Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн дэд захирал П.Л.Бопп тус сургуулийн Удирдлагын тэнхимийн менежер В.С.Литвинова нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

Цаашид судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл солилцох, алба хаагчдыг суралцуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

“Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах “Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалт юм.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгааг сонордуулсан. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнгөрсөн сард газар шорооны ажлыг дуусгаад дөрвөн үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд үргэлжилж байна. Ажил энэ эрчээрээ үргэлжилж ирэх долдугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусч, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байлаа. Энэ ажлыг хариуцаж буй “Улаанбаатар барилга” компанийн ажилчид өөрсдийн хариуцаж буй ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд барилга 16 сарын дотор ашиглалтад орох товтой юм.

Мөн энэ цогцолборт 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд газар шорооны суурийн ажил дууссан бол 4000 орчим тамирчин байрлах тосгоны барилга угсралт мөн дуусч, гадна дотно заслын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Р.Дагва: Сайжруулсан түлшний агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй

Р.Дагва: Сайжруулсан түлшний агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.05.14-ний өдөр) болж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, тэр хүрээнд төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглосон билээ. Тогтоолын тус заалтыг маргаашнаас мөрдөж эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажил өрнүүлж, цаашид хэрхэн ажиллах талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

ИРЭХ САРЫН СҮҮЛЧЭЭР НЭМЖ ТҮЛШ БОРЛУУЛАХ 100 ЦЭГ НЭЭНЭ

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн удирдлага энэ онд 3.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж, түлш борлуулах сүлжээг нэмэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, улмаар суурин харуулуудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилж байгаа аж. Мөн сайжруулсан түлшийг нөөцлөх найман агуулах барихаар төлөвлөж, өдгөө тавынх нь бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг шинээр бий болгож эхлээд байгаа аж. Мод, түүхий нүүрс худалддаг 540 орчим цэг байсан бөгөөд тоог нь нэмэх бодлого барьж буй. Энэ сарын эхээр сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн эхний ээлжийг ашиглалтад оруулсан бол ирэх сарын сүүлчээр нэмж 100 цэг нээнэ гэдгийг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.

Мөн тэрбээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотоос хийж буй ажлуудыг танилцуулсан юм. Заримаас нь дурдвал, халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаан хангамж болон цахилгаанд холбох, галт тэрэгний янданд шүүлтүүр суурилуулах, амьдрах орчны судалгааны апплейкшн ашиглалтад оруулах гээд өргөн цар хүрээтэй ажил олныг хэрэгжүүлж байна.

Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод холбогдох албанаас зарим зүйлсийг тодрууллаа. Тухайлбал, түлш борлуулах цэгүүдийн газрыг шийдсэн, эсэх, түлшний үнэ ямар байх болон эрэлтэд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нөөцөлж чадах уу гэдгийг Тэргүүлэгчид лавласан юм. Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал худалдах цэгүүдийн газрын асуудлыг шийдэж, тонн тутмыг нь 150,000 төгрөгөөс хэтрэхгүй үнээр иргэдэд нийлүүлнэ гэдгийг онцолсон. Мөн холбогдох албаныхан хангалттай хэмжээний түлш үйлвэрлэн, нөөцөлсөн талаар хэлсэн юм.

Хэлэлцэх асуудлыг хүрээнд Тэргүүлэгчид холбогдох албаныханд зарим саналаа хэлэв. Тухайлбал, халаалтын зуухуудыг сайжруулсан түлшээр хангах ажлыг сайн зохион байгуулж, үнс зэрэг хаягдлын асуудлыг цогцоор нь шийдэх ёстойг дурдсан юм. Тодруулбал, Тэргүүлэгч Б.Бямбадорж “Нам даралтын зуухуудтай аж ахуйн нэгж, байгууллагуудад сайжруулсан шахмал түлш түлэх боломж бүрдүүлж өгөх ёстой. Мөн “Баянхошуу дэд төв”-ийн бүтээн байгуулалтын хүрээнд татаж буй инженерийн шугамд айл өрх, сургууль цэцэрлэгийг холбох ажлын зураг төслийг боловсруулж, тооцоо судалгаа, техникийн нөхцөлийг яаралтай гаргаарай” гэсэн бол Тэргүүлэгч Л.Нарантуяа 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад гарч буй ойлгомжгүй зүйлсийг тодруулж, дахин танилцуулах санал хэлсэн.

