Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбат: Хөшигийн хөндийд шинжлэх ухааны парк байгуулна

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбаттай ярилцлаа.


-Инноваци гэдгийг хүний тархины бүтээгдэхүүн гэж ойлгодог. Монголчууд бид байгалийн баялаг зэрэг бэлэн бүтээгдэхүүнээр улс орны хөгжлийг тодорхойлж ирсэн үе өнгөрч, инновацийн салбарыг хөгжүүлэхийг зорих болжээ.

-Инноваци гэдэг шинэ мэдлэг бүтээж, шинэ онол гаргах асуудал биш юм. Харин аливаа нэг зүйлийг шинэ арга барилаар хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин уламжлалт аргаар хийж ирсэн юмыг илүү хялбаршуулаад, цаг хуагцаа хөрөнгө мөнгө хэмнэх шинэ санаа шийдлийг олохыг инноваци гэдэг. Хуучин бол “шбос” буюу шинэ бүтээл оновчтой санал шүү дээ.Инновацийн тухай ойлголтыг нийгэм даяар мэддэг болж.

Үүний илрэл бол жил бүр зохион байгуулагддаг “Инновацийн долоо хоног” юм. Энэ ажил нь Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн бодлого баримтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг нийтэд хүргэх сурталчлах зорилготой. Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх, инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох чиглэлээр бодлогын томоохон алхмуудыг хийж эхэлсэн. Хууль, эрх зүйн орчны хувьд Шинжлэх ухааны технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Засгийн газраас инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох журам, төрөөс шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр гээд томоохон бодлогын зорилтууд гаргачихсан ажиллаж байна.

-“Инновоцийн долоо хоног” арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд таван жил болжээ. Энэ хугацаанд инновацийн салбарт нэвтрүүлсэн шинэ бүтээл юу байв?

-Тухайлбал, өнгөрсөн онд шилдэг инновацийн бүтээгдэхүүн шалгаруулах журмыг БСШУСЯ-наас боловсруулж Засгийн газраар батлуулсан. Энэ журмын хүрээнд Монгол Улсын хамгийн шилдэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, инновацийн шилдэг үйлчилгээ гэсэн хоёр номинацид шалгаруулалт явуулсан. Шилдэг бүтээгдэхүүнээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн малын шимэгч хорхойг устгадаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр хүртсэн. Үйлчилгээний салбарын шилдэг бүтээгдэхүүнээр“Ай Түүлс” компанийн дата сервис шалгарсан. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээнд IT –гийн үйлчилгээ үзүүлдэг компани.

-Инноваци гэдэг нь заавал бүтээгдэхүүнийг нэрлэж байна уу?

-Инноваци гэхээр заавал бүтээгдэхүүн биш юм. Үйлчилгээ ч байж болно. Жишээ нь, төрийн үйлчмилгээг цахим хэлбэрт нэвтрүүлж байна. Энэ бол инноваци. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ иргэдэд ойр болгох шинэ хэлбэрийг л хэлж байгаа юм. Одоо гэхэд Засгийн газар иргэн төвтэй үйлчилгээг зарлачихсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойр, гэрээсээ сууж байгаад төрийн үйлчилгээг авчихдаг боломжуудыг олгох чиглэлд инновацийн шилдэг үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.

-Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байна. Энэ хуулиудын гол үзэл санаа, энэ салбарт нэвтрэх шинэ ажил нь юу байгаа вэ?

-Нэмэлт өөрчлөлтийн гол зүйл бол нэгдүгээрт, инновацийн харилцааг бэхжүүлэхэд олон улсын түвшинд хэрэглэгддэг нэр томьёоны ойлголтыг нэг мөр энэ хуулиар цэгцэлж өгсөн. Хоёрт,инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд зөвхөн төр бодлого гаргаад зогсохгүй их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудын бодит оролцоог нэмэгдүүлнэ. Жишээ нь,инновацийг үйлдвэрлэж байгаа хувийн байгууллага гарааны компаниараа дамжуулаад бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа өөрсдөө хувьцааг гаргаад IPO босгож, санхүүжилт олох боломжийг энэ хуулиар зохицуулж өгч байна. Энэ мэтчлэн инновацийн тогтолцоонд оролцож байгаа талуудыг өргөн хэмжээнд оролцуулах тусам энэ тогтолцоо бэхжинэ гэж үзэж байгаа. Ингэснээр нийгэм эдийн засагт шинжлэх ухаан технологийн салбараас оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Энэ салбарыг хөгжилд хувь нэмэр оруулах бас нэг зүйл нь гадаад харилцаа болов уу. Инновацийн өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлага хуримтлуулахад хэр анхаарч байна вэ?

