үед төрийн тухай асуудал их чухал болоод байгаа. Яагаад чухал вэ гэхээр нэг талаас төрийг бэхжүүлэх шаардлага их гарч байна. Дэлхий дахин даяаршиж байна. Дэлхийн янз бүрийн санхүү эдийн засгийн байгууллага ч гэдэг юм уу, эсвэл төрийн бус байгууллага, үндэстэн дамнасан корпорациуд зэрэг олон янзын байгууллагууд жижиг улсын төрд нөлөөлөх явдал үзэгдэх боллоо. Нөгөө талаас, манай улсад төрд ажиллаж байгаа улсын олиггүй байдлаас болон төрийн нэр хүнд унаж доройтож байна. Төр гэдэг үндсэндээ Монголын тусгаар тогтнол гэсэн үг. Аливаа улс газар нутагтай, ард түмэнтэй, төртэй байж байж тусгаар улс болно. Манайхан одоо энэ олиг муутай улсыг төр гэж бодчихоод цаана нь тусгаар тогтнол маань байгаа шүү гэдгийг ухамсарлахгүйгээр төрөө хэтэрхий муулах, үзэн ядах хандлага их гарч байна. Гадаад, дотоодын энэ хоёр хандлага манай улсын хувьд аюултай байж магадгүй юм. Тийм учраас төрийг бэхжүүлэх, төрийн ажлыг сайжруулах, төр ард түмний холбоог бэхжүүлэх, төр аливаа шийдвэрийг гаргахдаа ард түмний дуу хоолой, санаа бодлыг сонсдог болох талаас сүүлийн хориод жил судалгаа хийлээ.

-Молор-Эрдэнэ доктор зэрэг Монгол ямар юмных нь төртэй байсан юм бэ гэж үндэстнээ дооршаах хүмүүс олширсон. Гэтэл АНУ-ын эхний ерөнхийлөгч нараас авахуулаад одоогийн ерөнхийлөгч Д.Трамп хүртэл Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний төрийн бодлогыг судалж байдгаа илэрхийлсэн байдаг. Монгол төрт ёс гэж ер нь байв уу?

-Хүн хүний үзэл бодол өөр. Судлаач, эрдэмтэн улсын судалгааны чиг хандлага өөр өөр байдаг. Миний хувьд бол Монгол Улс бол нэн эртний төрийн уламжлалтай улс юм. Одоохондоо Хүннү монгол угсаатай байсан, монгол угсаатай биш түрэг угсаатай байсан гэж эрдэмтдийн дунд маргаан байдаг. Гэхдээ түүхэн баримт сэлтийг ажиглахад ямар ч байсан Хүннүгийн монгол, түрэг угсаатан холилдон аж төрж, Хүннүгийн харьяанд явж байсан юм шиг байдаг юм. Энэ нь тэр үеэс Монголд уламжилж ирсэн маш олон уламжлалаар батлагддаг. Мөн монгол, түрэг хоёр хэлний ойролцоо байдал үүнийг баталдаг. Монголчууд Хүннүгээс уламжлалтай гэж ярих юм бол энэ түүх үндсэндээ гурван мянган жилийг хамарч байгаа юм. Хятадын түүхч Сы Мя Цян Модун шаньюйн аав Түмэн хүртэл хүннүчүүд нэг үе доройтож, нэг үе сэхэж мянган жил болсон гэж түүхийнхээ номонд бичсэн байдаг. Бид Модунь шаньюй хаан суусан манай тооллын өмнөх 209 оноос эхэлж түүхэн тооллоо бичиж байгаа шүү дээ. Гэтэл Модунь шаньюйн аав хүртэл мянган жил болсон гэж Хятадын эртний түүхч биччихсэн байна. Тиймээс бид түүхэн тооллоо сайтар судлан урагшлуулан гурван мянган жил болгох боломжтой. Тэгэхээр монголчууд төрт ёсны гурван мянган жилийн түүхэн уламжлалтай гэж хэлж болно. Магадгүй энэ түүхэн тоолол монгол, түрэг угсааны улс ээлжилж төр барьж байсан байж болно. Гэхдээ Төв Ази, Монголын нутаг дээр оршин тогтнож байсан нүүдэлчдийн улсуудын уламжлал нэг нь нөгөөдөө байнга уламжлагдаж байсан. Адгийн наад зах нь гэхэд аравтын системээр төр улсаа зохион байгуулдаг гэдэг ч юм уу, тэнгэр шүтлэгтэй байсан ч гэдэг юм уу. Энэ бүхэн залгамж холбоотой байсны гэрч. Түүхийн явцад түрэг угсаатан нь яагаад ч юм бэ баруун тийшээ шилжиж, нүүдэлчдийн гал голомтыг монгол угсааныхан сахьж үлдсэн байдаг. Тодруулж хэлэх нэг юм бол төрт ёс гэж юу юм бэ гэдэг асуудал байна.