ТҮЛШ НОРОХООРОО ЧАНАРАА АЛДАХ ВИЙ. ТИЙМЭЭС АГУУЛАХ БАРИХ АЖЛЫГ ТҮРГЭВЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд хандан “Тэргүүлэгчдийн саналыг анхаарах ёстой. Маргаашнаас хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох тул уг асуудал нийслэлийн иргэн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой хариуцлагатай үйл ажиллагаа. Холбогдох албанаас ирүүлж буй мэдээгээр энэ зун хур ихтэй байх төлөвтэй. Тэгэхээр сайжруулсан түлшний хадгалалтад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Түлш норохоороо чанараа алдах вий. Тиймээс агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2025 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 23 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн, 7 нь хүүхэд байгаа юм.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн XV сургуульд сүрьеэ өвчин тархаад байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV сургуульд сүрьеэгийн халдвар тархсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. XV сургуул нь 1710 сурагчтайгаас 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан бололтой. Халдвар авсан сурагчдын 38 нь эмчилгээний эм ууж эхэлсэн гэнэ. Одоогоор сургуулийн захиргаа болон холбогдох албаны хүмүүс ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж буй юм байна. Уг халдвар 2017 онд сүрьеэ өвчнөөр өвчилсөн нэгэн багшаас тархсан гэх мэдээлэл байгаа ч сургуулийн захиргаа үгүйсгэж байна. Уг багш тухайн үед уг өвчнөөр өвчилсөн боловч эмчилгээ хийлгэн эдгэрсэн гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлах Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажлын явцтай танилцлаа.

Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологи зэрэг чиглэлд хэд, хэдэн иргэн, үйлдвэр туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна.

Тухайлбал, гарааны “Био ундарга” үйлдвэр гэхэд монгол орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэх “Дархан ризо” нэртэй бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Мөн Төв Азийн хөрс судлалын холбоо хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл био хаягдал ашиглан компост бордоо гарган авч, бордоогоороо хөрсний доройтлыг сайжруулах арга технологийг илүү нарийн судалж байгаа аж.

Эдгээр компаниудын аль аль нь сайн технологийг нутагшуулж өндөр чанарын бордоо гарган авч байгаа ч импортын төрөл бүрийн нийлмэл бордоо ихээр орж ирдэг нь борлуулалтад нь сөргөөр нөлөөлдөг байна. Харин борлуулалтыг нь дэмжвэл зээл, тусламж шаардагдахгүйгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой тул энэ асуудалд харьяа газар, салбар яам нь анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөрс судлал, шимт хөрсний туршилтын ажилтай танилцаж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй ярилцсаны дараа “Шимт хөрс бий болгох, компост бордоо үйлдвэрлэх туршилтыг эхлүүлсэн нь хөрсийг хамгаалж, үр шимийг нэмэгдүүлэхэд тустай ажил болно гэдэгт илтгэлтэй” байгаагаа илэрхийллээ.

Мөн хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа зарим асуудлын талаар “…Хүнсээ өөрсдөө ургуулж тарьж хэрэглэх асуудлыг олон жилийн турш ярьж байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, мах хүнсний ногооны хангамжийн асуудлаар чуулган хийсэн. Компани, хувь хүн бүр дор бүрийнхээ асуудлыг ярих бус нэгдэж ярилцаж, нэг тоо статистиктай, нэгдсэн асуудал ярьдаг болох нь чухал” гэсэн юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагвад захиас, даалгавар өгсөн талаараа хэлж, тус холбооноос зохион байгуулах хүнсчдийн ээлжит бус онц хуралд идэвхтэй оролцож, саналаа бодлоо тусгах хэрэгтэй гэж мөн хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнх-Оргил: Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн заалтнаас болж асуудал үүсээд байна

-ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААН ДЭЭР “ТОГЛОЛТ” ХИЙЖ ЯЛ ЗАВШИХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ БОЛСОН-

Эрүүгийн хуульд 2017 оны тавдугаар сард УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд засвар оруулж өөрчилсөн байна. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гараад байгаа. Хамгийн том жишээ гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга нар бусдаас их хэмжээний авлига авсан гэмт хэрэгт шалгагдаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэвч дээрх алба хаагчдыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх хуулийн заалтын дагуу хорих ял оноогоогүй юм. Үүнээс үүдэн алив гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн өөрчилсөн талаар хуульч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-УИХ-аас хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зарим зүйл заалтыг хассан юм байна. Яг ямар өөрчлөлт хийсэн юм бэ. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал олны анхаарлын төвд орчихоод байна?

