Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг шинэ төрөх эмнэлэгтэй боллоо

Дархан хотын ирээдүйн эздийг өлгийдөн авах шинэ төрөх эмнэлэг 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ. Уг 50 ортой амаржих газрын барилгын ажлыг Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2018 оны 8 дугаар сараас эхлүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг 1972 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө энэхүү амаржих тасаг нь зориулалтын тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг болон өргөжлөө. Дархан-Уул аймгийн хэмжээнд жилд 2400 орчим эх төрдөг байна. Мөн Сэлэнгэ аймаг төдийгүй Улаанбаатар хотоос жирэмсэн эхчүүд ирж төрөх нь сүүлийн жилүүдэд ихэссэн талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хэлж байна. Тус төрөх эмнэлгийн барилгыг “Жи Жи Ай” ХХК барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн кабель, хяналтын камер, дуут хонх зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Аймгийн Засаг дарга С.Насанбат орны асуудлыг дөрвөн сумын удирдлагуудад санал тавьснаар шийдвэрлэсэн байна. Мөн тэрбээр эмнэлгийн бусад тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүд болон аймаг, сумдын дэмжлэгтэйгээр үе шаттайгаар шийдвэрлэж байгаа талаар хэлж байсан юм. Улс үндэстэн бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал байдаг. Уг асуудлыг эн тэргүүнд тавьж өнөөдөр 3 давхар 50 ортой байраа ийнхүү ашиглалтад орууллаа.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах хуваарь

БНХАУ, Монгол Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 дүгээр сарын 2-ны өдөр нийт замын хөдөлгөөнийг нээсэн билээ.

Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа юм.

Харин авто замын өнгөн хучилтын ажлыг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлнэ. Тус ажил 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ. Замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчдод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Энэ сарын 17-18-нд “Ромео, Жульетта” балет УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан уран бүтээлчид өнөөдөр /2019.05.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүжгийн найруулагч Д.Дашлхагва “Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биенээ хайрлаж л амьдрах ёстой гэж боддог. Хайрыг би эмэгтэй хүн гэж боддог. Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл. Энэ хайрыг бодитоор тайзан дээр биелүүлэх хүн бол МУГЖ О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу гэж бодож байна” гэлээ. Балетын зөвлөх, Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай “Энэ бол хайрын далд мөн чанарын тухай жүжиг. Хүн төрөлхтөнд ганц дутдаг зүйл нь хайр. Амьдралаас харж байхад мөнхөд дутагдаж байгаа зүйл бол хайр л байна. Хүн төрөлхтөн өнөөдөр буруу амьдраад байгаа юм, яагаад эмгэнэлтэй зүйл тохиолдоод байгаа юм. Энэ бол хайртай холбоотой. Хоёрдугаарт залуу хөгшингүй мөнгө дутагддаг юм байна. Гэхдээ мөнгийг олж болно. Харин хайрыг олж болохгүй. Хүний чаддаггүй ганц юм нь хүнээ хайрлах юм байна. Үүнийг надаас түрүүлээд У.Шекспир ойлгосон юм байна. Дараа нь би ойлгож сууна” гэв. Жульеттагийн дүрд тоглох МУГЖ балетчин О.Анужин “Жульеттагийн дүрд тоглох болсондооо маш их баяртай байгаа. Энэ бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Энэ боломжийг олгосон Их эзэн хааны театртаа талархлаа илэрхийлмээр байна. Мөн БСШУС-ын сайд Баатарбилэгт сонгодог урлагийн сайхан уран бүтээл төрөн гарахад туслалцаа үзүүлсэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд үзэгчид олноороо ирж балетад маань тухлан саатаарай. Та бүхнийг нэг өдөр хайраар дүүргэж, сэтгэлийг тань баясгахын төлөө бид хичээх болно” хэмээлээ.

“Ромео Жульетта” балетын уран бүтээлчид:

Хөгжим С. Прокофьев

Цомнол У. Шекспир

Продюсер Э. Бэхтулга

Найруулагч Д. Дашлхагва

Удирдаач Т. Гэрэлцэцэг МУСТА

Туслах найруулагч Х.Гэрэлчимэг МУГЖ

Тулааны найруулагч У. Эрдэнэбаяр

Тайзны конструктор Л. Мягмархүү

Хувцасны оёдолчин Я. Цэцэгдорж

Зөвлөх: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б. Жамъяндагва

Зөвлөх: Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай

Зөвлөх: Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн П. Хаянхярваа

Зөвлөх: Монгол улсын гавъяат жүжигчин Т. Туу

Categories
мэдээ нийгэм

Төвийн бүсийн хурдан морины уралдаан болж өндөрлөлөө

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.