-Бид шинжлэх ухааныг инновациас салгах аргагүй, инновацийг шинжлэх ухаанаас салгаж болохгүй юм. Тэгэхээр хамтад нь авч үздэг. Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын гадаад харилцаа хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимжиж байна. Бидний амьдарч байгаа эрин үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бүтээж эхэлж байна. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт минут секундээр хэмжигдэж байна. Монголчууд энэ цаг үед хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу явахын тулд өрсөлдөх чадвартай капитал буюу хүний нөөцийг бий болгох явдал юм. Мэдлэг эзэмшэн,инновацийг амьдралд нэвтрүүлэх мэдлэгээрээ шинэ инноваци бүтээдэг хүнийг бий болгож байж Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Тэгэхээр энэ чиглэл рүү бид анхаарах ёстой. Энэ хүрээнд сүүлийн үед Засгийн газар шинжлэх ухаан технологи инновацийн салбарт зарцуулах төрийн дэмжлэгийг 2020 оноос нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд илэрхийлж байгаа. 2020 оноос төсвийн санхүүжилт нэмэгдвэл энэ салбарт ажиллаж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд маань илүү үр бүтээлтэй ажиллаж эхэлнэ. Үүнийг хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь санхүү байдаг. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон улсын донор байгууллага, Засгийн газар хоорондын Оросын шинжлэх ухааны суурь шинжлэх ухааны сан, Хятадын шинжлэх ухааны сан, Солонгос, Японы сангуудтай хамтарч ажиллаж байна. Тэдэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж байна гэдэг хөгжингүй орнуудын шинэ төсөл шинэ инновацийг Монголд нутагшуулах, хамтарсан инноваци гаргах чиглэлээр манай эрдэмтэд амжилттай ажиллаж байгаа. Тийм ч учраас манай эрдэмтдийн олон улсад хэвлүүлсэн бүтээлийн тоо өсч байгаа.

-Тэгвэл энэ салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн дэргэдэх гарааны компаниуд, шинэ мэдлэг инновациудыг бий болгодог. Тэр шинэ мэдлэг, инновацийг хамгийн гол нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудал тулгарч байна. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд шинэ мэдлэг шинэ патент бойжиж бий болж байна. Түүнийг яаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ гэдэг асуудал хамгийн тулгамдсан асуудал. Энэ дэд бүтцийг бий болгоход төр засаг, хувийн хэвшил, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллага яаж хамтарч ажиллах вэ гэдгийг энэ долоо хоногийн үйл ажиллагаа тодорхойлох юм.

-Тэгвэл энэ салбарын цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Бид нарт шинжлэх ухаан технологи инновацийн салбарыг хөгжүүлэх бодит төлөвлөгөө байгаа. Нэгд, эрх зүйн орчныг таатай болгочихъё. Ингэхээр манай эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд ажиллах таатай орчинтой болно. Монголчуудын потенциал өндөр. Тиймээс ирэх жилүүдэд шинжлэх ухааны паркийг байгуулахаар төлөвлөсөн. Паркийн тухай хууль санаачлан боловсруулж байна. Хууль батлагдчихвал шинжлэх ухааны парк байгуулах нөхцөл бүрдэнэ. Эхний ээлжинд парк байгуулах газраа БХБЯ, Төв аймгийн захиргаа, ЗТХЯ-тай ярьж байгаа. Шинээр баригдаж байгаа Хөшигийн хөндийд 500 га газрыг товлочихоод байна.БНХАУ-аас паркийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. ГХЯ-аар дамжуулаад Хятадын тал руу хүсэлтээ хүргүүлчихсэн. Паркийг хөдөлгөчих юм бол Монгол Улсын шинжлэх ухаан инновацийн салбарт хамгийн том жинхэнэ оюунлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх юм.

-Хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?

-ТЭЗҮ боловсруулах зардалд хоёр тэрбум орчим төгрөг орно. Том парк байгуулах ажилд 60 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа.

-Салбар бүрт парк байгуулах тухай манайхан ярьдаг. Ажил хэрэг болсон тохиолдол өнөөдөр хүртэл алга. Тэгэхээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай паркийг барьж ашиглалтад оруулна гэдэгт эргэлзэж байна?