-Таныхаар төрт ёс гэж тэгээд юу болж таарав?

-Энд би шинжлэх ухааны тодорхойлолт хэлээд яахав. Төрт ёс гэдэг бол ард түмний уламжлал, ой санамжид байдаг тусгаар тогтнолын үзэл юм. Энэ тусгаар тогтнолоо хамгаалахын тулд төртэй байж, төр нь улс орноо хэрхэн авч явдаг байсан тухай ухаан юм. Юуны өмнө төрт ёстой байхын тулд тусгаар тогтносон байх хэрэгтэй. Төрөө сайн авч явдаг төр барих ухаантай байх ёстой. Захиргаа, эрх зүйн уламжлалтай байх ёстой. Төрт ёсоо тээж явдаг, төр барихуйн ухаанаа тээж явдаг төрийн түшмэд, зүтгэлтэнтэй байх учиртай. Тавдугаарт нь, аливаа төрд ёс, ёслол гэж байдаг. Ёс, ёслол бол төрт ёсны чухал төв хэсэг юм байгаа юм. Цаашилбал төрийн хэл, бичиг гэж байна. Энэ бүхэн нийлээд төрт ёсыг бүрдүүлдэг. Төрт ёстой, тусгаар улс байсан ард түмний уламжлал хадгалагдаж үеийн үед дамжиж явдаг. Ийм төрт ёстой байсан улс орон ямар нэгэн байдлаас болж төрийн тусгаар тогтнолоо алдсан ч эргүүлээд төрөө тогтоох магадлал маш өндөр. Яагаад гэвэл ард түмний санаанд тэр үзэл байнга оршдог. Өнөөгийн Израиль улс үүний нэг жишээ. Мянган жилийн өмнө төрт ёстой байсан ч сүүлдээ байхгүй болсон. Хорьдугаар зуунд эргүүлээд улсаа тогтоогоод хэл, бичгээ сэргээж, ард түмэндээ сурган, дэлхийгээр нэг тарчихсан еврей үндэстнээ цуглууллаа шүү дээ. Энэ бол төрт ёсны гайхамшиг юм даа.

-Та бол Монгол Улсын Засгийн газарт төрийн сайдын алба хашиж байсан хүн. Таны харьяалагддаг МАН одоо үнэмлэхүй олонхоор төр барьж байгаа. Олиггүй муу үйл хийж буй төрийн албан хаагчаас болж монгол төрийн нэр хүнд унаж, олон түмэн бүр үзэн ядах ч болж байна гэлээ, та. Ямар олиггүй ажил хийж байгаа нь ажиглагдаа юм?

-Орчин үед хүн сайн ч бай, муу ч бай хууль л байвал хуулийг дагаад бүх юм сайн сайхан болно гэсэн ойлголт байгаад байна л даа. Гэтэл Монголын төрт ёсны уламжлалд төрийн зүтгэлтэн, төрийн бодлоготон гэдгийг бага залуугаас нь эхэлж боловсруулдаг байлаа. Хүнийг ямар нэгэн бичиг үсэгтэй хүнд шавь оруулж, монгол бичгээ заалгаад, Оюун түлхүүр ч гэдэг юм уу Чингис хааны билиг сургаалтай бичиг зохиолыг уншуулаад, төр ийм байх ёстой, төрд алба хаших хүн ийм байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг тархи зүрхэнд нь суулгаад гаргадаг байж л дээ. Бидний одоогийн гол алдаа юу байна вэ гэхээр тийм уламжлал алдагдчихаж. Зүгээр л, дурын 76 хүн мөнгөтэй л бол сонгуулийн кампаниа хийгээд гараад ирдэг болчихлоо ш дээ. Гэтэл, төр-улсыг удирдана гэдэг чинь ялангуяа өнөөгийн нөхцөлд их нарийн. Монгол орноо бүхэлд нь харах билгийн мэлмийтэн байх хэрэгтэй. Тэрнээс гадна нийгмийн амьдралын олон талыг бүхэлд нь харах хэрэгтэй. Аливаа юмны уялдаа холбоог бүгдийг нь харах хэрэгтэй шүү дээ. Монгол орноо дэлхийн тавцан дээр тавьж харж үзэх хэрэгтэй. Уламжлалаа боддог, ирээдүй юу болох гэж байна гэж боддог хүн төрд хэрэгтэй.

