Categories
мэдээ нийгэм

​“Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт” боллоо

Дотоод хэргийн их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбооноос“Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Өнгөрсөн жил Монголын их, дээд сургуулийн захирлуудад зориулсан “Боловсролын чанар-удирдлагын манлайлал” сургалтыг Дотоод хэргийн их сургуульдээр амжилттай зохион байгуулсан.Энэхүү сургалтын үргэлжлэл болгон их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбоо санаачлан тус чуулга уулзалтыгзохион байгуулж байна.Оюутны чуулга уулзалт нь Монголын нийт их, дээд сургуульд суралцдаг мянга мянган оюутан залуусын төлөөлөл болсон оюутны холбоо, зөвлөлийн тэргүүнүүд оролцож, оюутан залууст нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, өөрсдийн дуу хоолойгоо холбогдох төрийн албан тушаалтнуудад хүргэж эрх ашгаа хамгаалах зорилготой юм. Чуулга уулзалтын үеэр автобусны “U money” картын 22 удаагийн даралтыг 44 болгон нэмэх асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон “UB SMART” карт ХХК, сургалтын төлбөрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын буцаан олголтыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг урин оролцуулж, санал солилцов. Чуулга уулзалтаар хойшдын чиг хандлагаа шинээр тодорхойлох нь цаашдын амжилт бүтээлийн эх ундарга болж, оюутан залуусын хэлэлцэн шийдвэрaлүүлэхээр төлөвлөсөн хүсэлт эцсийн дүндээ оюутнууд сурч боловсрох илүү өргөн боломжийг нээхэд чиглэж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд оюутан залууст тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг тодорхойлж зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

http://share.hiub.mn/download.htm?id=2f5nfpmg67qqi7vs37jhkvphs3

Ярилцлага өгсөн оюутан:

  • Дотоод хэргийн их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбооны тэргүүн Д.Өнөболд
  • Олон улсын Улаанбаатар их сургуулийн Оюутны зөвлөлийн тэргүүн Б.Шинэбаяр
Categories
мэдээ нийгэм

Орхон голд загасчилж яваад амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т/ Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ 05.08-ны өдрийн 18:00 цагийн орчим “Орхон” голын усанд загасчилж байгаад осолджээ.

Ослын тухай дуудлага, мэдээллийг 2019.05.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 нохой, цагдаагийн 1 алба хаагч, хамт явсан 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 автомашин, 1 нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.09-ний өдрийн 09:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Онон голын гүүрийг барьж эхэллээ

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Онон голын 150 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил эхэлжээ.

Улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зарласан. Үүний дагуу “Гангүүр” ХХК шалгарч, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Инженерийн нарийвчилсан зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улаан шугам хүлээлцэж, барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү гүүр юм. Онон гол дээгүүр гүүр барих асуудал олон жил яригдсаны эцэст бодит ажил болж байгаад нутгийн иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийллээ. Б.Энх-Амгалан сайд, Хэнтий аймгийн Баян-Адарга сум нь байгалийн үзэсгэлэн бүрдэхээс гадна их хатдын өлгий нутаг болохыг дурдаад, Онон голын гүүр баригдсанаар аялал жуулчлалын томоохон урсгал бий болохыг онцоллоо. Түүнчлэн энэхүү гүүрийн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон тухай ЗТХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдана

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагт болно. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм. Бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдсан ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөөгүй юм. Мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Categories
мэдээ улс-төр

Адууны хуримтлагдсан ширийг эргэлтэд оруулна​

эмээлт адууны шир зурган илэрцүүд

“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов.

Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй шир авдаггүй, механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг зэрэгтэй холбоотой юм. Тухайлбал 100 ширхэг адууны ширний 80 гаруй нь механик гэмтэлтэй байдаг гэсэн судалгаа ч гарчээ.

Ширийг экспортод гаргавал дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгнөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж байна. Малын түүхий эд экспортлогчдын холбоо боловсруулаагүй, бэлэн байгаа адууны ширийг экспортод гаргах хүсэлтээ сүүлийн хоёр жил дараалан ХХААХҮЯ-нд ирүүлж байжээ. Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг байна.

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг батлав

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Хөтөлбөрт :

– Ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах

– Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

– Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх

– Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.

2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Товч мэдээ:

-Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.

-Ирэх онд баригдаж эхлэх Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр /Үндэсний урлагийн их театр/, Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төсөл гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

-Бүгд Найрамдах Грек Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улстай байгуулах Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхдүүдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцов

“Зөв тусгал” аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран насанд хүрээгүй хүнд үйлчилж болзошгүй баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт явуулж байна.

Баянгол дүүргийн 19-р хороо “LOVE” баар ѳсвѳр насны хүүхдүүдэд үйлчилж байсныг илрүүлж, хариуцлага тооцохоор болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр Д.Ангараг томилогджээ

Кино продюсер Даваасүрэн овогтой Ангараг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо. Элчин сайд Ё.Отгонбаяр Д.Ангарагт 2019 оны 4 дүгээр сарын 23-нд Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд болсон “Монголын өвийн өдрүүд” соёлын арга хэмжээний нээлтийн үеэр “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээснээрээ олонд танигдсан. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллахаа Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн гаргах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ

ОХУ-ын шинжээчдийн баг тавдугаар сарын 12-20-ны хооронд АНУ-ын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж “Улаан од” сонин мэдээлжээ.

Оросын шинжээчдийн баг Ту-154МЛК-1 нисэх онгоцоор Америкийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ. “Нээлттэй тэнгэр” олон улсын гэрээний хэрэгжилтийн хүрээнд ийм нислэг үйлддэг билээ. Оросын нисэх онгоц Миссури муж улсын Роузкранс нисэх онгоцны буудлаас нисэх юм байна.

Зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу нислэг үйлдэх үед гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буй эсэхийг болон нислэгийн параметрийг даган мөрдөж байна уу үгүй юү гэдгийг Америкийн мэргэжилтнүүд бүхээгт байлцаж, хянах аж. Үүнээс гадна, ОХУ энэ сарын 13-17-ны хооронд Босни-Херцеговин улсын нутаг дээгүүр Ан-30Б нисэх онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ.

“Нээлттэй тэнгэр гэрээг” дэлхийн 27 улсын төлөөлөгчид Финландын нийслэл Хельсинки хотод 1992 оны гуравдугаар сарын 24-нд байгуулжээ. Уг гэрээний гол зорилго нь цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулах замаар улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгож, бэхжүүлэх, одоо хэрэгжиж байгаа зэвсэглэлд хяналт тавих гэрээг дагаж мөрдөх юм. Одоогийн байдлаар, гэрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох 34 улс нэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг угтаж хзнс импортлогчдод сургалт явуулав

Удахгүй болох хүүхдийн баярыг угтаж МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хүнс импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага, баримт бичгийн бүрдэл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлт, сав, баглаа, боодолд тавигдах эрүүл ахуйн шаардлага, эрүүл ахуйн тухай хуульд заагдсан импортын барааны хяналт шалгалт, зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага зэрэг сэдвээр хичээл зааж, зөвлөгөө өгөн гарын авлага, зөвлөмж тараав.