-Бидэнд ажиллах таатай орчин, хөшүүрэг хэрэгтэй байна. Манай эрдэмтэд чадалтай. Шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгийг Засгийн газар болон УИХ-аас гаргасан тогтоолд ДНБ-ий нэг хувьд хүргэх зорилготой. Одоо бол 0.16 хувь л байгаа.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Кирилл үсэг Монголын ард түмэнд эзэн Чингисээс нь илүү гавьяа байгуулсан” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Блүүмбэрг”-ээс зохион байгуулсан “Шинэ эдийн засгийн форум” өчигдөр болж өнгөрлөө. энэ тухай нэг болон зургадугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Кирилл үсэг Монголын ард түмэнд эзэн Чингисээс нь илүү гавьяа байгуулсан” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлагыг нийтэллээ.

Нийслэлийн байгаль
орчны газрын Биологийн олон
янз байдлыг хамгаалах, минж
нутагшуулах хэлтсийн Өлийн
давааны өвөрт суурьшсан
минж үржүүлгийн байранд зочиллоо. Энэ тухай нэг болон 19 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Эрүүгийн хуулийг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн өөрчилсөн талаар хуульч Т.Мөнх-Оргилтой ярилцсаныг Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын тухай хэлэлцлээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болоод нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан танилцуулга хийв.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэж байжээ. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх тав дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг манай архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлуулсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж буй.

Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу зургаа дахь төлөвлөгөөг өдгөө боловсруулж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Концепц”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн гэсэн үндсэн гурван үе шаттай хийхээр төлөвлөж ажлын хэсэг гарчээ. Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааны төлөвлөгөөг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов.

“Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол Улаанбаатар хотын амин сүнс учраас маш нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, баталсан ерөнхий төлөвлөгөөнүүдээс хийгдээгүй орхигдсон ажлуудад нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хот өөрөө цогцоороо хөгжих эдийн засгийн чадамжтай, байгаль орчны нөөцөө зөв зохистой ашигладаг, эдийн засгийн тогтвортой эрх зүйн орчинд тулгуурлан хөгжих ёстойг ажлын хэсэг сайн анхаарч, төлөвлөгөөндөө тусгаарай” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх асуудлаар зөвлөмж гаргалаа

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал”сэдэвт онол, практикийн бага хурлыг төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон олон нийтийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулан зохион байгуулсан билээ.

Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, Гамшгаас хамгаалах улсын алба, МУЗН, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөөлөл, бусад төрийн бус байгууллага, Онцгой байдлын сургууль, гамшгаас хамгаалах чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.

Оролцогчид хурлаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, холбогдох талуудын харилцан ажиллагааг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг батлан гаргалаа. Үүнд:

Онцгой байдлын ерөнхий газарт:

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлийн хүрээнд гарсан Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмыг оролцогч талуудад таниулах, сурталчлах, бүх түвшинд хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах;

-Гамшгийн дараах хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг боловсруулж Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээ болон хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг боловсруулж батлуулах;

Гамшгаас хамгаалах улсын албадад:

-Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.2-д Гамшгаас хамгаалах улсын алба нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны алба хаагчтай байна гэж заасныг хэрэгжүүлж ажилтан томилгоожуулж, сургаж дадлагажуулах;

-Салбарын онцлогт нийцүүлэн гамшгийн дараах хохирол, хэрэгцээг тооцох нэгдсэн аргачлалыг шинээр болон шинэчлэн боловсруулж мөрдөх;

Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад:

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлийн хүрээнд шинэчлэгдэн гарсан дүрэм, журмыг судлах, бүх түвшинд үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх;

-Орон нутгийн хэмжээнд гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийхтэй холбоотой суурь мэдээллийн санг бүрдүүлэх;

Орон нутгийн онцгой байдлын байгууллагад:

-Орон нутагт тухайн жилд тохиолдсон томоохон 1-2 гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ, хохирлыг үнэлэх, хэрэгцээг тооцох үед тохиолдсон хүндрэл, даван туулсан арга замын талаар туршлага, сургамжаа хуваалцдаг байх;

Монголын улаан загалмай нийгэмлэгт:

– Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлийн хүрээнд батлагдан гарсан холбогдох эрхзүйн баримт бичиг болон гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам, аргачлалыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт, сурталчилгаа хийх;

Шинжлэх ухааны байгууллага, төрийн бус байгууллага, судлаачдад:

– Монгол улсад тохиолдож болох гамшгийн төрөл тус бүрээр хохирол, хэрэгцээг тооцох шинжлэх ухаанд суурилсан дэвшилтэт аргазүй, аргачлалыг бий болгоход хамтран ажиллах зэрэг зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагын дарга, нягтлан, няравуудыг хамруулсан сургалт зохион байгууллаа

Дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс Дотоод аудитын албатай хамтран төсвийн байгуулагуудын төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, няравуудыг хамруулсан сургалтыг 05 сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлээс иргэдийн оролцоотой хөгжлийн жил болон сахилга хариуцлагын жил болгон төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлэхийг үүрэг болгосон. Тэр дундаа санхүүгийн сахилга батыг ямагт сахиж ажиллах нь та бидний үүрэг. Тийм ч учраас өнөөдрийн энэ сургалт олон чухал мэдлэг мэдээлэл солилцсон, үр дүнтэй сургалт болсон гэдэгт итгэлтэй байна” гэв. Сургалтаар Татвар, Нийгмийн даатгалын багц хууль болон нягтлан бодох бүртгэлийн талаар хуульд орсон нэмэлт өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, няравуудад мэдээлэл хүргэлээ. Энэхүү сургалтанд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, МУ-ын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал нарын хүндэт зочид оролцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН: Иргэдэд 20 сая төгрөг хүртэлх итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох төслийг өргөн барих асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгийн хүрээнд уг хуулийн төслийг өргөн барих асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Зорилтот бүлэгтээ чиглэсэн энэ зээлийг олгосноор ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж. Санхүүгийн итгэлцлийг бий болгож, төсөвт дарамт учрахгүй гэж үзэж байна. Итгэлцлийн зээлийг ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, муу зээлийн түүхгүй иргэнд олгох шалгуурыг тавьж байгаа аж.


Categories
мэдээ нийгэм

Төсөл хэрэгжиж буй сумдын иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгвэл төсөл хэрэгжиж буй Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад, Цагаан-Овоо сумдад аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хороотой хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, малчдын багийн хөршийн бүлгийн гишүүдийг хамруулан, гамшгаас хамгаалах мэдлэг олгож, дадлагажуулан гэрчилгээ олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдүүлэг өгч эхэлжээ

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдан хорьж, улмаар цагдан хоригдох хугацаа дууссан ч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан билээ. Ингэснээр тэрбээр энэ сарын 29-нийг дуустал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдах юм. Б.Хурц нь саатуулагдаж байх хугацаандаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан бол саатуулах хугацааг сунгасны дараа мэдүүлэг өгсөн байна. Ингэхдээ ТЕГ-ын зөвшөөрлөөр төрийн нууцад хамаарагдах мэдээллийг дэлгэлгүйгээр мэдүүлгээ өгч эхэлсэн байна. Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Хүчирхийллийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд ҮХЦэцэд хандлаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэйчүүд охид,эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэж жагслаа.

Тэд “Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй бодит байдлыг засч залруулахын оронд, энэ төрлийн хэрэгт холбогдсон хүнийг эрх баригчид хамгаалж хаацайлж байна. Энэ нь хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгыг хууль бусаар чөлөөлсөн байна гэх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан байгаагаас харагдаж байна” гэж үзэж байгаа юм. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жаргалан энэ тухай хэлэхдээ, “Охид эмэгтэйчүүдийг доромжилж, хүчирхийллийг өөгшүүлж буй эрх баригчдын энэ алхмыг эмэгтэйчүүд эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд өргөх бичиг барьж байгаа” гэлээ. Монгол Улсад гурван эмэгтэй тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн тухай Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурдсан байдаг. Энэ тоо баримтыг нотлох мэт хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд сүүлийн үед олон нийтэд ил болсоор байна. Энэ төрлийн хэрэгт олонд танигдсан нэр хүндтэй эрхмүүд, мөн улс төрчид ч холбогдсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны хавар хүчирхийллийн хэрэгт холбогдсон байдаг юм. Гэтэл хэрэгт холбогдсон гишүүн асныг хэрвээ хууль бусаар чөлөөлсөн тухай шийдвэрийг гаргавал УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчирхийллийг өөгшүүлж байна гэж үзэхээс аргагүй хэмээн тэд ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто зам 7 дугаар сарын 1-нд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 километр авто замын ажил 40 хувьтай байгаа тухай Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0.8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгджээ. Төслийн гүйцэтгэгчээр “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК ажиллаж байгаа аж.

Тавдугаар сарын 10-ны байдлаар тус замын буталсан суурийн ажил дуусаж, хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна.

Авто зам 2019 оны 7 дугаар сарын 1-н гэхэд дуусаж ашиглалтад орно. Ингэснээр иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой.

Эх сурвалж: Авто замын хөгжлийн газар