-Ээ дээ, таны наад томьёололд багтах төрийн зүтгэлтэн ч үлгэр домогт үлдээ болов уу даа?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаар сүүлийн үед би их яриад байгаа л даа. Энийг өнөөгийн төр засаг нэг их тоохгүй л байх шиг байгаа юм.

-Хүн төрөлхтөн монголчууд биднийг, Монголын төр баригчдыг хүлээлгүйгээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд орохоос аргагүй болчихоод байна шүү дээ?

-Тийм. Тэгэхэд манайхан Хаа ч билээ гээд бодоод байх шиг байна л даа. Өнгөрснөө эргээд харахад 1990 он, 1995 он гэхэд гар утас гэдэг юмыг бүгд л мэдэхгүй шахуу, ер байдаггүй л байлаа шүү дээ. Гэтэл, шинэ мянганы эхнээс гар утас гээч юм нэвтрээд одоо ямар болчихов. Хоёр настай хүүхэд хүртэл гар утсаар олон үйлдэл хийгээд зогсож байна шүү дээ. Тийм учраас дэлхийд яригдаад технологиуд манайд юу юугүй л нөмрөөд ороод ирнэ. Жишээ нь, манай мөнгө төгрөгтэй улсууд чинь робот хүүхэн авчраад буудлынхаа ресепшн дээр суулгана. Жолоочгүй машин авчраад явуулна. Дрон гээч юм амьдралд нэвтрээд ан агнахаас өгсүүлээд хонь хариулахад хүртэл ашиглаж байна. Технологи ингэж хүчтэй нэвтэрч орж ирнэ. Тийм учраас өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн зааг дээр сэтгэх хэрэгтэй гэдэг ийм зүйл байна. Энэ бүх орон зай, цаг хугацааны дотор улс орноо харж бодлого явуулах хэрэгтэй байгаа юм. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс ийм бодлого явуулж чадахгүй. Одоогийн УИХ дотор сууж байгаа улсын зарим нь бизнесийн ухаан сайтай байж болно, зарим нь компьютер техникийн мэдлэгтэй ч байж болно. Гэхдээ энэ мэдлэг төрийг барихад хангалтгүй. Хоёрдугаар шалтгаан юу байна гэхээр манай ерэн оны хувьсгал үе хоорондын хувьсгал болсон. Үе хоорондын тэмцэл маягийн юм болсон.

-За, тэр чинь юу гэсэн үг билээ?

