Categories
мэдээ нийгэм

Монголын тогооч нар олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ

Солонгос улсын Дайжон хотод тогооч нарын олон улсын ур чадварын “B” зэрэглэлийн Korea Challenge Cup тэмцээн энэ сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 20 төрөлд 18 улсын 1098 тогооч өрсөлдсөнөөс Монгол улсыг төлөөлж 1 шүүгч 6 тогооч насанд хүрэгчдийн төрөлд амжилттай оролцлоо. Монголын тогооч нар 5 төрөлд өрсөлдөж ганцаарчилсан болон багийн төрлүүдээс Му-ын мастер тогооч Б.Сугар 1алт , 2 хүрэл, Ахлах тогооч Д.Алтанцэцэг 1 мѳнгѳ , 3 хүрэл, Ахлах тогооч В. Баярбэлэг 3 хүрэл, 1 тусгай, Тогооч Б.Ѳсѳхбаяр 1 хүрэл , 1 тусгай, Тогооч Э.Энх-Эрдэнэ 1 хүрэл , 1 тусгай, Тогооч Б. Эрдэнэ-Очир тусгай байранд тус тус орсон байна.

Categories
мэдээ нийгэм

Шүдний эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүлэв

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сандитис, Хосхүү дент, Маржан, Акмеруерт тис, Азутис гэсэн 5 эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж ажиллахаар болсон. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эдгээр шүдний эмнэлгүүдэд төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шүдний тусламж үйлчилгээнд хэрэглэх нэг удаагийн болон давтан хэрэглэх багажийн тоог нэмэгдүүлж, нөөцийг бүрдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийн чанарт тогтмол хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гаргахгүй байх талаар 16 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 14-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 7-р хороо 15-р хороолол 1, 2, 58-р байр, Баянцээл, Дорнын өргөө, 204-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,

11:00-17:00 цагт: 2, 4, 7, 9, 10, 20, 23-р хороо З, 8, 9, 28, 31, 36, 37А, Б, 38А, Б, 40, 41, 42, 43Б, 51, 53, 59, 110-114, 200, 201-р байрууд, Тонхил нуур, Атар шим, Инкон, Свийт стандарт ХХК-ууд, ИЗИС, ЦЕГ-ын ЦСОНТ, Сэлэнгэ зочид буудал, Улиастайн задгай, Их, Бага цуурай, Эрдэнэхайрханы 1-8, Эмнэлэгийн 5, Улаанхуарангийн 9, Шархадны 8, 51-58, 60, 61, 62, 64, 65-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор;

11:00-18:00 цагт: 21-р хороо Бага Дарь эхийн 6-10, 12, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, иргэн Батболд, Батсуурь /ангрол-ойл/, Батболд, Ганбат, Содмонгол ШТС, Морьд хур, Кевико ХХК-ууд,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11.00-17.00 цагт: 10, 13-р хороо УАБЗ АОС, Морингийн 0-15, 813, 814, 821, А/10 зуслан, 2, 3, 4-р хэсэг, Бөхөг, Туул, Шувуун фабрикын эцэс орчмоор,

11:00-18:00 цагт: 11-р хороо 50-3-р байр /их тэнгэрийн ам/,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10:30-17:00 цагт: 1-р хороо Нарны хороолол 1-9, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

09:00-19:00 цагт: 21-р хороо Партизаны САА Нарийн, Шархад орчмоор,

11:00-18:00 цагт: 6, 23-р хороо Тоосгоны 1-6, 8-16, 34/А, 36-39, 47, 50, Хангайн 13, 23/Б, 35, 35/А, 36, 36/А, 37, 39-46, 40-43, 83, 84, 84/А гудамжууд, Гүүп Нэйборс ОУТББ, Шинэ жаргалант оч БСБ, Их тунамал ингүмэл, Цэцэн тахилга ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10:00-13:00 цагт: 2-р хороо Нарлагийн задгай, Автобус бааз,

14.00-17.00 цагт: 2-р хороо Нарлаг, Наадам хороолол,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр,

ТӨВ АЙМАГ

10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Мандалын арын гэр хороолол,

11:00-17:00 цагт: Баян сум 3-р баг Дашгай, Хорих анги, Баянхурай, Монгол Чех орчмоор,

14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Сөгнөгөр-2 амралт орчмоор.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөгөө мэдээллийн төвөөр 682 иргэн үйлчлүүлжээ

Өнгөрсөн 14 хоногт МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 682 иргэн үйлчлүүлж зөвлөгөө, мэдээлэл авав. Энэ хугацаанд 451 хариутай бичиг, есөн өргөдөл гомдол хүлээн авсан байна. Хариутай бичгийн 263-ийг шийдвэрлэсэн бол зургаан өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь байнгын хороод хуралдана

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;

•Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын 2 дугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсох.

2.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд холбогдох албан тушаалтан, иргэдтэй уулзалт зохион байгуулах;

•Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

•Бусад.

Categories
мэдээ нийгэм

АН-ын нарийн бичгийн даргаар Х.Алтанхуяг томилогджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон гэх мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл бид энэ асуудлаар АН-ын ажлын албанаас тодруулахад, “АН-ын нарийн бичгийн даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг томилогдоогүй. Энэ нь ташаа мэдээлэл байна. Харин Х.Алтанхуяг гэдэг хүн АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Х.Алтанхуягийн тухайд цахим мэдээлэл, Пи Ар хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн долоо хоногт томилогдсон” гэх мэдээллийг өглөө.

АН-ын нарийн бичгийн даргаар томилогдоод буй Х.Алтанхуяг нь өмнө нь Хөрөнгийн биржийн дэд захирал, АН-ын сургалт судалгаа хариуцсан хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам гарааны зурхай хүрэлгүй эргээд чавхадчихлаа

1990-ээд оны үед хурдан морины уралдаан будлиантай болдог байлаа. Уралдаан бүрийн дараа хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй. Гарааны зурхай хүрэлгүй морьдоо эргүүлж, давхилдан баахан будлиан хутгадаг байснаас болсон хэрэг л дээ. Үүнийг нь журамлаад өгснөөс хойш энэ хэрүүл шуугианыг нэг эмхэнд оруулсан. Гарааны зурхайн цагаан зураасан дээр хаалт босгож, дохио өгмөгц уг хаалтыг унагаж зэрэг гардаг болсон. Яг одоо бол намууд гарааны зурхай руугаа явж байгаа үе. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам хүргүүлснээс Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу нягтлан шалгасны эцэст МАН, АН, МАХН, ХҮН, Ард түмний олонхын засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монголын консерватив нам, Зон олны нам, Үнэн ба Зөв нам, Монголын ногоон нам гэсэн 11 намыг шаардлага хангасан гэж үзжээ. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөх нь. Нэр дэвших ажиллагаа санал авахаас 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болно. Сонгуулиас өмнө 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 11-нд Сонгуулийн хуульд зааснаар сурталчилгаа эхэлнэ. Нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл өгөхөд ийм байна. Сонгууль намуудын хувьд уралдаан. Сурталчилгаа эхлэх болоогүй. Намууд бол ажин түжин л байна. Нэр дэвшигчийн асуудлаа ч шийдээгүй байх шиг.