-Хөөн хэлэлцэх хугацааны 1986 оны Эрүүгийн хууль, 2002 оны хуулийн томьёолол хоорондоо адилхан байсан гэж хэлж болно. Хөнгөн гэмт хэрэгт үйлдэгдсэнээс хойш зургаан сар, хүндэвтэр гэмт хэрэгт таван жил, хүнд гэмт хэрэг 15 жил, онц хүнд гэмт хэрэг 25 жил байхаар хөөн хэлэлцэх хугацааг хуулиар баталж өгсөн байдаг. 2002 оны хуулиар яг ийм байдлаар хуульчлагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн байгууллага хуульд заасны дагуу ингэж л дагаж мөрдөж ирсэн юм. Харин 2015 оны Шинэчилсэн Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөн байдаг. Тухайн хуульд гэмт хэргийг хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ялгаж зааглахаа больсон. Хорих ялын хэмжээ нэг жил хүртэл гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нэг жил. 1-8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн байвал хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил, 15 жилээс дээш гэмт хэрэг үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 12 жил, бүх насаар нь эсвэл 20 жил хүртэлх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил болгон өөрчилсөн байдаг. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан хуульд гэмт этгээд хуулийн байгууллагад шилжсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн заалтыг нэмж оруулсан байсан. Өөрөөр хэлбэл таван жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан гэмт хэрэгтнийг хуулийн байгууллага хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө бариад авлаа гэхэд тэр өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шууд зогсохоор хуульд тодорхой заагаад өгчихсөн байсан юм. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэргийн мөрөөр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гэсэн байдаг. Үүнээс үүдэн хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр гэмт хэрэгтнүүд ямар нэгэн “тоглолт” хийж ял завших асуудал бүрэн зогссон гэж хэлж болно. Гэтэл УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 18-ны эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр дээрх хуулийн заалтыг хүчингүй болгоод хасчихсан. Эрүүгийн хуулийн нэгдүгээр зүйлийн 10-т зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гээд өөрчилсөн. Үүнээс болоод асуудал үүсээд байгаа. 2015 оны нэмэлт өөрчлөлтийг хасаад 2002 оны хуучин Эрүүгийн хуулийг эргүүлэн дагаж мөрдөж байгаа л асуудал юм шүү.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэрэг шүүхэд очвол яах вэ. Гэм буруутай гэдэг нь тогтоогдчихсон гэмт хэрэгтнийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан юм байна гээд ял өгөлгүй явуулна гэсэн үг юм уу?

-Тэгж ойлгож болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчих юм бол хариуцлага хүлээхгүй. Шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэрэг очлоо гэхэд шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэдгийг тогтооно. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан бол ял оноохгүй. Шүүх бүрэлдэхүүн “Чи гэмт хэрэг үйлдсэн байна. Хуульд зааснаар ял оноох боломжгүй юм байна” гэсэн байдлаар шийдвэр гаргана. Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тухайн ажиллагаа явуулах боломжгүй байдал үүснэ. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн үг юм. Гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэнг мөрдөн шалгах явцад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал гэмт хэрэгт холбогдож байгаагүй болж хувирна. Өөрөөр хэлбэл ганцхан шүүх л хүнийг гэм буруутай эсэхийг тогтоодог шүү дээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдчихээд ял шийтгүүлэхгүй байна. Үүний цаана хохирогч байхгүй. Тэгэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогч байхгүй болохоор ял завшчихаж байгаа юм. Албан тушаалын гэмт хэрэг өөрөө хохирогч байдаггүй. ЖДҮ-гийн гэмт хэрэг гээд л яригдаад байгаа. Энэ хэрэг гэхэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаад “Чи энэ зээлийг надад гаргаад өгчих” гэж хэлээд зээл авчихаж байна. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Ийм учраас л хүмүүс шүүмжлэлтэй хандаад байгаа. Харин бусдын биед гэмтэл учруулсан ч юмуу, хүний амь нас хөнөөсөн хэргүүд хохирогч байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн чиний хийсэн үйлдэл эрүүгийн хэрэгт заасан гэмт хэрэг мөн. Харин хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаж. Гэхдээ бусдыг хохироосон бол нөхөн төлбөрийг өгөх ёстой гэж ханддаг. Албан тушаалын гэмт хэрэг хохирол тогтоох боломжгүй байгаа юм.

-Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан бол дахин төрийн албанд ажиллуулахгүй гэдэг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэрэгтэн төрийн албанд дахин ажиллах эрх нь нээгдэж байгаа юм биш үү?

-Хамгийн ноцтой сөрөг үр дагавар нь энэ болчихоод байгаа юм. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллах эрхийг хасна гэсэн байдаг. Тэгвэл гэмт хэрэг үйлдсэн байлаа ч ял шийтгэл аваагүй хүн Төрийн албаны тухай хуулиа бариад би гэмт хэрэг үйлдэж ямар нэгэн ял аваагүй. Тиймээс өрийн албанд ажиллах боломжтой гээд маргаан гаргавал хууль өөрөө тэр хүний талд шийдвэр нааштайгаар шийдэгдэх болчихоод байгаа юм.

-Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэгтэн болон өмгөөлөгч нар өөртөө ашигтайгаар ашиглах боломжтой юу?

-2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан хууль батлагдахаас өмнө гэмт хэрэгт холбогдсон этгээд болон түүний өмгөөлөгч хэрэг шалгах ажиллагааг удаашруулж цаг хугацаа хожих гэсэн асуудал гардаг байсан. Үйлдсэн хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд мөрдөн байцаалтыг санаатайгаар удаашруулах, шүүхэд очсон бол гэмт хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болгож нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх. Өмгөөлөгч нь ямар нэгэн арга хэрэглэж шүүх хурлыг хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох асуудал байдаг байсан. Үүнийг одоо дахин ашиглахгүй гэх баталгаа байхгүй гэж хэлж болно.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

“Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах “Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалт юм.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгааг сонордуулсан. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнгөрсөн сард газар шорооны ажлыг дуусгаад дөрвөн үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд үргэлжилж байна. Ажил энэ эрчээрээ үргэлжилж ирэх долдугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусч, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байлаа. Энэ ажлыг хариуцаж буй “Улаанбаатар барилга” компанийн ажилчид өөрсдийн хариуцаж буй ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд барилга 16 сарын дотор ашиглалтад орох товтой юм.

Мөн энэ цогцолборт 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд газар шорооны суурийн ажил дууссан бол 4000 орчим тамирчин байрлах тосгоны барилга угсралт мөн дуусч, гадна дотно заслын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Цэцэд албан бичиг илгээж Үндсэн хуулиа баримталж ажиллахыг сануулна

АН Үндсэн хуулиа баримталж ажиллахыг Цэцэд санууллаа

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Д.Ганхуяг гэдэг хүн Цэцэд хандсан. Бидэнд ирж байгаа мэдээллээр бол эрх баригчид нөхөн сонгуулийг цуцлах хүсч байгаа бололтой. Тиймээс Цэцэд албан бичиг илгээж Үндсэн хуулиа баримталж ажиллахыг сануулна. Мөн Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Нэр дэвших эрх нь үнэхээр зөрчигдсөн бол тэр хүн нэр дэвших хэрэгтэй. Гэхдээ дэвших эсэх нь эсэх нь эргэлзээтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн нэгдүгээр ангийн цахим элсэлтийг зохион байгуулж байна

Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг:

Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу бүртгэлийг хийж байна. Нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулна. Энэ жил зургаан настай 38,232 хүүхэд элсэнэ.

Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн цахим элсэлтийг зохион байгуулж байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: 2019-2020 оны нэгдүгээр ангид элсэн сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж байна. Үүнийг зөвхөн Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна. Ингэснээр ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр бүртгэлийг хийнэ.

Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Үнэнбат:

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд зохион байгуулж байна. Бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд 27-ныг дуустал үргэлжилнэ. Мөн уламжлалт байдлаар бүртгүүлж болно. Тус дүүргийн эцэг эхчүүд parent.esis.edu.mn хуудсаар зочилж, бүртгүүлсний дараа хүүхдийн мэдээллээ оруулж, сургуульдаа бүртгүүлэх хүсэлтээ явуулж болно.

  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны хооронд бүртгэж элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.
  • Нэгдүгээр ангид 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.
  • 5 настай буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
  • Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.
  • Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 05 дугаар сарын 17-24-нд гаргаж мэдээлнэ Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
    1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
    2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
    3. 3×4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг. шаардлагатай тохиолдолд сургууль нзмэлт материал шаардаж болно.