Categories
мэдээ нийгэм

Хээрийн бүс нутагт хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-наас 30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ.

Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний гол, Цагаан нуур зэрэг уулт хээрийн бүс нутгийг хамруулан, нийт зургаан цэгээс хачиг цуглуулан халдвартай эсэхийг тодорхойлох шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх зорилгоор асуумж судалгаа, мөн эрсдэлт бүлгийн 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц зэргийг авч ажилласан байна.

Тус ажлын хүрээнд Мөнгөнморьт сумын дунд сургууль, сургуулийн дотуур байрны сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс хачгаар дамжих халдварын эрсдэл, хор нөлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ

Image result for Д.Хүрэлбаатар

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлсэн боловч хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан тул байнгын хорооны хуралдааныг хаалаа. Учир нь бүрэн эрхээсээ түр түдгэлзээд байсан Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг өргөдлийнх нь дагуу ирэх долоо хоногт хэлэлцэж шийдэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

“ДАРАЛТ ХЭМЖИЛТИЙГ ДАДАЛ БОЛГОЁ” уриатай сарын аян эхэллээ

Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. “Даралт хэмжилтийн сар”-ын аянд өдгөө 100 гаруй орон нэгдэж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 01-нээс 30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ.

Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, дөрвөн тосгон, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, “Монос”, “Ази Фарма”, “Тавин ус”, “Нахиа” эмийн сангийн салбарууд, ажлын байр, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн дэлхий нийтээрээ цусны даралт ихсэлттэй тэмцэх өдөр буюу тавдугаар сарын 17-нд мэргэжлийн холбоод хамтран Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд “130/80” сэдэвт нотолгоонд суурилсан даралт ихсэлтийн менежмент сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм.

Дашрамд дуулгахад, дэлхий дахинд жил бүр 9.4 сая хүн даралт ихсэлт өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээс болж нас бардаг байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх насанд хүрсэн хүн амын гуравны нэгд тохиолддог даралт ихсэх өвчин нь хүн төрөлхтөний түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн том тахал юм.

Манай улсад зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, зуун мянган хүн амд ногдох тархины цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий. Эдгээр тоо баримт нь нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх, цусны даралт ихсэлттэй хүмүүсийн эмчилгээ, хяналтыг сайжруулах нэн тулгамдсан шаардлага байгааг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайд тээврийн хэрэгслээ алдсан таван тохиолдол бүртгэгджээ

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослыг бууруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ‘’Автомашин-2019’’ нэгдсэн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна.

Энэхүү арга хэмжээг дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, авто машин хулгайлдаг этгээдүүдийн хань, харилцаа хувийн байдлыг тогтоох, тэдгээрээс автомашин худалдан авдаг, зарж борлуулдаг, задалж зардаг, хууль бусаар арлын дугаар сольдог газруудыг тогтоож зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хяналт тавьж ажиллаж байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд тус хэлтэс арлын дугаар сольсон-5, тээврийн хэрэгслийн өнгө сольсон-6 зөрчлийг илрүүлсэн бол хулгайд тээврийн хэрэгслээ алдсан 5 зөрчлийг илрүүлж харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтсүүд рүү шилжүүлэн ажилласан байна.

Иймд иргэд өөрсдийн болгоомжгүй болон санамсаргүй байдлаас хулгайд алдагдсан, өнгө болон арлын дугаар солигдсон автомашин худалдан авсан бол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 99991499 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.

Categories
мэдээ нийгэм

11 настай охиныг хүчирхийлжээ

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарчээ.

Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хохирогч охины биеийн байдал хүндэвтэр байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгийг тусгаарлан, зорчигчдод үзлэг хийж эхэлжээ

Баян-Өлгийгөөс онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлажээ

Баян-Өлгий аймагт тарваган тахлаар хүн өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн. Тухайн бүс нутагт хэсэгчилсэн хорио, цээрийн дэглэм тогтоосон учир өнөөдөр Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлийн M-182 агаарын хөлгийг тусгаарлан, зорчигчдод үзлэг хийж эхэлсэн байна. Уг нислэгээр Баян-Өлгийн 11, Ховд аймгаас 47 зорчигч иржээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж байгаа бөгөөд Баян-Өлгийгөөс ирсэн зорчигчдыг тусгаарлан эмнэлэгт хүргэжээ. Ховдоос ирсэн 47 зорчигчийг Буянт-Ухаа дахь спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгай, дээрмийн гэмт хэрэг буурчээ

Image result for Цагдаа

Цагдаагийн байгууллага тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулснаар зарим эерэг үр дүн гарч байна. Тухайлбал: Хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, иргэд, хуулийн этгээдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, өмч эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор 2019 оны 02 дугаар сард “Сар шинэ-2019”, “Та сэргийлж чадна” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан нь оны эхний 4 сард хулгайлах гэмт хэрэг 34.9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 47.0 хувиар тус тус буурахад нөлөөлжээ. Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг улсын хэмжээнд 2019 оны 03 дугаар сард зохион байгуулснаар дээрх төрлийн гэмт хэрэг 12.0 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. “Хулгайлах” болон “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг учраас эдгээр гэмт хэргийг бууруулах нь нийт гэмт хэргийн түвшинд шууд нөлөө үзүүлдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас хоёр хүний амь хохирчээ

Image result for Авто осол

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт энэ сарын нэгний 02.00 цагт Бумбатын ам гэх газар Улаанбаатараас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус “Зил-131” маркийн автомашины чиргүүлийг мөргөсөн осол гарчээ. Ослоос хоёр хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн байна. Автобус 45 зорчигчтой явж байсан бөгөөд ээлжийн жолооч 57 настай, эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүний амь нас хохирсон байна. Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэв

Гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 187 дугаар тогтоолоор “Гэртээ харих зам” дэд хөтөлбөрийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах үйл ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар байгуулсан үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд болох Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, дүүргийн Улаан загалмайн хороо тус тус оролцсон.

Дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл болон 12 дугаар хорооны хогийн цэг дээр амьдардаг нийт 92 иргэнийг Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран цуглуулж сүрьеэгийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, иргэний бүртгэлийн зөрчил тодорхойлон бичиг баримтжуулах, ДОХ/БЗХӨ, дотор, мэдрэл, сэтгэц, зүрх судасны үзлэгт хамруулж халуун хоол цай, солих хувцас тараалаа.

Дээрх иргэдээс авсан сүрьеэ болон эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр илэрсэн өвчнийг цаашид эмчлэх арга хэмжээ авч ажиллах юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.01) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”, 57.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 57.9-д заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч хамаарахгүй.” гэж тус тус заасан. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийгболовсруулсан гэдгийг онцлов. Энэхүү тогтоолын төсөл Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу дараах харилцааг зохицуулна. “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр”-ийг 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аас анх баталсан. Итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэфициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Мөн Төрийн албаны тухай хуулин 57.10-т заасны дагуу цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалуудыг хамааруулахгүй байхаар тусгасан. Эдгээр албан тушаалуудын цалингийн хэмжээ, сүлжээг тогтоохтой холбоотой зохицуулалтыг салбарын хуулиудаар нь зааж, УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсэхгүй байх зорилготой гэж С.Чинзориг сайд танилцуулгадаа дурдав.

Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаатай холбогдуулан мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Улсын Их Хурал тогтоохоор заасан байна. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасантай нийцүүлж, төрийн зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоохоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан улс төрийн болон тусгай албан тушаалд Авлигатай тэмцэх гарын удирдах гүйцэтгэх албан тушаал, Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот тосгоны захирагч, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарч байгаа аж.

Харин Төрийн аудитын тухай хууль, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ Авлигын эсрэг хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад авлига, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээ, нэмэгдлийгУлсын Их Хурлаас тогтоохоор заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд эдгээр албан хаагчдын цалингийн хэмжээг УИХ-аас тусгайлан баталсныг мөрдөж байгаа аж.

Иймд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

Мөн тогтоолын төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.