Харин эрх баригч МАН аль хэдийнэ сурталчилгаагаа эхэлчихлээ. Зурхайдаа хүрэлгүй морьдоо эргүүлж булхайцаж байна. Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ гэж заасан. Энэ заалтыг МАН-ынхан зөрчиж байна.

Ялангуяа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Хэнтийгээс УИХ-д нэр дэвшиж гарч ирсэн, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга Л.Оюун-Эрдэнэтэйгээ, танхимынхнаа бүтнээр нь шахам дагуулчихсан нөхөн сонгуулийн тойрогт ажиллаж байна. Сонгуулийн хууль, Төсвийн хууль зөрчиж олон тэрбум төгрөгийн амлалт өгч байх юм. Хэнтий аймгийн хил орчмын сумдаар газар гал түймэр гарч, Онцгой байдлынхан хүчрэхгүй удаж байхад Ерөнхий сайд тоож байгаа ч юмгүй тэр хэсгийг тойрч давхиад л нөхөн сонгуулийн тойргийн сумд болох аймгийн төв, Хэрлэн сум, Жаргалтхаан, Мөрөн сумдаар яваад байна. Тэр ч бүү хэл Жаргалтхаан суманд 12 хүнтэй Онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, фургон автомашин хүлээлгэн өгөв. Жаргалтхаан суманд 320 хүүхдийн сургууль барина л гэнэ. Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ. Үүндээ 3.2 тэрбумыг зарцуулж, есдүгээр сард багтааж шийдсэн байхыг Эрчим хүчний сайдад үүрэгдэв. Мөн нөхөн сонгуулийн тойрогт багтах Мөрөн суманд ажиллахдаа таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өгч, трактор шийдэж өгч, 60-70 метрийн гүний худаг гаргаж, бариулахаар болсон төдийгүй соёлын төв, сургууль барьж өгөхөөр болов. Ингэж улсын төсвөөр сонгуулийн тойрогт дураараа дургиж байгаа МАН-ыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцохоос хасах хэрэгтэй байна. Тэд аль хэдийнэ сонгуулийн хууль зөрччихлөө. МАН-ын даргын Хэнтий аймагт ажиллахдаа шийдсэн асуудлуудыг нь харах юм бол сонгуульд зориулагджээ гэдэг нь ойлгомжтой. Тэнэг хүн ч хараад сонгуулийн сурталчилгаа хийгээд явааг нь бэлхнээ ойлгоно. Өөрөө дэвшинэ үү, өөр хүн МАН-аас дэвшинэ үү хамаагүй. Ингэж эрх баригч намын дарга, сонгууль зарлагдчихаад байхад сонгуулийн тойрогт элдвийг амлаад явж болохгүй. Аль ч утгаараа энэ нь Сонгуулийн хууль зөрчиж байна. Угаас энэ намаас нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүс бүгд Ерөнхий сайдынхаа хажууд наалдчихсан түмэн олныхоо өмнө маадгар сууцгааж байна лээ. Сонгуулийн хуулийн 35.18.17-д улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэхийг хоригложээ. Мөн хуулийн 35.18.3-т төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно гэжээ. Мөн 35. 28-д Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т заасны дагуу УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон санхүүжилтийг сонгууль товлон зарласан өдрөөс хойш сонгуулийн дүн эцэслэн гаргах хүртэлх хугацаанд зарцуулахыг хориглоно гэж заажээ. МАН-ынхан Сонгуулийн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатар нэр дэвших тухай нэлээд тодорхой мэдээллүүд яваад эхэлсэн. Тэрээр тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сонгуульд Д.Гантулгатай өрсөлдөөд цөөхөн саналаар ялагдсан байдаг. АН-ын хувьд энэ сонгууль маш чухал бөгөөд УИХ-д бүлэгтэй болох эсэх, цаашлаад өнөөгийн намын удирдлагууд намаа 2020 оны сонгуульд удирдаж орох эсэх нь шийдэгдэнэ. Дотоодын эв нэгдэлд нь энэ тойргийн ялалт ялагдал нөлөөлнө гэсэн үг. АН-аас хөөгдсөн гэх зарим улстөрчийг бие дааж өрсөлдөх талаар ч мэдээлэл явж байгаа. Харин МАХН-ын хувьд Н.Энхбаяр ганц хоёрхон сарын өмнө нөхөн сонгуульд өрсөлдөнө гэж зарлаж байсан. Гэвч энэ нь бусад намтай тохироо хийх гэж зориуд шидсэн үг байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч С.Ганбаатар, С.Ононбаяр гэх нөхдийн нэр давхар яригдах болсон. Эх сурвалжийн мэдээллээр Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг нэр дэвшвэл тохиролцоо хийе гэж үг дайсан байна лээ. МАН-ын удирдлага одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа. Учир нь энэ У.Хүрэлсүх өөрөө дэвшвэл боломж хэр байгааг тандаж ч байж мэдэх. У.Хүрэлсүх одоогоор нэр дэвших эсэхээ албан ёсоор хэлээгүй байгаа. “Удирдах зөвлөл, Бага хурал л мэдэх асуудал” гэсэн бөөрөнхий хариулт өгөөд л байж байна. Хэрэв өрсөлдөөд унавал ёстой нэг шороотой бөх гэгч нь болно. Угтаа ганц суудал авсан ч яалаа, аваагүй ч яалаа гээд тоомжиргүй хандаж болох ч Хэнтийн нөхөн сонгуульд ач холбогдол өгч байгаа нь гарааны зурхай хүрэлгүй яаран эргэж байгаагаас нь харагдаж байна. Мөн МАН-аас нэр дэвшигчдийн нэрэнд гавьяат Г.Эрдэнэбатыг дэвшүүлэх нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Нэр дэвшигчдийг албан ёсоор зарлатал бас ч үгүй хугацаа байна. Тэр болтол нэр дэвшигчдийн нэрс яаж ч өөрчлөгдөж болно. Хэнтийн нөхөн сонгуулийн дүн 2020 оны сонгуулийн ерөнхий өнгийг харуулах биз ээ.

Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэцэд иргэн Д.Ганхуягийн зүгээс хандлаа. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ нь байдаг л нэг маргаан гэж хандаж болохгүй нь бололтой. Ямар ч үр дагавар дагуулж мэдэх нь. 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох эсэх дээрээ ч хүрч мэдэх нь.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Үндэсний хөгжлийн загвар” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ЭМЯ-нд “Хайртай хүмүүсээ- Хамтдаа хамгаалцгаая” аяны нээлт болно. Утас: 99179899, 99819291

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар болно. Утас: 70119921

10.00 цагт БТСГ-т “Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Японы Шимада муж, Монголын боксын холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлнэ. Утас: 99049991

11.00 цагт МУИС-ын хичээлийн II байранд “Улстөрчдийн гарын бэлэг” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 89183888

11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315, 99160069

11.00 цагт ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гийн шинэчилсэн журам, бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:88087892, 96346465

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15.30 цагт “Blue Sky” зочид буудалд Ардчилсан энх тайван нэгдлийн зөвлөлийн семинар болно.

Төрийн ордонд

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Бүдрагчаагийн Даш-Ёндон: Хүмүүс гэдэг амьтдад хаашаа явах нэгдсэн бодлого хэрэгтэй

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонтой уулзаж хөөрөлдлөө. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн уугуул эл эрхэм 1968 онд МУИС-ийг түүхийн багшийн мэргэжил эзэмшин төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын Төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001 оноос Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Нэг сэдэвт зохиол хоёрыг туурвиж, олон арван үгүүлэл бичиж, философи, Монголын түүхийн сэдвээр хэд хэдэн боть ном орчуулсан байна. Эртний Грекийн их сэтгэгч Платон, Аристотель болон бусад философичдын зохиолоос орчуулан, тэмдэглэгээ хийж “Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж” гурван боть, “Гегелийн философийн үндсэн агуулга” зэрэг ном хэвлүүлсэн нь түүний дорвитой бүтээлүүдийн нэг болжээ. Тэрээр 1990-ээд оноос хойш бичиж нийтлүүлсэн философи, улс төр, түүхийн ухааны үгүүллүүдээ “Цаг үе: сэтгэл бодрол, философи” гэсэн нэрээр эмхэтгэн хэвлүүлжээ.


-Та саяхан “Монголын хөгжлийн философи” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын хөгжлийн философи нь юу байна гэж үзэв?

-Хөгжлийн асуудал гэдгийг би хоёр чиглэлээр бодож явдаг юм. Нэгдүгээрх нь, улс орны хөгжил. Хоёрт нь, нийгмийн хөгжил гэж юу вэ гэж энэ хоёрыг бодоод явдаг юм. Улс орон гэчихээд тусад нь нийгмийг салгаад энэ нөхөр юу яриад байна гэж бодож байгаа байх. Энэ хоёр бол хоёр өөр зүйл. Улс орон, төртэй газар нийгэм байна. Төргүй газар тийм юм байхгүй. Улс орны хөгжил гэдэг бол жижиг орны хувьд гаднаасаа юм гуйхгүй, өөрийгөө аваад явах чадалтай болсон байхыг хэлнэ. Бид улс орныхоо тусгаар тогтнолын тухай “Тусгаар тогтнолоо хамгаална, авч явна” гэж их ярьдаг шүү дээ. Бид тусгаар тогтнолоо цэрэг дайнаар хамгаалж чадахгүй нь тодорхой. Тусгаар тогтнолоо хамгаалж, авч явах ганцхан зам нь манай хөгжил байгаа юм.

-Сингапур зэрэг жижиг орнуудын өндөр хөгжил үүний жишээ байх шүү?

-Хэнээс ч юм гуйхгүй амьдрах чадвартай болох хэрэгтэй. Дахиад хэлье. Манай улс жижиг улсын категориор энэ ертөнцийн улс орнуудтай харилцдаг. Ийм учраас хөгжингүй байж байж тэр улс орнуудын хүндэтгэлийг хүлээж авах ёстой. Хоёр дахь чиглэл нь нийгмийн хөгжил. Улс гэж байна. Улс дотор нийгэм байна. Нийгмийн хөгжил нь нийгмийн амьдралын олон салбаруудад хуваагдана. Эдийн засаг, улс төр гээд олон салбарууд байна шүү дээ. Эдийн засаг нь дотроо мал аж ахуй, газар тариалан, хүнд, хөнгөн хүнсний үйлдвэр гээд цаашаагаа салаад явчихдаг. Нийгмийн хөгжилд эдгээр салбаруудын хоорондын авцалдаа, зохицуулалт, уялдаа чухал. Энэ салбарууд дотроо баахан салаа мөчир болж хуваагддаг. Эдийн засаг гэхэд л тийм тийм салаа мөчиртэй гээд түм буман юм ярина шүү дээ. Энэ салаа мөчрүүдийг хооронд нь зохицуулах нэгдсэн зохицуулалт одоогоор манайд байхгүй болчихоод байгаа юм.

-Төрийн нэгдсэн бодлого зохицуулалт байхгүй болсноос улс орны хөгжил чөдөртэй морь шиг дэгэнцэж догонцоод байна гэж та хэлэх гээд байна уу?

-Манайд одоо эдийн засаг, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, уул уурхай гэсэн салбарууд харамсалтай нь дөрвөн өөр гэрт амьдарч байна. Дөрвөн өөр гэрт амьдраад бие биенээ авч хэлэлцэхгүй, харин одоо бүр ад үзэх маягтай болсон. Тариалан хөгжүүлж байна гэсэн чинь мал орж ирээд байх юм гэнэ. Уул уурхайгаа хөгжүүллээ гэсэн чинь бэлчээрээ, малаа сүйтгэлээ гэх юм. Энэ бүхнийг хооронд нь зохицуулсан төрийн бодлого манайд хэрэгтэй байгаа юм. Эндээс л манай нийгмийн хөгжил гарах ёстой. Миний энэ ярьж байгаа юм бол Монголд огт байгаагүй, тийм шинэ зүйлийг санаанаасаа зохиож байгаа юм огт биш. 1921 оны ардын хувьсгалын дараагаас 1990-ээд оныг хүртэл манайх хөгжлийн бодлоготой, хөгжлийн философитой байсан бол ерээд оноос энэ бүхэн алдагдчихсан юм.