-Наян ес, ерэн онд Социализм ерөөсөө хэрэггүй, капитализмыг байгуулна гэж ярьж байсан хүн байхгүй. Польш, Чехэд тийм бодолтой улс төрийн тэрс үзэлтэн гэж үздэг тийм улсууд байсан. Манайд нийгмийн өөрчлөлт болж эхлэхэд ард түмний дунд ч Төр засгийн эрхийг залуучуудад нэг өгөөд үзье, ахмадууд нэг жолоо бариг гэх мэтээр хөгшин, залуугийн ялгаа гарч эхэлсэн. Тэр үед Ардын нам бол цагаан толгойтой даргатай, өөрөө хөгширсөн нам гэх шүүмжлэл гарсан. Энэ нь манай намын сэтгэл зүйд их нөлөөлсөн. Тэгээд залуу хүнийг л нааш авчирч байвал бөөн бөөнөөр элсүүлж авдгаас тэдний шинж чанар нь ямар байна вэ, эрдэм мэдлэг нь ямар байна вэ тэр бүхнийг тоохоо байсан. Энэ үе хоорондын тэмцэл явсаар байгаад сүүлийн үед бүх зүйл дээр Жараад оныхныг далаад оныхон хална, далаад оныхныг наяад оныхон хална гэсэн давалгаанууд их явсан. Энэ бол улс орон даяар явсан давалгаа. Одоо та боловсролын системд ажиллаж байгаа улсуудыг хар. Асар туршлагатай том профессорууд жаран нас хүрсэн л бол хаягдаад тэтгэвэртээ гарсан. Эрүүл мэндийн салбар мөн адилхан давалгаалсан. Энэ юу болов гэхээр улсын хэмжээнд хашир туршлагатай мэргэжилтнүүд нийгмийг удирдах идэвхтэй хэсгээс хасагдаж, дандаа туршлага муутай, зарим талаар муугаар хэлэх юм бол шунал нь дарагдаагүй хүмүүс улс орон даяар гарч ирсэн. Тийм учраас төр ээлжилж барьдаг хоёр намынхан ялгаагүй гэж яриад байна шүү дээ. Арга ч байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр намын залуучуудыг чинь хоёр өөр хашаанд хашиж байгаад хүмүүжүүлээгүй шүү дээ. Нэг л юманд, Монголын нийгэмд байж байсан. Тийм учраас адилхан зан чанартай. Үүнээс болж л манай оронд системийн гажуудал үүсчихээд байна. Энэ болгоныг Танай нам тийм, манай нам ийм ч гэдэг юм уу Энэ нам нь дээр, тэр нам нь дээр гэдэг байдлаар биш нэлээд ул суурьтай судалж, эрдэмтдээ оролцуулж байж засвар хийхгүй бол болохгүй болчихоод байгаа юм. Ер нь манайханд юмыг өнгөцхөн бодоод буруутгадаг тал их байна. Жишээ нь, боловсролын систем муу байна, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд юу ч чадахгүй байна гэдэг.

-Гадаадад боловсрол эзэмшвэл мундаг л гэдэг болж дээ?

-Гадаадын улс оронд нэг жилийн сургалтын төлбөр гучин мянган америк доллар, эмнэлэг, урлагаар явбал дал наян мянган ам.доллар байна. Манайд сургалтын төлбөр ямар байгаа билээ. Тийм мөнгөөр багш нар нь боловсроод, маш их тоног төхөөрөмж авч тавиад дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлдэнэ гэж байхгүй. Боловсролын салбарын хэрэглэгч нь эдийн засаг, үйлдвэрлэл. Манай эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар их сайн дэлхийн хэмжээний мэргэжилтэн шингээх чадвар алга. Тэр тоног төхөөрөмж үйлдвэрлэл нь байхгүй. Манайд Японы хэмжээний мэргэжилтэн бэлдлээ гэхэд энэ мэргэжилтэн гадагшаа л явахаас дотооддоо хэрэглээ байхгүй гэсэн үг. Тиймээс эдийн засаг, үйлдвэрлэл маань боловсролтойгоо маш их уялдаатай байх ёстой. МУИС төгссөн инженер Японд очиж ажиллан компьютер хийгээд тэрийг нь дөрвөн мянган ам.доллараар зарж эхэллээ гэж хэдэн жилийн ярьж байсан. Манайд тэр компьютерийг хийгээд дэлхийд юм уу, зах зээлд хийх боломж байсан бол тэр хүн эндээ хийж болно оо доо. Энэ бүхнийг бодож тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ард түмэн үндэсний ухаарлаа дээшлүүлэх учиртай. Манайд бүтээгч сайхан залуус бий. Биеийн тамирын тэмцээнээс гадаадаас арав хориор нь медаль аваад ирж байна. Гэтэл олон улсын онгоцонд хүний юм хулгайлдаг хэсэг ч байх жишээтэй. Тиймээс хүний хүмүүжлээс эхлээд нийтийн соёлыг өөд нь татах, төрийн албан хаагчдыг бэлддэг тогтолцоог сайн болгох шаардлага байна.