Өнөөдрийн уралдааны эрлийз дунд насанд уралдахаар бүртгүүлсэн 59 хүлгээс 57 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.

1. Төв аймгийн Заамар сумын Чалхаагийн Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай

2. Өвөрхангай Хархорин сумын Янгүг Содбаатарын хонгор аман хүзүүнд

3. Хөвсгөл аймгийн Их уул сумын Бямбаагийн Мөнхбаярын хээр айргийн гурав

4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цогбаярын Хүрэлтулгын хүрэн айргийн дөрөв

5. Завхан аймгийн Түдэвтэй сумын Гэзэгээгийн Батбаатарын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

Эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдсан юм.

Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.

1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нийслэлийн алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүү магнай

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь аман хүзүү

3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн зээрд халзан айргийн гуравт

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар айргийн дөрөвт

5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Занабазарын Батбаярын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

Их насны морьд 18 км-ийн зайд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Соёолон насны уралдаанд 117 соёолон бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 7, шүдлэгээгээр 2, өөрсдийн саналаар 9 морь үлдэж, нийт 99 хүлэг гарааны зурхай рүү 14 км-ийн зайд уралдсан юм. Айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалжээ.

1. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун аман хүзүүнд

3. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын халтар айргийн гуравт

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт

5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.

Дашрамд дуулгахад барианд айргийн дөрөвт орж ирсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан соёолон нь айргийн дөрөвт орсон. Улмаар айргийн тавд хурдалсан морьдыг дахин хэмжиж шүдлэхэд хязаалан байсан тул хасагдаж, тав болон зургаад хурдалсан морьд нэг байр урагшилж, айргийн таван морь тодорсон юм.

Ийнхүү Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан ёслол төгөлдөр, өргөн дэлгэр, морь хүүхэд мэнд сайхан болж өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллага 59 зөрчил илрүүлжээ

Гаалийн байгууллага улсын хэмжээнд 2019 оны 05-р сарын 03-ны өдрөөс 05-р сарын 10-ныг дуустал нийт 59 зөрчил илрүүлсэн байна. Эдгээрээс 54 зөрчил хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний 21 нь татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил байв. Зөрчлийн хэрэг нэг удаа бүртгэгдсэнийг мөн тэмдэглэжээ. Дээрх зөрчлүүдэд 140.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 192.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өнөөдөр мэдээлэл хийлээ

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ажлын хэсгийн шалгалт, дүгнэлт улсын нууцын зэрэглэлтэй байгаа. Гэтэл МАНАН-гийн үлдэгдэл болсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгой компанид ажлын хэсгийн байр суурь, дүгнэлтийг өгч, улсын нууцыг задруулсан байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан ноцтой гэмт хэрэг. Улсын нууцыг задруулаад зогсохгүй тагнуул хийж, эх орноосоо урвасан гэмт хэрэг болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага дотор гадаадын байгууллагын тагнуулаар ажилладаг хүн байгаа нь илчлэгдлээ. Д.Дамба-Очир гэдэг хүн 2008 оны УИХ-д байсан, Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон хүн. Тэр утгаараа Оюутолгой компаниас хамаарал бүхий компаниараа дамжуулан ажил үйлчилгээ авах замаар авлига авсан байж болзошгүй.

Өнгөрсөн жил өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй гээд ажлын хэсгийн ахлагчаас больж байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ өөрөө илэрхийлсэн энэ хүн ажлын хэсэгт үргэлжлүүлж ажиллаад, нууцыг задруулж байгаа нь ноцтой гэмт хэрэг. Тиймээс УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн нууцыг задруулсан үндэслэлээр энэ хүнд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэлээ.