-Сүүлийн хориод жил буруу замаар будаа тээчихлээ гэх хүн ч олширсон шүү?

-Нэгдсэн бодлого байхгүй болсон. 1921-1990 он хүртэл төрийн эрх барьж байсан МАХН-ын дөрвөн удаагийн программ гарсан шүү дээ. Тэр программаар улс орныхоо хөгжлийг цааш нь яаж авч явах вэ, эрх барьж байгаа төр засаг энийг яаж чиглүүлэх вэ гэдгийг бүгдийг нь сайхан тооцоолоод, хийгээд явж байсан. Тийм учраас би байхгүй юм яриагүй, байж байсан юмаа одоо сэргээж нэгдсэн үзэл баримтлал бодлоготойгоор улс орноо цааш нь авч явбал дээр гэсэн юм л яриад байгаа хүн шүү дээ, би.

-“Алтан дээр суусан гуйлгачин боллоо. Баян, ядуугийн харьцаа тэнгэр газар шиг боллоо. Улс орны тусгаар тогтнолд аюул тулгарахад муусайн олигархиуд гадагшаа нисээд явчихна. Төр ээлжилж барьсан хоёр намын аль нь ч Монголын төлөө гэхгүй. Болж бүтэж байгаа юм Монголд алга” гэж бухимдсан улс л их байх юм. Гэтэл гурван сая хүний бараг сая шахуу нь унаа тэрэг унасан л улс. Манайхан амьдрал боломжийн ч хязгааргүй шуналд автсан улс болчих вуу?

-Хүмүүс гэдэг амьтдад чинь “Хаашаа хөдлөх юм, яах ёстой юм” гэсэн нэгдсэн бодлого хэрэгтэй. Түүнээс биш тус тусдаа хувиа борлуулж, довоо шарлуулна гэдгээр чиг чигээрээ явбал бүтэхгүй болчихоод байна шүү дээ. Үүгээр хол явахгүй. Бид бол Монгол гэдэг нэг улс. Монгол Улс удирдлагатай, нэгдсэн бодлоготой, хэрэгтэй салбаруудыг төлөвлөдөг хөгжлийн замаар л явах ёстой ч тэр нь алдагчихаад, болохгүй болчихоод байдаг. Хөгжүүлэх үзэл баримтлал, хорин жилийн хөтөлбөр энэ тэр гээд зөндөө л юм гарсан шүү дээ. Тэрийгээ хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Тэгж байтал олон нам байж байдаг. Нам бүхэн мөрийн хөтөлбөр гэж нэг нэг юм гаргана. Тэр нь хоорондоо зөрчилтэй. “Чиний хөтөлбөрийг би давах ёстой. Миний хөтөлбөрийг чи давж чадахгүй” гээд яваад байгаа чинь улс орны хөгжилд жинхэнэ саад болж байгаа. Миний бодож байгаагаар “Монголын хөгжлийн философи” гэсэн нэгдсэн үзэл баримтлал гаргаад, тэр нэгдсэн үзэл баримтлалыг нам бүхэн, Ерөнхийлөгч хүртэл дагаж хөтөлбөрөө дэвшүүлэх ёстой. “Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нэр дэвшиж байна” гээд тэнд тийм ч, ийм ч юм барина гэдэг. Тэр нь эцсийн эцэст худлаа болчихдог. Яагаад гэвэл нэр дэвшигчийн л хэлээд байгаа санаа болохоос улсын төсөв мөсөв, төлөвлөгөөнд хамаагүй болчихдог. Намуудын хөтөлбөр ч адилхан ийм л үл гүйцэлдэх зүйл. Дараа нь тэгээд “Эднийх амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байна. Худлаа амлажээ” гээд шуугьдаг.

-Тийм бэлэн ам, шалдан гуя болдог тохиол олон шүү?

-Амлаж байгаа юм нь хийчихье гэж бодож амлаж байгаа юм. Амласан хойноо хийх гэхээр үндэсгүй юм амлаад хаячихсан байдаг. Нэгдсэн бодлогод ороогүй юм амлаад хаячихсан байдаг. Тийм учраас хөгжлийн нэгдсэн философийн зарчмыг цөмөөрөө гаргаж ирж байгаад тэрэн дээрээ бүх нэр дэвшигч, Ерөнхийлөгч хүртэл тэндээс бодлогоо авдаг болмоор байгаа юм. Манайд ингэж будилаад байгаа нь цаанаа онолын углуургатай юм.

-Ямар онолын углуурга билээ?

-Манайхан болохоор “Тэр онол монол хэрэг байхгүй. Ямар юм яриад байгаа юм. Хийсвэр юмаар яах юм. Хүн бүхэн л өөрийнхөө ажлыг хийвэл болох нь тэр” гээд байдаг. Хүн бүхэн өөрийнхөө ажлыг хийх хэрэгтэй нь зөв. Гэхдээ нэг бодлогын үндсэн дээр хийх ёстой. Төрийн бодлого барьдаггүй, өөрийнхөө дураар явдаг тийм төрийн албан хаагч гэж байж болохгүй. Улс төрийн эдийн засгийн ухаан гэж нэг эрдэм бий. Энэ чухал зүйлийг бүр огт хаясан. Оронд нь өрнөдөд дэлгэрсэн экономикс гэж эдийн засгийн ойлголтыг оруулчихсан. Энэ нь ерээд оны үед нэг хэсэгтээ “Мундаг юм байна” гэж бужигнаж бужигнаж, одоо сүүлдээ “Наадахь чинь биш байна аа, болохгүй болчихлоо” гэж капаталист орны том төлөөлөгчид ч, Орос, Хятадын эрдэмтэд ч яриад эхэлсэн. Экономикс гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл маш товчоор хэлбэл “Чи яаж баяжих вэ” гэдгийг ярьдаг ухаан.