-Төрийн албан хаагч гэхээр л нам нам дагасан цүнх баригчид болчихоод байдаг гэмтэй дээ?

-Би залуусыг нам намаа дагасан цүнх баригчид гэж хэлэхгүй. Ер нь жаахан хувийн холбоо л үйлчлээд байна уу гэж би ажигладаг. Нам солигдсоны дараа өөрийнхөө намын хүнийг ч гэсэн төрийн албанаас халаад хаячихаж байгаа юм. Энэ юуг хэлээд байна гэхээр намын холбоо биш өөр л холбоо байгаагийн шинж. Одоо системийн гажуудлаас гадна соёл иргэншлийн хямрал болж байна. Монголчууд бид нүүдэлч, малч нийгэмд өсч бойжсон. Хөдөө, хот гэдэг өөр өөр орчин. Хөдөөний малчин хүн нийслэлд ирээд дэлгүүрт орох бололцоогүй болчихлоо. Бүх дэлгүүр англи хаяг тавьчихсан. Энэ чинь соёл иргэншлийн хямрал явж байгаа юм. Үүний цаана сэтгэлгээний хямрал өрнөж байгаа. Хэл, сэтгэхүй хоёр нэг гэдэг биз дээ. Монголд өмнө нь Хичээнгүй сайд Цэрэндорж, АИХ-ын дарга Ж.Самбуу гуай гэсэн сүрхий сургууль төгсөөгүй мөртлөө улсын удирдагч байж чадсан улс олон бий. Энэ маань тухайн үеийн боловсролыг эзэмшсэнээс гадна юмны учирт нэвтэрч орж чаддаг монголчуудын гайхамшигт ухаан байна. Одоо ийм чадвартай хүмүүс цөөрч байж магадгүй. Яагаад гэвэл хүн өөрөө юм бодохоо байгаад бусдыг хуулаад эхлэхээр л болохоо байж байгаа нь тэр. Үүнийг учиртай ойлгох хэрэгтэй. Ерөөсөө гадаадаас юм авахгүй гэж байгаа юм биш. Гадаад сурах бичигт биччихсэн зүйл байна. Энийг шууд авч болохгүй. Сурах бичигт ингээд биччихэж, энийг яаж хэрэглэвэл Монголд тохирох юм гэж бодвол өөрийн толгой болно. Монголчууд юмыг их өөрийн болгож байсан арга-билэг, авах гээхийн ухаантай улс байсан.

-Авах гээхийн ухааны жишээ дурдвал олон байна уу?

-Монголчууд өвөл болохоор махаа, дулааны улиралд цагаан идээгээ иддэг байсан. Энэ нь ухаандаа ходоод гэдсийг цэвэрлэж амрааж байсан. Гэтэл өнөөдөр өвөл зунгүй, жилийн дөрвөн улиралд махан идээ хэрэглэж, өдөртөө гурван ч удаа хоол иддэг болсноос гуч гарав уу, үгүй юу цондойсон гүзээтэй залуус олширлоо. Ингэхтэй зэрэг элэг, ходоодны өвчтэй болохоос өөр арга алга. Таргалсанаас болж чихрийн шижин, зүрх, судасны өвчин тусахаас ч өөр арга алга. Тиймээс юмыг системээр нь бодож, нэвтрүүлнэ гэдэг маш чухал. Монголчууд аливаа зүйлд тэгтлээ туйлширдаггүй байж. Их Монгол Улсын үед төрийн хэрэгт маш буурьтай ханддаг байсан байгаа юм. Мөнх хаан пап ламын элчтэй уулзаад захианы хариуг өгөхдөө орчуулгаа өгүүлбэр өгүүлбэрээр тулган хэдэнтээ нягталж байж өгсөн байдаг. Чингай сайд Энэ захиа буруу болоод санаа нь өөрчлөгдөөд явчихвал та нарын энэ хол газар зорьж ирсний хэрэг байхгүй болно гэсэн байдаг. Одооны төрийн албан бичгийг аваад үзэхээр найруулга муутай, агуулга нь ойлгомжгүй, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй байна. Төрийн ажилд маш нягт нямбай хандах ёстой. Би бол төрийн хүн гэсэн сэтгэл маш их хэрэгтэй. Төрийн хүний үйл ажиллагааг зохицуулдаг ёс зүйн дүрэм хэрэгтэй. Төрийн хүн үйл ажиллагаандаа хэрэглэдэг эрдэм ном хэрэгтэй. Ийм гурван зүйлийг цогцлоож байж төрд гаргадаг тогтолцоог бий болгохгүй бол өнөөгийн нийгэм маань улам дордоод байна уу гэхээс дээрдэхгүй.