Мөн тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойтой ямар холбоотой гэдгийг нэн яаралтай шалгаж, хэрэг үүсгэх ёстой. АТГ ч энэ хэргийг авч хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойт эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байж

– БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХАНГАЛТТАЙ ХҮНД ЯЛ –


УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлэг болсон. Холбогдох байгууллагуудаас хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээллүүдийг өгсөн. Тэдний зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хэлж байна. Хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 2018 онд таван тэрбум, 2019 онд найман тэрбум төгрөгийг улсын төсөвт баталсан. 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 буюу 48.7 хувь нь хүүхэд байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд зургаан хувиар өсч байгааг харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Хүчингийн хэргийн дийлэнх хувь нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэм аюултай мэдээлэл болж байна. Тиймээс хамгийн гол нь хуулийг чангатгах шаардлагатай. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд тогтолцоогоо өөрчлөх, хууль, эрх зүйн зохиуцуулалтыг сайжруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, далд хэлбэрийг илрүүлэх, хохирогчийг тусгаарлах, хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, нөхөн олговор олгох, тусгай сан байгуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдээ. Энэ нь хэр шударга үйл явдал юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ажлаа өгөхөөсөө өмнө насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан 250 хохирогчдын суурь судалгааны тайлангаар шүүхээр шийтгэгдсэн, татгалзсан, хэрэгсэхгүй болгосон хэрэг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу хэргийн зүйл анги, ялын хэмжээг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн нөхцөл байдлын талаар гаргасан. Мөн Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хөгжлийн академи” ТББ-тай хамтран шүүхээр шийдвэрлэгдсэн хүүхдийн эсрэг 80 хэрэгт судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн ихэнх хувийг хохирогчийн эцэг, эх гэр бүлийнхнээс гаргаж байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гарсан даруйдаа бус зургаа хүртэлх жилийн дараа илрэх нь 50 орчим хувийг эзэлж байна. Энэ нь хохирогч хүүхдийн хамаарал бүхий этгээд хүчирхийлсэн, далд хэлбэртэй байгаатай холбоотой юм. Мөн хохирогч хүүхдүүдийн 90 гаруй хувьд нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлээгүй. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаа юм. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт стратегийн өмгөөлөл явуулах замаар олон нийтийн ойлголт хандлагыг давхар өөрчлөх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийг хэргийн талаар мэдээлэл өгөхөд хүч нэмэх нь тус хэргийн гаралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь тун чухал. Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх стандарт батлах хэрэгтэй байна. Тодруулбал, мөрдөгчдийг мэргэшүүлэх, хэргийг дуустал нь нэг мөрдөгчөөр шалгуулах, тухайн хэргийн насанд хүрээгүй хохирогч, холбогдогчийг хэрхэн байцаах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахдаа хохирогч хүүхдийн сэтгэл зүйн эмзэг байдлыг аль болох сэдрээхгүй байх, хяналт тавьж буй прокурорыг солихгүй байх хэрэгтэй. Мөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг бүрийг нарийн шалгаж, шүүхээр шуурхай шийдвэрлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт этгээдтэй тааралдахгүй байх нөхцөл бүрдүүлэх гэх мэт асуудлыг зохицуулсан байх ёстой юм. 2015 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн тусгай ангийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хорих хугацааг нэмэгдүүлэх, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохиролыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгджээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дундаж нас нь 13 байна гэсэн байж болшгүй дүн судалгаагаар гарсан байна…

-Судалгаанаас үзэхэд бэлгийн харьцаанд анх орсон насны доод хязгаар есөн нас байна. Хохирогчдоос хоёр хүүхэд есөн настайдаа, есөн хүүхэд 12-14 настайдаа бэлгийн харьцаанд оржээ. Харин 15-17 настай хохирогчдоос урьд нь жирэмсэн болж байсан тохиолдол ч байна. Ерөнхийдөө хохирогч болох эрсдэлт нөхцөл бий болсон гол нөхцөлүүд байдаг. Нэгдүгээрт, хүүхдэд тавих эцэг эх, асран халамжлагчдын хараа хяналт сул, анхаарал халамж муугаас үүджээ. Хоёрдугаарт, эцэг эх, асран хамгаалагч томчуудыг харж тэднийг дуурайж, тэдэнтэй өөрсдийгөө адилтгах байдлаар хүүхдийн нийгэмшилтийн процесс явагдаж байгаа учир хохирогч хүүхдийн ийм сөрөг зан үйлдэл, биеэ авч явах байдал нь томчуудаас л эхтэй байна. Хүүхэд бол тэдний тусгал шүү дээ. Гуравдугаарт,ажилгүй, орлого багатай, амьжиргааны түвшин дундаж болон тааруу, нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхчүүд амьжиргаа, гэр орны асуудал, өөрсдийн бэрхшээлд түүртэн, хүүхдээ зөнд нь орхисон, тэднийг үл хайхардаг. Заримд нь насанд нь ахадсан хүнд ачааг үүрүүлж, өөрсдийн асуудлаа хүртэл шийдэхийг даалгасан нь нөлөөлж байна. Дөрөвдүгээрт, архинаас бүрэн хамааралтай болсон, амьдралын буруу хэвшил хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.Тухайлбал, хүүхдийн дэргэд бэлгийн харьцаанд орох, бусдыг орон гэртээ дагуулж ирж архидах гэх мэт шалтгаанууд юм. Тавдугаарт, хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойд эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байжээ. Энэ буруу хэвшил нь хүүхдийн шилжилтийн насанд бий болдог хандлага, төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.

-Бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчний үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байгаа талаар холбогдох байгууллагын төлөөлөл дурдсан. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Эрүүл мэнд, боловсролын тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт, түүнд тавих хяналт бодлогын арга хэмжээ харьцангуй муу байна. Бэлгийн хүчирхийлллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг сэтгэл санааны давхар дарамтад оруулахаас сэргийлэх үүднээс хохирогчтой ажиллах арга, тусламж үйлчилгээний зөв дараалал, жендерийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, хохирогчийн эрх, хүчирхийллийн шинж тэмдгүүдийг таних зэрэг асуудлаар эмч, багш зэрэг мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын модуль боловсруулж, тасралтгүй зохион байгуулах нь чухал юм. Бүх шатны боловсролын байгууллагуудад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотор бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга зүйг багтаасан сургалтын хөтөлбөртэй байх хэрэгтэй. Уг хөтөлбөрийг хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулж, сургуулийн өмнөх болон ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлээр дамжуулан тасралтгүй олгох, хичээл заах багш нарыг бэлтгэх, давтан сургах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр хийдэг охидын үзлэгийг зогсоох, үүний оронд хүүхэд, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэй гэж харж байгаа.

Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх кабинетийг түшиглэн байгуулах, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх шаардлагатай. Мөн хүүхдийн сэтгэцийг хэвийн байдалд эргэн орох хүртэл нь дунджаар ямар хэмжээний зардал гарч болох талаар шүүх шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага нэгдсэн судалгаа хийж тооцож гаргах нь зөв.

-Өөрийгөө хамгаалах чадваргүй гэдэг утгаар нь хүүхдийг хүчирхийлэх явдал их гараад байх шиг. Биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрч, шаардлагатай зохицуулалтуудыг нь хийгээд өгчихвөл энэ тоо буурах юм биш үү. Ийм боломж байгаа юу?

-Олон улс, тэр дундаа Скандинавын орнууд энэ хуулийг хүлээн зөвшөөрдөггүй, хориглодог. Хэрвээ биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрвөл манай улс шиг хүн ам цөөнтэй улсад нийслэл, сум орон нутгаар биеэ үнэлэлтийн газрууд нээгдэнэ.Биеэ үнэлэгчдийн тоо эрс нэмэгдэж, энэ салбар руу орж, хялбар аргаар мөнгө олох зорилготой хүмүүсийн тоо олширно. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал илүү нухацтай яригдана. Биеэ үнэлэлтийг хуулиндаа зөвшөөрснөөр нэлээн хэдэн хууль тогтоомжинд өөрчлөлт орно. Тухайлбал, хүчингийн холбогдолтой хэргүүдтэй холбоотой шүүхийн ял тогтоолууд хүчингүй болох юм.Түүгээр зогсохгүй шөнийн цэнгээний болон биеэ үнэлэгчдийн үйл ажиллагаа явуулдаг газруудын ажиллах цаг, тэдний эрх үүрэг зэргийг хааж, боогдуулах, цагдаа сэргийлэхээр хяналт тавиулах ямар ч эрх зүйн үндэсгүй болох юм. Нийгэм тэр чигтээ садар самуунд уруу татагдана.Мэдээжийн хэрэг биеэ үнэлэлт газар авч, нийгэмд хүчтэйгээр орших болсноос үүдэж, бэлгийн замын төрөл бүрийн өвчин үүсэх магадлал одоогийнхоос хэд дахин ихсэх юм. Үнэхээр биеэ үнэлэлтийг бүхэл бүтэн салбар болгон хөгжүүлэх гэж байгаа тохиолдолд гарах эрсдэлийг энэ мэтчилэн тооцох нь чухал билээ.Өнөөдөр л гэхэд дэлхий даяар насанд хүрэгчдэд зориулсан кино бүтээдэг студиудын тоо олшрохын хэрээр порно кино үзэж буй хүмүүсийн тоо хэдэн саяараа тоологдох болсон нь нууц биш юм.Төдий чинээ дотроо гаж хүсэл өвөртөлж, түүнийгээ туршиж үзэх юмсан гэсэн бодолтой хүмүүс байдаг.Тэдний нууцхан хүслээ ил гаргаж, бодит амьдрал дээр туршиж үзэх боломжийг харин биеэ үнэлэлт олгох болов уу.Тиймээс хосуудын дунд орших ариун нандин холбоо гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн дур хүслээ хангах хэрэгсэл мэт болох нь аль чиг хандлага руу нийгэм хөгжих нь ойлгомжтой.