-Нөгөө танай Ардын намын Данзан эдний дэвшүүлж байсан санаа байх аа?

-Тиймэрхүү л маягтай юм. Данзантай ч хамаагүй дээ. Данзан тэрийг мэдэх ч үгүй л байсан байх. Политэконом нь бол нийгмийн бүхий л анги давхарга, хүн ард, амьдрал ахуйг нийтээр нь авч үзсэн Марксын онол. Марксаас өмнө “Сонгодог политэконом” гэж гарсан. Маркс тэрэн дээр суурилсан. Тэр нь хөрөнгөтний, бидний ярьдгаар XVII-XVIII зууны үед үүсчихсэн эд. Маркс түүнийг боловсруулж явсаар “Ажилчин ангийн политэконом” гэж нэрлэсэн. Бид түүнийг юу гэж ойлгох вэ гэхээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан политэконом байх ёстой. Тэр политэконом чинь энэ олон хөрш болчихсон, хоорондоо авцалддаггүй юмнуудыг төрөөс зангидаж, нийлүүлж байх ёстой. Энэ чинь цаанаа юу гэсэн үг вэ гэвэл нийгмийн салбаруудыг болон бусад асуудлыг төр төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө энэ тэр гэж ярьдаг даа. Бүсчлэхдээ дахиад задардаг. Энийгээ нийлүүлж, эргүүлж авчирч Монгол гэдэг юман дээр зангидаад төр нь “Тэр байна аа” гэсэн үзэл баримтлалыг гаргах ёстой гэсэн юм л би яриад яваа юм л даа. Тэр маань одоо хэр ойлгогдох нь вэ мэдэхгүй. Сая Үндэсний хөгжлийн газар “Монгол Улсын хөгжлийн философи” гэсэн сэдвээр зөвлөлдөх уулзалт хийж байна. Би тэнд очиж товч илтгэл тавьсан. Тэнд ч гэсэн хөгжлийн философи гэдгээ мэдэхгүй нөхөд их байна. Тэд “Улс орон төлөвлөгөөтэй хөгжих ёстой” гэдгийг зоригтойгоор хэлж чадахгүй наагуур нь “Тийм суманд сургууль байгуулахад төчнөөн хүүхэд байгаа, ийм болчихно, манайхаас гараад тэгээд явах ёстой” гэсэн юм яриад байна. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум миний төрсөн сум. Энд хэдэн хүүхдийн сургуулийн байрыг барих ёстой вэ гэдэг нь амьдралаасаа гарч ирнэ. Шуудхан л “250 хүүхдийн баяр барина” гэчихээр эсвэл дутаад, эсвэл олон өрөө хоосон болчихно.

-Ямар ч судалгаагүй зүйл амьдралын хөрсөн дээр буухгүйн л жишээ шүү?

-Төлөвлөлт гэдэг чинь энэн дээрээ шүүмжлүүлээд байдаг золиг. Төлөвлөлт хийнэ гэдэг тийм ч амархан юм биш. Маш нарийн судалгаа, бодлого хэрэгтэй. Хуучин бол зохицуулалт байсан л даа. Намайг бага байхад манай Булнайн нуруунд бага сургууль байгуулсан. Би тавин дөрвөн онд энэ сургуульд орсон. Тэгэхэд дөрвөн багштай, дөрвөн анги, наян нэгэн хүүхэд суралцаж байсан. Сургууль өргөжөөд ирэхээр сурагчдаа сумын төвийн сургуульд шилжүүлсэн. Шилжүүлэхдээ Булнайн нурууны Могойн голын уурхай дээр эхний шатны сургуулийг үлдээгээд, хуучин сургуулийнхаа байрыг бригадын төвд ашиглах жишээний. Ийм уян хатан бодлоготой байсан. Одоо болохоор “Тэнд төд хэрэгтэй. Түг” гээд ингэчих юм шиг яриад байгаа. Үүнийг би яв цав ясан өргөө болчихоод байна гэхгүй. Үндэсний хөгжлийн газар гэдэг маань миний бодлоор хуучны Төлөвлөгөөний комисс шиг болох хэрэгтэй байна. Гэхдээ эдэнд нэг том эрх өгөх хэрэгтэй байгаа юм. Эхлээд нам нь нэр дэвшлээ. Хөтөлбөрөө гаргалаа. Тэр хөтөлбөрийг энэ Үндэсний хөгжлийн газар оруулж хориг авах ёстой. “Олон дэмий бүтэх бүтэхгүй юм ярьж болохгүй. Манай нэгдсэн чиг ийм байгаа” гэх ёстой. За, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. “Та бас тэг. Нэгдсэн чиглэл дотроо л ярья. Энэ бодлогоороо явах ёстой” гэсэн бодлогыг нэгдүгээрт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, яамд бас нэг юм хийгээд байна шүү дээ.

-Мэдээж, төрийн яам болсон хойно ямар нэг юм хийж байгаа нь тодорхой л доо?

-Баахан юм төлөвлөөд л. Хөөрхий минь, бас төлөвлөгөөгүй ч биш л дээ. Нэг төлөвлөгөөтэй л үзээд байгаа шүү дээ. (инээв. Л.Б) Энэ олон яамдын тэр төлөвлөгөөнүүд хоорондоо авалцаж байна уу, үгүй юу гэдгийг нягтлаад тэрийгээ Засгийн газарт өргөн мэдүүлэх эрх мэдэлтэй инстититуци гарч ирэхгүй бол бид чинь нэг л олон тархитай, тархай бутархай бодлоготой улс болж хувирлаа.

-Манайхан нэг зам тавилаа гэхэд шат шатандаа төсвөөс нь хумсалсаар хүүхдийн зулай шиг нимгэн юм болгочих юм л гэсэн шүүмж тасардаггүй. Төрийн албыг түрийвч болгох улс ихэссэний л шинж юм уу даа?