-Та төрийн сайд болтлоо ямар шатаар өгсөв?

-Би дээд сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нэг жил инженерээр ажилласан. Дараа нь Эрчим хүчний үйлдвэрт зургаан жил даргаар ажилласан. Намын дээд сургуульд явж хоёр жил болж төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Эрдэм шинжилгээний ажилтан, их сургуульд багш, УИХ-ын дарга Н.Багабандийн зөвлөх зэргийн алба хашиж байгаад 2000 онд Боловсролын сайд болсон. Хөдөөний ажил хүнд их туршлага болдог. Аймгийн төлөөлөгчөөр хөдөө их ажилласаан. Төлийн штабт дөчин таван хоног явна. Тавдугаар сард мал тооллогоор, наадам өнгөрөөгөөд хадлангийн бэлтгэл, сүү-тосны төлөвлөгөө шалгах, наймдугаар сард өвөлжилтийн бэлтгэл хангах гээд үнэхээр их ажил оволзсон үед ажиллаж явлаа. Инээдэмтэй нь эцэггүй хүүхдийн эцэг тогтоох ажлаар хүртэл явж л байлаа. Амьдралын маш олон салбарт ингэж хутгалдаж туршлага судалсан маань надад их хэрэг болсон л гэж боддог доо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хамгийн сүүлчийн 60 тэрбумтанг сонгуулийн урьд өдөр халчихаад өндийтөл…” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хамгийн сүүлчийн 60 тэрбумтанг сонгуулийн урьд өдөр халчихаад өндийтөл…” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт ““Зуудаг” З.Дашдаваа олны анхааралд орсон хэргүүдийг яаж шийдэх гэж байна вэ?” хэмээн бичжээ.

“Хууль, эрхзүй” нүүрт ““Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа: Засгийн газар ард түмний хяналтаас гарчихлаа” хэмээн ярьжээ.

“УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эдийн засгийн өсөлт сайжирлаа л гэх юм. Ард түмэнд нөлөөлөхгүй байна” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өөрөөс нь” нүүрт “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Р.Нямдорж: Төрсөн сум, өссөн газар, төгссөн сургуульдаа тусалдаг болчихвол хүн болж төрсний хэрэг тэр” ярьсан байна.

“Улс төр” нүүрт “УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойд эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байж” ярив.

“Танайд өнжье” нүүрт “Зургаан настнууд эрдмийн тайлангаа тавилаа” хэмээн өгүүлжээ.

“ЭХЭМҮТ-ийн Эх барих тасгийн сувилагч Ч.Дуламсүрэн: Сувилагч бол эмч, үйлчлүүлэгч хоёрын хамгийн дотны туслагч” хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Урлаг, спорт” нүүрт ““Тоттенхэм” шиг азтай баг урьд өмнө байсан гэж үү”, “Казахстаны алтан гургалдай Димаш Кудайбергенов” хэмээх нийтлэлүүд бичигджээ.

“МУСГЗ Сономын Лочин: С.Пүрэвийнхээ захьснаар “алдар нэрээрээ амьтан хооллон” амьд л явж байна даа, би” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

“Энэ тухай” нүүрт “Д.Баттогтох: Гангийн үйлдвэрлэл явуулах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой” хэмээн ярьжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Д.Трамп: Хятадын тал ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээлгүйгээр гэрээгээ хурдан байгуулах нь дээр” хэмээн бичжээ.

“Цаг үе” нүүрт “Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна” хэмээн бичсэн байна.

“АТГ-ын прокурорт шилжүүлсэн хүсэлтийн 23.8 хувь нь л шүүхээр шийдвэрлэгджээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Энэ өдөр” нүүрт “Элэг өөхлөх нь хорт хавдрын шалтгаан болох аюултай” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