-Эмэгтэй гишүүдийн зүгээс ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзнэ гэж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс мөн үүнтэй тэмцэхийн тулд цаазын ялыг сэргээнэ гэх байр суурийг илэрхийлдэг. Цаазын ял сэргээснээр хүчирхийлэл багасах уу?

-Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан.Харин 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж үзэж байна. Гэхдээ хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэгтэнд тохирсон ялыг үүрүүлж чадахгүй байгаа юм биш. Бүх насаар нь хорих бол хангалттай хүнд ял.Энэ ялаар гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа.Хохирогчдын ар гэрийнхний уй гашуу тайлагдаж, хохирол арилах боломжгүй учраас ахиж олон хүнийг хохироохгүйн тулд онц хүнд гэмт хэрэг гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь илүү чухал юм.

Categories
мэдээ нийгэм

“Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт уулзалт болж байна

Монгол Улсын оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран Монгол-ОХУ-БНХАУ-БНСУлсуудын зохиогчийн эрхийн байгууллагуудын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Өнөдөөр/2019.05.13/ “Туушин” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн “Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт уулзалт гурван өдөр үргэлжлэх юм. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр болж буй энэхүү уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн хөгжлийн газрын захирал Гао Хан нар үг хэлжээ. 2013 оноос зохион байгуулагдаж эхэлсэн дөрвөн талт уулзалт энэ жил анх удаа Монгол Улсад болж байгаагаараа ихээхэн онцлог болж буй аж. Долоо дахь удаагийн уулзалтаар олон асуудлыг хөндөн ярилцаж, бусад орны туршлагаас суралцах том боломж бийгг зохион байгуулагчид хэлж байв. Оюуны өмчийн газраас 2019 оныг мэдээлэл, сурталчилгааны жил болгон зарлажээ. Энэ хүрээнд олон талт ажлын нэг болгон дөрвөн орны зохиогчийн эрхийн байгууллагын уулзалтыг хийж, харилцан туршлага судлах боломжийг гаргаж байгаа аж. Уулзалтын үеэр талууд зохиогчийн эрх болон түүнд хамараах эрх, ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон бусад олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлогын арга хэмжээ, цаашдын хандлага зэрэг харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэгийг өрнүүлэхээр болжээ. Мөн цахим орчинд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар онцлон ярилцах юм байна. Монгол Улсад уран бүтээлчдийн хувьд оюуны өмчийн эрхийг зөрчих асуудал их тулгардаг. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах оронд дуучдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цацах, худалдах асуудал гарсаар байна. Энэ талаар БНХАУ-аас ирсэн төлөөлөгчтэй ярилцахаар болжээ. Мөн уулзалтын гол анхаарал татаж байгаа орон бол БНСУ. Тус улсын соёл, урлагийн салбар өндөр түвшинд хөгжиж, дэлхийн зах зээл дээр томоохон амжилтуудыг авчирч байгаа олон жишээ бий. Энэ мэтчилэн хөрш зэргэлдээ орнуудын туршлагаас судалж, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломж бүрдүүлэхэд энэхүү уулзалтын ач холбогдол оршино гэж Оюуны өмчийн газраас мэдээллээ. “Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт уулзалтын дараа зохиогчийн эрхийн асуудлаар үндэсний хэмжээнд семинар, сургалт зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 376 зөрчлийг шалгажээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд 494 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 376 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас нийслэлд 12 хүн бэртэж, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, энэ сарын 11-ны 17 цагийн орчимд Хандгайтын зам, Янзага зуслангийн баруун урд замд “T.Racris” загварын автомашин “Lexus 570” автомашинтай мөргөлдөж, зочригч 20-25 насны 3 хүн бэртжээ. Мөн өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Саахарын рашаан” гэх газар засмал замд “H.Avante” загварын автомашин замын хажуугийн хад мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Б-н амь хохирч, нэг хүн бэртжээ. Дээрх хэргүүдийг харъяа цагдаагийн байгууллага шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг батлав

Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Хөтөлбөрт :

– Ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах

– Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

– Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх

– Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.

2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.