-Ер нь олны дунд ийм яриа явж байгаа. Бүүр онигоо болчихсон явж байгаа шүү. Яг тийм байна уу, үгүй юу гэдгийг тогтоогоод, шүүгээд, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн зүйл байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь хээл хахууль гээч юмтай сайн тэмцэж байх ёстой. Шалгаж байх ёстой. Манайд чинь олон шалгах байгууллага бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийн жишгээс илүү юу гэхээс дутуугүй. (Гашуунаар инээвхийлэв. Л.Б) Тэд нар маань чухам юу хийж байдаг юм, хөөрхий, мэдэхгүй. “Тэнд нэг байшин барилаа, тэр нь болохоо байчихлаа” л гэнэ. Энд нэг юм барьсан чинь буруудсан байна л гэнэ. Яригдсан төлөвлөгөө, нэгдсэн захиргаа байхгүй. Нам засгийн маань удирдагчид дэмий бачимдаад л “Хариуцлагыг дээшлүүлнэ” л гээд яриад байгаа шүү дээ. Хариуцлагыг дээшлүүлнэ гэдэг ч ерөнхийдөө үнэн үг. Яаж, ямар аргаар, технологи нь ямар байж байж тэр хариуцлагыг дээшлүүлэх юм гэдэг нь бидэнд сайн мэдэгдэхгүй ийм л юм болоод байна л даа. (Асуулт бүрийг нухацтайгаар давтаж, хуруугаараа ширээ тогшин өгүүлэв. Л.Б) Тийм учраас дахиад хэлье, дахиад нэгдсэн бодлого, түүний дагуу хяналт шалгалт хийгдэх ёстой.

-Та эрх баригч том намын дарга байсан хүн. Ирээдүйн хэчнээн хаад-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын дарга байв. Хувь хүний хувьд бас л нэг бахархал мөн биз?

-Наадахь чинь ч сонин яриа биш ээ. Хэрэггүй шахуу л юм байгаа юм. Яахав, Гомбожавын Очирбат гуай нэг жил МАХН-ын дарга байсан шүү дээ. Тэгээд дараа нь би гурав дөрвөн ч жил болчихсон бил үү. Тэр хооронд, мэдээж шүү дээ, эд нар бүгдээрээ өсч өндийсөн. Тэрэнд нэг их асуудал байхгүй.

-Та Монголын хөгжлийн философио одоогийн эрх баригч, дарга нарт танилцуулав уу?

-Би сая докторын зэрэг хамгаалахдаа шийдвэр гаргадаг нөхдөд хураангуйгаа явуулсан. Сонирхоно уу, байна уу өөрсдийнх нь мэдэх хэрэг. Ер нь нэг хүний хэлснээр юм чинь “Хөөх, тэгэх юм байна” гэсэн юм бас байхгүй шүү дээ. Юм чинь их нарийн. Нөхдүүд яахыг би мэдэхгүй. Явсаар явсаар нэгдсэн бодлого зүйтэй юм байна гэдэг рүү л хүрэх байх. Өөрөөр хэлбэл жаахан эргэнэ. Одоо нийгмийн шинэ байгууламж хэрэгтэй болчихоод байгаа юм. Чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдэг чинь ингээд будилуулчихаад байхгүй юу. Тэрнээсээ татгалзана гэхээр нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг сонгох учиртай.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ган-Очир: Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоож эдийн засгийг лаборатори болгох нь маш том эрсдэлтэй

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон нийтийн анхаарлын төвд байгаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай асуудлаар ярилцлагаа эхэлье. Энэ асуудал хэзээнээс ямар үндэслэлээр яригдаж эхэлсэн байдаг вэ?

-Монголын улс төр, нийгэмд сүүлийн 15 жил нэлээд идэвхтэй, Монголд зээлийн хүү өндөр байна, тэр дундаа хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн бизнест дэмжлэг үзүүлэхүйц түвшинд бууж чадахгүй байна гэдэг асуудал яригдаж эхэлсэн байдаг. Тухай бүрт нь Монголбанк холбогдох тооцоо судалгааг хийж ирсэн. Зээлийн хүү яагаад өндөр байна, юу нөлөөлж байна, бодлогын хувьд юу хийж чадах вэ, бодлогын бус болоод Засгийн газрын түвшинд юу хийвэл зүгээр байна, хувийн хэвшил банкны салбарт юу хийвэл зүгээр вэ гэдгийг судалж эхэлсэн байдаг.

Зээлийн хүү өндөр байх нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү өндөр байгаагаас дийлэнх нь болж байна. Зээлийн хүү 20 хувь байлаа гэхэд түүний 14 хувь нь эх үүсвэрийн зардал, зургаа орчим хувь нь хадгаламж зээлийн хүүгийн зөрүү байна. Тэгвэл зургаан хувь дотор банкуудын үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн сангийн зардал гээд энэ хоёр зардал том хувийг эзэлж байна гээд. Гурав дахь нь банкуудын ашигтай ажиллагаа, бусад валютын ханш, зээлийн хүүгийн эрсдэлийг нөхөх хэмжээний зардлууд явж байна гэсэн ерөнхий судалгааны дүн гардаг. Сүүлд ч гэсэн бид өнгөрсөн жил зээлийн хүүгийн стратеги боловсруулах үед судалгаа хийхэд мөн л иймэрхүү дүр зураг хэвээрээ яваад байсан. Нэг талаасаа зээлийн хүү өндөр байгаа нь яалт ч үгүй бодит факт. Дэлхийн түүхийг харсан ч эдийн засаг дахь ядуурал нь өндөр, дундаж давхарга бага орчныхон улстөрчдийн популист шинж чанартай зүйлд нэлээд автамтгай болдог юм байна. Яагаад гэвэл энэ фактыг бариад явбал ямар ч улстөрч олон нийтэд сайхан харагдана. Яг эдийн засгийн судалгаа, гарч болох үр дагавруудыг тооцохоор зах зээлийнх нь зарчмаар байхгүй бол болохгүй гэдэг байр суурьтай явж ирсэн.

Тухайн үед Монголбанк болон бусад байгууллага, судлаачид үр дагаврыг нь хэлээд болохгүй гэсэн байр суурьтай 2018 оны дөрөвдүгээр сард Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн баригдах хүртэл явж ирсэн. Ерөнхийдөө зээлийн хүү өндөр байгааг ярьж байсан болохоор Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги 2017 оны намраас эхлээд боловсруулж олон нийтэд танилцуулсан. Санал шүүмжийг тусгаад 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Үйл ажиллагааны төлөвлөгөөг есдүгээр сард батлуулсан. Ямар алхмуудыг ямар хугацаагаар хийх вэ гэдгийг өнөөдөр хүртэл хэрэгжүүлээд явж байгаа.

-Хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан улстөрчид олон улсын жишгийг онцолж байгаа шүү дээ?

-С.Эрдэнэ гишүүн олон улсын жишгийг харсан байх. Олон улсад зээлийн хүүг бууруулах алхам байдаг. Гэхдээ хавтгайруулж бүх зээлийн хүүг бууруул гэсэн зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Цөөхөн хэдэн улс байгаа. Кени, Уганда гэх мэт. Барууны хөгжилтэй улсууд гэхэд, жишээ нь Япон, Франц хэрэглэсэн гэж ярьдаг боловч тухайн нэг зээлийн бүтээгдэхүүний хувьд хэрэглэсэн байдаг. Гэхдээ л эдгээр нь сөрөг үр дагавартай байж гэсэн судалгааны үр дүнгүүд гардаг. Зөвхөн иргэдийн зээл дээр, зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэж тавингуут тэр тавьсан зээлийн хүүгийн дээд хязгаар дээрх бүтээгдэхүүнүүд нь нэр төрөл нь цөөрөөд, илүү зээл гаргах боломжтой бүтээгдэхүүн рүү хөрвөсөн болохоос биш өмнө нь байсан бүтээгдэхүүн нь байхгүй болдог. Эсвэл зээлийн хүү гээд тавингуут шимтгэл, хураамж гэдэг дүн рүүгээ өссөн байх жишээтэй. Энэ хэлбэрийн судалгаануудаас харахад энэ алхам бол зээлийн хүүг тогтвортой нам түвшинд байлгадаг эерэг үр дүнд хүргээгүй гэдэг судалгаа хөгжилтэй орнуудаас ч, бусад улсад ч гарсан байдаг.

-Төв банкнаас зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудлаар мэргэжлийн байгууллагууд, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал зөвлөмж авсан гэсэн. Тэд ямар байр суурьтай байх юм бэ. Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох нь далд, луйврын эдийн засгийг бий болгоно гэж үзээд байгаа?

-Монголбанк зээлийн хүү бууруулах, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлстэй холбоотой судалгаануудыг түүхэн хугацаанд 2015 оноос хойш хийж ирсэн. 2017 оноос бүр эрчимжүүлсэн. Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулсан. Нэгэнт судлаад гаргаад ирсэн үр дүн, гаргасан баримт бичгийг олон нийтэд танилцуулах хүрээнд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг уулзалтуудыг бүх талын төлөөллүүдийг оруулаад хийсэн. Энэ үед мэдээж Монголбанкнаас хийсэн судалгаа, олон улстай харьцуулсан байдал зэргийг аваад үзэхээр нэлээд олон үр дүн гарч байгаа юм. Ялангуяа олон улсын жишээн дээр. Хууль болгодог анхны санаа маш сайхан санаан дээр үндэслэдэг. Иргэдийн зээл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээл өндөр байна. Өндөр байгаа болохоор тэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тийм болохоор зээлийн хүүг тогтоогоод өгчихвөл энд хамрагдах хүмүүсийн тоо ч их болно, зээлийн хүүгийн дарамт багасна. Энэ утгаараа сайн сайхан зүйлд очно гэсэн сайхан санаагаар эхэлсэн байдаг. Уганда ч, Кени ч тэр. Эцэст нь ганц өгүүлбэрээр хэлэхэд анхны тавьсан зорилгынхоо эсрэг үр дагаварт хүрчихсэн харамсалтай кейсүүд олон байгаа юм. Нэг үгээр хэлбэл зээл хамгийн их хэрэгтэй хэсэг, зээлд хамрагдаж чадаж байсан хэсэг нь дараа нь зээлд хамрагдаж чадахаа больсон. Бодлогын хүү 11, нэмэх нь долоо гэдэг санал хуульд тусгагдсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18-аар тогтооно гэдэг Монголын нөхцөлд эрсдэлтэй зээлдэгч нарын хувьд зах зээлээс шахагдах гол нөхцөл болоод байгаа юм. 30, 50 гэх мэт харьцангуй өндөр байсан бол бас гайгүй. Гэтэл өнөөдөр хүүг хатуугаар доогуур түвшинд авчирч байгаа нь сөрөг үр дүнд аваачина.

-Банкуудад ямар эрсдэл бий болох вэ?

-Том эрсдэл нь тэгвэл тэр зээлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хэсэг нь яах вэ. Тэр хүмүүс дахиад ямар нэгэн хэлбэрээр зээлээ авах гэж оролдоно. Тэгэхээр таны хэлдэг далд эдийн засаг, зохицуулалтгүй байгаа тэр хэсэг рүү явах том эрсдэл байгаа юм. Гурав дахь нь хээл хахуулийг хүртэл үүсгэдэг. Банкнаас зээл авч чадахгүй иргэд зээл рүү оруулаач гэж гуйж, арын хаалга хэрэглэхэд хүрнэ. Тийм нөхцөл байдалд хүүг тогтоосны дараа илүү хүнд болдог. Нөгөө талаар банкны ашигтай ажиллагаа багасна. Банк ашигтай байж тогтвортой ажиллаж тогтвортой үйл ажиллагаагаа хадгална. Ашигт ажиллагаа байхгүй болбол банк үйл ажиллагаагаа хангаж чадахгүй, дараагийн том цохилт нь “Капитал” банк шиг нөхцөл байдал руу орох эрсдэлтэй.

Ихэнх улс удаан хугацаанд тавиад эргэж буцсан байдаг. Нэг зүйл тавиад болохгүй бол буцна шүү гэдэг асуудал том хохиролтой. Манай зарим улстөрчид тэгж ярьж байгаа. Энэ хугацаанд Монголд байгаа зээлжүүлэлтийн хадгаламж, одоо бүрэлдэн бий болчихсон байгаа эрүүл зөв харилцаанууд тэр хугацаагаар байхгүй болно. Маш олон жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авч чадахгүйгээс дампуурч магадгүй. Ийм үр дагаварт хүрэхийг мэдсээр байж, мэргэжлийн байгууллага зөвлөсөөр байхад эдийн засгийг лаборатори болгох нь маш том эрсдэл. Түүнээс гадна мөнгөний бодлогод маш сөрөг нөлөөтэй. Мөнгөний бодлогын үр нөлөө мууддаг юм байна гэсэн маш том сургамж олон улсын түвшинд байгаа юм. Бүр аюултай нь төв банкны бие даасан хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл харагдаж байгаа юм.

-Шийдлийг юу гэж харж байгаа вэ?

-Бид шийдлийг маш тодорхой хэлж байгаа. Эхний ээлжинд зээлийн хүүг хууль гаргах замаар хатуу явах нь зохимжгүй гэж. Бидний шийдэл бол зах зээлийнх нь зарчмаар зээлийн хүүг бууруулах боломж байна гэж байгаа. Тэр бол зээлийн хүүг бууруулах стратегид бодлогын түвшинд юу хийх вэ, банкууд юу хийх вэ гэдгийг маш тодорхой тусгачихсан.

Үүнийг улс төрийн нөлөөллөөс үл хамаараад тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь инфляцийн найман хувийн зорилтоо алдахгүй, зургаан хувийн зорилт руу буулгах хэрэгтэй. Инфляци буурахаар бодлогын 11 хувийн хүү 8-9 нэгж рүү бууж ирнэ. Ийм болоход хадгаламжийн хүү нэг оронтой тоо руу бууж ирнэ. Зээлийн хүү өнөөдөр 16-17 хувь байгаа бол 14-15 болно.

Эцэст нь хэлэхэд шийдэл нь Монголбанкинд байгаа. Мэс засал хийх гэж байгаа эмчид яаж хийхийг заадаггүй. Эдийн засаг, банкны салбарын хүмүүс харчихаад үр дагаврыг хэлж байгаа бол тодорхой түвшинд сонсдог байж нийгэм зах зээл хөгжинө. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойноос холдсон шийдвэр гараад эхлэх юм бол буруу зүг рүүгээ явдаг. Энэ зүйлийг нийгэм сайн ойлгох учиртай.

-Мөнгө хүүлэлттэй холбоотой асуудал сүүлийн үед ихээр яригдах боллоо. Төв банк үүнд хэрхэн анхаарч байна вэ?

Түүнээс гадна мөнгө хүүлэлттэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байна. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Монголбанкнаас боловсруулаад байна. Үүнд тодорхой нэг зүйлийг нэмсэн. Мөнгө хүүлэлт гэж юу вэ гэдгийг тодорхой болгосон. Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалтыг нэг зүйлээр дэд зүйл болгож оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн бариулахаар шуурхай ажиллаж байна.

-Монгол Улсад банк дампууруулах хар технологи бий болчихлоо гэж мэргэжлийн зарим хүмүүс үзэж байна. Үүний үргэлжлэл, тод жишээ нь “Капитал” банкийг нэрлэж байна. Нөгөө талаар “Капитал” банкны дампууралд Монголбанк хариуцлагагүй хандсан гэсэн байр суурь сонсогдож байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би 1996 оны, 1997-1999 оны банкны хямралыг мэдэхгүй. Банк дампууруулдаг технологи гаргаад дундаас хэн нэгэн хүн ашиг хонжоо олдог гэдэг зүйл түүхэнд байсан байж магадгүй.

Капитал банкны нөхцөл байдлыг аваад үзэхээр гарцаагүй л байсан зүйл. Нийт зээлийнх нь 80 гаруй хувь нь чанаргүй болчихсон. Нийт өр төлбөр нь активаасаа хэдэн зуун тэрбум төгргөөөр давчихсан. Тэгээд Монголбанкнаас мөрдүүлдэг гол шалгуур үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэдэг харьцаа байдаг. Тэр нь 25 хувь байх ёстойгоос 0.6 хувь хүртэл буусан. Энэ нөхцөл байдлаас харахад энэ банкийг татан буулгахаас өөр ямар нэгэн сонголт үлдээгүй. Энэ бол туйлын гарцаагүй үнэн.

-Чанаргүй зээл 80 хувьд хүрч, төлбөр гүйцэтгэх чадвар ингэж буурах хүртэл Монголбанк мэдээгүй хэрэг үү?

-Монголбанк мэдээгүй, хараагүй зүйл байхгүй. Бид “Капитал” банкинд 2014 оноос хойш, ялангуяа 2015 оны аравдугаар сар гэхэд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна, шат дараатай арга хэмжээ авч засч залруулах шаардлагатай гэсэн. Үргэлжлээд сонгууль ч болсон. Сонгуулийн дараа ч Монголбанкнаас шаардлагаа хүргүүлсээр байсан. Хугацаа өгсөн. Гэтэл 2016 оны аравдугаар сараас Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Үүн дээр орж ирсэн хамгийн гол зүйл бол банкны салбар дээрх шинэчлэл реформтой холбоотой асуудал. Биднийг банкны салбар дээрээ эрүүл мэндийн шинжилгээ хий гэсэн. Тухайн үед Монголбанк таны эхний асуултад очихгүй байх шийдвэр гаргасан. “Капитал” банк манайхаас мэдэгдэл өгөх бүрт “Гадаадын хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр оруулж ирэх гэж байна. Сингапур, АНУ-аас том хөрөнгө оруулагч оруулж ирнэ.Өөрийн хөрөнгөө хангана. Тэгээд бид зохистой харьцаагаа хэвийн болгоно” гэсэн тайлбар хийдэг байсан. Бид ч удаа дараа шаардаж, зөвлөх үед зөвлөж хянасаар ирсэн. Тэгээд бүх банкуудад 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд асуудлуудаа шийд гэсэн шаардлага тавьсан. Тэгээд энэ хугацаа болж “Капитал” банкинд авсан арга хэмжээ энэ. Тухайн банк бол байнга өөрийн хөрөнгөө нэмэгдүүлнэ, бидэнд хугацаа өгөөч гэдэг байсан. Бүр татан буулгах өдрийн өглөө хүртэл тэр тайлбараа хэлж л байсан.

-Тэгвэл “Капитал” шиг дампуурах эрсдэлтэй банк байгаа юу?

-Монголбанк энэ жилийг банкны шинэчлэлийн жил болгон зарласан. Эрүүл банк бол эрүүл санхүүгийн салбарын үндэс, эрүүл санхүү гэдэг бол эрүүл эдийн засаг, хөгжлийн үндэс. Энэ агуулгаар банкны салбарын шинэчлэл бол гарцаагүй хийгдэнэ гэж Монголбанк харж байгаа. Эрүүлжүүлэх эмчлэх арга хэмжээг тухай бүрт нь үргэлжлүүлээд аваад явна.“Капитал”банкны үйл явдал бол эхлэл нь.

Б.ЭНХЗАЯА